Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01357

 

 

 

 

.....-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч М.Баясгалан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2022/01617 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч .....-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ......-д холбогдох 75,000,336 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч ......-, түүний өмгөөлөгч Б.Чимэд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

.....- нь ......-д бараа, бүтээгдэхүүн борлуулахаар гэрээ байгуулж 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд 109,676,901 төгрөгийн эрүүл мэндийн бараа бүтээгдэхүүн хүлээлгэж өгсөн. Тухайн гэрээнд нийт борлуулсан бүтээгдэхүүний 15 хувь буюу 16,451, 535 төгрөгийн шагнал өгөхөөр тохиролцсон. ......- борлуулсан бүтээгдэхүүний үнэ 93,225,366 төгрөгөөс 43,225,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 50,000,366 төгрөгийг өгөөгүй. 2018 оны 08 дугаар сард гэрээний хугацаа дууссан. Гэрээнд бараа бүтээгдэхүүний үнийг хугацаанд нь төлөөгүй бол 0,5 хувийн алданги тооцно гэж заасан тул 50,000,000 төгрөгийн алданги 25,000,000 төгрөг нийт 75,000,366 төгрөгийг ......-гаас гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

......- нь Юнисити ХХК-д ажилладаг. Эрүүл мэндийн зөвлөгөөний төв ажиллуулж нэвтрүүлэг хийдэг байсан. Компанийн гишүүд бараагаа солино уу гэхээс, бие биеийнхээ барааг зарах боломжгүй. Бараа солиход оноо алдаж цалин буурдаг. .....- нь бараа солиод өгөхийг хүссэн. 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,000 онооны буюу 1,766 долларын барааг солиулахаар үлдээсэн. 20 хоногийн дараа 250 ам.доллар буцааж авна гэсэн. .....- бараа солиулж нийт 7,000 ам.долларын бараа болсон. Мөн бараа нь 10 сар хадгалсан, хугацаа нь дууссан бараа байсан. 2014 оны 02 дугаар сард нэг компанид гишүүнээр элсээд нэг сарын дотор 25 хүний нэр дээр бараа авч, гүйцэтгэх захирал хэмээх цол авч 5,000 ам.долларын цалин авдаг байсан. Тухайн 5,000 ам.долларын 10,000 ам.доллартой ахлах 2,500 онооны захирал 4 хүний цалин ганцаараа авахын тулд олон хүний нэрийг оруулж барааг өөр дээрээ авсан. Бид бие биеийнхээ барааг зарах эрхгүй. Гадаад дотоодын аялалд явах, компаниас цол урамшуулал гэх мэтээр цалин өгдөг учир солихоос өөрөөр борлуулах эрхгүй. 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 1 хувь гэрээ хийсэн. Хугацаа дуусах дөхсөн 10 сар хадгалсан бараа гэдгийг компаниас ирүүлсэн бичигт 2014 оны 12 дугаар сард 25,00 онооны бараа авсан нотлох баримт байна. 2014 оны 02 дугаар сард бараа авсан нь 2013 онд үйлдвэрлэгдсэн. .....- 7,000 ам.долларын барааг буцааж авсан. Манай компани хугацаа дуусахад 2 сар дутуу барааг шууд хямдруулдаг. Бараа бүтээгдэхүүн зарахад тодорхой хугацаа хэрэгтэй, зар сурталчилгаа их хийдэг. Гэрээнд ... 2018.10.08 хүртэл зарж чадахгүй бол танд би мөнгө төлье... гэж нэхэмжлэгч өөрөө бичсэн. Хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаанд тохируулан хуучин барааг 4 жилийн дотор зарж өгөхөөр тооцсон мэтээр хүү, торгууль, төлөхөөр гэрээний худал зүйл зохион бичсэн. 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 14,000,000 төгрөгийн clear start барааг 589 ам.долларын бараа гээд баримтгүйгээр 109 саяд өгсөн. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч ......-гаас 29,191,347 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .....-од олгож, үлдэх 45,808,989 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532,952 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ......-гаас 303,907 төгрөг гаргуулан нэхэмжлэгч .....-од олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч ам.доллароор тооцоог гарган 109,676,901 төгрөгийг хариуцагчаас авахаас 15 хувь буюу 16,451,535 төгрөгийг ажлын хөлсөнд өгсөнд суутгуулсан үлдсэн 93,225,366 төгрөгийн төлбөрөөс 43,225,000 төгрөгийг төлсөн үлдэгдэл 50,000,366 төгрөг, алданги 25,000,000 төгрөг, нийт 75,000,366 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжилсэн дээрх төлбөр нь ......-тай байгуулсан гэрээний агуулгаас зөрүүтэй байна. .....-ын өгсөн бараа нь хугацаа нь дуусах дөхсөн байсан. .....- 2014 оны 02 дугаар сар, 03 дугаар саруудад Юнисити ХХК-аас нийт 52 гишүүний 27,000 онооны барааг захиалж авсан Юнисити ХХК-ийн тодорхойлолтоор нотлогдох ба 2014 оны 02 дугаар сард авсан барааг 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ......-д эхний барааг өгсөн. Хүлээлгэн өгсөн бараануудын сав, боодол хуучирсан, бүтээгдэхүүний нэр өөрчлөгдсөн, хугацаа дуусах дөхсөн байсан талаар шүүх хуралдаанд тайлбарласан. Барааг солиод өгсөн чинь шинэ барааг бас зарж чадахгүй тул авахгүй зөвхөн мөнгө авна гэсэн тул үнэ тохирч тооцоогоо бодсон. Иймээс баримтууд дээр үнийг 2 өөрөөр тусгасан. Шүүх энэ үйл баримтын талаар дүгнэлт хийгээгүй. Хэрэгт Клейр старт 1 ширхэг нь 84 ам.долларын үнэтэй 9 ширхгийг авсан бөгөөд энэ нь 750 оноотой байсан. Тухайн барааг бараагаар нь өгсөн учраас гэрээнд зааснаар 1 оноог 1,300 төгрөгөөр тооцон урамшуулал авахаар барааны оноог баримтад тусгасан. Юнисити ХХК-ийн бараа болгон оноотой бөгөөд тухайн онооны системийг хөлс тооцоход талууд ашигласан. Энэ талаар 2015 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн гэрээний 6 дугаар зүйлд энэ талаар тусгасан. Барааг зарах, эсхүл солих тохиолдолд хөлсийг 2 өөрөөр тохиролцон авч байсан бөгөөд хугацаа дуусах дөхсөн барааны үнийг хямдруулан худалдахгүй бол ......-д алдагдалтай байсан тул баримтуудад тухайн тэмдэглэгээг хийсэн.

Мөн барааны төлбөрийг төгрөгөөр тохиролцон гүйцэтгэж байсан талаар баримтууд хэрэгт авагдсан байна. Гэрээний хавсралтад ......-д өгсөн барааны жагсаалтад барааг зарах үнийг төгрөгөөр хамгийн сүүлийн баганад бичсэн байна. Энэ нь тухайн барааны үнийг үйлдвэрлэгчийн тогтоосон ам.долларын үнээр зардаггүй байсан гэдгийг гэрчлэх юм. 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн талуудын байгуулсан хэлцэлд 1 ком барааг 190,000 төгрөгөөр тооцож буцааж төлбөрийг төлөх талаар тусгасан байна. Энэ нь барааны үнийг бууруулан тооцож байсан гэдгийг нотолсон. 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн тооцоо нийлсэн баримтад ......- нь барааг зарсан үнээр тооцоог гарган баримтжуулан .....-од өгсөн. Иймд хариуцагч барааны үнийг бууруулан тооцож өгч байсан нь тогтоогдоно. Мөн Төлбөр төлсөн тооцоо гэх баримтад мөн төлбөрийг төгрөгөөр тооцон борлуулсан тухай баримт авагдсан байна. Бараа бүтээгдэхүүн борлуулахад хамтран ажиллах гэрээний 6 дугаар зүйлд Бараа борлуулалтын тооцоог 1 оноог 1,300 төгрөгөөр тооцон олгох бөгөөд үндсэн үнээс хасаж тооцно гэж заасан нь Юнисити ХХК-ийн барааны онооны системийг урамшуулалд ашиглаж байсан нь тогтоогдож байна. Барааг үйлдвэрийн үнээр борлуулж 15 хувийн хөлс авдаггүй хямдруулсан үнээр борлуулаад барааны онооноос хөлс авсан нь гэрээгээр тогтоогдоно.

