| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2018/0101/Э |
| Дугаар | 182 |
| Огноо | 2018-09-19 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Я.Сансар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 182
2018 оны 9 сарын 19 өдөр 2018/ШЦТ/182 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0101/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Уламбаяр,
Улсын яллагч Я.Сансар,
Хохирогч Т.Баярмаа,
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанцэцэг,
Хохирогчийн өмгөөлөгч С.Нарангэрэл,
Иргэний нэхэмжлэгч Т.Батхүү,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амаржаргал
Шүүгдэгч А.Н. нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Н.д холбогдох 1839001570076 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1961 оны 07 дугаар сарын 30-нд төрсөн, 57 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 8-7 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал “Алдарт эх II” одон, “Худалдааны тэргүүний ажилтан”, “5 жилийн гавшгайч”, урьд ял шийтгэл үгүй, А.Н. /РД:/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А.Н. нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг “Жаст ойл” шатахуун түгээх станцын зүүн талын засмал зам дээр 56-45 ХЭҮ улсын дугаартай “Раум” маркын суудлын автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12 дахь хэсэгт заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Ниссан тида” маркийн 30-86 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж тус автомашинд зорчиж явсан иргэн Т.Баярмаа, Д.Түмэнбаяр нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Н. нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг “Жаст ойл” шатахуун түгээх станцын зүүн талын засмал зам дээр 56-45 ХЭҮ улсын дугаартай “Раум” маркын суудлын автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12 дахь хэсэгт заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Ниссан тида” маркийн 30-86 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж тус автомашинд зорчиж явсан иргэн Т.Баярмаа, Д.Түмэнбаяр нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Доржсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Түмэнбаяр манай нөхөр. Манай хүн 2018.03-01-ний өдөр охинтойгоо ажилдаа явахдаа өөрийн машинтайгаа осолд ороод одоо Улаанбаатар хотод ухаангүй мэдүүлэг өгөх боломжгүй тул би нөхрийнхөө хууль ёсны төлөөлөгчөөр орж байгаа юм. ... Манай охин улаан загалмайн хороонд нягтлан хийдэг манай нөхөр 1 дүгээр цэцэрлэгт нярав хийдэг. Тэгээд тэр хоёр 2018.03.01-ний өглөө 08 цагийн үед өөрийн 30-86 ХЭА улсын дугаартай машинтайгаа ажилдаа явж байгаад осолд орсон гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 тал/
Хохирогч Т.Баярмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018.03.01-ний өглөө 08 цаг 05 минутын үед аав Түмэнбаяр бид хоёр ажилдаа явах гээд бид хоёр Малчдын хорооноос аавын 30-86 ХЭА улсын дугаартай тида маркын автомашинтай гэрээсээ гарцгаасан. Тэгээд бид хоёр төв рүү орох гээд “Жаст ойл” шатахуун түгээх станц дөхөөд ирж байхад өөдөөс нэг машин ирж яваа харагдсан. Тэгээд би зөрөөд өнгөрөх гэж байгаа юм байлгүй гээд бодтол нөгөө машин гэнэт эргэх дохио ч өгөхгүй шууд аав бид хоёрын явж байсан замын эгнээ рүү зүүн гар талруугаа эргээд миний сууж явсан талаас мөргөсөн..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/
Гэрч Э.Бүрэнтэгшийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр үүрээр 05 цагийн үед ... Хэнтий аймгаас хүн миний машин дээр Онгон сум руу түлээний мод ачуулна гэхээр нь би нөгөө хүнээ хүлээгээд “Жаст” колонкийн хойд талд замаа чөлөөлөөд зогсож байсан юм. Тэгсэн миний машины араас юм мөргөх чимээ гараад машин зогсож байсан газраасаа хөдлөхөөр нь би машинаас буугаад харахад миний машины ард хоёр машин мөргөлдөөд нэг машин нь миний машины араас хамар копуд хэсгээрээ чихэгдээд орчихсон байсан. Гэгээтэй байсан болохоор аваарын гэрлээ унтраачихсан байсан ... Миний машины эд анги эвдрээгүй зүгээр, хүн хүлээгээд замаа чөлөөлөөд зогсож байсан. ... Гаум маркийн машин нь зүүн гар талруугаа эргэх гэж байгаад цаанаас Тида маркийн машин ирээд хоорондоо мөргөлдсөн байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/
Гэрч Э.Ганхөлөгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...ах Э.Бүрэнтэгш нь Хино Рэнжер /Hino Ranger/ маркийн 00-41 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ “Жаст ойл” ШТС-ийн харалдаа колонк руу орох, гарах гарцны дунд замаа чөлөөлөөд урагшаа Сүхбаатар явдаг чигтээ хараад зогсож байсан ... Манай туслах жолооч машин мөргөлдчихлөө гэхээр нь бид буугаад хартал 2 машин мөргөлдсөн байдалтай зогсож байсан ... “Ниссан Тида” маркийн автомашины жолооч нь үрүүлэндээ хавчигдсан байсныг хараад түргэн тусламж руу залгаж хэлээд хаалгыг нь онгойлгон машинаас гаргасан. “Ниссан Тида” маркийн машин нь ах Э.Бүрэнтэгшийн Хино Рэнжер /Hino Ranger/ маркийн 00-41 СҮА улсын дугаартай машины баруун хойд хэсгийн араас нь маш хүчтэй мөргөсөн байдалтай шургаж орсон байсан ... Нөгөө машин нь Тоёота раум маркийн машин байсан. Хойшоо Улаанбаатар явдаг чигтэй явж байсан байх, жолоочийн эсрэг талын хамар нь чихэгдсэн “Жаст ойл” ШТС руу харсан байдалтай байсан дотор нь сууж явж байсан хүмүүс нь гайгүй байсан байх жолооч нь машинаасаа гараад зогсож байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/
Гэрч А.Эрдэнэзулын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 01-ний өглөө “Жаст ойл” ШТС-д түгээгчийн ажлаа хүлээлцэх байсан учир хадам ээж А.Н.гийн 56-45 ХЭҮ улсын дугаартай мөнгөлөг саарал ангийн Раум маркийн автомашинаар ... “Жаст ойл” шатахуун түгээх станц дөхөж ирсэн, машин явж байхад намайг машины зүүн гар талын салхины шил буюу цонхоор харахдаа СҮА дугаартай том оврын ачааны ачаатай машин яг манай колонкын 2 гарцны хооронд замын баруун талд урагшаа хараад зогсож байсан ... Тэгээд юу болсныг би мэдээгүй, нэг мэдэхэд хадам ээж маань баруун гар талын хойд хаалгыг буюу миний сууж байсан хэсгээр машиныхаа хаалгыг онгойлгоод миний охин бууж чадах нь уу гээд асуусан. Тэгээд би машинаас буусан. Хадам ээжийн машиныг ирж мөргөөд нөгөө замын баруун талд зогсож байсан ачааны машины араас очиж мөргөөд зогссон цагаан машинаас хүмүүс гаргаж байх шиг байсан. Тэгээд удалгүй түргэн тусламжийн машин ослын газарт ирсэн учир Д.Түмэнбаяр ах, охин нь бид гурав түргэний машинд суугаад хөдлөх гэж байхад хадам ээж А.Н. би хамт явъя гээд бүгд аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-35 тал/
Яллагдагч А.Н.гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгээд 2018 оны 03 дугаар сарын 01-ны өглөө 08 цаг өнгөрөөгөөд ач Хүслэнг цэцэрлэгч хүргэж өгөнгөө бэр Эрдэнэзулыг ажилд нь хүргэж өгөхөөр өөрийн эзэмшлийн 56-45 ХЭҮ улсын дугаартай “Раум” маркийн автомашинтай гэрээсээ гарсан юм. Тэгээд шууд Хүслэг 1 дүгээр цэцэрлэгт хүргэж өгчихөөд бэр Эрдэнэзулыг ажилд нь хүргэж өгөхөөр 1 дүгээр цэцэрлэгээс гараад “Жаст-Ойл” шатахуун түгээх станц руу яюсан. Тэгээд “Жаст-Ойл”-ын хойд талд харалдаа ирээд шатхуун түгээх станцын баруун талаасаа ямар нэгэн машин харагдаагүй тэгээд зүүн гар талруугаа эргээд эсрэг урсгалынхаа замын гол хэсэгт “Жаст-Ойл”-ын уулзвар луу эргэх үйлдэл хийж байхад баруун талаасаа ирж явсан машин намайг тойрох гэж байсанаа миний машины зүүн гар талын урд талаас мөргөөд замын урд зогсож байсан том машины араас мөргөөд зогссон...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 111-112 хуудас/
Хэнтий аймгийн замын цагдаагийн тасгийн, ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад С.Пүрэвээгийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №08 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 100-101 хуудас/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Бямбатуяагийн №121, 122 дугаартай:
Д.Түмэнбаярын биед гавал ясны зүүн талын суурийн хөндийд дээд хананаас этмойд хөндийн дээд хана, зүүн ухархайн дотор хана, зүүн хоншоорын хөндийнд урд хана, ухархайн дээд ирмэг, ухархайн дотор дээд хана, зүүн духны хөндий дайран дух ясруу үргэлжилсэн шугаман хугарал, тархины 3,4-р ховдол, тархины харвалт, зүүн дух, баруун дагз, зулайн тархины эдхийн цусархаг няцрал, духанд зулгаралт, зүүн дух, зулай, нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, доод үүдэн 1 шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь... гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
Т.Баярмаагийн биед баруун атгаал, богтос ясны ил хугарал, баруун дал эгэмний холбоосын тасрал, нүүр, шанаа, дух тохойнд шарх, бауун хөмсөгт зулгаралт, нүүр, 2 нүд, шанаа, дух, баруун өвдөг, гуяанд цус хуралт, хамар, 2 нүд, цээж нуруу, баруун тохойнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмт тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь... гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 41-42, 74 дүгээр тал/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-12 тал/
Хохирогч Т.Баярмаагийн шүүх хуралдаанд өгсөн: “...Одоо А.Н.гаас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанцэцэгийн шүүх хуралдаанд өгсөн: “...Тухайн үед манай аавын бие муу гээд Улаанбаатар хот руу явсан, аймаг руу буцсан бензиний зардалд 140.000 төгрөг төлсөн. Энэ зардлын баримтаа мөрдөгчид өгсөн боловч тэр баримт одоо хэрэгт байхгүй байна. Одоо А.Н.гаас 140.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Т.Батхүүгийн шүүх хуралдаанд өгсөн: “...иргэний нэхэмжлэл бүрэн хангагдсан тул одоо А.Н.гаас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Н.гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг буюу Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг мөн бөгөөд прокурор Я.Сансар шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул А.Н.д эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Баярмаа, Д.Түмэнбаяр нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч Т.Баярмаа болон иргэний нэхэмжлэгч Т.Батхүү нь хохирлоо хүлээж авсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй /2хх-ийн 58, 63-66, 67-69 тал/ гэсэн байна.
Шүүх хуралдаанд хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанцэцэг бензиний зардалд 140.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд, шүүгдэгч А.Н. нь үүнийг төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч А.Н.гаас 140.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанцэцэгт олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Н. нь дээрх гэмт хэргийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа үйлдсэн байх бөгөөд үүнийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А.Н.д 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амаржаргал нь уг ялыг тэнсэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргажээ. Шүүгдэгч А.Н.гийн хувьд учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн хэргийн шинж, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг байдлыг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, түүнд оногдуулах ялыг тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн А.Н.гийн эзэмшлийн “Toyota Raum” маркийн тээврийн хэрэгслийн №01772096 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид буцаан олгож, №740878 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Н. нь энэ гэмт хэргийн улмаас 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 7 хоног цагдан хоригдсоныг дурдах нь зүйтэй бөгөөд түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А.Н.г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч А.Н.ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Н.аас 140.000 /нэг зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтанцэцэгт олгосугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн А.Н.гийн эзэмшлийн “Toyota Raum” маркийн тээврийн хэрэгслийн №01772096 дугаартай гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид буцаан олгож, №740878 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
5. Шүүгдэгч А.Н. нь 7 /долоо/ хоног цагдан хоригдсон бөгөөд энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, түүний иргэний үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Н.д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА