| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2018/0187/Э |
| Дугаар | 184 |
| Огноо | 2018-09-21 |
| Зүйл хэсэг | 21.11.1., |
| Улсын яллагч | Я.Сансар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 184
2018 оны 9 сарын 21 өдөр 2018/ШЦТ/184 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2018/0187/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Сайнболд
Улсын яллагч Я.Сансар,
Иргэний нэхэмжлэгч Ж.Батцэцэг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Баярсайхан,
Шүүгдэгч Н.Т., Б.А. нарыг оролцуулан
Тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А., Н.Т. нарт холбогдох эрүүгийн 1839000000176 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Норовлин суманд 1989 оны 2 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Хэнтий амйгийн Норовлин сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, ам бүл 1, урьд Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.10 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 7 жил 1 сар хорих ялаар шийтгэгдэн уг ялаа Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 419 дүгээр нээлттэй хорих ангийн малын хэсэгт ажиллаж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Н.Т. /РД:/
2. Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1985 оны 3 дугаар сарын 29-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, , ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий амйгийн Мөрөн сумын 1 дугаар багт оршин суух хаягтай , урьд Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.10 дахь хэсгүүдэд зааснаар 07 жил 01 сар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 07 жил 01 сарын хорих ялаас 01 жил 11 сар 10 хоногийн хорих ялыг дүйцүүлэн хасч, үлдэх 02 жил 10 сар, 11 хоногийн хорих ялг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн, хэрэгт холбогдох үедээ Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 419 дүгээр нээлттэй хорих ангийн малын хэсэгт ажиллаж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй Б.А. /РД: /
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.А. нь 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 183 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.10 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 7 жил 1 сар хорих ялаар шийтгэгдэн уг ялаа Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 419 дүгээр нээлттэй хорих ангийн Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт байх “Шорвогийн нуур” гэх газар тус хорих ангийн малын хэсэгт ажиллаж байхдаа малын эрэлд явах зааварчилга, хорих ангийн дотоод журмыг зөрчин улмаар 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр оргон зайлсан,
Шүүгдэгч Н.Т. нь 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 4 жил 9 сар хорих ялаар шийтгэгдэн уг ялаа Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 419 дүгээр нээлттэй хорих ангийн Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт байх “Шорвогийн нуур” гэх газар тус хорих ангийн малын хэсэгт ажиллаж байхдаа малын эрэлд явах зааварчилга, хорих ангийн дотоод журмыг зөрчин улмаар 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр оргон зайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.А. нь 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 183 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.10 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 7 жил 1 сар хорих ялаар шийтгэгдэн уг ялаа Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 419 дүгээр нээлттэй хорих ангийн Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт байх “Шорвогийн нуур” гэх газар тус хорих ангийн малын хэсэгт ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн малын эрэлд явах зааварчилга, хорих ангийн дотоод журмыг зөрчин улмаар 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр оргон зайлсан,
Шүүгдэгч Н.Т. нь 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 4 жил 9 сар хорих ялаар шийтгэгдэн уг ялаа Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 419 дүгээр нээлттэй хорих ангийн Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт байх “Шорвогийн нуур” гэх газар тус хорих ангийн малын хэсэгт ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн малын эрэлд явах зааварчилга, хорих ангийн дотоод журмыг зөрчин улмаар 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр оргон зайлсан болох нь:
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 16-17 тал/
Иргэний нэхэмжлэгч Ж.Батцэцэгийн өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр малын хэсэг дээр ажиллаж байсан хоригдол Н.Т., Б.А. нар нь оргон зайлж манай байгууллагаас 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр эрлийн ажлын хэсэг байгуулж хоригдлуудыг эрэн сурвалжлах ажилд тээврийн хэрэгслийн шатахууны зардалд нийт 2.446.603 төгрөгийн зардал гарсан ба үүнийг оргосон хоригдлоос нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг. /хх-ийн 21хуу/
Гэрч Н.Баярмагнайгийн өгсөн: “...Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, Өлзийт тосгоны нутаг дэвсгэр “Шорвогийн нуур” гэх газарт манай Хорих ангийн малын хэсэг байдаг юм, 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн орой 18 цагийн үед шиг санаж байна манай хорих ангийн малын хэсэгт үүрэг гүйцэтгэж байгаа ахлах ахлагч Дөлбадрах над руу 80070716 дугаарын утаснаас миний 98000310 дугаарын утас руу залгаад малын хэсэг дээр ажиллаж байгаа ялтан Н.Т., Б.А. нар нь өчигдөр малд явлаа гэж гараад одоог хүртэл ирээгүй байна, малын хэсгийн дарга ахлах дэслэгч Гантөр нөгөө хоёрын хойноос хайхаар араас нь явсан байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би ахлах дэслэгч Гантөртэй түүний 98203702 дугаарын утас руу нь залгаж ярьтал ахлах дэслэгч Гантөр ялтан Б.А., Н.Т. нар нь надтай утсаар холбогдож ярьсан тэр хоёр Өндөрхаан уулын энгэрт мотоциклоо түрээд явж байна гэж байна, би ингээд нөгөө хоёр дээр очлоо гэж надад хэлсэн, тэгэхээр нь би тухайн үед нөгөө хоёрыг малдаа явж байгаад мотоцикль эвдрээд түрж яваа юм байлгүй дээ гэж бодоод ахлах дэслэгч Гантөрийг Б.А., Н.Т. нартай уулзаад над руу эргэж хэлээрэй гэж хэлсэн, тухайн өдөр ахлах дэслэгч Гантөр над руу ахиж утсаар холбогдоогүй тэрний маргааш нь буюу 2018 оны 07 дугаар сарын 08-ны өглөө 08 цаг 03 минутанд би ахлах дэслэгч Гантөрийн утас руу залгаж холбогдоход Гантөр нөгөө хоёр ирээгүй, би Өндөрхааны энгэрээр явж үзсэн нөгөө хоёр байхгүй байна, би Мөрөн сум орж нөгөө хоёрыг хайя, тэгээд эргээд тань руу ярья гээд утсаа салгасан. Өдөр 11 цагийн үед ахлах дэслэгч Гантөр над руу утсаар залгаад Мөрөн суманд ирсэн байхгүй байна гэж хэлсэн тэгэхээр нь би өөрөө өдөр 13 цагийн орчим Мөрөн сум руу явж ялтан Б.А.ийн гэр бүлийн хүн болох Галхүүтэй уулзахад Галхүү нь манай нөхөр Б.А. нь нэг танихгүй залуутай цуг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 15 цагийн орчим гэртээ ирсэн нэг ногоон өнгийн шинэвтэр мотоцикль уначихсан ирсэн, тэгээд одоо буцлаа гээд надаас бензиний мөнгө хэрэгтэй гээд 10,000 төгрөг аваад явсан тэгээд орой 18 цагийн үед буцаж ирсэн, ирэхдээ архи уучихсан согтуу ирсэн тэгээд намайг чи одоо буцаач гэж хэлтэл удалгүй тэр хоёр гэрээс гараад яваад өгсөн гэж ярьж байсан тэгээд би буцаж аймгийн төв дээр ирээд ялтан Б.А., Н.Т. нарыг эрэн сурвалжлалт зарлаж хайж эхэлсэн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 23-24хуу/
Гэрч Г.Гантөрийн өгсөн: “...Ялтан Б.А., Н.Т. нарыг алга болдог өдөр буюу 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2-3 хоногийн өмнө манай малын хэсэг дээр ажиллаж байгаа ялтан Н.Т.ын хариуцдаг үхэр сүргээс ногоон зүсмийн нэг үнээ алга болоод байсан юм тэгээд 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр би Н.Т.д хандаж алга болсон үхрийн сураг Өндөрхаан уулын ар хэсэгт гараад байна чи түүнийг тэр хавиар хайж үзчихээд ир гэж хэлээд тус өдрийн 14 цагийн үед явуулсан, тэрнээс өмнө нь би манай ногоон зүсмийн үнээ тэнд байгаа гэдгийг явуулын хүмүүсээс сонссон байсан тэгээд тэр өдрийн орой 21 цагийн үед Н.Т. нэг танихгүй дугаарын утаснаас залгаад Өндөрхаан хайрханы эндээс айлын утаснаас ярьж байна үхэр энэ хавиар байхгүй байна, би Б.А.тэй цуг явж байна, Б.А. нэг үрээ хайгаад явж байгаа алга болсон үнээний сураг Мөрөн сумын зүгт байж магадгүй юм шиг байна тэгэхээр нь би тэр хоёрыг за та хоёр наад үхэр мал яах вэ одоо малын хэсэг дээрээ эргээд ир гэж хэлсэн, тэгээд би тухайн өдөр Н.Т.ын байдаг үхрийн суурин дээр очиж хоносон тэр шөнө Н.Т., Б.А. хоёр ирж хоноогүй уг нь бол журмаараа малын хэсэг дээр ажиллаж байгаа хоригдлууд байрлаж байгаа суурингаас гадуур хонохыг хориглодог тэгээд ч орой шалгах үед суурин дээрээ байж байх ёстой байдаг юм. Тэр өдрйин маргааш буюу 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 10 цагийн үед би малын хэсэг дээр хамт ажиллаж байгаа ахлах ахлагч Дөлбадрахтай уулзахад түүний хариуцаж байгаа ялтан Б.А. урьд өдөр ирж хоноогүй гэхэд нь би Б.А., Н.Т. хоёр урьд шөнө над руу утсаар хамт явж байна гэж ярьсан гэхэд Дөлбадрах наад хоёр чинь өчигдөр малын хэсгийн ойролцоо байдаг тариалангийн талбайн манаачийн мотоциклыг аваад явсан гэж тэр тариалангийн талбайн манаач Түвшинжаргал өглөө Дөлбадрахтай ирж уулзсан гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Б.А., Н.Т. нарыг хайж явж байгаад Мөрөн сум руу очиж Б.А.ийн Мөрөн суманд оршин суудаг эхнэр Галхүүтэй нь уулзахад Б.А. нь өчигдөр нэг залуутай хамт мотоцикльтой ирсэн тэгээд энд цай хоол идчихээд Мөрөн сумаас зүүн хойш хөдөлсөн гэж хэлсэн тэрнээс өөр юм би асуугаагүй, тэгээд би Б.А.ийн эхнэрийн зааснаар Мөрөн сумаас зүүн хойш нөгөө хоёрын араас хөдлөөд Өндөрхаан хайрханы ар луу өгсөөд явж байтал Н.Т. над руу утсаар залгаж ярьсан. Тухайн үед би Б.А., Н.Т. хоёртой хоёулантай нь утсаар ярьсан тэгэхэд тэр хоёр унаж яваа мотоцикль ерөөсөө болохгүй байна бид хоёр Өндөрхаан хайрханы урд хэсэгт байна гэж хэлэхээр нь би мотоцикль чинь болохгүй байгаа юм бол би наанаас чинь яваад очъё та хоёр бас наашаа дөхөж байгаарай гэж хэлээд утсаа салгасан, тэгээд би Өндөрхаан Хайрханы өврөөр явж байхад тэр хоёртой ерөөсөө таараагүй тэгэхээр нь би нөгөө над руу залгаж ярьсан утасны дугаар руу нь ахиад залгахад холбогдоогүй тухайн үед харанхуй болсон байсан цаг бараг 10 билүү 11 болж байсан санагдаж байна, бас тухайн үед нэлээн хүчтэй бороо орж байсан тэгээд би явж байгаад Хайрханы энгэрт байсан нэг айлд хоноглосон. Тэр өдрийн маргааш нь буюу 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн өглөө гэгээ орж байх үед би нөгөө айлаас хөдлөөд малын хэсгийн суурин дээр ирээд Б.А., Н.Т. нар нь ирээгүй байсан болохоор шууд Н.Т.ын хуучин байдаг байсан Баян-Адрага сум оръё нөгөө хоёр тийшээ явсан байж магадгүй гэж бодоод Бэрхээр дамжаад Баян-Адрага сум орж замын айлуудаар нөгөө хоёрыг сураглаж яваад бараг орой болж байхад 21 цагийн үед Н.Т. над руу өчигдрийн ярисан дугаараасаа над руу залгаад даргаа би жаахан архи уучихаад явж байна Б.А. бид хоёр цуг явж байна бид хоёр одоо энд нэг найзындаа хоол цай уучихаад шууд очлоо гэж хэлсэн тэгэхээр нь би тэр хоёрт би бас Баян-Адрага сумын төв дээр байна та хоёр яг хаана байна гэж асуутал нэг найзындаа байна гээд тодорхой юм хэлэхгүй байсан тэгээд утсаа салгасан. Тэгээд би тухайн үед шууд байгууллагын дарга нар луу Н.Т. над руу ярьсан талаар хэлээд Н.Т.ын над руу залгаж ярьсан утасны дугаарыг нь өгсөн тэгээд би тэр хоёрыг худлаа ярьж байгаа гэж бодоод Баян-Адрага сумын төвөөс жаахан зүүн тийшээ явж байтал зам дээр нэг машинтай хүнтэй дайралдхаар нь нөгөө хоёрыг асуусан чинь тэр хүмүүс өдөр 15 цагийн үед ногоон мотоцикльтой хоёр хүн Ононгийн гүүрний тэнд таарсан. Бид нараас тамхи асууж байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хоёрыг Дадал сум руу явсан гэж бодоод төв рүү утсаар хэлсэн, тэгээд би цаашаа явсаар байгаад 2018 оны 07 дугаар сарын 09-ний үүрээр 05 цагийн үед Дадал суманд очиход Б.А. цагдаад саатуулагдсан Н.Т. нь байхгүй байсан намайг Дадал сум руу ирж байхад шөнө яг хэдэн цагыг нь сайн мэдэхгүй байна дарга над руу утсаар яриад нөгөө хоёрыг Дадал сумын хэсгийн төлөөлөгчөөр бариулчихлаа гэж хэлж байсан. Тэгээд хэсгийн төлөөлөгчийг нөгөө хоёрыг харж байх үед Н.Т. нь ахиад зугтсан юм билээ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 25-26хуу/
Гэрч А.Галхүүгийн өгсөн: “...Тухайн өдөр би Хэнтий аймгийн Мөрөн сумын төв дээр байдаг гэртээ байж байхад өдөр 15 цагийн орчим манай нөхөр Б.А. нь нэг танихгүй эрэгтэй хүнтэй ирсэн. Тэр хүнийгээ Төгсөө гэж дуудаад байсан. Тэгээд би гайхаад Б.А.ээс чи чинь юу хийж яваа юм бэ гэтэл бид хоёр малын эрэлд явж байна гэж хэлсэн. Тухайн үед би хоол хийж байсан болохоор тэр хоёр хоол ичдчихээд 16 цаг дөнгөж өнгөрч байх үед манай гэрээс явцгаасан. Тэр хоёр ирэхдээ мотоцикльтой ирэх шиг болсон. ... 16 цаг өнгөрч байх үед манай сумын нэг хүн гудамжинд таараад манай нөхөр Б.А.ийг сумын төвөөс хойш байдаг хонхорт хэдэн хүмүүстэй архи ууж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд Б.А.ийн байгаа газар нь явж очиход Б.А. нөгөө цуг ирсэн хүнтэйгээ архи уучихсан байхаар нь би Б.А.эд чи хаана байгаагаа мэдэж байгаа юм уу архи болохгүй шүү дээ тэнэг юм уу хаашаа юм бэ гэж хэлсэн. Тэгтэл Б.А. одоо явлаа гээд нөгөө Төгсөө гээд дуудаад байсан залуутайгаа хөдлөөд хойшоо явж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28хуу/
Гэрч Г.Дөлбадрахын өгсөн: “... Б.А.ийг 13 цагийн үед морьтой нөгөө байхгүй байна гээд байсан үрээг олуулахаар явуулсан. Түүнээс хойш 18 цагийн үед намайг адууны суурин дээр очиж шалгахад Б.А. нь суурин дээр ирээгүй байсан. Тухайн үед Б.А.ийг орой болж байгаа болохоор адуугаа татаж хурааж байгаа юм байлгүй дээ гэж бодоод өөрийнхөө байрлаж байсан хонины суурь луу явсан. Тухайн өдөр бороо орж байсан болохоор хониын суурин дээр их ажилтай байсан. Тэгээд тухайн өдрөө ахиж адууны суурин дээр очиж Б.А.ийг ирсэн эсэхийг шалгаж амжаагүй. Тэрний маргааш буюу 2018 оны 07 сарын 07-ны өдрийн 06 цагийн үед босоод байж байтал манай малын хэсгийн ойролцоо байдаг тариалангийн манаач Түвшинжаргал гэдэг хүн ирээд өчигдөр Б.А. болон Н.Т. нар миний мотоциклийг унаад малд явна гэж авч яваад одоо болтол ирээгүй байна гэж надад хэлсэн. Тэгээд 7 цагийн үед Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар луу мэдээ өгөхдөө нөхцөл байдал тайван гэж мэдээ өгсөн. Түүний дараа би шууд малын хэсгийн дарга ахлах дэслэгч Гантөмөр дээр очсон. Тухайн үед Гантөмөр үхрийн суурин дээр байсан. Тэгээд би Б.А. болон Н.Т. нарыг одоо болтол малдаа яваад ирээгүй байгаа талаар хэлэхэд ахлах дэслэгч Гантөмөр нь өчигдөр надтай Н.Т. утсаар холбогдоод Өндөрхөөн уулын ард явж байна гэж хэлж байсан. Наадах чинь нөгөө алга болсон үхрээ хайж яваа байх гэж хэлсэн. Тухайн үед харин Б.А.ийн талаар юм хэлээгүй. Тэгээд ахлах дэслэгч Гантөмөр 10 цагийн үед Мөрөн сум руу явж Н.Т., Б.А. нарын сургийг гаргъя гэж хэлээд явсан. 12 цаг өнгөрч байхад ахлах дэслэгч Гантөмөр буцаж ирээд Б.А., Н.Т. нар өчигдөр Мөрөн суманд хоносон байна. Б.А.ийн Мөрөн суманд байдаг ар гэрийнхэн нь тэгж байна гэсэн. Тэгээд орой 18 цагийн үед би аймгийн төв рүү ахлах төлөөлөгч Баярмагнайд ялтан Б.А., Н.Т. нар байхгүй байгаа талаар хэлсэн. Түүнээс цаашаа би тэр хоёрыг эрэн сурвалжилж хайх ажилд оролцоогүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 29-31хуу/
Гэрч Б.Ганзоригийн өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн орой үдээс хойш хэдэн цаг болж байсныг бол санахгүй байна. Манай гэрт үеэл болох Н.Т. нэг танихгүй эрэгтэй хүнтэй цуг ирсэн, тэр хүн нь Мөрөн сумын хүн гэж хэлж байсан. Тэр хоёр ногоон өнгийн хужаа мотоцикльтой ирсэн. Тэгээд надад үрхийн эрэлд явж байгаа гэж хэлсэн. ... би дэлгүүрээс 1 литр нэрмэл архи авч тэр хоёрт өгсөн. Архийг бид гурав хувааж уугаад тэгээд тэр шөнөдөө тэр хоёр манай гэрт хоносон. Тэгээд үүрээр 5 цагийн үед шиг тэр хоёр босоод манайхаас явсан”... гэх мэдүүлэг. /хх-ийн 32-33хуу/
Гэрч Н.Төмөрчөдөрийн өгсөн: “...Би Хэнтий аймгийн Дадал сумын 3 дугаар багт сумын төв дээр оршин суудаг юм, 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 12 цаг өнгөрч байх үед шиг санаж байна, манай найз Гангантөгс гэж хүний төрсөн дүү болох Н.Т. нь манай гэрт нэг танихгүй эрэгтэй хүнтэй цуг ногоон өнгийн шинэвтэр мотоцикль уначихсан ирсэн, тэр хоёр ирэхдээ архи уучихсан бололтой нэлээн согтуу ирсэн тэгээд манайд анх орж ирэхдээ малын эрэлд явж байгаа, мотоцикль болохгүй байна гээд унаж ирсэн мотоциклоо манай хашаанд янзлаад байх шиг байсан. Тэгээд манайд нэг хэсэг болсон тэрний дараа нь манай гэрт бэлэн идэж уух зүйл байхгүй байсан болохоор бид гурав манай гэрээс гараад манай гэрээс баруун зүгт ойролцоогоор 2 километр зайд байх манай авга эгч Баярмаагийн гэрт очоод тэнд нөгөө хоёр нэг хоол идэж, цай уучихаад хэсэг юм ярьж байтал Н.Т. 1 литр нэрмэл архи аваад өгөөч гэж хэлсэн.Тэгэхээр нь манай эгч тухайн үед сумын төв орж Н.Т. болон нөгөө цуг явж байсан хүн хоёрт 1 литр нэрмэл архи олж авч өгөөд манай эгч бид хоёр Н.Т. тэр хоёрыг Дадал сумын баруун урд хэсэгт байдаг хаалга руу хүртэл гаргаж өгсөн. Тухайн үед цаг орой 20 цаг болж байсан ямарч байсан бүрэнхий болж байсан. Тэр хоёр Дадал сумын хаалганаас ертөнцийн зүгээр баруун тийш яваад өгсөн тэгээд хойноос харж байтал бараг 3 километр орчим яваад мотоциклынх нь гэрэл байхгүй болчихсон, Дадал сумын хаалган дээрээс тэр хоёрын явсан зүг чөлөөтэй харагддаг юм. Тэгэхээр нь манай эгч бид хоёр араас нь мотоцикльтой яваад очтол Н.Т. нөгөө цуг явж байсан хүнтэйгээ цуг нөгөө авч явсан нэрмэлээ уугаад сууж байсан тэгээд та хоёр явахгүй юм уу гэтэл нөгөө хоёр одоо ингээд явнаа гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр хоёулаа архиа ууж дуусгалгүй согтоод газар унтаад өгсөн, би тэр хоёрыг сэрээх гэсэн боловч тэр хоёр согтоод тасарчихсан байсан болохоор ерөөсөө сэрэхгүй байсан тэгэхээр нь би Н.Т.ын бас нэг төрсөн ах болох Дадал сумын Онон голын урд нутагладаг Дүүрэнжаргал руу нь утсаар яриад Н.Т.ыг архи уугад согтоод уначихлаа гэж хэлтэл Дүүрэнжаргал би одоо яаж очиховдээ яаж ийж аргалж байгаад наад хоёроо гэртээ аваачаад хоночих гэж хэлсэн. Тэгээд би буцаж очоод нөгөө хоёрыг арай хийж сэрээгээд буцаад сумын төв рүү явж очоод манайхтай нэг хашаанд байдаг манай хүргэн ахынд хоносон. Тэгээд байж байтал шөнө 03 цагийн үед буюу 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдөр шилжих шөнө манай ахын гэрт Н.Т.ын төрсөн эгч Сараа гэх эмэгтэй нэг цагдаатай хүрээд ирсэн, нөгөө цагдаа нь аймгаас цагдаа нар ирж наад хоёр хүнийг чинь авч явна гэж хэлсэн. Тэгээд би гэр лүүгээ ороод унтаад өгсөн. Тэгтэл өглөө 07 цагийн үед нөгөө цагдаа манай гэрт орж ирээд нөгөө хоёрын чинь нэг хүнийг алдчихлаа гэж хэлсэн, тэгээд намайг гараад очиход Н.Т. байхгүй нөгөө цуг явж байсан хүн нь зогсож байсан, Төгжаргал тухайн үед манай хашаанаас зугтаачихсан юм билээ. ... Би уг нь бол Н.Т.ыг хорих ял эдэлж байгааг нь мэдэж байсан тэгээд манайд анх ирэхдээ малын эрэлд явж байгаа гэж хэлсэн болохоор оргож явж байна гэсэн бодол төрөөгүй тэгээд ч тэр хоёр сандарч барьсан сэжигтэй зүйл харагдаагүй болохоор тухайн үед миний санаанд ч ороогүй юм”...гэсэн мэдүүлэг. /хх-ийн 34-35хуу/
Гэрч Э.Түвшинжаргалын өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 13 цагийн орчим хорих ангийн малыг малладаг Б.А. гэдэг хүн ойрхон зуур нэг алга болсон үрээ бас нэг үхэр сураглаж явчихаад ирье чи мотоциклоо өгч байгаач, ердөө удахгүй цаг болоод ирнэ гэж хэлсэн. ... тэгэхээр нь би итгээд өөрийн ногоон өнгийн Супер Бенни маркийн улсын дугааргүй мотоциклыг өгч яваалаад тэгээд тэр өдрөө ирээгүй. Дараа өдрийн өглөө эрт 05 цагийн үед би Дөлбадрах гэдэг хорихын хянагчид хэлсэн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 36-37хуу/
Гэрч Г.Мандахбаярын өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр орой 21 цаг өнгөрч байхад намайг Норовлин сумын төвд ажил дээрээ байж байхад манай Цагдаагийн газрын дэд дарга над руу утсаар залгаж Хэнтий аймгийн Өлзийт тосгонд байх хорих ангийн малын хэсэг дээр ажиллаж байсан Б.А., Н.Т. гэх хоригдол оргосон байна. Сураг нь Дадал чигтээ юм шиг байна чи тийшээ сураглаадах гэж хэлсэн. Тэгээд би Н.Т.ын эгч болох Норовлин сумын төвд байдаг Сарантунгалаг руу утсаар залгаж танай дүү Н.Т. оргосон байна, Дадал сум руу явсан юм шиг байна, тэнд очиж болох найз нөхөд, өөр хүмүүс байдаг уу сураглаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Сарантунгалаг хэсэг хугацааны дараа утсаар залгаад Н.Т. Дадал суманд найз Төмөрчөдөр гэдэг айлд очсон байна. Одоо Дадал суманд тэдний гэрт байгаа гэж хэлсэн. Тэгээд би дарга нартаа эргэж утсаар нөхцөл байдлыг танилцуулахад намайг Дадал сумын хэсгийн төлөөлөгч байхгүй байгаа чи Дадал сум руу очоод нөгөө хоёр хоригдлыг саатуулж бай гэж хэлсэн. Тэгээд би Сарантунгалагтай хамт Дадал сум руу яваад шөнийн 2 цаг дөхөж байсан шиг санаж байна Дадал суманд очоод Төмөрчөдөр гэх хүнийд очиход хоригдол Б.А., Н.Т. нар нь хашаанд байсан хоёр гэрийн зүүн талын гэрт хоёулаа согтуу унтаж байсан. Намайг тэр хоёрыг сэрээхэд архи үнэртэж байсан. Тэр хоёрыг энд юу хийж яваа юм гэж хэлэхэд малын эрэлд явж байна гэж хэлсэн. ... өглөө 6 цаг 30 минутын үед урдаас чиглэлтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын машин ирж байсан. Тэгээд би тэр пургон луу хашаанаас гарч гараараа даллаад буцаад хашаанд орж иртэл тэр хашааны хойд талын хаалгаар Н.Т. нь гүйгээд зугтаагаад явсан. Тухайн үед нөгөө пургон машин ч ирж дотроос нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнууд гарч ирэхээр нь би нэг хоригдол зугтчилаа араас нь хөөгөөрэй гэж хэлтэл нөгөө хэд ч араас нь гүйсэн, би цуг гүйгээд хашааны араар гартал Н.Т. мод руу ороод алга болсон. Тэгээд бид нар нэг хэсэг модонд хайгаад олдохгүй болохоор нь ой модны захад гарч Н.Т.ыг модноос гарч ирэхийг нь хүлээгээд хоносон. Тэгээд маргааш нь 07 сарын 10-ны орой сумын төвд түүний байж болох айлуудаар явж байгаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан нар айлд байж байхад нь барьсан юм билээ...” гэх мэдүүлэг. /хх-ийн 38-40хуу/
Гэрч Н.Сарантунгалагийн өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 08-ны орой намайг Норовлин сумын төв дээр байх өөрийн гэртээ байхад манай сумын хэсгийн төлөөлөгч Мандахбаяр над руу утасдаад танай дүү Н.Т. гэж хүн байдаг уу? Тэр хүн хорих ангийн малын хэсэг дээр ажиллаж байгаад хоёр, гурав хоног алга болчихоод байгаа юм байна, сураг нь Дадал сум руу явсан сурагтай тэнд очих айл байдаг юм уу, хэрвээ тийм айл байдаг амьтан байдаг бол та тэд нараас нь асууж сураглаад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би Дадал суманд байдаг манай дүү Н.Т.ын найз болох Төмөрчөдөр гэдэг хүний гэрт очсон байж магадгүй юм байна гэж бодоод Төмөрчөдөр лүү утсаар ярих гэсэн боловч би Төмөрчөдөрийн утасны дугаарын мэдэхгүй байсан болохоор Норовлин суманд байдаг нэг таньдаг дүүрүүгээ яриад Төмөрчөдөр лүү ярьж Н.Т. тэдний гэрт байгаа эсэхийг мэдээд өгөхийг хүссэн. Тэгээд хэсэг хугацааны дараа тэр дүү маань над руу яриад Төмөрчөдөртэй холбогдсон, манай Н.Т.ыг согтуу Дадалын гүүрний тэнд унтаж байна гэж Төмөрчөдөр ярьж байна гэж хэлсэн. ... Тэгээд шууд Төмөрчөдөрийн гэрт очоод манай дүү Н.Т. бас нэг танихгүй нэг эрэгтэй хүн хоёр Төмөрчөдөрийн хажуу талын айлд байсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч Мандахбаяр тэр хоёрыг хараад байж байсан. ... өглөө 06 цагийн үед манай дүү Н.Т. намайг дэлгүүр яваад ундаа аваад ирээч гэж хэлээд ундаад яваад ирэх хойгуур манай дүү Н.Т. тэр хашаанаас явган зугтчихсан байсан. ...” гэх мэдүүлэг. /хх-ийн 42-43хуу/
Яллагдагч Б.А.ийн өгсөн: ... Н.Т. бас нэг үнээ хайж байгаа гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тариалангийн талбайн манаач Төвшөө гэх залуугийнд очоод малын эрэлд явах гэсэн юм мотоциклоо өгөөч гээд ногоон өнгийн Венни маркийн мотоциклийг нь аваад унаж явсан морио Төвшөөгийн гэрийн гадаа үлдээгээд бид хоёр тэндээс мотоциклтой хөдлөөд Өндөрхаан уулын энгэрээр явж байтал миний хайж байсан хээр зүсмийн үрээ айлын адууны захад байж байсан. Тэгэхээр нь үрээгээ хөөж өөрийнхөө адуунд нийлүүлчихээд Н.Т.ын хайж байсан үнээг Өндөрхаан уулын энгэрээр нутаглаж байсан айлуудаар сураглаж явж байгаад өдөр 15 цагийн үед мотоциклын бензин дуусах дөхөөд Мөрөн сумын төв орж тэнд байдаг манай гэрт очсон. Гэрч очиход манай эхнэр Галхүү гэртээ байж байхад хоол цай хийлгэх идээ тэндээс 20000 төгрөг аваад 10000 төгрөгөөр нь бензин аваад үлдсэн 10000 төгрөгөөр 0.75 гр ерөөл нэртэй архи авч Мөрөн суман хойно нөгөө архиа хувааж уугаад сууж байтал миний танил Батбаатар гэх ах тааралдаад тэгээд Н.Т. бид гурав нөгөө архиа хувааж уугаад дууссан. Гэтэл Батбаатар ах дахиж нэг шил архи аваад нөгөөдхөө хувааж уусан. Н.Т. бид хоёр тэндээ тасраад унтаад өгсөн. Тэгээд үүр цайж байсан тэндээсээ босож хөдлөөд Өндөрхааны баруун талаар хойшоо 2 дугаар пермын замаар хойшоо явж Баян-Адаргын зам нийлээд Баян-Адарга ороод Н.Т.ын найз Ганзориг гэдэг залуугийн гэрт очсон. Тухайн үед Н.Т. мотоцикль жолоодож явсан. Тэгээд Баян-Адаргад очоод хоол цай хийлгэж идээд тэр айлын хүнээр 2 литр нэрмэл авахуулж уугаад тэндээ хоносон. Маргааш нь буюу 7 дугаар сарын 8-ны өдөр манай нэг танилынх Дадал суманд байдаг юм гээд бид хоёр Дадал сум руу Н.Т.ын найз гэх залуугийнх руу очихоор болсон. Би нэрийг нь сайн мэдээгүй, Дадал сум руу хөдлөөд өдөр 14 цагийн үед Дадал суманд очоод Н.Т.ын найз дээр очиход жижиг биетэй залуу байсан. Тэндээ хоол цай хийлгэж идээд 2 билүү 3 литр нэрмэл архи уугаад нэлээн согтсон. Тэгээд орой харанхуй болж нар жаргаж байхад Н.Т. бид хоёр тэднийхээс явъя гэж гараад Дадал сумын урд талын хаалга хүртэл яваад тэгээд бид хоёр хоёулаа согтсон, харанхуй болж байсан болохоор буцаад нөгөө айлдаа очиж унтсан. Тэгээд шөнө 2 цагийн үед унтаж байтал Н.Т.ын төрсөн эгч гэх эмэгтэй цагдаагийн ахмад цолтой хүнтэй хамт хүрээд ирсэн. Тэр цагдаа ирээд Н.Т. бид хоёрт та хоёрыг эрэн сурвалжилж байгаа хүмүүс одоо ирж байгаа та хоёр эндээ байж бай гэж хэлсэн. Тэгээд өглөө 6 цаг өнгөрч байх үед гэрээс гараад хашаан дотор зогсож байхад урдаас хорих ангийн пургон машин ирж байгаа харагдсан чинь Н.Т. хашааны хойшоо гараад зугатаагаад яваад өгсөн. ..” гэх мэдүүлэг. /67-68хуу/
Яллагдагч Н.Т.ын өгсөн: “... 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр манай үхрээс ногоон халзан зүсмийн үнээ алга болоод нэлээн хэд хонож байсан. Тэгээд үхрийнхээ эрэлд гараад 12 цагийн үед малын хэсэгт хамт ажиллаж байгаа хоригдол Б.А.тэй худаг дээр таараад үхрийн эрэлд явах гэж байгаа талаараа хэлэхэд Б.А. бас нэг үрээ хайж байгаа талаар хэлсэн. Б.А. манай хорих ангийн адууг малладаг юм. Тэгээд бид хоёр цуг эрэлд явахаар ярилцаад манай суурингийн ердөө баруун талд байдаг тариан талбайгийн манаач Төвшөө гэх залуугийнд очоод малын эрэлд явах гэсэн юм мотоциклоо өгөөч гээд ногоон өнгийн хужаа мотоциклыг нь аваад унаж явсан морио гэрийнх нь гадаа үлдээгээд Өндөрхөөн уулын энгэрийн айлуудаар алга болсон малаа сураглаж явж байгаад өдөр 15 цагийн үед бензингүй болж байсан болохоор Мөрөн сумын төв орж Б.А.ийн гэрт очсон. Б.А.ийн гэрт очиход түүний эхнэр гэх эмэгтэй байж байсан, хоол цай хийлгүүлээд идчихээд 20000 төгрөг аваад 10000 төгрөгөөр бензин аваад үлдсэнээр нь 0.75 гр ерөөл нэртэй архи аваад Мөрөн сумын хойно нөгөө архиа хуваагаад уугаад сууж байтал Б.А.ийн таньдаг гэх хүн тэрүүгээр явж байгаад тааралдаад тэгээд гурвуулаа нөгөө архиа хувааж уугаад дууссан. Тэгтэл нөгөө ах ахиж нэг шил архи аваад нөгөөдхөө бид гурав хувааж ууж байгаад бид хоёр нөгөө газраа тасраад унтаад өгсөн. Нэг сэрээд хартал үүр цайж байхаар нь босож хөдлөөд Өндөрхааны талаар хойшоо яваад 2 дугаар фермийн замаар хойшоо яьаад Баян-Адрагын замд нийлээд тэгээд шууд Баян-Адрага сумын төв орж манай найз Ганзоригийн гэрт очсон тэгээд хоол цай хийлгэж идээд, Ганзоригоор 2 литр нэрмэл авхуулж уугаад, тэнджж хоносон маргааш нь 2018 оны 07 дугаар сарын 08ны өдөр архиныхаа халуунд Б.А. бид хоёр Дадал сумруу хөдлөөд өдөр 14 цагын орчим Дадал суманд очсон тэгээд Төмөчөдөрийнхтэй нэг хашаанд цуг байдаг Мөнхбат гэдэг ахынд очтол Төмөрчөдөр байж байсан. Тэндээ хоол цай хийлгэж идээд, 3 литр нэрмэл архи уугаад орой яг хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна, орой нар жаргаж байхад Б.А. бид хоёр тэднийхээс явъя гэж яриад Дадал сумын хаалга хүртэл яваад тэгээд согтоод явж чадалгүй буцаад Төмөрчөдөрийн гэрт ирээд унтсан. Тэгээд байж байтал шөнө 2 цагийн үед манай төрсөн эгч Сарантунгалаг нэг цагдаатай ирсэн. Тэр цагдаа ирээд Б.А. бид хоёрт хорих ангиас дарга нар чинь наашаа гарчихсан намайг та хоёрыг саатуулаад байж бай гэж хэлсэн. Тэгээд өглөө 6 цаг өнгөрч байх үед гэрээс гараад хашаан дотор зогсож байхад урдаас хорих ангийн пургон машин ирж байгаа харагдахаар нь би хашааны хойд хаалгаар гарч гүйгээд сумын баруун талд байдаг мод руу орж зугатаасан. Тэгээд би модон дотор нуугдаж нэг хоноод маргааш нь сумын төв дээр байдаг танил ах болох Хүрэл-очир гэх ахын гэрт очоод байж байтал хорих ангийн хүмүүс ирээд намайг барьсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 74-76хуу/
Эрэн сурвалжлах ажиллагааны танилцуулга. /хх-ийн 79-82хуу/
Хоригдлын байршил, хөдөлгөөн чиглэл батлах тухай тушаал /хх-ийн 86-89хуу/
Хоригдол ажиллуулах тухай зөвшөөрөл. /хх-ийн 91-92хуу/
Малын хэсэгт ажиллаж байгаа хоригдолд өгөх анхааруулга. /хх-ийн 95хуу/
Ажил гүйцэтгэх гэрээ. /хх-ийн 97-98хуу/
Малын хэсэгт ажиллаж буй хоригдолд өгсөн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны анхан шатны зааварчилга /хх-ийн 119 хуу/
Яллагдагч Н.Т., Б.А. нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас. /хх-ийн 130-131хуу/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Б.А., Н.Т. нарын бүлэглэн үйлдсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 3.7, 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу оргон зайлах гэмт хэрэг мөн бөгөөд прокурор Я.Сансар нь шүүгдэгч нарт дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.А., Н.Т. нарт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.
Иргэний нэхэмжлэгч Ж.Батцэцэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...эрэн сурвалжлах зардалд манай байгууллагаас нийт 2.446.603 төгрөг гарсан ба үүнийг манайх тухайн хорих ялтнуудад хяналт тавьж байсан буруутай 2 албан хаагчаасаа гаргуулж авсан тул нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул шүүгдэгч Н.Т., Б.А. нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан ялыг ялгамжтай оногдуулах санал гаргасан бөгөөд уг саналыг харгалзан шүүгдэгч Н.Т. нь оргон зайлахыг санаачилсан, мөн барих гээд очих үед дахин зугтсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, Н.Т., Б.А. нарын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа байдал, шүүгдэгч нарын хувьд гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, сэдэлт, үйлдсэн хэргийн шинж зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 3.7, 21.11 дүгээр зүйлд заасан хорих ялын хэмжээг ялгамжтай оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас 2018 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс 72 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцох ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Н.Т., Б.А. нарыг бүлэглэн оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т.г 08 /найм/ сарын хорих ялаар, шүүгдэгч Б.А.г 06 /зургаа/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т.д өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 03 /гурав/ жил 01 /нэг/ сар 29 /хорин ёс/ хоног дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 03 /гурав/ жил 09 /ес/ сар 29 /хорих ес/ хоногоор, Б.А.д өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 /нэг/ жил 09 /ес/ сар 28 /хорин найм/ хоног дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 02 /хоёр/ жил 03 /гурав/ сар 28 /хорин найм/ хоногоор тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т.д оногдуулсан 03 /гурав/ жил 09 /ес/ сар 29 /хорин ес/ хоногийн хорих ял, Б.А.д оногдуулсан 02 /хоёр/ жил 03 /гурав/ сар 28 /хорин найм/ хоногийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Т, Б.А. нарын цагдан хоригдсон 72 /далан хоёр/ хоногийг ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Ж.Батцэцэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй ба тэдний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА