| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2210000001171 |
| Дугаар | 2026/ДШМ/431 |
| Огноо | 2026-04-10 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2026/ДШМ/431
2026 04 10 2026/ДШМ/431
Б.З-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Сүрмандах,
хохирогч А.Б-, Г.М-,
хохирогч Ц.Э-гийн өмгөөлөгч М.Ундармаа,
шүүгдэгч Б.З-, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2026/ШЦТ/364 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.З-, хохирогч Ц.Э-гийн өмгөөлөгч М.Ундармаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.З-т холбогдох эрүүгийн 2210000001171 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
О- овгийн Б-ийн З-, 1995 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ам бүл 1, ..... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УБ-/;
Шүүгдэгч Б.З- нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд “Австрали улсаас хямд машин оруулж ирнэ, захиалж өгнө”, “Зах зээлийн үнээс хямд байр авах боломжтой”, “...“Iphone” загварын гар утас хямд захиалж өгнө”, “Мөнгө зээлээд нэмж өгнө”, “Гутал зарна” гэх зэргээр хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нийт 36 удаагийн үйлдлээр, нэр бүхий 38 хохирогчоос 2.438.148.760 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.З-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: шүүгдэгч О- овогт Б-ийн З-ийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 7 /долоо/ жилийн хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.З-ийн цагдан хоригдсон 687 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-ээс нийт 1.160.510.260 төгрөгийг гаргуулан нэр бүхий хохирогч нарт тус тус олгож, Г-ийн У- /РД:ЧУ-/-ын өмчлөлд бүртгэлтэй “Тоуоta Fourrunner” загварын У- УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг хохирогч З.Э-ын өмчлөлд шилжүүлж, Б.З-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.З- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны хохирол төлөлтүүдийг хасаагүй. 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 08-ныг хүртэлх хугацаанд төлсөн нэр бүхий 9 хохирогчийн нийт 200.000.000 төгрөгийг хохирлоос хасаагүй. Мөн хохиролд өгсөн “iPhone 13 pro max” гар утаснууд, автомашинууд, үл хөдлөх хөрөнгөнд үнэлгээ хийлгэх хүсэлтийг хангалгүй зөвхөн хохирогчийн үнийн саналаар хассан бөгөөд 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн магадлалд тусгасан, мөн шүүгчийн прокурорт даалгасан асуудлыг огт шалгаагүй. Би 2012 онд 1 дүгээр курсийн оюутан байхаасаа хойш 7 жил төрийн үйлчилгээний албанд ажиллан 15 жил тасралтгүй бизнес хийсэн. Миний жил бүрийн дансны хуулгыг шалгаагүй. Ямар ч баримтгүй, ямар ч эрх зүйн дүгнэлтгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Би 12 хохирогчийн хохирлын их хэмжээний зөрүүг шалгуулах, төлсөн мөнгөө хасуулах хүсэлт гаргахад шалгаж өгдөггүй. Хохирогчоос мэдүүлэг авч, хохирогчийн үгээр хохирлын тооцоог гаргахдаа миний мэдүүлэг, тооцоо, хэргийг шийдэхэд онцгой ач холбогдол бүхий баримтуудыг шалгах шаардлагагүй гэх боловч түүнийгээ тайлбарлаагүй, шалгаагүйд гомдолтой байна. Хохирогч нарт өгсөн утаснууд, “Harrier” болон “Prado 150” автомашин, үл хөдлөх хөрөнгөнд үнэлгээ хийж, төлсөн 127 удаагийн гүйлгээний төлбөрийг хохирлоос хасч өгөхийг хүсч байна.
Хохирогч Б.О-аас 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “автомашин захиалж өгнө” гэж 22.300.000 төгрөг авснаас хойш 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 19-нийг хүртэл 18 удаагийн гүйлгээгээр 7.000.000 төгрөгийн хохирол төлснийг хохирлоос хассангүй. Хохирогч 7.000.000 төгрөг авснаа зөвшөөрдөг ч хохирлоос хасуулаагүй ба миний өмнө нь зээлсэн 24.500.000 төгрөгийг тэр мөнгөний тооцоонд авсан гэдэг. Үнэндээ би Б.О- хохирогчийн уг зээлсэн гэх мөнгийг “гутал зарна” гэж аваад, гутлаа заран 1 жил 8 сар гаран хугацаанд өсгөж 43.000.000 төгрөг өгсөн байдаг. Үүнийг хохирогчийн дансаар бүрэн тогтоох боломжтой. ...Хохирогч Г.М-аас 4 удаагийн гүйлгээгээр 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 14-ний хооронд 157.000.000 төгрөг авснаас өөр мөнгө аваагүй. 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд төлсөн хохирол, мөн 2026 оны 01 дүгээр сарын 13-нд төлсөн төлсөн 300.000 төгрөгийн хохирлыг хасаагүй.
2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Б.Б-аас 33.990.000 төгрөг авсан боловч ирэх утсанд эрсдэл үүсч, түүний захиалсан утаснаас хоёрыг нь өгч, үлдсэн мөнгийг 2022 оны 06 дугаар сарын 09-нийг хүртэлх хугацаанд төлж дуусгасан. Хохирогч өнөөдрийг хүртэл надад санаа зовж буй миний найз. Гэвч бусдын нөлөө, ятгалганд орж, 2024 оны 10 дугаар сард буюу 3 жилийн дараа гомдол гаргахдаа “2 утас л авсан, өөр ямар ч мөнгө аваагүй” гэж 27.990.000 төгрөг нэхэмжилж, би яллагдагчаар татагдсан. Уг яллагдагчаар татсан тогтоол нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үздэг. 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр давж заалдах шатны шүүх 18.000.000 төгрөг хохирогчид шилжүүлснийг тогтоож, хохирол хасагдсан. Иймд хуулиар заагдсан мэдүүлгээ өгөх, дансны гүйлгээнүүдээ шалгуулах, баримтаа бүрдүүлэх, шалгуулах боломжоор хангаж, хохирлыг мэдүүлэг биш зөвхөн баримтаар тооцуулж, мөн хууль бусаар яллагдагчаар татсан тогтоолыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохирогч Ц.А-ээс 2.500.000 төгрөг авч, 2022 оны 10-12 сард 700.000 төгрөг дансанд нь шилжүүлсэн тул хасч өгнө үү.
Хохирогч Ц.Э-гаас 71.200.000 төгрөг авсан. Би 2022 онд 10.000.000 төгрөг болон 4 ширхэг “iPhone 13 pro max” гар утсыг өгсөн. Мөн 2023 оны 03 дугаар сарын 23-наас 09 дүгээр сарын 25-ны хооронд 30 орчим удаагийн гүйлгээгээр 13.380.000 төгрөгийг худалдан авагч нарынхаа данснаас хохирогчийн дансруу шилжүүлсэн. Уг төлөлтүүдийг хохирлоос хасаагүй тул хохирогчийн банкны хуулгыг шалгаж, төлсөн төлөлтүүдийг хасч өгнө үү. Хохирогч мөрдөн байцаалтын үед 4 удаа мэдүүлэг өгсөн ба 4 өөр тооцоог хохирогчийн мэдүүлгээр гаргасан. Миний бие нийт 35.380.000 төгрөгийн хохирол төлж, одоо 35.820.000 төгрөг байхад 8.383.000 төгрөг хохирлоос хасч, 62.817.000 төгрөг гаргуулахаар шийдсэнийг шалгаж, хохирлоос хасч өгнө үү. 4 ширхэг утсыг өгсөн нотлох баримт 5-р хх 53-56-р хуудсанд бий. ...Хохирогч А.Б-д 40.800.000 төгрөгийн хохирол учруулж, 2022 онд 4.400.000 төгрөг төлснийг хохирогч зөвшөөрсөн. 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 28-ныг хүртэлх хугацаанд 10.530.000 төгрөгийн хохирол төлсөн ба 2025 оны 04 дүгээр сарын 01-ний шүүхийн хэлэлцүүлэг дээр хохирогч хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн бичлэгээс харагдана. Нийт 14.530.000 төгрөгийн төлөлт хасагдаж, 26.270.000 төгрөг үлдэж байгааг засч өгнө үү.
Д.Б-гаас 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 23.000.000 төгрөг зээлж авсан ба 2022 оны 06 дугаар сарыг хүртэл хүүгээ тооцон, зээлсэн мөнгөө өгч дуусгасан. Гэвч бүх зээлсэн зээлээ өгч дуусгасны дараа хохирогч гомдол гаргахад намайг шууд яллагдагчаар татсан. Би 2022 оны 6 сараас хойш нэг ч төгрөг хохирогчид өгөөгүй. Хэрэг шүүхэд ирэхэд хохирогч гомдолгүй гэдгээ хэлсэн.
Хохирогч Ц.Б-гээс 17.500.000+38.400.000 гээд нийт 55.900.000 төгрөг авсан ч анхан шатны шүүх 50.900.000 гэж багасгаж бичихдээ хохирогчид өгсөн миний 4.500.000 төгрөгөөс 7 ширхэг “iPhone 13 pro max” гар утас 2 ширхэгийг өгсөн гэж тус 2 утсыг нэг бүрийг 2.500.000 төгрөгөөр тооцож хассан. Миний өгсөн утаснуудыг яг тэр цаг үеийн бодит үнэлгээгээр хасаж, 7 ширхэг утас өгснийг гэрчээс асуун тогтоож өгнө үү.
Хохирогч Ж.Д-оос хамтарч бизнес хийхээр 131.600.000 төгрөг авсан ба 3 ширхэг “Prado 150” автомашин буюу 400.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг хохирогчийн нэр дээр шилжүүлж өгсөн. Хохирогчоос дахин 390.000.000 төгрөг авснаас зээлэндээ өгөөрэй гэж 2021 оны 12 сард 2.000.000, 2022 оны 2 сард 3.000.000, нэмж 2.000.000, дахин 1.450.000 төгрөг буюу нийт 8.450.000 төгрөг өгсөн нь хохирлоос хасагдаагүй тул хасч өгнө үү. Мөн 2022 онд 125.000.000 төгрөгийг цувуулж өгсөн гэдэг боловч 145.000.000 төгрөг өгснийг банкны 2 талын лавлагаагаар гарган, хасч өгнө үү. Уг 390.000.000 төгрөгийн 50.000.000-д нь хохирогч гутал авч зарахаар надад тусад нь өгсөн ба захиалсан барааг нь авч би өгсөн. Уг бараагаа зараад сууж байхад нь үл таних хүмүүс ирээд барааг аваад явсан гэдэг. Прокурор уг 50.000.000 төгрөгийг иргэний шүүхээр нэхэмжил гэсэн. Нийт хохирлыг 390.000.000 биш 340.000.000 төгрөгөөр тооцож өгнө үү.
Хохирогч Ө.М-аас 145.500.000 төгрөг авсан ч 238.000.000 төгрөг бүхий 92.500.000 төгрөгийн зөрүү төлөлтийг түүний хууль бус үйлдлийн улмаас аргагүй эрхэнд өгснийг 2025 оны 11 дүгээр сарын 05-нд гомдол гаргаж, 11 дүгээр сарын 19-нд цагдаагаас хохирогчоор тогтоон, надаас мэдүүлэг авсан. 17 ширхэг “iPhone 13 pro max” утсаа ашгаа хуваана гэж тооцсон ч 2.000.000 төгрөгөөр хохирогч тооцон тавыг нь дээрэмдэж авсан. Зөрүү нь 42.500.000 төгрөг. Эхнэр Л-гийнх нь болон тэдний хүмүүсийн эрхшээлд 10 цаг дарамтанд байхдаа хохирогч Н-, Б- нараас 47.000.000 төгрөг авч шилжүүлж өгсөн. 85.000.000 төгрөгийн “Harrier” машинаа хохиролд өгөхдөө 35.000.000 төгрөгөөр тооцуулж залилуулсан. Би энэ хүнд 4.500.000 төгрөгийн гар утсаа 2 саяар дээрэмдүүлэн алдаж, машинаа залилуулж, дарамтанд нь байхдаа амьд гарахын тулд өөр 5 хүнийг хохироосон. Өнөөдөр Ө.М-ын хохирогч болоод байгааг шүүх анхаарч үзнэ үү. Шүүгч миний мэдүүлгийн үед “энэ хэргийг 60-даад шийдье, тэгэх үү, прокурор оо?” гэснээ шууд шийдвэр гаргасан нь эргэлзээ төрүүлээд байна. Б-ын тооцоог ярьж байхад шүүгч “он, сартай дансны хуулга авах хэрэгтэй байна” гэхэд прокурор “мэдэхгүй ээ, банк л ингээд өгчихсөн, хохирогч залхсандаа 18.000.000 төгрөгийг хасуулж байгаа” гэсэнд нь гомдолтой байна. Анхан шатны хуралдаанд би нотлох баримт шинжлэн судлаагүй, өмгөөлөгчгүй орсон. Би өнөөдрийг хүртэл гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсдаг. Надад өгсөн мөнгийг нэг ч төгрөг дутаалгүй тогтоосон атлаа миний төлөлтүүдийг хасаагүй, өгсөн зүйлүүд дээр бодитоор үнэлгээ хийлгүй шийдлээ. Одоогоор нийт хохирлын 80 хувийг төлсөн. ...Анхан шатны шүүх 2026 оны 02 дугаар сард шүүх хуралдаан явуулж шийтгэх тогтоолыг танилцуулахдаа нэр бүхий хохирогч тус бүрээс гаргуулах мөнгөн дүнг тодорхой дурдан, Б.З-ээс гаргуулан холбогдох хохирогч нарт олгохоор шийдвэрлэж, шүүх хуралдааны танхимд зарлаж, алх цохисон. Гэтэл миний гар дээр ирсэн шийтгэх тогтоолд тусгагдсан хохирлын дүн танилцуулсан дүнгээс эрс зөрүүтэй байна. Энэ зөрүү нь бага хэмжээний буюу 100.000-200.000 төгрөгийн зөрүү биш, харин 10.000.000-20.000.000 төгрөгийн хэмжээний ноцтой зөрүү байгаа. Тухайлбал, зарим хохирогчийн хувьд өмнө нь танилцуулсан дүнгээс 20.000.000 төгрөгөөр бууруулсан, зарим хохирогчийн хувьд 2.000.000 төгрөгөөр нэмэгдүүлсэн зэрэг өөрчлөлт орсон нь надад эргэлзээ төрүүлсэн. Миний зүгээс уг хэрэгтэй холбоотой шүүх хуралдааны дэг зөрчигдсөн асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлд хандан гомдол гаргасан. Уг гомдлын дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр дарга П.Золзаяагийн гарын үсэгтэй хариу ирүүлсэн бөгөөд тус хариунд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд холбогдох асуудлыг хянан шийдвэрлүүлэхээр хүргүүлэхийг зөвлөсөн. Тухайлбал, 2026 оны 01 дүгээр сард шүүгч Э.Чанцалням шүүх хуралдааны явцад нийт 3 удаа танхимаас гарсан, мөн шүүгдэгчийг мэдүүлгээ уншиж байх үед 15-20 минутын хугацаанд шүүх хуралдааны танхимыг орхиж гарсан үйл баримтыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан үзэх шаардлагатай талаар дурдсан байна. Мөн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс гаргасан магадлалтай холбогдуулан, хохирол төлсөнтэй холбоотой 7 дэвтрийг ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэн шалгах шаардлагатай талаар шүүгч Д.Мөнхөө дурдсан байдаг. Гэтэл уг баримтыг шүүхэд гаргаж өгөхөд хүлээн авахаас татгалзсан. Энэ нь өөрөө Үндсэн хуульд заасан нотлох баримт шалгуулах эрхийг хязгаарласан үйлдэл гэж үзэж байгаа тул шалгаж өгнө үү. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шууд оролцох боломжгүй тул шүүх хуралдааны бичлэгийг хянан шалгахыг давж заалдах шатны шүүхэд даалгасан. Түүнчлэн, 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд буцаахдаа 3 үндэслэл дурдсаны нэгийг би тодорхой санаж байна. Тухайн үед шүүгч Л.Д- “З.Э- гэх хүнд Г.У- гэдэг хүний автомашиныг хураан авч шилжүүлсэн байгаа нь Г.У- тухайн хэрэгт холбоотой гэж үзэж байгаа эсэх, эсхүл түүний өмчийг хураан авч шилжүүлсний дараа Г.У- өөрөө уг хэргийн хохирогч гэж эсэх асуудлыг заавал дүгнэх шаардлагатай гэж дурдсан байдаг ба дээрх асуудлыг шүүх дахин хэлэлцэхдээ огт анхаарч үзээгүй. ...Миний зүгээс дээрх асуудлыг хөндөж байгаагийн учир нь уг хавтас хэрэг өнөөдөр шийдвэрлэгдэж, нэгэнт эцэслэгдэх боловч цаашид үүнтэй холбоотой эрх зүйн эрсдэл үүсэх нөхцөл байдал бий болоод байна. Тодруулбал, би уг хэрэгт ял эдэлж байх хугацаанд Г.У- гэдэг этгээд надад холбогдуулан дахин гомдол гаргах тохиолдолд, яг энэ хэргийн хүрээнд намайг дахин яллагдагчаар татах, улмаар миний эрх зүйн байдлыг дордуулах эрсдэл үүсэх боломжтой гэж үзэж байна. ...Хохирогч Ж.Д-той холбогдуулан гомдолд тусгагдаагүй нэг нөхцөл байдлыг нэмэлтээр тайлбарлах шаардлагатай байна. Хохирогч Ж.Д- шүүхэд өгсөн мэдүүлэгтээ 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 390.000.000 төгрөгийг шилжүүлсэн гэж дурдсан байдаг. Мөн уг мөнгөн дүнгийн эх үүсвэртэй холбоотойгоор бид хамтран 131.000.000 төгрөг гаргаж, улмаар Б.З-т өгч 3 ширхэг “Прадо” маркийн автомашин худалдан авч, борлуулсан талаар мэдүүлдэг. Үүнтэй холбогдуулан би Ар гүнтэд байрлах 0.7 га газартай, 50 м² талбай бүхий 4 улирлын зориулалттай амины орон сууцыг худалдан авсан. Уг үл хөдлөх хөрөнгийг би лизингийн нөхцөлөөр худалдан авч, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Харин 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс хойш хохирогч Ж.Д- нь “Б.З- намайг байр, зуслан авч өгнө гэж залилсан” гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан бөгөөд уг өдрөөс хойш би хохирогчоос дахин ямар нэгэн мөнгө аваагүй. Тодруулбал 2022 оны 03 дугаар сард би өөрийн худалдан авсан дээрх 4 улирлын зориулалттай 50 м² амины орон сууцыг хохирогч Ж.Д-ы нэр дээр шилжүүлэн өгсөн. Энэ нь миний зүгээс хохирлыг барагдуулах зорилгоор хийсэн бодит үйлдэл юм. Уг үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхтэй холбоотойгоор нотариатч н.Б- мэдүүлэг өгсөн бөгөөд “Б.З- нь уг зуслангийн байшинг надаас 80.000.000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг хэсэгчлэн өгсөөр 2022 оны 03 дугаар сард бүрэн төлж дуусгасан. Улмаар өмчлөх эрхийг өөрийн нэр дээр биш, Ж.Д-д өртэй тул түүний нэр дээр шилжүүлж өгсөн гэж тодорхой дурдсаар байхад уг үл хөдлөх хөрөнгийг хохирлоос хасаж тооцоогүй. Мөн хохирогч Ж.Д-д 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 31 удаагийн гүйлгээгээр 194.210.000 төгрөгийг шилжүүлсэн. Эдгээр гүйлгээ нь бүгд дансны хуулгаар баталгаажих бөгөөд хэрэгт бүрэн авагдсан байгаа. Нийт гүйлгээний дүнг бүхэлд нь авч үзвэл 294.000.000 төгрөгийн шилжүүлэг хийгдсэн байдаг. Үүнээс 100.000.000 төгрөгийг би хохирол төлөлтөөс хасаж байгаа бөгөөд энэ нь бидний хамтран эрхэлж байсан бизнесийн хүрээнд хохирогчийн бараа болох гутлыг зарж борлуулсантай холбоотой юм. Иймд бодит хохирол төлөлтийн дүн нь 194.210.000 төгрөг гэж үзэх үндэслэлтэй. ...Иймд миний төлсөн хохирлын баримтуудыг харгалзан үзэж, нийт 500.000.000 төгрөгийн хэмжээнд хохирлоос хасаж тооцож өгнө үү. ...” гэв.
Хохирогч Ц.Э-гийн өмгөөлөгч М.Ундармаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс Б.З-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 7 жилийн хорих ял оногдуулсан нь хөнгөдсөн тул гомдолтой байна. Б.З- нь нийт 37 иргэнд 2.438.148.760 төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс нэр бүхий хохирогч нар болох Б.Х-, н.М-, Б.Б-, Д.Д-, Д.Б- нар нь хохирол төлбөрөө нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлэн, үлдсэн 32 иргэнд 1.160.510.260 төгрөгийн хохирол учруулсан байдаг. Үүнээс хохирогч Ц.Э-д 62.817.000 төгрөгийн бодит хохирол учруулсан. Б.З- нь гэм буруу дээр маргаж, хохирогч Ц.Э-д хохирол төлбөр барагдуулаагүй. Тэрээр гомдолдоо 2022 онд хохирогч Ц.Э-д 4 ширхэг гар утас болон 10.000.000 төгрөг өгсөн гэж дурдсан бөгөөд уг үйл баримтыг 5 дугаар хавтасны 151-153 дугаар талд авагдсан гэж тэмдэглэсэн байна. Гэвч 4 ширхэг гар утас өгсөн гэх нөхцөл байдлыг 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл (13 дугаар хавтас, 237 дугаар тал)-д тодруулан асуухад уг гар утаснуудыг Ц.Э-д бус, н.М- гэх хүнд өгсөн болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, хохирогч Ц.Э- эдгээр гар утсыг өөрөө хүлээн аваагүй. Мөн 10.000.000 төгрөг өгсөн гэх тайлбартай холбогдуулан 2022 оноос 2025 оныг дуустал хугацааны дансны хуулгыг бүхэлд нь шүүхэд гаргаж өгсөн бөгөөд уг мөнгөн дүн хохирогчийн дансанд орж ирсэн баримт тогтоогдоогүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирол төлбөр маргаантай гэж үзэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд дахин мэдүүлэг авсан. Энэ хүрээнд Б.З- нийт 4 удаагийн мэдүүлэг өгсөн бөгөөд мэдүүлгүүдийн агуулга харилцан зөрүүтэй, тогтворгүй байдал ажиглагддаг. Түүнчлэн, Б.З- нь оргон зайлсан хугацаандаа бусдын дансаар дамжуулан мөнгө шилжүүлдэг байсан бөгөөд гүйлгээний утга, агуулгыг өөр өөрөөр тэмдэглэсэн нь бодит нөхцөл байдлыг тогтооход хүндрэл учруулж байна. Б.З-ийн тайлбарлаж буй үйл баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, ялангуяа шүүх хуралдааны үед нэг бүрчлэн тулгаж, тооцоо нийлж шалгасан. Үүний үр дүнд 10.000.000 төгрөг шилжүүлсэн гэх баримт тогтоогдоогүй, мөн 4 ширхэг гар утсыг хохирогчид хүлээлгэн өгсөн гэх нөхцөл байдал үгүйсгэгдсэн. Хохирогч Ц.Э-гийн анхны мэдүүлгээр 75.300.000 төгрөгийн хохирол учирсан гэж мэдүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлгийн явцад 71.200.000 төгрөгийн дүнг хүлээн зөвшөөрсөн. Үүнээс Б.З-ийн гаргаж өгсөн он, сар, өдрийн дараалал бүхий тооцоололд үндэслэн тодорхой хэсгийг хасаж тооцоход үлдэгдэл хохирол 63.430.000 төгрөг болж тогтоогдсон. Анхан шатны шүүхээс дээрх хэмжээгээр хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн.
Хохирогч Ц.Э- нь БНХАУ-ын Бээжингийн эмнэлэгт химийн туяа эмчилгээ хийлгэж, эрүүл мэнд, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд асар хүнд байдалтай байдаг. Гэтэл түүнийг шүүх хуралдаанд оролцох боломжгүй байдлыг ашиглан 4 ширхэг гар утас өгсөн, 35 ширхэг гутал өгсөн мэтээр хохирол төлбөр, тооцоо дээр маргаж байсан. Шүүх улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгчийн санал зэргийг хэргийн бодит байдалтай уялдуулахгүй, хохирол төлөгдсөн байдал, гэмт хэргийн шинж, нийгэмд учруулсан аюулын шинж чанарыг зэргийг харгалзан үзэлгүйгээр 7 жилийн хорих ял оноосонд нь гомдолтой байна. ...” гэв.
Хохирогч А.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би шүүх хуралдаан болгонд орохыг хичээдэг. З- надад 10.500.000 төгрөг өгсөн гэх боловч би аваагүй. Гаргасан тайлбарууд нь худал байна. Хэрэв надаас дансны хуулгаа гаргаад ир гэвэл аваад ирнэ. Сүүлийн шүүх хуралдааны үеэр миний эцэг цус харвасан учраас шүүхээс би “яаралтай явж болох уу?” гэхэд “таны хохирлыг эхлээд шийдвэрлэе” гэж байсан. Шүүхээс надад асуулт тавихад би “тийм ээ” гээд л хариулчихсан. Яг үнэндээ би 10.500.000 төгрөгийг аваагүй. Шүүхээс намайг 13.530.000 төгрөг авсан гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. ...” гэв.
Хохирогч Г.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүх хуралдаан завсарлах үед надад 300.000 төгрөг өгсөн. Шүүх 153.900.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд маргахгүй. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.З-ийн гомдлыг дэмжиж байна. Прокурорын яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй. Уг хэрэгт нийт 36 хохирогчтой гэх боловч эдгээр хохирогч тус бүрийн хувьд гэмт хэрэг хаана үйлдэгдсэн, ямар нөхцөл байдалд мөнгийг нь авсан болохыг тодорхой тусгаж, нотлон тогтоогоогүй байна. Тухайлбал, Г.М-, Ө.М-, И.Н-, Б.Ч-, Д.Д-, М-, Б.Б- зэрэг нэр бүхий хохирогчдоос мөнгийг нь авахдаа ямар газар, ямар нөхцөлд үйлдэгдсэн болох нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал”-ын шаардлагыг хангаагүй. Мөн хуулийн холбогдох заалтад гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, шинж чанарыг бүрэн тогтоох шаардлагатайг тодорхой тусгасан. Гэтэл дээрх нотолбол зохих байдлын голлох заалтууд хангагдаагүй тул шүүх хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Хоёрдугаарт, хохирсон этгээдүүдийн зөрчигдсөн эрх ашгийг сэргээх, учирсан хохирлыг хэрхэн, ямар хэмжээгээр барагдуулах асуудал нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн бүрэн гүйцэд тогтоогдож, шийдвэрлэгдэх ёстой. Гэтэл энэ ажиллагаа хангалттай хийгдээгүй байхад хэргийг шүүхэд шилжүүлж, анхан болон давж заалдах шатны шүүх дээр маргаан үүсгэж байгаа нь зохисгүй байна. Өөрөөр хэлбэл, хохирогч нарын эрхийг хангах зорилгоор шүүгдэгчид олон жилийн ял оногдуулах нь өөрөө хохирлыг нөхөн төлүүлэх хууль зүйн баталгаа болдоггүй. Иймд “ял хөнгөдсөн” гэх гомдлын хүрээнд энэ нөхцөл байдлыг харгалзан үзэх шаардлагатай гэж өмгөөлөгчийн зүгээс тайлбарлаж байна. Гуравдугаарт, шүүгдэгч Б.З- нь өөрийнхөө дансны гүйлгээнүүдийг үндэслэн тодорхой хугацаанд, тодорхой дүнгээр хохирол төлсөн талаар удаа дараа тайлбарлаж, “тэдэн сарын тэдний өдөр, тийм данс руу, тийм утгаар мөнгө шилжүүлсэн” гэж тодорхой дурддаг. Гэтэл хохирогч нар уг мөнгийг хүлээн аваагүй гэж мэдүүлж, зөрүүтэй байдал үүсээд байна. Ийм нөхцөлд уг маргааныг зөвхөн мэдүүлгээр бус, бодит баримтаар тогтоох шаардлагатай. Тодруулбал, шүүгдэгчийн дансны хуулгад үзлэг хийж, тухайн гүйлгээнүүдийг шалгах ажиллагааг хийх ёстой байсан. Гэвч энэ ажиллагаа хийгдээгүй бөгөөд энэ талаар шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс удаа дараа хүсэлт гаргасан ч 3 жилийн хугацаанд шийдвэрлэгдээгүй байна. Дээрх ажиллагааг хийх шаардлагыг давж заалдах шатны шүүх магадлалдаа тодорхой заасан. Магадлалд заасан ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч нар заавал биелүүлэх үүрэгтэй. Хохирлын хэмжээг тогтоох асуудалд шүүх хуралдаан бүр дээр олон цаг зарцуулж байгаа нь бодит байдал дээр мөрдөн байцаалтын шатанд шийдвэрлэгдэх ёстой асуудал байсныг харуулж байна. Анхан шатны шүүх уг асуудлыг тодорхой хугацаагаар хойшлуулж, нотлох баримтыг бүрэн шалгуулсны үндсэн дээр шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна. ...Миний үйлчлүүлэгчийн тайлбарт дурдсан нэг чухал нөхцөл байдлыг дурдах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг нь бичгээр гарсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй байвал энэ нь ноцтой зөрчилд хамаарна гэж хуульчилсан. Гэтэл уг хэрэгт шүүх хуралдаанд танилцуулсан шийдвэр болон бичгээр гарсан шийтгэх тогтоолын хооронд зөрүү байгаа талаар миний үйлчлүүлэгч гомдол гаргасан байна. Энэ үндэслэлээр Шүүхийн ерөнхий зөвлөлд гомдол гаргасан бөгөөд тус байгууллагаас хариу өгсөн боловч уг хариу нь шүүхэд ирээгүй, хэрэгт хавсаргагдаагүй байна. Иймд дээрх нөхцөл байдал нь хуульд заасан ноцтой зөрчилд хамаарах эсэхийг шүүх анхаарч үзэх шаардлагатай. Дараагийн асуудал нь хохиролтой холбоотой нотлох баримтын үнэлгээний тухай юм. Шүүгдэгч Б.З-ийн хувьд өөрийнхөө дансаар дамжуулан их хэмжээний буюу 1.500.000.000 төгрөг орчим мөнгийг хохирогч нарт шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа. Ийм байхад түүний дансны гүйлгээг шалгах ажиллагааг хийхэд хүндрэлтэй зүйл байхгүй. Тодруулбал, тухайн хугацаанд 4-6 сарын дансны хуулгыг гаргуулан авч үзэхэд л шүүгдэгчийн данснаас хэн, хэний данс руу, хэдий хэмжээний мөнгийг, хэзээ, ямар утгаар шилжүүлсэн болохыг бүрэн тогтоох боломжтой. Мөн шүүгдэгч нь өөрийн хийсэн гүйлгээ бүрийг тэмдэглэсэн олон тооны дэвтэр хөтөлж ирсэн бөгөөд өдөр, цаг, мөнгөн дүн, хүлээн авагчийн мэдээллийг нарийвчлан тэмдэглэсэн байдаг. Эдгээр тэмдэглэл нь хэрэгт авагдсан бөгөөд тухайн дэвтэрт тэмдэглэсэн гүйлгээнүүдийг дансны хуулгатай тулган шалгах бүрэн боломжтой. Эцэст нь хэлэхэд, уг хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг 3.1-д заасныг хэрэглэсэн нь үндэслэлтэй эсэхэд өмгөөлөгчийн зүгээс эргэлздэг. Энэ асуудал дээр өмгөөлөгчийн байр суурь нь прокурорын дүгнэлттэй нийцдэггүй. Хуулийг нэг мөр, зөв хэрэглэх ёстой. Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 33 дугаар тогтоолд “гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинжийг тодорхой тайлбарласан байдаг. Тухайлбал, нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд давтан үйлдэж, улмаар олсон ашиг орлогоо өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд тогтмол ашиглаж, амьжиргааны эх үүсвэр болгосон нөхцөлд энэхүү хүндрүүлэх бүрэлдэхүүн бүрдэнэ гэж заасан. Гэтэл энэ хэрэгт шүүгдэгч Б.З- нь яг хэдий хэмжээний мөнгийг, ямар зориулалтаар, хэрхэн амьдралынхаа байнгын эх үүсвэр болгож ашигласан талаар прокурор болон шүүхийн зүгээс тодорхой, үндэслэл бүхий дүгнэлт хийгдээгүй. Өөрөөр хэлбэл, дээрх хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хэрэглэхэд зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг 3.1 дэх заалтыг хэрэглэсэн нь эргэлзээтэй гэж үзэж байна. Мөн гэмт хэрэг үйлдэх нь тухайн этгээдийн амьдралын хэвшил болсон эсэх, хууль бус аргаар ашиг олох зорилгыг байнга эрэлхийлж, түүнийгээ тогтвортой амьжиргааны эх үүсвэр болгосон эсэхийг бодит баримтаар тогтоох шаардлагатай. Нөгөө талаар, хохирогч нарын хувьд шүүгдэгчтэй анх удаа харилцаанд орсон бус, тодорхой хугацаанд харилцан ашиг хүртэж байсан нөхцөл байдал харагддаг. Харин дараагийн үйлдлүүд дээр алдагдал үүссэнийг бүхэлд нь эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж байгаа нь өөрөө иргэний эрх зүйн харилцааны шинжтэй асуудал ч байх эсэхэд эргэлзээ төрүүлдэг. Иймд дээр дурдсан зөрчил, нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хуульд нийцүүлэн нягтлан шалгаж, шударгаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...уг хэргийг өмнө нь буюу 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж хохирлын асуудлыг тодорхой болгохоор 60 хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулж байсан. 60 хоногийн дотор хохирлын асуудлыг нарийвчлан тодруулах ажиллагааг явуулсан. Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хохирогч нарт мэдэгдэл хүргүүлж, холбогдох мэдээллийг цуглуулсан. Мөн хэргийн материалтай танилцуулах ажиллагааг зохион байгуулж, дансны хуулгуудыг авч, мэдүүлгүүдийг дахин авсан. Үүний үндсэн дээр хохирогч нарын өмнө өгсөн болон шинээр гаргаж өгсөн баримтуудыг тулган, дутуу тусгагдсан дүнг тодорхойлсон гэж үзэж байна. Улмаар уг хэргийг 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр давж заалдах шатны шүүхээр хэлэлцсэн. Шүүгдэгч Б.З- нь тухайн үед гаргасан гомдолдоо нэр бүхий 8 хохирогчийг дурдсан байсан бол өнөөдрийн байдлаар гаргаж буй гомдолд 10 хүн болж өөрчилсөн байна. Мөн хохирогчийн тоо, нэр, хохирлын дүн нь шүүх хуралдаан бүрийн явцад өөрчлөгдөж байгаа нь ажиглагдаж байна. Анхан шатны шүүх хуралдаан хоёр удаа хойшлогдож, дахин хэлэлцэгдсэн. Энэ хугацаанд шүүгдэгчийн зүгээс “тодорхой 4 хохирогчтой холбоотой маргаантай асуудал байна” гэж тайлбарлаж байсан боловч шүүх хуралдаанд тэдгээр хохирогчийг оролцуулах санал гаргаагүй. Мөн шүүгдэгчийн гаргаж буй баримтууд нь зарим тохиолдолд 1-2 сая төгрөгийн хэмжээтэй, тодорхой он, сар, өдөргүй, хэнээс хэнд шилжүүлсэн нь тодорхойгүй, өөр хүний данс ашиглаж шилжүүлж байсан зэрэг нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа талаар прокурорын зүгээс шүүхэд санал илэрхийлж байсан. Гэсэн хэдий ч зарим хохирогчийн хувьд тодорхой хэмжээнд мөнгө хүлээн авсан нь тогтоогдсон тул тухайн хэмжээгээр хохирлыг бууруулж тооцсон. Шүүгдэгчийн хувьд “хэн, хэнд, хэдий хэмжээний мөнгө шилжүүлсэн” талаарх тайлбарууд нь тогтворгүй, шүүх хуралдаан бүр дээр өөрчлөгдөж байгаа нь бодит нөхцөл байдлыг тогтооход хүндрэл учруулж байна. Түүнчлэн, хохирогч Ц.Э-тай холбоотойгоор өмнө нь дурдагдаж байгаагүй дүнг шүүх хуралдааны явцад шинээр гаргаж ирж байгаа зэрэг нь мөн адил зөрүүтэй байдал үүсгэж байна. Өнөөдрийн байдлаар гомдол гаргасан хохирогч 12 гэж дурдагдаж байгаа боловч гомдолд нэр бүхий 10 хохирогч байна. Тухайлбал, хохирогч Б.О-ы 7.000.000 төгрөгийн асуудлын талаар тухайн хохирогч хэрэгтэй танилцах явцдаа тодорхой тайлбар бичиж өгсөн бөгөөд энэ нь хэргийн материалд авагдсан байна. Тухайн хоёр хохирогчийн хувьд өмнө нь мөнгө төгрөгийн харилцаа үүсэж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Иймд хохирогч О-тай холбоотой 7.000.000 төгрөгийг хохирлоос хасах хууль зүйн үндэслэлгүй гэж прокурорын зүгээс үзэж байна. Мөн хохирогч А.Б-ийн талаар тайлбарлая. Анхан шатны шүүх өмнөх шүүх хуралдаанууд болон хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн шүүгдэгчээс нийт 13.530.000 төгрөгийг төлсөн гэж үзэж, уг дүнгээр хохирлыг бууруулж тооцсон. Гэтэл шүүх хуралдааны явцад өгч буй өнөөдрийн тайлбаруудаас үзэхэд шүүгдэгч нь 1.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн, мөн хэсэгчлэн 100.000–150.000 төгрөгөөр өгсөн гүйлгээнүүд нийтдээ 2.180.000 төгрөг болсон, түүнчлэн гутлыг 2.000.000 төгрөгөөр тооцсон гэж байгаа зэргээр өмнөхөөсөө зөрүүтэй тайлбар гаргаж байна. Эдгээрийг нэгтгэн тооцвол нийт 4.400.000 төгрөгийн дүн гарч байгаа бөгөөд энэ нь өмнө тогтоогдсон 13.530.000 төгрөгийн дүнтэй нийцэхгүй, зөрүүтэй байна. Иймд хохирогчийн давж заалдах шатны шүүхэд өгсөн мэдүүлгийг үндэслэн дээрх дүнг хохирлоос хасаж тооцох нь үндэслэлгүй гэж прокурорын зүгээс үзэж байна. Түүнчлэн анхан шатны шүүхийн тогтоосон 13.530.000 төгрөгийн дүн өөрөө эргэлзээтэй болсон гэж үзэж байгаа бөгөөд шүүгдэгчийн “14.530.000 төгрөг төлсөн” гэх тайлбар нь нотлох баримтаар батлагдаагүй, үндэслэлгүй. Хохирогч Ц.Б-тэй холбоотой өмнөх шүүх хуралдаанд шүүгдэгч Б.З- нь 2 ширхэг гар утас өгсөн талаар тайлбар гаргасан бөгөөд энэ нь нотлох баримтаар тодорхой хэмжээнд тогтоогдсон гэж үзсэн. Шүүх хуралдааны явцад шүүгчээс тухайн гар утаснуудын үнийг тодруулахад 2 ширхэг гар утсыг нийт 5.000.000 төгрөгөөр, тухайн үеийн зах зээлийн ханш нь 1 утас нь 2.500.000 төгрөг байсан талаар тайлбарласан. Үүний дагуу анхан шатны шүүх тухайн 2 ширхэг гар утасны үнийг хохирлоос хасаж тооцон, үлдэгдэл хохирлыг 45.900.000 төгрөгөөр тогтоосон. Хохирогч Г.М-ын хувьд шүүх хуралдааны завсарлагааны үеэр 300.000 төгрөг төлсөн, мөн өмнө нь 100.000 төгрөг төлсөн нь тогтоогдож, нийт 400.000 төгрөгийг хохирлоос хасаж тооцсон. Гэтэл шүүгдэгч “хасагдаагүй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Хохирогч Ц.Э-тай холбоотой өмнө нь ойролцоогоор 6.000.000 төгрөгийн хохирол хасагдаж байсан бол анхан шатны шүүх хуралдааны явцад дахин хэлэлцэж, өмгөөлөгч болон хохирогчийн зүгээс нотлох баримтаа нягтлан үзсэний үндсэн дээр 8.388.000 төгрөгийн дүнг хасаж тооцсон. Улмаар үлдэгдэл хохирлыг 62.817.000 төгрөгөөр тогтоосон. Харин шүүгдэгч “4 ширхэг гар утас өгсөн”, “биет эд зүйл өгсөн” гэх мэтээр тайлбарлаж байгаа боловч эдгээр нь нотлох баримтаар тогтоогдоогүй тул хохирлоос хасаж тооцох боломжгүй. Б.З-ийн хувьд өнөөдрийн шүүх хуралдаанд Ц.А-д 2.500.000 төгрөг төлсөн гэж шинээр тайлбар гаргаж байгаа боловч өмнөх хоёр удаагийн шүүх хуралдаанд шүүгдэгч нь “надад гомдол санал байхгүй, хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлж байсан. Иймд энэхүү тайлбар нь нотлох баримтаар батлагдаагүй, өмнөх мэдүүлэгтэй зөрүүтэй байна гэж үзэж байна. Нийт 6 хохирогчтой холбоотой асуудлыг тайлбарлалаа. Үүн дээр нэмэгдэн Д.Б-, Б.Б-, Ө.М-, Ж.Д- гэсэн 4 хохирогчийн асуудал яригдаж байна. Эдгээрээс Д.Б- болон Б.Б- нарын хохирлын хувьд прокурорын зүгээс маргаан гаргаагүй. Харин шүүгдэгчийн гомдлын агуулгаас үзэхэд “эдгээр хохирогчдыг залилан мэхэлсэн үйлдэл байхгүй, яллагдагчаар татсан шийдвэрийг хүчингүй болгуулах” гомдол гаргаж байна. Юуны өмнө, тухайн хоёр хохирогчийг залилсан эсэх асуудал нь анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхээс холбогдох дүгнэлтийг хийсэн. Өөрөөр хэлбэл, эдгээр хохирогчдыг залилсан үйлдэл тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Шүүгдэгчийн хувьд өмнөх шүүх хуралдаанд “Ө.М-ын зүгээс дарамт үзүүлж, түүнд эд хөрөнгөө алдсан, улмаар хохирогч болсон” гэж мэдүүлсэн. Мөн уг асуудлаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж, шалгуулсан талаар дурдсан байдаг бөгөөд шалгалтын хариуг өөрт нь хүргүүлсэн гэж ойлгож байна. Хэрэв шүүгдэгч Ө.М-д дарамтлуулж, эд хөрөнгөө алдсан нь нотлох баримтаар тогтоогдвол холбогдох эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг тусад нь шийдвэрлэх боломжтой. Гэвч энэ хэрэгт Ө.М- нь өөрийгөө хохирсон гэж мэдүүлж, хохирлын хэмжээг тогтоолгосон хэдий ч “хохирол нэхэмжлэхгүй” гэсэн байр суурь илэрхийлсэн байна. Харин хохирогч Ж.Д-ы хувьд анх 340.000.000 төгрөгийн хохиролтой байсан боловч прокурорын шатанд яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт орж, нийт хохирлыг 390.800.000 төгрөгөөр тогтоосон. Үүнээс төлөгдсөн дүнг хасаж үлдэгдэл хохирлыг 267.360.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Дээрхээс илүү хэмжээний мөнгийг шүүгдэгч төлсөн, эсхүл шилжүүлсэн гэх үйл баримт нотлох баримтаар тогтоогдоогүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын 11 дүгээр талд дурдагдсан Б.Б- хохирогчийн дансны хуулгад 18.000.000 төгрөгийн гүйлгээ байгаа талаар маргаан гарсан. Уг асуудлаар Б.Б- хохирогчийг шүүх хуралдаанд дахин оролцуулахаар дуудсан боловч тухайн хохирогч нь “олон удаа шүүх хуралдаанд оролцсон тул дахин оролцох боломжгүй” гэж бичгээр мэдэгдсэн. Мөн дээрх 18.000.000 төгрөгийн асуудлаар “энэ мөнгийг авахгүй” гэсэн байр сууриа илэрхийлсэн тул шүүхээс хохирлоос хасаж тооцсон. Хохирогч Б.М-ын хувьд шүүх хуралдаанд биечлэн оролцож, өөрийн гараар тайлбар бичиж өгсөн. Тэрээр дансны хуулгаа дахин нягталж үзэхэд 1.600.000 төгрөгийг хүлээн авсан болохыг зөвшөөрч, уг дүнг хохирлоос хасаж тооцохыг хүссэн. Үүний дагуу үлдэгдэл 1.400.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ нь нотлох баримтад тулгуурласан гэж үзэж байна. Мөн хохирогч Ц.Э-тай холбоотой 4 ширхэг гар утас өгсөн гэх асуудлыг дахин хэлэлцэж, холбогдох баримтуудыг нягталж үзсэн. Үүний үр дүнд хохирогч уг гар утаснуудыг хүлээн аваагүй болох нь тогтоогдсон тул эдгээрийг хохирлоос хасаж тооцох үндэслэлгүй гэж үзсэн. Харин дансаар шилжүүлсэн мөнгөн дүнг үндэслэн 8.000.000 гаруй төгрөгийг хохирлоос хасаж тооцсон. Ийнхүү давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Өмгөөлөгчийн гаргасан тайлбартай холбогдуулан хэлэхэд, яллах дүгнэлтэд гэмт хэрэг үйлдэгдсэн газрын талаар тодорхой тусгагдаагүй гэх боловч хохирогч нарын мэдүүлэгт тухайн үйл баримтууд тодорхой тусгагдсан гэж үзэж байна. Мөн уг үйлдэл тодорхой хугацаанд давтамжтайгаар үйлдэгдсэн бөгөөд шүүгдэгч нь олсон мөнгийг өр төлбөр, хувийн хэрэгцээнд, бараа материал худалдан авахад зарцуулсан тухай өөрөө мэдүүлсэн. Иймд амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.З-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч болон хохирогч Ц.Э-гийн өмгөөлөгч М.Ундармаа нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Б.З- нь хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж,
1. “Австрали улсаас хямд машин оруулж ирнэ” гэж хохирогч Б.О-аас 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 22.300.000 төгрөгийг авч залилсан болох нь Б.О-ы “Хаан” банкин дахь 5М-2 тоот дансны хуулга /5-р хх-ийн 87-98/,
хохирогч Б.О-ы “...Б.З-т “Тоёота Харриер” машин захиалж, 22.300.000 төгрөг өгсөн. ...” /5-р хх 102-103/,
Б.З-ийн яллагдагчаар өгсөн “...Б.О- эгчээс “машин захиалж өгнө” гээд 23.500.000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сард авч байсан. Тухайн мөнгөөр нь юу хийсэн гэдгээ санахгүй байна. Ямартаа ч машиныг нь бол захиалж өгөөгүй. ...” /5-р хх-ийн 112-113/ гэсэн мэдүүлгүүд,
Б.З-ийн мөнгө хүлээн авсан тухай гар бичмэл /5-р хх-ийн 86/;
2. “Хурд” ХХК-ийн туслан гүйцэтгэгч компаниас зах зээлийн ханшнаас хямд байр авах боломжтой, мөн “Toyota Prado 150” загварын автомашин захиалж өгнө”, “гутал авч, заруулж ашиг олно” гэж хохирогч Ж.Д-оос 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 03 дугаар арын 02-ны өдрийн хооронд 390.800.000 төгрөгийг залилж авсан болох нь Ж.Д-ы “Хаан банкин дахь 5М-1 тоот дансны хуулга /1-р хх 75-85/,
хохирогч Ж.Д-ы “ ...2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 6 удаагийн гүйлгээгээр 49.500.000 төгрөгийг Б.З-т шилжүүлэн өгсөн. ...2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 9 удаагийн гүйлгээгээр 218.200.000 төгрөгийг мөн шилжүүлж өгсөн. ...2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хооронд нийт 5 удаагийн гүйлгээгээр 123.100.000 төгрөгийг Б.З-ийн данс руу шилжүүлсэн. Ингээд би нийт 390.800.000 төгрөгийг Б.З-т өгч, хохирсон. ...” /9-р хх 175-176/,
Б.З-ийн яллагдагчаар өгсөн “...Ж.Д- багшид би “байр захиалсан” гэж хэлээд мөнгийг нь бараа авахаар шилжүүлчихсэн. Мөнгийг нь өсгөх санаатай л байсан. Ж.Д- багшаас авсан мөнгийг бүгдийг нь БНХАУ-аас авч ирэх гутал, хувцсанд зарцуулчихсан. ...” /1-р хх 149-151/ гэсэн мэдүүлэгүүд,
Гаалийн ерөнхий газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 03-2/799 дугаартай “...УБ- регистрийн дугаартай Б-ийн З- нэрээр 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн мэдээлэл гаалийн мэдүүлгийн санд бүртгэгдээгүй байна. ...” гэсэн албан бичиг /1-р хх 169/,
Улсын бүртгэлийн газрын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 810 дугаартай үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /1хх 182/,
“Сандэй Плаза” төвөөс ирүүлсэн Т/02/36, 2216 дугаартай албан бичгүүд /1-р хх 186,188/,
Б.З-ийн “Хаан” банкин дахь 5М-6 тоот дансны хуулга /1-р хх 216-249, 2-р хх 1-95/,
3. “Австрали улсаас “Toyota Harrier” загварын автомашин оруулж ирнэ, “I phone” загварын гар утас захиалж авч өгнө, бизнес хийхэд зориулна, гааль дээр машин ирсэн авах гээд байна” гэж хохирогч Г.П-оос 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл нийт 132.000.000 төгрөгийг залилж авсан болох нь Г.П-ийн “Хаан” банкин дахь 5П-3 тоот дансны хуулга /4-р хх 243-249/,
хохирогч Г.П-ийн “...“Харриэр” машины урьдчилгаа 11.000.000 төгрөг шилжүүлэн, үлдэгдэл 15.000.000 төгрөгийг тухайн сардаа шилжүүлж дуусгасан. Ингээд он гарсан ба “дараагийн хоёр машины урьдчилгаа өг” гэхээр нь би Б.З-т 15.000.000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр шилжүүлсэн. Маргааш орой нь би 20 ширхэг гар утас захиалж, 28.000.000 төгрөг шилжүүлсэн. Түүний дараа надад 8.000.000 төгрөг өгч, үлдэгдэл 34.000.000 төгрөгийг дараагийн машинд шингээж аваад, сүүлийн захиалсан хоёр машины тооцоо дууссан гэж хэлсэн. ...03 дугаар сарын 08-ны өдөр УИХ-ын гишүүн Г.У-тай нийлж, Хятад улс руу нүүрс гаргах бизнес хийх гэж байна, үүнд зориулж 50.000.000 төгрөг зээлээч гэж хэлээд надаас авсан. ...2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Б.З- над руу утсаар залгаад, “нөгөө гар утас чинь гааль дээр ирсэн байна, тээврийн мөнгө хэрэгтэй байна, яаралтай 5.000.000 төгрөг өгөх боломж байна уу?” гэж асуухаар нь би 3.000.000 төгрөгийг Б.З-ийн данс руу шилжүүлсэн боловч үүнээс хойш намайг фэйсбүүкээсээ блоклосон, мөн утсаа авахаа больсон. ...” /5-р хх 3-5/,
Б.З-ийн яллагдагчаар өгсөн “...яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” /5-р хх 18/ гэсэн мэдүүлгүүд;
4. “Австрали улсаас гар утас хямд авчирч зарвал ашигтай, би танд “I phone 13 pro max” загварын 40 ширхэг гар утсаар бодож мөнгийг чинь гаргаж өгнө” гэж хохирогч Г.М-ээс 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хооронд 167.000.000 төгрөгийг залилж авсан болох нь хохирогч Г.М-ийн “...Б.З-ээс мөнгөө нэхсээр өнөөдрийг хүрсэн ба энэ хугацаанд надад нийт 113.000.000 төгрөг өгсөн. Одоо 111.000.000 төгрөг өгөөгүй байгаа. ...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 134-136/,
Б.З-ийн яллагдагчаар өгсөн “...би Г.М-т одоогийн байдлаар 128.000.000 төгрөг өгсөн, 28.950.000 төгрөг үлдсэн. ...” гэсэн мэдүүлэг /2-р хх 165/;
Монгол банкны ханшийн лавлагаа /2-р хх-ийн 141-154/,
5. “82 ширхэг “I phone” загварын гар утас оруулж ирж өгнө” гэж хохирогч З.Э-аас 2022 оны 03 дугаар сараас 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд 195.000.000 төгрөгийг залилж авсан болох нь З.Э-ын “Хаан” банкин дахь 5П-5 тоот дансны хуулга /5-р 179-182/,
гэрч Г.У-ын “...энэ оны 04 сард Б.З- над руу залгаад “машинаа очиж ав” гэж хэлсэн. Би Б.З-тэй уулзаж, хамт 22-ын товчооны орчим очсон ба Б.З- Ж.Э- гэх залуутай уулзсан. Тухайн үед л Ж.Э- гэх залууг анх удаа харсан ба Б.З- “энэ таны машин шүү” гээд “Тоёота Форраннер” машин өгсөн. Тэр машиныг би өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсан. ...Түүний дараа Ж.Э- гэж залуу надтай ирж уулзаж, машинаа нэхсэн ба би Ж.Э-т “цагдаад өргөдлөө өгөөрэй” гэж зөвлөөд явуулсан. ...” /5-р хх 230-232/,
Б.З-ийн яллагдагчаар өгсөн “...би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” /5-р хх 221/ гэсэн мэдүүлгүүд,
“Тоёота Форанер” маркийн У- УНҮ улсын дугаартай автомашиныг 130.000.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /5-р хх 173-175/,
Б.З-, Ж.Э- нарын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан “I phone 13 pro max” загварын 82 ширхэг гар утас худалдах, худалдан авах гэрээ /5-р хх 183-184/;
6. “Япон улсаас зах зээлийн үнээс хямдаар машин оруулж ирэх квот байгаа” гэж хохирогч Г.Э-гээс 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 97.000.000 төгрөгийг залилж авсан болох нь Г.Э-гээс Б.З- рүү мөнгө шилжүүлсэн дансны хуулга /3-р хх 244-246/,
хохирогч Г.Э-гийн “...2022 оны 01 дүгээр сард Б.З- над руу залгаад “...би Ерөнхийлөгчийн тамгын газарт төсөл дээр ажиллаж байгаа, ер нь бол жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлийн асуудал дээр ажиллаж байгаа.” гэж хэлсэн. Нэг удаа над руу залгаад “би ченж нараас хямд машин оруулж ирдэг квот авсан байгаа, та машин захиалж болно” гэж хэлсэн. Би 97.000.000 төгрөг хүнээс зээлж авсан ба буцааж өгөхдөө надад 150.000.000 төгрөг болгож өгье гэж хэлсэн. ...Б.З-ээс нэхсээр байж 41.000.000 төгрөг аваад, буцааж өгсөн байгаа. Одоо би Б.З-ээс 60.000.000 төгрөг авах ёстой юм. ...” /4-р хх 1-3/,
Б.З-ийн яллагдагчаар өгсөн “...яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” /4-р хх 18/ гэсэн мэдүүлгүүд;
7. “Австрали улсаас 150 ширхэг “I phone 13 pro max” загварын гар утас оруулж ирнэ, урьдчилгаа төлбөр, гаалийн татвар зэрэгт шаардлагатай” гэж хохирогч Ө.М-аас 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 08-ны хооронд 145.500.000 төгрөгийг залилж авсан болох нь
хохирогч Ө.М-ын “...Б.З-т би 145.500.000 төгрөг өгсөн. Үүнээс 17 ширхэг “iPhone 13 pro max” гар утас нь 34.000.000 төгрөг болж байгаа. Бэлэн болон дансаар 104.060.000 төгрөг шилжүүлж өгсөн, одоо үлдэгдэл нь 7.440.000 төгрөг. ...” /2-р хх 197-199, 9-р хх 166/,
Б.З-ийн яллагдагчаар өгсөн “...яллагдагчаар татсан тогтолтой танилцсан. Уг тогтоолыг би хүлээн зөвшөөрч байна. ...” /2-р хх 235/ гэсэн мэдүүлгүүд,
Ө.М-ын “З- З-” гэсэн фэйсбүүк хаягтай харилцсан мэдээлэл /2-р хх 217-226/;
8. “Автомашин захиалж өгнө, “Iphone” загварын гар утас их хэмжээгээр нийлүүлнэ” гэж хохирогч Л.ДоржЛ-с 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хооронд 110.400.000 төгрөгийг залилж авсан болох нь Л.Д-ын “Худалдаа хөгжлийн банк” дахь 4Д-5 тоот дансны хуулга /4-р хх 129-131/,
хохирогч Л.Д-ын “...Б.З- “та машин захиал” гэж хэлээд надаас урьдчилгаа болгож 11.400.000 төгрөгийг авч, би “Lexus 350” маркийн машин захиалсан. 03 сард Б.З- “машин чинь ирчихлээ, үлдсэн мөнгөө өг” гэж гэхээр нь унаж байсан машинаа зарж 32.000.000 төгрөг өгсөн. Дараа нь “та гутал захиалга хийгээч, машины чинь мөнгөн дээр нэмчихье” гэхээр нь 3.000.000 төгрөг өгсөн. Тухайн өдрийнхөө үдээс хойш нь дахиад “гар утас захиал” гэхээр нь дахиад 60.000.000 төгрөг өгсөн ба түүнээс хойш өнөөдрийг хүртэл мөнгө ч өгөөгүй, утас ч өгөөгүй алга болчихоод байна. ...” /4-р хх 135-137/,
Б.З-ийн яллагдагчаар өгсөн “...би Л.Д- багшаас нийт 106.400.000 төгрөг авсан ба үүнээс 2.000.000 төгрөгийг буцааж өгсөн. 104.400.000 төгрөг өгөх дутуу. ...” /4-р хх 150/ гэсэн мэдүүлгүүд;
9. “I phone 13 pro max” загварын 147 ширхэг гар утсыг захиалж өгнө” гэж хохирогч Б.Б-аас 2022 оны 03 дугаар сард 311.000.000 төгрөгийг залилж авсан болох нь Б.Б-ын “Хаан” банкин дахь 5Д-3 тоот дансны хуулга /3-р хх 211-216/,
хохирогч Б.Б-ын “...Б.З- над руу залгаад “200 ширхэг гар утас оруулж ирэх боломж байна, авах хүн байна уу, энэ сүүлийнх нь шүү, дахиад ийм боломж байхгүй” гэхээр нь би таньдаг хүмүүстээ хэлж нийт 147 ширхэг гар утасны мөнгө буюу 311.000.000 төгрөг дансаар шилжүүлэн өгсөн. ... надад нийт 163.200.000 төгрөг өгсөн, одоо үлдэгдэл нь 147.800.000 төгрөг. ...” /3-р хх 220-222/,
Б.З-ийн яллагдагчаар өгсөн “...яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Хүлээн зөвшөөрч байна. ...” /3-р хх 237/ гэсэн мэдүүлгүүд;
10. “Австрали улсаас гар утас орж ирж байгаа” гэж хохирогч Ё.Б-гээс 2022 оны 03 дугаар сарын 07-ноос 10-ны өдрийн хооронд 50.000.000 төгрөгийг залилж авсан болох нь хохирогч Ё.Б-гийн “Хаан” банкин дахь 5М-6 тоот дансны хуулга /4-р хх 101-103/,
хохирогч Ё.Б-гийн “...нийт 25 ширхэг гар утас захиалж, 50.000.000 төгрөг өгсөн. ...” /4-р хх 107-108/,
Б.З-ийн яллагдагчаар өгсөн “...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” /4-р хх 119/ гэсэн мэдүүлгүүд;
11. “Австрали улсаас “I phone 13 pro max” загварын гар утсыг хямд үнээр оруулж ирж ашиг олно” гэж хохирогч Ц.Г-ээс 2022 оны 03 дугаар сарын 09-нөөс 21-ний өдрийн хооронд 50.100.000 төгрөгийг залилж авсан болох нь хохирогч Ц.Г-ийн “Хаан” банкин дахь 5Г-8 тоот дансны хуулга /6-р хх 69/;
хохирогч Ц.Г-ийн “...Б.З- рүү iPhone загварын гар утас авахаар захиалга хийж, түүний “Хаан” банкны 5М-6 тоот данс руу шилжүүлж байсан. Б.З- надад 50.100.000 төгрөг өгөх ёстой. ...” /6-р хх 60-61/,
Б.З-ийн яллагдагчаар өгсөн “...би үлдсэн 123.000.000 төгрөгөөс 75.000.000-80.000.000 орчим төгрөгийг буцаан өгсөн. ...” /6-р хх 55-56/ гэсэн мэдүүлгүүд,
12. Хохирогч Б.М-ээс 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хооронд “iPhone 13 pro max” загварын 9 ширхэг гар утсыг залилж авсан болох нь
хохирогч Б.М-ийн “...Б.З- миний итгэлийг удаа дараа алдан, худлаа хэлсээр байсан. Нийт 9 ширхэг утасны 36.900.000 төгрөгийн төлбөрийг 2022 оны 05 дугаар сарын 10-наас 5 дугаар сарын 15-ны дотор цувуулан төлөхөөр хувь тодорхойлолт Б.З-ээс гаргуулж авсан хэдий ч 05 сарын 10-нд 6.000.000 төгрөг миний “Хаан” банкны данс руу шилжүүлж, үлдэгдэл 30.900.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл худал хэлэн хойшлуулсаар байна. Б.З- нь алхам тутамдаа худал хэлдэг. ...” гэсэн мэдүүлэг /5-р хх 53-56/,
Б.З-ийн яллагдагчаар өгсөн “...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” /5-р хх 73/ гэсэн мэдүүлэгүүд,
13. “I phone 13 pro max” загварын 40 ширхэг гар утас захиалж өгнө” гэж хохирогч А.Б-эс 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 40.800.000 төгрөгийг залилж авсан болох нь А.Б-ийн “Хаан” банкин дахь 5М-0 тоот дансны хуулга /3-р хх-ийн 36/,
хохирогч А.Б-ийн “...өнөөдрийг хүртэл худлаа яриад надад мөнгө ч өгөөгүй, гар утас ч өгөөгүй. ...” /3-р хх 40-41/,
Б.З-ийн яллагдагчаар өгсөн “...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” /3-р хх 33/ гэсэн мэдүүлгүүд,
14. “Австрали улсаас гар утас ирж байгаа” гэж хохирогч Ц.Б-гээс 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд 50.900.000 төгрөгийг залилж авсан болох нь Ц.Б-гийн “Хаан” банкин дахь 5М-1 тоот дансны хуулга /4-р хх 68-70/,
хохирогч Ц.Б-гийн “...7 утасны мөнгө болох 17.500.000 төгрөг шилжүүлсэн. ...2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Б.З- над руу залгаад “Австрали улсаас 100 ширхэг “iphone 13 pro max” гар утас ирж байгаа, шууд гар дээр чинь 04 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө өгнө” гэж хэлсэн. Тэгээд би тухайн өдрөө дахиад Б.З-ийн данс руу 38.400.000 төгрөг шилжүүлсэн. ...” /4-р хх 80-82/,
Б.З-ийн яллагдагчаар өгсөн “...яллагдагчаар татсан тогтоолыг зөвшөөрч байна. ...” /4-р хх 93/ гэсэн мэдүүлэгүүд,
15. “Гааль дээр бараа ирээд гацчихаад байна” гэж хохирогч Б.М-аас 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөгийг залилж авсан болох нь Б.М-ын “Хаан” банкин дахь 5М-4 тоот дансны хуулга /4-р хх-ийн 160/,
хохирогч Б.М-ын “...2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Б.З- над руу залгаад “гааль дээр мөнгө дутаад бараа гацчихлаа, 7 хоногийн хугацаатай 3.000.000 төгрөг олоод өгөөч” гэж хэлсэн. Би өөрийнхөө данснаас Б.З-ийн данс руу 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Сүүлдээ утсаа авахаа больсон. ...” /4-р хх 163-164/,
Б.З-ийн яллагдагчаар өгсөн “...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” /4-р хх 177/ гэсэн мэдүүлэгүүд,
16. “I phone 13 pro max” загварын гар утас Австрали улсаас захиалж өгнө” гэж хохирогч Ц.Э-ээс 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2.500.000 төгрөгийг залилж авсан болох нь Ц.Э-ийн “Хаан” банкин дахь 5Э-6 тоот дансны хуулга /3-р хх-ийн 57/,
хохирогч Ц.Э-ийн “...би “Симплэ” гэсэн аппликейшнд өөрийн мэдээллээ оруулаад, гэрээ байгуулан 2.500.000 төгрөгийн зээл авч, Б.З- гэх хүний 5М-6 тоот данс руу шилжүүлсэн. Захиалсан утсаа залгаж асуусан чинь Б.З- “гааль дээр ирчихсэн байгаа, олон тооны утас учраас гааль дээр асуудал үүсээд, хүлээгдээд байна” гэж хэлсэн. ...” /3-р хх 66-68/,
Б.З-ийн яллагдагчаар өгсөн “...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлгүүд /3-р хх 82/;
17. “Австрали улсаас их хэмжээний “I phone 13 pro max” загварын гар утас оруулж ирж байгаа, хямдхан авах уу” гэж хохирогч М.Батзаяагаас 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2.500.000 төгрөгийг залилж авсан болох нь М.Б-гийн “Хаан” банкин дахь 5Б-4 тоот дансны хуулга /3-р хх 96/,
хохирогч М.Б-гийн “...би 1 ширхэг гар утас захиалахаар болоод Б.З- гэх хүний “Хаан” банкны данс руу 2.500.000 төгрөг шилжүүлсэн. ...” /3-р хх 100-101/,
Б.З-ийн яллагдагчаар өгсөн “...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” /3-р хх 93/ гэсэн мэдүүлгүүд;
18. “Австрали улсаас их хэмжээний “I phone 13 pro max” загварын гар утас оруулж ирж байгаа, хямдхан авах уу” гэж хохирогч Б.Х-аас 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2.500.000 төгрөгийг залилж авсан болох нь Б.Х-ын 4Х-5 тоот дансны хуулга /3-р хх 116/,
хохирогч Б.Х-ын “...13:00 цагаас өмнө 2.500.000 төгрөгийг шилжүүлбэл энэ удаагийн захиалгад орох боломжтой гэж хэлсэн. Би хамт ажилладаг хүнээсээ 2.500.000 төгрөгийг зээлж “Б.З- гэж хүний данс руу шилжүүсэн. ...” /3-р хх 120-121/,
Б.З-ийн яллагдагчаар өгсөн “...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” /3-р хх 135/ гэсэн мэдүүлгүүд;
19. “Австрали улсаас их хэмжээний “I phone 13 pro max” загварын гар утас оруулж ирж байгаа, хямдхан авах уу” гэж хохирогч Ж.У-гаас 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 3.500.000 төгрөгийг залилж авсан болох нь Ж.У-гаас Б.З-т мөнгө шилжүүлсэн дансны хуулга /3-р хх 145/,
хохирогч Ж.У-гийн “...2 гар утасны урьдчилгаа болгож 3.500.000 төгрөгийг Б.З-ийн “Хаан” банкны 5М-6 тоот данс руу шилжүүлсэн. ...” /3-р хх 149-152/,
Б.З-ийн яллагдагчаар өгсөн “...яллагдагчаар татсан тогтоолын хүлээн зөвшөөрч байна. ...” /3-р хх 165/;
20. “Австрали улсаас “I phone 13 pro max” загварын гар утсыг нэг бүрийн үнэ 2,000,000 төгрөгөөр, 36 ширхгийг нийт 72,000,000 төгрөгөөр нийлүүлнэ” гэж Ц.Б-аас 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 17-ны хооронд 80.000.000 төгрөгийг залилж авсан болох нь Ц.Б-ын “Хаан” банкин дахь 5У-0 тоот дансны хуулга /3-р хх 174-179/,
хохирогч Ц.Б-ын “...2022 оны 01 дүгээр сард Б.З- надтай фейсбүүкээр холбогдоод “...би Австрали улсад байна, та гар утас захиалах уу?” гэж асуусан. ...40 ширхэг гар утас захиалснаас 4 ширхэг гар утсыг авсан, үлдсэн нь 36 ширхэг гар утас ба үнийн дүн нь 72.000.000 төгрөг болж байгаа юм. Одоо Б.З- нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, уулзъя гэхээр уулзахгүй, зугтаагаад байгаа. ...” /3-р хх-ийн 183-184, 7-р хх 16-17/,
Б.З-ийн яллагдагчаар өгсөн “...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” /3-р хх 202/ гэсэн мэдүүлгүүд;
21. “I phone 13 pro max” загварын гар утсыг нэг бүрийн үнийг 2,000,000 төгрөгөөр тооцож, Австрали улсаас авчирна, гар утас, тээврийн хэрэгслүүд гааль дээр ирсэн байгаа” гэж хохирогч Г.М-аас 2022 оны 03 дугаар сарын 25, 26, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрүүдэд 157.000.000 төгрөгийг залилж авсан болох нь Г.М-ын “Хаан” банкин дахь 5У-7 тоот дансны хуулга /6-р хх 178/,
хохирогч Г.М-ын “...Б.З- над руу утсаар холбогдоод “Австралиас 30 ширхэг iPhone 13 pro max оруулж ирэх гэж байгаа, танд нэг ширхэгийг нь 2.000.000 төгрөгөөр бодоод өгье, тэгээд нийт 60.000.000 төгрөгөөр ав” гэсэн санал тавьсан. Би саналыг нь зөвшөөрөөд, 2022 оны 03 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд 60.000.000 төгрөгийг Б.З-ийн данс руу шилжүүлсэн. ...Миний захисан 50 ширхэг утас орж ирээгүй байхад 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “Ландкруйзер Прадо-150” маркийн машиныг 57.000.000 төгрөгөөр худалдаж авах санал тавьсан. Энэ машины үнэ нь яг оруулж ирдэг үнэ нь болохоор би “авъя” гээд дахин 57.000.000 төгрөгийг шилжүүлж, нийт 157 сая төгрөгийг Б.З-ийн данс руу шилжүүлсэн. ...” /6хх-ийн 185/,
Б.З-ийн яллагдагчаар өгсөн “...би Г.М- ах руу залгаад “та нэмж утас захих уу?” гэж хэлээд 45 ширхэг утас авчруулахаар над руу нийт 100 сая төгрөгийг шилжүүлсэн. Тэр үед би утас зарахаас гадна машин зардаг байсан. Би тухайн үед Ганбат гэдэг хүнээс “Прадо-150” загварын 2012 онд үйлдвэрлэсэн машин авах ёстой байсан юм. Би энэ машиныг Г.М-д 57.000.000 төгрөгөөр авах уу гэдэг санал тавихад зөвшөөрөөд надад мөнгөө шилжүүлсэн. ...” гэсэн мэдүүлэгүүд /6-р хх 220-221/;
22. “Лангуун дээр гутал зар, лангууны түрээс авахгүй” гэж хохирогч Б.Э-өөс 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нийт 10.992.960 төгрөгийг залилж авсан болох нь хохирогч Б.Э-ий “...би Б.З-ийн гэрт нь байхдаа 10.000.000 төгрөг өөрийнхөө данснаас Б.З-ийн данс руу шилжүүлсэн. ...Түүнээс хойш Б.З-ийн гэрт нь очихоор хаалгаа тайлж өгдөггүй, утсаа авахаараа хаана байгаагаа зааж өгөхгүй зугтаагаад, өнөөдрийг хүрч байна. ...2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн “Хан хиллс” хотхонд байрлах гэрт нь байхдаа Б.З-ийн данс руу 5.000.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн өдрөө ахиад 2.318.160 төгрөг, мөн 2.674.800 төгрөг шилжүүлсэн. 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 1.000.000 төгрөгийг би өөрийнхөө гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн “Орчлон” хорооллын Э- тоотод байхдаа шилжүүлсэн. Нийт 10.992.960 төгрөгийн хохирол учирсан. Б.З- надад 3.300.000 төгрөг өгсөн, одоо үлдэгдэл нь 7.692.960 төгрөг байгаа. ...” /3-р хх 1-3, 6-7/,
Б.З-ийн яллагдагчаар өгсөн “...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” /3-р хх 22/ гэсэн мэдүүлгүүд;
23. “I phone 13 pro max” загварын гар утсыг 1 бүрийг нь 2,500,000 төгрөгөөр зарж борлуулна” гэж хохирогч Н.Б-, Ч.Э- Б.Т- нараас 2022 оны 04 дүгээр сарын 04, 05-ны өдөр нийт 12.500.000 төгрөгийг залилж авсан болох нь Н.Б-ын “Хаан” банкин дахь 5Т-9 тоот дансны хуулга /6-р хх 136/,
Ч.Э-ын “Хаан” банкин дахь 57Т-5 тоот дансны хуулга /6-р хх 137/,
Б.Т-ын “Хас” банкин дахь 5Т-3 тоот дансны хуулга /6-р хх 138/;
хохирогч Н.Б-ын “...2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Б.З- над руу чат бичээд “...би хямд “iPhone 13 pro max” загварын утаснууд нэг бүрийн үнэ нь 2.500.000 төгрөгөөр оруулж ирж байгаа, чи надаас авах уу?” гэж асуусан. Би түүнд итгээд нэг ширхэг “iPhone 13 pro max” загварын утасны мөнгө болох 2.500.000 төгрөгийг Б.З-ийн данс руу “Б-” гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Энэ талаар найз охин Б.Т-д хэлэхэд Б.Т- мөн 1 ширхэг гар утас авна гэж Б.З-ийн данс руу 2.500.000 төгрөгийг “Ай Фоун-13 промакс” гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Тэгээд би хямд утас олсондоо баярлаад байж байхдаа 04 дүгээр сарын 05-ны өдөр найз Ч.Э-ад хямдхан утас авч байгаа талаараа хэлэхэд Ч.Э- надаар дамжуулан Б.З-тэй холбогдон 7.500.000 төгрөгийг “Ай Фоун 13 промакс 3 ширхэг” гэсэн утгатайгаар тус тус шилжүүлсэн. ...Худал хэлж явсаар 04 дүгээр сарын 25-ны өдөр Б.З-ийн утас нь холбогдохоо больсон ба фейсбүүк дээр Б.З-ийг хүмүүс “гар утас зарна” гэж бусдыг залилдаг гэсэн утгатай постууд оруулсан байсан тул би цагдаагийн байгууллагад хандсан. ...” /6-р хх 106-107/,
хохирогч Ч.Э-ын “...2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 3 ширхэг “iPhone 13 pro max” загварын утас худалдаж авахаар болж Б.З-ийн “Хаан” банкны дансанд 7.500.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /6-р хх 112-113/,
хохирогч Б.Т-ын “...би өөрийн “Хас” банкны данснаас Б.З- гэх хүний “Хаан” банкны дансанд “iPhone 13 pro max” загварын гар утас захиалахаар 2.500.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /6-р хх 119/,
Б.З-ийн яллагдагчаар өгсөн “...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна /6-р хх 158/ гэсэн мэдүүлгүүд;
24. “Мальдив улс руу явуулна” гэж хохирогч Б.С-аас 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 30.742.800 төгрөгийг залилж авсан болох нь “Хаан” банкны 15554833 журналын дугаартай шилжүүлгийн мэдээлэл /5-р хх 26/,
хохирогч Б.С-ын “...би тухайн өдрөө Б.З-ийн данс руу 30.742.800 төгрөгийг шилжүүлсэн ба Б.З- надад хэлэхдээ “та 04 дүгээр сарын 30-ны өдөр, 05 дугаар сарын 08-ны өдөр гэх мэт хэдэн өдөр явж болно” гэж хэлсэн. ...Түүнээс хойш надад худлаа хэлээд л яваад байсан ба 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш намайг фейсбүүкээр блоклочихсон, утас руу нь залгахаар утсаа авдаггүй. ...” /5-р хх 30-32/,
Б.З-ийн яллагдагчаар өгсөн “...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” /5-р хх 41/ гэсэн мэдүүлгүүд;
25. “Австрали улсаас “I phone 13 pro max” загварын гар утас захиалж өгнө” гэж хохирогч Г.Н-оос 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 04 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд 64.000.000 төгрөгийг залилж авсан болох нь Г.Н-ын “Хаан” банкин дахь 5Н-9 тоот дансны хуулга /4-р хх 185/,
хохирогч Г.Н-ын “...би Б.З-ийн данс руу тухайн өдрөө 52.000.000 төгрөг буюу 26 ширхэг гар утасны мөнгө шилжүүлсэн. Түүнээс хойш 04 дүгээр сарын 08-ны өдөр Б.З- над руу залгаад “хүний захиалсан 6 ширхэг утас буцахаар болсон, та авчих” гэж хэлэхээр нь хүнээс 12.000.000 төгрөг зээлж аваад Б.З-ийн данс руу шилжүүлсэн Би нэхэж байж 3.300.000 төгрөг буцааж авсан. Одоо 60.700.000 төгрөг үлдсэн байгаа. ...” /4-р хх 189-191/,
Б.З-ийн яллагдагчаар өгсөн “...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” /4-р хх 204/ гэсэн мэдүүлгүүд;
26. “Америкийн нэгдсэн улсаас 20 ширхэг “I phone 13 pro max” загварын гар утас оруулж ирнэ, урьдчилгаа төлбөр, гаалийн татвар зэрэгт шаардлагатай” гэж хохирогч Н.Н-ээс 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 43.100.000 төгрөгийг залилж авсан болох нь Н.Н-ийн “Хаан” банкин дахь 5Н-4 тоот дансны хуулга /4-р хх-ийн 26-35/,
хохирогч Н.Н-ийн “...Б.З- нь “...Америкаас гар утас оруулж ирж байгаа, нэг утсыг 2.000.000 төгрөгөөр бодоод 40.000.000 төгрөг надад өгчих...” гэсэн. 04 дүгээр сарын 18-ны өдөр гуйгаад байхаар нь найзаасаа зээлээд 40.000.000 төгрөгийг Б.З-т шилжүүлсэн. ...” /4-р хх 41-43/,
Б.З-ийн яллагдагчаар өгсөн “...би 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Н.Н- эгчид 8.000.000 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг гар утас өгсөн. ...” гэсэн мэдүүлгүүд /4-р хх 58/;
27. “Гааль дээр буусан “Toyota Prado 150” загварын автомашин байна, цаанаас авсан үнээр нь ав, 300 ширхэг гар утас ирнэ, 9 ширхэг гар утсыг нэг ширхгийг нь 2,000,000 төгрөгөөр бодоод ав” гэж хохирогч Б.Ч-аас 2022 оны 02 дугаар сарын 20, 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нийт 71.000.000 төгрөгийг залилж авсан борлох нь Б.Ч-ын “Хаан” банкин дахь 5Н-5 тоот дансны хуулга /4-р хх 212-213/,
хохирогч Б.Ч-ын “...2022 оны 02 дугаар сарын 20-ны орой Б.З- над руу утсаар залгаад “...хэдэн машин бууж байна, гаалийн татвар төлөх хэрэгтэй байна, чи цаанаас авсан үнээр нь нэгийг нь авчих, “Прадо 150” маркийн авто машин байна...” гэж хэлсэн. Би Б.З-ийн данс руу “машин захиалсан мөнгө” гэж утгыг нь бичээд 53.000.000 төгрөг шилжүүлсэн. ...Б.З- надад хэлэхдээ “...одоо 300 ширхэг гар утас ирнэ, үүнээс чи 9 ширхэг гар утсыг нь ав, нэг ширхэгийг нь 2 сая төгрөгөөр бодоод ав...” гэж хэлсэн. Тэгээд би итгээд 18.000.000 төгрөгийг “гар утасны мөнгө” гэж утга дээр нь бичээд Б.З-ийн данс руу 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр шилжүүлсэн. ...Үндсэн өгсөн 53.000.000 төгрөгөөс аваагүй 13.000.000 төгрөг болж байгаа ба гар утасны мөнгөтэй нийлээд 31.000.000 төгрөг болж байгаа. ...” /4-р хх-ийн 217-219/,
Б.З-ийн яллагдагчаар өгсөн “...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” /4-р хх 232/ гэсэн мэдүүлгүүд;
28. “Гар утас захиалсан хүний хүүхэд нь Турк улсад хагалгаанд орох ёстой болчихлоо, хагалгааных нь төлбөрийг би гаргаж өгөх ёстой, та 50,000,000 төгрөгийн гутал надаас худалдан авч Сандэй-2 худалдааны төвийн Н- тоот лангуунд гутлаа тавьж зараад мөнгөө авч болно” гэж хохирогч Ц.Э-гаас 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр, 71.200.000 төгрөгийг залилж авсан болох нь Ц.Э-гийн “Хаан” банкны 5Н-9 тоот дансны хуулга /5-р хх 125-136/,
хохирогч Ц.Э-гийн “...Б.З- надтай 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ажил дээр ирж уулзаад “...би хүнээс гар утасны захиалга авчихсан чинь гар утас захиалсан хүний хүүхэд нь Турк улсад хагалгаанд орох ёстой болчихлоо, хагалгааных нь төлбөрийг би гаргаж өгөх ёстой болчихоод гаргаж өгч чадахгүй байна, энэ хүнд би 54.000.000 төгрөг өгөх ёстой юм. Энэ мөнгийг нь шилжүүлж чадахгүй бол хагалгаа нь хойшлогдох гээд байна, үүнээс болоод хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирвал би амьдрах аргагүй болно...” гээд уйлаад суугаад байхаар нь би “эгч нь мөнгө олж өгөхийг бодъё” гэж хэлээд хэдэн хүнээс асуусан чинь мөнгө бүтсэн. 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 54.000.000 төгрөгийг Б.З-ийн данс руу шилжүүлсэн. ...2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Б.З-тэй ярьсан чинь “130 сая төгрөгийн гутлын гаалийн татвар 23.000.000 төгрөг болж байгаа, та 23.000.000 төгрөгийг төлчихвөл лангуу байгаа, түүн дээр гутлаа тавиад, та зараад мөнгөө гаргаж авч байж болно...” гэж хэлсэн. ...Б.З- рүү залгаад “лангуун дээр тавьсан гутал чинь хүнээс зээлээр авсан гутал байна, чиний юм биш байна, намайг хуурч байсан байна, гутлын мөнгөнүүдээ одоо удахгүй өгөх ёстой юм байна, энэ гутлыг больё, чи тэр гар утсаа өг” гэж хэлсэн. ...Нийт 71.200.000 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс надад 1.290.000 төгрөгийг буцааж өгсөн. Одоо үлдэгдэл нь 69.910.000 төгрөг болж байгаа. ...” /5-р хх 140-142/,
