Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/01287

 

 

 

...... ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2022/01064 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ...... ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ........... ХХК-д холбогдох ажлын хөлс болон алданги 45,912,764 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагвацэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван, М.Батчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

...... ХХК нь ........... ХХК-ийн гэрээт харуул хамгаалалтын ажлыг гүйцэтгэхээр 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэрээт харуул хамгаалалтын 19/07 дугаартай гэрээ байгуулж хамтран ажилласан. Гэтэл ........... ХХК нь гэрээт харуул хамгаалалтын 19/07 дугаартай гэрээний 12.2-т 1 хамгаалагчийн 1 сарын цалин 1,400,000 төгрөг, нийт 10 хамгаалагчийн сарын цалин 14,000,000 төгрөг, төлбөрийг сард 2 удаа, сар бүрийн 1-15 хүртэлх төлбөрийг тухайн сарын 16-ны өдөр, 16-30 хүртэл төлбөрийг тухайн сарын 30, 31-ний өдөр, Төрийн банк ХХК-ийн 107500146942 тоот ...... ХХК-ийн дансаар хийнэ, мөн гэрээний 12.4-т Хамгаалалтын хөлс хугацаа хэтэрвэл хоног тутам 0.5 хувийн алданги тооцно гэж тус тус заасныг зөрчиж, хамгаалалтын цалин хөлсийг удаа дараа хожимдуулсон. Үүний улмаас манай байгууллага тухайн цаг хугацаанд ажилчдын цалин хөлсийг төлж чадахгүй байдал үүсч, бусдаас хүүтэй мөнгө зээлж хамгаалагчдын цалин хөлсийг олгож байсан. Иймд ........... ХХК нь гэрээт харуул хамгаалалтын 19/07 дугаартай гэрээний 12.2, 12.4-т заасныг удаа дараа зөрчсөн тул хамгаалалтын цалин хөлсний алданги 43,562,764 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын хамгаалалтын цалин хөлсний төлбөрөөс НӨАТ-д хасч тооцсон 2,350,000 төгрөг, нийт 45,912,764 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Манай компани нь Улаанбаатар-Дарханы зам засварын ажлын тендерт шалгарч 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын Зам, Тээврийн Хөгжлийн Яамтай /ЗТХЯ/ Урьхан-Сүмбэр чиглэлийн авто замын 45,74 км зам барих СW1-3 төслийн гүйцэтгэгчийн гэрээ байгуулан ажилласан. Уг гэрээт ажлыг гүйцэтгэх явцдаа барилгын талбайд байх бараа материал, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийг харж хамгаалуулахаар ...... ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр харуул хамгаалалтын гэрээ байгуулсан. Манай компаний хэрэгжүүлж буй СW1-3 төслийн гүйцэтгэл 2020 оны 11 дүгээр сард 80 хувьд хүрч харуул хамгаалалт шаардлагагүй болсон талаар ...... ХХК-тай тохиролцож харуул хамгаалалтын ажлыг дуусгавар болгосон боловч уг компани 2021 онд дахин ажиллах хүсэлт гаргасан. Гэвч харуул хамгаалалтын шаардлагагүй болсон, өмнө хамтран ажиллах үед хамгаалалт шаардагдах 1 объектыг 3 хамгаалагч хамгаалахаар тохиролцсон ч хамгаалагч нарын тоо байнга дутуу ажиллаж байсан гэсэн шалтгаанаар татгалзсан. Гэвч манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж төлбөрийг бүтнээр төлсөн. Зам тээвэр хөгжлийн яамтай нэг жилийн хугацаатай гэрээ хийсэн боловч Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлаас үүдэн давагдашгүй нөхцөл байдлын улмаас Засгийн газрын 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 164 дугаар тогтоолоор ажиллах байсан 200 инженер, техникийн ажилчид ирээгүйгээс гэрээт ажил төлөвлөсөн хугацаандаа багтаагүй, барилгын ажил хугацаандаа дуусах боломжгүй болсноос гэрээ нэг жилээр сунгагдсан. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан төлөвлөгөөт ажлын гүйцэтгэл хангалтгүй, төлөвлөгөөт бус зардлууд нэмэгдэж, гүйцэтгэлийн санхүүжилт гарсан зардлаа нөхөж хүрэхгүй болж санхүүгийн доголдолд орсон. Гэрээний 12.4-т заасныг үндэслэж алданги 43,562,764 төгрөг болж байгаа ба дээр дурдсан санхүүгийн хүндрэлд орсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

Манай компанийн хэрэгжүүлж буй төслийн гэрээний тусгай нөхцөлийн 14.1-д дотоодын бараа, ажил, үйлчилгээнд НӨАТ чөлөөлснийг Сангийн сайдын 253 тоот тушаалаар баталсан тул хамгаалалтын төлбөрөөс НӨАТ-ыг хассан. ...... ХХК нь манай хэрэгжүүлж буй 0 хувийн татвартай Бүс НАЗХ төсөл-3 татвар төлөгчийн 9926372 тоот регистер ашиглан шивж НӨАТ-аас чөлөөлөгдөх ёстой. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар талуудын хооронд байгуулсан гэрээ нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ. Гэхдээ гэрээ хэрэгжээд дуусгавар болсон учраас төлсөн хөлсийг буцаахгүй боловч хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэж алданги шаардах үндэслэлгүй. Харин гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх юм бол НӨАТ-т суутгасан 2,350,000 төгрөгийг зөвшөөрнө гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 186 дугаар зүйлийн 186.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ........... ХХК-аас 2,350,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ...... ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас алданги 43,562,764 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ...... ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 524,583 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ........... ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 52,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ...... ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх талуудын хооронд гэрээт харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулах үед Цагдаагийн ерөнхий газраас бүртгэлийн гэрчилгээтэй байсан эсэх талаар баримт байхгүй гэж буруу дүгнэсэн. ...... ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулах үедээ харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байсан, уг зөвшөөрлийг анх 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 1 жилийн хугацаатайгаар авсан, хугацаа дуусах үед 2020 оны 07 дугаар сард сунгуулж бүртгэлийн гэрчилгээ авсан байсан. ...... ХХК-д Нийслэлийн цагдаагийн газраас 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 07-ны гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллгааг эрхлэх зөвшөөрөл өгсний дагуу улсын бүртгэлийн гэрчилгээндээ гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагааг нэмж бүртгүүлсэн талаар улсын бүртгэлийн 000192283 дугаартай гэрчилгээний хуулбар хэрэгт авагдсан. Гүйжоү хай вэй инжинеринг групп монголиа ХХК нь Дарханы замын гүйцэтгэх төсөлийг хэрэгжүүлж буй компани учир гэрээт харуул хамгаалалтын ажлыг төслийн хөрөнгөөр санхүүжүүлэх учир тухайн үед зөвшөөрөлтэй компанитай гэрээт харуул хамгаалалтын гэрээ байгуулсан талууд хүлээн зөвшөөрсөн, тендерийн төсөлд зөвшөөрөлгүй компанитай гэрээт харуул хамгаалалтын гэрээ байгуулах боломжгүй, тусгай зөвшөөрлийн талаар талууд маргаагүй байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. ...... ХХК нь Хууль зүй дотоод хэргийн сайдын 2018 оны А/40 дугаар тогтоолын хавсралтад заасны дагуу 2019 оны 06 дугаар сард авсан зөвшөөрлийн хугацаа дууссан тул хугацааг сунгуулах хүсэлтийг Нийслэлийн цагдаагийн газарт гаргасны дагуу гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар сунгасны дараа нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээг хийсэн болох нь хэрэгт авагдсан 202007000183 дугаартай Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар баримтуудаар нотлогдоно. Гэтэл шүүх нэхэмжлэгчийг гэрээг байгуулахдаа гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллгаа эрхлэх зөвшөөрөлгүй байсан, зөвшөөрөлтэй байсан талаар нотлох баримт ирүүлээгүй гэж буруу дүгнэсэн.

Алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь хууль болон гэрээнд нийцсэн байхад үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Гэрээт харуул хамгаалатын ажил гүйцэтгэх гэрээний 12.2-т Нийт хамгаалагчдын цалинг 14,000,000 сард 2 удаа сар бүрийн 1-15, хүртлэх төлбөрийг тухайн сарын 16-ны өдөр, 16-30-ны төлбөрийг гэрээнийхээ цалинг сар бүрийн 30,31-ний өдөр Төрийн банк ХХК дахь ...... ХХК-ийн дансанд хийхээр, 2.4 дэх хэсэгт Хамгаалалтын хөлс хугацаа хэтэрвэл хоног тутам, 0,5 хувийн алданги тооцно гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн тул алданги шаардах эрхтэй. Хариуцагч сар бүр тодорхой хугацаагаар гэрээний хөлс төлөх заалтыг зөрчиж хугацаа хэтрүүлж байсан. Алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн 50 хувьд хүрэхгүй байсан болох нь нэхэмжлэгчийн гаргасан Төрийн банк ХХК-ийн дансны хуулгаар нотлогдоно. Мөн хариуцагч тайлбартаа хавсаргасан цалин олгох байсан өдөр, цалин шилжүүлсэн өдрийг баримттай тулгаж өгсөн 43,000,000 төгрөгийн алданги төлөх тооцоо гарсан.

Төсөл, тендерийн ажлыг хариуцагч тал гүйцэтгэх явцад хэдийгээр цар тахал, хөл хорио тогтоосны улмаас ажил зогсож гүйцэтгэх хугацаа хойшилж байсан хэдий ч замын ажил гүйцэтгэж байсан талбай кемп дээр, засварын ажлыг гүйцэтгэх бараа материалыг татсан, машин техникийг байрлуулсан байсан учраас ...... ХХК нь гэрээний дагуу хамгаалах үүргээ гүйцэтгэж байсан. 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 02/648 тоот гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ хамаарахгүй юм. Иймд хариуцагчаас алданги 43,562,764 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Талуудын хооронд гэрээ байгуулагдсан өдөр 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан гэрээ нэг жилийн хугацаатай байгуулагдсны дараа сунгагдах үед нэхэмжлэгч компани тусгай зөвшөөрөл олгосон гэрчилгээ хэрэгт авагдаагүй байсан. Шүүх хэрэгт авагдсан баримтыг зөв үнэлсэн. 2019 оны 07 дугаар сараас 2020 оны 12 дугаар сар хүртэл энэ хугацаанд нэхэмжлэгч компанийг харуул хамгаалалтын хөлсөнд нийт 550 сая гаруй төгрөгийг төлсөн. Гэрээ байгуулах үед Хар ирвэс ХХК нь нэрээ өөрчлөөгүй хуулийн этгээд болоогүй байсан. Захирал н.Нямхүү 2019 оны 10 дугаар сард нэрээ өөрчилсөн гэх Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тамга тэмдэгтэй албан бичиг өгсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт тэмдэгтийн хураамжийг нэхэмжилсэн үнийн дүнгээр төлөх ёстой. Тэмдэгтийн хураамжид алдаа гарсан боловч талуудын тайлбар мэтгэлцээн, хууль хэрэглээний хувьд алдаагүй учраас шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

1.    Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар.

 

1.а. Нэхэмжлэгч ...... ХХК нь хариуцагч ........... ХХК-д холбогдуулан харуул, хамгаалалтын гэрээний хөлсийг хугацаа хожимдуулж шилжүүлсэнээс алданги 43,562,764 төгрөг, НӨАТ-т суутгасан 2,350,000 төгрөг, нийт 45,912,764 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснаас хариуцагч НӨАТ-т суутгасан 2,350,000 төгрөг төлөхийг зөвшөөрч алданги төлөхийг зөвшөөрөхгүй маргасан байна.

 

1.б. Талуудын хооронд 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Гэрээт харуул хамгаалалтын гэрээгээр ...... ХХК нь ........... ХХК-ийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг ажиллаж буй хугацаандаа хулгай, танхайрах зэрэг учирч болзошгүй аюулаас хамгаалах, ........... ХХК нь ажлын хөлсийг нэг сарын 30 хоногоор тооцон 1 хамгаалагчийн 1 сарын хөлс 1,400,000 төгрөг, нийт 10 хамгаалагчийн сарын хөлс 14,000,000 төгрөгийг сард 2 удаа, сар бүрийн 1-15 хүртэлх төлбөрийг тухайн сарын 16-нд, 16-30 хүртэлх төлбөрийг тухайн сарын 30,31-нд Төрийн банк ХХК дахь ...... ХХК-ийн 107500146942 тоот дансанд шилжүүлэхээр, гэрээг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатайгаар байгуулсан боловч 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1 хамгаалагчийн хөлсийг 1,300,000 төгрөгөөр тооцож, 1-ний өдрөөс эхлэн цагийн тооцоо нийлсний дараа сард 1 удаа тухайн сарын 30, 31-нээр ажлын 3 хоногт багтаан олгож байхаар өөрчлөлт оруулжээ. (хх-ийн 4-6, 192)

 

Зохигчдын тайлбар, дээрх гэрээний агуулга, хэрэгжсэн байдал зэргээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд анхан шатны шүүх хариуцагч нь нэхэмжлэгчтэй Гэрээт харуул хамгаалалтын гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй талаар үндэслэл бүхий дүгнэсэн байна.

 

1.в. Нэхэмжлэгч ...... ХХК нь Гэрээт харуул, хамгаалалтын гэрээний дагуу хариуцагч ........... ХХК-ийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг ажиллаж буй хугацаандаа хулгай, танхайрах зэрэг учирч болзошгүй аюулаас хамгаалах үүргээ зохих ёсоор биелүүлсэн, хариуцагч нь нэхэмжлэгчийг харуул, хамгаалалтын ажлаа хийж гүйцэтгэсэн болохыг хүлээн зөвшөөрч ажлын хөлс 555,546,363 төгрөгийг төлж биелүүлсэн зэргээр гэрээний үүрэг хэрэгжиж дууссан үйл баримтын талаар талууд маргаагүй, харин харуул, хамгаалалтыг хөлсийг гэрээгээр тохиролцсон хугацаанд төлөөгүйгээс тооцогдсон алдангийг төлөх эсэх талаар талууд маргажээ.

 

1.г. ...... ХХК нь гэрээт харуул, хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаагаар олгогдсон болох нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон, мөн Цагдаагийн ерөнхий газраас тус компанийн гэрээт харуул хамгаалалтын бүртгэлийн гэрчилгээг 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1 жилийн хугацаатай олгогдсон байна. (хх-ийн 7, 8)

 

Гэтэл анхан шатны шүүх ... Нэхэмжлэгчийн харуул, хамгаалалтын үйл ажиллагаа явуулах эрх нь 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс зохих байгууллагад бүртгэгдсэн, гэрээ байгуулахад харуул, хамгаалалтын үйл ажиллагаа явуулах эрхтэй байсан талаарх баримтыг ирүүлээгүй... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. (хх-ийн 7-8) Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ...... ХХК нь хариуцагч ........... ХХК-тай харуул, хамгаалалтын гэрээг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулахад харуул, хамгаалалтын үйл ажиллагааг явуулах тусгай зөвшөөрөлтэй байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

1.д. Талууд 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 19/07 тоот гэрээний 12.2-т Нэг сарын 30 хоногоор тооцон 1 хамгаалагчийн хөлсийг 1 сарын хөлс 1,400,000 төгрөг, нийт 10 хамгаалагчийн сарын хөлс 14,000,000 төгрөгийг сард 2 удаа, сар бүрийн 1-15 хүртэлх төлбөрийг тухайн сарын 16-нд, 16-30 хүртэлх төлбөрийг тухайн сарын 30,31-нд Төрийн банк ХХК дахь ...... ХХК-ийн дансанд хийнэ гэж, 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1 хамгаалагчийн хөлсийг 1,300,000 төгрөгөөр тооцож, 1-ний өдрөөс эхлэн цагийн тооцоо нийлсний дараа сард 1 удаа тухайн сарын 30, 31-нээр ажлын 3 хоногт багтаан олгож байхаар тохиролцжээ.

 

Гэвч хариуцагч ........... ХХК нь харуул, хамгаалалтын хөлсийг гэрээгээр тохиролцсон дээрх хугацааг 60 хүртэл хоногоор хэтрүүлж шилжүүлж байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон байна. (хх-ийн 28)

 

Талууд гэрээний 12.4-т Хамгаалалтын хөлс төлөх хугацаа хэтэрвэл хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт анзын гэрээг бичгээр хийх шаардлагад нийцсэн тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар нь нотлох баримт болно. Хариуцагч ........... ХХК нь нэхэмжлэгч ...... ХХК-д харуул, хамгаалалтын гэрээний хөлсийг хугацаандаа төлөөгүйгээс 43,562,764 төгрөгийн алданги тооцогдсон талаар тайлбартаа тусгасан ба уг тайлбарыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч маргаагүй байх бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.8 дахь хэсэгт зааснаар эсрэг талын тайлбарыг иш татах эрхтэй тул гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс үүссэн алдангийг энэ хэмжээнд тооцох боломжтой гэж үзэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч алданги нэхэмжилсэн хэсгийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ... Ковид-19 цар тахалын улмаас гэрээний үйлчлэх хугацаа хойшилсон... гэж тайлбарласан, түүнчлэн, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ........... ХХК-д гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгосон, хариуцагч нь хугацаа хожимдуулсан хэдий ч гэрээнд заасан ажлын хөлсийг бүрэн төлсөн зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар гэрээнд заасны дагуу тооцогдсон 43,562,764 төгрөгийн алдангийг 50 хувиар багасгаж 21,781,382 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч харуул, хамгаалалтын хөлсийг олгохдоо НӨАТ-т 2,350,000 төгрөгийг суутгаж олгосон боловч уг төлбөрийг төлөх талаар зөвшөөрсөн гэж дүгнэж ........... ХХК-аас 2,350,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэнд хэн аль нь гомдол гаргаагүй болно.

 

Талуудын хооронд ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбогдсон үүрэг буюу хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байхад анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь буруу болжээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч ........... ХХК-аас алданги 21,781,382 төгрөг, НӨАТ-т суутгасан 2,350,00 төгрөг, нийт 24,131,382 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ...... ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21,781,382 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2022/01064 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ........... ХХК-аас 24,131,382 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ...... ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21,781,382 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ...52,550... гэснийг ...278,607... гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн урьдчилан төлсөн 372,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Н.БАТЗОРИГ