Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/01286

 

 

 

 

......СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2022/01863 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ......СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч .....-т холбогдох дундын өмчлөлийн ашиглалтын зардалд 1,220,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Эрдэнэчимэг, хариуцагч .....- шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийнм агуулга:

Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 27 дугаар байрны 19, 42 тоот орон сууцыг .....- эзэмшдэг. Гэвч .....- нь тус орон сууцны ......СӨХ-д төлөх сар бүрийн засвар үйлчилгээний зардлыг 2020 оны 06 дугаар сараас эхлээд одоо хүртэлх төлөөгүй. Дээрх хугацааны 42 тоот орон сууцны зардал 610,000 төгрөг, 19 тоот орон сууцны зардал 610,000 төгрөг, нийт 1,220,000 төгрөгийг .....-аас 1,220,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 27 дугаар байрны 19 тоот орон сууцны өмчлөгч биш тул төлбөр 610,000 төгрөгийг хариуцахгүй. ......СӨХ нь байгуулагдсан цагаасаа хуулийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай байрны орон сууцны дундын өмчлөлийн тухай хуулийн олон заалтыг зөрчсөн. ......СӨХ-ны төлбөрийг 25,000 төгрөгөөр тогтоосон нь хууль зөрчсөн, хураамжийн хэмжээг зөвхөн бүх гишүүдийн хурлаар тогтоох ёстой. Гэтэл удирдах зөвлөлийн гишүүд СӨХ-ны хураамжийн хэмжээг өөрчилсөн. Бүх гишүүдийн хурал хуралдаж шийдвэрлэх байсан. Хууль зөрчсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүмбэрэлийн Галтбаяраас 610,000 төгрөг гаргуулж ......сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 610,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,830 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч .....-аас 18,950 төгрөг гаргуулж ......СӨХ-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэргийн материалтай бүрэн танилцах боломжоор хангаагүй. 2022 оны 05 дугаар сарын 11-ний шүүх хурал хойшилсоны дараа 2022 оны 05 дугаар сарын 17-ны 17 цаг 30 минут буюу ажлын цаг дуусах хүртэл хугацаанд СӨХ-ны хураамжийн хэмжээг тогтоосон нотлох баримтыг өгөөгүй байсан. 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаан эхлэхээс өмнө нотлох баримтыг шүүгчийн туслахад өгсөн.

Сууц өмчлөгчдийн 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэл нь нотлох баримтын шаардлага хангахгүй байхад шүүх баримтыг үндэслэн шийдвэр гаргасан.

Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт Хурлаас тогтоол, хурлын тэмдэгдэл гаргах бөгөөд түүнд хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж, холбооны тэмдгээр баталгаажуулна гэж заасныг хангаагүй. Өөрөөр хэлбэл, сууц өмчлөгчдийн 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хурлын тогтоол хэрэгт авагдаагүй.

......СӨХ-г бүртгүүлж гэрчилгээ аваагүй байхад СӨХ-ны хураамж төлбөр авч эхэлсэн. ......СӨХ-ны гэрчилгээг 2019 оны 12 дугаар сарын 04-ний олгосон байхад 2019 оны 11 дүгээр сарын 01-нээс тооцож төлбөр авсан нь үндэслэлгүй.

Шүүхийн шийдвэрийг танилцуулахдаа .....-аас 535,000 төгрөгийг гаргуулж ......СӨХ-д олгож нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож гэж танилцуулсан. Гэтэл 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр .....- шийдвэрийг гардаж авахад ........-аас 610,000 төгрөг гаргуулж ......СӨХ-д олгож... гэж зөрүүтэй байна.

......СӨХ-ны гүйцэтгэх захирал 2019, 2020, 2021 оны санхүү тайланг танилцуулаагүй. 2020 оны мөнгөн гүйлгээний тайланд хогны төлбөрт 2,244,000 төгрөг, ус дулааны зардалд 611,407 төгрөг, цахилгааны зардалд 963,000 төгрөг, лифтний засвар үйлчилгээний зардалд 1,068,500 төгрөг зарцуулсан гэж бичсэн. ......СӨХ-д 104 өрх төлбөр төлдөг тул үүнийг тооцож үзэхэд нэхэмжлэгчийн шаардсанаас бага буюу 90,022 төгрөгийг нэг сард төлөх боломжтой.Нэхэмжлэлийн шаардлага хангаж шийдвэрлэсэн 610,000 төгрөгөөс 2020 оны ......СӨХ-ны мөнгөн гүйлгээний тайланд тусгагдсан зардлын задаргаа, санхүүгийн анхан шатны баримтуудыг тайлагнаагүй зардлын .....-т ногдох дүн болох 519,978 төгрөгийг хасаж тооцон 90,022 төгрөгөөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах хүсэлттэй байна гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

......СӨХ оршин суугчдын хурлыг 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хийсэн. Уг хурлын тогтоолоор оршин суугчид сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 30,000 төгрөгөөр тогтоохоор шийдвэрлэсэн. Хариуцагч энэ хуралд оролцсон. Удирдах зөвлөлийн дарга н.Бат-Эрдэнэ хуралд сууц өмчлөгчдийн холбооны хураамж төлөх талаар ярилцаж тохирсон. Хариуцагч сард 3,000 төгрөг төлөхөөр тооцоолсон, 20 гаруй сарын хугацаанд 90,000 төгрөг төлнө гэх тайлбар үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч ......СӨХ нь хариуцагч .....-т холбогдуулан Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардал 1,220,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ гэж, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт Хурлаас тогтоол, хурлын тэмдэглэл гаргах бөгөөд түүнд хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж, холбооны тэмдгээр баталгаажуулна гэж тус тус заасан. Гэтэл хэрэгт Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 27, 28 дугаар байрны оршин суугчдын нэгдсэн хурлын прокотол гэх бичмэл баримт авагдсан боловч бүх гишүүдийн хурлын тогтоол хэрэгт авагдаагүйгээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлын тогтоолоор шийдвэрлэсэн эсэх нь тодорхой бус байх тул талуудын хооронд үүссэн маргааны талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт ... хариуцагч .....-аас 610,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ......СӨХ-нд олгож... гэж заасан атлаа шүүх хуралдааны тэмдэглэлд ... .....-аас 535,000 төгрөг гаргуулан ......СӨХ-нд олгож ... гэж зөрүүтэй байдлаар тусгагдсан тул давж заалдах шатны шүүх үүнийг залруулах боломжгүй байна.

 

Иймд хариуцагчийн ... шүүгч шүүхийн шийдвэрийг танилцуулахдаа 535,000 төгрөг гаргуулах шийдвэрлэсэн атлаа бичгээр гаргасан шийдвэрт 610,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн талаар тусгасан нь буруу ... гэх давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно гэж заасан. Иймд шийдвэр хүчинтэй болсноор анхан шатны шүүх шийдвэрээ өөрчлөх, уншиж танилцуулснаас өөр байдлаар шийдвэрээ гаргах, шийдвэрлээгүй асуудлыг шийдвэрт тусгах эрхгүй юм.

 

Анхан шатны шүүхийн дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2022/01863 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн урьдчилан төлсөн 16,250 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Н.БАТЗОРИГ