| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0744/Э |
| Дугаар | 813 |
| Огноо | 2018-09-21 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 813
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Б.Мөнгөншагай,
хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч ...,
шинжээч Ш.Ариун-Эрдэнэ,
шүүгдэгч Ж...., түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр /ҮД:0206/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.
Шүүх хуралдаанаар Тээврийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мянган овогт ...гийн ...-д холбогдох 1803004840265 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1966 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Мянган овогт ...гийн ... /РД: .../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Ж.... нь 2018 оны 06 дүгээр сарын 02-ны өдрийн 16 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Эмээлтийн “Элбэг” худалдааны төвийн урд замд “Тоёота витз” маркийн ...УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д заасан “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, ... -д зам тавьж өгнө” заалтыг зөрчсөний улмаас иргэн Д....ын жолоодон явсан “Лексүс-470” маркийн ...УНҮ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, улмаар өөрийн автомашинд зорчин явсан ..., 8 настай М.... нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Б....ийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч ...ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумаас Улаанбаатар хот руу ...УБМ улсын дугаартай Тоёотой Витз маркийн автомашинд сууж явсан. Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо эмээлтэд байх “Шунхлай” ШТС-ын зогсоолд талийгаач болон зээ охин ... бид гурав буух гээд зогссон, тэгээд буух гэтэл жолооч ... энд буугаад яах юм замын хойд талын дэлгүүрийн үүдэнд очоод буучих гээд шууд хөдөлсөн. Тэгээд төв замын урдаас хойшоо чиглэлтэй хөндлөн гарахаар замын нэгдүгээр эгнээнд зогсоод нэг жижиг хар машиныг өнгөрөөгөөд эсрэг урсгал руу ортол Улаанбаатар хот талаас буюу зүүнээс баруун чиглэлтэй нэг том жийп маркийн автомашин миний сууж явсан машины баруун дунд хэсэг рүү мөргөсөн. Миний эмчилгээний зардал 507,737 төгрөг болсон тул нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг /хх 28-29 х /
- Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Гомдолтой байна. Одоогоор манай хүүхэд ...ын эмчилгээний зардалд баримтаар 2 сая төгрөг гарсан байгаа энэ мөнгөө хамгийн түрүүнд нэхэмжилмээр байна. ...” гэх мэдүүлэг /хх 76-77 х/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 16 цагийн орчим манай төрсөн ээж Б.... над руу өөрийнхөө 89686665 утсаар аав ээж 2 нь Эмээлт орж явна гэж утсаар ярьсан юм. Тэгээд удаагүй 16 цаг өнгөрч байхад төрсөн дүү ... над руу утсаар яриад аав, ээж, хүүхэд 3 осолд орсон байна яаралтай ир гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 76-77 х/,
- Шүүгдэгч Ж....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсонд маш их харамсаж байна. Би Замын хөдөлгөөний дүрмийн 7.1 дэх заалтыг зөрчсөн гэм буруутай. Гэм буруугаа хүлээж байна. Хүмүүсийн хохирлыг одоогийн байдлаар бүрэн барагдуулсан. Биеийн байдлыг минь харгалзаж тэнсэж өгнө үү. ...” гэх мэдүүлэг /хх 167 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
- Гэрч С....ийн “... бид нар Төв аймгийн Баянцогт орж моринд тэжээл хүргэж өгөх гээд 16 цаг 30 минутын орчим СХД-н 31 дүгээр хороо эмээлтийн замд ...УБҮ улсын дугаартай Лексус-47 маркийн автомашиныг ... бариад жолоочийн хажуу талын урд сууд дээр ... суугаад харин арын суудалд би суугаад замын 2 дугаар эгнээгээр 60 орчим км/цагийн хурдтай явж байтал хүүе гэж хашгираад л тас түс гээд явчихсан. Тэгээд машинаас буугаад иртэл миний сууж явсан машин жижиг цагаан цайвар өнгийн Витз машинтай мөргөлдөөд уг мөргүүлсэн машин миний явсан машинд баруун талын гол хэсгээрээ мөргүүлээд замын хойд талд урагшаа хараад машины баруун урд хаалга луу хамраараа тулаад зогссон байсан. Уг мөргүүлсэн жижиг машин дээр очиход жолооч нь машинаасаа бууж ирж байсан тэгээд машин луу нь харахад арын суудалд 8 орчим насны эмэгтэй хүүхдийн толгойноос нь цус гарч байсан, мөн урд суудал нэг эрэгтэй хүн сууж байсан харин арын суудал дээр талийгаач байгааг хараагүй дараа нь л харсан удаагүй цагдаагийн машин ирээд түргэн цагдаа дуудсан. Сүүлд машин барьж явсан найз ... болон замын хажууд замлуу ор зогсож байсан Портер маркийн автомашины жолоочоос нөгөө мөргүүлсэн машин хаанаас хаашаа чиглэлтэй явж байсныг асуухад замын урд талын колонкоос гараад замын хойд талд байх дэлгүүрлүү буюу зам хөндлөн гарч миний сууж явсан машинд мөргүүлсэн гэж хэлж байсан. Дараа нь уг Витз машины эвдрэлийг харахад баруун талын гол хэсгээрээ миний сууж явсан машинд мөргүүлсэн байсан. ...” гэх мэдүүлэг /хх 112 х/,
- Гэрч Б....ын “...2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Баянцогт орж моринд тэжээл хүргэж өгөх гээд найз ...ыг гуйсан юм. Тэгээд Төв аймаг Баянцогт сум орох гээд ...ын ...УБҮ улсын дугаартай Лексус-470 маркийн автомашинтай 3-лаа Улаанбаатараас Баянцогтын чиглэлд гарсан. Тэгээд 16 цаг 30 минутын орчим СХД-н 31 дүгээр хороо эмээлтийн замд ...УБҮ улсын дугаартай Лексус-470 маркийн автомашиныг ... бариад жолоочийн хажуу талын урд суудал дээр би суугаад харин арын суудал дээр манай найз ... суугаад замын 2 дугаар эгнээгээр 50-60 орчим км цагийн хурдтай явж байтал замын хойд талд замлуу нэг портер маркийн машин орох гээд дохио өгөөд зогсож байсан, тэгээд л тэр машиныг хараад явж байтал замын урд тал буюу ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй цагаан өнгийн жижиг гэнэт зам хөндлөн ороод ирсэн тэгэнгүүт хүүе гэтэл л нөгөө машинтай мөргөлдөж тас түс гээд л явчихсан. Тэгээд машинаас буух гэтэл миний талын хаалга онгойхгүй болохоор нь жолооч талын хаалгаар бууж иртэл миний сууж явсан машин жижиг цагаан өнгийн Витз машинтай мөргөлдсөн байсан. ...” гэх мэдүүлэг /хх 115 х/,
- Гэрч С....ын “...2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 16 цаг 50 минутын орчим СХД-н 31 дүгээр хороо Эмээлтийн замд байрлах “Элбэг” дэлгүүрээс юм аваад төв замлуу хойд талаас нь буюу ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлийн урсгал руу орох гээд ... зогсож байтал ертөнцийн зүгээр замын урд талд байрлах “Шунхлай” колонкоос нэг жижиг машин гарч ирээд төв замыг урдаас хойшоо чиглэлтэй хөндлөн ороод ирсэн тэр үед зүүнээс баруун чиглэлтэй буюу Улаанбаатараас эмээлтийн чиглэлд замын 2 дугаар эгнээгээр хар саарал өнгийн Лексус-470 маркийн автомашин асар хурдтай ороод ирсэн. Тэгтэл “Витз” маркийн автомашин Лексус-470 маркийн автомашинд мөргүүлээд шидэгдэж төв замын хойд талд зогсож байсан миний машины урд хэсгийг хамаад цаашаа яваад онхолдоогүй замын хойд талд урагшаа харсан юм. ...” гэх мэдүүлэг /хх 118 х/,
- Гэрч Ё....ын “...2018 оны 06 дугаар сарын 02-ны өглөө 08 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумаас Улаанбаатарын чиглэлд 0623 УБМ улсын дугаартай Тоёота Витз маркийн автомашинтай гарсан. Уг машиныг жолооч ... бариад урд суудал дээр нь жолоочийн ар талд талийгаач ... түүний зүүн гар талд буюу хойд суудлын голд ... хойд суудлын зүүн гар талд миний төрсөн ах ... сууж явсан юм. Тэгээд бид 16 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотод орж ирээд СХД-н 31 дүгээр хороо эмээлтэд байх Шунхлай колонк дээр талийгаач болон ач охин ... ... ах нар буух гээд машин зогссон юм. Тэгээд тэд нар хоорондоо яриад замын хойд талын дэлгүүрийн үүдэн дээр очоод зогсьё гээд шууд хөдөлсөн. Тэгээд төв замыг урдаасаа хойшоо чиглэлтэй хөндлөн гарахаар нэг жижиг хар машин Улаанбаатар хот талаас ороод ирэхээр нь жолооч зогсож өнгөрөөгөөд л ортол миний сууж явсан машины баруун дунд хэсэгрүү мөргөсөн юм. Тэгээд л сууж явсан машин шидэгдээд л замынхаа хойд талд урагшаа хараад ...мөргөсөн жип машины баруун талруу хамраараа хараад зогссон. ...” гэх мэдүүлэг /хх 124 х/,
- Шинжээчийн 1247 дугаар дүгнэлт:
1. Цогцост хийсэн шинжилгээгээр бага тархины аалзан хальсны доорх цус харвалт, хоёр талын олон хавирганы хоёрлосон хугарал, уушигны няцрал, хатгагдсан шарх, голтын эрхтнүүд болон дотор эрхтнүүдийг дагасан цус хуралт, үнхэлцэг хальсны урагдал, зүрхний баруун хсн хананд хатгагдсан шарх, цээжний хөндийн шингэн хуралдалт /900мг/ эдийн гүн дэх няцрал, дэлүүний хатгагдсан шарх, хуйх, баруун гуя, шагайд цус хуралт, дух, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.
3.Цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
4.Талийгаач нь гавал тархи, цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ.
5.Талийгаач нь 2018.06.02-ны өдрийн 22 цаг 10 минутанд хийсэн цогцосны гадна үзлэгээр нас бараад 6 цаг орчим болсон байжээ.
6.Талийгаач нь 2-р бүлгийн цустай байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх 139-142 х/,
- Шинжээчийн 7118 дугаар дүгнэлт:
1. “......ы биед цээжний баруун хөндийд хий, шингэн хуралдалт, цээжний баруун талын 4, 5, 6, 7-р хавирганы далд хугарал, сээрний 3-р нугаламын их биеийн дарагдаж шахагдсан хугарал, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар, учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх 144 х/,
- Шинжээчийн 7120 дугаар дүгнэлт:
1. “...М....ын биед гавлын суурь болон дух ясны далд хугарал, зүүн тал бөмбөлөгийн духны дэлбэнгийн тархины эдийн голомтлог няцрал, аалзан хальсны доорх голомтлог цус харвалт, зүүн талын гайморовын хөндийд урд хана, зүүн нүдний ухархайн дээд, доод, дотор, гадна хананы хугарлууд, зүүн нүдний алимны доргилт, нүүрний хэсэгт няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх 146-147 х/,
- Замын цагдаагийн Техникийн шинжээчийн 429 дугаар дүгнэлт:
1.“... Тоёота витз маркийн ...УБМ улсын дугаартай автомашины жолооч Ж.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д заасан “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, ...-д зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэх дүгнэлт /хх 130 х/
- Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх 5-7 х/
- Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-12 х
- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл “... 0,00 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо” /хх 170-172 х/
- Хохирлын баримтууд /хх 34-36, 50-72, 86-95, 111/
- Хохирол төлсөн баримтууд /2 хх 5-6 х/
- “Вендо” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх 150 х/
- Ж....ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 179 х/
- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 181 х/
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 168 х/
- Баянгол дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэргэдэх эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /2 хх 01 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгч Ж....ын хэрэг үйлдсэнээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтүүд, бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.
Ж.... нь 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 16 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Эмээлтийн “Элбэг” худалдааны төвийн урд замд “Тоёота витз” маркийн ...УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д заасан “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, ... -д зам тавьж өгнө” заалтыг зөрчсөний улмаас иргэн Д....ын жолоодон явсан “Лексүс-470” маркийн ...УНҮ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, улмаар өөрийн автомашинд зорчин явсан ..., 8 настай М.... нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Б....ийн амь насыг хохироосон болох нь:
- Хохирогч ...ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... төв замын урдаас хойшоо чиглэлтэй хөндлөн гарахаар замын нэгдүгээр эгнээнд зогсоод нэг жижиг хар машиныг өнгөрөөгөөд эсрэг урсгал руу ортол Улаанбаатар хот талаас буюу зүүнээс баруун чиглэлтэй нэг том жийп маркийн автомашин миний сууж явсан машины баруун дунд хэсэг рүү мөргөсөн. ...” гэх мэдүүлэг /хх 28-29 х /
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 16 цаг өнгөрч байхад төрсөн дүү ... над руу утсаар яриад аав, ээж, хүүхэд 3 осолд орсон байна яаралтай ир гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 76-77 х/,
- Шүүгдэгч Ж....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсонд маш их харамсаж байна. Би Замын хөдөлгөөний дүрмийн 7.1 дэх заалтыг зөрчсөн гэм буруутай. Гэм буруугаа хүлээж байна. Хүмүүсийн хохирлыг одоогийн байдлаар бүрэн барагдуулсан. Биеийн байдлыг минь харгалзаж тэнсэж өгнө үү. ...” гэх мэдүүлэг /хх 167 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
- Гэрч С....ийн “... бид нар Төв аймгийн Баянцогт орж моринд тэжээл хүргэж өгөх гээд 16 цаг 30 минутын орчим СХД-н 31 дүгээр хороо эмээлтийн замд ...УБҮ улсын дугаартай Лексус-47 маркийн автомашиныг ... бариад жолоочийн хажуу талын урд сууд дээр ... суугаад харин арын суудалд би суугаад замын 2 дугаар эгнээгээр 60 орчим км/цагийн хурдтай явж байтал хүүе гэж хашгираад л тас түс гээд явчихсан. ...” гэх мэдүүлэг /хх 112 х/,
- Гэрч Б....ын “... 16 цаг 30 минутын орчим СХД-н 31 дүгээр хороо эмээлтийн замд ...УБҮ улсын дугаартай Лексус-470 маркийн автомашиныг ... бариад жолоочийн хажуу талын урд суудал дээр би суугаад харин арын суудал дээр манай найз ... суугаад замын 2 дугаар эгнээгээр 50-60 орчим км цагийн хурдтай явж байтал замын хойд талд замлуу нэг портер маркийн машин орох гээд дохио өгөөд зогсож байсан, тэгээд л тэр машиныг хараад явж байтал замын урд тал буюу ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй цагаан өнгийн жижиг гэнэт зам хөндлөн ороод ирсэн тэгэнгүүт хүүе гэтэл л нөгөө машинтай мөргөлдөж тас түс гээд л явчихсан. ...” гэх мэдүүлэг /хх 115 х/,
- Гэрч С....ын “... зүүнээс баруун чиглэлийн урсгал руу орох гээд ... зогсож байтал ертөнцийн зүгээр замын урд талд байрлах “Шунхлай” колонкоос нэг жижиг машин гарч ирээд төв замыг урдаас хойшоо чиглэлтэй хөндлөн ороод ирсэн тэр үед зүүнээс баруун чиглэлтэй буюу Улаанбаатараас эмээлтийн чиглэлд замын 2 дугаар эгнээгээр хар саарал өнгийн Лексус-470 маркийн автомашин асар хурдтай ороод ирсэн. Тэгтэл “Витз” маркийн автомашин Лексус-470 маркийн автомашинд мөргүүлээд шидэгдэж төв замын хойд талд зогсож байсан миний машины урд хэсгийг хамаад цаашаа яваад онхолдоогүй замын хойд талд урагшаа харсан юм. ...” гэх мэдүүлэг /хх 118 х/,
- Гэрч Ё....ын “... төв замыг урдаасаа хойшоо чиглэлтэй хөндлөн гарахаар нэг жижиг хар машин Улаанбаатар хот талаас ороод ирэхээр нь жолооч зогсож өнгөрөөгөөд л ортол миний сууж явсан машины баруун дунд хэсэгрүү мөргөсөн юм. Тэгээд л сууж явсан машин шидэгдээд л замынхаа хойд талд урагшаа хараад ...мөргөсөн жип машины баруун талруу хамраараа хараад зогссон. ...” гэх мэдүүлэг /хх 124 х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 1247, 7118, 7120 дугаартай дүгнэлтүүд /хх 139-142, 144, 146-147 х/,
- Замын цагдаагийн Техникийн шинжээчийн 429 дугаар дүгнэлт:
1.“... Тоёота витз маркийн ...УБМ улсын дугаартай автомашины жолооч Ж.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д заасан “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, ...-д зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэх дүгнэлт /хх 130 х/
- Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх 5-7 х/
- Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-12 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, 1 хүний амь насыг хохироосон гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих гэдэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөнд хохирол учруулсан байхыг хэлнэ. Энэ гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирах, амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдоно. Энэ гэмт хэргийн объектив талын заавал байх шинж нь гэм буруутай этгээд болох жолоочийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл, амь нас хохирсон хор уршгийн хоорондын шалтгаант холбоо юм.
Гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл, хор уршгийн хоорондын шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой.
Ж.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д заасан “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл... -д зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж гол замаар явсан Д....ын жолоодон явсан Лексүс-470 маркийн ...УНҮ улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн шүүгдэгчийн үйлдлийн улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, нэг хүний амь насыг хохироосон хор уршиг учирсан бөгөөд шүүгдэгчийн үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой.
Ж....ын автомашин жолоодож явахдаа хийсэн дүрмийн бус үйлдэл, хохирогч ..., М.... нарын эрүүл мэндэд учирсан гэмтлийг Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар “...учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ...” гэх дүгнэлт /хх 144, 146-147 х/, “ ... Талийгаач нь гавал тархи, цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 139-142 х/ зэргээр уг гэмт хэргийн объектив талын шинжүүд хангагдсан.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.
Хохирогч ... эмчилгээний зардалд баримтаар 626,737 төгрөг /хх 33-36 х/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.... талийгаачийн оршуулгын зардалд 8,869,990 төгрөг /хх 49-72 х/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.... нь М....ын эмчилгээний зардалд баримтаар 1,977,839 төгрөг /хх 85-95 х/, иргэний нэхэмжлэгч Т.Нүргүль нь 36-43 ТӨА улсын дугаартай “Хюндай портер” маркийн автомашины эвдрэлд 974,500 төгрөг /хх 149-151 х/, иргэний нэхэмжлэгч Д.... нь ...УБҮ улсын дугаартай Лексус-470 маркийн автомашины эвдрэлд 5,821,000 төгрөг /хх 111, 154-155 х/ тус тус нэхэмжилсэн нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байгаа.
Дээрх хохирлуудаас амь хохирогч Б....ийн хууль ёсны төлөөлөгч Б.... 7,000,000 төгрөгийг авсан болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.... эмчилгээний зардлын 2,020,339 төгрөгийг авсан болох нь түүний мэдүүлэг, бичгээр гаргасан баримтаар, иргэний нэхэмжлэгч Т.Нургүль, Д.... нар хохирлоо авсан болох нь тэдгээрийн бичгээр өгсөн баримтуудаар тус тус нотлогдож байгаа, харин хохирогч Б....ы эмчилгээний зардлын 626,737 төгрөг, амь хохирогчийн оршуулгын зардлын зөрүү 2,846,990 төгрөгийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар төлсөн гэх боловч энэ талаар бичгийн нотлох баримт гаргаж ирүүлээгүй учраас дээрх хохирлуудыг төлсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.
Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, Ж....ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, шүүгдэгч хувийн байдлын хувьд өвчний улмаас групп /2 хх 01 х/-т байдаг, гэмт хэргийн улмаас учруулсан зарим хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуульд заасан нөхцөл байдлыг хангаж байгаа боловч, хохирол төлөхөөр шүүхээс завсарлага авсан хугацаанд зарим хохирогч нарын хохирлыг бүрэн төлөөгүй, мөн уг гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирсон хор уршигт хүргэсэн зэргийг харгалзан шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын гаргасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх саналыг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзээд шүүгдэгчид 03 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял, 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн болно.
Хэрэгт шүүгдэгчийн хувийн бичиг баримт шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй зэргийг шийтгэх тогтоолд дурьдаж, шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулсан тул түүний жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн.
Хэрэгт Ж....ын өмчлөлд бүртгэлтэй Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг, Гэгээн шавь 6 дугаар гудамж 49 тоот 108 метр квадрат хувийн сууц /Y-0320001998/-г битүүмжилсэн байгаа боловч шүүгдэгч хохирлын дийлэнхийг нөхөн төлсөн, үлдсэн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Мянган овогт ...гийн ...ыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ж....ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Ж....ын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ж....ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолсугай.
5.Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д заасныг баримтлан Ж....оос 626,737 төгрөг гаргуулж Баянхонгор аймгийн Өлзийт сум 2 дугаар багт оршин суух ВП61040310 регистрийн дугаартай ...д, 2,846,990 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Баянхонгор аймгийн Өлзийт сум 1 дүгээр баг 84-9 тоотод оршин суух ВП85083007 регистрийн дугаартай Б....т тус тус олгосугай.
6.Ж....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б...., иргэний нэхэмжлэгч Д...., Т.Нургүль нарын хохирол төлөгдсөн болохыг тус тус дурьдсугай.
7.Хэрэгт хураагдан ирсэн 1077798 дугаартай В ангиллын Ж....ын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт шилжүүлж, Ж....ын өмчлөлд бүртгэлтэй Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг, Гэгээн шавь 6 дугаар гудамж 49 тоот 108 метр квадрат хувийн сууц /Y-0320001998/ битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж....-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