Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/01311

 

 

 

.....-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч М.Баясгалан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/01280 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч .....-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч .....-д холбогдох гэм хорын хохиролд 32,945,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Монголбаяр, түүний өмгөөлөгч О.Мөнхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

.....- нь 72-65 УНМ улсын дугаартай, миксер маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч бөгөөд уг тээврийн хэрэгслийг Алтан-Аураг констракшн ХХК-ийн үйл ажиллагаанд хэрэглэдэг. .....- нь Алтан-Аураг констракшн ХХК-д 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Миксерийн жолоочоор хөдөлмөрийн гэрээний дагуу ажилладаг. .....- нь 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дулааны 4 дүгээр станцын зүүн урд замд миксер маркийн 72-65 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргасан боловч ослын улмаас бусдад хөнгөн хохирол учирсан, мөн бусдад их хэмжээний хохирол учраагүй гэж Тээврийн прокурорын газрын прокурорын тогтоолоор хэргийг хааж шийдвэрлэсэн. Прокурорын уг тогтоолоор .....- нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн талаар дүгнэсэн. .....- нь Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн эзэмшлийн 10а, 11 а шугамын 1172 дугаар цэг дэх 400x600 мм-ийн хөндлөн огтлолтой багануудыг мөргөж 5,779,970 төгрөгийн, Алтан-Аураг констракшн ХХК-д 1,020,000 төгрөгийн, 72-65 УНМ улсын дугаартай, миксер маркийн тээврийн хэрэгсэлд 32,140,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан. Иймд 75-65 УНМ тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 32,140,000 төгрөгийг .....-ас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Миксер маркийн 72-65 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан. Тухайн автомашин байнгын эвдэрдэг байсан ба өөрөө засварласан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх зааснаар нэхэмжлэгч .....-ийн хариуцагч .....-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 32,945,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч .....-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322,675 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх .....- нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэж явсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хариуцагчаас гэм хорын хохирлыг нэхэмжилсэн нь үндэслэлгүй ... гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарласан. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт гэм буруутны ял зэмлэлийг .... халдаан хэрэглэхийг хориглоно гэж суурь зарчмыг тодорхойлсон байдаг ба энэхүү зохицуулалт шууд утгаараа хохирол учруулсан этгээд гэм хорыг өөрөө хариуцан арилгах ёстой гэж хуульчилсан. .....-ийн зүгээс Алтан Аураг констракшн" ХХК-аас гэм хорын хохирлоо нэхэмжлэх боломжтой байсан ба хариуцагчаар Алтан Аураг констракшн ХХК-ийг тодорхойлсон тохиолдолд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсгийг үндэслэн шаардаж болно, мөн хохирол учруулсан этгээд болох .....-ас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шаардаж болно. Энэ нь цэвэр нэхэмжлэгчийн сонгох эрхийн хүрээний асуудал гэж үзэж байна. .....- нь Алтан-Аураг констракшн ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Б.Лхагвацэрэнгийн гэр бүлийн гишүүн тул Алтан-Аураг констракшн ХХК-аас хохирлоо нэхэмжлэх нь ялгаагүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

 

1. Нэхэмжлэгч .....- нь хариуцагч .....-д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 32,945,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч .....- нь Алтан-Аураг констракшн ХХК-д жолоочоор ажиллаж байх явцдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж миксер маркийн 72-65 УНМ улсын дугаартай автомашинд 32,945,000 төгрөгийн хохирол учруулсан гэж тайлбарласан.

 

Анхан шатны шүүх хариуцагя Н.Гантулгыг хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэж явахдаа бусдад гэм хор учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэж үзэж Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж зааснаар хохирогч .....-ас гэм хохирлыг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

Хэрэгт зам тээврийн ослын талаарх хэрэг бүртгэлтийн ажиллагааны бичмэл нотлох баримтууд авагдсан байх боловч хариуцагч .....- Алтан-Аураг констракшн ХХК-д ажиллаж байсан буюу тухайн өдрийн ажил үүрэг гүйцэтгэхээр томилогдсон эсэх, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан эсэх, үйлдвэрлэлийн ослын акт тогтоосон эсэх зэрэг нөхцөл байдал тодорхой бус, эдгээр нөхцөл байдалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй байхад хариуцагчийн гэм буруугийн талаар эцэслэн дүгнэж хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус байх тул давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/01280 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 322,675 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Н.БАТЗОРИГ