Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 00251

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, шүүгчид Н.Нямсүрэн, М.Эрдэнэ-Очир нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Х.Заяа,

Иргэдийн төлөөлөгч Ю.Баасандорж,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Хохирогч Л.Батжаргал,

Хохирогчийн өмгөөлөгч А.Ууганбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бт холбогдох эрүүгийн 1838000000227 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 3 дугаар багийн нутаг Хийтийн гол гэх газар байрлах гэртээ нөхөр Л.Этолгойн тус газар модоор цохиж алсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 3 дугаар багийн нутаг Хийтийн гол гэх газар байрлах гэртээ нөхөр Л.Этолгойн тус газар модоор цохиж алсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаа болон, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.Наранчулууны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комиссын 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 23 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин шүүгдэгч Д.Б нь 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 3 дугаар багийн нутаг Хийтийн гол гэх газар талийгаач Л.Эг гэртээ согтуугаар агсам тавьж өөрийг нь болон хүүхдээ үг хэлээр доромжилсон хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж түүний толгойн тус газар модоор цохиж алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "…Мөн талийгаач намайг гэрээс чирч гаргаад өшиглөж зодсон...Талийгаач намайг хоноцын шээсээ аваад зайл гэхээр нь би модоор цохисон. Намайг өдөөд, өшиглөж, цохиод байхаар нь бид хоёр зодолдсон...Ухаан санаа орж гараад байгаа. Харамсаж байна...” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 5-9 дүгээр хуудас/,

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 10-11 дүгээр хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 12-15 дугаар хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 74, 77-78 дугаар хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /ХХ-ийн 20 дугаар хуудас/,

Хохирогч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...2018 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 10-11 цагийн орчимд манай дүү Э надруу утсаар залгаад мэнд мэдсэн. Тэгээд би Эг согтуу байх шиг болохоор нь яагаад архи уучихсан юм бэ гэсэд “дүү нь хөөгдөн барин байна гээд уйлаад байсан. Тэгээд та надаас 50 жилийн сургуулийн уулзалтандаа явах юмуу гэж асуугаад утсаа салгасан. Э бид хоёр арван жилийн сургуулийн нэг ангид сурдаг байсан. Би 9 настайдаа нэгдүгээр ангид элсэн ороод, Э 7 настайдаа нэгдүгээр ангид орсон юм. Ингээд тус өдрийн 15-16 цагийн орчимд Эгийн ойролцоох айлын хүн байна гэсэн эмэгтэй хүн манай утас руу залгаад Эг нас барсан талаар мэдэгдсэн. Яг ямар шалтгааны улмаас нас барсан талаар бол мэдээгүй. Гэхдээ цагдаагийн албан хаагч нар очсон байна гэхээр нь гадны нөлөөтэй юм болов уу гэж бодсон...Би гомдолтой байна. Оршуулгатай холбоотой зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Талийгаачийн эхнэр нь гэртээ харилаа гээд байхаар нь би гэрт нь хүргэж өгсөн. Талийгаач нилээн согтчихсон бас явж чадахгүй байна гэж хэлж байсан. Тэгээд намайг талийгаачийн эхнэрийг нь хүргэж ирэхэд талийгаачийг манай хүргэн Дашбат хүргэж ирсэн бөгөөд манай хүргэн тэр дороо буцаад явчихсан. Намайг талийгаачийн гэрт байхад манай хажуу айлын хүн болох Энхтөр намайг авах гэж ирсэн. Энхтөрийг талийгаачийн гэрт ирэхэд 22 цаг өнгөрч байсан санагдаж байна. Тэгээд бид нарын ууж байсан 6 ширхэг жижиг пиво дуусаад Энхтөр бид хоёр талийгаачийн хойморт дээлээ нөмрөөд хэвтэх гэсэн чинь талийгаач эхнэртэйгээ маргалдсан. Талийгаач охиноо гадаа унт гээд маргалдаад байсан. Тэгээд гэртээ барилцаж аваад гарсан. Тэгээд би, удалгүй Энхтөр гарсан. Тэр хоёр гэрийнхээ үүдэнд барилцаж авчихсан зогсож байсан. Тэгээд Энхтөр тэр хоёрыг салгасан чинь талийгаачийн нүүр нь шалбарчихсан байсан гэсэн. Үүнийг сүүлд Энхтөрөөс мэдсэн. Тэгээд намайг талийгаачийн хойморт хэвтэж байхад гаднаас талийгаач Э түүний эхнэр Долгормаа, Энхтөр гурав орж ирсэн. Тухайн үед талийгаачийн нүднээс нь цус гарчихсан духны хэсэгт нь шалбарчихсан байсан. Тэгээд гаднаас орж ирээд 2 лаазтай пиво байсныг хувааж уучихаад унтаж амарцгаасан. Ингээд өглөө нь Энхтөр хамгийн түрүүнд босоод хоол цай халааж идэж байхад нь би босоод цай чанаж байхад талийгаач боссон. Тэгээд сууж байснаа цай уучихаад бид хоёрыг явах гэж байхад хэсэг унтахаас гэж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 35-45 дугаар хуудас/,

Гэрч А.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг Эгийн гэрт очиход тэднийд Э, түүний эхнэр Долгормаа, охин нь болон Төмөрбаатар нар байсан. Би очихдоо 6 ширхэг жижиг лаазтай пиво аваачиж өгөөд бид нар тэр пивийг ууцгаасан. Тэгээд миний мотоцикль гэрэлгүй болчихоод байхаар нь хонохоор болоод Эы гэрийн баруун талд сууж байсан чинь Э, Долгормаа хоёр охиносоо болж маргалдсан. Яг юу болоод охиноосоо болж маргалдсан талаар би мэдэхгүй байна. Тэгээд тэр хоёр бие биенээ заамдаж аваад гэрээс гарсан. Тэгээд би удалгүй араас нь гарсан чинь тэр хоёр зодолдсон бололтой нэг, нэгнийгээ заамдчихсан талийгаачийн хацар духны хэсгээс цус гарчихсан баруун нүд нь хөхөрч улайсан байдалтай байсан. Гадаа харанхуй байсан учраас би талийгаачийн нүд бага зэрэг улайж хавдсан цус нөж болсон байхыг гэрт нь ороод харсан. Тэгээд тэр хоёр гаднаас орж ирээд нэг их удаагүй байж байгаад унтаад өгсөн. Тэгээд өглөө би хамгийн түрүүнд боссон бөгөөд намайг босоход талийгаач зүүн талынхаа газар унтаж байсан. Тэгээд би хоносон хоол байхаар нь идэх гээд гал түлээд байж байхад Төмөрбаатар боссон. Төмөрбаатарыг босоод удаагүй байхад Долгормаа босоод түүний араас Э боссон. Э босоход баруун нүдний доод хэсгээс цус гарч хавдсан, нүд хөхөрсөн, духны энд тэнд зулгарсан байдалтай байсан. Тэгээд талийгаач босоод тамхи ороож татаад сууж байсан. Тэгээд Төмөрбаатар бид хоёр хоол халааж идчихээд явсан. Бид хоёрыг явахад талийгаач эхнэр хүүхдийнхээ хамт гэртээ үлдсэн...” гэх мэдүүлэг / ХХ-ийн 46-53 дугаар хуудас/,

Гэрч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өчигдөр буюу 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр намайг Хөвсгөл аймгийн Арбулаг суманд ажлаар явж байхад Баянзүрх сумын Засаг даргын орлогч Батбаяр нь өдрийн 13 цаг 20 минутын орчимд 99443940 дугаартай утаснаас 95114815 дугаартай утас руу залгаж Баянзүрх сумын 3-р багийн иргэн Лувсанцэрэн овогтой Э эрэгтэй 58 настай тус багийн Хийтийн голын Хужир гэх газарт нас барсан байна гэж мэдэгдсэн. Ингээд би Э гэх хүний эхнэртэй нь утсаар холбогдож юу болсон талаар асуухад манай нөхөр шөнийн 02 цагийн орчим Төмөрбаатар гэх хүнтэй ирсэн. Тэгээд нүүр ам нь шалбарчихсан байхаар нь яасан талаар асуухад мотоциклиос уначихлаа гэж хэлсэн гэж ярьсан...” гэх мэдүүлэг / ХХ-ийн 54-55 дугаар хуудас/,

Гэрч А.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагийн орчимд намайг хониноосоо ирчихээд гэртээ байж байхад манай хадам аавын гэрт Э гуай эхнэр Долгормаагийнхаа хамт ирж байсан. Тэр хоёр хүн манай хадам аавынд ирэхдээ хоёр том пивотой ирж байгаа харагдсан. Тэгээд тэр хоёр пивоо аавынд оруулж хадам аавтай хувааж уусан байх. Тэгээд намайг хониндоо явчихаад хэсэг байж байгаад ирсэн чинь Э гуай гэрийн гадаа сүүдэрт тасраад уначихсан, эхнэр нь хадам аавын гэрт тасраад уначихсан байгаа харагдсан. Тэгээд эхнэр нь түрүүлж сэрээд нөхрөө харья гээд нөхөр нь сэрж өгөхгүй байсан. Тэгээд Долгормаа гуай охин маань гэртээ ганцаараа байгаа, гэр орон маань болохоо байлаа гээд хадам аавыг гэрт хүргэж өг гээд манай хадам аав гэрт нь хүргэж өгөхөөр Э гуайн мотоциклиор явсан. Тэгээд удаа ч үгүй байж байтал нөхөр нь сэргээд аавын гэрт орж гарч явж байгаад арай гайгүй болоод мотоциклио хайгаад байхаар нь танай эхнэр чинь таны мотоциклиор явсан гэсэн чинь би гэртээ харимаар байна намайг хүргэж өг гэхээр нь би хадам аавын шинэ мотоциклиор Э гуайг гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд би хүргэж өгчихөөд шууд буцаад явсан. Замдаа унасан барьсан зүйл огт байхгүй. Манайхаас Э гуайн гэр лүү явдаг зам хүн унахаар ч зам биш, тэглээ ч би өөрөө олон жил мотоцикпь барьж байгаа хүн унагаахаар хүн биш...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 56-58 дугаар хуудас/, 

Гэрч О-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 15-16 цагийн орчимд намайг гэртээ эхнэр хүүхдийнхээ хамт байж байхад Б гуай манай гэрт ганцаараа ирээд Э нас барчихлаа сумын төврүү мэдэгдэж өгөөч гэсэн. Тэгээд би Сүмбээ гэх хүнрүү залгаж Э гуай нас барсан байна гэж мэдэгдэж өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 59-60 дүгээр хуудас/,

Гэрч Б.Н-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Оройн 19-20 цагийн орчимд манай аав Э нь Оргио гэх хүнтэй хамт мотоциклийнх нь араар сууж ирсэн. Тэгээд аав мотоциклиос буугаад ээж чинь ирээгүй юм уу пизда минь гэхээр нь би ирээгүй байсан гэсэн. Намайг үхрийн хашаа руу явж үхрээ хашчихаад гэр лүүгээ явж байхад Төмөрбаатар ах ээж хоёр ирж байсан. Тэгээд би ээж болон тэнд байсан хүмүүст аав намайг сая чиний хүүхэд биш явж зайл гэж хөөлөө гэж хэлэхэд тэр хүмүүс нэг их тоогоогүй. Ингээд бид байж байтал Энхтөр ах ирээд дээлийнхээ өврөөс хэдэн пиво гаргаж ирээд тэд нар уусан. Тэгээд байж байтал аав, ээж хоёр маргалдаад аав ээжид хандан чи наад хоноцийн шээсээ аваад зайл гээд байсан. Тэрнийг нь би гэр дотроос сонссон. Тэгээд гэрийн гадаа хэсэг маргалдаж байгаад орж ирэхдээ аавын баруун талын духны хэсэгт шалбарсан байсан. Би бодохдоо аав, ээж хоёр маргалдаад би аавыг ээж модоор цохисон байх гэж бодсон. Тэгээд би тэр хоёрыг дахиад маргалдаад унаж магадгүй гэж бодоод гэрээс гараад гэрийн хойно байсан машиндаа унтсан. Тэгээд маргааш өглөө гэр лүү ороход аавын баруун талын нүдний дээд хэсэгт шалбарсан, духны хэсэгт шалбарсан, нүд нь хөхөрч хавдсан байдалтай байсан. Тэгээд би хониндоо яваад өдөр гэртээ ирсэн чинь цагдаа ирчихсэн аавыг нас барчихсан гэж байсан...Аав архи уухаар ээж бид хоёрыг байнга л гэрээсээ хөөж яв зайл гээд байдаг. Ээж бид хоёр өвөл малынхаа хашаанд зун нь гадаа л унтаж амардаг байсан. Архи уухаараа маш их дарамттай хүн байсан. Аав ээжийг зодож цохидог л байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 66-68 дугаар хуудас/,

Шинжээч эмч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Дээрхи гэмтлүүд нь уналт болон цохилтын аль алинаас нь үүсгэгдэх боломжтой. Цохилтоос үүсгэгдсэн гэвэл 3-4 удаагийн хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр, унаснаас үүсгэгдсэн гэж үзвэл нэгээс хоёр удаагийн үйлдлээр үүсгэгдсэн гэж үзнэ. Жинтэй эрмэг бүхий хатуу мохоо зүйлээр савалтын хүч орж цохисон үед дээрхи гэмтэл үүсгэгдэнэ. Тэгш бус гадаргуутай зүйл рүү мөргөх үед бас үүсгэгдэнэ. Гэхдээ баруун чамархай булчинд цус хурсан байхыг үзэхэд дээрхи гэмтэл хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр үүсгэгдсэн гэж шууд үзнэ. Духанд үүссэн зулгаралт, баруун чамархай булчинд үүссэн гэмтлүүд нь хүчний үйлчлэл ихтэй учир суурь ясанд хугарал үүсгэж тархины хатуу бүрхүүлийн доор цус харваж нас барсан байна...” гэх мэдүүлэг / ХХ-ийн 67-69 дүгээр хуудас/,

          Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 82 тоот дүгнэлтэд:

  1. Талийгаач Л.Э нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тухайн цаг хугацаандаа төвийн гаралтай амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ.
  2. Л.Эцогцост тогтоогдсон гавал тархины битүү гэмтэл болон дух, баруун шанаа, баруун сарвуунд зулгаралт, баруун дээд зовхинд няцралт, цус хуралт, баруун хацарт шарх бүхий гэмтэл тогтоогдсон бөгөөд эдгээр нь нас барахтай ойролцоо цаг хугацаанд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тус тус үүсгэгдсэн байна...гэх дүгнэлт /ХХ-ийн 75-76 дугаар хуудас/,

       Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 38 тоот дүгнэлтэд:

  1. Шүүх химийн шинжилгээгээр Л.Эцогцосноос авсан цусанд 3,4 0/00 этилийн спирт илэрэв гэх дүгнэлт /ХХ-ийн 79 дүгээр хуудас/,

       Нэгдсэн эмнэлгийн Шүүх эмнэлгийн комиссын 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаар дүгнэлтэд:

  1. Д.Бын гэмт хэрэг үйлдэх үеийн сэтгэцийн байдлыг тогтоох боломжгүй.

       3. Д.Б нь сэтгэцийн эмгэгүй одоогоор сэтгэцийн хувьд сэтгэл зүйн хямралд байна.

       4. Д.Бт албадан эмчилгээ шаардлагагүй.

       5. Д.Б нь болсон хэргийн талаар ярина.

       6. Д.Б нь хэрэг хариуцах чадвартай.

       7. Д.Б нь сэтгэл зүйн цочролын улмаас сэтгэл гутралын шинжүүд илэрч энэ нь амиа хорлох бодол санаатай, одоогоор оролдлого хийгээгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 89-90 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн 1838000000227 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Д.Б нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 116 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

      Шүүгдэгч Д.Б нь хохирогчийн зүй бус үйлдлээс болж гэмт хэрэг үйлдсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч Л.Б нь оршуулгын зардал нэхэмжилж байх боловч хэрэгт авсагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Д.Б-оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

     Шүүгдэгч нь группт байдаг, эмнэлгийн байнгын хяналтад байдаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 2, 19 настай охиныхоо хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлыг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзлээ.

Эрүүгийн 1838000000227 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн талийгаач Л.Э өмсөж явсан гэх цамц 1 ширхэг, өмд 1 ширхэг зэргийг устгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Д.Б-т Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

      2. Шүүгдэгч Д.Б-ыг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

      5. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Б нь оршуулгын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Д.Б-оос нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн 1838000000227 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн талийгаач Л.Эөмсөж явсан гэх цамц 1 ширхэг, өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ХҮРЭЛБААТАР

             ШҮҮГЧИД                            Н.НЯМСҮРЭН         

                                                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР