Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 05 өдөр

Дугаар  2026/ДШМ/20   

 

 

 

 

 

 

2026            3            05                                                    2026/ДШМ/20    

 

С.Р-дхолбогдох эрүүгийн

                                                  хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч А.Цэрэнханд, Д.Мөнхбүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Ууганцэцэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа /цахимаар/,

Шүүгдэгч С.Р, түүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан,

................анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн .........дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Р, түүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч С.Р-дхолбогдох 2334001510292 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхбүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1................., 19..... оны 6 дугаар сарын 06-ны өдөр .............. суманд төрсөн, ........... настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 3, аав, ээжийн хамт ............... багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ............. дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20........ оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ............. дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан (РД:...............).

2.Шүүгдэгч С.Р нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хонда фит маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаap багийн нутаг "Хар хошуу" гэх газарт Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг явах чиглэлийн хатуу хучилттай авто зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалт " Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчиж Тоёота Карина маркийн ................улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарган иргэн Т.Нэрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Ч.Намь нас хохирсон гэмт хэрэгт холбогдсон. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          3.Төв аймгийн прокурорын газраас С.Ргийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

          4.Анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Р “замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ................г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч С.Р энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу ........... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ............ дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 204 /хоёр зуун дөрөв/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож нийт 25 /хорин тав/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 25 /хорин тав/ хоногийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Р оногдуулсан 3 /гурав/ жил 25 /хорин тав/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ргийн цагдан хоригдсон 228 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,  

Эрүүгийн 2334001510292 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг хураагдаж ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгчээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Чболон хохирогч Т.Ннар нь энэ хэрэгтэй холбоотой гарсан сэтгэл санааны хохирол болон эмчилгээний зардал, бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Р-доногдуулсан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг мэдэгдэж,

Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  ................д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолж,

Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж  шийдвэрлэжээ.

 5.Шүүгдэгч С.Р давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гарсанд маш их харамсан гэмшиж байна. Би энэ хэрэгт холбогдсоноос хойш эхнэрээсээ салсан, өндөр настай аав, ээж надад санаа зовж эрүүл мэнд нь хохирсон. Ар гэрийн болон миний хувийн байдлыг харгалзан үзэж хорих ялаас хөнгөрүүлэн багасгаж өгнө үү. 261 хоног цагдан хоригдох хугацаандаа алдаагаа ойлгож ухаарсан. Цаашид гэм буруугаа ухамсарлаж алдаагаа ахин давтахгүй амьдарна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол бүрэн төлсөн тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү. Мөн шийтгэх тогтоолд миний урьд цагдан хоригдсон 261 хоногийг 228 хоног гэж буруу тооцсоныг зөвтгөж өгнө үү...” гэв.

          6.Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн .........дугаар шийтгэх тогтоолтой танилцаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.12, мөн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдлыг гаргаж байна.

          Эрүүгийн 2334001510292 дугаартай хэрэгт анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг З/гурав/ жилийн хугацаагаар хасаж 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж өмнөх ял дээр шийтгэх тогтоолоор 25 хоногийн хорих ялыг нэмж нийт 3 жил 25 хоногийн хугацаагаар тооцож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Р нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ргийн цагдан хоригдсон 263 хоногийг 228 хоногоор тооцож хорих ялд оруулж тооцсон байна.

          Өмгөөлөгч миний хувьд эрүүгийн хариуцлага дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн ялын дүгнэлтийг гаргасан боловч анхан шатны шүүх шүүгдэгч С.Р-дэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн атлаа шүүгдэгч С.Рг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн байна.

          Шүүгдэгч С.Р нь учруулсан хохирлыг төлсөн нь түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг хангасан гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

7.Прокурор Э.Ууганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмнө нь шүүгдэгч С.Р  нь 07 дугаар шийтгэх тогтоолоор 150 хоног цагдан хоригдсон. Мөн 1463 дугаар тогтоолоор 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 128 цагийг гүйцэтгээд, үлдэх 8 цагийг 1 хоногоор тооцож 12 хоног цагдан хоригдсон. Иймд 150 хоног дээр 12 хоногийг нэмбэл нийт 162 хоног цагдан хоригдсон байна. Сүүлийн шийтгэх тогтоолоор 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл нийт 111 хоног цагдан хоригдсон. Үүнийг 112, 113 хоног гэж тодруулсан боловч бодит тооцооллоор 111 хоног байна. Иймд дээрх 2 хугацааг нэмж тооцвол нийт 261 хоног болж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар техникийн алдаа гарч, 33 хоногийн зөрүү үүссэн байна. Энэ зөрүүг шүүхийн шатанд залруулж болно. Харин анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жилийн хорих ялыг хэвээр үлдээх саналтай байна. Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх асуудлын талаар тайлбарлахад, энэ хэрэг нь 2023 оны 02 дугаар сард үйлдэгдсэн бөгөөд 2025 онд шийдвэрлэгдсэн, нийт 2 жилийн хугацаанд шалгагдсан хэрэг юм. Энэ хугацаанд шүүгдэгч нь анхнаасаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч явсан уу гэвэл улсын яллагчийн зүгээс үгүй гэж хариулмаар байна. Анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирлыг мөн сүүлд нөхөн төлсөн нөхцөл байдал байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд болон өмнөх шүүх хуралдаанууд дээр амь хохирогчийн ар гэрийн өөдөөс хараад шүүгдэгчийн зүгээс “би тэр хохирлыг төлж чадахгүй” гэж, түүнийг төлөхийн тулд дэмжиж байгаа сэтгэл байхгүй, хүний ёс зүйд нийцэхгүй хандлага илэрхийлсэн. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөх тухай ойлголтыг хууль тогтоогчдын зүгээс “гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, өөрийн үйлдлийн хор уршиг, үр дагаврыг ухамсарласан этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хүсэл зоригийн эерэг илэрхийлэл” гэж тайлбарласан байдаг. Энэ тохиолдолд С.Рг анхнаасаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч явсан гэж үзэх боломжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн хүнд шударгаар ял оногдуулахад оршино. Энэ хэрэгт хүний амь нас хохирсон бөгөөд хэдийгээр мөнгөн хэлбэрээр хохирлын төлбөр өгсөн байлаа ч амь хохирогчийн ар гэрт учирсан сэтгэл санааны хохирол нөхөгдөх боломжгүй. Амь хохирогчийн нөхөр .........хувьд уг сэтгэл санааны хохирол хэзээ ч бүрэн арилахгүй. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч С.Р д оногдуулсан 3 жилийн хорих ялыг тохирсон гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

8.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Энэ хэрэг давж заалдах шатны шүүхээр 3 дахь удаагаа хэлэлцэгдэж байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн асуудлаар огт маргадаггүй мэтээр тайлбарлаж байна. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо аль, аль нь гэм буруугийн асуудлаар маргадаг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид зохих ёсоор гэмшиж, уучлал хүссэн байдлаа илэрхийлэхгүй явсаар өнөөдөр 3 дахь жилдээ хүрлээ. Гэтэл өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулгаас харахад шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой гэсэн байдлаар тайлбарлаж байна. Анхан шатны шүүх гэм буруугийн асуудлаар үндэслэлтэй, зөв дүгнэлт хийсэн. Мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй. Шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь гэм буруу болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй, зөв шийдвэр болсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Уг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Амь хохирогчийн ар гэрийнхэн өнөөдрийг хүртэл гомдолтой байгаагаа илэрхийлсээр байгаа. Энэ тохиолдолд зөвхөн хохирлоо нөхөн төлсөн гэх үндэслэлээр хорих ял оногдуулахгүйгээр өөр төрлийн ял оногдуулах хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Р-дхолбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч С.Р, түүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан нарын давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзээд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

  1. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх, шүүгч хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоох ба шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийснээр шүүхээс гарч буй шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болно.

 

  1. Шүүгдэгч С.Р-дхолбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж зөрчсөн зүйлгүй, шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэхэд нотлох баримтын хүртээмжтэй байдал хангалттай бүрдсэн, үнэлэх боломжтой байна.

