Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/01268

 

МАГАДЛАЛ

2022.07.04 Дугаар 210/МА2022/01268

 

 

.....ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн, даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2022/00952 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч .....ын нэхэмжлэлтэй, хариуцагч ..... ХХК, ......, ...... нарт холбогдох, худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, орон сууцны төлбөрт 22,000,000 төгрөг, учирсан хохиролд 82,843,403 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, .....т олгосон орон сууц эзэмших батламж бүхий хэлцэл хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, ..... шаардах эрхээ хэрэгжүүлээгүй буруутай болохыг тогтоолгох тухай хариуцагч ......гийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч ......, түүний өмгөөлөгч Г.Дэлгэрсайхан, хариуцагч Глоб констракшн ХХК-ийн төлөөлөгч Ж.Мэндбаяр, хариуцагч ......гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Хоршооллын хотхон, Б.Доржийн гудамж, 32 дугаар байр, 28 тоот хаягт байрлах ..... ХХК-ийн 3 өрөө орон сууцыг Монголын Үндэсний Олон Нийтийн радио телевизийн захирлаар ажиллаж байсан ......, ...... нараас 2005 онд тухайн үеийн зах зээлийн ханш болох 22,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Орон сууцны төлбөрийг ......д төлсөн. 2005 онд орон сууцанд орж 14 жил амьдарсан. Дээрх орон сууцыг Улсын комисс хүлээн аваагүй байсан. Харин уг орон сууцны хууль ёсны өмчлөгч ..... мөн болохыг нотолж Глоб констракшн ХХК албан ёсны батламжийг 2009 онд гарган өгсөн. Түүнчлэн, 2016 онд Глоб констракшн ХХК-ийн захирал Ж.Мэндбаяр 32 дугаар байрны оршин суугчидтай уулзаж, удахгүй барилгыг Улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авна. Үүний дараа өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх тул шаардлагатай баримт материалаа хураалгахыг хүссэн. Миний бие тухайн үед шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгсөн. Гэвч дээрх орон сууцыг 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор суллаж өг гэсэн албан бичиг ирүүлж, Глоб констракшн ХХК нь ..... уг орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж мэдсээр байж Г.Мөнхбаясгаланд худалдаж улмаар эзгүй хойгуур хаалганы голыг сольж эд хогшлыг дур мэдэн гаргасан. Уг асуудлаар Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гомдол гаргасан боловч тус дүүргийн прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 3475 дугаар прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийг хаасан. ... ......, ...... нар эрхийн зөрчилтэй, өөрийн өмчлөлийн биш үл хөдлөх хөрөнгийг .....т худалдан борлуулсан. Ж.Мэндбаяр нь маргааны зүйл болох орон сууцны төлбөрийг авч, орон сууцны эзэмшигч мөн гэж .....т батламж өгсөн мөртлөө өөр этгээдэд худалдан борлуулсан нь тодорхой нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, орон сууцыг зарахдаа зохих этгээдээс зөвшөөрөл аваагүй, улсын комисс орон сууцыг хүлээн авчихвал өмчлөх эрхийн гэрчилгээ гарган өгнө гэж хууран мэхэлсэн. Зах зээлийн ханш хэд дахин өссөн. Маргааны зүйл болох 3 өрөө орон сууцыг Глоб констракшн ХХК-ийн захирал Ж.Мэндбаяр 100,000,000 төгрөгөөр үнэлэн ажлын хөлсөнд тооцсон. Үүнээс үзэхэд 3 өрөө орон сууцны дундаж үнэ 109,217,000 төгрөг байна. Худалдагч талаас үүргээ биелүүлэлгүй эрхийн доголдолтой хөрөнгийг шилжүүлсэн. Хэрэв тухайн үед эрхийн зөрчилгүй орон сууцыг шилжүүлж, тухайн орон сууцыг борлуулвал зах зээлийн ханшаар 87,363,000 төгрөгийн орлого олох байсан. Иймд ...... ...... нартай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж орон сууцны төлбөрт төлсөн 22,000,000 төгрөгийг ......, ...... нараас гаргуулж, орон сууцны зөрүү 87,363,000 төгрөгийг хохиролд тооцож гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагч ......гийн тайлбар, татгалзлын агуулга:

Глоб констракшн ХХК болон Монголын Үндэсний олон нийтийн телевиз хооронд 2005 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 3 өрөө сууц бариулах захиалгын 29,800,000 төгрөгийн гэрээ байгуулсан боловч Глоб констракшн ХХК-ийн захирал Ж.Мэндбаяр хуулийн байгууллагад саатуулагдснаас гэрээний хэрэгжилт эргэлзээтэй, тодорхойгүй болж, талууд гэрээгээр хүлээсэн үүрэг хүлээлттэй болсон. Энэ хугацаанд энэхүү 3 өрөө орон сууцыг эзэмшиж, ашиглаж байсан .....т Глоб констракшн ХХК ирээдүйд өмчлөгч болгоно гэсэн албан ёсны батламжийг 2008 онд гарган өгсөн ба 2016 онд Глоб констракшн ХХК-ийн захирал Ж.Мэндбаяр 32 дугаар орон сууцыг улсын комисс хүлээн авахаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхөд саадгүй гэсэн тайлбарыг өгсөн. Ийнхүү 3 өрөө орон сууцны асуудал 2017 оны 10 дугаар сард Глоб констракшн ХХК-ийн захирал Ж.Мэндбаяр хүрэлцэн ирснээр дахин яригдсан ба Глоб кредит ХХК-ийн хохирол барагдуулах хамтын бат итгэл нийгэмлэгийн төлөөлөгч С.Баатархуяг нь ......тэй 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хэлцэл хийн орон сууцны төлбөрийн нэг хэсэг болох 22,000,000 төгрөгийг дундын дансанд түр байршуулсны дараа дахин хэлэлцэж төлбөрийг ......д буцаах, эсхүл орон сууцны өмчлөлийг шилжүүлэх эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр тохиролцсон. Иймд ...... нь .....ын 22,000,000 төгрөгийг С.Баатархуягийн дансанд Глоб 32 дугаар байр 28 тоотын барьцаа төлбөр хэмээн шилжүүлсэн. ...... Монголын Үндэсний телевизтэй байгуулсан гэрээ хэрэгжих боломжгүй болсон тул тухайн үед .....ыг орон сууцтай болоход нь Глоб констракшн ХХК-тай зуучилсан төдий үүрэг гүйцэтгэсэн ба ямар нэгэн ашиг орлого аваагүй болно. Харин орон сууцны асуудлыг шийдвэрлэж чадах Ж.Мэндбаярыг ирэх хүртэл .....ын 22,000,000 төгрөгийг бусдад алдахгүй байх үүрэгтэй байсан. ..... тухайн үед эрхийн зөрчилтэй орон сууцыг шилжүүлсэн гэж буруутгасан байна. Гэтэл 2005 оны 12 дугаар сард ..... орон сууцанд орсон. Глоб констракшн ХХК-ийн захирал Ж.Мэндбаяр хуулийн байгууллагад саатуулагдсан. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн эрсдэл гарвал өөрөө хариуцна гэдгээ маш сайн мэдэж байсан. ...... болон ..... нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй болно. Харин Глоб констракшн ХХК-аас орон сууц авах гэрээний эрхээ шилжүүлэх хэлцэл явагдаж, түүнд шаардах эрхээ шилжүүлсэн. ..... болон ...... нарын хэлцэл Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт зааснаар Глоб констракшн ХХК-аас батламж олгосноор үүрэг дуусгавар болсон гэжээ.

 

3.    Хариуцагч ......ийн тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагад үйл баримтад холбогдуулан гаргасан гэмт хэргийн тухай гомдлыг цагдаагийн байгууллагаас шалгаад гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй болохыг тогтоосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч Глоб констракшн ХХК-ийн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:

Глоб констракшн ХХК-ийн барьсан Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо, 32 дугаар байрны 28 тоот орон сууцыг тус компани 2005 онд Монголын Үндэсний олон нийтийн радио телевизид рекламын төлбөрт бартераар худалдсан боловч худалдан авагч тал үүргээ биелүүлээгүйн учраас гэрээнээс татгалзан орон сууцаа өөрийн өмчлөл, эзэмшилд бүрэн авсан. Тус компанийн захирал Ж.Мэндбаяр 2006 онд хадгаламж зээлийн хоршооны хэрэгт холбогдон улмаар 10 жилийн чанга дэглэмтэй хорих ял шийтгүүлээд 2015 онд суллагдан гарч ирэхэд дээрх үйлдлийн улмаас тус компани хохирч үлдсэн. ......, ...... нартай биечлэн уулзахад .....аас 22,000,000 төгрөг авсан, мөнгийг буцааж орон сууц авч өгөх гэтэл тэрээр зөвшөөрөөгүй. Манай компани .....тай орон сууцыг худалдах, худалдан авах ямар нэгэн гэрээ байгуулаагүй, түүний өмнө үүрэг хүлээгээгүй тул хохирол төлөхгүй. .....т өгөөрэй гэж шилжүүлсэн 22,000,000 төгрөгийг ......д буцаан шилжүүлэх болно. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. ..... ХХК болон .....т холбогдуулан гаргасан ......гийн сөрөг нэхэмжлэлийн агуулга:

Глоб констракшн ХХК зар сурталчилгаа хийлгэж, бартераар орон сууц худалдах гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу зар сурталчилгаа явуулах гэхэд Олон нийтийн радио телевизийн тухай хууль гарснаар хувийн телевизүүдийн захирлууд болон сонины редакцуудтай ярьж тохирч реклам зар сурталчилгааг явуулснаар Глоб констракшн ХХК, хадгаламж зээлийн хоршоо маш богино хугацаанд олон гишүүнтэй болж, барьж байсан орон сууцнуудын урьдчилгаа мөнгө нь мөн 100 хувь төлөгдсөн. Орон сууцыг .....т худалдсан ба Глоб констракшн ХХК төлбөрийг бүрэн барагдуулсан болохыг баталгаажуулж Батламж-ийг 2009 онд олгосон. Бартераар хийгддэг зар сурталчилгаа нь архивлагдаж хадгалагддаггүй, тухайн үед ажиллаж байсан хүмүүс ч байхгүй болсон. Зар сурталчилгаа хийсэн баримтууд олдохгүй болсон. Орон сууцны төлбөр болох 22,000,000 төгрөгийг "Глоб констракшн" ХХК-ийн захирал Ж.Мэндбаярын зааж өгсөн дансанд шилжүүлсэн. Ингээд орон сууцны төлбөрийн асуудал Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-д зааснаар захиалгын гэрээ дуусгавар болсон. Глоб констракшн ХХК Г.Мөнхбаясгалантай хуурамч гэрээ байгуулж, уг хуурамч гэрээгээр Улсын бүртгэлийн газраас өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авч .....ыг уг орон сууцнаас нүүлгэн гаргасан. Гэрээний дагуу орон сууцыг хүлээлгэн өгч Батламж бичиг гардуулсан. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран зар сурталчилгаа явуулсан баримт байхгүй болсон учир "....." ХХК-ийн шаардсан 22,000,000 төгрөгийг төлөөд гэрээг бүрмөсөн дуусгавар болсон байхад Глоб констракшн ХХК нь Г.Мөнхбаясгалантай хуурамч гэрээ байгуулан эд хөрөнгө шилжүүлэх эрхгүй байхад ..... шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. ..... орон сууцыг хууль бусаар чөлөөлсөн болон өмчлөгчөөр тогтоолгохоор шаардлага гаргах боломжтой байсан. ..... орон сууцад 10 жил амьдарсан, Глоб констракшн ХХК-аас төлбөр бүрэн төлөгдсөний нотлогоо болгож Батламж олгосон. 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн орон сууц захиалгын 32/28 тоот гэрээг олон жилийн дараа нотлох баримт байхгүй болсон гэдгээр далимдуулан өөр үүрэг буюу 22,000,000 төгрөг шаардаж уг төлбөрийг төлж дуусгаснаар анх байгуулагдсан гэрээ дуусгавар болсон. Нэгэнт анхны гэрээ хүчин төгөлдөр бол худалдан авагч дамжуулж худалдаж, дамжуулан худалдсаныг хүлээн зөвшөөрч Батламж олгосон нь дамжуулан худалдсан гэрээ хуульд заагдсанаар хүчин төгөлдөр гэрээ юм. Эхлээд хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэхээс эхлэх ба нэхэмжлэлийн шаардлага болон иргэний хэрэг үүсгэсэн захирамж зэргийг үзэхэд хөөн хэлэлцэх хугацааг сэргээгээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд эрх нь зөрчигдөх хуурамч гэрээгээр эрх олж авсан Г.Мөнхбаясгалан нь гуравдагч этгээдээр оролцох ёстой байна. Өөрөөр хэлбэл Батламж хүчин төгөлдөрт тооцогдвол Г.Мөнхбаясгалангийн өмчлөх эрх хүчин төгөлдөр бус болох ба ..... шаардах эрхээ хэрэгжүүлбэл мөн Г.Мөнхбаясгалангийн эрх хөндөгдөнө. Иймд Глоб констракшн ХХК-аас .....т 2009 онд орон сууц эзэмших бүрэн эрх олгосон Батламж бүхий хэлцэл хүчин төгөлдөр болохыг тогтоож, ..... өөрийн шаардах эрхээ хэрэгжүүлээгүй буруутай болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

6. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Глоб констракшн ХХК-аас ..... Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших нийт 74,5 м.кв талбай бүхий 28 тоот орон сууцны бүрэн эрх эзэмшигч мөн болохыг тодорхойлсон Батламж-ийг хууль ёсны талаар маргаагүй. Глоб констракшн ХХК .....ыг маргаан бүхий орон сууцанд ямар нэгэн төлбөрийн өргүй, хууль ёсны өмчлөгч болохыг Батламж-аар тодорхойлсон. Харин ..... уг орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхээ хэрэгжүүлээгүй буруутай болохыг тогтоох нэхэмжлэл үндэслэлгүй. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 6/8527 дугаар албан тоотод маргаан бүхий орон сууц 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Г.Мөнхбаясгалангийн нэр дээр анх бүртгэгдэж, улмаар 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн барьцааны гэрээгээр барьцаалагдсан бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 101/ХГ2020/00773 дугаар гүйцэтгэх хуудасны дагуу захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тусгай тэмдэглэл хийгдсэн байгааг тодорхойлсон. Орон сууцыг худалдан борлуулж, төлбөрийг авсан мөртлөө өмчлөх эрхийн гэрчилгээг .....ын нэр дээр гарган өгөх үүргээ биелүүлээгүй. Мөн эрх нь зөрчигдөж шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох эрхтэй тул хариуцагч нар нэхэмжлэгчийг заавал орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох ёстой гэсэн шаардлага тавих нь үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн ..... уг орон сууцны хууль ёсны өмлөгчөөр тогтоолгох шаардах эрхээ хэрэгжүүлээгүй буруутай болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Сөрөг нэхэмжлэлд гаргасан Глоб констракшн ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

Орон сууцыг захиран зарцуулах эрхийг анхнаасаа ......, ...... нарт олгоогүй, манайх МҮОНТелевизэд байгуулсан гэрээний дагуу өгсөн. Гэтэл байгууллагад өгсөн орон сууцыг ......, ...... нар байгууллагын өмчлөлөөс дур мэдэн гаргаж захиран зарцуулахаар .....т худалдсан. Тухайн үед ...... байгууллагын захирал, ...... хэлтсийн дарга байсан. Ял эдэлж байгаад гарч ирэхэд ...... МҮОНТ-ийн байгууллагын даргаар ажиллаж байсан. Очоод орон сууцны асуудлыг ярьсан. Батламж гаргаж өгснөөр талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болсон гэж тайлбарлаж байна. Гэтэл Батламж-д эзэмших эрхийг олгов гэж бичсэн, өмчлөх эрх олгоогүй. Батламж-ийн дагуу хадгаламж зээлийн хоршооны хохирогчид тухайн орон сууцыг хурааж аваагүй ..... олон жил эзэмшсэн гэжээ.

 

8. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Мөнхбаясгалангийн тайлбарын агуулга:

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хоршооллын хотхон, Б.Доржийн гудамж, 32 дугаар байр, 28 тоот 74,5 м.кв орон сууцыг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр "Глоб констракшн ХХК-аас хууль ёсны дагуу худалдаж авсан. Тухайн үед уг орон сууцыг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр суллаж өгөх үүргийг "Глоб констракшн ХХК хүлээсэн ба 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр уг орон сууцыг суллаж өгсөн. .....т уг орон сууцыг худалдаж авах санал тавихад ... байраа суллаж өгөхөд татгалзах зүйлгүй... гэсэн. ..... миний орон сууцыг худалдаж авч байсан, чамд давхар зарсан байна гэх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гарган шалгуулсан боловч ..... худалдаж авсан гэдгээ нотлож чадаагүй. Орон сууцыг хууль, журмын дагуу Глоб констракшн ХХК-аас худалдаж авсан шударга эзэмшигч юм. Миний бие уг орон сууц бусдад хувь лизингээр борлуулж банкны зээлээ төлсөн. ..... бусдын эзэмшлийн уг орон сууцыг эзэн Ж.Мэндбаяр хорих ангид ял эдэлж эзгүй байх хооронд сарын 800,000 төгрөгөөр 10 жил орчим тогтмол түрээслүүлж ашиг олдог байсан. Бусадтай хийсэн мөнгө төгрөгийн маргаандаа шударга эзэмшигчийг татан оролцуулсан нь үндэслэлгүй гэжээ.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 56.5, 56.6 дахь хэсэгт зааснаар 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ......, ...... болон ..... нарын хоорондох үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авахаар тохиролцсон хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул ......, ...... нараас 22,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч .....т, ......, ......, Глоб констракшн ХХК нараас тус бүр 13,807,234 төгрөг гаргуулж нэхэмжлэгч .....т тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 41,421,701 төгрөгийг болон ....., Глоб констракшн ХХК-д холбогдуулан гаргасан 2009 онд орон сууц эзэмших бүрэн эрх олгосон батламж бүхий хэлцэл хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, ..... өөрийн шаардах эрхээ хэрэгжүүлээгүй буруутай болохыг тогтоолгох тухай хариуцагч ......агийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 704,765 төгрөг, хариуцагч ......агаас тэмдэгтийн хураамжид төлсөн 338,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 475,058 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

