Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2026/ДШМ/38

 

 

 

 

 

2025           4             02                                                       2026/ДШМ/38                                      

 

Б.Ц-д холбогдох эрүүгийн

                                               хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Лувсанцэрэн,

Хохирогч П.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ /цахимаар/,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

 

.............. анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ......... дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч П.Бын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч Б.Ц-д холбогдох эрүүгийн 2434004890352 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б.Ц, ...... оны 9 дүгээр сарын 07-ны өдөр ............. төрсөн, .......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, ам бүл 2, эмээгийн хамт, ................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ...............

 

2. Шүүгдэгч Б.Ц нь ..............сум “Уянга” 3 дугаар багийн “Талын Улаан” гэх газарт Улаанбаатар хотоос 177 дахь километрийн шонгийн орчимд  2024 оны 8 дугаар сарын 11-ний өдөр .............. улсын дугаартай Toyota Landcruiser-100 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй,  хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 11.11-д “Энэ дүрмийн 25.3, 25.5, 26.3-д зааснаас бусад тохиолдолд тээврийн хэрэгслээр явган хүний зам болон хөвөөгөөр явах, мөн механикжсан тээврийн хэрэгсэл буюу ердийн хөсгөөр унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээгээр явахыг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас .......... улсын дугаартай Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж тус тээврийн жолооч П.Бын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Б.А, Б.Тнарын эрүүл мэндэд  хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

3. Төв аймгийн прокурорын газраас Б.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

4. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан "Автотээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

шүүгдэгч Б.Цг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Цд шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт
заасныг баримтлан шүүгдэгч Б.Цг тэнссэн 2 /хоёр/
жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг
хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг тус тус мэдэгдэж, Эрүүгийн 2434004890352 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Ц энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

хохирогч П.Б, Б.А, Б.Тнар нь энэ хэрэгтэй холбоотой гарсан эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Цгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үеэс хугацааг тоолж,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Лувсанцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийн улмаас шууд учирсан эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хохирлыг хохиролд тооцно гэж заасан. Энэ тохиолдолд хохирогчийн нэхэмжилж буй зардал нь түүний эрүүл мэндэд шууд учирсан хохирол биш бөгөөд өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг бусдад ажиллуулж, тэдэнд цалин олгосонтой холбоотой зардал байна. Өөрөөр хэлбэл, өөрийн эд хөрөнгийг ашиглуулж, орлого олох үйл ажиллагаатай холбоотой зардлыг гэмт хэргийн улмаас шууд учирсан хохиролд тооцох боломжгүй. Хэрэв хохирогч нь тодорхой хугацаанд тогтмол орлого олдог байсан, тухайн орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байсан талаар нотлох баримт, тухайлбал нийгмийн даатгалын сангийн лавлагаа, эмнэлэгт хэвтсэн хугацааны баримт зэргийг ирүүлж, тухайн хугацаанд хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон нь тогтоогдсон бол орлого алдсантай холбоотой хохирлыг тодорхой хэмжээгээр тооцох боломжтой. Иймд хохирогчоос гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

6.Хохирогч П.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч П.Б миний бие 2024 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Приус-20 маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож эхнэр Б.Т, охин Б.А нарын хамт Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явж байхад ..............сумын нутаг дэвсгэрт Б.Цгийн жолоодож явсан Ланд круйзер-100 маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын эсрэг урсгалаас ирж мөргөснөөс миний эрүүл мэндэд хүндэвтэр, эхнэр Б.Т, охин Б.А нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан юм.

Төв аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт хэргийг шалгаад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Төв аймаг дахь сум дундын шүүхэд шилжүүлж, шүүх хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 5 сарын хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн.

Шийтгэх тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гардаж аваад давж заалдах журмаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Хохирогч миний зүгээс анхан шатны шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэлтэй холбогдуулж гэмт хэргийн улмаас ажил үүргээ хэвийн гүйцэтгэж чадахгүй нөхцөл байдал орж, улмаар өөрийн нэр дээр байдаг бетон зуурмаг шахагч авто помп тээврийн хэрэгслээр ажил гүйцэтгэх гэрээний дагуу дараах иргэдээр ажил гүйцэтгүүлсэн юм.

-Daewoo.ULTRANNOVUS маркийн .... улсын дугаартай бетон
зуурмаг шахагч авто помп тээврийн хэрэгслээр ажил гүйцэтгэх гэрээгээр
Б.Лхагвасүрэнд
6,575,000 төгрөг,

-Daewoo.ULTRANNOVUS маркийн .... улсын дугаартай бетон зуурмаг шахагч авто помп тээврийн хэрэгслээр ажил гүйцэтгэх гэрээгээр О.Н6,075,000 төгрөг,

-Daewoo.ULTRANNOVUS маркийн .... улсын дугаартай бетон зуурмаг шахагч авто помп тээврийн хэрэгслээр ажил гүйцэтгэх гэрээгээр П.Бат-Эрдэнэд 6,350,000 төгрөг,

-Daewoo.ULTRANNOVUS маркийн .... улсын дугаартай бетон зуурмаг шахагч авто помп тээврийн хэрэгслээр ажил гүйцэтгэх гэрээгээр Г.Н1,500,000 төгрөг. Нийт 20,500,000 төгрөгийг цалин болгож өгсөн юм.

Дээрх ажиллагаатай холбоотой ажил гүйцэтгэх гэрээ, мөнгө шилжүүлсэн баримт, дансны хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгч нэхэмжилсэн. Харин анхан шатны шүүхээс хохирогч миний ажилгүй байсан хугацааны орлого болох 20,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт....Хэрэг хэлэлцэх үед иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол нэхэмжлэгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлийг дахин гаргах эрхээ алдана гэж заасан байна. Би дээрх хохирлоо Б.Цгаас гаргуулах хүсэлттэй байна.

Иймд хохирогч миний гомдлыг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, дээрх 20,500,000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхээр хангаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

 

            7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд /цахимаар/ оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Миний зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульд нийцсэн, үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа тул ямар нэгэн гомдол гаргаагүй. Мөн хохирогч нарын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эмчилгээ болон бусад зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг шийтгэх тогтоолын 5 дугаар хэсэгт нээлттэй үлдээсэн. Иймд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна...” гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д холбогдох эрүүгийн 2434004890352 дугаартай хэргийг хохирогч П.Бын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

         1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж гарсан байна.

         2. Шүүгдэгч Б.Ц нь ..............сум “Уянга” 3 дугаар багийн “Талын Улаан” гэх  газарт  Улаанбаатар хотоос 177 дахь километрийн шонгийн орчимд  2024 оны 8 дугаар сарын 11-ний өдөр .............. улсын дугаартай Toyota Landcruiser-100  маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй,  хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 11.11 “Энэ дүрмийн 25.3, 25.5, 26.3-д зааснаас бусад тохиолдолд тээврийн хэрэгслээр явган хүний зам болон хөвөөгөөр явах, мөн механикжсан тээврийн хэрэгсэл буюу ердийн хөсгөөр унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээгээр явахыг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас .......... улсын дугаартай Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж П.Бын эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Т, Б.А нарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан үйл баримт нь

- Хохирогч П.Бын: “...2024 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай Сант сумаас Улаанбаатар хот руу явах гээд эхнэр Түвшинжаргал,  охин Б.А нарын хамт приус-20 маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан... Төв аймгийн зам дээр явж байхад нэг Ланд-100 маркийн тээврийн хэрэгсэл гэнэт замын хөвөө рүү нэг гуйваад дараа нь миний явж байсан урсгал руу орж ирээд хажуу талаар ороод ирсэн...” /1хх-н 38-40/ гэх,

-хохирогч Б.Тын: “...2024 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Сант сумаас Улаанбаатар хот руу нөхөр Батням, охин Анужин нарын хамт приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад зам тээврийн осолд орсон....” /1хх-н 41-42/ гэх,

-иргэний хариуцагч Ч.Ч-ийн: “...Би 2017 оны үед .............. улсын дугаартай Ланд 100 автомашиныг 20 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Уг машин миний өөрийн машин...” /2хх-н 128-129/ гэх мэдүүлгүүд,

-Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 515 дугаартай: “...Б.Тын биед бүдүүн гэдэсний мухар хэсгийн няцрал, гялтан бүрхүүлийн урагдал, бүдүүн гэдэсний уруудах хэсэг, нойр булчирхайн няцрал, хэвлийн хөндийн сул шингэн агууламж /800мл/, нарийн гэдэсний урагдал /2024.08.12, 2024.08.14 мэс заслын дараах байдал/, баруун хөхний гадна, хэвлий, зүүн хөхний доод хэсэг, баруун шуу, өвдөг, зуун тохой, шуу, шилбэ, эрүүнд цус хуралт, зүүн хөхөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо...” /1хх-н 69-72/ гэх,

-Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3188 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн улаан хүрэн өнгийн .......... улсын дугаартай Toyota prius-20 маркийн NHW203063211 арлын дугаартай тээврийн хэрэгслийн тоормос, жолоодох механизмд үүссэн их хэмжээний гэмтлүүдтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. Хөдөлгүүрийн хурдын хайрцгийн ажиллагааг шалгаж тогтоох боломжгүй байна. Улаан хүрэн өнгийн .......... улсын дугаартай Toyota prius 20  маркийн NHW203063211 арлын дугаартай тээврийн хэрэгслийн тоормос жолооны механизмын гэмтлүүд нь ослын үед шууд үүссэн гэмтлүүд байна. Ослын улмаас үүссэн их хэмжээний гэмтлүүдтэй тул зам тээврийн осолд нөлөөлөх боломжтой байна. Тээврийн хэрэгслийн 4 дугуйнд осолд нөлөөлөх гэмтэл тогтоогдоогүй. Шинжилгээнд ирүүлсэн “Осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч” зурагт улаан хүрэн өнгийн .......... улсын дугаартай Toyota prius 20  маркийн тээврийн хэрэгслээс үүссэн тоормосны мөргүй байх тул хурд тогтоох боломжгүй...” /1хх-н 85-90/ гэх,

-Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны 112 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн Toyota Land Criuser-100 маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны эд анги бүрэн, урд 2 хавчигч шахаж ажиллана. Ослын улмаас автомашинд эвдрэл гэмтэл үүссэн тул хөдөлгүүр, жолооны механизм, хурдны хайрцгийн ажиллагааг шалгах боломжгүй. Үзлэг шинжилгээний явцад илэрсэн гэмтэл ослын үед үүссэн байна. Ослоос өмнө үүссэн эвдрэл гэмтэл тогтоогдоогүй. Осолд нөлөөлсөн эвдрэл гэмтэл тогтоогоогүй. Уг тээврийн хэрэгслийн 4 дугуй стандарт шаардлага хангана. Осолд нөлөөлөх гэмтэл тогтоогдоогүй. Шинжилгээнд ирүүлсэн Тоyota Land Cruuiser-100  маркийн .............. улсын дугаартай, автомашин 2000 онд үйлдвэрлэгдсэн тул Bosch CDR-900 төхөөрөмжөөр хурд тогтоох боломжгүй...” /1хх-н 109-114/ гэх,

-шинжээч Д.Чимэдсайханы 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №49535/32477650 дугаартай: “...Toyota Land Criuser-100  маркийн автомашиныг 21,608,200 төгрөгөөр үнэлэв ...” /1хх-н 135-136/ гэх,

-“Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 25 ны 2434 дугаартай:  “............. улсын дугаартай Toyota prius-20  маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг 10,935,000 төгрөгөөр үнэлэв...” /1хх-н 149-150/ гэх,

-шинжээч Я.Соронзонболдын 2025 оны 02 дугаар сарын 07-ны 52-23/62 дугаартай: “...Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад Toyota Land Cruiser маркийн .............. улсын дугаартай автомашины жолооч Б.Ц Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 11.11 “Энэ дүрмийн 25.3, 25.5, 26.3-д зааснаас бусад тохиолдолд тээврийн хэрэгслээр явган хүний зам болон хөвөөгөөр явах, мөн механикжсан тээврийн хэрэгсэл буюу ердийн хөсгөөр унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээгээр явахыг хориглоно” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Toyota Prius  маркийн .......... улсын дугаартай автомашины жолооч  П.Быг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Уг зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна...Toyota Land Criuser  маркийн .............. улсын дугаартай автомашины жолооч Б.Ц Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 11.11 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна....Toyota Land Criuser маркийн .............. улсын дугаартай автомашин эсрэг урсгалд орсон байх үндэслэлтэй байна. Харин Toyota Prius маркийн .......... улсын дугаартай автомашины жолооч П.Быг урсгал сөрсөн гэх үндэслэлгүй байна...” /1хх-н 166-168/ гэх,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр  сарын 9-ний өдрийн 82 дугаартай: “...хохирогч П.Бын сэтгэцэд 2024 оны 8 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинж тэмдгүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” /1хх-н 178-179/ гэх,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн 84 дугаартай: “...Б.Аийн сэтгэцэд 2024 оны 8 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна...” /1хх-н 185-187/ гэх,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 83 дугаартай: “…Б6Т-ын сэтгэцэд 2024 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шижүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна...”  /1хх-н 198-200/ гэх,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн ЕГО0525/711 дугаартай: “...Б.Агийн биед баруун дунд чөмөгний толгойн сэлтэрсэн хугарал, баруун сүүжний тогооны  ар, доод ирмэгт сэлтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Баруун дунд чөмөгний толгойн сэлтэрсэн хугарал нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги байдлаар их хэмжээгээр алдагдуулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.6.2-т зааснаар хүнд зэрэг тогтоогдлоо...” /2хх-н 55-57/ гэх,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ЕГО0725/712 дугаартай: “...П.Бын биед бүсэлхийн 5-р нугалмын их биеийн шахагдаж бяцарсан хугарал, хоёр талын хөндлөн сэртэнгийн зөрүүтэй хугарал Бүсэлхийн 5-р нугалмын их биеийн шахагдаж бяцарсан хугарлыг хөлөнцрийн титан шургаар бэхлэх бороо үүсгэх мэс засал, бүсэлхийн 1,2,3,4-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн зөрүүтэй хугарал, ахар сүүлийн 1-р нугалмын их биеийн ташуу хугарал, цээжний баруун талд 11-р хавирганы зөрүүгүй хугарал, доод уруул шарх, нуруу, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь авто ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” /2хх-н 61-65/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,

-Хэргийн газар үзлэг болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 17-26/ зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл "Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг”-ийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байдаг ба энэ зүйлд заасан бусад шинжүүдээр нь гэмт хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж зүйлчилдэг.

Иймд прокуророос шүүгдэгч Б.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны  шүүхэд хүргүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэв.

 

4. Шүүгдэгч Б.Ц-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлсэн байна.

 

5. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хянаж үзсэний үндсэн дээр үнэлж, хэргийн бодит байдлыг шүүх хуралдааны явцад талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан журмыг зөрчөөгүй байна.

 

6. Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 5 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хуулийн гэм буруугийн зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

7. Хохирогч П.Б “...гэмт хэргийн улмаас ...ажилгүй байсан хугацааны орлого болох 20,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул уг хохирлыг гаргуулж ...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байна.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан.

Анхан шатны шүүх хуралдааны үед хохирогч П.Б нь ажилгүй байсан хугацааны орлого гэж 20,500,000 төгрөгийг шүүгдэгч Б.Цгаас нэхэмжилж 2 дугаар хавтаст хэргийн 189-233 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ.

Тодруулбал, хохирогч П.Б нь “....” ХХК-тай 2024 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр байгуулсан машин механизм түрээслэх гэрээ /2хх-н 189-192/, Б.Л-тэй 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ /2хх-н 199-201/, О.Н-той 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ /2хх-н 208-210/, П.Б-тэй 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ /2хх-н 220-222/,  Г.Н-той 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ /2хх-н 226-228/-д нь бусдад машин механизм түрээсний ажил гүйцэтгүүлсэн  төлсөн гэх баримтууд байх тул анхан шатны шүүх хохирогч П.Бын нэхэмжилсэн ажилгүй байсан хугацаанд олох ёстой байсан гэж үзэх боломжгүй гэж дүгнэн 20,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Өөрөөр хэлбэл хохирогч П.Бын нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны орлого болох 20,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг энэ гэмт хэргийн улмаас түүний эрүүл мэнд болон эд хөрөнгөд шууд учирсан хохирол гэж  үзэх боломжгүй болно.

 

9. Иймд хохирогч П.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

10. Харин анхан шатны шүүх хохирогч П.Бын нэхэмжилсэн 20,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт энэ талаар тусгаагүй, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Цд шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй” гэж албадлагын арга хэмжээ авсан атлаа 2 дахь заалтад  албадлагын арга хэмжээ давхар авсан, иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг баримтлаагүй, түүнчлэн цагаатгах, шийтгэх тогтоолыг гардуулахыг дурдсан зэрэг алдааг зөвтгөн засаж шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1............. анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ........ дугаар шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 2 дахь заалтад “...шүүгдэгч Б.Цг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай...” гэснийг

“...шүүгдэгч Б.Цг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй...” гэж,

 

- 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Цд шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй...” гэснийг

“ ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Цд шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай...” гэж,

 

-5 дахь заалтад “...Эрүүгийн 2434004890352 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Ц энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

хохирогч П.Б, Б.А, Б.Тнар нь энэ хэрэгтэй холбоотой гарсан эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай...” гэснийг

“...Эрүүгийн 2434004890352 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Ц энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч П.Бын ажилгүй байсан хугацаанд олох ёстой байсан орлого 20,500,000 /хорин сая таван зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч П.Б, Б.А, Б.Тнар нь энэ хэрэгтэй холбоотой гарсан эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай...” гэж,

 

8 дахь заалтад “...Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай...” гэснийг

“...Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай...” гэж тус тус өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч П.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 З.ТҮВШИНТӨГС

 

                         ШҮҮГЧИД                                 Д.МӨНХБҮРЭН

 

                                                                                   Р.МӨНХ-ЭРДЭНЭ