| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 101/2025/00007/И |
| Дугаар | 191/ШШ2025/00082 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/00082
| 2025 01 13 | 191/ШШ2025/00082 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ****** тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх ******* овогт *******ын ******* /рд:*******/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дага М.Чулуунцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* ******* нь 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах хүнсний дэлгүүртэй бараа татаж авах шаардлага үүсээд байна 5.000.000 /таван сая / төгрөг зээлээд 1 сарын дараа хүүгийн хамт эргэлдүүлээд өгье гэж хэлээд өөрийн 5032888060 тоот дансанд шилжүүлж авсан. Үүнээс хойш хугацаанд миний бие 1 сарын хугацаа дууссаны дараа урьд холбогдож байсан утас руу залгасан боловч холбогдохгүй, үйл ажиллагаа явуулдаг дэлгүүр нь хаасан, оршин суух бүртгэлтэй хаягтаа амьдардаггүй гэх нөхцөл байдал үүссэн учир холбогдох хууль тогтоомжийн дагуу шидүүлэх нөхцөл байдал үүсээд байна.
Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан миний бие зээлдэгч О.*******ын улсын бүртгэлтэй үндсэн хаягт иргэний журмаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Иймд миний бие хариуцагчаар татагдвал зохих субъект болох О.*******ыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг үндэслэн эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна.
Нэхэмжлэгч миний бие хариуцагчийн олж тодруулах зорилгоор Төв аймаг Эрдэнэ сумын “Тамган” багийн засаг даргатай уулзаж бүртгэлтэй эсэхийг тодруулахад “Төв аймаг ******* тоот” хаягт амьдардаггүй болохыг тодорхойлж лавлагаа гаргаж өгсөн болно.
Иймд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцагч О.*******ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх4/, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх5/, Төв аймгийн Эрдэнэ сумын “Тамган” багийн Засаг даргын тодорхойлолт /хх6/, Хаан банкны шилжүүлгийн баримт /хх7/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 15754 дүгээр захирамжийн хуулбар /хх10-11/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх12/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 14843 дугаар захирамжийн хуулбар /хх21-22/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Н.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Нэхэмжлэлд дурдсанаар иргэнтэй байгуулсан зээлийн гэрээний үүрэг шаардахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчаар оролцох этгээдийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар зохих этгээдийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэл гаргах эрхтэй.
4. Нэхэмжлэгч Н.******* нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд оршин суудаг болох нь тус хорооны Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 1109 дүгээр тодорхойлолтоор тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т заасан шүүхийн харьяалал зөрчигдөөгүй. /хх9-10/
5. Нэхэмжлэлд дурдсан ******* овогт *******ын ******* /рд:*******/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдээллээр тогтоогдож байна. /хх7/
Тэрээр Төв аймаг, ******* тоот хаягт оршин суух бүртгэлтэй болох нь төрийн мэдээлэл солилцооны хур системээс гаргасан оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон. /хх12/
Гэвч О.******* нь тус хаягт бүртгэлтэй боловч бодитоор оршин суудаггүй болох нь тус багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 05/196 дугаар албан тоотоор тогтоогдож байна. /хх6/
6. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх О.*******ыг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг түүний бүртгэлтэй хаягийн дагуу Төв аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд маргаан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангасан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай. Харин онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж байгаа хэргийн хувьд улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Төв аймаг, ******* тоот хаягт оршин суух бүртгэлтэй гэх ******* овогт *******ын ******* /рд:*******/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар *******ын ******* /рд:*******/-ийн оршин суух хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгч Н.******* /утас:*******/-т мэдэгдэхийг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД