Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 04

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баярцогт даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,

 

           Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Наран сумын 2 дугаар багийн иргэн Ш.Даваасамбуугийн нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: Сүхбаатар аймгийн Наран сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох

 

           Нэхэмжлэлийн шаардлага: “Наран сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2-р хуралдааны тооллогын комиссын Засаг даргад нэр дэвшүүлсэн дүнг баталсан тогтоол, мөн 2-р хуралдааны сумын Засаг даргад нэр дэвшүүлж уламжилсан тогтоолуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн үндсэн, “Наран сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар хуралдаанаас олонхийн санал авсан болохыг тогтоож, тооллогын комиссын Засаг даргад нэр дэвшүүлсэн дүнг баталсан тогтоол, мөн 2 дугаар хуралдааны сумын засаг даргад нэр дэвшүүлж уламжилсан тогтоол гаргахыг Наран сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах” тухай нэмэгдүүлсэн шаардлагатай  захиргааны хэргийг хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Даваасамбуу, түүний өмгөөлөгч Б.Лхагвасүрэн хариуцагч Наран сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Ж.Цээсүрэн, гуравдагч этгээд Л.Оч, гэрч Ч.Идэрчулуун шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч Ш.Даваасамбуу шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2016 оны 10 сард явагдсан орон нутгийн сонгуулиар миний бие Наран суманд Монгол ардын намаас нэр дэвшиж олонхийн санал авч сумын иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон юм. Ингээд  2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 2 дугаар хуралдаан  хуралдаж сумын Засаг даргад нэр дэвшүүлэхэд Ардчилсан намаас Л.Оч, Монгол ардын намаас миний бие нэр дэвшиж санал хураалтад оролцсон. 

Тухайн үед тооллогын комиссоос Л.Очийг олонхийн санал авсан  гэж танилцуулж, хуралдаанаас түүнийг сумын Засаг даргад өргөн мэдүүлэхээр тогтоол гаргасан. 

Сумын Засаг даргад хоёр хүн нэр дэвшсэн тул бид нууцаар санал хураалт явуулсан. Харин санал хураалтад хоёр төлөөлөгч нэр дэвшигч Л.Очийн нэрийг дугуйлж, ингэснээр хоёр саналын хуудас хүчингүй болсон байхад тооллогын комисс хүчингүй саналын хуудас гарсныг мэдсээр байж хуралдаанд танилцуулалгүй хууль бус тогтоол гарган уг тогтоолыг үндэслэн Засаг даргад Л.Очийн нэрийг өргөн мэдүүлэхээр тогтоол гаргасан нь миний эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна.

Учир нь тухайн үед хүчингүй хоёр саналын хуудсыг танилцуулсан бол нийт 13 төлөөлөгчөөс 7 төлөөлөгч надад, 6 төлөөлөгч Л.Очид санал өгсөн байсан тул намайг Засаг даргад томилуулахаар өргөн мэдүүлэх тогтоол гаргах байсан.

           Өмнө нь анхдугаар хуралдаан дээр Засаг даргад нэр дэвшүүлэх нууц санал хураахад нэр дэвшигчийн өмнөх дугаарыг дугуйлж тэмдэглэж байсан болохоор үүнээс өөрөөр тэмдэглэсэн 2 санал хүчингүй болох ёстой гэж үзэж байна.  

Тооллогын комисст орсон төлөөлөгч Баттөмөр хоёр хүчингүй саналын хуудас гарлаа гэдгийг мэдэж, бусад гишүүддээ мэдэгдсэн боловч Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч Э.Зулцэцэг “ эргээд санал хураагаад адилхан л 7:8 гарна шүү дээ, тэгэхээр энэ чигээр нь явуулъя” гэж хэлсэн юм билээ. Ингээд л хоёр хүчингүй саналын хуудсыг танилцуулаагүй гэдэг юм. Тухайн үед тооллогын комисс хуралдаж даргаа ч томилоогүй, маш хариуцлагагүй ажилласан юм билээ. 

