Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01356

 

 

......ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч М.Баясгалан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2022/01246 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ......ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч .....-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 124,530,402 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Очбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

......ХХК нь .....-тай 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Түлш худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулсан. .....- нь дизель түлшийг 1 литр нь 2,100 төгрөгөөр нийлүүлэх, ......ХХК-ийн төлбөрийг 70 хувьд нь бартер, 30 хувьд нь бэлэн мөнгөөр төлөхөөр тохиролцсон. Манай компани түлш худалдах, худалдан авах гэрээний үүрэгт Баянгол дүүрэгт байрлах Эрин хороолол-ын арын орон сууцны 2 дугаар орцны 5 давхрын 9 тоот 44,47 м.кв талбай 2 өрөө орон сууцыг 95,000,000 төгрөгт тооцон 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээлгэн өгсөн. Мөн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат 21 байрны 3 давхрын 2 өрөө орон сууцыг 95,000,000 төгрөгт тооцон 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээлгэн өгсөн. 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 4,800,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 5-ны өдөр 4,000,000 төгрөг нийт 8,800,000 төгрөг шилжүүлж, нийт 198,990,200 төгрөгийн үнэ бүхий түлш захиалсан. Гэтэл .....- 197,340,000 төгрөгийн түлш нийлүүлж 1,650,200 төгрөгийн түлш дутуу нийлүүлсэн тул уг мөнгийг гаргуулна.

Мөн манай компани .....-тай 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөх Цемент худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Тус гэрээний нийт үнийн дүн 356,906,250 төгрөг бөгөөд төлбөрийн 60 хувийг бэлэн мөнгөөр, 40 хувийг бартераар төлөхөөр тохиролцсон. .....-гийн хүсэлтээр цементийн төлбөрт Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Астра вилла хотхоны 2 давхар 9 тоот 60,75 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 142,762,500 төгрөгт тооцож 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгсөн. Мөн цементийн үнэд 149,200,000 төгрөг, нийт 291,962,500 төгрөгийн төлбөр төлсөн. Гэтэл .....- 194,824,000 төгрөгийн цемент нийлүүлж, үлдэгдэл 97,138,500 төгрөгийн цементийг нийлүүлээгүй. Талууд хооронд байгуулсан гэрээний 8.1-т талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиололд хугацаа хэтрүүлсэн алданги төлөхөөр заасны дагуу 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүтэл 530 хоногийн 25,741,702 төгрөг, нийт 124,530,402 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбар, татгалзлал гаргаагүй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч .....-гаас 124,530,402 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ......ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 813,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч .....-гаас 780,602 төгрөгийг, улсын орлогоос 33,098 төгрөгийг гаргуулж ......ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. .....- нь 198,990,200 төгрөгийн түлш нийлүүлэхээс 197,340,000 төгрөгийн түлш нийлүүлж 1,650,200 төгрөгийн түлш нийлүүлээгүй болох нь харилцагчийн тооцооны баримт, мөнгөн шилжүүлгийн баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна гэж дүгнэсэн. 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 20/02 дугаар түлш худалдах, худалдан авах гэрээний 2.1-т төлбөрийн 70 хувийг бартераар, 30 хувийг бэлэн мөнгөөр өгөхөөр тохирсон. ......ХХК түлшний төлбөрт Баянгол дүүрэгт байрлах, Эрин хорооллын арын орон сууцны 2 дугаар орцны 5 давхарын 9 тоот, 44.47 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 95,000,000 төгрөгт тооцож өгсөн гэж тайлбарласан. Гэтэл орон сууцны өмчлөгчөөр А.Мөнх-Эрдэнэ бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр тогтоогдсон. Мөн тус байрны түлхүүрийг менежер Т.Отгонцэцэгт хүлээлгэн өгсөн. Мөн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат 21 байрны 3 давхрын 2 өрөө орон сууцыг 95,000,000 төгрөгт тооцон хүлээлгэж өгсөн боловч хэрэгт авагдсан баримтаар тус байрны өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй бөгөөд .....-д өгсөн баримтгүй.

Түүнчлэн, түлш худалдах, худалдан авах гэрээний дагуу 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 4,800,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 4,000,000 төгрөг нийт 8,800,000 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарладаг боловч хэрэгт авагдсан шилжүүлгийн баримтаар Н.Есүй рүү 4,000,000 төгрөг шилжүүлсэн. Авзага мээрэн" ХХК-аас 198,990,200 төгрөгийн түлш захиалсан бөгөөд түлшний мөнгө 198,990,200 төгрөгийг төлсөн гэж тайлбарладаг боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоохгүй бөгөөд бартерт хоёр ширхэг орон сууц нь .....-гийн өмчлөлд шилжсэн нь тогтоогдоогүй.

Талууд 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн цемент худалдах, худалдан авах гэрээний үүрэг 194,824,000 төгрөгийн цемент нийлүүлснээс 97,138,500 төгрөг, мөн гэрээний 8.1-т талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиолцсон алданги 25,741,702 төгрөг, нийт 122,880,202 төгрөгийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн. Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн цемент худалдах, худалдан авах гэрээнд зааснаар нийлүүлэгч нь монцементийн цементийг нийлүүлнэ гэж заасан байх боловч хэрэгт авагдсан Гүүрэн жингийн баримтууд, зарлагын падануудаас үзвэл цементийг хүлээн авсан газар нь ......ХХК биш харин Ононгийн шугуй ХХК байдаг. Мөн уг баримтуудад ......ХХК, .....- нарын аль алиных нь гарын үсэг, мэдээлэл байдаггүй. Иймд уг гүүрэн жингийн баримтууд, зарлагын баримтыг үндэслэн .....-г 198,990,220 төгрөг нийлүүлэхээс 197,340,000 төгрөгний түлш нийлүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй. Мөн талууд огт тооцоо нийлүүлээгүй бөгөөд нэхэмжлэгч компанийн нягтлан бодогчийн гаргасан тооцооны хуудсаар талуудыг тооцоо нийлсэн гэж үзэхгүй. Цемент худалдах, худалдан авах гэрээний дагуу цементийн төлбөрт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Астра вилла хотхоны 9 тоот, 60,75 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг 142,765,500 төгрөгт тооцон хүлээлгэж өгсөн боловч үл хөдпөх эд хөрөнгийн арилжааны гэрээг нэг талаас Г.Чимэдцэрэн, нөгөө талаас Н.Бөртэ нар байгуулсан. Түүнчлэн, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Астра вилла хотхоны 9 тоот, 60,75 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр Г.Чимэдцэрэн бүртгэгдсэн. Өөрөөр хэлбэл, уг орон сууц хариуцагчид шилжсэн эсэх, уг байрыг цементийн төлбөрт 142,765,500 төгрөгт тооцож авсан эсэх нь тодорхойгүй байна. Түүнчлэн, цементийн төлбөрт 149,200,000 төгрөгийг шилжүүлсэн гэх боловч хэрэгт авагдсан шилжүүлгийн баримтаар .....-д 113,000,000 төгрөг л шилжүүлсэн. Харин Н.Бөртэ болон А.Мөнх-Эрдэнэнд мөнгөн хөрөнгө шилжүүлснийг .....-д шилжүүлсэн гэж үзэхгүй.

.....- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүйн улмаас О.Чингүнжаваас хууль зүйн туслалцаа авахаар тохиролцож 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэл олгосон. Гэтэл О.Чингүнжав тайлбар гаргаагүй байсан. Хэдийгээр шүүх хэргийн оролцогчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн ч хэргийн үйл баримт тодорхойгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй, тогтоогдохгүй, эргэлзээ бүхий баримтууд авагдсан байхад нэхэмжлэлийн шаардпагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Шүүх .....-г тайлбар өгөхийг удаа дараа шаардсан. Мөн шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулсан. Гэтэл анхан шатны шүүхэд тайлбар гаргаагүй, шүүхийн үйл ажиллагаанд зориуд саад учруулсан. .....-гийн санал болгосны дагуу орон сууцны гэрчилгээг шилжүүлэн өгсөн. .....- компанийн холбогдох ажилтны нэр дээр гаргуулах, эсхүл цааш худалдан борлуулснаар гуравдагч этгээдийн нэр шууд шилжүүлсэн.

.....- нь 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн түлш худалдах, хүдалдан авах тухай 20/02 дугаартай гэрээ болон 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 20/06 тоот цемент худалдах, худалдан авах гэрээг байгуулж үл хөдлөх хөрөнгүүдийг шилжүүлж авахдаа менежер Т.Отгонцэцэгийн хамт ирсэн бөгөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулахгүй өөрийн ажилтан эсхүл охиныхоо нэр дээр гаргуулна гэсний дагуу манай зүгээс тус санал болгосон иргэний нэр дээр шилжүүлж өгсөн. Манай зүгээс .....-гийн ар гэрийн асуудлыг хүндэтгэн үзэж 2022 оныг хүртэл хүлээцтэй хандсан.

Мөн цемент нийлүүлсэн тухай гүүрэн жингийн баримтууд, зарлагын падаанууд хүлээн авагч нь Орхоны шугуй ХХК гэх талаар дурдсан байна. Манай компани .....-тай цемент нийлүүлэх гэрээтэй хэдий ч Орхоны шугуй ХХК-ийн төлбөрт цемент нийлүүлэх байсан тул .....-гаас нийлүүлсэн цементийг тус компанид шууд нийлүүлсэн. Энэ нь .....-гаас нийлүүлсэн цементийг манай компани цааш хэрхэн худалдан борлуулах, зарцуулах нь .....-д хамааралгүй болно.

.....- ...давхар ажил хийдэг болохоор өөрийн дансаар гүйлгээ хийж бэлэн мөнгийг авах боломжгүй байна харин охиныхоо дансаар авъя... гэж Н.Бөртэ, Н.Есүй нарын дансаар дамжуулж авсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, шүүх хэрэг авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг тус тус зөрчөөгүй байна.

 

1.    Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар

 

1.а. Нэхэмжлэгч ......ХХК нь хариуцагч .....-д холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Түлш худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,650,200 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Цемент худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 97,138,500 төгрөг, алданги 25,741,702 төгрөг, нийт 124,530,402 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.

 

1.б. Талуудын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Түлш худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, нийлүүлэгч .....- нь Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Алтан тариа гудамж Бест бетон зуурмагийн үйлдвэрт түлшийг нийлүүлэх, худалдан авагч ......ХХК нь 1 литр түлшийг 2,100 төгрөгөөр тооцож төлбөрийн 70 хувийг бартераар, 30 хувийг бэлэн мөнгөөр төлөхөөр,

Мөн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Цемент худалдах, худалдан авах гэрээгээр нийлүүлэгч .....- нь MNS974:2008 ASTM стдандарт хангасан 42,5 маркийн Монцемент-ийн цеметийг худалдан авагч ......ХХК-д нийлүүлэх, худалдан авагч нь 1 тонн цементийн үнийг 210,000 төгрөгөөр тооцож төлбөрийн 40 хувийг бартераар, 60 хувийг бэлэн мөнгөөр төлөхөөр тус тус тохиролцсон байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. (хх-ийн 11-12, 52-53)

 

1.в. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Нэхэмжлэгч ......ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Түлш худалдах, худалдан авах гэрээний үүрэгт Баянгол дүүрэгт байрлах Эрин хорооллын арын орон сууцны 2 дугаар орцны 5 давхрын 9 тоот 44,47 м.кв талбай 2 өрөө орон сууцыг, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат 21 байрны 3 давхрын 2 өрөө орон сууцыг тус тус хүлээлгэн өгсөн ба 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 4,800,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 4,000,000 төгрөг, нийт 8,800,000 төгрөгийг шилжүүлж нийт 198,990,200 төгрөгийн үнэ бүхий түлш захиалсан боловч хариуцагч .....- 197,340,000 төгрөгийн түлш нийлүүлж 1,650,200 төгрөгийн түлш нийлүүлээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар, түүнд хавсаргасан орон сууцны түлхүүр хүлээлцсэн акт, түлш авсан орлогын баримт, ХААН банк ХХК-ийн шилжүүлгийн мэдээлэл зэрэг нотлох баримтуудыг хариуцагч үгүйсгэсэн тайлбар, нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ......ХХК нь түлш худалдах, худалдан авах гэрээний үүрэг илүү төлсөн 1,650,200 төгрөгийг хариуцагч .....-гоос буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.

 

1.г. Нэхэмжлэгч ......ХХК нь хариуцагч .....-тай байгуулсан Цемент худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч .....-гаас 291,962,500 төгрөгийн үнэ бүхий цемент худалдан авахаар Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан (17020), Дүнжингарав гудамж, 207 байр, 9 тоот орон сууцыг 142,762,500 төгрөгт тооцож шилжүүлсэн, мөн 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл нийт 149,200,000 төгрөг шилжүүлсэн ба худалдагч .....- нь 194,824,000 төгрөгийн цемент нийлүүлж 97,138,500 төгрөгийн цемент дутуу нийлүүлсэн гэсэн нэхэмжлэгчийн тайлбар, түүнд хавсаргасан Үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээ, Монцемент билдинг материалс ХХК-ийн гүүрэн жингийн болон зарлагын баримтууд, ХААН банк ХХК-ийн шилжүүлгийн мэдээлэл зэрэг нотлох баримт гаргасныг хариуцагч баримтаар үгүйсгэж маргаагүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Цемент худалдах, худалдан авах гэрээний үнэд илүү төлсөн 97,138,500 төгрөгийг хариуцагч .....-гоос буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.

 

1.д. Талууд Цемент худалдах, худалдан авах гэрээний 8.1-т Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,05 хувьтай тэнцэх алдангийг нөгөө талдаа төлнө. Алдангийг тухайн төлбөр төлөх ёстой өдрийн маргааш өдрөөс эхлэн тооцно гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр хийх шаардлагад нийцсэн тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги 25,741,702 төгрөгийг шаардах эрхтэй байна. Иймд анхан шатны шүүх хариуцагч .....-гоос түлш болон цемент худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 124,530,402 төгрөг гаргуулсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

2. Хариуцагчийн давж заалдах гомдлын талаар.

2.а. Хариуцагч .....-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Чингүнжавт 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгч тэрээр гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан байна. (хх-ийн 62, 63)

 

Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Чингүнжав нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Чингүнжав нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа гаргаж өгөөгүй ба анхан шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны товыг түүнд 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцжээ. Анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй тул хариуцагчийн ...шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн... гэх гомдол үндэслэлгүй.

 

2.б.Нөгөө талаар ХААН банк ХХК-ийн шилжүүлгийн мэдээлэлд гүйлгээний утга нь Nora tulsh avzaga meeren.s, avzaga meeren Nora tsement, avzaga meeren Nora tulsh 3 tonn, Nora tsement гэсэн гүйлгээний утгаар Наранцацралт Бөртэ, Амгалан Мөнх-Эрдэнэ, Наранцацрал Есүй зэрэг данс эзэмшигчид төлбөр шилжүүлсэн баримт авагдсан байх тул нэхэмжлэлд дурдсан орон сууц, мөнгийг Норад шилжүүлсэн баримт байхгүй гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй

 

2.в. Үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээнд 685 тн цементийн төлбөрт шилжүүлсэн талаар, түлхүүр хүлээлцсэн актад түлш нийлүүлэх гэрээний дагуу орон сууцны түлхүүр хүлээлцсэн болохыг тус тус дурдсан, уг арилжааны гэрээ байгуулсан Н.Бөртэд нэхэмжлэгчээс avzaga meeren hhk, Nora tsement гэсэн утгаар 10,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлж байсан тул Н.Бөртэ болон А.Мөнх-Эрдэнэд мөнгөн хөрөнгө шилжүүлснийг .....-д шилжүүлсэн гэж үзэхгүй, .....- орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж аваагүй гэсэн гомдол мөн үндэслэлгүй байна.

 

2.г.Үүнээс гадна хариуцагчийн заасан этгээдэд төлбөрийг шилжүүлж үүргээ биелүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч эсэргүүцсэн тайлбар гаргаагүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт нийцэх тул нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй, хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй гэсэн хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2022/01246 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 780,603 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Н.БАТЗОРИГ