| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2018/0140/Э |
| Дугаар | 180 |
| Огноо | 2018-09-11 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 180
2018 оны 9 сарын 11 өдөр 2018/ШЦТ/180 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/00140/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Уламбаяр,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг,
Хохирогч Ц.Нямдорж,
Шүүгдэгч Д.З. нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.З.д холбогдох 1839002050103 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, эцэг, дүү нарын хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны энгэр гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, Д.З. /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.З. нь 2018 оны 4 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт байрлах иргэн Л.Цэцэгмаагийн “Ундарга” хүнсний дэлгүүрээс тогийг нь таслан, цонхыг хагалж, цонхны хамгаалах төмрийг эвдэж хууль бусаар нууцаар нэвтэрч 3 ширхэг дүнсэн тамхи авч 30.000 төгрөгийн хохирол учруулж, учрах саадыг арилгах зорилгоор дэлгүүрийн хяналтын камерыг хагалж, тогийг таслан цонхыг хагалж хамгаалах төмрийг эвдэж 437800 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5-р багт үйл ажиллагаа явуулдаг “Хангал” хүнсний дэлгүүрийн цонхны хаалт төмрийг эдвэж, бэлнээр 280.000 төгрөг нууцаар хууль бусаар авсан, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Хэнтий Ус” ХХК-ийн 16 дугаар усан санд нэвтрэн орж сүх, бахь, гаазуу, усны карт 39 ширхэгийг нууцаар, хууль бусаар авч 164.500 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, “Зэлмэбаатар” хүнсний дэлгүүрийн цонхыг хагалж, эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч 32.100 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, “Адуун худаг” гэх газар нутаглах иргэн Т.Алтан-Одын гэрийн цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг гар утас хулгайлж 220.000 төгрөгийн цоожийг эвдэж, 7000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Саригийн 13А-11 тоотод байрлах иргэн Ц.Нямдоржийн эзэмшлийн 24-87 ХЭЗ улсын дугаартай хөх өнгийн “Чансаа” маркийн мотоциклийг нууцаар хууль бусаар авч, 480.000 төгрөгийн мотоциклийн эд ангийг эвдэж, 62.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.З. нь 2018 оны 4 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт байрлах иргэн Л.Цэцэгмаагийн “Ундарга” хүнсний дэлгүүрээс тогийг нь таслан, цонхыг хагалж, цонхны хамгаалах төмрийг эвдэж хууль бусаар нууцаар нэвтэрч 3 ширхэг дүнсэн тамхи авч 30.000 төгрөгийн хохирол учруулж, учрах саадыг арилгах зорилгоор дэлгүүрийн хяналтын камерыг хагалж, тогийг таслан цонхыг хагалж хамгаалах төмрийг эвдэж 437800 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Л.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Намайг 2018 оны 4 сарын 16-ны шөнийн 2 цагийн үед гэртээ амарч байтал манай цонхыг хүн тогшиж сэрээсэн. Би сэрээд юу болов гэтэл танай дэлгүүрийн цонхыг эвдэж байна гээд яваад өгсөн. Би дэлгүүрийн цонхыг эвдсэн гэж сонсонгуут нэг хэсэг шокийн байдалтай байж байгаад 102-т дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирсэн. Дэлгүүрийн гадна талын зүүн хэсэгт хардаг камерийн дэлгэцийг хагалж утсыг тасалсан байсан. Урдаас 2 дахь цонхыг 3 давхраас нь хагалж 3 боодол дүнсэн тамхи аваад явсан байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 тал/,
Гэрч Х.Долгормаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Намайг хөдөө гэртээ байж байхад манай дүү утасдаад нөгөө Золоог чинь цагдаа сураад явж байна гэхээр нь би тэр өдрөө ирээд цагдаа дээр уулзсан чинь цагдаа Золоог дагуулж яваад өмсөж явсан гутлыг нь авсан. Золоо тэр өдөр хониндоо явлаа гэж хэлээд ирэлгүй аймгийн төв рүү яваад өгсөн байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/,
Гэрч Г.Энхтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “…дэлгүүрийн цонхны төмрийг нэг хүүхэд тоншиж байгаад зугтсан талаар хэлэхээр нь бид 2 цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд худ Цэцэгмаа бид 2 хүнсний дэлгүүрийн зүүн талын хаалган дээр очиход 2 дахь цонхийг хагалаад цонхнууд хамгаалалтын төмрийг хөшсөн байдалтай байсан…” гэх мэдүүлэг/ хх-ийн 30 тал/,
Яллагдагч Д.З. ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ундарга хүнсний дэлгүүр хаахаар нь өвөөгийн хашаанаас төмөр авч очоод дэлгүүрийнх нь гаднаас цонхыг төмөрөөөр цохиж хагалаад гаднах хамгаалтан төмрийг эвдсэн. Мөн арын хашааг дамжиж гаднах камерын утсыг шилээр тасдаад камерын дуранг хагалаад гараараа цааш нь эргүүлсэн. Тэгээд хөшсөн цонхныхоо завсраар гараа оруулаад цонхны тавцан дээр өрөөстэй байсан дүнсэн тамхийг авах гээд авч чадаагүй гар хүрэхгүй байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 тал/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 39-40 тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-15 тал/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №47 тоот:
-шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан 1 ширхэг гутлын мөр шинжилгээний шаардлага хангаж байна. Харцуулах загварт ирүүлсэн Д.З. ын өмсөж явсан гэх гутлыг шинжилгээнд авч ирүүлсэн нь шинжилгээний шаардлага хангаж байна. №7 дугаартай гутлын мөртэй шинжилгээний харьцуулах загварт ирүүлсэн Д.З. ын өмсөж явсан гэх 26.2 өмсгөлтэй, баруун хөлийн гутлын ултай торхирч байна...” гэх дүгнэлт /хх-ийн 32-34 тал/ зэрэг нотлох баримтуудаар;
2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5-р багт үйл ажиллагаа явуулдаг “Хангал” хүнсний дэлгүүрийн цонхны хаалт төмрийг эдвэж, бэлнээр 280.000 төгрөг нууцаар хууль бусаар авсан болох нь:
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 119-123 тал/,
Хохирогч Б.Баатархуягийн мөрдөн байцаалтад өгсөн: “…2018 оны 5 сарын 23-ны өглөө 08 цагийн үед манай дэлгүүрийн худалдагч болох хадам ээж Энхбадрах утсаар яриад дэлгүүрт хулгай орсон байна гээд би цагдаад дуудлага өгсөн. Манай дэлгүүр камертай бичлэгээ 7 хоног хадгалдаг, хулгай орохдоо камерыг нь утсаар тасдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 130 тал/,
Гэрч С.Оргилцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...өглөө 9 цаг өнгөрч байхад дэпгүүрийн эзэн Баатархуяг над руу дэлгүүрийн арын цонхоор хулгай орсон байна хүрээд ирээч гэж дуудсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 132-133 тал/,
Гэрч Э.Энх бадрахын мөрдөн байцаалтад өгсөн: “…Бүхэл мөнгө нь 185.000 төгрөг, задгай мөнгө нь 90.000 төгрөг, нийлээд 280.000 төгрөг алга болсон байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 134-135 тал/,
Гэрч Д.З. ын мөрдөн байцаалтад өгсөн: “…Худаг дотор ороод шүүгээний доор байсан бахь, гаазууг авсан. Мөн усны картуудыг аваад замын эсрэг талд байдаг “Хангал” дэлгүүрийн гадаа очоод хашааны том хаалгаар ороод дэлгүүрийн баруун талын 2 цонхны урд цонхон дээр нь очоод худгаас авсан гаазуугаараа цонхны хаалт төмрийг тасдаад цаад талд байдаг жижиг вакум цонхыг түлхэж онгойлгоод дэлгүүрт орсон. Тэр үед лангуун дээр байсан бараа газар унасан. Би камерын утсыг тасдаад дэлгүүрийн худалдагчийн лангуун доор байсан мөнгийг авсан, яг хэд байсныг санахгүй байна…” гэх мэдүүлэг /хх-ийн 136-137 тал/
Шинжээчийн №64 тоот:
“...хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн гутлын мөр сэжигтнээс хураан авсан гутлаар үүсгэгдсэн байна. Хэргийн газраас бэхжүүлсэн гутлын мөр нь 42 размерийн өмсгөлтэй гутлын мөр байна…” гэх дүгнэлт /хх-ийн 146-147 тал/,
Яллагдагч Д.З. ын мөрдөн байцаалтад өгсөн: “…Би хашаан дотор талынх нь цонхны төмрийг хөшиж ороод лангуун дотор байсан мөнгөнөөс хагасыг аваад орж ирсэн цонхоороо гарсан. Хэдэн төгрөг авснаа мэдэргүй…”гэх мэдүүлэг /хх-ийн 153 тал/ зэрэг нотлох баримтуудаар;
2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Хэнтий Ус” ХХК-ийн 16 дугаар усан санд нэвтрэн орж сүх, бахь, гаазуу, усны карт 39 ширхэгийг нууцаар, хууль бусаар авч 164.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.Бямбасүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: “…Би 2018 оны 5 дугаар сарын 23-ны өглөө ажилдаа очсон чинь Хэрлэн сумын 5-р багт байрлах “Хэнтий-Ус” ХХК-ний харъяа 16-р усан санд хулгай орсон байсан. Тэгээд манай усан сангийн түгээгч цагдааад дуудлага өгсөн. Усан сангийн камерын тэжээлийн утас тасарсан байсан. Усан сангийн шүүгээ дотор байсан сүх, бахь, гаазуу усны карт 39 ширхэг алагдсан байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 181-182 тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 166-169 тал/,
Эд зүйлс хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 173-179 тал/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 193 тал/,
Мөрдөн байцаалтанд Д.З. ын гэрчээр өгсөн мэдүүлэг: “…Би 2018 оны 5 дугаар сарын 22-ны орой 23 цагийн үед гэрээсээ гараад явж байгаад 16 дугаар худаг дээр очсон. Худгийн гадаа байдаг камер дээр хулдаас тавиад камерыг таглаад цонхыг түлхэж онгойлгоод орсон. Тэгээд худаг дотор ороод шүүгээний доор байсан бахь, гаазуу болон усны картуудыг авсан….” гэх мэдүүлэг /хх-ийн 186-187 тал/ зэрэг нотлох баримтуудаар;
2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, “Зэлмэбаатар” хүнсний дэлгүүрийн цонхыг хагалж, эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч 32.100 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 5-9 тал/,
Хохирогч Б.Ариунзаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...тухайн үед манай дэлгүүрт хулгай орсон гэдгийг мэдээгүй. Би тэр үед хотод байсан. Аймагт ирэхэд манай дэлгүүрт хулгай орсон байсан. Алга болсон зүйл гэвэл 1 литрийн “Punch” ундаа 1 ширхэг, Nusco шоколадан крем 1 ширхэг, спирмент бохь 3 боодол, 300 мл-ийн кола ундаа 1 ширхэг, хаштет шпрот 1 ширхэг, нифс үрэл 1 ширхэг, асаагуур 1 ширхэг, үзэмтэй талх 1 ширхэг зэрэг эд зүйлс алга болсон байсан…” гэх мэдүүлэг /2хх-ийн 19-20 тал/,
Гэрч О.Лувсанчүлтэмийн мөрдөн байцаалтанд өгсөн: “…2018 оны 6 сарын 26-ны өглөө 09 цагт онгойгоод орой 21 цагт хаагаад хаалгаа цоожлоод явсан. 2018 оны 6 сарын 27-ны өглөө 09 цагт дэлгүүрээ онгойлгоход баруун талын урд цонхыг хагалчихсан, хагархай цонхоор нь дотогшоо харахад урд талын лангууны хажууд лантуу байхаар нь хулгай орсон байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 22 тал/,
Гэрч Х.Энхээгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “…Тэгсэн өглөө цагдаа нар ирээд урд Зэлмэбаатар дэлгүүрийг ухсан байна гээд золоогийн хашааны буланд нуусан тортой юмнуудыг гаргаж авсан. Тэгсэн чинь Золоо өчигдөр дэлгүүр ухаад идэж уух юм хулгайлаад хашааны буланд өвсөн доогуур нуучихсан байна лээ…” гэх мэдүүлэг /2хх-ийн 23 тал/,
Эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 26-27 тал/,
Д.З. ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: ”...дэлгүүрийн цонхыг чулуугаар хагалсан. Дэлгүүр дотроос ундаа, идэх юм авсан. Авсан зүйлээ өвөөгийнхөө хашааны өвсөн доогуур нуусан…” гэх мэдүүлэг /2хх-ийн 36 тал/ зэрэг нотлох баримтуудаар;
2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, “Адуун худаг” гэх газар нутаглах иргэн Т.Алтан-Одын гэрийн цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг гар утас хулгайлж 220.000 төгрөгийн цоожийг эвдэж, 7000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 42-46 тал/,
2 ширхэг гар утсыг Д.З. аас хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-ийн 47-51 тал/,
Хохирогч Т.Алтан-Одын мөрдөн байцаалтанд өгсөн: “…Би Хэнтий Аймгийн Хэрлэн сумын 8-р багт нутагладаг юм. 2018 оны 7 сарын 16-ны өглөө 08 цагийн үед малдаа явах гэж байхад баруун урдаасааа мотоцикльтой 2 залуу манайхаас зүүн урдхан ирээд зогсохоор нь би хониндоо яваж таараад нөгөө залуу дээр очиж уулзсан… би 2 хүүхдээ хониндоо яваарай гэж хэлчихээд эхнэртэйгээ хамт өөрийнхөө машиныг унаад аймаг руу явсан. Тэгээд аймагт ирээд байж байтал хөдөө гэрт үлдсэн охин гэрийн цоожийг эвдээд баруун орны гудсан завсар байсан 2 утсыг аваад явчихсан байна гэхээр нь би нөгөө залууг аймаг ороогүй байж магадгүй гэж бодоод замаараа хараад явж байхад “Дэлийн бүрд” гэх газар нөгөө залуу явган явж байгаа харагдахаар нь дөхөөд очиход зугтсан. Тэгэхээр нь барьж аваад халаасыг нь үзэхэд миний 2 ширхэг гар утас байса...” гэх мэдүүлэг /2хх-ийн 53-54 тал/,
Эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 59 тал/,
Д.З. ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “...Би цоожтой байхад нь орсон. Нэг мэдэхэд орчихсон байсан, авсан юмаа буцаагаад өгсөн…” гэх мэдүүлэг /2хх-ийн 64 тал/ зэрэг нотлох баримтуудаар;
2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Саригийн 13А-11 тоотод байрлах иргэн Ц.Нямдоржийн эзэмшлийн 24-87 ХЭЗ улсын дугаартай хөх өнгийн “Чансаа” маркийн мотоциклийг нууцаар хууль бусаар авч, 480.000 төгрөгийн мотоциклийн эд ангийг эвдэж, 62.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 75-76 тал/,
“24-87” ХЭЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-ийн 77-83 тал/,
Хохирогч Ц.Нямдоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: “…2018 оны 7 сарын 15-ны орой 18 цаг өнгөрч байхад мотоциклио гэрийнхээ хашаанд оруулж тавиад оройн 22 цаг өнгөрч байхад эхнэр бид 2 унтахаар хэвтсэн. Маргааш өглөө нь 06 цаг өнгөрч байхад би босч гадаа гарахад миний мотоцикль алга болсон байсан. Тэгээд цагдаагийн газар дуудлага өгсөн…” гэх мэдүүлэг /2хх-ийн 87-88 тал/,
Гэрч Д.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай нөхөр Нямдорж нь 2018 оны 7 сарын 15-ны өдөр хамгийн сүүлд мотоциклио унаж байгаад орой нь 18 цагийн үед гэрийнхээ хашаанд оруулж тавьснаас хойш дахиж унаагүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 90 тал/,
Гэрч Т.Алтан-Олын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэр залуугийн унаж явсан мотоцикль цэнхэр өнгийн Чансаа маркийн 3D суудалтай, ар талдаа ачаатай улсын дугаарыг нь хугалаад авчихсан байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 94 тал/,
Эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 99 тал/,
Яллагдагч Д.З. ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би унамаар санагдаад байсан. Тэр мотоцикль цэнхэр өнгийн мотоцикль байсан. бензингүй болоод айлын гадаа орхисон...” гэх мэдүүлэг /2хх-ийн 106 тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч Д.З. ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг мөн байна. Прокурор Ц.Цэен-Ойдов нь шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Д.З. д эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.
Д.З. нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд энэ гэмт хэргийн улмаас Л.Цэцэгмаад 467.800 төгрөгийн хохирол /1хх-ийн 38-40 тал/, Б.Баатархуягт 280.000 төгрөгийн хохирол, Ц.Нямдоржид 480.000 төгрөгийн шууд хохирол учирсан бөгөөд хулгайд алдагдсан мотоциклийг түүнд буцаан өгсөн /2хх-ийн 83 тал/ ба мотоциклийн алга болсон, эвдэрсэн эд ангийн үнэ буюу 62.000 төгрөгийн хохирол /2хх-ийн 101-102 тал/ учирсныг тус тус төлж барагдуулаагүй байх тул дээрх хохирлыг шүүгдэгч Д.З. аас гаргуулж, хохирогч нарт олгох нь зүйтэй байна.
Мөн энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бямбасүхэд 164.500 төгрөгийн хохирол учирсан /1хх-ийн 193 тал/ бөгөөд хулгайлсан гэх эд зүйлсийг буцаан өгсөн хохирогч нь гомдол саналгүй, хохирогч Б.Ариунзаяад 32.100 төгрөгийн хохирол учирсан /2хх-ийн 26-27 тал/, хохирогч Т.Алтан-Одод 227.000 төгрөгийн хохирол учирсан /2хх-ийн 59 тал/ ба хулгайлсан эд зүйлсийг буцаан өгч, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /2хх-ийн 57 тал/ гэсэн байна.
Шүүгдэгч Д.З. нь дээрх гэмт хэргийг шунахайн сэдэлтээр үйлдсэн байх бөгөөд түүний хувийн байдлын хувьд хөнгөн зэргийн оюуны хомсдолтой, хөдөлмөрийн чадвар алдалт 50-69 хувьтай болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 96 дугаар талд авагдсан Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын албан бичгээр нотлогдож байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.З. д 03 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амаржаргал нь уг ялыг тэнсэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргажээ. Шүүгдэгч Д.З. ын хувьд учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хөнгөн зэргийн оюуны хомсдолтой зэрэг байдлыг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж, албадлыг арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.З. нь энэ гэмт хэргийн улмаас 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 56 хоног цагдан хоригдсоныг дурдах ба хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.З.г бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5, 2 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З.г хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З.д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 3-д зааснаар Д.З. д авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Хэнтий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгаж, Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.З.г хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэхийг эх Х.Долгормаад даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 41 размерийн 1 хос бакал гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.З.д буцаан олгож, тус бүр нь 2.3 см диаметртэй, 128 см, 39 см, 32 см-ийн урттай саарал өнгийн төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, CD-г хавтаст хэрэгт хавсаргасугай.
6. Шүүгдэгч Д.З. нь 56 /тавин зургаа/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дүгээр зүйлд заасны дагуу шүүгдэгч Д.З.с 467.800 /дөрвөн зуун жаран долоон мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Л.Цэцэгмаад, 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.Баатархуягт, 62.000 /жаран хоёр мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ц.Нямдорж нарт тус тус олгосугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
9. Шүүгдэгч Д.З. д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.З.д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА