| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0821/Э |
| Дугаар | 844 |
| Огноо | 2018-10-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Р.ЭнхОюун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 844
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч Р.Энх-Оюун,
Шүүгдэгч Г....нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Халх овогт ...ын ...т холбогдох 1808041451125 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эгч, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо. Баянголын ...тоотод оршин суух,
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Г....нь 2018 оны 08 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, өндөр настны автобусны буудлын орчимд гэр бүлийн харилцаатай Д....г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ: /прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1. Хохирогч Д....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр найз ...өөрийн ...дугаарын утсаар залгаад хоёулаа уулзъя эвлэрмээр байна гээд байхаар нь 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шинэ давхар нэртэй автобусны буудал дээр уулзсан чинь хоёулаа юм ярьж алхъя гэхээр нь хамт жоохон алхаж байгаад 21 дүгээр хорооллын “Мишээл” гэх пабад орж 4 шил пиво хувааж уучихаад тэндээсээ гараад буцаад 5 дугаар хороо, өндөр настны автобусны буудлын орчимд байрлах “Элсэн цаг” гэх нэртэй караоке бааранд орж 6 шил пиво уучихаад 2018 оны 08 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө тэр караокеноос гараад би гэрлүүгээ явлаа гэсэн чинь ...хамт зочид буудалд хоноё гэхээр нь би хонохгүй гэсэн чинь ...уурлаад миний үснээс зулгааж, толгой, нүүр, цээж хэсэгт гараараа цохисон чинь хамарнаас цус гарсан, тэгэхээр нь би такси бариад бид хоёр хамт гэмтлийн эмнэлэг орж эмчид үзүүлж, эм бичүүлээд гарсан. ...Шилбэнд учирсан гэмтлийг би явж байгаад өөрөө юманд цохиод хөхрүүлсэн, харин бусад нүүрэнд учирсан гэмтлүүдийг ...гараараа цохиж байхдаа учруулсан. ...” гэх мэдүүлэг. /хх 7-10 х/,
2. Шүүгдэгч Г....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2014 оноос хойш ... гэх надаас 7 насаар эгч эмэгтэйтэй дотно харьцаатай болсон, хамтран амьдарч байгаагүй ч хааяа нэг уулздаг болсон. 2018 оны 08 дугаар сарын 27-ны орой би түүнд 100,000 /зуун мянган төгрөг/ өгөх ёстой байсан юм тэрийг нь өгөх гээд уулзсан. ... мөнгөө авах гээд миний түр амьдарч байсан эгчийн гэрийн ойролцоо ирсэн тэгээд бид хоёр уулзаж байгаад ойрхон караоке бааранд орж пиво авч ууцгаасан пиво ууж байхдаа би мөнгөө авах уу гээд хэлсэн чинь би дараа чамаас нугалж авна гээд аваагүй гараад явчихсан, тэгэхээр нь би араас нь гарсан чинь үүдэн дээр зогсож байснаа намайг хэл амаар доромжилж эхэлсэн би харих гэтэл араас ирээд зууралдаад зам руу орж үхчих гээд байхаар нь би хоёр чихнээс нь татаж машины замруу оруулахгүй гэж зогсоосон тэгтэл ... уурлаад намайг өшиглөөд авахаар нь би зөрүүлээд нүүрэнд нь гараараа алгадаж цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 26-28 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
3. Гэрч Г....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2008 оноос хойш ...тай найзлаж нөхөрлөж ирсэн юм. Манай гудамжинд эгчийндээ амьдардаг юм. Жилийн өмнөөс найз ...... гэх эмэгтэйтэй найзлаж байгаа гээд дагуулаад явж байгаа харагддаг болсон, хааяа л уулздаг юм шиг байна лээ хамт амьдарч байгаагүй байхаа. Хэзээ хаана ямар зодоон цохион болсныг нь мэдээгүй. Бид хоёр хааяа л тааралдахаараа уулздаг юм. ...” гэх мэдүүлэг /хх16 х,
4. Шинжээчийн 10820 тоот дүгнэлт
1.Д....н биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, дух, баруун хацар, баруун шилбэнд цус хуралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл нь 2018.08.27-28-нд шилжих шөнө үүсэх боломжтой. гэх дүгнэлт /хх 18 х/
5. Оршин суугаа газрын тодорхойлолт /хх 30, 33 х/
6. Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 31 х/
7. Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх 32 х/
8. Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 34 х/
9. Эд хөрөнгтэй эсэх хураангуй лавлагаа /хх 35 х/
10. Тэтгэвэрийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх 36 х/
11. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгуулах хуудас /хх 46 х/
12. Эвлэрлийн баталгаа /хх 66 х/
13. Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 50-58 х/ зэрэг болно.
14. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол /хх 38 х/
15. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх 61 х зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцсон.
Гэм буруугийн талаар:
Г....нь 2018 оны 08 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, өндөр настны автобусны буудлын орчимд гэр бүлийн харилцаатай Д....г “зочид буудалд хамт хоносонгүй” гэх асуудлаас болж зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Д....н “......хамт зочид буудал хоноё гэхээр нь би хонохгүй гэсэн чинь ...уурлаад миний үснээс зулгааж, толгой, нүүр, цээж хэсэгт гараараа цохисон чинь хамарнаас цус гарсан, тэгэхээр нь би такси бариад бид хоёр хамт гэмтлийн эмнэлэг орж эмчид үзүүлж, эм бичүүлээд гарсан. ...Шилбэнд учирсан гэмтлийг би явж байгаад өөрөө юманд цохиод хөхрүүлсэн, харин бусад нүүрэнд учирсан гэмтлүүдийг ...гараараа цохиж байхдаа учруулсан. ...” гэх мэдүүлэг. /хх 7-10 х/,
- Шүүгдэгч Г....ын “...би араас нь гарсан чинь үүдэн дээр зогсож байснаа намайг хэл амаар доромжилж эхэлсэн би харих гэтэл араас ирээд зууралдаад зам руу орж үхчих гээд байхаар нь би хоёр чихнээс нь татаж машины замруу оруулахгүй гэж зогсоосон тэгтэл ... уурлаад намайг өшиглөөд авахаар нь би зөрүүлээд нүүрэнд гараараа алгадаж цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 26-28 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
- Шинжээчийн 10820 тоот дүгнэлт:
“1.Д....н биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, дух, баруун хацар, баруун шилбэнд цус хуралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо. ... 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх 18 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаарх хууль зүйн дүгнэлт:
Энэ гэмт хэрэг нь гэр бүлийн харилцаатай байсан хүнийг зодож хөнгөн хохирол учруулснаар төгс үйлдэгдсэнд тооцогдоно. Д....н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Г....түүнийг зодсоноос үүдэлтэй болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэг нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг
Шүүгдэгч Г....бусдын эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Г....ын үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан байхаар хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа болно.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, мөн зүйлийн 3.2-т “хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан ... этгээд” гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, ..., 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчлан зааж өгсөн.
Шүүгдэгч Г...., хохирогч Д.... нар гэр бүлийн баталгаа байхгүй, хамтран амьдарч байгаагүй ч гэсэн 2014 оноос хойш гэр бүлийн харилцаатай байсан болох нь тэдгээрийн өөрсдийн мэдүүлгээр нотлогдож байгаа тул Г....-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Г....ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Хохирогч Д.... хохирол нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч Г....ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.
Г....т холбогдох гэмт хэрэгт эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хор уршиг их биш, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуурсан үедээ үйлдсэн, хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон 700 нэгжтэй тэнцэх 700,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, уг торгуулийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Халх овогт ...ын ...ыг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Энхбааатарыг 700 нэгжтэй тэнцэх 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Г....т үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Г....т мэдэгдсүгэй.
5.Г....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