Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 843

 

                                      Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

            улсын яллагч Ж.Энхжаргал,

          шүүгдэгч С....нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

 

          Шүүх хуралдаанаар Тээврийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Илжгэн овогт ...ын ...т холбогдох 1803003810248 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

           Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эгч, эхнэр, хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Сонгионохайрхан дүүргийн ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Илжгэн овогт ...ын ... /РД:.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

... нь 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 16 цаг 30 минутын үед Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын, 10 дугаар байрны хойд замд Тоёота Ист маркийн ...УНЭ улсын дугаартай автомашиныг согтуурсан үедээ жолоодож Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. 'Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; е/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явах...”, 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц....ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ./Яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

1. Хохирогч Ц....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 02 сарын 04-ний 16 цаг 25 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын 10 дугаар байрны хойд талын явган хүний замаар зүүнээс баруун тийш явж байтал хойд талын автомашины замаар зүүнээс баруун тийш явсан машин араас ирж мөргөсөн би газар унасан. Тэгээд намайг мөргөсөн машины урд дугуй миний баруун хөлний шилбэн хэсэг дээр гараад зогсчихсон байсан. Тухайн үед тэр машиныг жолоодож явсан жолооч ирэхээр нь хартал зүс таних ... /Огураа/ гэх залуу байсан. ... надад гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 151-152, 159-160 х/,

 

2. Шүүгдэгч С....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цагийн орчим эгч ...гийн нэр дээр байдаг боловч миний худалдаж авсан Т.Ийст маркийн ...УНЭ дугаарын машиныг жолоодон Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын 10 дугаар байрны хойд замаар зүүнээс баруун тийш явж байтал урд талын явган хүний замаар таньдаг ... ах явган явж байхаар нь зогсоод авах гэж байгаад замаас гараад ... ахын хойноос шүргэтэл уначихсан. Тэгэхээр нь би машинаа зогсоогоод цаана нь шоконд ороод зогсчихсон. Тэгтэл тэнд борлуулалт хийгээд зогсож байсан жолооч дуудлага өгсөн, тэгээд удалгүй түргэн ирээд ... ахыг аваад явсан, би араас нь таксигаар очиж хөлийг нь гипсдүүлчихээд буцаж ирж зам дээр үзлэгээ хийлгэсэн. Би хохирогч Ц....ын хохиролд нийт 2,220,000 төгрөг төлж барагдуулсан. ...” гэх мэдүүлэг /хх 170-171 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

          3. Гэрч Ц....ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай нөхөр ... хааяа найз нөхөдтэйгээ архи уудаг, үргэлж архи уудаггүй. Согтуугаар машин барьдаггүй л хүн. Манай нөхөр хүнд тусархуу үе үе архи уудаг, өөр муу зуршил байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 26 х/,

 

          4. Гэрч Э....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай ах ... хаяаа найз нөхөдтэйгээ архи уудаг, хүнд тусархуу хүн. ...” гэх мэдүүлэг /хх 28 х/,

 

          5. Шинжээчийн 2279 дугаар дүгнэлт:

  1. Ц....ын биед баруун шилбэний дотор хашлага ясны хугарал, тархи доргилт, зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

           4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 32 х/,

 

    6. Замын цагдаагийн техникийн шинжээчийн 127 тоот дүгнэлт:

    1.Т.Ист маркийн ... дугаарын автомашины жолооч ... овогтой ... нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох: е/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийг хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явах. 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедэа авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх: гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

   2.Явган зорчигч Цэвээн овогтой ... нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. гэх дүгнэлт /хх 34 х/,

 

   7. Замын цагдаагийн шинжээчийн 494 тоот дүгнэлт:

         1.Зам тээврийн осол хэрэг гарсан гэх газрын хэмжилтийн схем зураг болон фото зургийн үзүүлэлтэд авагдсан зам, орчны байдал /хорооллын доторх зорчих хэсгийн тахир байдал. уг зорчих хэсгийн дагуух 1,3 метр өргөнтэй явган хүний замаар явж байгаа хүнийг автомашин мөргөсөн байдал/, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа зэргээс үндэслэхэд Т.Ист маркийн ...УНЭ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан С.... нь ослын үед МУ-ын ЗХД-ийн 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Мөн дүрмийн 2.7 дахь заалт “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, е/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явах, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, кадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол, мөрөн, нуур, булаг, хиймэл усан зайгууламжийг бохирдуулах”, 2.1 дэх заалт “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна. а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох МУ-ын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна Тээврийн хэрэгслийн оношилгооны 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 14 дугаартай дүгнэлтээр “...Баруун гар талын их гэрлийн сэнж хугарч хөдөлгөөн орсон, урд буфер зүүн гар талдаа бага зэрэг зурагдсан, урд хоёр оврын гэрлийн чийдэн асахгүй, зүүн гар талын тоормосны гэрлийн чийдэн асахгүй зэрэг эвдрэл, гэмтлүүд нь ослын өмнө, ашиглалтын явцад үүссэн ба эдгээр эвдрэл гэмтэл тухайн зам тээврийн осолд нөлөөлөхгүй.” гэх тул ЗХД-ийн 2.3-ын а/ дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэлгүй болно.

            2.Явган зорчигч Ц.... нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

            3.Зам, замын байгууламжийг ойролцоох хүн амын нягтрал, барилга, байгууламж, объектын байршил, тэдгээрийн хоорондын орон зайг харгалзан барьж байгуулдаг ба уг зам тээврийн осол гарсан гэх газрын зорчих хэсэг нь тахир хэлбэртэй байна. Ийм зорчих хэсэг, явган хүний замтай хашлага /босоо бродьюр/-гаар хиллээгүй зам дээр явган хүний зам руу нэвтэрч түүгээр зорчиж яваа зорчигчийг мөргөхгүйгээр, хөдөлгөөний хурд, чигийг өөрчлөх боломж бүхий хурдыг жолооч сонгож яван аюул, осолтой байдал үүсэхэд зогсоох арга хэмжээ авах тухай ЗХД-ийн 9.2 дахь хэсэгт тодорхойлсон байдаг тул уг зам тээврийн осол нь замын байгууламж, тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй.

            4.Зам тээврийн осол гарах шууд шалтгааныг Т Ист маркийн ...УНЭ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан С.... нь өөрт хамаарах дүрмийн заалтыг биелүүлээгүйгээс гарсан гэж шинжээчид үзэж байна. Хэргийн газрын үзлэгээр хийгдсэн байршилд жолооч зогсоох арга хэмжээг аваад зогсолт хийсэн гэж харагдахаар байна. Зогсоох арга хэмжээг зорчих хэсэгт үлдсэн тээврийн хэрэгслийн дугуйн мөрөөр шинжилж үздэг ба уг мөрийн хэрэгслийн хувьд шингэн дамжуулга бүхий АВЗ тоормосны системтэй, харьцангуй бага хээний хурдтай явсан бол уг мөр гараагүй /илрээгүй/ байх боломжтой.

            5.Дахин шинжилгээ хийлгэх прокурорын тогтоолд хэргийн оролцогч нараас шинжээчид тавьсан асуултгүй байв.

            6.Шинжилгээ хийх явцад шинжээч нарт уг хэрэгт ач холбогдол бүхий бусад нөхцөл, байдал илрээгүй, хавтаст хэрэгт авагдсан материалд үндэслэн дүгнэлтийг гаргасан ба асуултад тавигдаагүй боловч шаардлагатай нэмэлт тайлбарыг дүгнэлтэд тусгасан болно. гэх дүгнэлт /хх 165-166 х/,

 

     8. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 14 тоот дүгнэлт:

            1.Уг автомашиныг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж үзэхэд автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, урд болон хойд хоёр дугуйн тоормосны хүчний хэмжээ, зогсоолын тоормос стандартын шаардлага хангаж байна. Мөн дугуйнуудын хээний гүн, хийн даралтын хэмжээ, зүүн болон баруун гар талын ойрын гэрлийн тусгалын тохиргоо хэвийн, холын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангаж байна. Автомашины ерөнхий байдлын хувьд баруун гар талын их гэрлийн сэнж хугарч хөдөлгөөн орсон, урд буфер зүүн гар талдаа бага зэрэг зурагдсан, урд хоёр оврын гэрлийн чийдэн асахгүй, зүүн гар талын тоормосны гэрлийн чийдэн асахгүй зэрэг эвдрэл, гэмтэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2.Уг автомашин нь шингэн дамжуулгын АВЗ бүхий тоормосны системтэй. Автомашины урд болон хойд хоёр дугуйн ажлын тоормос стандартын шаардлага хангаж байна. Тоормосны механизм, систем хэвийн эвдэрч, гэмтсэн зүйлгүй.

3.Тоормосны систем шингэн дамжуулгатай АВЗ системтэй үед автомашин тоормос гишгэхэд замын гадаргуугийн байдал, автомашины хурд, тоормосны дөрөө дээр гишгэх хүч, ачсан ачаа зэргээс шалтгаалж тасалдсан мөр зам дээр үүснэ.

4.Баруун гар талын их гэрлийн сэнж хугарч хөдөлгөөн орсон, урд буфер зүүн гар талдаа бага зэрэг зурагдсан, урд хоёр оврын гэрлийн чийдэн асахгүй, зүүн гар талын тоормосны гэрлийн чийдэн асахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна.

            5. Дугуйн хээний гүний хэмжээг штангенциркулээр хэмжилт хийж 4,8-5,6 мм (стандарт суудлын автомашины дугуйн хээний гүн газарт тулах хэсгээрээ 1,6мм-ээс багагүй байх) буюу дугуйнуудын хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангаж байна.

            6.Баруун гар талын их гэрлийн сэнж хугарч хөдөлгөөн орсон, урд буфер зүүн гар талдаа бага зэрэг зурагдсан, урд хоёр оврын гэрлийн чийдэн асахгүй, зүүн гар талын тоормосны гэрлийн чийдэн асахгүй зэрэг эвдрэл, гэмтэлтүүд нь ослын өмнө ашиглалтын явцад үүссэн байна.

            7.Шинжилгээ хийлгэх тогтоолын 7 ба 8 дугаар асуултанд нэгтгэж хариулахад: Баруун гар талын их гэрлийн сэнж хугарч хөдөлгөөн орсон, урд буфер зүүн гар талдаа бага зэрэг зурагдсан, урд хоёр оврын гэрлийн чийдэн асахгүй, зүүн гар талын тоормосны гэрлийн чийдэн асахгүй зэрэг эвдрэл, гэмтэлтүүд нь ослын өмнө ашиглалтын явцад үүссэн ба эдгээр эвдрэл гэмтэл нь тухайн зам тээврийн осолд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 39-42 х/,

              9. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхиййг шалгасан тэмдэглэл “ ... С....ыг драйгер багаж ашиглан шалгахад 1,05 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” /хх 13 х/

            10. Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл  /хх 5 х/

            11. Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-9 х/

            12. Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 58 х/

            13. Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 60 х/

            14. Жолоочийн лавлагаа /хх 61 х/

            15. Хохирлын мөнгө төлсөн баримтууд /хх 62-63, 85, 139 х/

            16. Автомашины гэрчилгээний хуулбар /хх 65 х/

            17. Хохирол төлсөн баримтууд /хх 62-63, 85, 139, 198 х/

            18. Хохирлын мөнгө хүлээн авсан баримт /хх 197 х/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Шүүгдэгч С....ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтүүд, бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцсон.

Гэм буруугийн талаар:

  С.... нь 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 16 цаг 30 минутын үед Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын, 10 дугаар байрны хойд замд “Тоёота Ийст” маркийн ...УНЭ улсын дугаартай автомашиныг согтуурсан үедээ жолоодож Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа... хэрэглэсэн .. үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; е/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явах...”, 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж явган хүний замаар зорчиж явсан Ц....ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

            - Шүүгдэгч С....ын “...... ах явган явж байхаар нь зогсоод авах гэж байгаад замаас гараад ... ахын хойноос шүргэтэл уначихсан. Тэгэхээр нь би машинаа зогсоогоод цаана нь шоконд ороод зогсчихсон. ... удалгүй түргэн ирээд ... ахыг аваад явсан, би араас нь таксигаар очиж хөлийг нь гипсдүүлчихээд буцаж ирж зам дээр үзлэгээ хийлгэсэн. ...” гэх мэдүүлэг /хх 170-171 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

- Хохирогч Ц....ын “...явсан машин араас ирж мөргөсөн би газар унасан. Тэгээд намайг мөргөсөн машины урд дугуй миний баруун хөлний шилбэн хэсэг дээр гараад зогсчихсон байсан. Тухайн үед тэр машиныг жолоодож явсан жолооч нь ирэхээр нь хартал зүс таних ... /Огураа/ гэх залуу байсан. ... надад гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 151-152, 159-160 х/,

           - Шинжээчийн 2279 дугаар дүгнэлт:

1.Ц....ын биед баруун шилбэний дотор хашлага ясны хугарал, тархи доргилт, зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх 32 х/,

    - Замын цагдаагийн техникийн шинжээчийн 127 тоот дүгнэлт:

    1.Т.Ист маркийн ... дугаарын автомашины жолооч ... овогтой ... нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, ... хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох: е/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явах.  ...” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

   2.Явган зорчигч Цэвээн овогтой ... нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. гэх дүгнэлт /хх 34 х/,

          - Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхиййг шалгасан тэмдэглэл “ ... С....ыг драйгер багаж ашиглан шалгахад 1,05 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” /хх 13 х/

          - Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл  /хх 5 х/

          - Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-9 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэх гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар.

Жолооч автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих гэдэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөнд хохирол учруулсан байхыг хэлнэ. Энэ гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгс үйлдэгдсэнд тооцогдоно. Энэ гэмт хэргийн объектив талын заавал байх шинж нь гэм буруутай этгээд болох жолоочийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтлийн хоорондын шалтгаант холбоо юм.

 Гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл, хор уршгийн хоорондын шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой.

             С.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа... хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; е/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явах...”, 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж явган зорчигч Ц....ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

 

           С....ын автомашин жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтууд зөрчсөн үйлдэл, хохирогч Ц....ын эрүүл мэндэд учирсан гэмтлийг Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар “...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна  ...” гэх дүгнэлт /хх 32 х/-ээр уг гэмт хэргийн объектив талын шинж хангагдсан.

           Энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь согтуугаар үйлдсэн байхыг шаардсан бөгөөд С.... дээрх гэмт хэргийг үйлдэхдээ согтуурсан байсан нь Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл “ ... С....ыг драйгер багаж ашиглан шалгахад 1,05 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” /хх 13 х/-р нотлогдож байгаа.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.

           

           Хохирогч Ц....ын эмчилгээний болон бусад зайлшгүй зардал гэж шүүгдэгч С.... нь 2,220,000 төгрөгийг төлсөн, үүнээс баримтаар нэхэмжилсэн зардал 842,225 төгрөг, бусад нь эмчилгээ, сувилгаанд нь зориулж зардлын баримтгүйгээр шүүгдэгч сайн дураар өгсөн, хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй зэрэг нь хохирол төлсөн баримтууд /хх 62-63, 85, 139, 198 х/, хохирлын мөнгө хүлээн авсан баримт /хх 197 х/-аар нотлогдсон тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзсэн.

 

           Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг өөрийн сайн дураар нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад тооцож харин түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэргээс дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуульд заасан нөхцөл байдлыг бүрэн хангаж байна гэж шүүх үзсэн тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг 01 жилээр оногдуулж, гэмт хэрэг үйлдэхдээ согтуурсан байсан нөхцөл байдлыг харгалзан түүнд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

 

  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй бусдад төлөх төлбөргүй зэргийг шийтгэх тогтоолд дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Илжгэн овогт ...ын ...ыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн  1, 3 дахь хэсгүүд, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар С....т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С....т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг С....т мэдэгдсүгэй.

 

5.С....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогчид 2,220,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

 6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

 7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДАШДОНДОВ