Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 736

 

             Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

            улсын яллагч Н.Уранбайгаль

          шүүгдэгч Т....нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

 

          Шүүх хуралдаанаар Тээврийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ...ийн ...-д холбогдох 1803003810248 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

           Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан овоо ...тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ...ийн .../РД: .../.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т....ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018.04.28-ны өдөр 14 цагийн орчимд хадам аавын ах ..., хадам ... нарын хамтаар гэрээсээ гараад би өөрийнхөө эзэмшлийн ...УНП дугаартай Х.Сонота-5 маркын автомашиныг жолоодоод ханын материал орохоор хөдөлж явсан. Талийгаач ... ах арын сандалд суугаад хадам аав ... жолоочын хажуу талын урд сандалд сууж явсан. Ингээд би зам товчлоод Мандал овоогийн 41-р гудамжаар ороод ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээгээ 40 орчим км/цагийн хурдтай явж байгаад гэнэт урд жалга харагдахаар нь тоормос гишгэсэн боловч зогсолгүй тэр чигээрээ жалга руу орж онхолдсон. Хүмүүс ирээд бид нарыг татаж гаргасан. Цагдаа ирсэн. Дараа нь түргэн тусламж ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх 53-54 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

          Гэрч С....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр би хамт явсан. Би жолоочийн хажуу талын сандалд сууж явсан. Миний биед гэмтэл учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 26 х/,

 

           Шинжээчийн 5427 дугаар дүгнэлт:

1.С....ын биед зүун 5, 6, 7. 8, 9-р хавирганы шууд бус хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгиин гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3. зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

3.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4.Талийгаач нь В / III / бүлгийн цустай байжээ.

5.2018.04.30-ны 05:30 цагт цогцосны анхны үзлэг хиихэд талиигаач нас бараад 2-4 цаг болсон байжээ.

6.Талийгаачийн цус. ходоодны шингэн, шээсэнд слиртийн агууламж илрээгүй. Шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна.

7.Талийгаач нь зүрхний булчингийн эмгэгшил өвчний улмаас зүрх зогсож нас баржээ. гэх дүгнэлт /хх 32-34 х/,

 

            2018 оны 06 дугаар сарын 01ий өдрийн 128 дугаартай мөрдөгчийн магадлагаа:

             Шинжилгээний үр дүн, тогтоогдсон нөхцөл байдлын талаар: Явган зорчигч Сампилдондовын ...ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. ШШҮХ-ийн шинжээч эмч Аригуунтөгсын гаргасан № 1000 дугаартай дүгнэлт байгаа болно.

               Х.Сонота-5 маркийн ...УНП улсын дугаартай автомашины жолооч ...ын ...нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:а/ согтууруулах ундаа, ... хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.” 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. гэх магадлагаа /хх 47-48 х/,

             Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл “... 3,13 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” /хх 13 х/

            Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл  /хх 7 х/

            Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 10-12 х/

            Т....ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 55 х/

             Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 59 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Шүүгдэгч Т....ийн хэрэг үйлдсэнээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтүүд, бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.

Т....нь 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 14 цаг 16 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, “Мандал-Овоо” 41-83 тоот хашааны баруун замд Huyndai sonata-5 маркийн ...УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. а/ согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ .... тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, мөн дүрмийн 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож автомашинд сууж явсан зорчигч С....ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн болох нь:

 

- Шүүгдэгч Т....ийн “...Талийгаач ... ах арын сандалд суугаад хадам аав ... жолоочын хажуу талын урд сандалд сууж явсан. Ингээд би зам товчлоод Мандал овоогийн 41-р гудамжаар ороод ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээгээ 40 орчим км/цагийн хурдтай явж байгаад гэнэт урд жалга харагдахаар нь тоормос гишгэсэн боловч зогсолгүй тэр чигээрээ жалга руу орж онхолдсон. ...” гэх мэдүүлэг /хх 53-54 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

          -  Шинжээчийн 5427 дугаар дүгнэлт:

1.С....ын биед зүун 5, 6, 7. 8, 9-р хавирганы шууд бус хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгиин гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3. зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

3.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4.Талийгаач нь В / III / бүлгийн цустай байжээ.

5.2018.04.30-ны 05:30 цагт цогцосны анхны үзлэг хиихэд талиигаач нас бараад 2-4 цаг болсон байжээ.

6.Талийгаачийн цус. ходоодны шингэн, шээсэнд слиртийн агууламж илрээгүй. Шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна.

7.Талийгаач нь зүрхний булчингийн эмгэгшил өвчний улмаас зүрх зогсож нас баржээ. гэх дүгнэлт /хх 32-34 х/,

 

              - 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 128 дугаартай мөрдөгчийн магадлагаа:

             Шинжилгээний үр дүн, тогтоогдсон нөхцөл байдлын талаар: Явган зорчигч Сампилдондовын ...ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. ШШҮХ-ийн шинжээч эмч Аригуунтөгсын гаргасан № 1000 дугаартай дүгнэлт байгаа болно.

               Х.Сонота-5 маркийн ...УНП улсын дугаартай автомашины жолооч ...ын ...нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:а/ согтууруулах ундаа, ... хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.” 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. гэх магадлагаа /хх 47-48 х/,

          

               - Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл “... 3,13 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” /хх 13 х/

           - Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл  /хх 7 х/

            - Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 10-12 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

          

Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас автомашинд сууж явсан С....ын бие махбодид хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэх  Прокурорын дүгнэлтийн талаар:

            Т....нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. а/ согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, мөн дүрмийн 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм хэргийг согтуугаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангах гол шалгуур нь Т....ийн автомашин жолоодож явахдаа хийсэн дүрмийн бус үйлдэл, хохирогч С....ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан хор уршгийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэл, хор уршиг цаг хугацааны хувьд дараалсан шинжтэй байж, уг үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой. Үүнийг шалгуур болговол Т....ийн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан үйлдлээс зам тээврийн осол гарч иргэн С....ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хууль бус үйлдэл, түүний улмаас үүдэн гарсан хор уршиг хоёр хоорондоо шууд шалтгаант холбоотой, мөн хохирогч С....ын эрүүл мэндэд учирсан гэмтлийг Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно ...” гэх дүгнэлт /хх 32-34 х/-ээр уг гэмт хэргийн объектив талын шинжүүд хангагдсан.

            Уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь согтуугаар үйлдсэн байхыг шаардсан бөгөөд Т....зам тээврийн осол гаргахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь хавтаст хэргийн 13 дугаар талд авагдсан үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т зааснаар: “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Т....нь насанд хүрсэн болно.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн.

Болгоомжгүй гэдэгт: Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан болохыг ойлгоно.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг.

 

Т....согуурсан үедээ автомашин жолоодож явахдаа өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарласан, түүний дээрх үйдлийн улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч өөртөө найдан машин жолоодож явахдаа аюул тулгарсан үед зогссох арга хэмжээ авч чадалгүй осол гаргаж автомашинд зорчиж явсан С....ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хор уршигт хүргэжээ гэж дүгнэх боломжтой.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.

 

            Шүүгдэгч Т....ийн үйлдэлд түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтолтын зэрэг их байсан зэргийг харгалзан түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа тул уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Сүхбат гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 19-20 х/-ээр тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

                        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хувийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй бусдад төлөх төлбөргүй зэргийг шийтгэх тогтоолд дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн.

            Прокуророос Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасныг зөрчсөн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан мөрдөгчийн магадлагаа, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр мөн дүрмийн 9.2-д заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон тул шүүх зөвтгөн шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Боржигон овогт ...ийн ...ийг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Т....ий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Т....д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т....ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах 02 жилийн нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолсугай

5.Т....ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т....-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДАШДОНДОВ