Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2018/0536

 

 2018 оны 10 сарын 10 өдөр            Дугаар 221/МА2018/0536                      Улаанбаатар хот

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С, гуравдагч этгээд Р.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, гуравдагч этгээд Д.Ж нарыг оролцуулан хийж, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 123/ШШ2018/0015 дугаар шийдвэрийг эс зөвшөөр гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Ц-ийн давж заалдах гомдлоор “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 123/ШШ2018/0015 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.4, 48 дугаар зүйлийн 48.1-ийг баримтлан нэхэмжлэгчийн “Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2011 оны 03 сарын 28-ны өдрийн А/66 дугаар захирамжийн Ц.Ө, Б.Э нарт холбогдох хэсэг, Ц.Ө-ийн Г-1403002250 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэл, Б.Э-гээс “Газар худалдах, худалдан авах гэрээ”-ээр өмчлөх эрх шилжүүлэн авсан иргэн Р.Э-ын Г-1403002249 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэл, 2014 оны 06 сарын 03-ны өдрийн А/240 дугаар захирамжийг бүхэлд нь, уг захирамжийг үндэслэн бүртгэсэн Ж.М-ийн Г-1403001853 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэл, иргэн Р.Н-ээс “Газар худалдах, худалдан авах гэрээ”-ээр өмчлөх эрх шилжүүлэн авсан иргэн Д.Ж-ы Г-1403001854 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэл, Засаг даргын 2014 оны 11 сарын 11-ний өдрийн А/404 дугаар захирамжийн иргэн Ж.М-, Д.Н- нарт холбогдох хэсэг, уг захирамжийг үндэслэн бүртгэсэн Ж.М-ы Г-1403001697 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэл, Засаг даргын 2016 оны 10 сарын 25-ны өдрийн А/847 дугаар захирамжийг бүхэлд нь, уг захирамжийг үндэслэн бүртгэсэн Л.Д-ийн Г-1403002142 дугаартай, Л.О-ийн Г-1403002140 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэл, Засаг даргын 2016 оны 10 сарын 25-ны өдрийн А/848 дугаар захирамжийг бүхэлд нь, уг захирамжийг үндэслэн бүртгэсэн С.С-ийн Г-1403002137 дугаартай, иргэн Э.М-ийн Г-1403002187 дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэл, Засаг даргын 2016 оны 10 сарын 25-ны өдрийн А/849 дугаар захирамжийг бүхэлд нь, уг захирамжийг үндэслэн бүртгэсэн А.Д-ийн Г-1403002144 дугаартай, иргэн Н.Ч-ын Г-1403002132 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн “... Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2014 оны А/240, А/404 захирамжуудын гарах үед Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.4-т заасны дагуу “С” ХХК-ийн газар эзэмших эрх нь дуусгавар болсон байсан тул уг маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх нь зөрчигдсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна” гэх үндэслэлийн талаар:

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дугаар шийдвэр гарч “С” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Батсүмбэр сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/167 дугаар захирамжийн давхцал бүхий 1.4 га газарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж, 98.6 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Иймд Батсүмбэр сумын Засаг даргын 2006 оны 138 дугаар захирамжид заасан “С” ХХК-ийн 98.6 га газар эзэмших эрх нь сэргэсэн бөгөөд дээр дурдсан шүүхийн шийдвэрийг биелүүлж Батсүмбэр сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/482 дугаар захирамж гарч, 000320366 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосноор 95.4 га газрын газар эзэмших эрх баталгаажсан байдаг.

Гэтэл дээрх хэргийг шүүхээр хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд 2014 оны А/240, А/404 захирамжуудаар маргаан бүхий газартай хил залгуулан орц гарцгүй газар дөрвөн иргэнд газар өмчлөлөөр олгосон.

