Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 102/2016/07116/И |
Дугаар | 001/ХТ2017/00450 |
Огноо | 2017-04-18 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 001/ХТ2017/00450
“Жи Энд Эр” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/05818 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн 417 дугаар магадлалтай,
“Жи Энд Эр” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Г.Ганболдод холбогдох,
“Жи Энд Эр” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдгийг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагч Г.Ганболд, өмгөөлөгч Д.Намсрайжав нарын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч түүний өмгөөлөгч Р.Алтангэрэл, Б.Сод-эрдэнэ, хариуцагч Г.Ганболд, өмгөөлөгч Д.Намсрайжав нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч “Жи Энд Эр” ХХК-ийн захирал Р.Алтангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани 1996 онд үүсгэн байгуулагдсан, компанийн хувьцааны 50 хувийг Р.Алтансүх, Р.Алтанцэцэг, Р.Алтангэрэл нар, 50 хувийг нэгдмэл сонирхол бүхий Б.Гантөмөр, Г.Ганбат, Г.Ганболд, Ш.Нямаа нар эзэмшиж байгаа. Компанийн гүйцэтгэх захирлыг 2009 он хүртэл Г.Ганбат, 2009-2010 хүртэл 1 жилийн хугацаанд хувьцаа эзэмшигч Г.Ганболд нар гүйцэтгэж байсан. Г.Ганбат нь ажиллах хугацаандаа өөрийн ажил үүргээ шударгаар гүйцэтгэх, компанид үнэнч байх, гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүйгээр компанийн үндсэн хөрөнгийг дур мэдэн бусдад барьцаалах, их хэмжээний мөнгөн дүнтэй гэрээ хэлцлийг байгуулах зэргээр хууль бус ажиллагаа явуулж, нийт 319.805.252 төгрөгийн хохирол учруулсан. Ингээд түүний төрсөн ах Г.Ганболд 2010 хүртэлх хугацаанд гүйцэтгэх захирлаар ажиллахдаа гүйцэтгэх удирдлагын эрх үүргээ хуульд зааснаар биелүүлээгүй бөгөөд компанийг төлөөлөх эрхгүй болсон үедээ 2013 онд компанийн хохирлыг арилгуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар хаалгаж компанийн хууль ёсны ашиг сонирхолд хохиролтой үйл ажиллагаа явуулсан. 2005 оноос хойш ах, дүү хувьцаа эзэмшигчид, нэгдмэл сонирхол бүхий этгээдүүдийн дээрх ажиллагааны улмаас компани болон бусад хувьцаа эзэмшигчдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөж, “Жи Энд Эр” ХХК-ийн хэвийн үйл ажиллагаа зогссон. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хуралдуулахаар зар, мэдэгдэх хуудсыг хувьцаа эзэмшигчдийн гарт нь болон гэр, ажлын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлж, өдөр тутмын сонинд зар байршуулан хүргүүлсэн боловч ирээгүй, үүнээс хойш хурлыг хойшлуулан 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр, 2016 оны 2 дугаар сарын 06-ны өдөр, 2016 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр, 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр, 2016 оны 7 дугаар сарын 2-ны өдөр, 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр тус тус нийт 6 удаа хуралдуулахаар зарыг хувьцаа эзэмшигчдэд бүхий л хувилбараар хүргүүлсэн. Б.Гантөмөр, Г.Ганбат, Г.Ганболд нар хуралд ирэхгүй гэсэн бичиг ирүүлсэн бол хувьцаа эзэмшигч Ш.Нямаа огт холбогддоггүй. Тиймээс Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4-т заасны дагуу 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөр хойшилсон хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдаж, 2016 оны 016/01 дугаар тогтоолын хавсралтаар “Жи Энд Эр” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталж, мөн өдрийн 016/02 дугаар тогтоолоор гүйцэтгэх захирлаар Р.Алтангэрэл намайг томилж шийдвэрлэсэн. Иймд Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83, мөн зүйлийн 83.8-д заасны дагуу “Жи Энд Эр” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга тэмдгийг хувьцаа эзэмшигч Г.Ганболдын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Ганболд шүүхэд гаргасан тайлбартаа: Р.Алтангэрэл нь “Жи энд Эр” ХХК-ийг төлөөлөх эрхтэй, нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш. “Жи энд Эр” ХХК нь түүний хувьцааг 50, 50 хувиар эзэмшдэг 2 гэр бүл буюу Раднаа агсан болон хүү Р.Алтангэрэл, Р.Алтансүх, Р.Алтанцэцэг нар, нөгөө талаас Б.Гантөмөр түүний хүү Г.Ганболд, Ганбат, бэр Ш.Нямаа нарын эзэмшлийн компани. 2010 оноос хойш тус компани хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудлаар санал нэгдэхгүй, Компаний тухай хуульд нийцүүлэн хурлаа хийж чадахгүй, 1996 оноос хойш компаний дүрмээ шинэчлэн баталж чадахгүй байгаа. Бид компаний 50 хувийг эзэмшигч нөгөө талд хувьцаа эзэмшигчдийн хурлаар шинэчилсэн дүрмийн төсөл, Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны шийдвэр болон нэгдмэл сонирхолтой хувьцаа эзэмшигч бидний удаа дараа тавьж буй саналын дагуу сүүлийн жилүүдийн ногдол ашгийн асуудал, компаний 2010 оноос хойш үйл ажиллагаа нь нийт хувьцааны 50 хувийг эзэмшигч манай гэр бүлийн оролцоогүй явагдаж байгааг харгалзан санхүүгийн сүүлийн 5 жилийн анхан шатны баримт бичигтэй танилцах боломжийг олгох, 5 жилийн тайланг хэлэлцүүлэх санал удаа дараа тавьсан, хүлээн аваагүй учир хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийлгэхээс татгалзсан юм. Гэтэл 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр нэгдмэл сонирхолтой ах дүү 3 хуралдаж, компаний дүрмийг батлах, гүйцэтгэх захирал томилох зэрэг асуудлыг дангаараа шийдвэрлэж байгаа нь Компаний тухай хуулийг зөрчсөн төдийгүй тэдний хийсэн энэхүү хууль бус хурлаас гарсан шийдвэрүүд улсын бүртгэлд бүртгэгдэн хууль ёсны болох боломжгүй. Тухайн хурлаар баталсан компаний дүрэм, гүйцэтгэх захирлын өөрчлөлт улсын бүртгэлд бүртгэгдэн албажаагүй тул Р.Алтангэрэлийг “Жи Энд Эр” ХХК-ийг төлөөлөх эрхтэй, компанийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй захирал гэж үзэх боломжгүй байна. Иймд төлөөлөх эрхгүй этгээдийн нэхэмжлэлээр компаний гэрчилгээ, тамгыг шилжүүлэн өгөх боломжгүй бөгөөд энэ асуудал 3 шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 болон 65.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. Нэхэмжлэгчийн энэ удаагийн тавьсан нэхэмжлэлийн шаардлагыг компани шүүхээр шийдвэрлүүлэх бус хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх ёстой бөгөөд Р.Алтангэрэл нар 50 хувийн хувьцааг эзэмшигч бидэнд хүндэтгэлтэй хандаж, тэдний зүгээс компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэхээр тавьж буй асуудлыг хүлээн авсан нөхцөлд компаний үйл ажиллагаа гацаанаас гарах боломжтой гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/05818 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8-д заасныг баримтлан хариуцагч Г.Ганболдоос “Жи Энд Эр” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдэгтийг гаргуулан нэхэмжлэгч “Жи Энд Эр” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн 417 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/05818 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8-д” гэснийг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч Г.Ганболд, өмгөөлөгч Д.Намсрайжав нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Жи энд Эр” ХХК нь түүний хувьцааг 50:50 хувиар эзэмшдэг 2 гэр бүл 1 Раднаа агсаны гэр бүл буюу Раднаа агсан болон түүний хүү Р.Алтангэрэл. Р.Алтансүх, Р.Алтанцэцэг нэг талаас Б.Гантөмөр болон түүний хүү Г.Ганболд. Ганбат, бэр Щ.Нямаа нар нөгөө талаас эзэмшлийн компани бөгөөд 2010 оноос хойш тус компани хувьцаа эзэмшигчдийн хурал хэлэлцэх асуудлаараа санал нэгдэж чадахгүй байгаагийн улмаас хурлаа Компаний тухай хуульд нийцүүлэн хийж чадахгүй өдийг хүрч байгаа билээ.
Мөн компаний ганц үндсэн хөрөнгө болох 4 давхар барилга нөгөө талын эзэмшилд байна. Тэд түүнийг ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа тул бид 2010 оноос хойшхи хугацааны санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, мөн хугацааны санхүүгийн анхан шатны баримт бичигтэй ХЭХ-аас өмно танилцуулах /Компаний тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.5/-ыг тэднээс хүсэж, хэлэлцэх асуудлаар санал нэгдээгүй тохиолдолд ХЭХ-ыг хуралдуулахаас татгалзаж, энэ тухайгаа тэдэнд удаа дараа мэдэгдэж байсан болно. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас 1 хоногийн өмнө буюу 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр тэдэнд дахин энэ тухай мэдэгдэж, хэлэлцэх асуудлаар санал нэгдээгүй тохиолдолд хурал хуралдуулахаас татгалзаж байгаагаа мэдэгдсэн. Энэ тухай нотлох баримт хавтаст хэргийн 76 дугаар хуудсанд байгаа болно.
Гэтэл Б.Алтангэрэл нарын төрсөн ах дүү гурав 2016 оны 07 дугаар сарын 23-нд 25.0 %-ийн ирцтэйгээр “хойшлогдсон хурал” энэ хурлаараа компаний шинэчилсэн дүрэм баталснаараа компаний 50%-ийн хувьцааг эзэмшиж буй манай гэр бүлийнхний эрхийг ноцтой зөрчсөн төдийгүй, компаний тухай хуулийг ч уландаа гишгэсэн юм.
Анхан болон давж заалдах шатны шүүхэд бид энэ талаар тодорхой тайлбар өгч, маргаж, мэтгэлцэж, мөн тэдний энэ хууль бус үйлдлийн нотолгоо /хурал хуралдуулахаас татгалзсан манай 2016 оны 07 дугаар сарын 22-ны бичиг, 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ХЭХ-ын тэмдэглэл, тайлбар нь хангалттай байсаар атал анхан шатны шүүх нотлох баримтуудыг зөв, бодитой дүгнэж чадсангүй, давж заалдах шатны энэ алдааг нь зассангүй. Бид өөрсдийнхөө хэмжээнд энэхүү хойшлогдсон гэх хурлыг хууль бус гэж үзэж маргасан бөгөөд хууль бус хурлаар батлагдсан дүрэм, томилогдсон гүйцэтгэх захирал ч хууль ёсны болж чадахгүй гэж үзэж тамга тэмдэг, гэрчилгээг өгөхөөс татгалзсан билээ.
Мөн энэ хууль бус хурлаар батлагдсан компаний дүрэм хавтаст хэрэгт авагдсан байгаа. Уул дүрэм дээр компаний 50 хувийг эзэмшигчдийн гарын үсэг байхгүй. Эдгээр гарын үсгийг нэхэмжлэгчдийн шаардаж буй компаний тамга орлохгүй бөгөөд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн алба ийм дүрмийг бүртгэхгүй.
Мөн хувьцаа эзэмшигч Р.Алтангэрэл өөрийн эцэг Р.Раднаа агсны эзэмшлийн 25 хувийн хувьцааг Өвлөх эрхийн гэрчилгээний дагуу өвлөн авсан гэж шинэчилсэн дүрэмд үүнийгээ тусгасан байх боловч дүрэм өмнө дурьдсан шалтгаанаар улсын бүртгэлд бүртгэгдэхгүй учир түүний эзэмшлийн хувьцаа 30 %-д хүрсэн нь хууль ёсоор баталгаажаагүй, гэсэн үг биш. Тухайн тохиолдолд, үл хөдлөх хөрөнгө байлаа гэж бодоход хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдсэнээр үүсдэг болохоос бус Өвлөх эрхийн гэрчилгээгээр үүсдэггүйтэй адил. Үүнээс үүдэн тэд хойшлогдсон гэх хурлаараа компаний дүрмийг 25 хувийн ирцтэйгээр баталсан болж байгаа бөгөөд үүгээрээ Компаний тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.5-ыг зөрчсөн байгаа юм. Ийнхүү хойшлогдсон гэх хурлын хууль бус болох нь хэний ч нүдэнд ил, бид түүнийг нь бид шат шатны шүүхэд тайлбарласаар, маргасаар байхад шүүх бидний тайлбарыг эс хэрэгсэж, хуулийн үүднээс авч үзэхгүй байгааг бид хэт нэг талыг барьсан, хууль бус шийдвэргаргасан. Иймд энэ хэргийн талаар гаргасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.
Нэхэмжлэгч “Жи Энд Эр” ХХК нь хариуцагч Г.Ганболдоос тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдгийг гаргуулахаар шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэр гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...Р.Алтангэрэл нь компанийг төлөөлөх эрхгүй, хувь эзэмшигчдийн хурал хууль бус” гэсэн тайлбар гаргаж маргажээ.
“Жи Энд Эр” ХХК нь 1996 онд 8 гишүүнтэй байгуулагдсан ба хувьцааны 50 хувийг Р.Раднаа, Р.Алтангэрэл, Р.Алтансүх, Р.Алтанцэцэг нарын эцэг хүүхдүүд, үлдэх 50 хувийг Г.Ганболд, Г.Ганбат, Б.Гантөмөр, Ш.Нямаа нарын ах дүүс эзэмшдэг бөгөөд гүйцэтгэх захирлын үүргийг 2009 он хүртэл Г.Ганбат, 2009 оны 1 сараас 2010 оны 1 сарын 3 хүртэл Г.Ганболд гүйцэтгэж байсан, энэ талаар маргаагүй байна.
Харин 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хүчинтэй эсэх, Р.Алтангэрэл компанийг төлөөлөх эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.
Хариуцагч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын талаар дүгнэлт хийхэд энэ хэргийг шийдвэрлэхээс өмнө зохигчдын хооронд үүссэн иргэний маргааны талаар дурдах шаардлагатай гэж үзэв. Үүнд:
1. Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 18-ний өдрийн 1564 дүгээр шийдвэрээр хариуцагч Г.Ганбат нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа компанид хохирол учруулсан гэж үзэж, түүнээс 319.805.252 төгрөг гаргуулж, “Жи Энд Эр” ХХК-д олгож шийдвэрлэжээ /хавтаст хэргийн 23-25 дугаар тал/.
2. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 759 дүгээр шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 581 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 574 тогтоолоор хариуцагч Г.Ганболдыг “Жи Энд Эр” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхгүй буюу гүйцэтгэх захирлын үүрэг дуусгавар болсныг тогтоож шийдвэрлэжээ /хавтаст хэргийн 26-37 дугаар тал/.
3. “Жи Энд Эр” ХХК-ийн захирал Г.Ганболд нь “...шийдвэрээр Г.Ганбатаас тус компанид төлүүлэхээр шийдвэрлэсэн 321.564.752 төгрөгийг төлбөр авагчтай тохиролцон авах болсон тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоох” хүсэлт гаргасныг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ. Нэхэмжлэгч Р.Алтангэрэл нар дээрх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 04366 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 1534 дүгээр магадлалаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 1 дүгээр сарын 6-ний өдрийн 46 тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулахыг даалгаж шийдвэрлэжээ /хавтаст хэргийн 54-61 дүгээр тал/.
Г.Ганболдын гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх дуусгавар болсон нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, энэ тохиолдолд дараагийн гүйцэтгэх удирдлагыг шинээр сонгох шаардлага зайлшгүй бий болсон гэж үзнэ.
Түүнчлэн Компанийн тухай хууль 2011 оны 10 дугаар сарын 6-ны өдөр шинэчлэн батлагдсан тул уг хууль батлагдахаас өмнө улсын бүртгэлд бүртгэгдсэн компани дүрмээ мөн хуульд нийцүүлэн өөрчилж, компанийн дүрэмд оруулсан өөрчлөлтийг 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор улсын бүртгэлд бүртгүүлэхээр Компанийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан ба “Жи Энд Эр” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид дүрмээ хуульд нийцүүлэн өөрчилж, улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна.
Хувьцаа эзэмшигч Р.Раднаа 2016 оны 1 дүгээр сарын 18-ний өдөр нас барсан, түүний эзэмшиж байсан 25 хувийн хувьцааг Р.Алтангэрэл өвлөн авсан нь тогтоогдсон /хэргийн 7 дугаар тал/, энэ талаар маргаагүй байна.
Саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч санал, шаардлага гаргасан тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахаар Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасан. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, компанийн хувьцааны 50 хувийг эзэмшигч Р.Алтангэрэл, Р.Алтансүх, Р.Алтанцэцэг нар 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2016 оны 7 дугаар сарын 2-ний өдөр хуралдуулахаар шийдвэрлэж, хурлаар Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн компанийн дүрмийг өөрчлөн батлах, гүйцэтгэх захирлыг сонгох, эрх хэмжээ, цалин хөлсийг тогтоох, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд өгсөн гүйцэтгэх удирдлагын дүгнэлтийг батлах асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэж, бусад хувьцаа эзэмшигч нарт мэдэгдсэн, Г.Ганболд, Г.Ганбат, Б.Гантөмөр нар 2016 оны 6 дугаар сарын 25-нд хуралд оролцох боломжгүй талаар мэдэгджээ.
Саналын эрх бүхий хувьцааны 50-с дээш хувьд хүрээгүй тул ээлжит бус хурлыг 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хойшлуулж, хурлын товыг нэр бүхий хувьцаа эзэмшигч нарт мэдэгдсэн, Г.Ганболд, Г.Ганбат, Б.Гантөмөр нар оролцох боломжгүй талаар хариу мэдэгджээ.
Компанийн хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон хуралд 50 хувийн хувьцаа эзэмшигч Р.Алтангэрэл, Р.Алтансүх, Р.Алтанцэцэг нар оролцсон ба улмаар компанийн дүрмийг шинэчлэн баталж, гүйцэтгэх захирлаар Р.Алтангэрэлийг сонгож, цалин хөлсийг тогтоосон нь хэргийн баримтаар тогтоогджээ /хавтаст хэргийн 8-22, 76-85 дугаар тал/.
Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-т зааснаар компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх эрхтэй бөгөөд 63 дугаар зүйлийн 63.1-т “хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж байгаа асуудлыг санал хураалтаар шийдвэрлэхэд энгийн хувьцаа эзэмшигч энэ хуулийн 34 дүгээр зүйлд, давуу эрхийн хувьцаа эзэмшигч энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан саналын эрх эдэлнэ”. 63.5-т “энэ хууль болон компанийн дүрэмд зааснаас дээгүүр хувь тогтоогоогүй, эсхүл хуульд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн гишүүдийг сонгохоос бусад асуудлаар гаргах шийдвэр хуралд саналын эрхтэй оролцож байгаа хувьцаа эзэмшигчдийн олонхийн саналаар хүчин төгөлдөр болно”, 63.6-т “Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн гишүүдийг сонгохдоо нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан хүнийг сонгоно. 63.7-т “энэ хуулийн 62.1.1-62.1.6-д заасан асуудлыг хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор шийдвэрлэнэ, 69 дүгээр зүйлийн 69.4-т “Компанийн дүрмээр илүү өндөр хувь тогтоогоогүй бол саналын эрхийн 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хуралд оролцсоноор энэ хуулийн 69.3-т заасны дагуу хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр болно” гэж тус тус зохицуулжээ.
Ээлжит бус хурлыг товлон хуралдуулах, зарыг саналын эрхтэй хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэх, хурлыг хойшлуулан дахин товлон зарыг мэдэгдэх, түүнчлэн хойшлогдсон хурал анх тогтоосон хэлэлцэх асуудлын хүрээнд шийдвэрлэсэн нь Компанийн тухай хууль зөрчөөгүй бөгөөд энэ талаарх шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т зааснаар хувьцаа эзэмшигч нь хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд хариуцагч Г.Ганболд болон бусад хувьцаа эзэмшигч нар шүүхэд гомдол гаргаагүй байна.
Дээр дурдсанаар компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хүчин төгөлдөр тул Р.Алтангэрэл нь компанийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болно.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг давж заалдах шатны шүүх залруулж энэ үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох талаарх хариуцагч түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн 417 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Г.Ганболд түүний өмгөөлөгч Д.Намсрайжав нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 03 дугаар сарын 09-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