| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 2534003830453 |
| Дугаар | 2026/ДШМ/31 |
| Огноо | 2026-03-19 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 11.4.2.3., |
| Улсын яллагч | О.Алтансүх |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2026/ДШМ/31
2026 03 19 2026/ДШМ/31
Г.Ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, ерөнхий шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд
Прокурор О.Алтансүх,
Хохирогч Б.М,
Шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч С.Базардорж,
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/84 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч С.Базардоржийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Г.Ад холбогдох эрүүгийн 2534003830453 дугаартай хэргийг 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ....-ний өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ....... тоотод оршин суух хаягтай,
урьд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 420 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил хорих ялаар,
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, Г.А, регистрийн дугаар: ............
2.Г.А нь Төв аймгийн Зуунмод сум Баянхошуу 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2025 оны 05 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдарч байсан Б.Мг тоёото приүс 30 маркийн .... ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор болон гадна шалтгаангүйгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэн түүний бие махбодыг өвтгөж, сэтгэл санааг нь айлган сүрдүүлэн зодож түүний биед зүүн талын 3, 4-р хавирганы хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн гуя, дух, баруун бугалганд, баруун шуу, зүүн бугалганд, зүүн шуу, цээж, нуруу, зүүн өгзөг, зүүн гуя, зүүн шилбэ, баруун шилбэнд цус хуралт, хамар, хүзүү, зүүн өвдгөнд, баруун шилбэнд зулгаралт, баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацар, хүзүү, цээжинд зөөлөн эдийн няцралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
3.Төв аймгийн прокурорын газраас Г.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Г.Ад 01 /нэг/ жил хорих ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ад оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ааас нийт 6 979 592 /зургаан сая есен зуун далан есөн мянга таван зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулж Төв аймгийн Зуунмод сум ….. тоотод оршин суух хохирогч Б.М /РД: ………../-д 6 746 400 /зургаан сая долоон зуун дөчин зургаан мянга дөрвөн зуу/төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаар дансанд 233 192 /хоёр зуун гучин гурван мянга нэг зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулж тус тус олгож, хохирогч Б.Мгийн гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь учирсан гэм хорын хохиролтой холбогдуулан гаргах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж,
Эрүүгийн 2534003830453 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
5.Шүүгдэгч Г.Аын өмгөөлөгч С.Базардорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй, оролцогчийн эрхийн хязгаарласны улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуульд заасан шаардлагыг хангаагүй.
Гэм буруугийн талаар: Улсын яллагчаас Г.Аыг 2025 оны 05 дугаар сарын 24-25 шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох Б.Мг Төв аймгийн Зуунмод сумын 3 баг, Тоёота приус 30 маркийн .... ТӨҮ маркийн тээврийн хэрэгслийн дотор болон гадна шалтгаагүйгээр зодож хүндэвтэр гэмтэл учруулсан гэж буруутгасан.
Шүүгдэгч нь Б.Мтэй 2025 оны 5 сарын 24-ний өдөр Б.Эрхэмбаярын гэрт Г.А, Б.М, Б.Э, С.О нарын хамт хөзөр тоглож, Б.М, Б.Э, С.О нар 3 ширхэг 2 литрийн савлагаатай пиво ууж, 2025 оны 05 сарын 25-ны өдрийн 4 цаг үед гарч явсан ба гарч явах үедээ бүдэрч унан хашаа мөргөж хамраас цус гарч цусыг нь Г.А өөрийн өмсөж явсан цамцаар тогтоож, буцаж айлд орж цусыг арчсан талаар Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,
Мөн тухайн хамраас цус гарах болсон шалтгаан, хамарт учирсан гэмтлийг хэн учруулсан талаар хамт байсан С.О, маргааш хамт явсан Г.А нараас гэрчийн мэдүүлэг авахгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ гэж, мөн зүйлийн 2-д Гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн хэргийн талаар өөрийн мэдэх цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүнийг шүүхийн шийдвэрээр албадан ирүүлнэ гэж хуульчлан заасан.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд С.Ог гэрчийн мэдүүлэг авхуулахаар дуудсан боловч мэдүүлэг өгөхгүй гэх тайлбар өгсөн учраас гэрчийн мэдүүлэг авах шаардлагагүй гэж тайлбарласан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 зүйлийн 2-д заасантай нийцэхгүй.
Анхан шатны шүүх хавтас хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж дүгнэж Г.Аыг гэм буруутай тооцохдоо хохирогч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг нь тогтвортой мэдүүлгээр тогтоогддог гэж дүгнэсэн.
Хохирогч Б.Мгийн 2025 оны 05 сарын 25-ны өдөр өгсөн хохирогчийн мэдүүлгээр Г.А намайг зодсон гэж мэдүүлдэг боловч 2025 сарын 09 сарын 24-ний өдөр хохирогчоор дахин өгсөн мэдүүлэгт 2025 оны 05 сарын 25-ны өдөр болсон үйл явдлын талаар мэдүүлээгүй атал хохирогчийн мэдүүлэг тогтвортой гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Б.Мгийн хохирогчоор өгсөн мэдүүлгүүд нь тодорхой эх сурвалжгүй бөгөөд гэрч Б.Э, Ц.Г, Г.А нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтэй зөрүүтэй байхад зөвхөн Б.М, түүний ээж А.А нарыг мэдүүлгийг үнэн зөв гэж гэм буруутай тооцсонд гомдолтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 зүйлийн 1.3-д зааснаар дүгнэлтэд дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол дүгнэлт нь хэргийн бодит нөхцөл байдалтай нийцээгүй байх хууль зүйн шаардлагад хамаарах ба анхан шатны шүүх хохирогч Б.М, гэрч А.Алтанцаг нарыг мэдүүлгийг үнэлэхдээ гэрч Б.Э, Ц.Г, Г.А нарыг мэдүүлгийг үгүйсгэсэн үндэслэлийг шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлээгүй.
Зүйлчлэлийн тухайд: Г.Аыг 11.4 зүйлийн 2.1-д зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2.3-д зааснаар 2.3-д зааснаар бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж гэж зүйлчилсэн.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 зүйлийн 3.1.1.эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд; 3.2.Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна гэж заасан.
Шүүгдэгч Г.А, хохирогч Б.М нар нь хосын харилцаатай байсан бөгөөд хамтран амьдарч байгаагүй талаар шүүгдэгч, хохирогч нар шүүх хуралдаанд мэдүүлдэг.
Дээрх гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 зүйлд заасан заасан хуулийн үйлчлэлд Г.А хамаарахгүй бөгөөд түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэж зүйлсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Мөн Г.Аыг 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж хүндэвтэр гэмтэл учруулсан гэж зүйлчилсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилснаас үзэхэд шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх явцдаа бие махбодын, эсхүл сэтгэл санаатай шаналал, зовуурь үүсгэх зорилгоор өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон шинжтэй үйлдэл хийсэн байхыг ойлгоно.
Гэтэл Б.Мд учирсан гэмтлийг Г.А учруулсан талаар нотлох баримт нь хангалтай, хүрэлцээтэй бус бөгөөд шаналгасан, тарчилсан, зовоосон гэх үйлдэл гаргасан нь хавтас хэрэгт авагдаагүй ба Б.Мд бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн гэж зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй.
Эрүүгийн хариуцлагын тухайд Г.Аыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 зүйлийн 2.1, 2.3-д зааснаар 1 жилийн хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуулийн 5.1 зүйлийн 1-д эрүүгийн хариуцлагын зорилгыг заасан.
Анхан шатны шүүх Г.Ад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирлыг нөхөн төлөөгүй учир 1 жилийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн.
Монгол Улсын үндэс хуулийн 16 дугаар зүйлийн 14-д зааснаар “...нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх... үндсэн эрхтэй ба өөрт холбогдох хэрэг, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх эрхтэй”. Гэтэл гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэх үндэслэлээр хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Г.Аын зүгээс шүүх гэм буруутайд тооцсон учраас хохирлыг нөхөн төлөх хуульд заасан хугацааг авсан боловч төлж чадаагүй ба тус хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Гэвч хохирлыг нөхөн төлөөгүй учраас тухайн зүйл ангид заасан хүнд хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Г.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Өмгөөлөгчтэйгөө санал нэг байгаа тул өөр нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэв.
Хохирогч Б.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэг гарсан өдөр Г.А намайг машиндаа суулган авч яваад машин дотор болон гадаа гаргаж зодсон. Намайг ухаан ороогүй бол тэр хогийн цэг дээр хаяад явах байсан. Би гэртэй харихгүй бол ээж загнана, гэрт хүргээд өгөөч гэж гуйж байж амьд үлдсэн. Г.А миний хамар, хоёр хавиргыг хугалсан. Өмнө нь 2024 оны 7 дугаар сард зодож хоёр хавиргыг минь хугалж байсан. Энэ гэмтлийн талаар шинжээчийн дүгнэлт дээр тусгагдсан байгаа. Мөн тухайн үед цагдаад гомдол гаргаж байсан. Гэхдээ Г.А айлгаж, заналхийлдэг байсан тул гомдолгүй гэж хэлээд өргөдлөө татан авч байсан...” гэв.
Прокурор О.Алтансүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: “...Хохирогч Б.Мг тээврийн хэрэгсэл дотор болон хогийн цэг дээр аваачиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт хохирогчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон. Г.А хохирогчийг согтуу айлаас гарч явахдаа юм мөргөөд гэмтсэн гэж байгаа ч өөрийнхөө хамар, хоёр хавиргыг хугартал юм мөргөөд байна гэж байхгүй. Иймд анхан шатны шүүх Г.Аыг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аын өмгөөлөгч С.Базардоржийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй прокурор болон шүүхийн бүх ажиллагаа, нотлох баримт, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэлээ.
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” хэмээн хуульчилсан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэх, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг.
Өөрөөр хэлбэл, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд яллагдагчийн гэм буруутай эсэх, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон эсэх асуудлыг шүүх шийдвэрлэдэг болно.
2.Анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэх шатанд хэргийн оролцогчоос шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан үзвэл, хохирогч Б.М “...2025 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 22 цаг өнгөрч байхад Отгоо гэх эгчийн гэрт хөзөр тоглохоор Төв аймгийн Зуунмод сум ………. тоот хаягаас гараад урд талын гудамд байх гэрт нь очсон. Гэрт Отгоо эгч, түүний нөхөр, би бас өмнө хамтран амьдарч байсан Г.А дөрвүүлээ тоглосон. Шөнө 03 цагт тоглож дуусаад Г.Аын хамт О эгчийн гэрээс гараад харих гэтэл Г.А машинд суучих хүргээд өгье гэж суулгаж хөдөлтөл миний нүүр хэсэгт гараараа цохиод зодож эхэлсэн. Машин явж байхад миний хоолойноос цамцаар боож нүүр цээж хэсэгт гараараа цохиж явсаар байгаад Баянхошуунаас урагшаа хогийн цэг орчим хүнгүй газар очоод машинаас миний үснээс зулгааж буулгаад зодож дээрээс дэвсэж зодоод нэг мэдсэн би ухаан алдаад сэрсэн чинь дахиад зодож "Би чамайг одоо ална машин чинь шатаж болсон гэр чинь шатаж бас болно шүү" гээд машин дотроо оруулаад дахиж миний хоолойг боож "Чамайг би ална" гээд нүүр цээж рүү цохиод шөнөжин зодсон. Өглөө би "одоо намайг гэрт хүргээд өг чи намайг арай л зодчихсон байна" гэхэд Г.А өөдөөс "Чи өөрөө хашаа мөргөө биз дээ" гэж хэлсэн. Би Г.Ад "одоо намайг гэрт хүргээд өг би гэртээ харьж хоноогүй одоо ээж ирж байгаа хүүхдүүд гэртээ хоёулхнаа байгаа ээж одоо намайг ална чи намайг хүргээд өг" гэхэд гэрт хүргэж өгөхгүй гээд гадуур дагуулж яваад би сүүлдээ арга бараад "Би цагдаад хэлэхгүй чи намайг гэрт хүргээд өг гуйж байна" гээд амлалт өгч байж гэртээ хүргүүлсэн...” гэх мэдүүлэг, /1хх-38-39/
2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч Б.М “...Г.А гэх хүнтэй 2023 оны 3 сард танилцаж байсан. 2024 оны 6 дугаар сард хамт амьдарч эхэлсэн. 2024 оны 7 дугаар сард Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багт байх хөдөө гэрт нь очихоор хүү М.У болон Г.А, манай найз Ц нарын хамт явж байсан. Энэ үед ямар нэгэн шалтгаангүй майхны дэргэд сууж байх үедээ үүрээр намайг түлхэж унагаад, алгадаж, өшиглөж зодож байсан Ц салгаад би хүүхдээ аваад гэрт нь ороход аав, ээжийнхээ дэргэд намайг нэмж зодож байсан. Энэ үед аав, ээж хоёр нь огт салгах үйлдэл, үг ч хэлээгүй. Би машинаа бариад зугтаахад араас мотоциклтой ирээд машин булааж аваад машинаас буулгаж зодсон. Сүүлдээ би аргаа бараад гуйж байж буцаж очоод хамт хоносон энэ үед миний хоёр хавирга хугарсан. Маргааш нь гэртээ очих үед гэрийнхэнд ангийнхаа хүүхдүүдтэй зодолдсон гэж худлаа хэлсэн. Надад "болсон үйл явдлын талаар хэлбэл ална" гэж айлган сүрдүүлсэн. Үүнээс хойш дарамтад байх болсон. 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр миний төрсөн өдрөөр МД баарнаас аваад машиндаа суулгаж авч яваад Мөнх-Алдарын талбай дээр аваачаад машин дотор ямар ч шалтгаангүй зодсон. Энэ үед нүүр ам хөхрөөд хавдаад ажилдаа 7-8 хоног очиж чадаагүй. Хэд хоногийн дараа бас Дэнжийн гэртээ аваачиж зурагтын дуугаа чангалж байгаад намайг мөн адил зодож байсан. Энэ үед аав ээж гэрийнхэнд согтуу явж байгаад машин дотор юм мөргөсөн гэж худлаа хэлсэн. Үүнээс хойш удалгүй би аав ээждээ хэлээд ээжийнхээ гэрт нүүж ирсэн. 2024 оны 12 дугаар сард хүүхдээ цэцэрлэгээс авах гээд ирэх үед Г.А Дэнжид байх гэртээ аваад явсан байсан. Би араас нь ирэх үед Г.А гэрийнхээ хаалга үүдийг түгжээд зурагтын дуугаа чангалж байгаад над руу шалтгаангүй мөн адил дайрч хутга барьж ална гэж айлган сүрдүүлж мөн газар унагаж зодож өшиглөж зодсон. Үүнээс хойш чимээгүй байж байгаад энэ оны 5 сард уулзаад дахин ийм зүйл болж байна...” гэх мэдүүлэг /1хх-41-43/,
Гэрч А.А “...Охин Б.Мгөөс юу болсон талаар асуухад манай охин "Манай найзууд хөзөр тоглоё гээд дуудаад байхаар нь гараад Баянхошуунд байх найзын гэрт тоглоод орой харих гээд гарах үед Г.А машиндаа суулгаад зодоод Зүүндэлгэрээс урагшаа хээр гараад дахин зодоод байсан. Би гэртээ харъя гэхээр чи байж бай уусан юм аа гарга гээд шалтаг гаргаад явуулахгүй байхаар нь би цагдаа дуудахгүй хүүхдүүдээ эзэнгүй хонуулчихсан ээж одоо ирж байгаа намайг ална би харъя гэж хэлж гуйж байгаад гэрийн гадаа буулгасан гэж надад ярсан. Манай охиныг зодсон гэх Г.А манай охинтой хамтран амьдраад удаагүй байгаа. 2024 онд хамт амьдарч байгаад 8 сар гаруй хүн зодсон гэх хэргээр хоригдож байгаад суллагдаад гарч ирээд манай охин Б.Мгийн биед халдаж зодоод байхаар нь 12 дугаар сард салгаад гэртээ авч ирсэн. Хамгийн сүүлд 2024 оны 12 дугаар сарын 31-ний шөнө зодсон байсан. Би тухайн үед цагдаад гомдол гаргасан чинь охин Б.М гомдолгүй гээд гомдлоо буцаасан. 2024 оны 10 дугаар сард гэртээ оруулж хүүхдийг нь орон дээр шидээд бусадтай хардаад зурагтаа чанга дээр нь тавьж байгаад зодсон байсан. Тухайн үед цагдаад мэдэгдээгүй. Тэрний өмнө 2024 оны 8 сард хөдөө найзынхаа гэрт очихоор яваад замдаа зодсон байсан. Ирэх үедээ машин цус болчихсон хүүхэд нь айгаад мэдсэн. Би цагдаад гомдол гаргаад шалгуулах үед ямар шалтгаанаар шалгаагүйг би мэдээгүй хариуцлага хүлээсэн үгүйг мэдээгүй чимээгүй болсон. Дараад нь өөрөө торгууль авсан гэж хэлсэн. Миний охиныг өнөөдөр зодож байхдаа машиныг чинь шатаасан юм чинь гэрийг чинь шатаана гэж заналхийлсэн байсан. 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр манай хашаанд байсан Aqua маркийн авто машин үүрээр 7 цагт шатсан. Үүнийг цагдаагийн байгууллагаар шалгуулаад эзэн холбогдогч тодорхойгүй гээд галын дүгнэлт цахилгааны утаснаас үүдсэн гээд хаагдсан байдаг. Гэтэл энэ хэргийг тус Г.А хийснээ өчигдөр хэлсэн байна энэ бас л гэр бүлийн хүчирхийлэл гэж би үзэж байна...” гэх мэдүүлэг, /1хх-45-46/
Гэрч Б.Э “...2025 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 18 цаг өнгөрөөд ажил тарсны дараа Г.А болон Б.М ирсэн. Би эхнэр Оийн хамт адуу услах ажилтай завгүй явж байгааг хэлэх үед Г.А "Бид хоёр гадуур гэр орноороо ороод эргээд ирье, жоохон сууж юм ярьж хөзөр тоглоё" гэж хэлээд яваад орой ирж манайд хөзөр тоглосон. Орой манайд ирээд 22 цагийн орчим Г.Аын хамт Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Ивээл" нэртэй хүнсний дэлгүүрээс 3 ширхэг 2 литрийн савлагаатай пиво авсан. Тухайн авсан пиво дуусаад шөнө Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар баг замын эсрэг талд байх шагаар гар дээрээс архи худалдан борлуулдаг айлаас 1 ширхэг 0,75 граммын архи худалдан авч хувааж уусан. Тухайн архинаас би болон эхнэр С.О, Б.М нар нэг нэг татаад огт уугаагүй. Тэр орой Б.Мгийн найзууд утсаар яриад гадуур караоке орох талаар ярьж Г.А "Орой болсон байхад гарах гэлээ" гэж уурлаж бага зэрэг маргаад би "Битгий маргалдаад бай одоо боль" гээд болиулсан. Г.А болон Б.М нар хоорондоо зодолдоогүй. Шөнө бид Б.М, Г.А нар явах гээд гэрээс гаргаж өгөхөөр гарах үед Б.М түрүүлж гараад эвгүй гишгээд гутлын өсгийгөө хугалаад хашааны хаалга мөргөөд хамраас нь цус гарсан Г.А цамцаараа цусыг нь арчиж өгсөн. Өөр маргаан болж зодолдоогүй...” гэх мэдүүлэг /1хх-48-49/,
Гэрч Ц.Г 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр өгсөн “...Б.М машинаас бууж ирээгүй машин дотор пиво уугаад сууж байсан. Малгай өмсөөд шил зүүсэн, нүүр нүд хэсэг бага зэрэг хавдсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1хх-51/,
Гэрч Г.А 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр өгсөн “...Б.М машин дотор унтаад машинаас буугаагүй. Ах Г.А гэрээс ламын өгсөн идээ, будаа, хоол, цай зөөж өгч байсан. Тухайн үед нүд хөхөрч хавдсан байсан өөр гэмтэл харагдаагүй..” гэх мэдүүлэг /1хх-53/,
Гэрч Х.Н 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр өгсөн “...2025 оны 5 дугаар сарын 25-ны өглөө 08 цаг өнгөрч байхад хүү Г.А Б.Мгийн хамт ирж намайг авсан. Манай гэрт орж ирэх үедээ нүүр хөхөрсөн, хамар нь бага зэрэг хавдсан байсан...” гэх мэдүүлэг /1хх-55/,
Гэрч М.Н 2025 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн “... Г.Аын тээврийн хэрэгсэлтэй явахад хажууд нь нэг нүдний шилтэй хүүхэн байсан. Тэр нь Б.М байсан. Цуг хөдөө явахад ил харагдах тийм шарх, бэртэл гэмтлийн зүйл байхгүй байсан...” гэх мэдүүлэг /1хх-57/-д өгсөн.
Мөн Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлтэд “...2025 оны 5 дугаар 25-ны цээжний ктг-д: Баруун талын 9-р хавирганы суганы шугамаар хуучин хугаралтай бороожсон. Зүүн талын 3,4-р хавирга эгэмний дунд шугамаар зөрүүгүй хугаралтай. Дүгнэлт бичсэн эмч: И.Нямцэрэн...” гэх, ...Б.Мгийн биед зүүн талын 3, 4-р хавирганы хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн гуя, дух, баруун бугалганд, баруун шуу, зүүн бугалганд, зүүн шуу, цээж, нуруу, зүүн өгзөг, зүүн гуя, зүүн шилбэ, баруун шилбэнд цус хуралт, хамар, хүзүү, зүүн өвдгөнд, баруун шилбэнд зулгаралт, баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацар, хүзүү, цээжинд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх /1хх-63-64/ агуулга бүхий мэдээлэл тусгагдсан байна.
3.Давж заалдах шатны шүүх үүнээс дүгнэхэд, С.О нь гэрч Б.Эын нэгэн адил 2025 оны 5 дугаар сарын 25-ны шөнө хохирогч Б.Мгийн биед учирсан хүндэвтэр хохирол хэний үйлдэл, холбогдол, ямар хүчин зүйлсийн улмаас учирсан талаарх нөхцөл байдлыг мэдэх этгээд гэж үзэхээр байхад мөрдөн шалгах ажиллагааны шатанд дуудахад мэдүүлэг өгөхөөс удаа дараа татгалзсан гэх шалтгаанаар гэрчийн мэдүүлэг аваагүй.
3.1.Мөн хохирогч Б.М, гэрч Б.Э нарын мэдүүлэг ноцтой зөрөөтэй байхад мөрдөгч мэдүүлгийн зөрөө гаргах ажиллагаа хийгээгүй.
3.2.Түүнчлэн 2025 оны 6 сарын 03-ны өдрийн Төв0725/344 дугаартай шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн эрүүл мэндэд шинээр учирсан хүндэвтэр хохирлоос гадна баруун талын 9 дүгээр хавирганы суганы шугамаар хуучин хугаралтай бороожсон гэмтэл байгаа талаар тусгасан байдаг.
Хохирогч Б.М нь шүүгдэгч Г.Ад 2024 оны 7, 11, 12 дугаар саруудад зодуулсан. 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Мөнх-Алдарын талбай дээр машин дотор зодуулсны улмаас эрүүл мэндэд нь хохирол учирч ажилдаа хэд хоног явж чадаагүй талаар мэдүүлсэн. Гэрч А.А мэдүүлэгт энэ талаар мөн тусгагдсан байхад хохирогчийн биед өмнө учирсан хохирол нь гэмтлийн ямар зэрэгт хамаарах, хэзээ, хаана, ямар хүчин зүйлсийн үйлчлэлийн улмаас хэний үйлдэл холбогдлоор учирсан, үүнд шүүгдэгч Г.Аын үйлдэл холбогдол байгаа эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй нь нотолбол зохих байдлыг шалгаж тогтоогоогүй, нотлох баримтын хүртээмжтэй байдал хангагдаагүй гэж үзэх үндэслэл болж байна.
4.Шүүгдэгч Г.Аын холбогдсон гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шинж байгаа эсэхийг нэг мөр шалгаж тогтоосны дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхөөс гадна Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх юм.
5.Мөн анхан шатны шүүх нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэсэн атлаа шүүгдэгч Г.Аыг гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Базардоржийн гаргасан “…хохирогчид учирсан хохирлыг миний үйлчлүүлэгч учруулаагүй, Б.Мгийн мэдүүлэг гэрчийн мэдүүлгээс зөрдөг, энэ хоёр хүнийг хамтран амьдарч байсан гэж үзэх боломжгүй, бие махбод сэтгэл санааны шаналал зовуурь үүсгэсэн гэдгийг байнга үүсгэсэн байхыг ойлгох тул хэргийг хэрэгсэхгүй болгож миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү” гэх саналыг няцаан үгүйсгэхдээ мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоогоогүй үйл баримтын талаар буюу “...Гэр бүлийн хүчирхийлэл нь далд хэлбэрээр явагддаг тийм ч учраас шүүгдэгч Г.А нь хохирогчийн эрх чөлөөнд халдахдаа зурагтынхаа дууг чанга дээр тавих, айлд байхдаа ямар нэгэн хэрүүл маргаан үүсгээгүй атлаа машинд сууж хоёулхнаа болсны дараа эрх чөлөөнд халдаж, улмаар хогийн цэгт хүн байхгүй, камер бичлэггүй газар аваачиж зоддог болох нь хохирогчийн удаа дараагийн тогтвортой өгсөн мэдүүлгээр тогтоогддог. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нэг удаагийн үйлдэл бус талаар хохирогч мэдүүлдэг бөгөөд тухайн үед хохирогч Цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй, гаргасан ч гомдолгүй гэж хаалгадаг байсан нь хохирогчийн мэдүүлгээс харагддаг. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь тухайн үйл явдал болсон цаг хугацаанд үүссэн болох нь шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн эх А.Ан гэрчээр өгсөн мэдүүлгээр тогтоогддог...” гэх дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байх ба хэргийн бодит байдлыг тогтоосон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байна.
6.Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж, 1.2-т “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэж заасан үндэслэлд хамаарч байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Ад холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Базардоржийн гаргасан давж заалдах гомдлоос “...С.О гэрчээр асуулгах ажиллагаа хийлгэх, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох...” гэсэн хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
7.Шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг анхан шатны шүүхэд очих хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/84 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Базардоржийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-т зааснаар хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Д.МӨНХБҮРЭН
З.ТҮВШИНТӨГС