Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 03

 

 

 

 

 

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
                                                                                         

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Нэхэмжлэгч: Б.Ариунжаргалын нэхэмжлэлтэй 
Хариуцагч:  Архангай аймгийн Засаг дарга, тус аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргад холбогдох 
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд зарласан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгохыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ариунжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд, хариуцагч Архангай аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Ц.Мөнхбат, хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнгөнзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Лхамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ариунжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Нэхэмжлэгч    Б.Ариунжаргал миний бие тус сумын 5 дугаар цэцэрлэгт 2006 оноос эхлэн бүлгийн багшаар ажиллаж байх хугацаандаа 2014 оны хавар болсон 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтанд орж 63.2 оноо, мөн 2014 оны 09 дүгээр сарын 12-нд зарлагдсан цэцэрлэгчийн эрхлэгч нарын сонгон шалгаруулалтанд дахин орж 78.1 оноо авч тэнцэж байсан. Ингээд Б.Ариунжаргал миний биеийг Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн б/13 дугаар захирамжаар 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилсон. Уг захирамж нь хууль эрх зүйн хувьд үндэслэлтэй хүчин төгөлдөр тушаал шийдвэр тул тухайн албан тушаал дээр сул орон тоо гараагүй болно.
Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.Ариунжаргалд “Таны ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж, хууль журамд нийцүүлэх шаардлагатай байгааг мэдэгдье” гэсэн утга бүхий мэдэгдэл ирүүлсэн. Одоог болтол энэ ажлаа хийж байгаа. Ажлаас халсан чөлөөлсөн тушаал шийдвэр гараагүй байгаа. Ийм учраас би өөрийнхөө орон тоог сул орон тоо гэж үзэхгүй.
Архангай аймгийн 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд сул орон тоо гараагүй байхад хууль зөрчиж сул орон тоо гэж сонгон шалгаруулалт зарлаж байгааг эс зөвшөөрч байна. 
Иймд Архангай аймгийн 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зарласан 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр явагдах сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн нэхэмжлэлийн шаардлага нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн  9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлах тухай мэдэгдэл дээрээс энэ маргаан үүсэж байгаа. Хууль эрх зүйн үндэслэлгүй мэдэгдэл ирсэн байсан. 2015 оны 12 сарын 16-ны өдөр  б/13 дугаар захирамжаар 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийг ажилд томилохдоо одоо эрхэлж байгаа ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарлаагүй гэж мэдэгдэл дээр дурдсан байсан.  Б.Ариунжаргалын тухайд сул орон тоо биш. 
