Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 36

 

Захиргааны зөрчилтэй

материалын талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Ж.Баттогтох даргалж,  Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэл, Ш.уугийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З. нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 20 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн Ш.уугийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.ийн давж заалдсан гомдлоор захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Анхан шатны шүүх: Завхан аймаг дахь Цагдаагийн газраас ирүүлсэн “Архивт хадгалагдсан сонгуулийн санлын хуудасны битүүмжлэлийг нээж үзлэг хийхэд шүүхийн шийдвэр гаргуулах тухай санал”-ыг хүлээн авахаас татгалзаж, захирамжийн хувийг Цагдаагийн газраас ирүүлсэн Завхан аймгийн Монгол ардын намын хорооны гомдолд холбогдох 16 хуудас материал болон CD дүрс бичлэг 1 ширхэг, гэрэл зураг 2 ширхэг, МАН-аас УИХ-ын 18-р тойрогт нэр дэвшигч Ш.уугийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.ийн гомдолд холбогдох 14 хуудас материалыг тус тус Цагдаагийн газарт буцаан хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Бавуудоржид даалгаж, Сонгуулийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт зааснаар захирамжид гомдол гаргах боломжтой болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

    З. давж заалдсан гомдолдоо: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 20 дугаартай “Саналыг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжтай танилцаад захирамжийг эс зөвшөөрч Сонгуулийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: 1. “Хэдийгээр ... Завхан аймгийн Монгол ардын нам болон Монгол ардын намаас нэр дэвшигч Ш.уугийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэл зоригийг үл харгалзан зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан, зөрчилд холбогдох этгээдийг тогтоогоогүй байх тул ... битүүмжлэлийг нээж үзлэг хийхэд шүүхийн шийдвэр гаргуулах тухай саналыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ ...” хэмээн дүгнэж байгаа нь үндэслэл муутай шийдвэр юм. Учир нь: Завхан аймгийн Монгол ардын нам болон миний гаргасан хүсэлтэд дурдагдсан “гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан эсэхийг шалгаж өгнө үү” гэснийг үл хайхарсан, зөрчилд холбогдох этгээдийг тогтоогоогүй зэрэг эрх зүйн үндэслэл муутай дүгнэлтийг хийж Цагдаагийн байгууллага гомдол мэдээллийг шалгах, эд мөрийн нотлох баримт цуглуулах, үзлэг хийх зэрэг хуулиар олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлэх боломжийг таслан зогсоосон. Мөн дээрх шүүгчийн захирамжид Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаартай тогтоолоор баталсан “Саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам”-ын 6.3-д заасныг баримталж байгаа нь буруу юм. Учир нь дээрх заалт нь “саналын хуудсыг дахин тоолох шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд” санал авах байрны болон аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодын төлөөллийг байлцуулах талаар зохицуулсан байдаг. Харин Цагдаагийн байгууллага, Завхан аймгийн Монгол ардын нам болон миний бие саналын хуудсыг дахин тоолуулах бус санал тоолох үед Сонгуулийн тухай хууль зөрчиж тамга, тэмдэггүй саналын хуудас илэрсэн тул түүнийг шалгуулахаар хүсэлт гаргасан бөгөөд хэрэв дээрх зөрчил илэрсэн тохиолдолд цагдаагийн байгууллага дараа, дараагийн буюу эзэн холбогдогч болон бусад нотлох баримтуудыг цуглуулах талаар хуулинд заасан ажиллагаануудыг хэрэгжүүлнэ гэж ойлгож байна. Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 20 дугаартай “Саналыг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, “Архивт хадгалагдсан сонгуулийн саналын хуудасны битүүмжлэлийг нээлгэх тухай” шийдвэрийг гарган өгч, хууль зөрчсөн үйлдэл байгаа эсэхийг шалгах боломжоор хангаж өгнө үү гэжээ.  

     Ш.уугийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би 7 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Цагдаагийн газарт хандан тамга, тэмдэггүй саналын хуудсаар Сонгуулийн санал авсан тухай гомдол гаргасан. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.14, 99 дүгээр зүйлийн 99.3 дахь хэсгийн заалтуудыг тус тус зөрчсөн байдаг юм. Эдгээр зөрчилтэй саналын хуудсуудыг Цагдаагийн байгууллагаар шалгуулахын тулд архивт хадгалагдаж байгаа саналын хуудсуудын битүүмжлэлийг нээлгэж шалгах шаардлагатай болсон юм.

    Саналын хуудасны битүүмжлэлийг нээлгэх хүсэлт гаргасан боловч шүүгчийн захирамжид саналын хуудсыг шалгах боломжгүй гэж заасан. Анхан шатны шүүхийн шүүгч Н.Дэлгэрмаагийн гаргасан даалгавар гүйцэтгүүлэх тухай захирамжид сонгуулийн хорооны ажилтнууд нь 402 саналын хуудсаар санал авсан баримтыг нарийвчлан шалгах шаардлагатай гэж үзсэн байна. 

    Бидний зүгээс энэ даалгаварын дагуу нарийвчлан шалгах гэхээр саналын хуудасны битүүмжлэлийг заавал шүүгчийн захирамжаар нээх ёстой болж байгаа юм. 
Иймд анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 20 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, материалыг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны болж чадаагүй байна. Завхан аймаг дахь Монгол ардын намаас сонгуулийн саналын хуудасны битүүмжлэлийг нээж үзлэг хийхэд шүүхийн шийдвэр гаргуулах саналыг шүүхэд гаргажээ. Шүүх захиргааны зөрчилтэй материалыг хянаж үзээд саналыг хүлээн авахаас татгалзах тухай шийдвэрийг 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гаргажээ. Гэхдээ шүүх ямар шалтгаанаар сонгуулын саналын хуудасны битүүмжлэлийг нээж үзлэг хийхэд шүүхийн шийдвэр гаргахаас татгалзах болсон үндэслэлээ захирамжидаа тодорхой заагаагүй байна. Мөн захирамжид Сонгуулийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах эрхтэй гэж дурджээ. Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь давж заалдах шатны шүүхэд хамааралтай заалт байна. 
Иймд захирамжийг хүчингүй болгож, захиргааны зөрчилтэй материалыг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4, 7 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 20 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Энэ магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.НАМХАЙДОРЖ