10. Хариуцагч ......гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. ..... нь эзэмшиж байсан орон сууцаа сарын 800,000 төгрөгөөр түрээслэж жилд 9,600,000 төгрөгийн орлого олж байсан тул түүнийг хохирсон гэж үзэхгүй. Мөн үнэлгээг зөвшөөрөөгүй тул дахин шинжээч томилох шаардлагатай болно. ..... нь сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрсөн. Учир нь орон сууц банкинд барьцаалагдсан тул энэ аргыг сонгосон. Өөрөөр хэлбэл, Глоб констракшн ХХК .....ын бусдад түрээсэлсэн орон сууцыг бусдад худалдсанд ...... хамааралгүй. Глоб констракшн ХХК-аас олгосон Батламж-ийг хүчин төгөлдөрт тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоходоо нэхэмжлэгч хүчин төгөлдөр болохыг зөвшөөрсөн тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон гэж дүгнэсэн.

Шүүх шаардах эрхээ хэрэгжүүлээгүй буруутай гэх шаардлагад ... ..... нэхэмжлэл гаргасан тохиолдолд түүний дараа орон сууцыг барьцаалсан барьцааг чөлөөлөх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар маргах гэх өөрийн нэр дээр гаргуулан авах нь төвөгтэй... гэж хэрэгсэхгүй болгосон. Орон сууц захиалгын гэрээ хүчин төгөлдөр болоогүй, Батламж бичиг хүчинтэй. ......, ...... нар байгууллагын нэрийг ашигласан хэдий ч гэрээ нь хэрэгжээд дуусгавар болж дараагийн хүнд Батламж олгогдоно. Глоб констракшн ХХК баримт устгагдсаныг ашиглаж гэрээ дуусгавар болоогүй гэж маргахад 22,000,000 төгрөгийг төлж дуусгавар болгосон. Өөрөөр хэлбэл, Глоб констракшн ХХК-аас орон сууц худалдан авсан .....т орон сууц шилжсэнийг зөвшөөрсөн байхад шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Нэхэмжлэлийн шаардлагыг шүүх тодруулаагүй. Гэм хорын хохирол шаардсан уу, гэрээнээс учирсан хохирсон хохирол шаардсан нь тодорхойгүй байна. Хохирол нэхэмжилсэн тул хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх байсан.

......гаас 13,807,234 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. ...... нь .....т 13,807,234 төгрөг төлөх буруутай болох нь тогтоогдоогүй. ..... нь Глоб констракшн ХХК-ийн орон сууцад 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нүүж орсон. Тухайн үед орон сууцыг улсын комисс хүлээж аваагүй тул үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авах боломжгүйг ..... мэдэж байсан. Глоб констракшн ХХК-аас 2009 онд .....т Батламж олгоснооор тэдгээрийн хооронд хэлцэл хийгдсэн байна. Иймд Глоб констракшн ХХК болон ..... нарын хооронд эрх зүйн харилцаа үүссэнийг шүүх анхаараагүй.

..... нэхэмжлэлдээ ... 2016 онд Глоб констракшн ХХК-ийн захирал Ж.Мэндбаяр 32 дугаар байрны оршин суугчидтай уулзаж барилгыг удахгүй улсын комисс хүлээн авна. Үл хөдөлхийн гэрчилгээ гаргуулан авахад шаардлагатай баримт материалуудыг хураалгахыг хүссэн. Би тухайн үед материалуудаа өгч байсан... гэж тайлбарласан. .....ын орон сууцны төлбөрт 22,000,000 төгрөгийг Глоб констракшн ХХК-д төлсөн талаар маргаагүй. ..... нь шаардах эрхээ хэрэгжүүлээгүй шалтгаанаа ... уг орон сууц 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн барьцаанд барьцаалагдсан тул өр төлбөрт хураагдах нь тодорхой, орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргавал орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаан дээр маргах гэх мэтчилэн орон сууцыг өөрийн нэр дээр гаргуулан авах нь төвөгтэй, боломжгүй болно ... гэсэн тайлбарласан. Мөн 2009 оноос хойш уг орон сууцанд амьдрах, бусдад түрээсэлж орлого олох зэргээр ..... эзэмшиж ирсэн ба үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг гаргуулан аваагүйд ...... буруугүй.

Шүүх ...Глоб констракшн ХХК болон МҮТВ (......) нарын хоорондох хэлцэл хүчин төгөлдөр бус учраас Глоб констракшн ХХК болон ..... нарын хэлцэл хүчин төгөлдөр бус гэж дүгнэж ......гаас 13,807,234 төгрөг гаргуулсан... нь үндэслэлгүй. Учир нь Глоб констракшн ХХК болон МҮТВ (......) нарын хоорондох хэлцэл хүчин төгөлдөр бус бол ...... (......) болон ..... нарын хэлцэл хүчин төгөлдөр бус байж болно. Харин өөрсдөө 2009 онд харилцан зөвшөөрч байсан, хүчин төгөлдөр бусад тооцуулах талаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй Глоб констракшн ХХК болон ..... нарын хэлцлийг хүчин төгөлдөр бус гэдгээр хожмын хэлцэлд оролцоогүй ......гаар 13,807,234 төгрөгийг .....т төлүүлэхээр шийдвэрлэсэн. Глоб констракшн ХХК болон ..... нарын хэлцлийг хүчин төгөлдөр бус гэх дүгнэлт үндэслэлтэй бол ...... буруугүй бөгөөд хохирол 13,807.234 төгрөгийг .....т төлөх нь үндэслэлгүй тул ......гаас 13,807,234 төгрөгийг гаруулж .....т олгосон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

11. Хариуцагч ......ийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх ......ээс хүчин төгөлдөр бус байх хэлцлийн дагуу шилжүүлсэн 11,000,000 төгрөг, хохиролд гэх 13,807,234 төгрөг, нийт 24,807,234 төгрөгийг гаргуулж .....т олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн, хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх ... ..... болон ......, ...... нарын хооронд 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан харилцаа үүссэн гэж дүгнэсэн атлаа ......, ...... нар тухайн хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй байж .....т худалдахаар хэлцлийг хийсэн, улмаар талуудын хоорондох дээрх хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл... гэж дүгнэсэн. Улмаар шүүхийн шийдвэрийн Тогтоох нь хэсэгт Иргэний хуулийн 243 дугаар зүйл болон мөн хуулийн 56 дугаар зүйлийг хамт баримталсан нь хууль хэрэглээний алдаа болсон. Талуудын хооронд гэрээнээс үүдэлтэй шаардах эрхийн харилцаа үүссэн, эсхүл хуульд заасны дагуу үүсэх үүргийн харилцаа үүссэн эсэхийг нарийвчлан тодорхойлоогүй. Шүүх талуудын хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн, улмаар ..... 22,000,000 төгрөгийг Глоб констракшн ХХК-д шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон гэж мөн үзсэн атлаа уг 22,000,000 төгрөгийн 50 хувь буюу 11,000,000 төгрөгийг ......ээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 82,843,403 төгрөгийг Глоб констракшн ХХК, ......, ...... нараас хувь тэнцүүлж гаргуулахаар шийдвэрлэсэн үндэслэлээ талуудын тайлбар, гэм буруу, тэдгээрийн оролцоо зэргийг харгалзан тэнцүү хэмжээгээр тооцон хариуцуулсан гэж тайлбарласан. Нэхэмжлэгчид хохирол учирсан гэх үйл баримт нь Глоб констракшн ХХК уг орон сууцыг бусдад давхар худалдан борлуулсантай холбоотой байхад ......ээс төлбөр гаргуулсан нь үндэслэлгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ......ийн төлөөлөгчөөр оролцож байсан Б.Батмөнх шүүх хуралдаанд оролцоогүй бөгөөд түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй. Шүүх хуралдааны товыг төлөөлөгчийн болон төлөөлүүлэгчийн оршин суугаа газрын хаягаар хуульд заасны дагуу хүргүүлээгүй бөгөөд хэрэгт авагдсан 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн огноо бүхий Шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсанд ......ийн оршин суугаа газрын хаягийг Үйлдвэр 10 байр гэж буруу бичсэн. ......ийн оршин суугаа газрын хаяг Үйлдвэр ХД 100 байр юм. Ийнхүү буруу бичснээс шүүх хуралдаанд оролцож чадаагүй. Мөн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн огноо бүхий 22 дугаартай Шүүх хуралдаанд ирүүлэх тухай мэдэгдэх хуудас гэсэн нэртэй баримтад шүүгчийн туслах ......ийн төлөөлөгчид ... мессеж үлдээв гэсэн тэмдэглэгээг хийсэн, мөн мессежний харагдах байдал гэсэн баримт хавсаргасан байх боловч уг мессеж нь илгээгдэж төлөөлөгчид очсон эсэх нь тодорхой бус бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байна.

Анхан шатны шүүх ......, ...... нар тухайн хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй атлаа .....т худалдахаар хэлцлийг хийсэн, улмаар талуудын хоорондох дээрх хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж гэж дүгнсэн нь талуудын хооронд гэрээнээс үүдэлтэй шаардах эрхийн харилцаа үүсээгүй болохыг тогтоосон атлаа Глоб констракшн ХХК, ......, ...... нарын гэм буруугийн талаар дүгнэсэн тул хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

12. Хариуцагч Глоб констракшн ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Глоб констракшн ХХК нь МҮОНТ-тэй харилцан тохиролцож тус компанийн зүгээс Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны 32 дугаар байрын 28 тоот 74,5 м.кв орон сууцыг телевизэд 29,800,000 төгрөгт тооцон өгч үнийн дүнд реклам явуулахаар 2005 онд гэрээ байгуулж орон сууцыг хүлээлгэн өгсөн боловч телевиз гэрээний үүргээ огт биелүүлээгүй. Тус байгууллагын удирдлагууд болох ......, ...... нар орон сууцыг 2005 оны 12 дугаар сард .....т 22,000,000 төгрөгөөр худалдаж, төлбөрийг нь хувьдаа ашигласан. Тус компанийн захирлын эзгүй байгааг ..... ашиглаж Ж.Энхбаяраар Батламж бичуүлж авсан. Батламж олгосоныг талууд ирээдүйд өмчлөх эрхийг олгосон, шаардах эрх шилжүүлсэн хэлцэл хийгдсэн мэтээр тайлбарладаг боловч энэ нь зөвхөн эзэмших эрхийн аливаа маргаан тэмцлээс урьдчилан сэргийлсэн арга хэмжээ төдий юм. Нэгэнт үүсээгүй шаардах эрхийг шилжүүлэх нь боломжгүй юм. Иймээс компанийн хууль ёсны өмч болох дээрх орон сууцыг захиран зарцуулж Г.Мөнхбаясгаланд худалдсан. Гэтэл шүүх Шүүх талуудын тайлбар, гэм буруу, тэдгээрийн оролцоо зэргийг харгалзан нэхэмжлэгчийн хохиролд шаардсан 82,843,403 төгрөгийг Глоб констракшн ХХК, ......, ...... нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж нь үндэслэлгүй. 2005 онд хүчин төгөлдөр бус хэлцэл, үйлдлээр ......, ...... нар .....аас мөнгө авч, орон сууцыг түүний эзэмшил ашиглалтад шилжүүлсэнээр түүнд хохирол учруулсан. Нэгэнт хохирол учирснаас хойш 4 жилийн дараа Батламж бичиж өгснийг түүнд хохирол учруулсан гэж үзэхгүй. Харин тус компанийн олгосон Батламж-аар орон сууцыг 10 жил эзэмшсэн.

Мөн тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч буюу захиран зарцуулах эрхтэй этгээд Ж.Мэндбаяр гэдгийг болон Батламж нь эзэмших эрх олгосон гэдгийг тогтоосон хэрнээ шүүх Батламж-ийг компанийг төлөөлөх эрхгүй этгээд Ж.Энхбаяр олгосон, зөвхөн эзэмших эрхийг олгосноос өмчлөх эрхийг олгоогүй тухай Глоб констракшн ХХК-ийн татгалзал үндэслэлгүй гэж дүгнэсэн нь буруу. Иймд Глоб констракшн ХХК-аас 13,801,237 төгрөг гаргуулж .....т олгож шийдвэрлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

13. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч тайлбар гаргаагүй болно.

 

14. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх ... талуудын тайлбар, гэм буруу тэдгээрийн оролцоо зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардсан хохиролд 82,843,403 төгрөгийг болон хариуцагч Глоб констаркшн ХХК, ......, ...... нараас 41,421,701 төгрөгийг тэнцүүлж 13,807,234 төгрөг гаргуулж .....т олгож шийдвэрлэсэн. Орон сууцны доголдыг буюу өмчлөх эрхийн гэрчилгээ гарах боломжгүй нөхцөл байдлыг ..... мэдээгүй бөгөөд дотны найздаа итгэн орон сууцны гэрчилгээ удахгүй гаргаж өгнө гэдэгт итгэж байсан. Глоб констракшн ХХК-ийн гарган өгсөн Батламж-аар баталгаажсан. Гэтэл шүүх шийдвэр гаргахдаа үндэслэ бүхий дүгнэлт хийгээгүй, хохирол 82,843,403 төгрөгийн 50 хувийг ..... хариуцах ёстой гэж дүгнэсэн.

Маргаан бүхий 3 өрөө орон сууцны зах зээлийн үнэ 2022 оны байдлаар шинжээчийн тогтоосон үнээс 2 дахин өссөн нь нийтэд илэрхий болсон бөгөөд нэхэмжлэгч нь 2021 оны зах зээлийн үнэлгээгээр орон сууцны хохирлыг шаардсан. Нэхэмжлэгч дээрх хохирлыг бүхэлд нь гаргуулсан ч 3 өрөө орон сууц авч чадахгүй нөхцөл байдал үүссэн. Гэтэл шүүх хохирлын 50 хувийг гаргуулсан.

Түүнчлэн, бие даасан шаархзага гаргаагүй гуравдагч этгээд Г.Мөнхбаясгалан шүүхэд гаргасан тайлбартаа орон сууцыг өөрөө сайн дураараа суллаж өгсөн, уг орон сууцыг 10 жил орчим хугацаанд бусдад 800,000 төгрөгөөр турээслүүлж ашиг олдог байсан гэж үндэслэлгүй тайлбар гаргасан. Глоб констракшн ХХК болон М.Мөнхбаясгалан нар .....ыг орон сууцнаас гаргасан нь хэрэг авагдсан мөрдөн байцаалтын мэдүүлгээр тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

15. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч нар тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг зохигчийн давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд хянаж, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

 

1. Нэхэмжлэгч ..... нь хариуцагч Глоб констракшн ХХК, ......, ...... нарт холбогдуулан Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Хоршооллын хотхон, Б.Доржийн гудамж, 32 дугаар байр, 28 тоот хаягт байрлах 74,5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, орон сууцны үнэд төлсөн 22,000,000 төгрөг болон гэрээнээс учирсан хохиролд 87,363,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч Глоб констракшн ХХК болон ......, ...... нарын өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжилж, банк дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн хэмжээгээр зогсоолгох хүсэлт гаргасныг үндэслэн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШЗ2021/00541 дугаар захирамжаар хариуцагч Глоб констракшн ХХК, ......, ...... нарын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 109,363,000 төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн байна. (1хх-ийн 39, 43-44)

 

Хариуцагч ...... дээрх захирамжийг эс зөвшөөрч, хүчингүй болгох эсхүл өөрчлөлт оруулахаар гомдол гаргасныг тус шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШТ2021/00056 дугаар тогтоолоор хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. (1хх-ийн 56, 71, 73-74)

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл нотолгооны хэрэгсэлд хамаарах ба мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх хуралдааны үед заавал тэмдэглэл үйлдэх бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэл нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмыг биелүүлсэн байдал, хэргийн оролцогчдын мэтгэлцсэн байдал, тэдгээрийн эрхийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан эсэхийг тус тус нотлох зорилготой юм. Гэвч шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны тэмдэглэл хэрэгт авагдаагүй байгаа нь хэргийн оролцогчдын дээрх эрхийг хангасан эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй болгосон байна.

 

3. Хариуцагч ...... нь Глоб констракшн ХХК болон .....т нарт холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт тус тус нийцээгүй буюу хариуцагчаас хариуцагчид холбогдуулж сөрөг шаардлага гаргасан байхад шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу байна. Хариуцагч ...... нь нэхэмжлэгч .....т холбогдуулж сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй болохоос хариуцагч Глоб констракшн ХХК-д холбогдуулж сөрөг шаардлага гаргах эрхгүй болно.

 

4.Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардлагаа өөрчилсөн байхад түүнийг хариуцагч нарт гардуулах ажиллагаа хийгээгүй /хх-ийн 108/

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2022/00952 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ......гийн төлсөн 773,555 төгрөг, хариуцагч ......ийн төлсөн 282,000 төгрөг, хариуцагч Глоб констракшн ХХК-ийн төлсөн 226,990 төгрөг, нэхэмжлэгч .....ын төлсөн 365,060 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Н.БАТЗОРИГ