| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0814/Э |
| Дугаар | 840 |
| Огноо | 2018-10-01 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 840
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,
Улсын яллагч Ц.Гансүлд,
Шүүгдэгч Б...., түүний өмгөөлөгч Л.Батаа /ҮД:1824/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт ...ийн ...д холбогдох 1808037570988 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн 1966 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын ...тоотод оршин суух хаягтай, урьд
-1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн 169-ийн в-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,
-1987 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн 88-ийн б-д зааснаар 5 жил 10 сар 20 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн,
-1998 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 46 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1998 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
-2002 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 118 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 60,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
-2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 405 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Боржигин овогт ...ийн ... /РД:.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга.
Б.... нь 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон төвийн автовокзал дээр иргэн Э....ын халааснаас “Айпони-6 плас” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, бусдад ниит 544.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1. Хохирогч Э....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн Улиастай хотоос Улаанбаатар хотод шуудангийн автобусаар ирсэн. 2018 оны 08 дугаар сарын 14-ний өглөө “Драгон” автовокзал дээр ирээд автобуснаас буугаад ачаагаа авах гээд хүлээж байхдаа халааснаасаа өөрийн “Айпони-6 плас” маркийн гар утсаа хулгайд алдсан. ...” гэх мэдүүлэг /хх 11-13, 14 х/,
2. Шүүгдэгч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын сарын 14-ний өглөө гэрээсээ гараад Драгон төвд орж хулгай хийх санаатай явсан. Тэгээд Драгон төв дээр 08 цаг өнгөрч байхад очоод Хөвсгөлийн автобус ирдэг зосгоол дээр зогсож байтал хажууд нэг залуу зогсож байсан бөгөөд өмднийх нь халааснаас гар утас цухуйж харагдахаар би хажуугаар явж ороод гар утсыг нь хулгайлаад автобусанд суугаад Баянхошуунд очиж буугаад явж байтал цагдаагаас залгаад гар утсыг нь аваад ир гэхээр нь авчираад өгчихсөн юм. ...” гэх мэдүүлэг /хх 41-43 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3. Гэрч Б....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...... даруухан, яриа хөөрөө сайтай, илүү дутуу зан байхгүй. Цэрэгт байхдаа шоронд сууж байсан гэсэн. Тэрнээс хойш хэсэг хугацаанд харилцахгүй байж байгаад сүүлийн хэдэн жил л харилцаж байгаа. Хүнтэй суугаад 2 хүүхэдтэй болсон. 2 хүүхэд нь сургуулийн насных гэсэн. Эхнэр нь 2 жилийн өмнө өвчнөөр нас барсан 2 хүүхдээ тэжээдэг юм. Өөрөөр сайн хэлж мэдэхгүй байна.. ...” гэх мэдүүлэг /хх 20-21 х/
4. Гэрч Б....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...... 7 буудалд 2 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь гэх эмэгтэй 2 жилийн өмнө нас барчихсан юм. 2 хүүхэд нь сургуулийн насных бөгөөд ...аас өөр харж хандах хүн байхгүй. Найз маань хүүхэд 16 дугаар сургуульд сурч 1983 онд 8 дугаар ангийг ...гэх багшийн дор төгссөн. Үүний дараагаар 1984 онд байх цэрэгт байхдаа шүүхээр таслагдсан гэж сонссон. Нэг хэсэг уулзалдахгүй байж байгаад саяхнаас таараад хамт уулзсан юм. ...” гэх мэдүүлэг /хх 22-23 х/,
5. Хулгайн эд зүйл болох гар утасыг хүлээн авсан тэмдэглэл /хх 6 х/
6. Гар утасыг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 07 х
7. “Дамно” ХХК-ийн “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 544,000 төгрөгөөр үнэлэгдэв”. гэх дүгнэлт /хх 25-26, 31-32 х/
8. Б....ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 45 х/
9. Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 48-54 х/
10. Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 57 х/
11. Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 67 х/
12. Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх 68 х/
13. Б.... өрх толгойлсон эцэг болох тухай хорооны Засаг даргын тодорхойлолт /хх 93 х/
14. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 94-95 х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цулуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул дараах нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Гэм буруугийн талаар:
Б.... нь 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 08 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” төвийн автовокзал дээр иргэн Э....ын халааснаас “Айпони-6 плас” маркийн гар утсыг өмдний халааснаас нь хулгайлан авч 544,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Э....ын “... 2018 оны 08 дугаар сарын 14-ний өглөө “Драгон” автовокзал дээр ирээд автобуснаас буугаад ачаагаа авах гээд хүлээж байхдаа халааснаасаа өөрийн “Айпони-6 плас” маркийн гар утсаа хулгайд алдсан. ...” гэх мэдүүлэг /хх 11-13, 14 х/,
- Шүүгдэгч Б....ийн “... Драгон төв дээр 08 цаг өнгөрч байхад очоод Хөвсгөлийн автобус ирдэг зосгоол дээр зогсож байтал хажууд нэг залуу зогсож байсан бөгөөд өмднийх нь халааснаас гар утас цухуйж харагдахаар нь би хажуугаар явж ороод гар утсыг нь хулгайлаад автобусанд суугаад Баянхошуунд очиж буугаад явж байтал цагдаагаас залгаад гар утсыг нь аваад ир гэхээр нь авчираад өгчихсөн юм. ...” гэх мэдүүлэг /хх 41-43 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
- “Дамно” ХХК-н “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 544,000 төгрөгөөр үнэлэгдэв”. гэх дүгнэлт /хх 25-26, 31-32 х/,
- Хулгайлагдсан гар утасыг хураан авсан тэмдэглэл /хх 6 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Хулгайлах гэм хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл, хор уршгийн хоорондын шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой. Үүнийг шалгуур болговол иргэн Э....ын халааснаас “Айпони-6 плас” маркийн гар утас алдагдсан нь шүүгдэгч Б.... хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээс үүдэлтэй бөгөөд шүүгдэгчийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл түүний улмаас учирсан хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон.
Шүүгдэгч Б.... нь иргэн Э....ын халааснаас “Айпони-6 плас” маркийн гар утсыг хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр нууцаар, бусдын амь бие эрүүл мэнд, эрх, эрх чөлөөнд халдаж хүч хэрэглэхгүйгээр, эрх бүхий хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангаж байгаа.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Хууль тогтоогчийн тайлбараар “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. ...” гэж заасан.
“бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс бага хэмжээг.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3.
Шүүгдэгчийн хулгайлсан эд зүйлийн үнэлгээ /хх 25-26, 31-32 х/ 544,000 төгрөгөөр тогтоогдсон нь Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээнд хүрч байгаа.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэг нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг
Шүүгдэгч Б.... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б....ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Хохирлын талаар:
Хохирогч Э....ын “Айпони-6 плас” маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 7 х/-р нотлогдож байгаа тул шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болох нь тогтоогдсон.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч хулгайлсэн эд зүйл болох гар утсаа нэр төрлөөр нь бүрэн бүтэн буцаан өгснийг өөрийн сайн дураар хохирлыг нөхөн төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох боломжгүй, энэ гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, энэ гэмт хэргийн хор уршиг их биш, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд урьд 5 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан, ажил хөдөлмөр эрхлэхэд харшлах зүйлгүй, мөн бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон эцэг зэргийг тал бүрээс нь харгалзан түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шүүх шийдвэрлэсэн.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боржигин овогт ...ийн ...ийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б....ийг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б....д мэдэгдсүгэй.
4.Б....ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хулгайлагдсан 544,000 төгрөгийн үнэтэй гар утас буцаан олгогдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