Мөн “С” ХХК-ийн газар эзэмших эрх хүчин төгөлдөр ямар нэгэн маргаан байхгүй 2011 онд Батсүмбэр сумын Засаг даргын захирамж гарч маргаан бүхий газар 2011 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн А/66 дугаар захирамжаар Ц.Ө, Б.Э нарт газрыг өмчлөлөөр олгосон, шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон “С” ХХК-ийн газар эзэмших эрх сэргэсэн үед буюу 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/867 захирамжаар Л.Д, Л.О нарт, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/848 дугаар захирамжаар Э.М, С.О нарт, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/849 дүгээр захирамжаар А.Д, Н.Ч нарт газар өмчлөлөөр олгосон байх бөгөөд энэ талаар шүүхээс дүгнэлт өгөөгүй нь хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

“С” ХХК 2006 оноос хойш тус газрын эзэмшиж ирсэн бөгөөд цаг хугацааны хувьд сүүлд эрхийг нь зөрчиж гаргасан 2011, 2014, 2016 оны захирамжууд нь хууль бус байх юм. Мөн шүүхийн шийдвэрээр зөрчигдсөн эрхийг сэргээж байгаа бол зөрчигдөхөөс өмнөх байдалд хүртэл сэргээдэг бөгөөд хэн нэгний саналаас үл хамааран иргэн, хуулийн этгээд хэн ч байсан шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй юм.

Иймд анхан шатны шүүхийн дүгнэсэн шиг Засаг дарга хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ хэн нэгнээс санал авах сонсох ажиллагааг заавал хийх шаардлагагүй бөгөөд зөрчигдөхөөс өмнөх байдалд нь зөрчигдсөн эрхийг сэргээх үүрэгтэй юм.

Анхан шатны шүүхээс “... Одоогийн байдлаар нэхэмжлэгч “С” ХХК нь өөрийн эзэмшил газар руу дайран өнгөрөхийг хориглосон дохио тэмдэг тавиагүй, харин хүүхдийн зуслан нь тусдаа хашаатай байгаа болох нь нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын тайлбараар нотлогдож байх бөгөөд гуравдагч этгээд нар нь “С” ХХК-ийн эзэмшлийн бүсээр ингэхдээ хүүхдийн зуслангийн хашааны хажуугаар дайран өнгөрч буй нь хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг явуулах боломжгүй болгосон, зуслангийн стандарт зөрчин хохирол учруулсан нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, хуульд харшилсан гэж үзэхээргүй байна ...” гэж дүгнэжээ.

Гэтэл нэхэмжлэгч “С” ХХК-ийн эзэмшил газар дээр гадны хүн орохыг хориглосон дохио тэмдэгтэй, орох хэсэгт хашаагаар хамгаалсан байдаг бөгөөд тус газрын зурагнаас ч тодорхой харагддаг. Дээрх хашаагаар хамгаалсан газраар маргаан бүхий захирамжаар газар өмчлөн авсан иргэд дайран өнгөрдөг.

Мөн нэхэмжлэгч нь зөвхөн хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эрхлэхэд саад болоод зогсоогүй амралтын үйл ажиллагаа явуулахад саад болж, эрүүл аюулгүй байх шаардлагыг зөрчсөн, ашиг орлогод сөргөөр нөлөөлж байгаа тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ дурдсан байдаг болно. Гэтэл зөвхөн хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эрхлэхэд саад болж байгаад нь дүгнэлт өгчхөөд амралтын үйл ажиллагаа эрхлэхэд саад болж байгаад нь дүгнэлт өгөхгүй байгаа нь хэргийг бүх талаас нь бүрэн дүүрэн дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлээгүй гэх үндэслэл болж байх бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн.

Монгол Улсын стандарт MNS 6034:2008 Амралтын газар, жуулчны бааз, гэр буудалд тавих ерөнхий шаардлагын 4.1.4-т “Төв замаас тухайн амралтын газар, жуулчны бааз, гэр буудал хүртэл тэмдэг тэмдэглэгээ бүхий нэг замтай байн”, 4.4.1-т “Зочны аюулгүй байдал”, 4.4.1.1-т “Амралтын газар, жуулчны бааз, гэр буудлын барилга байгууламж, гэр болон бусад эзэмшил газарт зочны аюулгүй байдлыг бүрэн хангана” гэж заасныг зөрчих нөхцөл байдалд хүргээд байгаа юм.

Анхан шатны шүүх шийдвэртээ “... Тодруулбал, шүүх гуравдагч этгээд нарыг тус компанийн эзэмшил газраар дамжин өмчлөлийн газар руугаа орж, гарч байгаа нь хуульд харшлаагүй гэж үзсэн хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1-д “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөг нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор өөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн эрхийг дараах замаар хязгаарлах эрхтэй гээд мөн зүйлийн 151.3-т “сервитутаар эрх нь хязгаарлагдсан өмчлөгчөөс сервитут бүхий талын үл хөдлөх эд хөрөнгийн хувьд зарим эрх хэрэгжүүлэхийг хязгаарлах” гэж зааснаас үзвэл уг заалтын дагуу захиргааны байгууллага төрийн нэрийн өмнөөс газар өмчлөгчийн хувьд нь талуудыг оролцуулан орц, гарцын асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ” хэмээн дүгнэлт хийхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлэн хэт нэг талыг барьсан, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Учир нь Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газарт нэвтрэх, дайран өнгөрөхийг хориглосон дохио тэмдэг тавих, хашаа барих зэргээр тусгайлан хамгаалсан газарт зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байх бөгөөд газар эзэмшигчийн эрхийг хамгаалан зохицуулсан.

Мөн Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.2-т “Газар өмчлөгч, эрхээ хэрэгжүүлэхдээ хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болохгүй” гэж тус тус заасан.

Дээрх хуулийн зохицуулалтуудын агуулгаар авч үзэхэд маргаан бүхий захирамжуудаар газрыг иргэдэд өмчлөлөөр олгосноор зөрчил үйлдэх, бусдын эрхийг зөрчих нөхцөл байдалд өмчлөгч иргэдийг хүргээд байна.

Иймд маргаан бүхий захирамжууд нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1, 6 дугаар зүйлийн 6.1.1, 19 дүгээр зүйлийн 19.1.4, 21 дүгээр зүйлийн 21.1-ийг зөрчсөн байх бөгөөд ийнхүү хууль зөрчсөн захирамжуудаар иргэдэд газар өмчлүүлснээр “С” ХХК-ийн хуульд заасны дагуу газар эзэмших, ашиглах эрх, газар эзэмшигчийн эрх, аж ахуйн үйл ажиллагаан явуулах эрх нь зөрчигдөж байгаа юм.

Гэтэл анхан шатны шүүх дээрх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хэргийг хянан шийдвэрлэсэн.

Маргаан бүхий 2011 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн А/66, 2014 оны А/240, А/404, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/847, А/848, А/849 дүгээр захирамж болон шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа маргаантай холбоотойгоор эрх хууль ёсны ашиг сонирхол минь хөндөгдөж байна гэж үзээд З.Ц, Ж.Ц гэх иргэдээс гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлт гаргасан байдаг.

Гэтэл анхан шатны шүүхээс шүүх хуралдаан болсон 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр дээрх иргэдийг гуравдагч этгээдээр оролцуулахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд хүсэлт гаргасан иргэд болон хэргийн оролцогч нар захирамжтай маргах боломж олголгүй гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэж захирамж гарган шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж хэргийг хянан шийдвэрлэсэн.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасныг зөрчсөн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Дээрх үндэслэлүүдээр Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 123/ШШ2018/0015 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгон гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “С” ХХК нь анх Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 138 дугаар захирамжаар тус сумын Түшээ гүний Баянголын амралтын 100 га газрыг хүүхдийн зуслан, жуулчны баазын зориулалтаар шилжүүлэн авч эзэмшжээ.

Улмаар Батсүмбэр сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/167 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.6-д заасан үндэслэлээр “С” ХХК-ийн 100 га газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр дээрх 100 га газраас хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр иргэдэд өмчлүүлсэн 1.4 га газарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж, 98.6 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгосны дагуу Батсүмбэр сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/482 дугаар захирамжаар нэхэмжлэгч “С” ХХК-ийн 95.4 га газрын газар эзэмших эрхийг сэргээжээ. Шүүхийн шийдвэрт заасан 98.6 га газрын зөрүү болох 3.2 га газрыг Батсүмбэр сумын Засаг даргын А/897, А/985, А/896, А/994, А/898 дугаар захирамжуудаар 7 айлд өмчлүүлсэн талаар газар эзэмших эрх сэргээсэн захирамжид дурджээ.

Нэхэмжлэгчээс Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2011 оны А/66, 2014 оны А/240, 2016 оны А/847, А/848, А/849 дүгээр захирамжуудаар “тухайн онуудын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй, “С” ХХК-ийн газартай хил залгуулан орц, гарцгүйгээр” иргэдэд газар өмчлүүлсэн нь “Монгол Улсын стандарт Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны ерөнхий шаардлага зөрчигдөх, хүүхдийн зуслан амралтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, өөрийн эзэмшиж буй газрыг Газрын тухай хуульд заасан гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах эрх зөрчигдөж байна” гэсэн үндэслэлээр дээрх захирамжуудын нэр бүхий иргэдэд холбогдох хэсэг болон тус захирамжуудыг үндэслэн газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулахаар маргасан байна.

Нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмшиж буй болон гуравдагч этгээд 12 иргэний өмчлөлийн газар хоорондоо давхцалгүй, харин нэр бүхий 12 иргэн “С” ХХК-ийн эзэмшил газар дээгүүр нэвтрэн өнгөрч өмчлөлийн газартаа орж, гарч байгаа болох нь тогтоогдсон байна.

Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон” тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болохоор зохицуулсан бөгөөд Батсүмбэр сумын Засаг даргын 2013 оны А/167 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.6-д заасан үндэслэлээр “С” ХХК-ийн 100 га газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байх үед буюу 2014 оны А/240 дүгээр захирамжаар Ж.М, Р.Н /Д.Ж-д шилжсэн/, А/404 дүгээр захирамжаар Ж.М, Д.Н, 2016 оны А/847 дугаар захирамжаар Л.Д, Л.О, А/848 дугаар захирамжаар С.С, Э.М, А/849 дүгээр захирамжаар Н.Ч, А.Д нарт тус тус газар өмчлүүлсэн маргаан бүхий актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, маргаан бүхий дээрх захиргааны актуудаар гуравдагч этгээдүүдэд газар өмчлүүлэх үед нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дуусгавар болсон байжээ.

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр Батсүмбэр сумын Засаг даргын 2013 оны А/167 дугаар /газар эзэмших эрхийг цуцалсан/ захирамжийн 98.6 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгосноор анх нэхэмжлэгчид 100 га газар эзэмшүүлсэн 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 138 дугаар захирамжийн үйлчлэл шууд сэргэсэн гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн, Батсүмбэр сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/482 дугаар захирамжаар дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгчийн 95.4 га газрын газар эзэмших эрхийг сэргээж эзэмшүүлэхдээ зөрүү болох 3.2 га газар нь тус сумын Засаг даргын 2016 оны А/897, А/895, А/896, А/994, А/898 дугаар захирамжуудаар 7 айлд өмчлөлөөр олгогдсон талаар дурдсан /эдгээр нь маргаан бүхий актууд биш/ байх тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг шүүхийн шийдвэрийн дагуу /Засаг даргын захирамжаар/ сэргээхээс өмнө 2016 оны А/847, А/848, А/849 дүгээр захирамжуудаар иргэдэд газар өмчлүүлсэн нь хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны А/847, А/848, А/849 дүгээр захирамжуудаар гуравдагч этгээдүүдэд газар өмчлүүлэхэд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дуусгавар болсон байсан, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээхдээ гуравдагч этгээдүүдийн өмчлөлийн газартай давхцуулаагүй тул Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй гэх нэхэмжлэлийн үндэслэлийг шүүх хүлээн авах боломжгүй.

Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсох ажиллагаа нь захиргааны шийдвэр, үйл ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хамааралтай бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эзэмшиж буй газартай давхцалгүйгээр, гуравдагч этгээд нарт газар олгохдоо уг ажиллагааг хийх ёстой байсан гэж үзэхээргүй, энэ нь гуравдагч этгээдүүдийн өмчлөх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

Түүнчлэн, Батсүмбэр сумын Засаг даргын 2011 оны А/66 дугаар захирамжаар гуравдагч этгээд Ц.Ө, Б.Э /Р.Э-д шилжүүлсэн/ нарт газар өмчлүүлсэн үйл баримт нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дуусгавар болохоос өмнөх шийдвэр байх тул шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээснээр маргаан бүхий уг актаар гуравдагч этгээдүүдэд газар өмчлүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