Иймд Наран сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2-р хуралдааны тооллогын комиссын Засаг даргад нэр дэвшүүлсэн дүнг баталсан тогтоол, мөн 2-р хуралдааны сумын Засаг даргад нэр дэвшүүлж уламжилсан тогтоолуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Мөн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: 

“... хүчингүй 2 ширхэг саналын хуудсыг танилцуулсан бол нийт 15 төлөөлөгч хуралд оролцсоноос 13 ширхэг хүчинтэй санал тоологдож 7 нь төлөөлөгч Ш.Даваасамбууд, 6 нь төлөөлөгч Л.Очид санал өгсөн тул олонхийн саналаар миний бие сумын Засаг даргад нэр дэвшигчдээс ялалт байгуулсан”. 

Иймд дээрхи үндэслэлээр миний сонгогдох эрх ноцтой зөрчигдөж байгаа тул Наран сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар хуралдаанаас олонхийн санал авсан болохыг тогтоож, тооллогын комиссын Засаг даргад нэр дэвшүүлсэн дүнг баталсан тогтоол, мөн 2 дугаар хуралдааны сумын засаг даргад нэр дэвшүүлж уламжилсан тогтоол гаргахыг Наран сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж өгнө үү гэв.   

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд Наран сумын 2 дугаар багийн иргэн Ш.Даваасамбуугийн хүсэлтээр нэхэмжлэгч талын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс өмгөөлөгчөөр оролцож байна.  Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж ,түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутгийн өөрөө удирдах байгууллагад хамаарна гэж тодорхойлсон нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-т нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр нь захиргааны байгууллага гэсэн ойлголтод хамаарч байдаг. Наран сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал олонхийн саналаар, цөөнхийн санаа бодлыг сонсож, хууль дээдлэх зарчмыг удирдлага болгон ажиллана гэсэн зарчмыг зөрчсөн нь харагдаж байна. 

Тооллогын комиссын 2016.12.26-ны өдрийн 04 тоот тогтоолын хувьд санал хураах хуудсыг ашиглан нууцаар санал хураалт явуулахдаа төлөөлөгчдөөс бүрдсэн тооллогын комисс гишүүдэд санал хураалтын дүнг танилцуулахдаа илт дэмжсэн, татгалзсан төлөөлөгчдийн тоо гаргах ёстой. Хариуцагч шийдвэр гаргах үйл ажиллагаанд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх, тухайн шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоогоогүй. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах, дээрх хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар оролцогчийг сонсох, тайлбар гаргах үйл ажиллагааг явуулаагүй гэж үзэж байна. Үүнээс үзэхэд тооллогын комисс өөрийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон тайлагнах үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. 

Тухайн саналын хуудсанд нэр дэвшигч Очийн нэрийн өмнөх овог мөн  нэрийг дугуйлснаар 2 саналын хуудас хүчингүйд тооцогдсон. Тооллогын комисс хүчингүй саналын хуудсыг мэдсээр байж танилцуулаагүй. Хууль бус тогтоол гаргасан гэж үзэж байна. Холбогдох хуульд нэр дэвшигчийн саналын хуудаст тэмдэглэгээний талаар заавар байхгүй гэдэг байдлаар хуулийг буруу хэрэглэж тайлбарладаг.    

Сумын Засаг даргад нэр дэвшүүлж, уламжилсан тогтоолын хүрээнд асуудлыг тодруулахад тооллогын комиссын хууль бус тогтоолыг үндэслэн сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тогтоол гаргасан. Захиргааны байгууллага үйл ажиллагаандаа хуулийг хэрэгжүүлэх, хязгаарлалтыг зөрчихгүй, хүний эрх, эрх чөлөөг дээд түвшинд хангах, үйл ажиллагааныхаа уялдаа холбоог хангах тохиромжтой аргыг сонгож хэрэглэх үүрэгтэй. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 31 дүгээр зүйлийн 31.1 захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргахтай холбоотой мэдээлэл өгөх үүрэгтэй гэж заасан. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т өөрт байгаа болон байх ёстой мэдээлэл, нотлох баримтыг оролцогчоос шаардахгүй гэж заасан.  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална гэж заасан. Үүнд хуульд үндэслэх, үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр гаргах үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэж, оролцоог хангана гэсэн зарчмыг зөрчсөн. 

Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн шаардлагын хувьд энэ хүн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан сонгогдох эрх эдэлж чадсангүй гэж үзэж байна. Захиргааны актын агуулга ойлгомжтой, шаардлага нь бодит нөхцөл байдлыг тодорхойлсон байна. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т хурлаас гарсан тогтоол, бусад шийдвэр хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол тухайн хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж заасан. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгөхийг хүсэж байна гэв. 

 

Хариуцагч Наран сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Эрдэнэбат шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар хуралдаан 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 10 цагт одоогийн байрлаж буй Засаг даргын Тамгын газрын байранд Засаг даргын албан тасалгаанд болж, хуралдаан хуулийн хүрээнд хуралдааны дэг болон тухайн хуралдааны дараалал, дотоод журмын дагуу явагдаж, хэлэлцэн шийдвэрлэх асуудлуудаа бүрэн шийдвэрлэж, хуралдаанд оролцсон 15 төлөөлөгчдийн 100 хувийн саналаар шийдвэрээ баталж, хуралдааны явц дунд ямар нэг зөрчилгүй, маргаангүй хүчин төгөлдөр хуралдаан болж 12 цаг 42 минутад өндөрлөсөн болно. 

Хуралдаан дууссанаас хойш аймгийн Засаг даргад хүргүүлэхээр Засаг даргад дахин нэр дэвшигчийн холбогдох баримт бичгийг бүрдүүлж байх үед буюу бараг 4 цаг орчмын дараа сумын Монгол ардын намын дарга Г.Наранцэцэг манай өрөөнд орж ирэн өнөөдрийн хуралдаанд Засаг даргад нэр дэвшигчийн саналын хуудаснаас 2 ширхэг саналын хуудасны тэмдэглэгээ өөр байсан талаар хэлж, үүнийг манай намын зарим төлөөлөгч хүчингүй гэж үзэж байгаа тухай амаар хэлснийг би өөрийн тайлбарыг хэлж ойлгуулсан. 

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгд Засаг даргад нэр дэвшигчийн саналын хуудсыг тэмдэглэхдээ тоог юмуу, нэрийг дугуйлна гэж заагаагүй болно.

Холбогдох хуулинд ч Засаг даргад нэр дэвшигчийн саналын хуудаст тэмдэг, тэмдэглэгээ хийх заалт байхгүй. Тухайн хурлаас томилогдсон тооллогын комисс нь саналаа саналын хуудаст тэмдэглэх тухай төлөөлөгчдөд тайлбар хийж заавар өгөөгүй.

Тооллогын комиссын бүрэлдэхүүнд намуудаас оруулах төлөөлөгчдийн нэрсийг дэвшүүлэхэд Ардчилсан намын бүлгээс 2 төлөөлөгчийн / Ч.Идэрчулуун, Э.Зулцэцэг/, Монгол ардын намын бүлгийг төлөөлж Ш.Даваасамбуу 3 төлөөлөгчийн /Г.Наранцэцэг, Б.Отгонбаатар, Г.Баттөмөр/ нарын нэрийг дэвшүүлж нийт 5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр тооллогын комиссыг баталсан. 

Тооллогын комисс санал хураалтын үйл ажиллагаа явуулж дуусаад нэр дэвшигч Л.Оч олонхийн санал авсан гэж дүнг танилцуулахад би тооллогын дүнтэй холбогдуулан асуулт асуух төлөөлөгч байна уу гэхэд хэн ч юу ч асуугаагүй. Асуулт, хариулт байгаагүй тул төлөөлөгчдийн 100 хувийн саналаар тооллогын комиссын дүнг хүлээн зөвшөөрч баталсан. 

Дараа нь сумын Засаг даргад дахин нэр дэвшүүлсэн тогтоолын төслийг танилцуулан батлуулахад төлөөлөгчид уг тогтоолын төсөлд нэмж, хасах, асуух асуулт байна уу гэхэд төлөөлөгчид байхгүй, гэснээр уг тогтоолыг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталсан болно.

