| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2018/0088/Э |
| Дугаар | 183 |
| Огноо | 2018-09-19 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 183
2018 оны 9 сарын 19 өдөр 2018/ШЦТ/183 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0088/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн "А" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Уламбаяр,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амаржаргал, Г.Бадамгэрэл
Шүүгдэгч Б.Н., В.Д. нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н., В.Д нарт холбогдох 1839000250030 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1981 оны 04 дүгээр сарын 03-нд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эхнэр ээж нарын хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 14-03 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 1999 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр эрүүгийн хуулийн 131.1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгийн торох ялаар, 2003 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр эрүүгий хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн хорих ялаар, 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан В.Д. /РД:/
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Батноров суманд 1989 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 14-03 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2009 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж Өршөөл үзүүлэх тухай 2009 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн, Б.Н. /РД:/
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Н., Б.Д. нар нь хамтран 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 24-14 тоотод оршин суух иргэн Ц.Баянмөнхийн амбаарт хууль бусаар нэвтэрч үхрийн борцолсон мах, цахилгааны утас, хайлш төмөр зэргийг хулгайлж 182.000 төгрөгийн хохирол, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 24-15 тоотод оршин суух иргэн А.Отгонбаатарын чингэлэгнээс хурганы арьс 13 ширхэг, сэгсүүргэ 13 ширхэгийг тус тус хулгайлж 780.000 төгрөгийг хохирол учруулсан;
Шүүгдэгч В.Д. нь 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг , Хийдийн 17-02 тоот хашаанаас иргэн Ж.Оюуннямын хятад улсад үйлдвэрлэсэн Даюун маркийн мотоцикль хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Н., Б.Д. нар нь хамтран 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 24-14 тоотод оршин суух иргэн Ц.Баянмөнхийн амбаарт хууль бусаар нэвтэрч үхрийн борцолсон мах, цахилгааны утас, хайлш төмөр зэргийг хулгайлж 182.000 төгрөгийн хохирол, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 24-15 тоотод оршин суух иргэн А.Отгонбаатарын чингэлэгнээс хурганы арьс 13 ширхэг, сэгсүүргэ 13 ширхэгийг тус тус хулгайж 780.000 төгрөгийг хохирол учруулсан болох нь:
Хохирогч А.Отгонбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “....Миний бие эхнэр болох Буянхишигийн хамт 2018 оны 01 сарын 13-ны өдрийн 19 цагийн үед Хийдийн суурингийн 24-15 тоотод байрлах гэртээ ирээд охин болох Энхжингийн куртик гутлыг аваад эмээ болох Цэцэгмаагийнд аваачиж өгсөн юм. Тэгээд оройноо Тахилт тосгоны Жамц овоо гэх хөдөө гэртээ эхнэрийн хамт харьсан юм. 2018 оны 01 сарын 15-ны өдөр 17 цагийн үед эхнэр хүүхдийн хамт Хийдийн суурингийн гэртээ ирэхэд цонх хагалсан байсан гадаа нь гэрт байдаг суурин компьютер хагархай цонхны дор гаргаад хаясан, хувцас хадгалаастай чингэлэгийг ухаад хувцас гаргаад хаяса байдалтай байсан. Дотор нь ишигний 10 арьс, хурганы сэгсүүргэн 2 дээл хийгээд илүү гарахаар сэгсүүрэг байсан ....” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 тал/
Хохирогч Ц.Баянмөнхийн мөрдөн байцаалтанд өгсөн: “....Би 2018 оны 01 сарын 16-ны өдөр хөдөө гэр буюу Хэнтий аймгийн Баян-Адрага суманд байж байхад манай эхнэрийн эгч Оюунбилэг байшингийн цонхыг хагалж хулгай орсон байна гэж хэлсэн. 2018 оны 01 сарын 23-ны өглөө гэртээ очиж юу алга болсныг бүртгэж үзэхэд байшин дотроос юм алга болоогүй таампарын цонх хагалсан байсан. Харин хашаан дотор байх эд зүйл хадгалах амбаарын цоожийг цүүтэй нь сугалж амбаар дотроос үхрийн борцолсон гуяны мах болон 100 метр 2 паазын цахилгааны зэс утас байхгүй байсан. Хашаан дотор байсан 20 гаран кг хайлш төмөр байсан тэр бас байхгүй байсан ....” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 31-32 тал/
Гэрч Ж.Буянхишигийн мөрдөн байцаалтанд өгсөн: “.....би хашааны хаалгаа нээгээд ортол чингэлэг маань онгорхой дотор нь байсан эд зүйлийг газар аваад хаясан байдалтай манай байшингийн нэг цонх хагархай, байшингийн гадаа гэрт байсан хар өнгийн dell маркийн компьютерийг гаргаад хаясан байдалтай байхаар нь нөхөр дүү хоёроо дуудаж харуулсан. Чингэлэг дотроос шуудайтай элдсэн хонины арьс /сэгсүүргэ/ 10 гаруй ширхэг, давуунд боосон байсан ишгэний арьс мөн 10 гаруй ширхэг, улаан өнгийн цахилгаантай давуун уутан дотор байсан хонь, хурганы арьс дотор нь яг хэдэн ширхэг байсныг санахгүй байна алга болсон байсан .....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 тал/
Гэрч Э.Ууганбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “.....“...Би 2018 оны 01 сарын 16-ны өдөр 3-р багт байрлах “Бөөний баазын хашааа” гэх газар байрладаг хоёрдогч түүхий эд авах цэгт үйл ажиллагаа эрхэлж байна. ...зэс нь 3 кг орчим, хайлш нь 25 кг орчим болж байсан .....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/
Яллагдагч В.Д.гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “.....Б.Н.гийнд ороход эхнэр хүүхэдтэйгээ сууж байсан. Тэднийд сууж байгаад 10 цагийн үед Хийдийн 24-р эгнээгээр явж байгаад нэг айлын хашааны завсраар харахад хашаан дотор цоожтой байшин байхаар нь бид хоёр хулгай хийхээр ярилцаад хүн харж байя чи ор гээд Б.Н. хашааных нь урд талаар авираад хашаан дотор явж орсон. Тэгээд хашаан дотор баруун талд нь цоожтой байсан амбаарыг Б.Н. цоожийг нь хөшиж онгойлгоод чадахгүй болохоор нь би араас нь хашааг давж ороод хашаан дотор зүүн талд нь байсан төмөрийн хогон дээрээс нарийн гол төмөр олж аваад амбаарынх нь цоожийг хөшихөд цоожны цүү нь мултраад гараад ирсэн. Тэгээд онгойлгоод ороход хэцэн дээр өлгөөтэй байсан үхрийн хавирга нарийн жоохон борцнууд байхаар нь амбаарт байсан шуудайнд хийсэн. Тэгээд мөн амбаарт хуйлаастай байсан гэрлийн утсыг шуудайнд хийгээд амбаараас гарч яваад төмрийн хогон дээр очоод харахад зургаа, долоон ширхэг машины хайлшин наклад байхаар нь тэрийг нь аваад хойд хашааных нь жижиг хаалгыг онгойлгоод гарсан. Тэгээд тэндээсээ шууд Б.Н.гийнд очоод хулгайлсан зэс утасныхаа гадна талыг шатаагаад доторх зэс утсыг нь аваад түүхий эд авдаг газар ирж 18000 төгрөгөөр өгсөн. Мөн хайшан наклаадыг өгөхөд 43.000 төгрөг болсон ба тэндээсээ яваад “999” дэлгүүр орж 0.75 граммын Сүлд нэртэй архи аваад хувааж уусан. Тэгээд архи ууж дуусаад орой 18 цагийн үед хоёулаа дахиж нөгөө айл руугаа оръё гээд манайхаас гарч хуучин орсон айлынхаа хойд талын хаалгаар явж ороод байшингийнх нь таамбарын урд талын жижиг цонхыг Б.Н. хагалж ороод авсан юмгүй гарч ирсэн. Тэгээд бид хоёр баруун талын хашаагаар даваад баруун талын хашаанд явж орсон. Тэгээд би баруун талд байсан цоожтой чингэлэгнийх нь хаалгыг хөшиж онгойлгож байх хооронд Б.Н. байшингийнх нь урд талын цонхыг хагалж ороод байшин дотроос суурин компьютер гаргаад шидэж байсан. Тэгээд би чингэлэгнийхэ нь хаалгыг онгойлгоод харахад цагаан шуудайнд хийчихсэн хурганы арьснууд байхаар нь тэрийг аваад Б.Н. бид хоёр урд талынх нь хашааг даваад шууд манайх руу явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 тал/
Яллагдагч Б.Н.гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгээд Хийдийн 24-р эгнээгээр орсон чинь В.Д. ах энд эзэнгүй айл байна гээд 24-р эгнээний урдуур орсон юм. Тэгсэн нөгөө айлын хашаан дотор төмрийн хог байхаар нь В.Д. ах төмрийн хогон дээгүүр нь авчих юм байна уу хараадах би хүн харж байя гээд намайг эхлээд хашаа давуулаад оруулсан юм. Тэгээд би төмрийн хогон дээгүүр нь авчих юм байхгүй байна гэсэн чинь В.Д. ах чи зүүн талын амбаарын хаалганы цоожийг төмрөөр хөшөөд онгойлгоодох гэхээр нь би чадахгүй өдрийн цагаан гэгээнээр хүн харчивал яах юм гэсэн чинь В.Д. ах хашаа давж орж ирсэнээ чи зүрх муутай юм гээд төмрийн хогон дээр нь очоод амортизаторын гол төмөр олсноо амбаарынх нь цоожны цүүг хөшиж онгойлгоод орсон. Тэгээд амбаар дотор ороход өлгөөтэй борцолсон үхрийн хавирга байхаар нь тэрийг нь шуудайнд хийсэн. Тэгээд хуйлаастай байсан цахилгааны утсыг мөн аваад шуудайнд хийсэн. Тэгээд хойд талын хаалгаар гарч яваад манайд очсон. Авсан цахилгааны утсаа хайлуулаад зэсийг нь аваад тушаахаар гарсан юм. Тэгсэн В.Д. ах цасанд булагдсан байсан машины хайлшан наклаадууд байсан тэрийг авъя гээд зэс өгөхөөр явахдаа замаараа хашаа руу орж хайлшан накладуудыг аваад дунд захын хойно байдаг газар аваачиж өгсөн юм. Тэгээд хайлш зэсээ 43.000 төгрөгөөр өгчихөөд замаараа “999” хүнсний дэлгүүр орж нэг шил архи аваад манайд орж уусан юм. Тэгээд архи уугаад дуусахад гадаа харуй бүрий болсон, би нилээн согтсон байсан, тэгсэн В.Д. нөгөө айл руугаа дахиж явъя гэхээр нь одоо болъё манай эхнэр Халиунаа мэдвэл бөөн юм болно гэсэн чинь В.Д. ах ямар зүрх муутай юм чи чадахгүй бол хүн хараад өгчих архи уухаараа зүрх чангардаг юм. Би чамд вакум цонх хагалахгүйгээр яаж онгойлгодгийг харуулъя гээд намайг дагуулаад нөгөө айл руу очсон юм. Тэгсэн нөгөө эхэлж ордог айлын хашаа руу орчихсон чинь намайг чингэлэгний цоожийг хөшүүлэхээр нь би баруун талын айлын хашаа руу орчихсон. Намайг чингэлэгний цоожийг хөшүүлэхээр нь би онгойлгож чадахгүй байсан. Тэгсэн алив би онгойлгоё гээд В.Д. ах өөрөө чингэлэгний цоожийг хөшөөд онгойлгож байсан. Тэгснээ дараа нь чи байшин руу ороод цахилгаан бараануудыг нь бүгдийг нь аваад цонхоор гаргачих гээд намайг цонхоор оруулсан. Тэр үед цонх онгорхой байсан. Тэгээд би цонхоор ороод баруун талд нь байсан суурин компьютер байхаар нь тэрийг нь аваад цонхоор гаргасан юм. Тэгээд чингэлэгнээс нь В.Д. ах шуудайтай хурганы арьс авчихсан наад компьютероо үлдээчих гээд авалгүй шууд манайх руу явсан байх. В.Д. ах энд эзэнгүй айл байна эндээс хулгай хийе гээд намайг уруу татсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79 тал/
2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 16 тал/
2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 18 тал/
