Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2026/ДШМ/414

 

                       

 

    2026           04              09                                      2026/ДШМ/414


Б.М-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Я.Амарзаяа,

шүүгдэгч Б.М, 

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2026/ШЦТ/625 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2505000000282 дугаартай хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г овгийн Б.М, ..............................................................., /РД:................................../, урьд

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлж байсан;

Шүүгдэгч Б.М нь 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд явж байхдаа хохирогч Ш.Э-ийн эзэмшлийн “IPhone 12 Pro” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, эрх бүхий байгууллагын хяналтад оршин суугаа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих үүрэг хүлээлгэж, ялыг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг дискийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Хан-Уул дүүрэгт амьдардаг боловч Баянзүрх дүүрэгт ажил эрхэлдэг. Эхнэр маань хүүхдүүдээ харж гэрт байдаг тул гэр бүлийн өрхийн орлогоо би бүрдүүлдэг. Мөн ажлаасаа байр авсан тул ажлаа солих боломжгүй байна. Иймд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг тус тус харгалзан үзэж надад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж өгнө үү.” гэв.

Прокурор Я.Амарзаяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хохирол төлөгдсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, тухайн хүний хөдөлмөр эрхлэлтийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял буюу зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулсан нь хэргийн нөхцөл байдалд тохирсон. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.М-ийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.М нь 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд явж байхдаа хохирогч Ш.Э-ийн эзэмшлийн “IPhone 12 Pro” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн:

хохирогч Ш.Э-ийн “...тэмцээн дуусаад хувцсаа солиод гар утсаа гадуур хувцасныхаа дээр нь тавьчихсан байсан юм. Тэгээд доошоо буучхаад ирсэн чинь гар утас байхгүй болчихсон байсан. Тухайн үедээ шууд хяналтын камер шүүгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Хяналтын камер дээр миний гар утсыг авч байгаа хүний бичлэг бичигдсэн бор ногоон өнгийн ноосон цамц, хар саарал өнгийн жинсэн өмд, хар гутал, богино хар куртиктэй эрэгтэй байсан...” /хх 18-19/,

шүүгдэгч Б.М-ийн яллагдагчаар өгсөн “...би тухайн гар утсыг ямар нэгэн юм бодоогүй, ойр хавьд хүнгүй байсан тул авсан...” /хх 8-9/ гэсэн мэдүүлгүүд,

“Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн ТХҮ-925-11857 дугаартай “...IPhone 12 Pro маркийн гар утасны зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 02 дугаар сарын байдлаар 850.000 төгрөгөөр тогтоов...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 37-40/

мөрдөгчийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Хяналтын камерын бичлэгийг үзэхэд сэжигтэй этгээд нь хэргийн газар болох зааланд буюу гар утас байсан гэх сандлын урд талын сандал дээр хүүхдийн хамт сууж байгаа, сууж байсан газраасаа босоод гар утас байсан гэх сандал руу явж байгаа, гар утсыг тонгойж авч байгаа, хэргийн газар болох заалнаас гараад явж байгаа дүрс бичлэг бичигдсэн байв...” гэсэн тэмдэглэл /хх 30-34/ зэрэг нотлох баримтуудаар гэмт хэргийн үйл баримт нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.М-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, хохирогчийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгчээс гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргаж гомдол гаргаагүй болно.

Шүүгдэгч Б.М “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан үзэж надад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээ болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон диспозитив шинжтэй эрх олгосон зохицуулалт юм. 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тухайн хэргийн хор уршгийн шинж чанар, хууль зөрчсөн байдлын түвшин, хэмжээ, яллагдаж буй этгээдийн засрах боломж буюу хувийн байдал зэргийг харгалзана.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал байдаг.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.М-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял болгон өөрчлөх боломжтой гэж үзлээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Б.М-ийн “зорчих эрхийг хязгаарлах ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар солиулах” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2026/ШЦТ/625 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийг 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.М нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        П.ГАНДОЛГОР

 

                                    ШҮҮГЧ                                       Т.АЛТАНТУЯА

 

ШҮҮГЧ                                       Ц.МӨНХ-ЭРДЭНЭ