Дээрхи нэхэмжлэлд тайлбар хэлэхэд: 

1 дүгээрт өөрөө уг хуралдааныг эхлэхээс дуустал оролцоод хуралдаанаас гарах тогтоол шийдвэрийг батлахад өөрөө дэмжин 100 хувиар баталсан бөгөөд ямар нэгэн зөрчил, маргаангүй болсныг төлөөлөгчийн хувьд мэдэж байгаа. 

2 дугаарт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргаж байгаа эцсийн шийдвэр бол хамтын шийдвэр бөгөөд олонхийн гаргасан шийдвэрийг үл хүндэтгэж байна гэж бодож байна. 

Тус хоёрдугаар хуралдааны тогтоолууд хуулийн дагуу гарсан гэж үзэж байна  гэв.

Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаад ирүүлсэн тайлбартаа:

Өөрт нь санал өгсөн 7 төлөөлөгч нь уг хуралдаанд оролцсон 15 төлөөлөгчийн олонхи болохгүй мөн 50-иас дээш хувийг эзлэхгүй.

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “... уг Хурлын хуралдаанд оролцсон, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно.” гэж заасан учир олонхийн буюу 50-иас дээш хувийн санал аваагүй тул Ш.Даваасамбууг томилуулах тогтоол гаргах боломжгүй юм.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч Наран сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх ашгийг хамгаалан өмгөөлөгчөөр оролцож байна. Саналын хуудасны тухайд нэр дэвшигчийн нэрийг дугуйлсан, нэрийн өмнөх овгийг дугуйлсан асуудал яригдаж байна. Саналын хуудаст ямар байдлаар тэмдэг, тэмдэглэгээ хийх талаар ямар нэгэн хууль тогтоомжоор зохицуулаагүй, үүнийг хуралдааны дэгээр зохицуулах нь зүйтэй байсан. Монгол ардын намаас тооллогын комисст Ш.Даваасамбуу 3-н хүнийг нэр дэвшүүлж,  батлуулсан. Саналын хуудсаар 7:8 харьцаатай санал гарсан. Төлөөлөгчдийн 100 хувийн ирцтэй, 15 төлөөлөгчийн саналаар шийдвэр гарсан. Шийдвэр гарсны дараа хүчингүй гэдэг байдлаас хандаж байна. Наран сумын Төлөөлөгчдийн 2-р хуралдаан хуулийн хугацаанд явагдсан хүчин төгөлдөр гэж үзэж байна.

 Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд Л.Оч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Ардчилсан намаас нэр дэвшиж,  сонгогдон ажиллаж байна. 

2016 оны 11 дүгээр сарын 18-нд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу анхдугаар хуралдааныг явуулж Ардчилсан намын бүлгээс миний нэрийг дэвшүүлж 8 төлөөлөгчийн буюу 53.4 хувийн олонхийн санал авч сумын Засаг даргаар томилуулахаар аймгийн Засаг даргад санал болгосон. Авилгатай тэмцэх газарт ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн холбогдох бичиг баримтыг бүрдүүлж явуулаад 20 хоногийн дараа хариу бичиг нь аймгийн Засаг даргын Тамгын газарт ирсэн. 

Аймгийн Засаг дарга З.Энхтөр  намайг 2016 оны 12 дугаар сарын 02-нд Сүхбаатар аймгийн төвд дуудаж уулзаад Наран сумын Засаг даргын орлогчийг Монгол ардын намаас томилвол таныг Наран сумын Засаг даргаар томилоход бэлэн байна гэснийг миний бие хүлээн авах боломжгүй гэж хэлсэн. Ингээд 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр аймгийн Засаг даргаас намайг томилох боломжгүй гэсэн хариу албан тоот ирснээр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4 дэх заалтын дагуу 2 хуралдааныг 12 сарын 26-ны өдөр хийхээр товлосон. 

Хурал тухайн өдөр хуралдаж Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалт явагдаж тооллогын комисс миний нэрийг төлөөлөгчдийн олонхийн санал буюу  53.4 хувийн санал авсан болохыг танилцуулан дүнг батлан дахин сумын Засаг даргад томилуулахаар хэлэлцэн дэмжиж аймгийн Засаг даргад холбогдох баримт бичгийг бүрдүүлж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас явуулсан. 

Тухайн үед иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэгд саналын хуудсыг яаж тэмдэглэх талаар тусгагдаагүй, тооллогын комисс ямар нэгэн тайлбар өгөөгүй санал хураалт явагдаж дууссан. 

Сум орны өвөлжилт хүндэрч, зарим газар нутгаар өвсний гарц муугаас малчид өөрийн орон нутагт болон зэргэлдээх сум руу нүүж байна.Орон нутгийн удирдлагын томилгооноос болж хүлээлт үүсч малчид, иргэдийн амьдралд нөлөөлж, төсвийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагаа доголдох явдал гарч болзошгүй байна. 

Миний төлөө саналаа өгсөн 2 төлөөлөгчийн саналыг хүчингүй болгох боломжгүй, үнэн зөвөөр шударга шийдвэр гаргана гэж итгэж байна гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

        

         Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгч, гэрч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

        

         1. Нэхэмжлэгчээс Наран сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хоёр дугаар хуралдааны тооллогын  комиссын сумын Засаг даргад нэр дэвшигчийн санал хураалтын дүнг баталсан, сумын Засаг даргад нэр дэвшүүлж уламжилсан тогтоолуудыг  хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ санал хураалтын хуудсанд хоёр төлөөлөгч нэр дэвшигч Л.Очийн нэрийг дугуйлж, ингэснээр хоёр саналын хуудас хүчингүй болсон байхад тооллогын комисс хүчингүй саналын хуудас гарсныг мэдсээр байж хуралдаанд танилцуулалгүй хууль бус тогтоол гаргасан, уг тогтоолыг үндэслэн Засаг даргад Л.Очийн нэрийг уламжлахаар тогтоол гарган миний эрх ашгийг зөрчсөн гэж тодорхойлсон байна.

 

         Харин хариуцагч нь холбогдох хуульд болон хурлын дэгд Засаг даргад нэр дэвшигчийн саналын хуудсанд тэмдэглэгээ хийх талаар тодорхой заагаагүй, тооллогын комисс нь саналын хуудсанд саналаа яаж тэмдэглэх тухай төлөөлөгчдөд тайлбар хийж, заавар зөвлөгөө өгөөгүй, МАН-ын төлөөлөл дийлэнх орсон тооллогын комисс ямар нэгэн маргаангүйгээр  санал хураалтын дүнг хуралдаанд оруулж батлуулсан гэж тайлбарлан маргаж байна.

Сүхбаатар аймгийн Наран сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар хуралдаан 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тухайн хурлын нийт 15 төлөөлөгчийг оролцуулан  хуралдаж: 

1. иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг батлах тухай

2. иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын бүрэлдэхүүн ажиллах нөхцлийг батлах тухай

3. Сумын Засаг даргад дахин нэр дэвшүүлэх гэсэн 3 асуудлыг хэлэлцэн  баталснаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хоёр дугаар хуралдааны тооллогын комиссын “сумын Засаг даргад нэр дэвшигчийн санал хураалтын дүнг батлах”  болон “сумын Засаг даргад дахин нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг уг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, хуралдааны дэг болон тэмдэглэл, гэрч Ч. Идэрчулууны мэдүүлгээр тогтоогдож байна.

Наран сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар хуралдаан “сумын Засаг даргыг томилуулах” санал гаргах асуудлыг хэлэлцэхдээ 2 хүн Засаг даргад нэр дэвшсэн тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэгийн 9.14-т заасны дагуу нууц санал хураалтаар шийдвэрлэхээр болж тооллогын комиссыг АН-аас 2, МАН-аас 3 нийт 5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй байгуулж нууц санал хураалтыг явуулж тооллогын дүнг баталгаажуулан, санал хураалтад оролцсон 15 төлөөлөгчөөс 8 төлөөлөгчийн буюу олонхийн санал авсан АН-аас нэр дэвшигч Л.Очийг сумын Засаг даргад томилуулахаар аймгийн Засаг даргад уламжлах тогтоол гаргажээ.

          Тооллогын комисс санал хураалтын дүнг гаргахдаа нэр дэвшигчийн нэрийг дугуйлж тэмдэглэсэн хоёр саналын хуудсыг хүчинтэй эсэх талаар санал солилцон ямар нэгэн маргаангүйгээр санал нэгдэн санал хураалтын дүнг хуралдаанд оруулж сумын Засаг даргад нэр дэвшигчийг батлуулсаныг буруутгах боломжгүй байна.

 

          Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн сумын Засаг даргад нэр дэвшигчийн саналын 15 хуудсыг шүүх хуралдаанд нотлох баримтаар шинжлэн судлахад МАН-аас нэр дэвшигч Ш.Даваасамбуугийн төлөө 7 санал, АН-аас нэр дэвшигч Л.Очийн төлөө 8 төлөөлөгч саналаа өгсөн байна.Саналын хуудсанд саналаа хэрхэн тэмдэглэсэн байдлыг харвал МАН-аас нэр дэвшигч Ш.Даваасамбуугийн нэрийн өмнөх 1 гэсэн дугаарыг дугуйлж тэмдэглэсэн хуудас 7, АН-аас нэр дэвшигч Л.Очийн нэрийн өмнөх 2 гэсэн дугаарыг дугуйлж тэмдэглэсэн хуудас 6, Л.Очийн нэрийг дугуйлж  тэмдэглэсэн хуудас 1, Л.Очийн нэрний овгийн Л гэсэн үсгийг дугуйлж тэмдэглэсэн  хуудас 1 байв.

          Ийнхүү нэр дэвшигчийн төлөө саналаа өгөхдөө 13  саналын хуудсанд нэр дэвшигчдийн өмнөх дугаарыг дугуйлж тэмдэглэсэн бол хоёр саналын хуудсанд нэр дэвшигчийн нэрийг болон овгийн эхний үсгийг дугуйлж тэмдэглэсэн болох нь хэрэгт авагдсан дээрх сумын Засаг даргад нэр дэвшигчийн саналын хуудсаар тогтоогдож байгаа боловч сумын Засаг даргад нэр дэвшигчийг тодруулах нууц санал хураалтад оролцсон төлөөлөгчдөд урьдчилж саналаа яаж тэмдэглэхийг сануулж хэлээгүй, энэ талаар тогтоосон журам байхгүй байх ба саналын хуудсанд нэр дэвшигч Л.Очийн нэрийг болон Л.Очийн нэрний овгийн Л гэсэн үсгийг дугуйлж тэмдэглэснээр  сумын Засаг даргад нэр дэвшигч Л.Очийг дэмжиж саналаа өгсөн болох нь хэнд ч илэрхий харагдаж байх тул бусад саналын хуудсанд тэмдэглэснээс өөрөөр буюу нэр дэвшигчийн нэрийг дугуйлсан гэж хоёр саналын хуудсыг хүчингүй болгох боломжгүй гэж үзлээ.

         

          Мөн “Засаг даргыг томилуулах санал гаргаж аймгийн Засаг даргад уламжлах” асуудал нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж ,түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “Г”-д заасан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын онцгой бүрэн эрхийн асуудал бөгөөд нэхэмжлэгч Ш.Даваасамбуу нь иргэдийн хурлын төлөөлөгчийн хувьд уг хуралдаанд оролцож тооллогын комиссын бүрэлдэхүүнд МАН-аас 3 төлөөлөгчийн нэрийг дэвшүүлэх, сумын Засаг даргад МАН-аас нэрээ дэвшүүлэн өрсөлдөж, “сумын Засаг даргад нэр дэвшигчийн санал хураалтын дүнг батлах” болон  “сумын Засаг даргад дахин нэр дэвшүүлэх тухай” тогтоолуудыг батлахыг дэмжиж саналаа өгч идэвхтэй оролцсон байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан Наран сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр нь Захиргааны ерөнхий хуульд заасан зарчим, захиргааны шийдвэр гаргах  ажиллагааг зөрчсөн хууль бус шийдвэр гэсэн тайлбар  үндэслэлгүй байна.

          Түүнчлэн  дээрх тогтоолууд нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “... сумын Засаг даргад тухайн хурал дахь нам эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж заасантай  нийцэж байна.

         2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн “Наран сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар хуралдаанаас олонхийн санал авсан болохыг тогтоож, тооллогын комиссын Засаг даргад нэр дэвшүүлсэн дүнг баталсан тогтоол, мөн 2 дугаар хуралдааны сумын засаг даргад нэр дэвшүүлж уламжилсан тогтоол гаргахыг Наран сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах” шаардлагын үндэслэлээ “хүчингүй 2 ширхэг саналын хуудсыг танилцуулсан бол нийт 15 төлөөлөгч хуралд оролцсоноос 13 ширхэг хүчинтэй санал тоологдож 7 нь төлөөлөгч Ш.Даваасамбууд, 6 нь төлөөлөгч Л.Очид санал өгсөн тул олонхийн саналаар миний бие сумын Засаг даргад нэр дэвшигчдээс ялалт байгуулсан” гэж тодорхойлсон.

         Харин хариуцагч “өөрт нь санал өгсөн 7 төлөөлөгч нь уг хуралдаанд оролцсон 15 төлөөлөгчийн олонхи болохгүй мөн 50-иас дээш хувийг эзлэхгүй” гэж маргаж байна.

         Наран сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2 дугаар хуралдааны сумын Засаг даргад нэр дэвшигчийг тодруулах  нууц  санал хураалтад тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт 15 төлөөлөгч бүгдээрээ оролцож саналаа өгсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан “сумын Засаг даргад нэр дэвшигчийн саналын 15 хуудас” болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, гэрч Ч.Идэрчулууны мэдүүлэгээр тогтоогдож байна.

          Сумын Засаг даргад нэр дэвшигчийн санал хураалтад 15 төлөөлөгч оролцож санал өгсөн байхад 13 төлөөлөгчөөр санал хураалтын дүнг тооцож 7 төлөөлөгчийн санал авсан миний бие ялалт байгуулсан гэсэн нэхэмжлэгчийн  тайлбар нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

           Өөрөөр хэлбэл  санал хураалтад оролцсон 15 төлөөлөгчийн 7 нь  нэр дэвшигч Ш.Даваасамбуугийн төлөө саналаа өгсөн нь 50-иас дээш хувьд хүрэхгүй байх тул олонхийн санал авсан гэж үзэх боломжгүй юм.

           Иймд дээрх үндэслэлүүдээр Наран сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хоёр дугаар хуралдаанаар баталж гаргасан тооллогын  комиссын “сумын Засаг даргад нэр дэвшигчийн санал хураалтын дүнг баталсан” болон “сумын Засаг даргад дахин нэр дэвшүүлэх тухай” тогтоолууд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “Г”, 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг баримтлан Сүхбаатар аймгийн “Наран сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2-р хуралдааны тооллогын комиссын засаг даргад нэр дэвшүүлсэн дүнг баталсан тогтоол, мөн 2-р хуралдааны сумын Засаг даргад нэр дэвшүүлж уламжилсан тогтоолуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулж”, “Наран сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар хуралдаанаас олонхийн санал авсан болохыг тогтоож, тооллогын комиссын Засаг даргад нэр дэвшүүлсэн дүнг баталсан тогтоол, мөн 2 дугаар хуралдааны сумын засаг даргад нэр дэвшүүлж уламжилсан тогтоол гаргахыг Наран сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах”-ыг хүссэн Сүхбаатар аймгийн Наран сумын 2 дугаар багийн иргэн Ш.Даваасамбуугийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

 

 

 

ШҮҮГЧ                              Б.БАЯРЦОГТ