Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2018/0532

 

Ч.Д-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

                             

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Ч.Д, хариуцагчийн өмгөөлөгч П.Б нарыг оролцуулан хийж, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Д, гуравдагч этгээд Т.З нарын гаргасан давж заалдах гомдлоор, Ч.Д-гийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 29 дүгээр зүйлийн 29.2.4, Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 13 дугаар зүйлийн 13.8.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Д-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгон, Ч.Д-г Завхан аймгийн Баянтэс сумын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож,

2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Ч.Д-гийн ажилгүй байсан 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 111 хоногийн цалин, хөлс 5456982 төгрөгийг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон суутгаж холбогдох дэвтрүүдэд бичилт хийж олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Д давж заалдах гомдолдоо: “...Шүүх хэргийн оролцогчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс талуудын хооронд маргааны үйл баримт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шүүхийн шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий” байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул дор дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Нэг. Анхан шатны шүүх Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт буй “мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон ...өдрөөс хойш 30 хоногийн дотор, ...гаргах” гэснийг тухайн албан тушаалд шинээр томилогдож байгаа албан тушаалтанд хамаарна гэж буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүх нийтийн албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргах хуулийн зохицуулалтын үзэл санаа, агуулгыг анхаарч үзэх ёстой байсан. Албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргах нь тэднийг авлига авахаас урьдчилан сэргийлэх, төрийн албыг ард түмний тусын тулд, хуулийн хүрээнд явуулах гол механизм. Төрийн албан хаагчид тухайн албан тушаалд томилогдохдоо хэдий хэмжээний хөрөнгөтэй байсан, ажиллаж байх хугацаанд ямар хэмжээний хөрөнгөтэй болсон, ашиг сонирхлын зөрчилд орсон уу гэдэгт эрх бүхий байгууллага хяналт тавьж, төрийн албан хаагчийн үндэслэлгүйгээр хөрөнгөжих, авлигын гэмт хэрэг болон ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх чухал хэрэгсэл билээ.

Өөрөөр хэлбэл, иргэн төрийн албан тушаалд ажиллаж байгаа л бол түүний төрийн албан тушаалд ажиллаж байх үеийн хөрөнгө, орлого, хувийн ашиг сонирхлын байдал нь хуулийн хяналтаас гадуур үлдэх ёсгүй нь хуулийн гол үзэл баримтлал билээ.

Нэхэмжлэгч Ч.Д нь аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/123 дугаартай захирамжаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь 2016.01.01-2016.11.11-ний хоорон дахь хугацаанд төрд ажиллаж цалин хөлс авч хөрөнгө, орлого олсон нь ойлгомжтой. Хариуцагч нэхэмжлэгч Ч.Д-г 2016 оны хөрөнгө, орлого, хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор гаргаж өгөөгүй нь хүндэтгэх шалтгаантай байсныг үгүйсгээгүй.

Харин тэрээр шүүхийн шийдвэрийн дагуу албан тушаалд эгүүлэн томилогдсоныхоо дараа 30 хоногийн дотор 2016 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаагүй явдалд нь хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй, хуулийг өөрийнхөөрөө ойлгож 2016 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргахгүй гэж тайлбарлаж байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаан биш бөгөөд хуулийг мэдэхгүй байх нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Ялангуяа нэхэмжлэгч нь төрийн удирдах албан тушаалтан, ашиг сонирхлын зөрчилд өртөх, авлигын гэмт хэрэгт холбогдох өндөр эрсдэлтэй албан тушаалтан байхад тэрээр 2016 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргахгүй гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, ийнхүү үзэх нь төрийн албанд, тэр тусмаа удирдах албан тушаалд ажиллаж байгаа хүний хувьд байж боломжгүй үйлдэл бөгөөд хэрэв ийнхүү үзвэл түүний 2016.01.01-2016.11.11-ний хоорон дахь хугацааны хөрөнгө, орлогын байдал нь тодорхойгүй, хуулийн хяналтаас гадуур үлдэж байна.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 2016 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах үүрэггүй, учир нь уг хуулийн заалт нь зөвхөн шинээр томилогдсон албан хаагчийн хувьд л хамаарах зохицуулалт байсан гэж хуулийг тайлбарласнаараа Авлигын эсрэг хуульд заасан албан тушаалтан хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах зохицуулалтын үзэл санаа, агуулгыг алдагдуулсан гэж үзэж байна.

Хоёр. Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт “мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон ... өдрөөс хойш 30 хоногийн дотор, ... гаргах” гэж заасны “томилогдсон” гэсэн ойлголт нь зөвхөн “төрийн албанд шинээр томилогдсон” гэсэн утгыг илэрхийлэхгүй.

Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд төрийн албан тушаалтан “төрийн албанд шинээр томилогдохоос” гадна “өөр албан тушаалд сэлгэн томилогдох”, “өөр албан тушаалд шилжүүлэн томилогдох”, “эзгүй албан тушаалын ажил үүргийг түр орлон гүйцэтгэхээр томилогдох”, “албан тушаалдаа буцаан буюу эгүүлэн томилогдох” зэрэг тохиолдлуудыг хуульчилсан байна.

Гэтэл шүүх нэхэмжлэгчийг 2016 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах үүрэггүй буюу “өөр албан тушаалд сэлгэн томилогдсон”, “өөр албан тушаалд шилжүүлэн томилогдсон”, “өөр албан тушаалтны ажил үүргийг түр орлон гүйцэтгэхээр томилогдсон”, “албан тушаалдаа буцаан буюу эгүүлэн томилогдсон" бүх тохиолдолд тухайн албан тушаалтан хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргахгүй гэж хуулийг тайлбарласан нь буруу гэж үзэж байна.

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт “томилогдсон” гэсэн ойлголтод эдгээр бүх тохиолдол хамаарч байгаа бөгөөд одоогийн практикт ч дээрх бүх байдлаар томилогдсон албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсоноосоо хойш 30 хоногийн дотор гаргаж өгдөг бөгөөд Авлигатай тэмцэх газар ч уг байдлаар хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байгаа болно.

Шинээр төрийн албанд ажилд орсон иргэн ч өмнөх оныхоо хөрөнгө, орлогын байдлыг мэдүүлдэг байхад шүүхээс хуулийг тайлбарлахдаа хуулийн заалтад шинэ нөхцөл нэмж хуулийн зохицуулалтыг явцууруулан тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Гурав. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй гэжээ. Хариуцагчийн зүгээс маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгчид 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр болон 03 дугаар сарын 12-ны өдөр тус тус мэдэгдсэн байдаг ба нэхэмжлэгч тал үүнтэй маргаагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, ...шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заажээ. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно" гэж заасны дагуу нэхэмжлэгчийн эрх, үүрэг, хариуцлага Хөдөлмөрийн тухай хуулиар давхар тодорхойлогдоно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасны дагуу шууд шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нэхэмжлэгчид нээлттэй байсан байна. Гэтэл нэхэмжлэгч хуульд тодорхой заасан хугацааны дотор эрхээ эдлэх боломжтой байхад ийнхүү эрхээ эдлээгүйнхээ үр дагаврыг өөрөө хариуцах ёстой гэж үзэж байна.

Түүнчлэн маргаан бүхий захиргааны актад нэхэмжлэгч нь захиргааны актыг зөвшөөрөөгүй тохиолдолд 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тодорхой заасан байхад тэрээр өөрөө Ерөнхий сайдад гомдол гаргаж шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлснийг зөвтгөх үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч тал хэрэв шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан бол шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж үзэж байгаа боловч өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа дээрх хуулиуд, түүнийг хэрэглэн шийдвэр гаргаж байгаа шүүхийн практикт ч энэ төрлийн нэхэмжлэлийг шүүх урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгэхийг шаардахгүйгээр шууд хүлээн авч байгаа билээ.

Иймд нэхэмжлэгч тал хуульд заасны дагуу шууд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан, мөн маргаан бүхий захиргааны актад ч энэ талаар тодорхой заасан байхад тэрээр хуульд заасан хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрдсэн гэж үзэж байна.

Дөрөв. Анхан шатны шүүх хариуцагчийн зөвхөн Авлигатай тэмцэх газрын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 05/1929 дугаартай албан бичгийг үндэслэж нэхэмжлэгчийг ажлаас халах тушаал гаргасан мэтээр Үндэслэх хэсэгт дурдсан байна. Хариуцагчийн зүгээс Авлигатай тэмцэх газрын дээрх албан бичгийг ирэхээс өмнө захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлсэн байсан бөгөөд захиргааны акт гаргах бодит нөхцөл байдлыг тогтоохын тулд асуудлыг Авлигатай тэмцэх газарт тавьж шалгуулсан. Өөрөөр хэлбэл, уг албан бичиг нь захиргааны акт гаргах болсон нэг л баримт юм. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч зөвхөн уг албан бичгийг үндэслэж захиргааны акт гаргасан мэтээр дүгнэсэн, мөн уг албан бичгийн хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах эсхүл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэрийг гаргаж өгнө үү” гэжээ.

