| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0799/Э |
| Дугаар | 828 |
| Огноо | 2018-09-27 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 828
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч Т.Отгонтөгс /томилолтоор/,
Шүүгдэгч Б.Б
Шүүгдэгч Н.Т тэдгээрийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн /ҮД:1476/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Уулынхан овогт Нгийн Т, Боржигон овогт Бын Б нарт холбогдох 1808017440885 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1970 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Есөн зүйл суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, “...” ХХК-д туслах ажилтан хийдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Өнөр хороолол ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Бын Б /РД: .../,
Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, хувиараа барилгын засал, чимэглэл эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун туруу ...тоотод оршин түр суух, урьд ял шийтгэлгүй, Уулынхан овогт Нгийн Т /РД: .../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Б.Б нь Ттай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хашаанд байрлуулсан чингэлэгээс “...” ХХК-ийн эд хөрөнгө болох 6 ханатай монгол гэр, сэндвичэн хавтангуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
Шүүгдэгч Н.Т нь Б.Бтэй бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хашаанд байрлуулсан чингэлэгээс “...” ХХК-ийн эд хөрөнгө болох 6 ханатай монгол гэр, сэндвичэн хавтангуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ./Яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
- Хохирогч Х....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...зарим эд зүйлээ Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах хүний хоосон хашаанд түр байрлуулсан. Тэгээд контейнераас яг нарийн алдагдсан зүйлийг хэлж мэдэхгүй байна. 6 ханатай монгол гэрээ буцааж авсан. ...” гэх мэдүүлэг /хх 60 х/,
- Шүүгдэгч Н.Тын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... манаач Б ах хажуу хашааны контейнер онгорхой байна, тэнд гэр байна авах уу гээд хамт очиж үзсэн. Тэндээс сийлбэртэй гэр, сэндвичин хавтангууд авч манай хашаанд буулгасан. ... Эзэнгүй байхаар нь л хүн мэдэхгүй байх гэж бодоод авсан. ...” гэх мэдүүлэг /хх 42 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
- Шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...манай “...” ХХК-ийн хажуугийн хоосон хашаанд хоёр контейнер байхаар нь очиж үзэхэд нэг нь онгорхой байсан. Тэгээд би тэнд монгол гэрийн мод эсгий туурга бүрээс байхыг харсан. Тд энд онгорхой контейнерт гэр байна хоёулаа хулгайлъя гэхэд Т зөвшөөрөөд иж бүрэн гэр сэндвичэн хавтан 40-50 ширхэгийг авсан. ...” гэх мэдүүлэг /хх 51 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
- Гэрч Л....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сард хүрэн гүүгээ унагатай нь зарна гэж фэйсбүүк дээр зар тавьсан. Тэгсэн над руу Т Н гэсэн хаягнаас 6 ханатай сийлбэртэй гэр байна, адуугаар солино шүү гэж бичсэн. Тэгээд би гэрийнх нь зургийг хараад ярилцаад ... солихоор болсон. Тэгээд уг 6 ханатай гэрийг зарах гээд фэйсбүүк дээр зар тавьтал үл таних залуу цагдаа дуудаад ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх 19-20 х/
- Гэрч Ж....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т над руу 14 цагийн үед яриад би хүнээс нэг гэр худалдаж авсан юм, түүнийгээ ачаад хашаандаа буулгах гэсэн юм гэхээр нь би 18 цагийн үед тараад ярьсан. Тэгээд 22 товчооны салдаг уулзварын урд талын хашаанд Т зааж оруулахад монгол гэр эсгий туурга, унь хана, тооно, багана зэргийг гаргаад тавьчихсан байсныг ачсан. Тэгээд гэрээ ачсаны дараа улаан өнгийн сэндвичэн хавтан байсныг ачсан. Өөр эд зүйл байгаагүй, хулгай хийж байгааг мэдээгүй. ...” гэх мэдүүлэг /хх 63 х/
- Гэрч Ч....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би авч ирсэн өдрийн сайн мэдэхгүй байна. Би хөдөөнөөс мал аваад ирсэн чинь грашд нэг гэр байхаар нь энэ юун гэр вэ гэж асуухад манай дүү ...гийн гэр гэж манай эхнэр надад хэлсэн. Уг гэрийн талаар би сайн мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 25 х/,
- Гэрч Д....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т бид хоёр 2013 оны намар танилцаад үерхэж байгаад 2015 онд нэг гэрт орж хамт амьдрах болсон. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байгаа. Манай нөхөр урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй бөгөөд цайлган зантай, хүнд итгэмтгий, уур уцаар байхгүй дөлгөөн зантай. ... Би Б гэдэг хүнийг зүс танина. Манай нөхөр “...” ХХК- д ажиллаж байхад нь хамт ажилладаг гэдгээр нь зүс мэднэ. Тэрнээс сайн танихгүй. Манай нөхрийн холбогдон шалгагдаж байгаа хэргийн талаар мэдэхгүй. Манай нөхөр надад хэлэхдээ Б гэдэг хүнээс 6 ханатай сийлбэртэй монгол гэр болон сэндвичин хавтан худалдаж авсан гээд гэртээ авчирсан. Өөр эд зүйл авчраагүй. Тэгээд дараа нь гэрээ зарах гээд өөр айлд аваачсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 61-62 х/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7-8 х/,
- Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-10 х/,
- Эд зүйлийн үнэлгээ /хх 26 х/
- Хулгайн эд зүйл болох 6 ханатай сийлбэртэй гэр, сэндвичэн хавтангуудыг хураан авсан тэмдэглэл /хх 33-34 х/,
- “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх 67-68, 70-71 х/
- Н.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 75 х/
- Н.Тын эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх 76 х/
- Н.Тын тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 77 х/
- Н.Тын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 78 х/
- Б.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 85 х/
- Б.Бийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 86 х/.
- Б.Бийн ажлын газрын тодорхойлолт /хх 110 х/
- Н.Т, Б.Б нарын оршин суугаа хаягийн тодорхойлолтууд /хх 111-112 х/
зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийн мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б, Т нар бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хашаанд байрлуулсан чингэлэгээс “...” ХХК-ийн эд хөрөнгө болох сийлбэртэй 6 ханатай монгол гэр, 63 ширхэг сэндвичэн хавтангуудыг хулгайлсан болох нь:
- Хохирогч Х....ын “... зарим эд зүйлээ Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах хүний хоосон хашаанд түр байрлуулсан. Тэгээд контейнераас яг нарийн алдагдсан зүйлийг хэлж мэдэхгүй байна. 6 ханатай монгол гэрээ буцааж авсан. ...” гэх мэдүүлэг /хх 60 х/,
- Шүүгдэгч Н.Тын “...манаач Б ах хажуу хашааны контейнер онгорхой байна, тэнд гэр байна авах уу гээд хамт очиж үзсэн. Тэндээс сийлбэртэй гэр, сэндвичин хавтангууд авч манай хашаанд буулгасан. ...” гэх мэдүүлэг /хх 42 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
- Шүүгдэгч Б.Бийн “... манай ... ХХК-ийн хажуугийн хоосон хашаанд хоёр контейнер байхаар нь очиж үзэхэд нэг нь онгорхой байсан. Тэгээд би тэнд монгол гэрийн мод эсгий туурга бүрээс байхыг харсан. Тд энд онгорхой контейнерт гэр байна хоёулаа хулгайлъя гэхэд Т зөвшөөрөөд иж бүрэн гэр сэндвичэн хавтан 40-50 ширхэгийг авсан. ...” гэх мэдүүлэг /хх 51 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
- Гэрч Л....ийн “... 2018 оны 06 дугаар сард хүрэн гүүгээ унагатай нь зарна гэж фэйсбүүк дээр зар тавьсан. Тэгсэн над руу Т Н гэсэн хаягнаас 6 ханатай сийлбэртэй гэр байна, адуугаар солино шүү гэж бичсэн. Тэгээд би гэрийнх нь зургийг хараад ярилцаад ... солихоор болсон. Тэгээд уг 6 ханатай гэрийг зарах гээд фэйсбүүк дээр зар тавьтал үл таних залуу цагдаа дуудаад ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх 19-20 х/,
- Гэрч Ж....ийн “...Т над руу 14 цагийн үед яриад би хүнээс нэг гэр худалдаж авсан юм, түүнийгээ ачаад хашаандаа буулгах гэсэн юм гэхээр нь би 18 цагийн үед тараад ярьсан. Тэгээд 22 товчооны салдаг уулзварын урд талын хашаанд Т зааж оруулахад монгол гэр эсгий туурга, унь хана, тооно, багана зэргийг гаргаад тавьчихсан байсныг ачсан. Тэгээд гэрээ ачсаны дараа улаан өнгийн сэндвичэн хавтан байсныг ачсан. Өөр эд зүйл байгаагүй, ...” гэх мэдүүлэг /хх 63 х/,
- Гэрч Ч....ийн “...Би авч ирсэн өдрийг сайн мэдэхгүй байна. Би хөдөөнөөс мал аваад ирсэн чинь грашд нэг гэр байхаар нь энэ юун гэр вэ? гэж асуухад манай дүү ...гийн гэр гэж манай эхнэр надад хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 25 х/,
- Гэрч Д....ийн “... Манай нөхөр надад хэлэхдээ Б гэдэг хүнээс 6 ханатай сийлбэртэй монгол гэр болон сэндвичин хавтан худалдаж авсан гээд гэртээ авчирсан. Өөр эд зүйл авчраагүй. ...” гэх мэдүүлэг /хх 61-62 х/,
- Хулгайн эд зүйл болох 6 ханатай сийлбэртэй гэр, сэндвичэн хавтангуудыг хураан авсан тэмдэглэл /хх 33-34 х/,
- “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх 67-68, 70-71 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдлын талаарх хууль зүйн дүгнэлт:
Гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл, хор уршгийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой бөгөөд шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой. Үүнийг шалгуур болговол Б.Б, Н.Т нар иргэн Х....ын хашаанд байрлуулсан чингэлэгээс “...” ХХК-ийн эд хөрөнгө болох 6 ханатай монгол гэр, сэндвичэн хавтангуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл, үүний улмаас үүдэн гарах хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон.
Б.Б, Н.Т нар иргэн Х....ын хашаанд байсан чингэлэгээс эд зүйл авахдаа эзгүй хойгуур нь хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр нууцаар, бусдын амь бие эрүүл мэнд, эрх, эрх чөлөөнд халдаж хүч хэрэглэхгүйгээр, эрх бүхий хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн буюу хууль бусаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангаж байгаа.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Хууль тогтоогчийн тайлбараар “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. ...” гэж заасан.
“бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс бага хэмжээг.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3.
Шүүгдэгч нарын хулгайлсан эд зүйлийн үнэлгээ /хх 67-71 х/ 16,056,000 төгрөгөөр тогтоогдсон нь Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээнд хүрч байгаа.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг
Энэ гэмт хэргийг нотлон тогтоож буй үйл баримтуудаар шүүгдэгч Б.Б, Н.Т нар нь хулгай хийх талаар урьдчилан үгсэн тохиролцсон, өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Хулгайлагдсан эд зүйл агуулж байсан чингэлэг онгорхой байсан, харуул хамгаалалт байгаагүй талаар шүүгдэгч нар мэдүүлдэг, хохирогч уг чингэлэг онгорхой байсан эсэх, хэзээ эд зүйлээ хулгайд алдагдсан талаар сайн мэдэхгүй, хулгайн эд зүйл болох гэр, сэндвичэн хавтангуудыг ачсан жолооч бөгөөд уг гэмт хэргийн гэрч Ж....ийн “... 22 товчооны салдаг уулзварын урд талын хашаанд Т зааж оруулахад монгол гэр эсгий туурга, унь хана, тооно, багана зэргийг гаргаад тавьчихсан байсныг ачсан. Тэгээд гэрээ ачсаны дараа улаан өнгийн сэндвичэн хавтан байсныг ачсан. Өөр эд зүйл байгаагүй, ...” гэх мэдүүлэг /хх 63 х/ зэргээс дүгнэлт хийхэд хулгайн эд зүйл хадгалж байсан чингэлгийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад хамруулах боломжгүй, мөн шүүгдэгч нар онгорхой байсан чингэлэгээс хулгайн эд зүйлээ аваад хашаанд ялгаж тавьсанаар хулгайн гэмт хэрэг төгссөн, орой нь хүний автомашинаар ачиж тээвэрлэснийг уг гэмт хэргийг үйлдэхэд машин механизмыг урьдчилан бэлтгэж ашигласан гэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзсэн.
Шүүгдэгч нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх 42 51 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/-с дүгнэхэд хулгайн эд зүйлсийг агуулахаас шууд машинд ачсан мэтээр ойлгогдохоор байгаа, тэдгээрийн мэдүүлэг нотлох баримтанд хамаарах боловч “агуулахаас шууд ачсан гэх” үйл баримт нь бусад нотлох баримтуудаар давхар нотлогдоогүй харин ч гэрч Ж....ийн мэдүүлгээр няцаагдаж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нарын мэдүүлгээс “агуулахаас шууд ачисан гэх” үйл баримттай холбоотой хэсгийг дангаар нь яллах талын нотлох баримтанд тооцож тэдгээрийн эрх зүйн байдлыг хүндрүүлэх хууль зүйн үндэслэлгүй.
Хохирогч талаас мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 60 х/-тээ чингэлэгээс 50-70 орчим сая төгрөгийн эд хөрөнгө алдагдсан байх гэсэн таамаглал дэвшүүлсэн, ямар, ямар эд хөрөнгө алдсанаа бүрэн гүйцэд тодорхой мэдүүлж чадаагүй бөгөөд шүүгдэгч нар уг чингэлэгээс сийлбэртэй 6 ханатай гэр, 63 ширхэг сэндвичэн хавтан хулгайлсан болох нь шүүгдэгч нарын мэдүүлэг, гэрчүүд болох Л.... /хх 19-20 х/, Ж.... /хх 63 х/, Ч.... /хх 25 х/, Д.... /хх 61-62 х/ нарын мэдүүлгүүд, хулгайн эд зүйл болох 6 ханатай сийлбэртэй гэр, сэндвичэн хавтангуудыг хураан авсан тэмдэглэл /хх 33-34 х/ зэргээр хөдөлбөргүй нотлогдсон тул прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.Б, Н.Т нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Б.Б, Н.Т нар хулгайлсэн эд хөрөнгө болох Сийлбэртэй 6 ханатай монгол гэр, 63 ширхэг сэндвичэн хавтангуудыг Цагдаагийн байгууллагад бүрэн бүтэн хураалгасан болох нь Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх 33 х/-ээр нотлогдож байгаа тул энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгч Б.Б, Н.Т нар хулгайн эд зүйлийг буцаан өгснийг хохирлоо өөрсдийн сайн дураан нөхөн төлсөн гэж үзэх боломжгүй тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй гэж шүүх үзсэн, учирсан хохирол, хор уршгийн хувьд их биш, хувийн байдлын хувьд шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа, ажил хөдөлмөр эрхлэх боломжтой зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх нь зүйтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрт 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэсэн.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, 16,056,000 төгрөгийн хохирол буцаан олгогдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б, Н.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Уулынхан овогт Нгийн Т, Боржигон овогт Бын Б нарыг Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бийг 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Н.Тэгшжарглыг 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Б, Н.Т нарт мэдэгдсүгэй.
4.Б.Б, Н.Т нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, 16,056,000 төгрөгийн хохирол буцаан олгогдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б, Н.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ
|
|