2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 19 тал/ зэрэг нотлох баримтуудаар;
Шүүгдэгч В.Д. нь 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг , Хийдийн 17-02 тоот хашаанаас иргэн Ж.Оюуннямын хятад улсад үйлдвэрлэсэн Даюун маркийн мотоцикль хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Ж.Оюуннямын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг: “...2018 оны 04 сарын 23-ны өдөр босоод моциклийн маань сэвчээ болохгүй байхаар нь Дамдин ахыхаас гараад хойд талын эгнээнд явж байсан чинь мотоцикдь задалсан хашаатай айл байсан. Гадаа нэг эрэгтэй байж байсан. Би тэр эрэгтэйгээс нэг ширхэг сэвчээ байна уу гэсэн надад нэг сэвчээ өгсөн. Би тэр сэвчээг нь аваад Дамдин ахынд очоод нөгөө сэвчээгээ мотоцикльдоо тавьж үзсэн чинь болохгүй байсан. Тэгээр нь бид 2 Дамдин анхын зүүн талын хашаанд байдаг Эрдэнэхуягийнд орсон. Тэдний гэрт танихгүй хүн байсан. Тэр хэд архи ууж байсан. Би тэр архинаас 2 татсан. Тэгсэн гаднаас Равдан гэх хүн орж ирээд Дамдин ахтай буцаад Дамдин ахынд ороод би иргэж гараад Золжигүүрийн гадуур явж мотоцикльтой хүн таарвал сэвчээ асуух гээд байж байсан чинь хүн тааралдаагүй би иргээд Дамдин ахын гэрт орж ирсэн чинь Равдан орж ирсэн байсан тэгсэн Равдан ах зуслан явах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэхээр нь би мотоциклийн сэвчээ болохгүй байна гэж хэлсэн. Тэгээд би орон дээрээ хэвтэж байгаад унтсан. Өдөр 14 цагийн орчим босоод харсан чинь мотоцикль маань байхгүй болсон байсан. Намайг унтахад мотоциклийн түлхүүр Дамдин ахын зүүн төлын орны дэрний хажууд талд байсан. В.Д. зусланруугаа явах хэрэгтэй байна, унаа хэрэгтэй байна гэж хэлсэн. Тиймээс надаас мотоциклоо өгч байгаач гэж хэлээгүй. Би яахав мотоциклоо янзалчихаад хамт явж өгвөл өгий гэж хэлсэн. Тэгээд би гэрт хэвтэж байх зуураа унтсан байсан. Намайг унтаж байх зуур мотоциклийг маань хулгайлаад аваад явсан байналээ. Би танихгүй хүнд юу боллоо гэж мотоциклоо өгч явуулахав дээ. Тэглээч мотоциклоо би саяхан худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 232-238 тал/
Иргэний нэхэмжлэгч Б.Баярмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг: “...Би тэр мотоциклийг хулгайн мотоцикль гэж мэдээгүй. Надад барьцаанд үлдээхдээ өөрийн мотоцикль эмнэлэгт хүн эргэх гээд мөнгөний хэрэгцээ яаралтай хэрэг болоод байна гэж хэлсэн. Би тухайн үед Жагаа болон хамт явж байсан хүмүүсээс хулгайн эд зүйл биш биздээ гэж асуухад үгүй ээ тийм зүйл байхгүй гэрээсээ яарч гараад бичиг баримтаа үдлдээчихлээ гэж хэлж байсан. Би мотоциклийг нь аваад 200.000 төгрөгийг бэлнээр нь өгсөн...”гэх мэдүүлэг /хх-ийн 240-241 тал/
Гэрч Б.Баяржаргалын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг: “...2018 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр намайг гэртээ хэвтээж байхад 11 цагийн орчим миний танил В.Д. гэх Мөрөн сумын харьяат эрэгтэй манайд улаан өнгйин “Даюун” маркийн улсын дугааргүй шинэвтэр мотоцикль унаж ирсэн. Манайд ирэхдээ ганцаараа ирээд мөнгөний хэрэг байна. Энэ мотоциклийг барьцаанд тавий танидаг хүн байна уу гэж хэлсэн. Тэхээр нь би наад мотоцикль чинь хүнийг биш биздээ гэж асуусан чинь В.Д. надад хэлэхдээ би ямаа самнаад тал мөнгийг нь олсон. Эхнэр Өвөрмонголоос тал мөнгийг нь явуулааад би өөрөө худалдаж авсан юмаа. Шинэ мотоцикль гэж хэлсэн. Тэхээр нь би итгээд Хэрлэн сумын 1 дүгээр баг “Тэргүүн” дэлгүүрийн урд талд арьс түүхий эд худалдаж авдаг танил Баяраа гэх ченж дээр очоод манай найз байгаа юмаа хөдөөний хүн байгаа юмаа. 200.000 төгрөгний барьцаанд мотоциклийг нь үлдээгээд 2 хоногийн дараа авы гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 246-247 тал/
Гэрч Ж.Дамдингийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг: “...Эрдэнэхуягийг гэрээс гараад өөрийн гэртээ орчихоод гараад явсан намайг гарч явахад Оюуннямын мотоцикль хашаанд байсан. Би гадуур ойр зуурын ажил амжууулаад үдээс хойш 16 цагийн орчим гэрт орсон чинь хашаан дотор Оюуннямын мотоцикль байхгүй байсан. Яасан бэ гэж асуусан чинь Равдан гэх эрэгтэй аваад явсан байна. Намайг унтаж байхад аваад явчихлаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 248-249 тал/
Эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 3 тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Н., В.Д. нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах, В.Д.гийн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг мөн бөгөөд прокурор Ц.Цэен-Ойдов шүүгдэгч нарт дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Б.Н., Б.Д. нарт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Отгонбаатарт 182.000 төгрөгийн хохирол, Ц.Баянмөнхөд 210.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нар нь алдсан эд зүйлүүдээ буцаан авсан, хохирогч Ж.Оюунням нь алдсан мотоциклоо буцаан авсан гомдолгүй, иргэний нэхэмжлэгч Б.Баяраа нь мөн хохирлоо авсан, гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг ашиг олох гэсэн шунахайн сэдэлтээр үйлдсэн байх бөгөөд Б.Н., В.Д. нарыг тухайн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч В.Д.г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах санаатай гэмт хэргийг 2 удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Н.д 02 жил 05 сарын хорих ял, В.Д.д 02 жил 08 сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд, шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Амаржаргал, Г.Бадамгэрэл нар нь шүүгдэгч нарыг хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан доогуур ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргажээ.
Шүүгдэгч нарын хувьд учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэргийн шинж, зэргийг харгалзан Б.Н., В.Д. нарт хорих ял оногдуулж, үйлдсэн хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Н. нь энэ гэмт хэргийн улмаас 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 145 хоног, В.Д. нь 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 140 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцох ба хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан В.Д.гийн 40 размерийн шар өнгийн богино түрийтэй 1 хос гутал хураагдсаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Н., В.Д. нарыг бүлэглэн бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлах, шүүгдэгч В.Д.г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н.д 01 /нэг/ жилийн, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар В.Д.д 02 /хоёр/ жилийн хорих ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н.д оногдуулсан 01 /нэг/ жил, В.Д.д оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н.гийн цагдан хоригдсон 145 /нэг зуун дөчин тав/ хоногийг, В.Д.гийн цагдан хоригдсон 140 /нэг зуун дөч/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тус тус тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 40 размерийн шар өнгийн богино түрийтэй 1 хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Н.д буцаан олгосугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА