| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 183/2022/00187/И |
| Дугаар | 210/МА2022/01267 |
| Огноо | 2022-07-04 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2022/01267
2022 07 04 210/МА2022/01267
....ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2022/01323 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ....ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ............ нарт холбогдох орон сууц хөлслөх гэрээний үүрэг болон ашиглалтын зардалд нийт 25,103,203 төгрөг гаргуулах, орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Содхүү, хариуцагч Э.Цэрэнтогтохын өмгөөлөгч Н.Дашдулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Г.Уянга нь Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, Туул ван хотхон, 29 дүгээр байрны 104 тоотод байрлах манай компанийн эзэмшлийн 125,52 м.кв талбай бүхий, 4 өрөө орон сууцыг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1,800,000 төгрөгөөр 12 сарын хугацаатай түрээсийн гэрээ хийж, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дахин 1 жилээр сунган амьдарч байсан. Гэвч одоо тус орон сууцанд Э.Цэрэнтогтох 2020 оны 12 дугаар сараас амьдарч байгаа тул 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс хойших хугацааны түрээсийн төлбөр 20,700,000 төгрөг, түүний алданги 3,928,500 төгрөг, мөн цахилгааны төлбөр 17,928 төгрөг, орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний төлбөр 456,775 төгрөг, нийт 25,103,203 төгрөгийг гаргуулж, орон сууцыг чөлөөлүүлж өгнө үү. Харин Г.Уянгад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
2. Хариуцагч Э.Цэрэнтогтохын тайлбар, татгалзлын агуулга:
Э.Солонго нь Э.Цэрэнтогтоход хямд үнэтэй орон сууцыг ипотекийн 8 хувийн зээлээр зарна гэх санал тавьсан тул 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр банкнаас зээл авч урьдчилгаа төлбөрт 29,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Э.Солонгын 5005479105 тоот дансаар 18,000,000 төгрөг, нийт 47,000,000 төгрөг төлсөн. Орон сууцны түлхүүрийг 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Э.Солонгоос авсан. Ипотекийн зээл удахгүй гарна гэж хэлсэн. Түлхүүрээ авахад орон сууц тог, усгүй байсан тул орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний төлбөр 1.112.400 төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр н.Амаржаргалын 503153116 тоот дансанд төлсөн. 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ус дулааны төлбөр 1,500,000 төгрөгийг төлсөн. Э.Солонго ... бичиг баримт удахгүй гарна, хүлээж бай... гэж хэлсэн. Харин 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр орон сууцанд нүүж орсон. Нийслэлийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст энэ орон сууцтай холбоотой гомдол гаргасны дагуу хэргийг шалгаж байгаа. Эрүүгийн хэрэг шийдвэрлэгдсэний дараа иргэний хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Хариуцагч Г.Уянгын тайлбар, татгалзлын агуулга:
....ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж Туул ван байрны 104 тоот орон сууцыг түрээсэлсэн. Уг гэрээг хийх саналыг үеэл эгч Ц.Содгэрэлийн найз Э.Солонго гуйсан болохоор гэрээ байгуулсан. Тухайн үед иргэний үнэмлэхтэйгээ явж байсан болохоор татгалзаагүй. Мөн тус гэрээг дахин сунгаж байгаагүй болно. Уг орон сууцанд амьдарч байгаагүй. Иймд орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний төлбөрийг Э.Солонго болон одоо амьдарч этгээд хариуцах ёстой гэжээ.
4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, 29 дүгээр байрны 104 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206084526 дугаарт бүртгэлтэй, 125,52 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг хариуцагч Э.Цэрэнтогтохын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Цэрэнтогтоход холбогдох орон сууц хөлслөх гэрээний жишиг үнэлгээгээр нэг сарын 1,800,000 төгрөг, нийт 11 сар 15 хоногийн хөлс 20,700,000 төгрөг, алданги 3,928,500 төгрөг, орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 456,775 төгрөг, цахилгааны төлбөр 17,928 төгрөг, нийт 25,103,203 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч ....ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ....ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Цэрэнтогтохоос 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ....ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ....ХХК нь хариуцагч Г.Уянгад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг дурдаж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Э.Цэрэнтогтохын эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлж, олох байсан орлогыг түрээсийн төлбөрийн жишиг үнэ нэг сарын 1,800,000 төгрөгөөр тооцож 11 сар 15 хоногийн түрээсийн төлбөрт 20,700,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Мөн Э.Цэрэнтогтохоос 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацааны СӨХ-ны төлбөр 456,775 төгрөг, цахилгааны төлбөр 17,928 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардсан боловч анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Орон сууц эзэмшигч ....ХХК нь СӨХ болон Цахилгаан түгээх компанитай гэрээ хийсэн тул хариуцагчаас дээрх төлбөрийг шаардах эрхтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчаас 21,174,703 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
Түрээсийн гэрээний утгаар нэхэмжилсэн боловч түрээсийн гэрээ хэрэгт авагдаагүй. ....ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр олгогдсон. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад барилгыг комисс хүлээж авсан акт гарснаар хүчинтэй гэж тайлбарласан. Түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хуулийн шаардлага хангаагүй гэж шүүх үндэслэлтэй дүгнэсэн. СӨХ-ны төлбөртэй холбоотой асуудлыг нэхэмжлэгч баримтаар гаргаж өгч, өөрөө нотлох үүрэгтэй. Баримттай бол төлөхөд татгалзах зүйлгүй. Э.Цэрэнтогтох ....ХХК-д орон сууцны түлхүүрийг өгсөн. Хариуцагч Э.Цэрэнтогтох өөр этгээдэд 47,000,000 төгрөг өгч хохирсон гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хянаж, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
1. Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар
1.а. Нэхэмжлэгч ....ХХК нь анх хариуцагч ............ нарт холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 20,700,000 төгрөг, алданги 3,928,500 төгрөг, орон сууц ашиглалтын зардал 474,703 төгрөг, нийт 25,103,203 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Уянгад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.
1.б. ....ХХК болон Г.Уянга нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Байр түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр түрээслүүлэгч ....ХХК нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 29 дүгээр байрны 104 тоот, 125,52 м.кв орон сууцыг түрээслэгч Г.Уянгад 1 жилийн хугацаатай түрээслүүлэхээр тохиролцсон гэрээ хэрэгт авагдсан байна. Г.Уянга ... Э.Солонго гуйсны дагуу тухайн үед бичиг баримттайгаа явж байсан тул байгуулсан... тухайн орон сууцад амьдарч байгаагүй... гэж, хариуцагч Э.Цэрэнтогтох нь ... Э.Солонгоос дээрх орон сууцыг ипотекийн зээлээр худалдан авах зорилгоор урьдчилгаа төлбөр 47,000,000 төгрөгийг төлж тухайн орон сууцад амьдарсан... гэж тус тус тайлбарласан байна.
Иймд нэхэмжлэгч ....ХХК болон хариуцагч Э.Цэрэнтогтох нарын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Э.Цэрэнтогтох нь уг орон сууцыг худалдан авах зорилгоор урьдчилгаа төлбөр төлж тухайн орон сууцанд амьдарсан үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгч нь орон сууцны хөлсөлсний төлбөрт 20,700,000 төгрөгийг шаардах эрхгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Түүнчлэн, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна гэж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан. Талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээ болон анзын гэрээ бичгээр байгуулагдаагүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги 3,928,500 төгрөг шаардах эрхгүй болно.
1.б. Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, 29 дүгээр байрны 104 тоотод байрлах, 125,52 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр ....ХХК бүртгэлтэй болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ. Иймд нэхэмжлэгч ....ХХК нь хариуцагч Э.Цэрэнтогтохын эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэхээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй тул анхан шатны шүүх дээрх орон сууцыг Э.Цэрэнтогтохын эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэр гаргасны дараа тухайн орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн талаар тайлбарласан ба энэ талаар талууд маргаагүй болно.
1.в. Нэхэмжлэгч ....ХХК нь хариуцагч Э.Цэрэнтогтохоос орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 456,775 төгрөг, цахилгааны төлбөр 17,928 төгрөг гаргуулахаар шаардсан боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагч орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалтын зардалд 456,775 төгрөг, цахилгааны төлбөр 17,928 төгрөг төлөх үүрэгтэй гэж тайлбарлаж байгаа боловч тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2022/01323 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 263,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Н.БАТЗОРИГ