 

Гуравдагч этгээд Т.З давж заалдах гомдолдоо: “Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Т.З миний бие энэхүү гомдлыг гаргаж байна.

Нэг. Анхан шатны шүүх энэ маргааны улмаас миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй гэж үзэн намайг гуравдагч этгээдээр татсан болно. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг надад мэдэгдсэн бөгөөд миний бие оролцох боломжгүйгээ илэрхийлсэн. Харин 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр болсон шүүх хуралдааны товыг надад мэдэгдээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээ эдлэх боломжийг олголгүйгээр шүүх хуралдаан хийж шийдвэр гаргасанд гомдолтой байгаа бөгөөд энэ нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнд тооцогдоно.

Хоёр. Нэхэмжлэгч Ч.Д 2016 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргахгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, түүнийг зөвтгөн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан гэж үзэж байна. Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт “мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргана” гэж тов тодорхой заасан.

Нэхэмжлэгч Ч.Д шүүхийн шийдвэрийн үндсэн дээр гарсан аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/87 дугаар захирамжаар ажилдаа эгүүлэн томилогдож, 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/16 дугаар захирамжаар ажлаасаа чөлөөлөгдөх хүртэлх бүтэн 6 сарын хугацаанд 2016 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах боломж бүрэн байсан нь харагдаж байна. Гэтэл тэрээр хуулийг өөрийнхөөрөө ойлгож 2016 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж өгөөгүй нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй.

Өнөөдөр төрийн албанд шинээр томилогдсон, дэвшин томилогдсон, шилжүүлэн томилогдсон, буцаан томилогдсон, түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон бүх хүн хуульд заасан 30 хоногийн дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ гарган өгч байгаа. Миний хувьд ч аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/39 дүгээр захирамжаар Баянтэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсоныхоо дараа хуульд заасан хугацааны дотор хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргасан болно.

Гурав. Нэхэмжлэгч Ч.Д 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс 2016 оны 11 дүгээр сарын 11-ний хооронд төрд ажилласан тодорхой хэмжээний хөрөнгө, орлого олсон гэдгээ үгүйсгэж чадахгүй гэж бодож байна. Ийм ч учраас тэрээр 2016 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж өгөх хуулийн шаардлага шинээр орсон байна уу, ажилдаа буцаан томилогдсон байна уу ялгаагүй тавигдана гэж ойлгож байна. Гэтэл нэхэмжлэгч зөвхөн өөрийгөө хуулиас гадуур, түүний хөрөнгө, орлогын байдал эрх бүхий байгууллагын хяналтаас гадуур байх юм шигээр ойлгож, тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг анхаарахгүй хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж ойлгож байна.

Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэрийг гаргаж өгнө үү” гэжээ.                   

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянав.

Нэхэмжлэгч Ч.Д нь “Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Баянтэс сумын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгэхийг даалгуулах” шаардлага гаргасан бөгөөд анхан шатны маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “анхан шатны шүүх Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, тус зохицуулалтын томилогдсон гэдэг нь зөвхөн шинээр томилогдсон албан хаагчийн хувьд ашиглагдахгүй мөн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн тул татгалзах үндэслэлтэй байсан, хариуцагчийг зөвхөн Авлигатай тэмцэх газрын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 05/1929 дугаартай албан бичигт үндэслэн маргаан бүхий актыг гаргасан хэмээн буруу дүгнэсэн байна” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/16 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ч.Д-г “хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргаагүй” гэсэн үндэслэлээр Баянтэс сумын бүрэн дунд сургуулийн захирлын үүрэгт ажлаас халжээ.

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д “Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хааж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй” гэж хуульчилжээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл мэдүүлэг гаргагч албан тушаалд шинээр томилогдсон эсвэл сонгогдсон өдрөөс хойш хөрөнгө, орлогын мэдүүлгээ 30 хоногийн дотор харьяалах захиргааны байгууллагад гаргахаар байх бөгөөд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн тогтоогдсоныг шинээр албан тушаалд томилогдсон гэж үзэхээргүй байна.