Б.З-ийн яллагдагчаар өгсөн “...би Ц.Э- эгч дээр очоод “надад туслаач, Ч- гэх хүний хүүхдийн эмчилгээний зардалд өгөх гэсэн юм, би тухайн хүний хохирлыг барагдуулах гэсэн юм” гэж хэлээд 75.300.000 төгрөг авч байсан. Тэр авсан мөнгөнөөсөө Ч-т 54.000.000 төгрөгийг нь өгч, үлдсэн 15.000.000 төгрөгөөр “Наадам центр”-ийн “Номин” дэлгүүрийн хажууд лангуу ажиллуулдаг Н- гэх эмэгтэйгээс гутал аваад, тэрийгээ цааш зарах гэж үзсэн юм. ...” гэсэн мэдүүлгүүд /5-р хх 151-152/;
29. “Хямдхан үнэтэй “I phone 13 pro max” загварын гар утас оруулж ирж өгнө, гааль дээр бараа гацсан байна, түр мөнгө зээлээч, удахгүй буцааж өгнө” гэж хохирогч Б.Х-гаас 2022 оны 05 дугаар сарын 21, 22-ны өдөр 19.100.000 төгрөгийг залилж авсан болох нь Б.Х-гийн “Хаан” банкин дахь 5Н-6 тоот дансны хуулга /1-р хх-ийн 7-20/,
хохирогч Х.Х-гийн “...мөнгө зээлж авснаас хойш би Б.З-ээс “чи мөнгө авчихаад буцааж өгөхгүй байна” гэхэд Б.З- надтай уулзаад, өрөнд орсон талаарх баримтаа үзүүлсэн. Б.З-т нийт 19.100.000 төгрөг шилжүүлж өгсөн. Үүнээс 2.000.000 төгрөг буцааж өгсөн, одоо 17.100.000 төгрөг үлдсэн. ...” /1-р хх 25-28/,
Б.З-ийн яллагдагчаар өгсөн “...би Х.Х-гаас нийт 19.100.000 төгрөгийг цувуулж авсан бөгөөд 3.000.000 төгрөгийг нь буцааж өгсөн. ...” /1-р хх 48/ гэсэн мэдүүлгүүд;
30. “I phone 13 pro max” загварын гар утас 1 ширхгийг 1,500,000 төгрөгөөр худалдан борлуулна" гэж хохирогч Д.Д-оос 2022 оны 06 дугаар сарын 05, 06 дугаар сарын 08-ны өдөр 7.530.000 төгрөгийг залилж авсан болох нь Д.Д-ийн “Худалдаа хөгжлийн банк”-ны 4Н-0 тоот дансны хуулга /6-р хх 15-16/,
хохирогч Д.Д-ийн “...2022 оны 05 дугаар сарын сүүлээр Б.З- над руу залгаад “гар утас захиалаач, найздаа тус болооч” гээд гуйгаад байхаар нь би 4 хүнээс мөнгө зээлээд 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1.000.000 төгрөг, 06 дугаар сарын 06-ны өдөр 230.000 төгрөг, 06 дугаар сарын 08-ны өдөр нийт 4 удаагийн гүйлгээгээр 6.300.000 төгрөг шилжүүлэн өгсөн. Нийт 5 ширхэг гар утсыг нэг ширхэгийг нь 1.500.000 төгрөг гэж хэлж байсан. ...” /6-р хх 24-26/,
Б.З-ийн яллагдагчаар өгсөн “...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” /6-р хх 45/ гэсэн мэдүүлгүүд;
31. “2 ширхэг “I phone 13 pro max” загварын гар утас өгнө” гэж хохирогч Ц.А-ээс 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 2.500.000 төгрөгийг залилж авсан болох нь Ц.А-ийн “Хаан” банкин дахь 5Н-9 тоот дансны хуулга /5-р хх 247/,
хохирогч Ц.А-ийн “...2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Хан хиллс” хотхоны гадаа байхдаа 2.419.000 төгрөгийг Б.З-ийн “Хас” банкны дансанд шилжүүлээд, бэлнээр 81.000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш Б.З-тэй холбоо тасарсан. ...” /5-р хх 243-244/,
Б.З-ийн яллагдагчаар өгсөн “...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” /6-р хх 7/ гэсэн мэдүүлгүүд;
32. “Мөнгө зээлээч, хоногийн 250,000 төгрөгийг нэмж өгнө” гэж хохирогч Д.Б-гаас 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 23.000.000 төгрөгийг залилж авсан болох нь Д.Б-гийн “Хаан” банкин дахь 5Н-1 тоот дансны хуулга /8-р хх 38-39/,
хохирогч Д.Б-гийн “...2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Б.З- “бизнес хийх гэсэн чинь 23.000.000 төгрөг хэрэгтэй болоод байна, та мөнгө зээлээч, би хоногийн 250.000 төгрөгийг нэмж өгнө” гэхээр нь би зээлчихсэн. Мөнгөө авч чадаагүй. ...” /8-р хх 43-44/,
Б.З-ийн яллагдагчаар өгсөн “...2021 онд Д.Б-гаас 23.000.000 төгрөгийг зээлсэн. Би 2 сарын дотор 23.000.000 төгрөгийг цувуулж өгөөд дуусгасан. Д.Б- эгч надаас хүү авна гэж нэхээд байгаа юм. Хүү өгч, авах талаар тохиролцоогүй. ...” /8-р хх 49/ гэсэн мэдүүлгүүд;
33. “Билэг арьсан гутлын худалдаа” нэртэй пейж зарын дагуу 2022 оны 12 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд гутлын захиалга авна” гэж хохирогч Ц.Баянзулаас 2022 оны 12 дугаар сарын 11, 12-ны өдөр 550.000 төгрөгийг залилж авсан болох нь Хохирогч Ц.Б-ын “Хаан” банкин дахь 5Б-2 тоот дансны хуулга /9-р хх 118/,
хохирогч Ц.Б-ын “"...”Бэлэг” арьсан гутлын худалдаа" нэртэй пейжээр 2 ширхэг гутал захиалахаар холбогдсон. “Хямд үнээр зарж байгаа” гэхээр нь тухайн өдөр 5М-6 тоот данс руу 550.000 төгрөгийг 2022 оны 12 сарын 11-ний орой болон 2022 оны 12 сарын 12-ны өдөр гээд 2 хувааж шилжүүлсэн. Тухайн мөнгө шилжүүлсэн 5М-6 тоот дансны эзэмшигч нь Б.З- гэж хүн байсан. Фейсбүүкээс хайгаад үзсэн чинь их олон хэрэгт холбогдсон, хүмүүс гомдол гаргаад, хайсан байдалтай байсан. ...” /9-р хх 115-116/,
Б.З-ийн яллагдагчаар өгсөн “...яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө. ...” /9-р хх 138/ гэсэн мэдүүлгүүд;
34. “Билэг арьсан гутлын худалдаа” нэртэй пейж зарын дагуу 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гутлын захиалга авна” гэж хохирогч Ж.Н-гаас 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 350.000 төгрөгийг залилж авсан болох нь Ж.Н-гийн “Хаан” банкин дахь 5Н-4 тоот дансны хуулга /10-р хх 101/,
хохирогч Ж.Н-гийн “...2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “...“Бэлэг” арьсан гутлын дэлгүүр” гэх фейсбүүк хаягтай онлайн захиалга худалдаагаар эрэгтэй хүний арьсан гутал захиалсан. 350.000 төгрөг шилжүүлсэн. Захиалсан гутал 12 дугаар сарын 13-ны өдөр ирэх байсан боловч ирээгүй. ...Н- дугаараас Б.З- гэх хүн над руу залгаад “өнөөдөр явуулна, маргааш явуулна” гэж худал хэлсэн. Би бараа болон мөнгө төгрөг авсан зүйл байхгүй. ...” /10-р хх 106-107/,
гэрч О.Э-ы “...Б.З- “миний данс болохгүй байгаа” гээд миний “Хаан” банкны 5Э-9 тоот дансаар дамжуулан гутлын мөнгөө авдаг байсан. Б.З- “гутлын мөнгө орж ирэхээр хурдан над руу шилжүүлж байгаарай” гэсэн учраас би орж ирсэн мөнгийг тухай бүрд нь шууд л Б.З-ийн дансанд дамжуулаад шилжүүлдэг байсан. ...” /10-р хх 110-111/,
Б.З-ийн яллагдагчаар өгсөн “...захиалсан барааг өгөөгүй нь миний буруу, гэм буруугаа ойлгож байна. ...” гэсэн мэдүүлгүүд /10-р хх 173-174/;
35. “Герман гутал зарна, Германаас захиалгаар ирнэ” гэж хохирогч М.Г-аас 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 390.000 төгрөгийг залилж авсан болох нь М.Г-ы “Хаан” банкин дахь 5Г-9 тоот дансны хуулга /10-р хх 219-231/,
хохирогч М.Г-ы “...2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тухайн хүний чатаар явуулсан 5Г-9 тоот данс руу 390.000 төгрөгийг “гутал” гэх утгатайгаар шилжүүлсэн. ...Н- дугаар нь холбогдох боломжгүй байсан. “Цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасаг” гэсэн сайт дээр сайтынх нь нэр гарчихсан байсан бөгөөд “Гранд плаза”-гийн 4 давхарт очиж, “Герман гутал” дэлгүүрийн худалдагч эмэгтэйгээс асууж, захиалсан гутлын зураг, утасны дугаар хоёрыг үзүүлэхэд “ийм дугаар мэдэхгүй, манайх ийм гутал зардаггүй, бас онлайн худалдаа, захиалга хийдэггүй” гэж хэлсэн. ..." /10-р хх 215/,
гэрч О.Э-ы "...2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр миний “Хаан” банкны 5Г-9 тоот дансанд “Гутал” гэсэн утгатай 390.000 төгрөг орж ирсэн. Энэ мөнгийг Б.З- ахын данс руу шилжүүлсэн. ..." /10-р хх 217-218/,
Б.З-ийн яллагдагчаар өгсөн “...би “гутал зарна” гэсэн зар тавьж байсан ба гутлаа хүргэлтийн хүн түрээслэж хүргүүлдэг байсан. Миний хүргэлтийг О.Э- гэх хүн хийдэг байсан. М.Г- гэдэг хүний захиалсан гутал байхгүй байсан тул “Хар хорин” захын Соёлт гэх хятад хүнээс авахаар уг мөнгийг Соёлт руу шилжүүлсэн. Тэгээд Соёлтоос гутлаа аваад, М.Г-д өгөх гэсэн боловч эргээд холбоо барих хаяг, дугаарыг нь олоогүй. Тэр үед би оргон зайлаад, цахим хаягуудаа хаасан байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлгүүд /11-р хх 10/;
36. “Австрали улсаас 17 ширхэг “I phone 14 pro max” загварын гар утас захиалж өгнө” гэж хохирогч Б.Б-аас 2022 оны 03 дугаар сарын 30-ны 33.990.000 төгрөгийг залилж авсан болох нь
хохирогч Б.Б-ын “...Б.З- өөрийгөө “Сандэй” худалдааны төвд гутал зардаг, наймаачин гэж танилцуулж байсан. ...2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Б.З-т 1 ширхэг гар утсыг 2.000.000 төгрөгөөр тооцож, 17 ширхэг “iPhone 14 pro max” загварын гар утас захиалахаар болж, Б.З-ийн 5М-6 тоот данс руу 33.990.000 төгрөг шилжүүлсэн. Надаас мөнгө авснаас хойш Б.З- 02 сард нэг ширхэг “iPhone 14 pro max” загварын гар утас өгсөн. Бусад гар утаснууд ирээгүй. ...Б.З-ийн араас хөөцөлдөж байгаад арай гэж 4.000.000 төгрөг буцаан авсан. Одоо болтол үлдэгдэл 27.990.000 төгрөгөө авч чадахгүй байгаа. ...” /11-р хх 26-27/,
Б.З-ийн яллагдагчаар өгсөн “...Б.Б-аас 34.000.000 төгрөг хүлээн авснаа зөвшөөрнө. Үүнээс 9.000.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг гар утас өгсөн. Би Б.Б-ын 2 данс руу үлдэгдэл мөнгийг нь буюу 25-28 орчим сая төгрөгийг буцаан шилжүүлж өгч байсан. ...” /11-р хх 37/ гэсэн мэдүүлгүүд,
Б.З-ийн дансны орлого, зарлагад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /7-р хх 39-41, 111-113/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.З-ийг үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд “Австрали улсаас хямд машин оруулж ирнэ, захиалж өгнө”, “Зах зээлийн үнээс хямд байр авах боломжтой”, “...“Iphone” загварын гар утас хямд захиалж өгнө”, “Мөнгө зээлээд нэмж өгнө”, “Гутал зарна” гэх зэргээр хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нийт 36 удаагийн үйлдлээр, нэр бүхий 38 хохирогчоос 2.438.148.760 төгрөгийг залилан авч, уг гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн дансны хуулга зэргээр тогтоон, хохирогч нарт нөхөн төлсөн дүнг хасаж, төлөгдөөгүй үлдсэн хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ.
Шүүгдэгч Б.З- “...хохирогч Б.О-д өгсөн 7.000.000 төгрөг, хохирогч Г.М-д өгсөн 300.000 төгрөг, хохирогч Ц.А-д өгсөн 700.000 төгрөгийг тус тусын хохирлоос нь хасч тооцуулах, хохирогч Ж.Д-д өгсөн 8.450.000 төгрөгийг хасч түүнд учруулсан бодит хохирлыг 340.000.000 төгрөгөөр тогтоох, хохирогч Ц.Э-д 35.380.000 төгрөг өгсөн байхад 8.388.000 төгрөгийг хохирлоос хассан, хохирогч А.Б-д 14.530.000 төгрөг өгсөнийг, хохирогч Б.Б-, Б.Б- нарт хохирол төлж дууссан байхад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, хохирогч Ц.Б-д өгсөн 7 ширхэг гар утсыг тухайн үеийн ханшаар үнэлэн хохирлоос хасах, ...шийтгэх тогтоолын тогтоох хэсэг нь уншиж сонсгосноос зөрүүтэй, ...зүйлчлэлийг зөвтгөн, хөнгөн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн,
хохирогч Ц.Э-гийн өмгөөлөгч М.У- “...хохирогч Ц.Э- 4 ширхэг гар утас, 10.000.000 төгрөгийг өөрөө аваагүй. ... Шүүх улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгчийн санал зэргийг хэргийн бодит байдалтай уялдуулахгүй, хохирол төлөгдсөн байдал, гэмт хэргийн шинж, нийгэмд учруулсан аюулын шинж чанар зэргийг харгалзан үзэлгүйгээр Б.З-т 7 жилийн хорих ял оноосонд нь гомдолтой. ...” гэсэн тус тус агуулгаар давж заалдах гомдлууд гаргажээ.
1. Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг.
Гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэх боломжгүй, эсвэл тэдгээрийг биелүүлэхийг зориудаар хөсөрдүүлсэн байдлаар гэрээгээр шилжүүлэн авсан эд хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж буцаан өгөхгүй гэсэн субъектив санаатай шууд идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрдэг.
Энэ гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэрэг, тухайлбал хулгайлах, дээрэмдэх гэмт хэргээс өмчлөгч хууртагдсан, итгэсэн учраас гэмт этгээдэд эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхээ сайн дураараа өгсөн байдгаараа ялгаатай.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.З- нь бизнес эрхэлж байсан гэх боловч тэрээр ямар нэг компаниа байгуулж үйл ажиллагаа явуулж байсан, мөн хил, гаалиар гар утас машин оруулж ирсэн, татвар төлсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа нь түүнийг байнгын бизнесийн үйл ажиллагаа явуулж байсан гэдгийг үгүйсгэж байхын зэрэгцээ тодорхой санхүүгийн эх үүсвэргүй байж нэр бүхий хохирогч нартай 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд байх үед нь “Австрали улсаас хямд машин оруулж ирнэ, захиалж өгнө”, “Зах зээлийн үнээс хямд байр авах боломжтой”, “...“Iphone” загварын гар утас хямд захиалж өгнө”, “Мөнгө зээлээд нэмж өгнө”, “Гутал зарна” гэх зэргээр урьдчилан төлбөрийг нь авч захиалсан эд зүйлсийг нь өгөлгүй, мөнгийг нь өөр зүйлд зарцуулж, “ ...гааль дээр яг одоо ирсэн байгаа, удахгүй өгнө” гэх мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан нь залилах гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Зарим хохирогч нарын хохирлыг дутуу тооцсон гэх гомдлын тухайд; хохирогч Б.О- “...Б.З- 2022 оны 03 дугаар сард надад “машин чинь ороод ирсэн байгаа, өнөө маргаашгүй өгнө” гэж хэлсэн боловч машинаа өгөөгүй. Энэ хугацаанд Б.З- “зээлээч” гэж хэлээд 10.000.000 төгрөг, дараа нь 10.000.000 төгрөг, ахиад 3.500.000 төгрөг, бас “бараа ирчихлээ, гаалийн мөнгө хэрэгтэй” гэхээр нь би 1.000.000 төгрөг өгч байсан юм. Сүүлийн 1.000.000 төгрөгийг хүнээс зээлж авсан мөнгө бөгөөд би түүнийг нь буцааж төлсөн. ...” /5-р хх 103/, хохирогч Ц.А- “...би өөрийн Г- УНХ улсын дугаартай “Тоёота Королла Аксио” автомашинаа барьцаанд тавьж, тэр өдрөө буюу 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 2.419.000 төгрөгийг Б.З-ийн дансанд шилжүүлж, бэлнээр 81.000 төгрөгийг Б.З-т өгсөн. Ингээд тэрнээс хойш Б.З- холбоо тасарсан. ...” /5-р хх 244/, хохирогч Ж.Д- “...надад учирсан хохирлоос Б.З- нь эхлээд 55.000.000 төгрөг, дараа нь 70.000.000 төгрөг, сүүлд нь 440.000 төгрөг нийт 125.440.000 төгрөгийг буцаан төлж барагдуулсан. Одоо 265.360.000 төгрөгийн төлбөр тооцоо дутуу. ...” /9-р хх 176/, хохирогч Ц.Э- “...нийт 71.200.000 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс надад 1.290.000 төгрөгийг буцааж өгсөн. Одоо үлдэгдэл 69.910.000 төгрөг болж байна. ...” /5-р хх 142/, хохирогч Б.Б- “...Б.З-ийн 5М-6 тоот данс руу 33.990.000 төгрөг шилжүүлсэн. Надаас мөнгө авснаас хойш Б.З- 02 сард нэг ширхэг “iPhone 14 pro max” загварын гар утас өгсөн. Бусад гар утаснууд ирээгүй. ...Б.З-ийн араас хөөцөлдөж байгаад арай гэж 4.000.000 төгрөг буцаан авсан. Одоо болтол үлдэгдэл 27.990.000 төгрөгөө авч чадахгүй байгаа. ...” /11-р хх 26-27/, хохирогч Д.Б- “...2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Б.З- “бизнес хийх гэсэн чинь 23.000.000 төгрөг хэрэгтэй болоод байна, та мөнгө зээлээч, би хоногийн 250.000 төгрөгийг нэмж өгнө” гэхээр нь би зээлчихсэн. Мөнгөө авч чадаагүй. ...” /8-р хх 43-44/, хохирогч Ц.Б-гийн “....нийт 25 ширхэг гар утас захиалж, 50.900.000 төгрөг өгсөн. ...” /4-р хх 82/ гэж тус тус мэдүүлж байсан ба анхан шатны шүүх эдгээр хохирогч нарын мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд цуглуулж, хэрэгт бэхжүүлсэн банкны дансны хуулгануудад авагдсан мөнгөн гүйлгээнүүд зэрэг баримтуудыг харьцуулан судалж, Б.З-ээс 22.300.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.О-д, 2.500.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.А-д, 265.360.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Д-д, 62.817.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Э-д, 7.990.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Б-т, 45.900.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Б-д тус тус олгохоор шийдвэрлэж, хохирогч Д.Б- нь хохирол нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн болохыг дурдаж шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Тодруулбал, шүүгдэгч Б.З- нь нэр бүхий хохирогч нарт тодорхой дүнгээр хохирол төлснийг шүүх дутуу тооцсон гэх боловч мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд цуглуулж, хэрэгт бэхжүүлсэн банкны дансны хуулгануудад авагдсан мөнгөн гүйлгээнүүд, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр дээрх нөхцөл байдал нь тогтоогдохгүй байна.
Харин анхан шатны шүүх хохирол төлөхөөр шүүх хуралдааныг ажлын 5 өдрөөр завсарлуулсан хугацаанд хохирогч Г.М-д нэмж 300.000 төгрөгийг төлсөн байхад /14-р хх 3/ үүнийг хохирлоос хасч тооцоогүй, мөн хохирогч А.Б- нь хоёр удаагийн давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрөө оролцож “...надад бэлнээр 2.280.000 төгрөг, өгсөн, гуталных нь үнийг нэмж нийт 4.280.000 төгрөг авсан. ...10.500.000 төгрөг аваагүй. Шүүх хуралдааны үед миний эцэг цус харвасан тул яаралтай явах хэрэг гарч, шүүхээс асуулт асуухад “тийм” гэж хариулсан. ...” гэж /13-р хх 101/ тус тус мэдүүлж байсан ба шүүгдэгчийн гомдолд дурдсан 14.530.000 төгрөгийг төлсөн гэх нөхцөл байдал баримтаар нотлогдохгүй байх тул хохирогч А.Б-д учирсан 40.800.000 төгрөгийн хохирлоос 4.280.000 төгрөгийг хасч, үлдэх 36.520.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохиролтой холбоотой заалтуудыг зөвтгөн өөрчлөв.
2. Шүүгдэгч Б.З- нь анхан шатны шүүх хуралдаанд “...Ц.Э- нь 4 ширхэг гар утсыг М-д өгөөд явуулаарай гэхээр нь би М-д өгөөд явуулсан. Би хүнийг гүтгэж болохгүй болохоор М- тэр гар утаснуудыг яасныг мэдэхгүй байна. Өгч явуулсан утасны төлбөрийг хохирлоос хасуулмаар байна. ...” гэж мэдүүлж, давж заалдах гомдолдоо энэ талаар дурдсан боловч тухайн 4 ширхэг гар утсыг н.М- гэгчид хүлээлгэн өгч, Ц.Э- хүлээн авсан гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй байна.
Хохирогч Ц.Э- нь 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан гомдолдоо “...надад итгэл өгч, их хэмжээний мөнгө зээлэх гэж байсныг мэдсэн тул дахин мөнгө өгөөгүй, эрчимтэй нэхэж эхэлсэн боловч 4 ширхэг гар утас, 400.000+500.000+100.000+300.000=/1.300.000/ төгрөг эргүүлэн авсан. ...” /5-р хх 122/, хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...Б.З- надад нийт 71.200.000 төгрөгийн хохирол учруулснаас 7.770.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Одоо нийт 63.430.000 төгрөгийн үлдэгдэл тооцоотой. ...” /5-р хх 81-82/ гэж мэдүүлж, хохирогч Ц.Э-гийн өмгөөлөгч М.У- анхан шатны шүүх хуралдаанд “...8.380.000 төгрөг төлөгдсөн. Үлдэх хохирлыг нэхэмжилнэ.” /13-р хх 239/ гэж тус тус тайлбарласан ба анхан шатны шүүх хохирогч Ц.Э-гийн хохирлоос 8.380.000 төгрөгийг хасаж шүүгдэгчээс 62.817.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
3. Хохирогч Б.Б- 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн Прокурорын газарт “...үлдэх 37.990.000 төгрөгийг Б.З-ээс буцааж аваагүй. ...” гэсэн агуулга бүхий гомдлыг гаргаж, 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Б.Б-аас хохирогчоор мэдүүлэг авч, улмаар 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Б.З-т эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, Б.З-ээс 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан /11-р хх 20-37/,
хохирогч Б.Б-гийн тухайд 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “...23.000.000 төгрөгийг Б.З-т зээлдүүлээд авч чадаагүй. ...” гэсэн агуулга бүхий гомдлыг цагдаагийн байгууллагад гаргаж, түүнээс мөн өдөр хохирогчоор мэдүүлэг авч, улмаар прокурорын 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн тогтоолоор Б.З-т эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулсан /8-р хх 33-50/ зэрэг үйл ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн байх тул “...хохирогч Б.Б-, Б.Б- нарт хохирол төлж дууссан байхад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.” гэх гомдлыг хүлээн авах үндэслэгүй.
Мөн шүүгдэгч Б.З- нь “...хохирогч Ц.Б-д 7 ширхэг гар утас өгсөн, тэдгээр гар утаснуудыг тухайн үеийн ханшаар үнэлэн хохирлоос хасах ёстой...” гэж гомдол гаргах боловч Ц.Б- нь 2.500.000 төгрөгөөр тооцон 2 ширхэг гар утас хүлээн авсан нь тогтоогдож байх тул Ц.Б-гийнг 50.900.000 төгрөгийн хохирлоос 5.000.000 төгрөгийг хасаж, үлдэх 45.900.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
4. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх онц хүндрүүлэх шинж нь хоорондоо шууд харилцан хамаарал бүхий нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа давтан үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон бага бус, түүнээс дээш хэмжээтэй ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.
Түүнээс гадна “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил, хэв маяг болсноос гадна энэхүү гэмт үйлдлээс өөр орлогогүй, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг эрэлхийлж, түүнд чиглэсэн үйл ажиллагааг тогтвортой явуулдаг, гэмт санаа зорилго бүхий хувийн байдлыг харгалзан үзнэ.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг байнга үйлдэж, тухайн гэмт хэргээс олсон орлогыг амьдралын эх үүсвэр болгосон хүн гэмт хэргийн халхавч болгож хууль ёсны бусад орлого олж байсан эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.
Шүүгдэгч Б.З-ийн хувьд үргэлжилсэн үйлдлээр, 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд нэр бүхий 38 хохирогчийг нэг ижил аргаар буюу “Хямд машин оруулж ирнэ, захиалж өгнө”, “Зах зээлийн үнээс хямд байр авах боломжтой”, “...“Iphone” загварын гар утас хямд захиалж өгнө” гэх зэргээр санал болгож урьдчилж авсан мөнгөний тодорхой хэсгийг өөрийн хэрэгцээндээ зарцуулсан зэрэг нь тус гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн үйлдлийн арга, хандлага, гэмт үйлдлийн давтамж, түүний шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлого нь хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэрэг хүчин зүйлсийг үнэлж үзсэний үндсэн дээр шүүгдэгчийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.З-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл, заалтад зааснаар 7 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
6. Шүүгдэгч Б.З- нь анхан шатны шүүх “Toyota Fourrunner” У- УНҮ улсын дугаартай автомашиныг Г.У-ын өмчлөлд байхад З.Э-ын хохиролд тооцуулахаар шилжүүлэхдээ ямар нэгэн дүгнэлт хийгээгүй гэжээ.
Энэ талаар хохирогч З.Э- “...Г.У- нь “...нотариатынхаа гэрээг Б.З-тэй хийчих, харин машинаа миний нэр дээр шилжүүлчих гэсэн тул 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр У- УНҮ улсын дугаартай автомашиныг Г.У-ын нэр дээр шилжүүлсэн ...” /5-р хх 167/, гэрч Г.У- “...Б.З- намайг “машинаа ав” гэхээр нь 22-ын товчооны тэнд хамт очиж, надад “Toyota Fourrunner” автомашиныг өгсөн ба уг машиныг би өөрийн нэр дээр шилжүүлүүлсэн. Би бодохдоо Б.З- нь миний машин захиж өгсөн 60.000.000 төгрөг дээр 20.000.000 төгрөгөөр үнэлж байгаа “Акуа” машины оронд буюу нийт 80.000.000 төгрөгөөр дээрх машиныг авсан гэж ойлгосон. ...” /5-р хх 231/ гэж тус тус мэдүүлдэг ба “гар утас худалдах, худалдан авах” гэрээгээр халхавчлах замаар хохирогч З.Э-ын өмчлөлийн автомашиныг гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримт нь залилах гэмт хэргийн шинжтэй тул 130.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий автомашиныг хууль ёсны өмчлөгч З.Э-ын өмчлөлд буцаан шилжүүлж, З.Э-ын 195.000.000 төгрөгийн хохирлоос 130.000.000 төгрөгийг хасаж, 65.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн шүүгдэгчийн гомдолд дурдсан анхан шатны шүүх хуралдааны дэг зөрчигдсөн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлд гомдол гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй болно.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас аль нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах зэргээр үнэлснийг буруутгах боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.З- болон хохирогч Ц.Э-гийн өмгөөлөгч М.У- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.З- нь шийтгэх тогтоол гарсан 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл нийт 65 хоног цагдан хоригдсон байгааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2026/ШЦТ/364 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...шүүгдэгч Б.З-ээс нийт 1.160.510.260 төгрөг гаргуулан...” гэсэн хэсгийг “...шүүгдэгч Б.З-ээс нийт 1.169.460.260 төгрөг гаргуулан...” гэж, “...хохирогч А.Б-д 27.270.000 төгрөг...” гэсэн хэсгийг “...хохирогч А.Б-д 36.520.000 төгрөг...” гэж, “...хохирогч Г.М-д 153.900.000 төгрөг...” гэсэн хэсгийг “...хохирогч Г.М-д 153.600.000 төгрөг...” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.З-, хохирогч Ц.Э-гийн өмгөөлөгч М.У- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-ийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл нийт 65 /жаран тав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Л.Д-