Газрын тухай хуулийн 31-35 дугаар зүйлд газар өмчлөх эрх дуусгавар болох, газар өмчлөгчийн эрхийг хязгаарлах харилцааг зохицуулсан бөгөөд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн өмнө эзэмшиж байсан 100 га газраас хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр иргэдэд өмчлүүлсэн 1.4 га газарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж, 98.6 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгосон, Батсүмбэр сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/482 дугаар захирамжаар нэхэмжлэгч “С” ХХК-ийн 95.4 га газрын газар эзэмших эрхийг сэргээхдээ мөн хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээний үндсэн дээр иргэдэд өмчлүүлсэн 3.2 га газрыг хасч, бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай давхцуулалгүйгээр газар эзэмшүүлсэн нь хуулийн дээрх зохицуулалтуудад нийцэж, гуравдагч этгээдүүдийн өмчлөх эрхийг хязгаарлаагүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Гуравдагч этгээд нэр бүхий 12 иргэн нь Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газарт нэвтрэх, дайран өнгөрөхийг хориглосон дохио тэмдэг тавих, хашаа барих зэргээр тусгайлан хамгаалаагүй бол хэн боловч тухайн газарт хохирол учруулахгүйгээр нэвтэрч, дайран өнгөрч болно” гэж заасныг үндэслэл болгон маргажээ.

Анхан шатны шүүх “нэр бүхий 12 иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ “С” ХХК-ийн эзэмшил газраар дамжин өнгөрч байгаа нь нэхэмжлэгчийн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан газар эзэмшигчийн эрх болон эд хөрөнгө, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй” гэж дүгнэсэн нь өрөөсгөл, гуравдагч этгээд нэр бүхий 12 иргэн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ нэхэмжлэгчийн эзэмшлийн газраар дамжин өнгөрч байгаа хариуцагчийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэгдэх харилцаа байна. Учир нь хариуцагчаас шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага хангаж байгаа эсэх, бусдад эзэмшүүлж болох, зэргэлдээ орших бусад иргэдийн газар эзэмших, өмчлөх эрхийг зөрчих эсэхийг шалгаж тодруулаагүй, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д зааснаар нэхэмжлэгч “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах” эрхээ хэрэгжүүлэх боломжтой эсэхийг тогтоох үүргээ хэрэгжүүлэлгүйгээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээсэн байх боловч энэ нь гуравдагч этгээдүүдийн өмчлөх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг сэргээхдээ хуульд заасан журмын дагуу газар өмчилсөн иргэдийн орц, гарц болон нэхэмжлэгчийн газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх бодит нөхцөлийг тогтоож, шийдвэрлэлгүйгээр газар эзэмшүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэхэмжлэлээр энэ хэргийн гуравдагч этгээд болох иргэдэд газар өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимд нийцэхээргүй байна.

Төв аймгийн Батсүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар тогтоолоор тус сумын газар зохион байгуулалтын 2011 оны төлөвлөгөөг, 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаар тогтоолоор газар зохион байгуулалтын 2014 оны төлөвлөгөөг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 04 тоот тогтоолоор газар зохион байгуулалтын 2016 оны төлөвлөгөөг тус тус батлахдаа иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлэх газрын байршил хэмжээ, эзэмшиж байгаа хашааны газрыг үнэгүй өмчлүүлэх газрын байршил хэмжээг тус тус төлөвлөж, баталсан байх тул нэхэмжлэлийн “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгалгүйгээр иргэдэд газар өмчлүүлсэн” гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.

Түүнчлэн, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 123/ШЗ2018/0170 дугаар захирамжаар З.Ц, Ж.Ц нарын гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ уг захирамжид гомдол гаргах эрхтэй болохыг заасан, хүсэлт гаргасан иргэдэд захирамжийг гардуулсан талаар баримт байхгүй боловч гуравдагч этгээдээр оролцохоор хүсэлт гаргасан З.Ц, Ж.Ц нар “хадлангийн газрыг иргэдэд өмчлүүлсэн” гэсэн үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцохоор хүсэлт гаргахдаа тухайн орчинд ямар хэмжээтэй газарт, хэний шийдвэрийг үндэслэн, хэр хэмжээний хадлан авдаг талаар нотлох баримтыг хавсаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэснээр хүсэлт гаргасан иргэдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх, сэргэх нь тодорхойгүй, баримтаар нотлогдоогүй байх боловч дээрх иргэдийн гомдол гаргах эрхийг хязгаарласан зөрчил нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохооргүй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл зөв байх боловч, шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийн заалтыг баримтлаагүй байх тул Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтыг нэмсэн өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 123/ШШ2018/0015 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Газрын тухай хуулийн” гэсний дараа “4 дүгээр зүйлийн 4.1.3” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “С” ХХК-ийн төлөөлөгч А.Ц-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