Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/01266

 

 

 

2022 07 04 210/МА2022/01266

 

 

...... ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2022/01064 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ...... ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч .......... нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 57,354,571 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвнайдан, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганзориг, түүний өмгөөлөгч Р.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Г.Мягмардорж, Г.Дөлгөөн нар нь 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ...... ХК-тай В13020061101 тоот зээлийн гэрээ, С13020061101 тоот зээлийн барьцааны гэрээ, Р13020061101 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулан 73,957,400 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай бизнесийн зээлийн зориулалтаар авсан. Уг зээлийн барьцаанд Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 40, 50 мянгат баруун сэлбийн гудамж 26 байр 604 тоот хаягт байршилтай 58 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн 91-91 УНК улсын дугаартай, Nissan Patrol маркийн автомашиныг тус тус барьцаалсан. Гэвч барьцаа хөрөнгө болох 91-91 УНК улсын дугаартай автомашин хаана байгаа нь тодорхойгүй. Зээлдэгч Г.Мягмардоржоос барьцаа хөрөнгийг гаргаж өгөхийг шаардсан боловч тодорхой үйлдэл хийгээгүй, Монгол шуудан ТӨХК-ийн буухиа шуудангаар шаардах хуудас явуулсан боловч хүлээн аваагүй бөгөөд зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч гэрээний үүргээ зөрчиж төлөлт хийгээгүй. Иймд 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон Г.Мягмардорж, Г.Дөлгөөн нараас үндсэн зээл 44,254,923 төгрөг, зээлийн хүү 13,085,672 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,975 төгрөг, нийт 57,354,571 төгрөгийн төлбөрийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа болох Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо баруун сэлбийн гудамж 26 байр 604 тоот хаягт байрлах орон сууц болон 91-91 УНК улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Дэлхий нийтэд тархсан цар, тахал, эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас шалтгаалж Г.Мягмардоржийн бизнесийн үйл ажиллагаагаанд хүндрэл учирсан тул ...... ХК-аас дахин шинэ зээл авч, өмнөх зээлийн хүүг төлөх, үлдсэн мөнгөөр нь өөрийн үйл, ажиллагаандаа зарцуулахаар 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр В13020061101 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Гэтэл ...... ХК нь энэхүү гэрээний үүргээ биелүүлж зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй. Талуудын хооронд байгуулсан дээрх 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр В13020061101 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ нь өмнөх зээлийн гэрээтэй хамааралгүй. Шинээр зээл олгохтой холбоотой шинэ гэрээ байсан болох нь нэхэмжлэгчийн анх нэхэмжлэл гаргахдаа тодорхой тусгаж өгсөн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага болон гэрээний дугаар, гэрээний шууд утга болон барьцааны гэрээг дахин шинээр бүртгүүлсэн байдал зэргээс тодорхой харагдана. Хэрэв өмнөх зээлийн гэрээг шинэчлэн өөрчилсөн бол хуримтлагдсан хүүг үндсэн зээл гэж үзэх үндэслэл байхгүй тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Мөн Г.Дөлгөөн нь ...... ХК-аас дахин шинээр зээл авна гэсэн ойлголттой байсан тул 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр В13020061101 дугаартай зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Гэтэл энэхүү гэрээний үүргээ биелүүлж зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид олгоогүй. Иймд дээрх үндэслэлүүдээр 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр В13020061101 дугаартай зээлийн гэрээний дагуу шаардах эрх зээлдүүлэгчид үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Мягмардорж, Г.Дөлгөөн нараас үндсэн зээл 44,354,923 төгрөг, хүү 13,085,672 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,975 төгрөг, нийт 57,354,571 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ...... ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Мягмардорж, Г.Дөлгөөн нарыг төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 40,50 мянгат Баруун сэлбийн гудамж 26 дугаар байр, 604 тоот хаягт байрлах, 58 м.кв талбайтай орон сууцны зориулалттай, Ү-2202019712 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө, 91-91 УНК улсын дугаартай Ниссан Патрол маркийн суудлын автомашин зэргийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ...... ХК-ийн төлсөн 752,673 төгрөгий төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Мягмардорж,Г.Дөлгөөн нараас улсын тэмдэгтийн хураамжид 752,673 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...... ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Талуудын хооронд байгуулсан 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн В13020061101 тоот зээлийн гэрээний дагуу 57,354,571.00 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн С13020061101 дугаар барьцааны гэрээ болон Р13020061101 дугаар фидуцийн гэрээний дагуу нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан. Гэтэл шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд бус, өөр хоорондоо зөрчилдсөн, эргэлзээтэй дүгнэлт хийсэн. Тухайлбал, шүүх шийдвэрт Г.Мягмардорж, Г.Дөлгөөн нар ...... ХК-ай 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр В18110631 тоот зээлийн гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр В18110631-01 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр В18110631-02 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж 40,000,000 төгрөгийг, 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр В18110631-03 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 30,000,000 төгрөгийг, нийт 150,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч Г.Мягмардорж, Г.Дөлгөөн нар нь 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 73,957,400.00 төгрөгийг төлөх үлдэгдэлтэйгэж дүгнэсэн атлаа .... Г.Мягмардорж, Г.Дөлгөөн нар нь 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр зээлийн В13020061101 дугаартай гэрээ байгуулж 3,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 73,957,400 төгрөгийг ...... ХК-аас зээлдэн авсан байна гэж өөр хоорондоо зөрчилтэй дүгнэлт хийсэн. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчид зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор шилжүүлэн өгөх ёстой. Гэтэл талуудын хооронд байгуулсан 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн В13020061101 дугаар зээлийн гэрээний дагуу мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн баримтгүй байхад шүүх зээлийн төлбөр гаргуулсан. Шүүх 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн В13020061101 дугаар гэрээнээс өмнө үүссэн байсан өр, төлбөрийг гаргуулж байгаа бол хүүнээс хүү бодсон, хэтэрсэн хугацааны хүү хууль бусаар тооцсон, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаас өөр хэрэг маргааныг шийдвэрлэж байгаа болохоо болон хариуцагч нарын хэнээс нь хэдэн төгрөг гаргуулах ёстой зэргийг анхаараагүй.

Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага болоогүй өмнөх зээлийн гэрээг хянан шийдвэрлэсэн. Г.Мягмардоржийн хувьд маргаан бүхий зээлийн гэрээнээс өмнөх 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний дараах 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээл 60,194,240.94 төгрөг, зээлийн хүү 13,626,942 төгрөг, нийт 73,957,400 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Үүнээс хойш 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 6,297,523.27 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 29,702,476.73 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 443,761.70 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 2,000,000.00 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 1,700,000 төгрөг, нийт 39,700,000 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дууссан. Иймд Зээлдэгч Г.Мягмардоржийн хувьд энэхүү гэрээний дагуу 34,757,400 төгрөгийн төлбөртэй байхад анхан шатны шүүх 73,957,400 төгрөгөөс дахин хүү тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн В18110631 зээлийн гэрээтэй холбоотой хэрэг маргааныг шийдвэрлэх гэж байгаа бол нэхэмжлэгч нь нэхэмжпэлийн үндэслэл, шаардлагаа өөрчлөх ёстой. 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний оролцогч нь Г.Дөлгөөн биш.

Хэтэрсэн хугацааны хүүг буруу тооцсон. Банк эрх бүхий хуулийн этгээдийн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай (1995 оны) хууль болон Иргэний хуульд зааснаар талууд үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, хэтэрсэн хугацааны хүүг талууд гэрээндээ тусгах ёстой. Гэтэл талууд хэтэрсэн хугацааны хүүний талаар гэрээндээ тусгаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Хариуцагч нар 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 18110631 дугаартай зээлийн гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Тус зээлийн барьцаанд үл хөдлөх эд хөрөнгө болон автомашин барьцаалсан. 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 30,000,000 төгрөгөөр нэмэгдүүлэх талаарх хүсэлтийн дагуу 30,000,000 төгрөгөөр нэмж 80,000,000 төгрөг болгосон. Зээлдэгч нар 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б1811063102 дугаар зээлийн гэрээгээр дахин 40,000,000 төгрөгөөр зээлсэн. Мөн 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Б1811063103 дугаар зээлийн гэрээгээр 30,000,000 төгрөг зээлж нийт 150,000,000 төгрөг зээлсэн. Хариуцагч нар цар тахлаас шалтгаалан зээлийг төлж чадахгүй учир зээлийн хүү, зээл болон үлдсэн төлбөрийг шилжүүлэн дахин зээл гаргаж өгнө үү гэх хүсэлтийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ...... ХК-д хүсэлт гаргасны дагуу зээл судалсан. 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Б13020061101 тоот гэрээгээр өмнөх үүргийн гүйцэтгэлүүдийг нэгтгэн 73,957,400 төгрөгийг зээлдэгчийн хүсэлтийн дагуу 24 сарын хугацаатай, 3.5 хувийн хүүтэйгээр шинэчлэн байгуулсан. Хариуцагч нар шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б13020061101 дугаар гэрээг байгуулсныг зөвшөөрсөн. Анхан шатны шүүх гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээлийн үндсэн өр төлбөрөө төлж дуустал зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Хариуцагч шүүх хуралдаанаас өмнө үндсэн зээлийн хэмжээнд эвлэрэх санал тавьж байсан. Эдгээр үйл баримтуудаас гэрээг хүлээн зөвшөөрч байгаа нь илэрхий болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч ...... ХХК нь хариуцагч .......... нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 44,254,923 төгрөг, зээлийн хүү 13,085,672 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,975 төгрөг, нийт 57,354,571 төгрөг гаргуулах, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 40, 50 мянгат, Баруун сэлбийн гудамж 26 дугаар байр, 604 тоотод байрлах 58 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон 91-91 УНК улсын дугаартай Nissan Patrol маркийн суудлыг автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч ... өмнө нь авсан зээлийн гэрээнд хүү тооцож дахин зээлийн гэрээ байгуулсан, гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг шилжүүлэн аваагүй... гэж маргасан байна.

 

2. Талуудын хооронд 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан 73,957,400 төгрөгийн зээлийн гэрээнээс өмнө 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн В18110631 тоот 50,000,000 төгрөгийн, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 30,000,000 төгрөгийн, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 40,000,000 төгрөгийн, 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээ тус тус байгуулагдаж нийт 150,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн зээлийн гэрэний харилцаа үүссэн байна. (хх-ийн 12-13, 87-88)

 

Гэтэл хариуцагч нар 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээг өмнөх зээлийн гэрээний үүргийг нэмж 73,957,400 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан гэж тайлбарлан маргасан тохиолдолд өмнөх зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон эсэх, өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж зээл олгосон, эсхүл өмнөх зээлийн гэрээний харилцаа үргэлжилж байгаа эсэх нь тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Тодруулбал, 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 73,957,400 төгрөгийн зээлийн гэрээ байгуулах үеийн байдлаар өмнө нь байгуулагдсан, тус тус тусдаа зээлийн эргэн төлөлтийн хуваарь тогтоосон, өөр өөр үнийн дүн бүхий зээлийн гэрээнүүдийн үлдэгдлийг тодруулах нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой болохыг шүүх анхаараагүй байна.

 

3. Түүнчлэн, анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнээгүй, талууд энэ талаар мэтгэлцээгүй байхад давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт өгч эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

4. Мөн ...... ХХК болон Г.Мягмардорж нарын хооронд 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ байгуулагдсан байна. Энэ гэрээний зүйл болох Nissan Patrol маркийн 91-91 УНК улсын дугаартай автомашин нь зээлдүүлэгч болон зээлдэгч нарын хэнийх нь өмчлөлд байсан, хэний эзэмшил ашиглалтад байгаа нь тус тус тодорхойгүй байх бөгөөд зээлдүүлэгч фидуцийн зүйлийг гаргуулахаар шаардаж байгаа, эсхүл мөнгөн төлбөрийн үүрэг шаардаж байгаа алин болохыг тодруулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хуудийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4 дэх хэсэгт нийцэхгүй болно. Хариуцагчийн өмгөөлөгч энэ талаар хүсэлт гаргасан нь хэрэгт ач холбогдолтой байхад уг хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй байна. (хх-ийн 134)

 

Анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдах талаар зохицуулсан Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар автомашиныг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн нь талуудын хооронд байгуулсан гэрээний болон хуулийн зохицуулалтын агуулгатай огт нийцээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар талууд өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэлийн талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч шүүх дээрх тодорхой бус нэхэмжлэлийн үндэслэлийг талуудаас тодруулах замаар хэргийн үйл баримтыг зөв тогтоож, улмаар тухайн маргаантай эрх зүйн харилцааг зохицуулсан хуулийг хэрэглэх учиртай болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус байгаа тул давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2022/01064 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн урьдчилан төлсөн 514,923 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Н.БАТЗОРИГ