Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/01341

 

 

 

..-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч М.Баясгалан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2022/01811 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ..-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ......... холбогдох анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/2 дугаартай тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 4-1836/23990 дугаар мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэдэндамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 4-183/23990 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, Баянгол дүүрэг 3 дугаар хороо, 2 дугаар хороолол сөүлийн гудамж 51-р байр 7 тоот хаягт байрлах 65,88 м.кв талбайтай 3 өрөө байрыг 190,000,000 төгрөг, Орхон аймгийн Баян-Өндөр сум, 1 дүгээр баг, Зэст 1 дүгээр хороолол 17 дугаар байрны 57,58 тоот мөн хаягт байрлах орон сууцыг 100,000,000 төгрөг үнэлж талуудад мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгчийн эд хөрөнгийг үнэлсэн баримт байхгүй юм. Мөн тухайн эд хөрөнгийн зах зээлийн үнээс доогуур үнээр дуудлага худалдаанд оролцуулсан. Өөрөөр хэлбэл, төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгөтэй ойролцоо байрлалд байрлах 65,88 м.кв орон сууцны зах зээлийн доод үнэ 2,800,000 төгрөг байна. ......... үнийн саналтай холбоотой гомдол гаргасныг хүлээн авч шийдвэрлээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 33 дугаар зүйлд талуудын эрх, үүргийг төлбөр төлөгч ...., н.Ундармаа нарт эдлүүлээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх даалгаврыг гурван удаа хүргүүлнэ, хүргүүлэхдээ төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгөд холбогдсон, хөрөнгийг битүүмжлэх, хураан авах ажиллагаа хийхээр заасан. Гэтэл үүнийг хуульд заасан хугацаанд хийгээгүй буюу аль салбар нь хийж гүйцэтгэсэн нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 494 дугаар захирамжаар ВРМ ХХК, .... нараас 175,123,819 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч ВРМ ХХК болон .... нарт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч биелүүлээгүй тул өмчлөлд нь бүртгэлтэй үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын Ү-2205037052 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол Сөүлийн гудамж 51 дүгээр байрны 7 тоот хаягт байрлах 65,88 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 20370361/03 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 20370361/18 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураан, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д заасны дагуу талуудын харилцан тохиролцож тогтоосон үнэ 190,000,000 төгрөгийн 50 хувь болох 95,000,000 төгрөгөөр 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2 дахь дуудлага худалдаанд оруулж 138,000,000 төгрөгөөр худалдсан. Мөн төлбөрт хураагдсан Орхон аймаг Баян-Өндөр сум 1 дүгээр баг, Зэст 1 дүгээр хороолол 17 дугаар байрны 57 тоот хаягт байрлах Б.Ундраагийн өмчлөлийн 29 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар 80,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон. Төлбөр төлөгч ..-ийн ихэр Б.Цэцэгсайханд дээрх хөрөнгүүд нь худалдан борлогдсон тухай 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 4-183/1592 дугаар мэдэгдлийг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гардуулан өгч тэмдэглэлээр баталгаажуулсан. Төлбөр төлөгч .... нь шийдвэр гүйцэтгэгчийн дуудсан цагт ирдэггүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэдэндамба нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл өгсөн боловч мөн дуудсан цагт ирдэггүй зориуд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байна. Иймд нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар 10-ны өдрийн захирамжаар ..-аас 175,000,000 төгрөг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч шүүгчийн дээрх захирамжийг биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллааны явцад Баянгол дүүрэг 3 дугаар хороо, 2 дугаар хороолол Сөүлийн гудамж 51 дүгээр байр 7 тоот хаягт байрлах 65,88 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр битүүмжилж, талуудаас үнийн саналыг авсан. Төлбөр төлөгчийн гаргасан үнийн саналыг төлбөр авагч зөвшөөрч 190,000,000 төгрөгийн 50 хувь болох 95,000,000 төгрөгөөр 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулагдсан дуудлага худалдаагаар үл хөдлөх эд хөрөнгө 138,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон. Б.Ундраагийн өмчлөлийн барьцаа хөрөнгө 80,000,000 төгрөгөөр борлогдсон. Төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгө борлогдсон талаар төлбөр төлөгч ..-ийн эх н.Цэцэгсайханд 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мэдэгдсэн нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэр хүргэгч тэмдэглэлээр тогтоогдсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 49 дүгээр зүйлийн 49.4.1, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.1, 63 дугаар зүйлийн 63.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ......... холбогдуулан гаргасан анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/2 дугаартай тогтоол, 2021 оны 12 сарын 09-ний өдрийн 4-183/23990 дугаартай мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ..-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авсан эсэх талаар захирамж гаргаагүй. Тодруулбал, .... Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/2 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн дуудлага худалдааны үнийн санал тогтоож талуудад мэдэгдсэн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 4-183/23990 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулахаар нэмэгдүүлсэн. Гэтэл шүүх нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авсан эсэх талаар захирамж гаргаагүй байхад шүүгчийн туслах гардуулах ажиллагаа хийсэн. Мөн анхан шатны шүүх хуралдаанд шүүгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын талаар огт мэдээгүй байсан атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт нэмэгдүүлсэн шаардлагыг дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын хамт гаргасан хүсэлтийг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 02804 дугаартай захирамжаар шийдвэрлэсэн атлаа нэмэгдүүлсэн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Монгол Улсын дээд шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаар зөвлөмжийн 2.5-т ... Шүүх нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, сөрөг нэхэмжлэл гаргасан тохиолдолд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан эсэхийг шалгаж, бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авахаас татгалзана гэж, нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авбал эсрэг талд гардуулж, тайлбар гаргах боломжийг хангана ... гэж заасан.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой бүхий шийдвэр гүйцэтгэгч Л.Ганбат нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 20370361/08 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор үйлдсэн Орхон аймаг дахь Баян-Өндөр сум, 1 дүгээр баг, Зэст 1 дүгээр хороолол 17 дугаар байрны 57,58 тоот мөн хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх тухай ажиллагаг явуулсан даалгаварыг хэрхэн гүйцэтгэсэн талаарх хүсэлтийг гаргасан. Гэвч тус шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 494 дугаартай захирамжаар хариуцагч хуулийн этгээд байхад иргэн гүйцэтгэх баримт бичигт заагдсан эрх үүрэг бүхий мэдэгдэл, тэмдэглэлд гарын үсэг зуруулж ажиллагаа хийсэн нь хуульд нийцээгүй юм. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 20370361/03 дугаартай тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037052 дугаартай Баянгол дүүрэг 3 дугаар хороо, 2 дугаар хороолол сөүлийн гудамж 51 байр 7 тоот хаягт байрлах 65,88 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн. Хөндлөнгийн гэрч байлцуулахгүйгээр ажиллагаа хийсэн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаас харахад шийдвэр гүйцэтгэгч нь гэрчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулахаар зохицуулсан байхад хуульд заасан үндэслэлийг зөрчиж ажиллагааг явуулсан. Мөн шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар гүйцэтгүүлэх тухай 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 20370361/6 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч ..-ийн барьцааны зүйл болох Орхон аймгийн Баян-Өндөр сум, 1 дүгээр баг, Зэст I дүгээр хороолол 17 дугаар байрны 57,58 тоот мөн хаягт байрлах орон сууцыг битүүмжлэх, хураах эзэмшигчийг тодруулж, хадгалалт хамгаалалтыг хариуцуулан үлдээж, хөрөнгийг зургаар баталгаажуулах ажиллагааг гүйцэтгэх даалгаврыг 53 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид даалгасан. Шийдвэр гүйцэтгэгч нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 20370361/08 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор үйлдсэн Орхон аймаг дахь Баян- Өндөр сум, 1 дүгээр баг, Зэст 1 дүгээр хороолол 17 дугаар байрны 57,58 тоот мөн хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэхдээ мөн хөндлөнгийн гэрч байлцуулахгүйгээр ажиллагааг хийсэн нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дугаар зүйлд заасныг зөрчсөн байна. Шийдвэр гүйцэтгэгч хуульд заасан ажиллагааг хийхийн өмнө гэрчид хууль сануулж гарын үсэг зуруулж баталгаажуулах ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч болон гуравдагч этгээд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв баримтлаагүй байна.

 

1.    Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар

 

1.а. Нэхэмжлэгч .... нь хариуцагч ......... холбогдуулан анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/2 дугаар тогтоол, мөн оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 4-183/23990 дугаартай мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч эс зөвшөөрч ... шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан ... гэж маргажээ.

 

1.б. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/00494 дугаар захирамжаар нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 174,538,298 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ВРМ ХХК болон .... нар зөвшөөрч, дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд Баянгол дүүрэг, 2 дугаар хороолол, 3 дугаар хороо, Сөүлийн гудамжны 51 дүгээр байрны 8 тоотод байрлах 65,88 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Орхон аймаг, Зэст багийн 1-17-58 тоот 38 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн аймгийн Зэст багийн 1-17-57 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг баталж шийдвэрлэсэн ба уг захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэдэг. (хх-ийн 59-60)

 

1.в. Төлбөр төлөгч ВРМ ХХК болон .... нар дээрх захирамжийг сайн дураар биелүүлээгүйн улмаас төлбөр авагчийн гаргасан хүсэлтийг үндэслэн тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 630 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШЗ2020/08201 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна. (хх-ийн 58,61-62)

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Баянгол дүүрэг, 2 дугаар хороолол, 3 дугаар хороо, Сөүлийн гудамжны 51 дүгээр байрны 8 тоотод байрлах 65,88 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 20370361/03 тоот тогтоолоор битүүмжлэн, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 20370361/18 дугаар тогтоолоор хураажээ. (хх-ийн 75, 87)

 

Мөн 53 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Л.Ганбат 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 20370361/08 дугаар тогтоолоор төлбөр төлөгч ..-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Орхон аймаг Баян-Өндөр сум, 1 дүгээр баг, Зэст 1 дүгээр хороолол, 17 дугаар байрны 57 тоот хаягт байрлах орон сууцыг битүүмжилж, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 20370361/15 дугаар тогтоолоор хураах ажилллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. (хх-ийн 175, 224)

 

Дээрх орон сууцыг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хураах ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр Л.Даваасүрэн, Н.Үржинцог, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хураах ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр Э.Болд, Л.Дамдинжамц нар оролцсон болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна гэж заасныг хариуцагч байгууллага зөрчөөгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг заавал оролцуулах талаар зохицуулаагүй тул нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан нэхэмжлэл болон гомдол үндэслэлгүй байна.

 

1.г. Хариуцагч байгууллага төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох зорилгоор талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч .... Баянгол дүүрэг, 2 дугаар хороолол, 3 дугаар хороо, Сөүлийн гудамжны 51 дүгээр байрны 8 тоотод байрлах 65,88 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 190,000,000 төгрөгийн, өмчлөгч Б.Ундраа Орхон аймаг Баян-Өндөр сум, 1 дүгээр баг, Зэст 1 дүгээр хороолол, 17 дугаар байрны 57 тоот хаягт байрлах 29 м.кв орон сууцыг 100,000,000 төгрөгийн санал гаргасныг төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талууд үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн талаар харилцан тохиролцсон гэж үзнэ. (хх-ийн 241-244)

 

Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/1, 13/02 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор төлбөрт хураагдсан Баянгол дүүрэг, 2 дугаар хороолол, 3 дугаар хороо, Сөүлийн гудамжны 51 дүгээр байрны 8 тоотод байрлах 65,88 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 190,000,000 төгрөгийн 70 хувь буюу 133,000,000 төгрөгөөр, Орхон аймаг Баян-Өндөр сум, 1 дүгээр баг, Зэст 1 дүгээр хороолол, 17 дугаар байрны 57 тоот хаягт байрлах 29 м.кв орон сууцыг 100,000,000 төгрөгийн 70 хувь буюу 70,000,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэсэн байна. Иймд анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/02 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд худалдан борлогдоогүй тул хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/1, 1/2 дугаар тогтоолоор худалдан борлуулахаар шийдвэрлэж Баянгол дүүрэг, 2 дугаар хороолол, 3 дугаар хороо, Сөүлийн гудамжны 51 дүгээр байрны 8 тоотод байрлах 65,88 м.кв талбайтай 3 өрөө орон сууц 138,000,000 төгрөгөөр, Орхон аймаг Баян-Өндөр сум, 1 дүгээр баг, Зэст 1 дүгээр хороолол, 17 дугаар байрны 57 тоот хаягт байрлах 29 м.кв орон сууц 80,000,000 төгрөгөөр худалдан борлогджээ. (2 хав-21-27)

 

Төлбөр хураагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн төлбөр төлөгч болон өмчлөгчийн өгсөн саналыг үндэслэн албадан дуудлага худалдаанд оруулсан тул зах зээлийн үнээс доогуур тогтоосон гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй болно.

 

1.д. Нэхэмжлэгч .... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 4-183/23990 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх хүлээн авч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулах ажиллагааг явуулж, уг шаардлагыг шийдвэрлэсэн байна. (хх-ийн 31-32)

 

Улсын дээд шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаар зөвлөмжийн 2.5-т ... нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авбал эсрэг талд гардуулж, хариу тайлбар гаргах боломжийг хангана... гэж заасан нь талуудыг мэтгэлцэх боломжоор хангаж байгаагийн илрэл бөгөөд уг нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авсан бол энэ талаар шүүгч захирамж гаргахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулаагүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

 

Түүнчлэн, Орхон аймаг Баян-Өндөр сум, 1 дүгээр баг, Зэст 1 дүгээр хороолол, 17 дугаар байрны 57 тоот хаягт байрлах 29 м.кв орон сууцыг битүүмжилж, хураасан талаар шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, тэмдэглэл хэрэгт авагдсан тул шийдвэр гүйцэтгэгчийн даалгаврыг хэрхэн гүйцэтгэсэн талаар нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй гэх гомдол үндэслэлгүй.

 

Харин шүүх нэхэмжлэгчийн гомдол гаргах эрхийг тодорхойлсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.5 дахь заалтыг тус тус хэрэглээгүй нь буруу байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч ..-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаатай холбоотой маргаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдааг залруулж, анхан шатны шүүхийн шийдвэрт тогтоох хэсэгт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2022/01811 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...44 дүгээр зүйлийн 44.3, 49 дүгээр зүйлийн 49.4.1, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.1, 63 дугаар зүйлийн 63.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэг... гэснийг ... 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэг... гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Н.БАТЗОРИГ