Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 125/2019/0029/З |
Дугаар | 301 |
Огноо | 2020-07-20 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 301
М.К-н нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Буянт сумын Засаг даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Х.Батсүрэн,
Шүүгчид: Г.Банзрагч,
Б.Мөнхтуяа,
Д.Мөнхтуяа,
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг,
Нэхэмжлэлийн шаардлага: “...Буянт сумын Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/08 дугаар “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах”,
Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 242 дугаар магадлалтай,
Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Буянт сумын Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/08 дугаар “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 242 дугаар магадлалаар: Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...нэхэмжлэгч М.К нь Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 91 дүгээр албан бичигтэй 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөрт багтаан хийгдэх үржилд ашиглаж буй бог малын хээлтүүлэгчийг ялган тэмдэглэх, малын нэгдсэн сангийн бүртгэлд хамруулах ажлыг багийн нутаг дэвсгэрт зохих ёсоор хэрэгжүүлээгүй зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Багийн Засаг даргын хувьд хугацаатай судалгаа, мэдээг цаг тухайд нь дээд шатны байгууллагад тайлагнаагүй сахилгын зөрчлөө нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, зөрчлийг үгүйсгэсэн нотлох баримт гаргаагүй, ийм баримт шүүхийн үзлэгээр тогтоогдоогүй. Ийм байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргаагүй, уг зөрчилдөө буруугүй мэтээр дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.
4. ...нэхэмжлэгч М.К-н Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 137 дугаар албан бичигтэй 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөрт багтаан хийгдэх өвөлжөө хаваржаандаа орон сууцтай малчин өрхийн тоо судалгааг гаргах ажлыг хийгээгүй зөрчлийг үгүйсгээгүй байна. Ажилтны гаргасан дээрх сахилгын зөрчил хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, үүнийг давж заалдах шатны шүүх үгүйсгээгүй атлаа сахилгын шийтгэл ногдуулсныг буруутгаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна... “багийн хадлан, гар тэжээл, хужир, шүүхийн мэдээг долоо хоног бүрийн 2 дахь өдөр Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газарт өгч байх, Ховд аймгийн Буянт сумын Засаг даргаас өгсөн судалгаа, мэдээг цаг тухайд нь өгч байх үүрэг, чиглэлийг зохих ёсоор хэрэгжүүлээгүй” сахилгын зөрчлийг нэхэмжлэгч М.К гаргасныг давж заалдах шатны шүүх үгүйсгээгүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй. Ингэсэн атлаа ажилтны сахилгын зөрчилд шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэрийг буруутгаж байгаа давж заалдах шатны шүүхийн магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.
5. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт дурдсан “дээд шатны байгууллагаас өгсөн үүрэг, даалгаврыг багийн Засаг дарга нарт хэрхэн мэдэгдэх, хүргүүлэх, мэдээ судалгааг авах эргэх холбоо, албаны харилцааны зохицуулалт тодорхойгүй” гэх шалтгаан нь нэхэмжлэгч М.К-гийн гаргасан сахилгын зөрчлийг зөвтгөх үндэслэл биш. Учир нь, магадлалд дурдсан дээрх шалтгаанууд нь нэхэмжлэгч М.К-г багийн Засаг даргын хувьд хугацаатай судалгаа, мэдээг цаг тухайд нь гаргаж өгөх үүргээс чөлөөлөхгүй. Уг үүргээ зөрчсөн хариуцлагаас ч хаацайлж, үлдээхгүй. Хэрэв нэхэмжлэгч М.К нь хугацаатай мэдээ, судалгааг цаг тухайд нь гарган өгч, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2-т заасан үүргээ биелүүлсэн бол хариуцагч Буянт сумын Засаг даргаас түүнд сахилгын шийтгэл ногдуулах шаардлагагүй юм.
6. Ховд аймгийн Буянт сумын Засаг даргаас хугацаатай мэдээ, судалгааг цаг тухайд нь гаргаж өгөөгүй багийн Засаг дарга нартай уулзаж, хариуцлага тооцохыг мэдэгдэж, хугацаатай судалгаа, мэдээг цаг тухайд нь өгч байх талаар үүрэг, чиглэл өгч байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Үүнийг нэхэмжлэгч үгүйсгээгүй. Ийм байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчид тайлбар, санал гаргах боломж олгоогүй гэж бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийж, сахилгын зөрчил гаргасан этгээдийг хариуцлагаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасантай нийцэхгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхийг хүсье.” гэжээ.
ХЯНАВАЛ:
7. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
8. Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/08 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасныг баримтлан “дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгавар, шийдвэрийг биелүүлж ажиллаагүй, ажлын хариуцлага алдсан тул” гэж дурдаж, Цагаан эрэг багийн Засаг дарга М.К /М.Кистаубай/-д үндсэн цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, нэхэмжлэгч М.К нь уг тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж “...захирамжийн үндэслэх хэсэг ойлгомжгүй, ...ямар учраас сахилгын шийтгэл хүлээж байгаагаа ойлгохгүй байна, ...сонсох ажиллагаа хийгээгүй, ...хууль бус” гэж маргажээ.
9. М.К-г Цагаан эрэг багийн Засаг даргаар томилуулахаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас нэрийг нь санал болгосны дагуу Буянт сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дүгээр захирамжаар томилогдож, Цагаан эрэг багийн Засаг даргаар ажилласан, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө” гэж заасан тул төрийн жинхэнэ албан хаагчийн сахилгын шийтгэлийн харилцааг зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн уг зохицуулалтын үйлчлэлд багийн Засаг дарга хамаарахгүй.
10. Тодруулбал, төрийн улс төрийн албан тушаалын ангилалд хамаардаг бүх шатны Засаг даргын эрх зүйн байдлыг тусгайлан тогтоосон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар, багийн /бүх шатны/ Засаг дарга хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй, эсхүл хууль зөрчсөн зэрэг асуудал нь түүнд улс төрийн хариуцлага хүлээлгэж, албан тушаалаас нь огцруулах, эсхүл өөрөө огцрох үндэслэл болохоос бус түүнийг томилсон дээд шатны Засаг дарга нь, Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах зохицуулалтыг “адилтган” хэрэглэж, доод шатны Засаг даргад төрийн албаны сахилгын шийтгэл, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж болохгүй юм.
11. Түүнчлэн, доод шатны буюу энэ тохиолдлын хувьд багийн Засаг нь “дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгавар, шийдвэрийг биелүүлж ажиллаагүй, ажлын хариуцлага алдсан” гэдгээр түүнд “сахилгын шийтгэл” ногдуулах эрх, хэмжээ аливаа хуулиар сумын Засаг даргад олгоогүй байна.
12. Харин, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан бүрэн эрхээ багийн Засаг дарга хэрэгжүүлж ажиллаагүй, эсхүл хууль зөрчсөн нь түүнд хариуцлага хүлээлгэх үндэслэл болвол, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т “дээд шатны Засаг дарга, ...энэ хуулийн 32.2-т заасан үндэслэлээр Засаг даргыг огцруулах бол саналаа зохих шатны Хуралд хүргүүлэх...” гэж заасан журмаар тухайн үйл ажиллагааг хэрэгжүүлэх учиртай.
13. Эдгээрээс үзэхэд, хариуцагч Буянт сумын Засаг даргын 2019 оны Б/08 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх шинжийг агуулсан, илт хууль бус хэдий ч, анхан болон давж заалдах шүүхүүд “хүчингүй” болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг тэмдэглэх нь зүйтэй.
14. Харин, анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ, маргаан бүхий захиргааны актын үндэслэлд холбогдуулан нэхэмжлэгч сахилгын зөрчил гаргасан эсэхийг шалгаж, улмаар шүүхээс тогтоосон зөрчлийн хувьд нэхэмжлэгчид “сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй байсан” гэсэн дүгнэлтийг хийсэн, давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн уг дүгнэлтийг зөв гэж хэвээр үлдээсэн нь буруу, шүүхүүд маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн талаар хийвэл зохих дүгнэлт хийгээгүйгээс, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзнэ.
15. Иймд, шүүхийн шийдвэр, магадлалын “Үндэслэх” хэсгийн дүгнэлтийг энэ тогтоолд зааснаар өөрчилж, “Тогтоох” хэсэгт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхбатын хяналтын журмаар “магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах”-аар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.