Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 830

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Б.Энхбат,

Шүүгдэгч З...., түүний өмгөөлөгч Т.Отгонсүрэн /ҮД: 0026/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт ...гийн ...т холбогдох 1808031510989 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

           Монгол улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, програмист мэргэжилтэй, “...” ХХК-д программист ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тайж овогт ...гийн ... /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

 

З.... нь 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 06 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Эмээлт” малын захын хашаанд иргэн Н....гийн толгойн тус газар архины шилээр цохиж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.Яллах дүгнэлтэнд бичсэнээр

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд.Үүнд:

            - Хохирогч Н....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ... 2018 оны 06 дугаар сарын 09-ний орой 22 цагийн үед найз ..., манай эхнэр ..., охин Урангоо нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Эмээлт” амьд малын захын хашаанд байх найз ...ын гэрт хүүхдийг нь эргэх гэж очсон. Очиход ..., эхнэр нь ...нар байсан. Тэгсэн ... нь мал гаргаад хорхог хийх гэж байсан. ... болор нэртэй нэг шил архи гаргаж ирсэн. Тэгээд бид нар хорхогоо идээд тэр архийг хувааж уусан, тэр архины дараа ...ын машинаас дахин 1 шил архи гаргаж ирээд хувааж уусан. ..., ... бид гурав гадаад архи уугаад өглөөний 6 цаг хүртэл юм ярьж суусан. Тэгсэн тэр үлдсэн архинаас ... надад хийж өгсөн, тэгээд бид хоёрын дунд маргаан болоод тэгсэн чинь ... миний толгой руу архины шилээр цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 25-26 х/,

 

            - Шүүгдэгч З....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 09-ний орой Сонгинохайрхан дүүргийн нутагт байх найз ...ын гэрт ..., ..., ... бид нар цугларсан. Тэгээд ... хорхог хийгээд болор нэртэй нэг шил архи задалсан. Тэрнээс нь би уугаад ..., ..., ... бид нар хамт уугаад сууж байгаад ... бид хоёр үл ойлголцосны улмаас хоорондоо маргалдсан. Би найз ...гийн толгой руу архины шилээр нэг удаа цохиж, биед нь гэмтэл учруулсан. ... хохирлын мөнгө болох 2,300,000 төгрөгийг төлсөн, цаашид гарах зардлыг төлнө, хөнгөн ял оногдуулж өгнө үү? ...” гэх мэдүүлэг /хх 31-35 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

            - Гэрч Д....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “......, ..., ... бид нар Эмээлтэд ...ынд 2018 оны 06 дугаар сарын 09-нд очсон. Тэгээд бид нар ...ын гадаа хорхог хийсэн. Тэгээд бид нар нэг шил архи уугаад бөөнөөрөө юм ярьж сууж байгаад үүр цайлгасан. Тэгсэн ... би амарлаа гээд гэр лүүгээ орсон. ... майханд унтаж байсан. Тэгээд ..., ... бид гурав үлдсэн. Тэгсэн ..., ...г чи архи уухгүй юм чинь архи хундаглачих гэж хэлсэн. Тэгсэн ... ...ыг цохисон. ... дараа нь ...г архины шилээр толгой хэсэг рүү нь цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 11 х/,

 

           - Гэрч С....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “......, ..., ..., ... нар манайд 2018 оны 06 дугаар сард ирсэн, би яг ирсэн өдрийг нь санахгүй байна. Тэгээд бид нар манай гадаа хорхог хийсэн. Тэгээд бид нар нэг шил архи уугаад бөөнөөрөө юм ярьж сууж байгаад үүр цайлгасан. Бүгдээрээ амарцгаая гээд би гэр лүүгээ орсон, ... майханд унтаж байсан. Би гэртээ ороод удаагүй байж байхад манай гадаа хүн орилоод түргэн дууд гээд дуугараад байсан. Тэгээд би гэрээсээ гарах гэтэл ..., ..., ... гурав ...г аваад явсан байсан. Тэгээд би ... луу залгаад юу болов яаваа гэж асуусан чинь ..., ... бид хоёр маргалдаад ... намайг цохиод авахаар нь би зөрүүлээд цохисон чинь жоохон тиймэрхүү юм болчихлоо гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 12 х/,

 

           - Гэрч Н....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай төрсөн дүү ... 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр над руу ярихдаа би өчигдөр буюу 2018 оны 06 дугаар сарын 09-нд найзындаа очсон юм. ...т зодуулчихлаа гэмтлийн эмнэлэг дээр оёдол тавиулсан миний зүүн талын чих юм сонсохгүй байна. Та хүрээд ирээч гэсэн. ...Манай дүү архи уудаггүй. Найзууд нь архи задлаад манай дүү ...г архи уу гэхээр нь үгүй гэж хэлсэн чинь ... гэх найз нь чи яагаад архи уудаггүй юм гэж хэлээд архины шилээр толгойд нь цохисон гэж манай дүү ... надад хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 14-15 х/,

 

          - Шинжээчийн 8144 тоот дүгнэлт

1.Н....гийн биед зүүн чамархайгаас зүүн хөхөлөг сэртэнрүү дайрсан ил шугаман хугарал, зүүн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи доргилт, зүүн чамархайн хуйханд шарх, нүүрний зүүн талын мэдрэлийн сул саажил гэмтэл тогтоогдлоо.

2.3,Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна. гэх дүгнэлт /хх 18 х/

  • З....ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 37 х/
  • Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 38 х/
  • Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 39 х/
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 40 х/
  • Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 78 х/
  • Оршин суугаа газрын тодорхойлолт /хх 41 х/
  • Хохирол төлсөн баримт /хх 81 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

             Гэм буруугийн талаар:

 З.... нь архидан согтуурсан үедээ 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 06 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Эмээлт” малын захын хашаанд найз Н....тэй архины асуудлаас болж маргалдан толгойн тус газар нь архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Н....гийн “ ... ..., ... бид гурав гадаа архи уугаад өглөөний 6 цаг хүртэл юм ярьж суусан. Тэгсэн тэр үлдсэн архинаас ... надад хийж өгсөн, тэгээд бид хоёрын дунд маргаан болоод тэгсэн чинь ... миний толгой руу архины шилээр цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 25-26 х/,

- Шүүгдэгч З....ын “... ..., ..., ... бид нар хамт архи уугаад сууж байгаад ... бид хоёр үл ойлголцосны улмаас хоорондоо маргалдсан. Би найз ...гийн толгой руу архины шилээр нэг удаа цохиж, биед нь гэмтэл учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх 31-35 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Гэрч Д....ын “... ..., ...г чи архи уухгүй юм чинь архи хундаглачих гэж хэлсэн. Тэгсэн ... ...ыг цохисон. ... дараа нь ...г архины шилээр толгой хэсэг рүү нь цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 11 х/,

- Гэрч С....ын “... би ... луу залгаад юу болов яаваа гэж асуусан чинь ..., ... бид хоёр маргалдаад ... намайг цохиод авахаар нь би зөрүүлээд цохисон чинь жоохон тиймэрхүү юм болчихлоо гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 12 х/,

 

           - Гэрч Н....ийн “...Найзууд нь архи задлаад манай дүү ...г архи уу гэхээр нь үгүй гэж хэлсэн чинь ... гэх найз нь чи яагаад архи уудаггүй юм гэж хэлээд архины шилээр толгойд нь цохисон гэж манай дүү ... надад хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 14-15 х/,

          - Шинжээчийн 8144 тоот дүгнэлт

1.Н....гийн биед зүүн чамархайгаас зүүн хөхөлөг сэртэнрүү дайрсан ил шугаман хугарал, зүүн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи доргилт, зүүн чамархайн хуйханд шарх, нүүрний зүүн талын мэдрэлийн сул саажил гэмтэл тогтоогдлоо.

2.3,Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна. гэх дүгнэлт /хх 18 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

            Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн талаарх хууль зүйн дүгнэлт:

З.... нь Н....гийн толгойн тус газар архины шилээр цохиж хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгахад шүүгдэгчийн хийсэн үйлдэл хохирогчийн эрүүл мэндэд учирсан хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой.

Шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалгуур болговол Н....гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь З.... түүний толгойн тус газар архины шилээр цохиж гэмтэл учруулсан гэх хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хүнд хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна /хх 18 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг.  

Шүүгдэгч З.... архины шилээр хүний толгой руу цохисон өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.   

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, З....ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

Хохирогч Н.... нь эмчилгээний зардлын баримтууд гаргаж ирүүлээгүй хэдий ч шүүгдэгчийн зүгээс хохиролд 2,300,000 төгрөг төлсөн нь хохирол төлсөн баримт /хх 81 х/-аар тогтоогдсон тул З....аас энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй, хүнд гэмтэл хор уршиг ихтэй, урт хугацаанд эмчилгээ шаардлагатай тул хохирогч цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзсэн.

 

З.... нь Н....гийн эрүүл мэндэд хохирол учруулахаар урьдчилан төлөвлөсөн гэх байдал тогтоогдоогүй, хоорондын таарамжгүй харьцааны улмаас тухайн агшинд гэмт хэрэг үйлдэх сэдэл төрсөн гэж үзсэн тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгож гэмшсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг, анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзээд түүнд 10,500 нэгжтэй тэнцэх 10,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 03 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, энэ тогтоолоор гаргуулах хохиролгүй, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлын баримтуудаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Тайж овогт ...гийн ...ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З....ыг 10,500 нэгжтэй тэнцэх 10,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан З....т үүрэг болгосугай.

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан З....т мэдэгдсүгэй.

  5.З....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, энэ тогтоолоор гаргуулах хохиролгүй, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлын баримтуудаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

  6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол З....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