| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2434003130314 |
| Дугаар | 2026/ДШМ/22 |
| Огноо | 2026-03-05 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Э.Уянга |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2026/ДШМ/22
2026 3 05 2026/ДШМ/22
Б.С-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, ерөнхий шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Э.Уянга,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С,
Шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Б.Сонинбайгаль, Ш.Амарбаяр,
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан
.........шүүхийн ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн даргалж, шүүгч Т.Батжаргал, шүүгч Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ......... дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Уянгийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр бичсэн 02 дугаартай эсэргүүцэлд үндэслэн шүүгдэгч Б.С-д холбогдох эрүүгийн 2434003130314 дугаартай хэргийг шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б.С, ........ аймгийн .............суманд 19.. оны 6 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ....... аймгийн ..... сумын 3 дугаар баг ......... газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар: .................
2. Шүүгдэгч Б.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 5 дугаар сарын 24-ний орой Төв аймгийн Бүрэн сумын Төхөм 1 дүгээр багийн 9 дүгээр гудамжинд хойд эцэг Х.Б-тэй таарч “хүүхдүүдээ зодлоо, гэртээ агсам тавих гэлээ” гэх шалтгаанаар маргалдан түүнийг хэвлийн тус газарт өшиглөн газарт унагааж, цээжин тус газарт нь хөлөөрөө дэвсэж, өшиглөх зэргээр зодсоны улмаас түүний биед “...өвчүү, баруун 2, 3, 5 зүүн 3, 4, 5, 6-р хавирганы шууд бус хугарал, баруун 9 дүгээр хавирганы хоёрлосон 7, 8 дугаар хавирганы шууд хугарал бүхий цээжний битүү гэмтэл учруулж хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
3. Төв аймгийн прокурорын газраас Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
4. Анхан шатны шүүх: “Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Сид холбогдох эрүүгийн 2434003130314 дугаартай хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар зүйлчилж, хөнгөрүүлэн өөрчилж,
шүүгдэгч Б.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасан “онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Сид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн 2434003130314 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч Б.С энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн түрийтэй хар өнгийн хромон гутал 1 ширхэг, цэнхэр өнгийн дээл, 2 ширхэг нойтон салфетка, 1 ширхэг ариун цэврийн цаасыг устгахыг Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж,
Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Сид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний хорих ял эдлэх хугацааг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
5. Прокурор Э.Уянга давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Шүүхийн шийтгэх тогтоолыг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч танилцаад тус шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан "Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн" үндэслэлд хамаарч байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Учир нь .........шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ......... дугаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт /15 дахь талд/ шүүгдэгч Б.Сийн үйлдэл нь амь хохирогч Х.Б-н үхэл хооронд шалтгаант холбоотой буюу хүнийг санаатай алсан нь нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэж шүүгдэгч Б.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хүнийг санаатай алсан" гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж тайлбарласан байна.
Гэтэл шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтад шүүгдэгч Б.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэснийг зөрчсөн байна.
Мөн хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.С нь амь хохирогч Х.Б-н амь насыг хохирооход чиглэсэн буюу хөлөөрөө тийрч газарт унаган, цээж хэсэгт нь хөлөөрөө дэвсэж, өшиглөх үйлдэл хийхэд талийгаач Х.Б нь газар унан "ёо,ёо" гээд хэвтээд байсан, Б.Сийн дээрх үйлдлийн улмаас амь хохирогчид өвчүү, баруун 2, 3, 5 зүүн 3, 4, 5, 6-р хавирганы шууд бус хугарал, баруун 9-р хавирганы хоёрлосон, 7, 8 дугаар хавирганы шууд хугарал, гялтан, зөөлөн эдэд цус хуралт гэмтэл учирсан ба талийгаач нь цээжний битүү гэмтлийн улмаас цээжний хөндийд хий хуралдаж амьсгалын дутагдлаар нас барсан хэргийн үйл баримт тогтоогдсон бөгөөд түүний үйлдэл, талийгаачийн үхэл хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно" гэж заасан.
Эрүүгийн эрх зүйн онолд гэм буруугийн санаатай хэлбэрийг дотор нь шууд болон шууд бус санаатай гэсэн төрөлд хуваан авч үздэг. Шууд болон шууд бус санаа хэлбэрийн хувьд аль, аль нь гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинжийг ухамсарласан байдаг, оюун санааны шинжээрээ адилхан.
Харин шууд санаа нь гэмт этгээд үйлдлийнхээ хор уршгийг мэдэж, хүсэж буюу үр дүнг чухалчилж түүнд хүрэхийн тулд идэвхтэйгээр үйлдлээ хэрэгжүүлсэн байдаг бол, шууд бус санааны хувьд зөвхөн хор уршиг учрах боломжтойг урьдаас мэдсэн ч түүнийг чухалчилдаггүй, үйлдлээрээ түүнд хүргэсэн, хор уршигт "яасан ч яахав" гэсэн идэвхгүй байр сууринаас хандсан байдгаараа ялгагддаг онцлогтой.
Шүүгдэгч Б.С нь амь хохирогч Х.Б-тэй маргалдаж түүнийг тийрч унагаан бие рүү өшиглөсөн үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж буй хууль бус үйлдэл болохоо ухамсарлаж үйлдсэн буюу уг үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хохирол учрахыг мэдэж, хүсэж үйлдсэн, үйлдлээ зориуд хэрэгжүүлсэн гэж үзнэ. Хэрэгт авагдсан яллагдагч Б.Сийн "...би аавыгаа алах санаа зорилго байгаагүй..." гэх мэдүүлгээр амь хохирогч Х.Б-нг алах зорилго байгаагүй байх боловч тухайн үйлдлийн улмаас тодорхойлох боломжгүй хор уршиг учрах боломжтойг урьдчилсан мэдсэн, хор уршгийг зориуд бий болгосон буюу гэм буруугийн шууд бус санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч Б.С нь амь хохирогч Х.Б-тэй маргалдаж түүнийг тийрч унагаан, цээжин тус газарт хөлөөрөө дэвсэж, бие рүү нь өшиглөсөн үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй, уг үйлдлийн шууд шалтгаант холбоогоор амь хохирогч Х.Б-н олон тооны хавирга хугарал, гялтан, зөөлөн эдэд цус хуралт бүхий цээжний битүү гэмтлийн улмаас цээжний хөндийд хий хуралдаж амьсгалын дутагдлаар амь насаа алдсан.
Шүүгдэгч Б.Сийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүнийг алах" гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байхад анхан шатны шүүх шүүгдэгч Б.С-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэж хуулийг буруу хэрэглэжээ.
2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т "энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах" гэж тус тус хуульчилсан байна.
Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн буюу шүүгдэгч Б.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэхээр хуульчилсан байна.
Гэтэл шүүгдэгч Б.Сийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон.
Дээрх гэмт хэргийн үндсэн шинж болох хохирол нь хүний амь нас хохирсон байхыг шаарддаг гэмт хэрэг юм. Энэ гэмт хэргийн хохирол нь нөхөгдөшгүй тул хохирол нөхөн төлөх боломжгүй онцлогтой гэмт хэрэг.
Иймд шүүгдэгч Б.Сийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэж ял хөнгөрүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
Иймд .........шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ......... дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив...” гэв.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасан гэмт хэргийн үндсэн шинж, ялгамжтай байдлыг хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүх дүгнэсэн. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр миний үйлчлүүлэгчийн үйлдлийн улмаас амь хохирогчид хүнд гэмтэл учирсан болох нь тогтоогддог...Нөгөө талаас шүүгдэгчийн гэмт хэрэгт хандсан сэдэл, зорилго нь анхнаасаа бусдын амь насыг хохироох санаа зорилготой байгаагүй...Тухайн хэргийн нөхцөл байдал, учирсан гэмтэл, гэмт хэрэг үйлдэх үеийн сэдэл, зорилго, мөн амь насыг аврах боломж байсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс тухайн хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн нь үндэслэлтэй гэж үзэж байна...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх эсэх нь шүүхийн бүрэн эрх хэмжээний асуудал. Тухайн хэрэгт гарсан нөхцөл байдлын хувьд шүүгдэгч талийгаачид гар хүрсэн шалтгаан, мөн хохирогчийн талаас гомдол санал гаргаагүй, түүнчлэн оршуулгын зардал болон бусад хохирлуудыг барагдуулсан нөхцөл байдал, мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, уг асуудлаар маргаагүй зэрэг нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэсэн нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү..” гэв.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Прокурор эсэргүүцэл бичихдээ шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт хүнийг санаатай алсан гэж дүгнэсэн атлаа буруу зүйлчилсэн гэж тайлбарласан. Энэ нь техникийн алдаа гарсан байна. Энэ алдааг шүүх засах боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна...Энэ хэрэгт хүнд гэмтэл учруулсны улмаас амь хохирогч нас барсан гэдэг Эрүүгийн хуулийн зүйлчлэл тохирно гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээний боломж, нөхцөл байдал хангалтгүй байсан талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тодорхой харагддаг. Иймд зүйлчлэлийн хувьд анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.
...Хохирогч нь шүүгдэгчийн хойд эцэг боловч бага наснаас нь хамт амьдарч байсан тул бодит байдал дээр төрсөн эцэгтэй адил харилцаатай байсан нөхцөл байдал тогтоогддог. Мөн хэрэг гарсны дараа сумын эмнэлэг дээр цагдаагийн алба хаагчид очиж, амь хохирогч амьд байх үед нь тодруулга авсан байдаг. Тухайн үед хохирогч нь хүүгээ хамгаалж, болсон үйл явдлыг дэлгэрэнгүй тайлбарлаагүй нөхцөл байдал бий. Б.С өөрийн үйлдлийг анхнаасаа хүлээн зөвшөөрч, тайлбар мэдүүлгээ өгсөн. Мөн шүүгдэгчийн хувийн байдал, хохирлын нөхөн төлбөрийг барагдуулсан байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
Прокурорын зүгээс амь нас хохирсон учраас хохирол, хор уршиг арилаагүй гэж үзэх нь үндэслэлгүй байна. Амь нас хохирсон бүх хэрэгт ийнхүү хохирол, хор уршиг арилаагүй гэж үзэх боломжгүй. Өнөөдрийн байдлаар талийгаачийн ар гэрийнхэн шүүгдэгчид хүнд ял оногдуулахгүй байх, эсхүл бага ял оногдуулах саналтай байгаа. Мөн шүүгдэгчийн эхнэр саяхан төрсөн, нялх биетэй зэрэг хувийн нөхцөл байдлууд бий. Иймд анхан шатны шүүх хэргийг нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийн хувийн байдал, талуудын тайлбар зэрэг бүх нөхцөл байдлыг үнэлж дүгнэн үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Иймд хэргийг буцаах үндэслэлгүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбар байхгүй” гэв.
9. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү..” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Б.С-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Э.Уянгийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийн мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хянаж үзлээ.
1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах нь хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийн баталгаа болдог.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй ба хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох шаардлагатай.
3. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...шүүгдэгч Б.С архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 5 дугаар сарын 24-ний орой ...... аймгийн ........сумын Төхөм ..............үгээр гудамжинд хойд эцэг Х.Б-тэй таарч “хүүхдүүдээ зодлоо, гэртээ агсам тавих гэлээ” гэх шалтгаанаар маргалдан түүнийг хэвлийн тус газарт өшиглөн газарт унагааж, цээжин тус газарт нь хөлөөрөө дэвсэж, өшиглөх зэргээр зодсоны улмаас түүний биед “...өвчүү, баруун 2, 3, 5 зүүн 3, 4, 5, 6-р хавирганы шууд бус хугарал, баруун 9 дүгээр хавирганы хоёрлосон 7, 8 дугаар хавирганы шууд хугарал бүхий цээжний битүү гэмтэл учруулж хүнийг санаатай алсан нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт сэжигтэн, яллагдагчаар өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон...” гэж дүгнэсэн атлаа Б.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасан “онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.
4. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах хэмжээ хязгаартай.
Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох ба энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлдөггүй.
Гэтэл анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад огт шалгагдаж тогтоогдоогүй үйл баримтын талаар буюу эмнэлгийн байгууллага шаардлагатай арга хэмжээ зохих журмын дагуу аваагүй, дараагийн шатлалын эмнэлэгт хүргээгүй эсхүл нарийн мэргэжлийн эмчид мэдэгдэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлээгүйн улмаас үхэлд хүргэсэн байна гэж дүгнэсэн.
5. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийг шийдвэрлэхдээ гэм буруугийн хэлбэр, сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдсэн орон цаг, арга хэрэгсэл, учруулсан хохирол, хор уршиг, шалтгаант холбоо, гэмт этгээдийн болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцаа, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоож байж гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
6. Гэтэл прокуророос шүүгдэгч Б.Сийн холбогдсон гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг анхан шатны шүүх мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар зүйлчилж хөнгөрүүлэн өөрчлөхдөө хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж чадаагүй байна.
Тухайлбал, хавтаст хэрэгт шүүгдэгч Б.Сийн сэжигтнээр өгсөн “...Би 2024 оны 5 дугаар сарын 24-ний ...орой гадаа харанхуй болж байхад ...аавыг зодчихоод би ...шууд яваад Дэлээ гэдэг айлын дэлгүүр лүү ороод 1 шил 0,75 граммын Экс архи аваад, нэг 2 литрийн пиво аваад Цэрэнбудын гэрт очсон. Будын гэрт би архи, пиво задлаад өөрөө хийж уугаад Буд болон эхнэр нь байсан тэр хоёр уугаагүй би нөгөө архиа талд нь ортол ганцаараа уусан, пивоноос Буд эхнэр хоёр нь жоохон уусан байх, тэгээд нэлээн удсан, би юм яриад, архиа уугаад цаг орчим болсон байх л гэж бодож байна. Тэгтэл ээж залгаад "аав чинь гаднаас сонин болоод ороод ирчихлээ, эмчид үзүүлье" гэхээр нь би за гээд шууд гараад яваад очсон...” /1хх-н 93-94/ гэх,
гэрч Ё.Э-ын “...2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 23 цаг 50 минутад эмнэлэг дээр дотор нь давчдаад амьсгаа авч чадахгүй байна гээд хүнд зодуулсан гэх дуудлага ирсэн. Тэгээд 23 цаг 55 минутад би эмнэлэг дээр очих үед өөрсдөө эмнэлэг дээр ирсэн байсан...” /1хх-н 63/ гэх мэдүүлгүүд авагдсан байхад анхан шатны шүүх шүүгдэгч Б.Сийн үйлдсэн гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийн талаар “...талийгаачийн амь насыг нь хөнөөе гэсэн сэдэлт, санаа зорилго байгаагүй бөгөөд энэ нь яаж тогтоогдож байна гэвэл гэмтэл учруулсныхаа дараа шууд эмнэлгийн байгууллагад очоод талийгаачийг үзүүлээд амь насыг нь аврах гэсэн идэвхтэй үйлдлүүд хийсэн байна...” гэх дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.С нь амь хохирогч Х.Б-нг зодсон тэр даруй шууд эмнэлэгт хүргэж өгсөн гэх үйл баримт хавтаст хэргийн хүрээнд тогтоогдоогүй болно.
7. Дээрх алдаа зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх хууль зүйн боломжгүй юм.
8. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, прокурорын бичсэн эсэргүүцлийн зарим хэсэг болох ”...анхан шатны шүүх шүүгдэгч Б.С-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн...” гэснийг хангаж давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.
9. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон мөн шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.С-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД
ШҮҮГЧИД З.ТҮВШИНТӨГС
Р.МӨНХ-ЭРДЭНЭ