| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 184/2022/00782/И |
| Дугаар | 210/МА2022/01269 |
| Огноо | 2022-07-04 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2022/01269
......-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2022/01448 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ......-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ..... ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ......-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Доржбямба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
......- нь ..... ХХК-тай 2020 оны 08 дугаар сард хөдөлмөрийн гэрээ байгуулан жолоочоор ажилд орсон. Ажилд орсноос хойш ажлын дарамт шахалтад орсон. Энэ асуудлаар тус компанийн захирал Б.Бадмаад хандахад ...ажлаа үргэлжлүүлээд хий, дахиж ийм асуудал гаргуулахгүй байх арга хэмжээ авна... гэж хэлсэн. Гэвч ажлын байрны дарамт арилаагүй бөгөөд авто паркийн дарга болон механик, харуул хамгаалалтын албаны дарга нар ажилд гаргахгүй, хааж хорьдог, хэл амаар байнга доромжилдог, бүрэн бус техниктэй борлуулалтад явуулдаг. Өглөө 6 цагаас орой 22 цаг хүртэл илүү цагаар ажиллуулдаг атлаа илүү цагийн хөлс олгодоггүй. Энэ талаар хэлэхэд харуул хамгаалалтын ажилтнуудаар айлгаж, гарч орохыг хориглодог. Хөдөө мал бэлтгэхээр хөдөө томилолтоор илүү цаг, хоол, унаа, байрны төлбөр болон 13 дахь цалинг олгоогүй. Ар гэрийн гачигдлын улмаас чөлөө хүсэхэд чөлөө олгоогүй. Мөн түүнчлэн хүний нөөцийн албаны өрөөн дотор захирал шалтгаангүйгээр өрөөнөөс хөөж гаргасан. Эдгээр нөхцөл байдлаас болж н.Батхүү, н.Төрөө нартай хамт ажиллахгүй, битгий хамт ажиллуулаач гэж хүсэлт гаргасныг өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлт гаргаж гэж 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
......- нь ажлаас гарах хүсэлтээ өгсөн тул ажлаас чөлөөлсөн. Ажлаас гарах хүсэлтэд ... 28 жолооч нар ажлын байрны дарамтаас болж ажлаас гарч байна, мөн ч харамсалтай байна... гэж бичсэн байсан. Хүний нөөцийн мэргэжилтэнд ......- ажлаас гарах санал хүсэлтээ өгсөн. Ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгснөөс хойш нэг сарын дотор ажлаа үргэлжлүүлээд хийсэн боловч ажлын байрандаа үлдэх боломжтой байсан боловч ажилдаа ирээгүй. ......- нь Дүүхээ ХХК-д ажилд орсон. Мэргэжлийн хяналт болон Тээврийн цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол өгсөн гэж хэлсэн. Харуул хамгаалалтын албаныхан дарамт шахалт үзүүлж, ажил үүргээ биелүүлэхэд саад болж, орох гарахыг нь хориглож байгаагүй. Ажлын байранд дарамт үзүүлсэн гэж байгаа бол н.Батхүү, н.Төрөө нарт холбогдуулж нэхэмжлэлээ гарах нь зөв гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 61 дүгээр зүйлийн 61.1, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар ..... ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай ......-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ......-ийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдөл бичээгүй. Ажлын байрны дарамт шахалт байсан байхад энэ талаар дурдаагүй. Бүрэн бус техниктэй явуулдаг. Шүүхийн шийдвэр 14 хоногийн хугацаандаа гараагүй гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
......- нь компанийн гүйцэтгэх захирал болон захиргаа хүний нөөцийн албанд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөлдөх хүсэлтээ өгсөн талаар баримт хэрэгт авагдсан. Уг өргөдөлдөө захирал н.Бадмаад таныг хурал хийтэл миний бие ажил хаялт хийнэ гэж бичсэн. ......-ид хүсэлт ирүүлсэн өдрөөс эхлэн цалинг нь олгоогүй. Мөн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нийт 28 сайн жолооч байсан боловч одоогоор надтай нийлээд 21 жолооч ажлаас гарч байгаа нь харамсалтай, цаашид авто паркын дарга н.Батхүү, н.Төрөө хоёртой ажиллаж чадахгүй гэж ажлаас гарах хүсэл эрмэлзлээ илэрхийлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
1. Хэргийн үйл баримт болон анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар
1.а. Нэхэмжлэгч ......- нь хариуцагч ..... ХХК-д холбогдуулан холбогдуулан тус компанийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч эс зөвшөөрч ... өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн... гэж маргажээ.
1.б. Нэхэмжлэгч ......- нь хариуцагч ..... ХХК-ийн автопаркийн борлуулалтын жолоочоор ажиллаж байгаад тус компанийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, Хөдөлмөрийн дотоод журмын 4.18.2-т заасныг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн байна. (хх-3)
Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй гэж заасан нь ажилтан хөдөлмөрийн харилцааг цуцлах талаар өөрийн хүсэлтээ ажил олгогчид бичгээр гаргасан байхыг ойлгоно.
Нэхэмжлэгч ......-ийн ..... ХХК-ийн захирал н.Бадмаад, ..... ХХК-ийн захиргаа, хүний нөөцийн албанд тус тус гаргасан өргөдөл, хүсэлтийн агуулгаас үзэхэд ажлын байрны дарамт, шахалтын талаар, авто паркийн дарга н.Батхүү болон н.Төрөө нартай цаашид дахин ажиллаж чадахгүй талаар болон бүрэн бус техниктэй ажилд гаргадаг, ажилтнуудын хоорондын хувийн таарамжгүй харьцаа, хандлагын талаар байх бөгөөд эдгээр өргөдөл, хүсэлтэд ажлаас чөлөөлөгдөх гэсэн агуулга тусгагдаагүй, тийм хүсэл зориг илэрхийлэгдээгүй байна. (хх-ийн 33-37)
Ажил олгогч ..... ХХК нь ажилтан ......- нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, сайн дураар ажлаас халагдах хүсэл зориг түүнд байсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул ажил олгогчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.
Иймд нэхэмжлэгч ......- нь ..... ХХК-ийн автопаркийн борлуулалтын жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар шаардах эрхтэй.
1.в. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлйин 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан тул хариуцагч ..... ХХК нь нэхэмжлэгч ......-ийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны олговрыг олгох үүрэгтэй.
Нэхэмжлэгч ......- нь сард 800,000 төгрөгийн цалин авч байсан болох нь хариуцагч ..... ХХК-ийн захирлын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 412 дугаар тушаал, Цалингийн задаргаа гэх баримтаар тогтоогджээ. Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг ажлаас чөлөөлсөн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс ажилд эгүүлэн тогтоосон 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 6 сарын хугацааны олговорт 4,800,000 төгрөгийг хариуцагч ..... ХХК-аас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг хариуцагч ..... ТӨААТҮГ-д даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасантай нийцнэ.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2022/01448 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч ......-ийг ..... ХХК-ийн автопаркийн борлуулалтын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч ..... ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4,800,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ......-ид олгож, ......-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж нөхөн бичилт хийхийг хариуцагч ..... ХХК-д даалгасугай гэж,
2 дахь заалтын ...дурдсугай гэснийг ... дурдаж, хариуцагч ..... ХХК-аас 91,750 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай гэж,
шийдвэрийн удиртгал хэсгийн ...МКҮ... гэснийг ........... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ......- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Н.БАТЗОРИГ