Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2026/ДШМ/423

 

2026            04             09                                                                     2026/ДШМ/423

 

 

Б.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Нандин-Эрдэнэ /цахимаар/,

шүүгдэгч Б.Г- /хорихоос цахимаар/, түүний өмгөөлөгч С.Болорчулуун, Ц.Баасанжаргал,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2026/ШЦТ/407 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч С.Болорчулууны  гаргасан давж заалдах гомдлоор Б.Г-т холбогдох 2503007431032 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:  Б- овогт Б-гийн Г-, 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймагт төрсөн, яс үндэс халх, 36 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ..... тоотод оршин суух, урьд:

Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 01 жил 03 сарын хугацаагаар хянан харгалзсан, (РД:НБ-).

Шүүгдэгч Б.Г- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, эрхгүй үедээ Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан овооны замд 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 18 цагийн орчимд Toyota Crown маркийн Б- УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөний улмаас Тоуоta Prius маркийн Б- УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч Г.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б- овогт Б-гийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Г-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жил 5 (таван) сарын хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Г- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ээс 13.209.839 (арван гурван сая, хоёр зуун есөн мянга, найман зуун гучин ес) төгрөгийг гаргуулж хохирогч Г.Э-ад олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Г-ээс нэхэмжпэх эрхтэйг дурдаж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Г-ээс 256.000 (хоёр зуун тавин зургаан мянган) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн санд олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Г-ийг цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч С.Болорчулуун давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүх хуралдаанд оролцсон. Давж заалдах шатны шүүх хуралдаан болохоос өмнө хохирогчид 14.200.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлсөн бөгөөд хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, санал байхгүй талаарх тайлбарыг хэрэгт хавсаргасан. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг оршин суух тодорхой хаяггүй гэж дүгнэсэн тул уг үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Түүнийг оршин суух тодорхой хаягтай болохыг нотлох баримт, мөн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг холбогдох материалуудыг гаргаж өгсөн. Шүүгдэгч Б.Г- нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг үйлдсэн, бусдад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Түүнчлэн 0-3 насны 3 хүүхэдтэй бөгөөд эхнэр нь хүүхдүүдээ асарч байгаа тул хөдөлмөр эрхлэх боломжгүй. Шүүгдэгч Б.Г- нь гэр бүлээ тэжээн тэтгэдэг ганц хүн байгаа. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасны дагуу өөрчилж, хорихоос өөр төрлийн ял буюу зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэж өгнө үү. Одоо Чингэлтэй дүүрэгт амьдардаг. Зорчих эрх хязгаарлах ялаар сольсон тохиолдолд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээр бүсчлэлийг тогтоож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Ц.Баасанжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Л.Г-ийн хувьд үйлдсэн гэм хэрэгтээ гэмшиж байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргадаггүй болохыг С.Болорчулуун өмгөөлөгч дурдсан. Нэмж дурдахад, Л.Г- нь учруулсан хохирлоо бүрэн төлсөн. Мөн хохирогч хохирол бүрэн төлөгдсөн талаар бичгээр илэрхийлсэн. Миний зүгээс энэ тухай баримт буюу банкны төлбөрийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Миний үйлчлүүлэгч Л.Г- нь 3 бага насны хүүхэдтэй. Том хүүхэд нь 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр, дунд хүүхэд нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр, бага хүүхэд нь 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн. Өөрөөр хэлбэл, хамгийн бага хүүхэд нь нэг нас ч хүрээгүй. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарыг давж заалдах гомдолдоо хавсаргасан. Эхнэр нь хүүхдүүдээ асарч байгаа тул хөдөлмөр эрхлэх боломжгүй, миний үйлчлүүлэгч өөрөө хувиараа хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, хохирлыг бүрэн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Г- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа. Өөрийн буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Иймд надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү. Би цаашид хууль зөрчихгүй, дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ амлаж байна” гэв.

Прокурор Г.Нандин-Эрдэнэ дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд нийцсэн гэж үзэж байна. Шүүхээс шүүгдэгч нь бага насны хүүхдүүдтэй, мөн учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхэд татгалзах зүйл байхгүй...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч С.Болорчулуун нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Г- нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 18 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан овооны эсрэг урсгал бүхий 2 эгнээ замд согтуугаар Тоуоtа Сгоwn маркийн Б- УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо  эсрэг урсгал руу орсны улмаас тус эгнээгээр зорчиж явсан Тоуоtа Рrius маркийн Б- УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч Г.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь,

Хохирогч Г.Э-ын: “... Би 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн Сонсголонгийн 013 дугаар цэргийн ангийн хажууд байрлах бетон зуурмагийн үйлдвэрээс гэр лүүгээ харьж явж байгаад Толгойтоос хойшоо Алтан овоо өгсөх замд 780-р худгийн хажууд өөдөөс нэг машин урсгал сөрөөд намайг мөргөсөн. Тэгээд машинаасаа буусан чинь нөгөө машин зугтаасан, хажуугаар явж байсан жолооч надад доошоо уруудаж байна гэхээр нь би машинд суугаад араас нь явсан, тэгсэн нэг гудамжинд зогсож байсан, тэгээд цагдаа дуудсан. Нөгөө жолооч согтуу байсан, удалгүй цагдаа ирээд осол хийсэн газар хэмжилт хийгээд явсан. Би ойртож ирэхээр нь харсан. Миний машины урд хойд хэсэг нилээн эвэрсэн. Үнэлгээнд орсон, 12 сая гаран төгрөг болсон. Миний машин эвдэрсэн, гар хугарсан, хохирол барагдуулбал надад гомдол байхгүй...” гэх мэдүүлэг (хх 22, 25),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №ЕГ0725/8399 дугаартай хүний биед хийсэн “... Г.Э-ын биед зүүн гарын алганы 4 дүгээр шивнүүрийн ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт  (хх 40- 41),

Гэмт хэргийн талаар дуудлага мэдээлэл хүлээн авсан : “...Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан-Овооны зам 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Тоуоtа Сгоwn маркийн Б- УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь Тоуоtа Рrius маркийн Б- УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Э-ын эрүүл мэндэд хохирол учруулсан  ...” гэх тэмдэглэл (хх 5 ),

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, согтуурал шалгасан баримт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, согтуурал шалгасан баримт: “...жолооч Б.Г- нь 3.10 промилл согтолттой” гэх (хх 14-19),

“Ашид Билгүүн" ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1609 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт: “...Тоуоtа Рrius маркийн Б- УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон дүн 11.320.000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн дүн 869.000 төгрөг” гэх (хх 53-59),

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Ү-ын: “...Би тухайн ослын талаар сайн мэдэхгүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь Банк бус дээр байдаг миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Би нөхөр болох Б.Г-т машинаа өгсөн. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй ... Миний зүгээс бусдад учирсан хохирлыг төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй” гэх (хх 28, 35),

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн: “...Тоуоtа Сгоwn маркийн Б-УАА тээврийн хэрэгслийн жолооч Б.Г- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалыг сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 2. Жолооч Г.Э- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэх магадлагаа (хх 68), Жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-96/ зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Г-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлсэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
              Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэлээр шүүгдэгч Б.Г- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэг жилийн хугацаагаар хасуусан байх ба уг зам тээврийн осолын улмаас хохирогчийн эрүүл мэндэд
зүүн гарын алганы 4 дүгээр шивнүүрийн ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт  хэргийг шинжийг хангаж байх бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч нараас “...Шүүгдэгч Б.Г- нь гэм буруугийн талаар маргаагүй, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, бага насны 3 хүүхэдтэй зэргийг нь харгалзан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг гаргаж, мөн шинээр шүүгдэгч Б.Г-ийн хувийн байдалтай холбоотойгоор 2022, 2023, 2025 онуудад төрсөн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Чингэлтэй дүүрэгт оршин суудаг талаарх Засаг даргын тодорхойлолт, хохирогч Г.Э-од хохирол төлбөрт 14,200,000 /арван дөрвөн сая хоёр зуун мянга/ хохирол төлсөн талаарх дансы хуулга, хохирогч Г.Э-ын “...гомдол саналгүй, хохирлоо бүрэн авсан, түүнд хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү..” гэх тайлбар зэрэг баримтуудыг гаргаж өгчээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тухайн гэмт хэргийг үйлдсэн хүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээс 5 жилийн хугацаагаар хасах, 1 жилээс 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах эсхүл мөн хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан ба гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг юм.

Зорчих эрхийг хязгаарлах ялын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүний эрхийг дээдлэх зарчимд тулгуурлан зүй зохистой байдлыг бүрдүүлэх үүднээс хамт олон, гэр бүлийнхээ орчинд хүмүүжих, гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхийн тулд хөдөлмөрлөх эрхийг нь хангахаас гадна суралцах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийг эдлүүлж, гэмт хэргийн нийгмийн хор аюулыг болон үйлдсэн гэмт үйлдлээ ухамсарлах боломжийг олгоход чиглэсэн байдаг.

Шүүгдэгч Б.Г- нь болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, мөн давж заалдах шатны шүүх хуралдаан болохын өмнө хохирогч Г.Э-ад учруулсан хохирол болох 14,200,000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн, 05 сартайгаас 03 насны 3 хүүхдийн хамт амьдардаг түүний хувийн байдал, оршин суух тодорхой хаягтай байгаа зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэн,  ял хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 58 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Б.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхэлж өөрчилж түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан нэмэлт заалт оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2026/ШЦТ/407 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтад “... шүүгдэгч Б.Г-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 5 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэснийг, “... шүүгдэгч Б.Г-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 5 сарын хугацаагаар хасаж, 2/хоёр/  жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй” гэж,

4 дэх заалтад “Эрүүгийн хулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Г- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай” гэснийг “...Эрүүгийн хулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай” гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Г-т зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, улмаар зорчин явахдаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, үүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэсэн,

“Шүүгдэгч Б.Г- нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг зорчих эрх хязгаарлах ялын 01 хоногийг хорих ялын 1 хоногоор  тооцон хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, хохирогч Г.Э-ад 14,200,000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 58 хоногийг нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялд оруулан тооцсугай” гэсэн,

“Шүүгдэгч Б.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхэлж өөрчилж түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ

                       ШҮҮГЧ                                                                    Т.АЛТАНТУЯА

 

                        ШҮҮГЧ                                                                   Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                                   П.ГАНДОЛГОР