Тухайн үеийн аймгийн удирдлага албан тушаалтнууд үүнийг зохион байгуулж, ямар журмаар томилсон талаар нэхэмжлэлийн шаардлагад хамаагүй. Нэгэнт томилогдоод хөдөлмөрлөх эрхийн харилцаа үүсээд явсан байхад сул орон тоо гээд зарласан мэдэгдлийг хүчингүй болгуулах юм. 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр аймгийн Засаг дарга 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчтэй үр дүнгийн гэрээ байгуулсан. Сул орон тоо гэж үзэж байгаа юм бол яагаад үр дүнгийн гэрээ байгуулж байгаа талаар ойлгохгүй байна. 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн  орон тоо сул орон тоо биш гэдэг нь нотлогдож байна. Өнөөдөр Б.Ариунжаргалд мэдэгдэл өгснөөрөө хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. Нэгэнт Б.Ариунжаргал өдийг болтол 9 дүгээр цэцэрлэгийг удирдан ажиллуулж 2 жил болсон байхад тухайн үеийн удирдлагууд чиний буруу хууль зөрчсөн гэж ийм тайлбар хийж байгаад миний хувьд харамсалтай байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнгөнзаяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ нь Б.Ариунжаргалын 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн б/13 дугаар захирамжаар Эрдэнэбулган сумын Хүүхдийн 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилсон нь Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын 1.4.3, 1.5, 2.1, 2.2, 3.1, 3.2, 7.3, 7.5 гэх мэт заалт, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 6.1.2, 8.1.1 дэхь хэсгийг тус тус зөрчжээ.
Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын 7.5 дахь хэсэгт заасны дагуу Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдол бүрт сонгон шалгаруулалтыг шинээр зохион байгуулна гэснийг зөрчин Б.Ариунжаргалыг Эрдэнэбулган сумын Хүүхдийн 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр шалгаруулалтгүйгээр томилсон. Аймгийн Засаг дарга 2014 оны 08 дугаар сарны 15-ны өдрийн 2\1138 дугаар албан бичгээр Боловсрол соёлын газарт захиалга хүргүүлсэн байдаг.
2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр болсон сонгон шалгаруулалтад Б.Ариунжаргал 78.1 оноогоор тэнцсэн. Гэтэл аймгийн Засаг даргаас захиалга хүргүүлсэн албан бичигт 9 дүгээр цэцэрлэг ерөөсөө дурдагдаагүй. Мөн Б.Ариунжаргал ямар шаардлага хангасан талаар материал байхгүй. Ганцхан онооны жагсаалт л байдаг. Боловсролын тухай хууль болон төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс сул орон тоо гарсан гэж үзээд сонгон шалгаруулалтыг явуулах болсон. Б.Ариунжаргал ажлаа хийгээд явж байгаа учраас үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээ заавал байгуулах ёстой. Иймд Б.Ариунжаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Архангай аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Ц.Мөнхбат шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Цэцэрлэгийн эрхлэгч нь төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтан болохын хувьд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу сонгон шалгалтанд орж томилогдох ёстой. Б.Ариунжаргалыг томилохдоо “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 7 дугаар зүйлийн 7.3, 7.5, 8 дугаар зүйлийн 8.4 дахь заалтыг тус тус зөрчсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар ялгаварлах хязгаарлах, давуу байдал олгохыг хориглоно гэж заасан байдаг. Хэн нэгэн хүнийг сонгон шалгаруулалтанд ороогүй байхад орсон болгож, түр томилж ажлын байр санал болгож жинхэнэ албан хаагчаар томилж давуу байдал олгох талаар хөдөлмөрийн тухай хуульд заасан байдаг. 
Хэрвээ 2014 оных шиг нилээн олон объект заасан байх юм бол  нэг хүн нэг л албан тушаал дээр бүртгүүлнэ гэж заасан байдаг. Сонгон шалгаруулалт хуульд нийцсэн эсэх нь эргэлзээтэй байдаг.  Өмнө нь нөөц сонгон шалгаруулалтад орсон эсэх нь хамаагүй дахин шинээр сонгон шалгаруулалт явуулах ёстой байдаг. Мөн энэ журмын 8.4-т сонгон шалгаруулалтад ороогүй байвал тухайн иргэнийг удирдах албан тушаал дээр томилохгүй гэж заасан байгаа. Ийм учраас тухайн 9 дүгээр цэцэрлэг дээр сонгон шалгаруулалтыг зарласан. Б.Ариунжаргал одоогоор цэцэрлэгийн эрхлэгчийн үүргээ гүйцэтгэж байгаа учраас төрөөс өгч байгаа төсөв мөнгийг захиран зарцуулана. Хөдөлмөрийн гэрээг Б.Ариунжаргалтай байгуулж байгаа юм биш ерөнхийдөө цэцэрлэгийн эрхлэгч нартай байгуулж байгаа гэрээ гэж ойлгож болно. Иймд Б.Ариунжаргалын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Эрдэнэбулган сумын Хүүхдийн 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн сул орон тоо гэж үзэж зарласан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
    Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ариунжаргал Архангай аймгийн Засаг дарга, тус аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргад холбогдуулан “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд зарласан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна. 
Уг маргааны үйл баримтаас үзэхэд: Б.Ариунжаргал нь Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” мэдэгдэлийг хүлээн авсан байна. 
Мэдэгдэлд “Таныг аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн б/13 дугаар захирамжаар IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд томилохдоо одоо эрхэлж байгаа ажлын байр буюу IX дүгээр цэцэрлэгийн ажлын байранд сонгон шалгаруулалд зарлаагүй, урьд зарласан VI дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн сул орон тоонд зарласан сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн тухайн албан тушаалд томилсон  нь Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 7.5-д нийцээгүй байна. Иймд таны ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж хууль журамд нийцүүлэх шаардлагатай байгааг мэдэгдье гэжээ. /х.х-н 8/ Тус мэдэгдлийг хүлээн авснаар уг маргаан үүсжээ.
Шүүх нэхэмжлэгч Б.Ариунжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх зүйтэй гэж шүүх дүгнэв.  Учир нь:
Архангай аймгийн Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Б.Ариунжаргалыг ажилд томилох тухай” б/13 дугаар захирамжаар тус аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн IX цэцэрлэгчийн эрхлэгчийн албан тушаалд томилогдон 2  жил, цэцэрлэгийн байгууллагад 11 жил, улсад 12 жил ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа мэргэжил, мэргэшлээ дээшлүүлэх сургалтанд хамаарагдаж, үр дүнгийн гэрээг байгуулж, биелэлтийг дүгнүүлж урамшуулал авч байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.  /х.х-н 7, 9-27, 78-82, 96-106, 111-115, 128-131/
Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “..Эрдэнэбулган сумын Хүүхдийн IX цэцэрлэгийг шинээр баригдаж, шинэ объект бий болсон тул  уг цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалт зарлах байсан,  сул орон тоо гарсан гэж үзэж сонгон шалгаруулалт зарласан..” гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.
    Нэхэмжлэгч Б.Ариунжаргал нь Архангай аймгийн Боловсролын газраас 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зарласан 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгаруулалт”-д оролцон 63.2 оноо буюу хангалттай, мөн Архангай аймгийн Засаг даргын орлогчийн 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2/1138 дугаар албан бичгийн дагуу тус аймгийн Боловсролын газраас 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулсан “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгаруулалт”-д оролцон 78.1 оноо авч тэнцсэн байна. /х.х-н 92, 95/

Архангай аймгийн Боловсролын газрын 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 326 дугаар албан бичгээр Б.Ариунжаргалыг тус аймгийн Эрдэнэбулган сумын IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр  түр томилох тухай саналыг Архангай аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна. /х.х-н 120/
Монгол Улсын Авилгатай тэмцэх газрын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай” 03/10926 дугаар албан бичигт “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн IX дүгээр цэцэрлэгийн  эрхлэгчээр томилогдохоор нэр дэвшсэн Батнасангийн Ариунжаргалын хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт заасныг үндэслэн манай газрын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсээс хянан үзэхэд тухайн албан тушаалд томилогдоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй” болохыг тодорхойлж Архангай аймгийн Засаг даргад хүргүүлсний дагуу 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Б.Ариунжаргалыг ажилд томилох тухай” б/13 дугаар тушаалаар Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.7, 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалт, Авилгатай тэмцэх газрын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03/10926 дугаар албан бичиг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасныг үндэслэн томилжээ. /х.х-н 147/ 
2014 оны 04 дүгээр сарын 10, 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгаруулалт”-д орж тэнцсэн Б.Ариунжаргалыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын Хоёрын 2.1-д зааснаар “Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг томилох эрх бүхий этгээд хууль тогтоомжид заасны дагуу сул орон тоо гарснаас хойш ажлын 14 хоногийн дотор тухайн ажлын байрыг нөхөх ....”, уг журмын Долоогийн 7.3-д “...тэнцсэн иргэдийг нөөцөд бүртгэгдсэн...” мөн журмын  Наймын  8.1.3, 8.2-д “тэнцсэн иргэдээс тухайн албан тушаалын шаардлагыг хангасан иргэний нэрийг дэвшүүлж томилох шийдвэр гаргана” гэснийг зөрчөөгүй байна.
Түүнчлэн Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн “Журам батлах тухай” 60 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-н 1.3-т заасан “Төрийн албаны тухай хуулийн 10.1, 10.5-д заасан болон тухайн албан тушаал (ажлын байрны тодорхойлолтод заасан)-ын шаардлагыг хангасан, төрийн албаны зорилт, чиг үүргийг мэргэжил, мэргэшлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх чадвартай удирдах ажилтныг сонгон шалгаруулах” зорилгыг хангасан гэж үзэх үндэслэлтэй.
Дээрх нотлох баримт, үндэслэлүүдийг дүгнэхэд хууль тогтоомж, журмын дагуу Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулалтад тэнцэж, нөөцөд бүртгэгдсэн Б.Ариунжаргалыг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д “Аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, ...” гэсэн заалт нь тухайн Эрдэнэбулган сумын Хүүхдийн  IX цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын Нэгийн 1.4, 1.5, Хоёрт зааснаар удирдах ажилтны буюу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн IX цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд сонгон шалгаруулалтыг явуулах, томилох эрхий бүхий этгээд хууль тогтоомжид заасны дагуу захиалга хүргүүлэх хууль зүйн зохицуулалттай байна. 
Сул орон тоо гарсан гэдэг нь Тухайн албан тушаалтыг албан тушаалаас нь бууруулсан, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн /тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, төрийн албаны насны дээд хязгаарт хүрсэн, өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан/, халагдсан, нас барсны улмаас тухайн албан тушаалын ажлын байр суларсан байхыг хэлэх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-д заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг сул орон тоо гарсан гэж үзэж сонгон шалгаруулалт явуулах ёстой. 
Үүнээс дүгнэхэд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн IX цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд сул орон тоо гараагүй байхад тус цэцэрлэгт сонгон шалгаруулалт зарласан нь хууль зөрчсөн үйлдэл байх тул нэхэмжлэгч Б.Ариунжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэв. 
Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар Нэг талаас Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, нөгөө талаас тус аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.Ариунжаргал нар 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр үр дүнгийн гэрээ байгуулсан болохыг тэмдэглэв. /х.х-н 155-167/
Шүүх Архангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөл болон тус аймгийн Боловсрол,  соёл урлагийн газраас нэхэмжлэгч Б.Ариунжаргалын 2014 онд 2 удаа цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалт орж байсан баримтуудыг гаргуулахаар албан бичиг хүргүүлсэн боловч 2014 оны сонгон шалгаруулалтын материалуудыг гаргаж өгөөгүй бөгөөд шүүхээс үзлэг хийж 2014 оны сонгон шалгаруулалт зарласан зар, Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгалтын үнэлгээг хавтаст хэрэгт хуулбарлаж авсан болохыг дурдах нь зүйтэй. /х.х-н 45, 92-95, 119/
Тус шүүхээс нэхэмжлэгч Ц.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг дарга, тус аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргад холбогдуулан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн XI дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд зарласан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Ц.Энхцэцэг бүхэлд нь татгалзсан тул уг захиргааны хэргийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 04 дүгээр шүүгчийн захирамжаар хэргийг тусгаарласан болохыг тэмдэглэв. /х.х-н 57, 59, 60/
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийг 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 
                                                                      ТОГТООХ НЬ:
1.Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийг 9.1.2, 10 дугаар зүйлийн 10.1, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.15 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Ариунжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн IX цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд зарласан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосугай. 
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас /Архангай аймгийн Засаг даргын тамгын газар, Архангай аймгийн Боловсрол, соёл урлагын газар/ 70200 төгрөг болох 35100  /гучин таван мянга нэг зуу/  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Ариунжаргалд олгосугай.      

             3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийдвэрийг гардан авснаас өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                   Б.ОДОНТУЯА