4.2. Шүүх талууд 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээнд маркетингийг хэрхэн хийхээр тохиролцсон нь тодорхойгүй байна гэж дүгнэсэн. Талууд 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээний 4 дүгээр зүйлд энэ талаар тусгахдаа нарийвчлан заагаагүй ч хамтран хариуцахаар тогтсон байна. Хариуцагчийн хувьд маркетингийн зардлыг хувааж төлөхөөр оруулсан гэж тайлбарлаж байгаа бөгөөд учир нь хуучин, хугацаа нь дуусах гэж байгаа барааг хямдруулж зараад 15 хувийн хөлс авах нь бага хөлс тул энэ хэлцлийг .....-од туслах зорилгоор хийсэн. Бага хэмжээний худалдаанд нийт орлогын 30-40 орчим хувь нь сурталчилгааны зардалд гардаг тухай мэдээллүүд байдаг байна. Маркетингийн зардал 12,371,903 төгрөгийн 50 болох 6,185,951 төгрөгийг гэрээнд зааснаар нэхэмжлэгч хариуцах ёстой.

4.3.Шүүх хөөн хэлэлцэх хугацааг 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр барааны үнэ 133 ам.долларыг шилжүүлсэн байх бөгөөд үлдэх барааг борлуулж дууссан талаар мэдэгдэж, төлбөр төлөхөөс татгалзаж байсан баримт хэрэгт авагдаагүй байна. Ийнхүү нэхэмжлэгч нь хариуцагчаас төлбөр төлөхөөс татгалзсантай холбоотой буюу эрх нь зөрчигдсөн тухай мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлтэй..." гэж дүгнэсэн. Хариуцагч зарсан барааны тооцоог төгрөгөөр гарган нэхэмжлэгчид өгсөн талаар нэхэмжлэгч 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн тооцоо нийлсэн баримт, төлбөр төлсөн тооцоо гэх гаргаж өгсөн. 1 дүгээр хавтаст хэргийн 235 дугаар талд авагдсан баримтыг хариуцагч 2016 оны ... дүгээр сарын ... өдөр барааны төлбөрийг төлж дуусмагц нэхэмжлэгчид өгсөн байна. Мөн 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тооцоог дахин гаргаж өгсөн байх бөгөөд өөрөө гарын үсэг зурсан. Эдгээр баримтууд нь хариуцагч төлбөр төлөхөөс татгалзсантай холбоотой акт үйлдэн нэхэмжлэгчид мэдэгдсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянан үзээд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1.    Нэхэмжлэл, хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн талаар

 

1.2. Нэхэмжлэгч .....- нь хариуцагч ......-д холбогдуулж, борлуулсан бүтээгдэхүүний үнэ, алданги, нийт 75,000,366 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

1.3. Зохигчдын хооронд 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Бараа бүтээгдэхүүн зээлээр борлуулах гэрээг бичгээр хийж, уг гэрээгээр .....- нь ......-д АНУ-ын Юнисити компаниас авсан барааг зээлээр борлуулсны дараа үнийг буцаан төлөх, ......-д борлуулсан барааны нийт үнийн 15 хувийг олгох, ажиллах гэрээний хугацааг 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэгжих, барааны үнийг Юнисити компанийн борлуулалтын үнээр тооцох, үнийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувиар алданги тооцохоор тус тус тохиролцсон байна.

 

1.4. Дээрх гэрээнд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282, 262 дугаар зүйлийн заалтыг үндэслэсэн талаар тусгасан байх боловч борлуулсан барааны үнийг буцаан төлөх, үнийн дүнгийн 15 хувийн ашиг өгөх зэргээр тохиролцсон гэрээний агуулга, дараа нь байгуулагдсан 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Бараа бүтээгдэхүүн борлуулахад хамтран ажиллах гэрээ зэргээс үзэхэд зохигчдын хооронд мөн хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, бараа бүтээгдэхүүн борлуулах ажил үйлчилгээг гэрээний зүйл гэж үзсэн нь буруу биш байна.

 

1.5. Анхан шатны шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр Дээрх гэрээнд зурагдсан гарын үсэг хариуцагч ......-гийн гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна гэж дүгнэсэн тул гэрээг хуурамчаар үйлдсэн гэх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдсэн, анхан шатны шүүхээс дээрх гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн нь зөв байна.

 

1.6. Зохигчид 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Бараа бүтээгдэхүүн борлуулахад хамтран ажиллах гэрээг бичгээр дахин байгуулсан ба уг гэрээнд .....- өөрт байгаа эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг захирал ......-д паданаар түр хугацаагаар зээлээр өгөх ба дараа нь өгсөн барааны үнийн дүнгээр тооцож бараа болон барааны үнийг буцааж авах, өгсөн бараа нь хугацаа дуусаагүй гэмтэл ороогүй бүрэн бүтэн байх, Компанийн маркетинг дээр хоёр тал хамтран ажиллах, хоёр тал өөр өөрийн хамтран ажиллах ба хэрэглэгчдэд барааг хэрэглэхэд гарах үр дүн, барааг тохирсон хэрэглээгээр хэрэглэх, талаар зөвлөгөө өгөх зөв ойлгуулахад ......- захирал хариуцаж хамтран ажиллана гэсэн агуулга тусгагдсан байна.

 

1.7. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан дээрх 2 гэрээний дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид зарлагын баримтаар 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 14,159,000 төгрөгийн, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 4,958,000 төгрөгийн, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 800,000 төгрөгийн, 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 1,012 ам.долларын, мөн оны 08 дугаар сарын 06-ны өдөр 1,380 ам.долларын, 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,656 ам.долларын, 2015 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 3,780 ам.долларын, 2015 оны 05 дугаар сарын 14-нийн өдөр 1,265 ам.долларын, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 9,556 ам.долларын, 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 6,250 ам.долларын, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 6,754 ам.долларын, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,766 ам.долларын бараа тус тус хүлээлгэн өгсөн, барааг шилжүүлэх үеийн Монголбанкнаас зарласан ханшаар ам.долларыг төгрөгт хөрвүүлж, нийт 85,195,702 төгрөгийн бараа хүлээлгэн өгсөн, харин 5,980 ам.долларын бараа хүлээлгэн өгөөгүй үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

Мөн хариуцагчаас нэхэмжлэгчид борлуулсан барааны үнэ 2015.01.15-нд 250, 2015 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 162 ам.доллар, 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 331 ам.доллар, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 353 ам.доллар, 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 90 ам.доллар, 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 125 ам.доллар, 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 935 ам.доллар, 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 3,784 ам.доллар, 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 165 ам.доллар, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 202 ам.доллар, 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 113 ам.доллар, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 58 ам.доллар, 2015 оны 01 дүгээр сарын өдөр 23-ны өдөр 331 ам.доллар, 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 133 ам.доллар нийт 7,032 ам.доллар, барааны үнийг шилжүүлэх үеийн Монголбанкнаас зарласан ханшаар ам.долларыг төгрөгт хөрвүүлж, нийт 14,109,224 төгрөгийг, дансаар 21,069,000 төгрөгийг нийт 35,178,224 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Гэвч нэхэмжлэгч 43,225,000 төгрөгийн барааны үнийг авсан талаар хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан учир талуудын зарчимд нийцүүлэн барааны үнэ 85,195,702 төгрөгөөс 43,225,000 төгрөгийг болон гэрээнд заасан 15 хувийн 12,779,355 төгрөгийг тус тус хасаж, хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн хэмжээг 29,191,347 төгрөгөөр тогтоосон нь үндэслэл бүхий болсон байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

1.8. Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны гэрээнд алдангийн талаар тохиролцоогүй гэж нэхэмжлэлээс алданги шаардсан нэхэмжлэлийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

2.Хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдлын талаар

 

2.1.Хариуцагч талаас Бараа бүтээгдэхүүн зээлээр борлуулах гэрээнд нэмэлтээр 5-д Бараа болон барааны үнийг аль нэг тал авах нөхцөлд хэн нэгдээ саадгүй өгч байна, 6-д Бараа борлуулалтын тооцоог 1 оноог 1,300 төгрөгөөр тооцон олгох бөгөөд үндсэн үнээс хасаж тооцно гэсэн агуулга бүхий гэрээг нотлох баримтаар гаргасан нь хэргийн 91 дүгээр талд авагдсан байх боловч нэхэмжлэгч тал нэмэлт заалт бүхий уг гэрээг эсэргүүцсэн тайлбар гаргасан, гэрээний бусад заалтаас 6 дахь заалт нь өөр үсгийн фонтоор бичигдсэн байгаа тул энэ гэрээг ...барааны үнийг бууруулан тооцож өгч байсан... борлуулалтын тооцоонд Юнисити ХХК-ийн барааны онооны системийг ашиглаж байсан гэсэн хариуцагчийн татгалзлын болон гомдлын үндэслэлийг нотолсон баримт гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм.

 

2.2. Түүнчлэн, зарах бараа авч байгаагүй, барааг сольж өгөхөөр тохирсон ... хүлээлгэн өгсөн бараануудын сав, боодол хуучирсан, бүтээгдэхүүний нэр өөрчлөгдсөн, хугацаа дуусах дөхсөн байсан гэх хариуцагчийн тайлбар болон давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

 

Хэргийн 4-15 дугаар талд авагдсан зарлагын баримтуудад хугацааны талаар тусгагдаагүй, эдгээр зарлагын баримт тус бүрийн дагуу аль баримтаар хүлээн авсан барааны хугацаа дууссан, эсхүл дуусах дөхсөн байсныг хариуцагч баримтаар нотлоогүйгээс гадна хэргийн 59-60 дугаар талд авагдсан баримтууд нь хүлээлгэн өгсөн бараануудын сав, боодол хуучирсан, бүтээгдэхүүний нэр өөрчлөгдсөн, хугацаа дуусах дөхсөн байсныг шууд нотлох баримт болж чадахгүй байна.

 

Бараа бүтээгдэхүүн зээлээр борлуулах гэрээнд өгсөн бараа нь хугацаа дуусаагүй, гэмтэл ороогүй бүрэн бүтэн байх талаар заасан, хариуцагч нь энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдэж байсан талаар нотлох баримт гаргаагүй байна.

 

2.3. Хариуцагч нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан, зар сурталчилгаа, түрээсийн зардлыг хувааж төлж байхаар тохирсон гэж маргаж, энэ талаар мөн давж заалдах гомдол гаргасан.

 

Гэвч гэрээний хугацааг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан. Хэргийн 88 дугаар талд хариуцагч ......-гийн гарын бүхий 2018 оны 11 сарын 10-ны өдөр тооцоо гаргаж байсан баримт авагдсан, нэхэмжлэгч 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь түрээсийн зардал, зар сурталчилгааны зардал нийт 29,586,903 төгрөгийн тал 14,793,451 төгрөгийг нэхэмжлэгч хариуцахаар тохиролцсон гэж тайлбарлаж байх боловч гэрээнд түрээсийн төлбөрийг хуваан төлөх талаар заагаагүй, аль компанийн маркетинг дээр 2 тал хэрхэн хамтран ажиллах нь тодорхой бус байхаас гадна хариуцагчийн радио, телевизтэй хамтран ажиллах гэрээнүүдийн дагуу төлөгдсөн зар сурталчилгааны төлбөрүүд нь энэ хэргийн маргааны зүйл болох бараа бүтээгдэхүүнд хамааралтай эсэх нь ойлгомжгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

2.4. Мөн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Бараа бүтээгдэхүүн зээлээр борлуулах гэрээнд Барааны үнийг Юнисити компанийн борлуулалтын үнээр тооцох ба доллараар тооцоо хийнэ гэж заасан ба дараагийн гэрээнд үнэ бууруулах талаар тохиролцоогүй, 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хэлцлээр комыг 190,000 төгрөгөөр тооцож буцааж төлөх болно гэж заасан боловч аль бараанд хамаарах нь ойлгомжгүй, хэргийн 88, 235 дугаар талд авагдсан баримтуудад харилцан гарын үсэг зураагүй тул барааны үнийг бууруулан тооцож байсан гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2022/011617 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 303,907 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Н.БАТЗОРИГ