Төрийн үйлчилгээний албан тушаалтны хувьд албан тушаалд шинээр томилогдсон гэж “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-аар зохицуулагдаж буй эрх зүйн харилцааг ойлгохоор байх бөгөөд энэ тохиолдолд томилогдсон, сонгогдсон албан тушаалтан Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д зааснаар хөрөнгө, орлогын мэдүүлгээ 30 хоногийн дотор гаргах өгөх үүргийг хүлээдэг.

Харин шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоогдох нь хариуцагчийн хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн үр дагаврыг арилгаж буй үйл явц бөгөөд тухайн албан тушаалтан өмнө эрхэлж байсан ажил албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн, халагдсан болохыг шүүх тогтоосон буюу эрхэлж байсан ажил, албан тушаалаа үргэлжлүүлэн гүйцэтгэж байгааг ойлгоно.       

Нэхэмжлэгч Ч.Д-г ажлаас чөлөөлсөн Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/123 дугаар захирамжийг хүчингүй болгосон Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0269 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 230 дугаартай тогтоол гарч хуулийн хүчин төгөлдөр болсноор нэхэмжлэгч нь Баянтэс сумын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоогдсон, Завхан аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/87 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилсон байна.

Иймд нэхэмжлэгч нь тухайн албан тушаалд шинээр томилогдоогүй, харин өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоогдсон гэж үзэх тул нэхэмжлэгчийг Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баримталж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй.

Мөн “2016 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор гаргаж өгөх ёстой байсан боловч хариуцагчийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/123 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөгдөж, 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн захирамжаар ажилд эгүүлэн томилогдсон тул дээрх хугацаанд мэдүүлгээ гаргаж өгөх боломжгүй байсан байна” гэж анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэлтэй дүгнэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн эсэх тухайд Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “иргэн, хуулийн этгээд нь гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад гаргана” гэсний дагуу нэхэмжлэгчээс аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/16 дугаар захирамжийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдад гомдол гаргасныг буруутгах боломжгүй байна гэж дүгнэсэн.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, Нийслэлийн Засаг дарга, аймаг, Нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заажээ.

Нэхэмжлэгчийн аймгийн Засаг даргын захирамжийн талаар Ерөнхий сайдад хандаж гаргасан гомдлыг 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч Засгийн газрын бичиг хэрэгт дамжуулсан талаар хэрэгт авагдсан баримтад тулгуурлан анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Мөн гуравдагч этгээдийн “... шүүх хуралдааны товыг надад мэдэгдээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжийг хангаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь шүүх гуравдагч этгээд Т.З-д 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр болох шүүх хуралдааны товыг 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр утсаар мэдэгдсэн байх боловч тэрээр “...шүүх хуралдаанд оролцохгүй” гэснээс үзвэл анхан шатны шүүх гуравдагч этгээдэд шүүх хуралдааныг товыг мэдэгдэх үүргээ биелүүлсэн байна.

Мөн Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч “шүүхээс гуравдагч этгээдэд 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн нэг хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлаж өгсөн боловч хариу тайлбар ирүүлээгүй байгаа талаар тэмдэглэгдсэн байгаагаас үзвэл шүүх гуравдагч этгээдийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно”, 91.5-д “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ” гэсэн хуулийн зохицуулалтад нийцжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн цалин хөлстэй холбоотой бичгийн нотлох баримтуудад тулгуурлан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцож олгуулахаар, мөн холбогдох шимтгэл, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрийн нөхөн бичилтийг зохих журмын дагуу хийхийг хариуцагчид тус тус даалгаж шийдвэрлэсэн нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

Түүнчлэн хавтаст хэрэгт Завхан аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/89 дүгээр захирамжаар Ч.Дг ажлаас нь чөлөөлсөн байх боловч нэхэмжлэгч тус захирамж гарснаас хойш маргаан бүхий захирамж гарах хүртэл албан үүргээ хэвийн гүйцэтгэж байсан болох нь тогтоогдсон, нэхэмжлэгч тус захирамжтай маргаагүй тул шүүх тус захирамжийн талаар дүгнэлт хийх шаардлагагүйг, мөн хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б/89 дүгээр захирамжийг гаргаагүй гэж тайлбарласан байх тул тус шийдвэр үр дагаваргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Д, гуравдагч этгээд Т.З нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

                               ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

                               ШҮҮГЧ                                                            Н.ХОНИНХҮҮ