 

          3.Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан үзвэл, шүүгдэгч С.Р нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хонда фит маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаap багийн нутаг "Хар хошуу" гэх газарт Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг явах чиглэлийн хатуу хучилттай авто зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалт "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчиж Тоёота Карина маркийн ................улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас Т.Н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Ч.Намь нас хохирсон үйл баримт нь эрүүгийн 2334001510292 дугаартай хэрэгт авагдсан:

-амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч .........“...Увс аймгийн Баруун-Түрүүн сумаас 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүргэн ах Ч.Ц-ийн хамт миний өөрийн эзэмшлийн /нэр шилжүүлж аваагүй байгаа/ ................улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гарсан. Замдаа машин эвдрээд 1 өдөр саатсан тэгээд өнөөдөр өглөө үүрээр Өвөрхангай аймгийн Элсэн тасархай ороод миний нойр хүрээд би хүргэн ахдаа өөрийнхөө жолоог шилжүүлээд би өөрөө арын суудалд суугаад унтаад явж байсан. Гэтэл нэг мэдэхэд түс, тас болоод дуу чимээ болоод явчихсан, сандраад сэрээд харахад осол болчихсон урд суудалд сууж явсан манай эхнэр хаалганд хавчуулагдсан байсан бөгөөд тухайн үедээ амьсгаатай байсан.  Тэгээд хүргэн ах бид 2 талийгаач эхнэрийгээ хавчуулсан газраас гаргах гэж нэлээд ноцолдсон замын том тэрэгнүүдээс ломбо болон бусад багаж авч хөшиж онгойлгосон, эмнэлэг болон цагдаад манай хүргэн ах дуудлага өгсөн. Би яг осол болоход арын суудал дээр унтаад явж байсан болохоор яагаад осол болсныг харж чадаагүй. Ослын дараа хүргэн ахаасаа юу болов гэж асуухад өөдөөс машин урсгал сөрөөд хурдтай орж ирээд мөргөчихлөө гэж хэлсэн. Тухайн машин нь Хонда Пит маркийн мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгсэл байсан. Засмал замын хойд хэсэгт 4 дугуй нь дээшээ харчихсан байсан. Манай машинд талийгаач эхнэр болон хүргэн ах бид 3 явсан. Бид нар замдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Ослын дараа буугаад харахад осол яг манай явж байсан талын эгнээ дээр мөргөлдсөн юм шиг хамаг хагархайнууд нь манай эгнээ дээр цацарчихсан байсан. Манай талийгаачийн хувьд архаг хууч өвчин байгаагүй. Эрүүл мэндийн хувьд эрүүл зүгээр хүн байсан... /хх-ийн 29-30/ гэх,

-хохирогч Т.Н“...Би 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр орой 01:00 цагийн үед Улаанбаатар хотоос Увс аймаг руу нөхөр, төрсөн дүү Б, Б-ийн найз охин Буянзаяа, эмэгтэй дүүгийн найз залуу Р-тэй хамт түүний тоёота фит маркийн автомашинтай Төв аймгийн нутаг дэвсгэрт явж байсан. Бид нар машиндаа 5-уулаа явж байсан, бид нарыг замд явж байхад урдаас ирж явсан машин цагаан зураас даваад миний талаас чанх урдаас мөргөсөн...Жолооч архи уугаагүй байсан. Р 80 км цагийн хурдтай явж байсан. Гомдол санал байхгүй... /хх-ийн 38/ гэх,

-иргэний нэхэмжлэгч Д.М“................... улсын дугаартай машиныг Сийн Р гэдэг хүн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр манай компаниас 5,000,000 төгрөгийн зээл 3.2 хувийн хүүтэйгээр авч тээрийн хэрэгслийн нэр манай компани дээр бүтгэгдэж, С.Р нь тээврийн хэрэгслийг ашиглаж, хуваарийн дагуу зээлийн төлөлтийг хийж байсан. Одоо хүүтэйгээ нийлээд 5,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөр 5,000,000 төгрөгийг нэхэмжилнэ... /хх-ийн 167-168/ гэх,

-гэрч Б.Б-ын “...манай эхнэрийн дүү Батхүүгийн найз Ргийн эзэмшлийн ................ Улсын дугаартай тоёота фит маркийн тээврийн хэрэгсэлтэй шөнийн 01:30 минутын үед Улаанбаатар хотоос Увс аймаг руу хөдөлсөн. Машин дотор манай эхнэр Нэргүй, охин Энхмэнд, эхнэрийн дүү Батхүү, Батхүүгийн найзууд болох Р, Буянзаяа бид зургуулаа Улаанбаатар хотоос 200 гаруй км явж байгаад үүрээр 05:00 цаг өнгөрч байхад урдаас цагаан өнгийн гэрэлтэй машин цагаан зураас даваад машины урдаас мөргөсөн. Тэгээд юу болсныг сайн мэдэхгүй байна би ухаан алдаад сэрсэн чинь манай машин бүтэн эргэсэн байдалтай замын хажууд байсан...Надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй... /хх-ийн 43-44/ гэх,

-гэрч Ч.Ц-ийн “...Анх гарснаасаа хойш манай хүргэн талийгаачийн нөхөр П.Чинзориг машин барьж явсан яваад Өвөрхангай аймгийн Элсэн Тасархай хүрээд өнөөдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 17-ны өглөө үүрээр надад нойр хүрч байна гэж хэлээд өгсөн. Тэгээд би элсэн тасархайгаас нааш машиныг нь бариад Төв аймгийн Эрдэнэсант сум орохын наахан талд явж байхад өөдөөс хурдтай жижиг суудлын тэрэг урсгал сөрж орж ирээд мөргөсөн................... улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Хондо Пит маркийн тээврийн хэрэгсэл байсан. Тэр машин намайг мөргөөд өөрөө засмал замын хойд хэсэгт 4 дугуй нь дээшээ хараад зогссон, харин би засмал замын урд талын оюроон хөвөө хэсэгт хойшоо хараад зогссон. Би осол болох үед ойролцоогоор 50-50 км/цаг хурдтай явж байсан бөгөөд харин тэр машин бол нэлээд хурдтай явсан болохоор манай машиныг хойш нь түрээд замаас гаргах шахсан, ослын улмаас би жолоочийн хүрдээ цээжээрээ мөргөсөн гэхдээ биед гэмтэл гайгүй байна...Осол болох үед бид 2-ын тээврийн хэрэгсэлтэй өөр тээврийн хэрэгсэл зөрж хэн нэгэн нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээгүй, өөр машин, тээврийн хэрэгсэлд шахагдаагүй болно. Гадна бол гэгээ тусаагүй, хар бүрий болсон байсан. Машинууд бүгд гэрлээ асаалттай замын хөдөлгөөнд оролцож байсан. Цаг агаар бол тогтуун, замын хувьд эвдрэл гэмтэл, халтиргаа гулгаа байхгүй байсан...Ослын улмаас төрсөн дүүгээ алдсандаа харамсаж байна... /хх-ийн 46-47/ гэх,

-гэрч Б.Б-ийн “...би 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотоос танил ах Сийн Ртэй хамт түүний ................ улсын дугаартай хандо пит маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Тухайн үед жолоочоор С.Р, жолоочийн эсрэг талын урд суудалд Нэргүй, хойд суудалд Нэргүйн нөхөр Буянтогтох, мөн өвөр дээрээ хүүхэдтэйгээ сууж байсан. Бас манай найз залуу Тогтохын Батхүү бид нар явсан. Дээрх зам тээврийн осол болох үед би унтах байсан болохоор яагаад осол болсныг бол сайн мэдэхгүй байна...Р архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан... /хх-ийн 49/ гэх,

-гэрч Т.Б-ийн “...Улаанбаатар хотод ажил хийх гэж орж ирчхээд цагаан сараар буцаад гэрлүүгээ явахаар найз Ртэй хамт түүний шинээр худалдаж авсан Хонда пит маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй жолоочоор нь Сийн Р явсан. Р, би манай хүргэн ах Батболдын Буянтогтох, төрсөн эгч Тогтохын Нэргүй, найз охин Баатарсүрэнгийн Буянзаяа бид нар явсан...Яг осол болох үед би унтаж явсан болохоор яагаад осол болсон талаар мэдэхгүй байна... /хх-ийн 51/ гэх мэдүүлгүүд,

-шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 31 дугаартай “...Амь хохирогч Ч.Нцогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр зүрхний баруун ховдлын өмнөд хананы хагарал, элэгний баруун дэлбэнгийн өмнөд гадаргын язрал, өвчүү ясны дээд хэсгийн хөндлөн чиглэлтэй шугаман хугарал, зүүн II-VII хавиргануудын зөрөөтэй хугарал, баруун IV-VII хавиргануудын зөрөөгүй хугарал, баруун шууны доод хэсгийн далд зөрөөтэй хугарал, баруун шууны доод хэсгийн зөөлөн эдийн няцарсан шарх, дотуур цус алдалт /цээжний хөндий дэх 2250 мл орчим шингэн цус/, үнхэлцэг хальсны урд дотор гадаргын цус хуралт, өвчүүний хугарлын түвшин дэх цус хуралт, баруун шууны зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт, баруун болон зүүн шилбэний зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо...Амь хохирогч нь цээж, хэвлийн хөндийн хавсарсан гэмтлийн улмаас зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ...” /хх-ийн 56-60/ гэх,

-шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 02/203 дугаартай “...Т.Нбиед баруун, зүүн шаант яс, зүүн тахилзуур ясны хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хх-ийн 70-71/ гэх,

-шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 02/202 дугаартай “...Б.Б-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 72/ гэх,

-шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 175 дугаартай “...С.Ргийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” /хх-ийн 74-75/ гэх,

-шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 105 дугаартай “............биед гэмтэл тогтоогдсонгүй...” /хх-ийн 77-78/ гэх,

-шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 106 дугаартай “...Т.Б-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” /хх-ийн 80-81/ гэх,

-шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 104 дугаартай “...Ч.Ц-ийн биед хамрын нурууны зөөлөн эдийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” /хх-ийн 83-34/ гэх,

-шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 4760 дугаартай “...Б.Б-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх /хх-ийн 86-87/ гэх,

-эрх бүхий албан тушаалтны 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ..Шинжилгээний үр дүн, тогтоогдсон нөхцөл байдлын талаар: Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Тоёота карина маркийн ................улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ........... нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байх үндэслэлтэй гэж үзэв. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Хонда Пит маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С овогтой Р нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэв. Хонда Пит маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С овогтой Р нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал зөрөхийг хориглоно гэх заалт зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэв. Хэрэгт авагдсан чотлох баримтаас үзэхэд зам тээврийн осол болоход тухайн замын нөхцөл байдлыг асфальт, шулуун тэгш, өгсүүр, хуурай, суурингийн гаднах, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэггүй, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, 2 эгнээ, явган хүний замгүй, хайсгүй, хашлагагүй гэсэн байх бөгөөд бусад хүн мал, амьтан нөлөөлөөгүй байх үндэслэлтэй гэж үзэв. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Хонда Пит маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С овогтой Р нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэх заалт зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй гэж үзэв. Тоёота карина маркийн ................улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Чүлтэмийн Цэрэвсүрэн 2021 оны 8 дугаар сарын 19-ны өдөр В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй, 1381356 дугаартай хүчинтэй үнэмлэхтэй байв. Хонда Пит маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Сийн Р нь 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй, 1377130 дугаартай хүчинтэй үнэмлэхтэй байв....” /хх-ийн 92-93/ гэх,

-"Хас Үнэлгээ" ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 816 дугаартай “...Т.Б-н өмчлөлийн ................улсын дугаартай тоёота карина маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 3,878,500 төгрөг болно...” /хх-ийн 97-105/ гэх,

-"ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ" ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 06/204 дугаартай “...Хонда Пит маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 19,475,000 төгрөг, хохирлын үнэлгээ 13,587,000 төгрөг болно...” /хх-ийн 111-126/ гэх дүгнэлтүүд,

-гэмт хэргийн талаар мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6/,

-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 9-20/,

-цогцост үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-31/ зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо зөрүүгүй, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

4.Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам  зөрчих гэмт хэрэг нь жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын талаар тогтоосон хэм хэмжээг зөрчихдөө түүний улмаас учирч болох хохирол, хор уршгийг мэдээгүй, эсхүл гаргахгүй гэж өөртөө найдсан гэм буруугийн холимог хэлбэртэй бөгөөд обьектив талын шинж нь хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдэл нь хохирол хор уршигтай шалтгаант холбоотой байдаг онцлогтой.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...” хэмээн томьёолсон.

Харин энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол хүндрүүлэн зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Иймд прокуророос С.Ргийн үйлдэл холбогдлыг учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, уг хэрэг учрал болох үеийн нөхцөл байдал зэргийг хэрэгт авагдсан дээрх нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэн, анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

5.Анхан шатны шүүхээс хэрэгт авагдан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нэг бүрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянан үзсэний үндсэн дээр үнэлж, шүүгдэгч С.Р нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хонда фит маркийн ................ улсын тугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар багийн “Хар хошуу” гэх газарт Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг явах хатуу хучилттай автозам дээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчиж, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас Тоёота Карина маркийн ................улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарган Т.Н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Ч.Намь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэн түүнийг гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмыг зөрчөөгүй гэж үзэв.

6.Мөн анхан шатны шүүх шүүгдэгч С.Р-дэрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6,5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж, гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан буцаан хэрэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 25 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 3 жил 25 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болов.

7.Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч С.Р, түүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан нар нь “...цагдан хоригдсон хугацааг буруу тооцсоны зөрүүг арилгуулах, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэх агуулга бүхий гомдол гаргасан.

          7.1.Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгч С.Р-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэнг буруутгах боломжгүй.

          Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалт нь императив шинжийг агуулаагүй буюу шүүх заавал хэрэглэхээр үүрэг болгосон хуулийн зохицуулалт биш болохоос гадна дээрх гэмт хэргийн хувьд хүний амь нас хохирсон, хохирол хор уршиг арилаагүй байгаа байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулсан нь хуулиар тогтоосон төрөл, хэмжээний дотор байх тул эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзлээ.

7.2.Харин шүүгдэгч С.Р нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 149 хоног, 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 110 хоног, нийт 259 хоног цагдан хоригдсон байхад 228 гэж хоногийг буруу тогтоосныг зөвтгөж, энэ талаар гаргасан шүүгдэгч С.Р, түүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан нарын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

8.Анхан шатны шүүх С.Рг гэм буруутайд тооцохдоо “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, зам тээврийн осол гарган хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт хийсэн боловч шийтгэх тогтоолын тогтоох нь хэсэгт “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэх шинжийг орхигдуулсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар зөвтгөж шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй болно.

9.Шүүгдэгч С.Р-д ......... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ........... дугаар шийтгэх тогтоолоор 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан байхад анхан шатны шүүх 204 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн гэх агуулгаар дүгнэлт хийснийг зөвтгөж,

7 дахь заалтад шүүгдэгч С.Р-д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг тоолж эхлэх хугацааг буруу тогтоосныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хугацааг тоолохоор тус тус өөрчлөлт оруулав.

10.Түүнчлэн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн талаар шүүх “...Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийн арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд тухайн гэмт хэрэг нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гарсан байх тул цаг хугацааны хувьд хамаарахгүй байгааг дурдах нь зүйтэй” гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсгийн 6 дахь заалтад  “...сэтгэл санааны хохирол...”-ыг жич нэхэмжлэх эрхтэй байхаар тогтоосон нь ойлгомжгүй тул энэ хэсгийг хасах нь зүйтэй.  

11.Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын “цагдан хоригдсон хоногтой холбогдох” хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.

          12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ргийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2026 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 76 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.................анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн .........дугаар шийтгэх тогтоолын Тогтоох нь хэсгийн:

-1 дэх заалтад: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ................г “замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсоон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ................г “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж, 

 -3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч ................д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу ......... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ........... дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 204 /хоёр зуун дөрөв/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож нийт 25 /хорин тав/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 25 /хорин тав/ хоногийн хугацаагаар тогтоосугай” гэснийг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ................д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ял дээр ............ Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ............ дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 204 /хоёр зуун дөрөв/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож нийт 25 /хорин тав/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 25 /хорин тав/ хоногийн хугацаагаар тогтоосугай” гэж,

-5 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ргийн цагдан хоригдсон 228 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай” гэснийг

          “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ргийн цагдан хоригдсон 259 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай” гэж,

          -6 дахь заалтад “Эрүүгийн 2334001510292 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгчээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Чболон хохирогч Т.Ннар нь энэ хэрэгтэй холбоотой гарсан сэтгэл санааны хохирол болон эмчилгээний зардал, бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай” гэснийг

          “Эрүүгийн 2334001510292 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгчээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Чболон хохирогч Т.Ннар нь энэ хэрэгтэй холбоотой гарсан эмчилгээний зардал, бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай” гэж,

          -7 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Р-доногдуулсан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй” гэснийг

          “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Р-доногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолсугай” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Р, түүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

          2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ргийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2026 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 76 /далан зургаа/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

          3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэ магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       З.ТҮВШИНТӨГС

 

                            ШҮҮГЧИД                                       А.ЦЭРЭНХАНД

 

                                                                                           Д.МӨНХБҮРЭН