Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 19 өдөр

Дугаар  2026/ДШМ/32  

 

 

     

 

 

     2026         03          19                                                   2026/ДШМ/32                                 

 

Б.Цод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, ерөнхий шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд

Прокурор С.Ариунзул /томилолтоор/               

Иргэний хариуцагч Ж.М, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,

Шүүгдэгч Б.Цын өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан,

            Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/40 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч Ж.Мын өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Цод холбогдох эрүүгийн 2334004490511 дугаартай хэргийг 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн,.... оны .... дугаар сарын ....-ны өдөр Төв аймгийн ...суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт ......... багт оршин суух хаягтай Б.Ц, регистрийн дугаар: .............

2.Б.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа 2023 оны 8 дугаар сарын 19-ний шөнө 22 цагийн үед Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 02 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Урьхан 2 зоогийн газрын урд талын асфальтан зам дээр Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2.в, 13.4.а-д заасан урд яваа тээврийн хэрэгсэл зүүн гар тийш дохио өгч байгаа үед мөн уулзвар болон гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно гэснийг тус тус зөрчиж, жолооч Ж.Мын жолоодож явсан Тоёота приус 41 маркийн ....УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас Даюун маркийн мотоциклийн зорчигч О.Ггийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

3.Төв аймгийн прокурорын газраас Б.Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нэмэлт өөрчлөлт орохоос өмнө дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

4.Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт орохоос өмнө дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Цод тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.Цын тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж,

Шүүгдэгч Б.Цын тэнссэн хугацаанд болон түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялд хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цод оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Ж.Маас нийт 2,994,719 /хоёр сая есөн зуун ерэн дөрвөн мянга долоон зуун арван ес/ төгрөг гаргуулж .......... оршин суух хохирогч О.Г /РД:......../-д 1,474,500 /нэг сая дөрвөн зуун далан дөрвөн мянга таван зуу/ төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд 1,520,219 /нэг сая таван зуун хорин мянга хоёр зуун арван ес/ төгрөг тус тус олгож,

Шүүгдэгч Б.Ц нь хохирогч О.Гд 5,000,000 /таван сая/ төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 1,520,219 /нэг сая таван зуун хорин мянга хоёр зуун арван ес/ төгрөг тус тус нөхөн төлснийг дурдаж, хохирогч О.Г нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн 2334004490511 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

5.Иргэний хариуцагч Ж.Мын өмгөөлөгч Х.Даваахүү давж заалдах гомдолд болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “..Тухайн хэрэгт Ж.М иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар оролцсон. Гэтэл зөвхөн иргэний хариуцагчаар оролцсон гэж тогтоолд дурдсан байна. Ослоос болж Ж.Мын жолоодож явсан тээврийн хэрэгсэлд 4,950,000 төгрөгийн хохирол болон бусад хохирол учирсан. Ж.Мыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.4 “...1.1 тэмдэглэлийг буюу үргэлжилсэн тэмдэглэлийг давсан...” гэж буруутгадаг боловч нөхөн үзлэгт тасархай тэмдэглэлтэйг тогтоосон байдаг. Мөн техникийн шинжээч энэ тухай тодорхой хариулсан байдаг.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7-д 2,994,719 төгрөгийг гаргуулахаар заасан. Үүнээс 1,474,500 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ нь хохирогчид учирсан эмчилгээний зардал тул гэм буруутай этгээд хариуцах ёстой. Мөн 1,520,919 төгрөгийг гаргуулахаар заасан боловч ямар үндэслэлээр тогтоогдсон нь тодорхойгүй. Анхан шатны шүүх хуралдаанд иргэний хариуцагч өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг өөрөө хариуцах ёстой гэж тайлбарласан. Гэтэл мотоциклд учирсан хохирол болон Ж.Мын жолоодож явсан тээврийн хэрэгсэлд 4,950,000 төгрөгийн хохирол учирсан нь их зөрүү гарч байна. Иймд иргэний хариуцагчийг буруутай эсэх нь эргэлзээтэй байхад иргэний хариуцагчид хохирлыг хариуцуулсан нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

6.Иргэний хариуцагч Ж.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Осол болсон үед тухайн замын хэсэгт эргэхийг хориглосон гэх тэмдэглэгээ ерөөсөө харагдаагүй...мөн хэргийн газрын үзлэгт үргэлжилсэн цагаан зураас давахыг зөвшөөрсөн тасархай тэмдэглэгээ байсан...” гэв.

7.Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон саналдаа: “...Хэргийн бодит байдлыг шийтгэх тогтоолоор тодорхой тогтоосон. Тухайн зам тээврийн осол 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдөр гарснаас хойш 2 жил гаруй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд эрх бүхий албан тушаалтан хэд хэдэн шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Зарим шинжээчийн дүгнэлтээр Ж.М Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болох нь тогтоогдсон боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул прокурор иргэний хариуцагчаар тогтоож, шүүх хуралдаанд оролцуулсан. Мөн Ж.М “Номин даатгал”-д хандан өөрт учирсан хохирлоо барагдуулсан байдаг. Миний үйлчлүүлэгчийн хувьд шүүхээс тогтоосон хохирогчид учирсан хохирол, төлбөрийг бүрэн барагдуулсан. Мөн Ж.Мын хувьд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйлдэл нь тогтоогдсон. Иймд хохирогчид учирсан хохирол хор уршгийг иргэний хариуцагч хамтран хариуцах ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

8.Прокурор С.Ариунзул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: “...Энэ хэрэгт нийт 3 удаагийн ослын шинжээчийн дүгнэлт гарсан. Эхний дүгнэлт 100 хувь шүүгдэгч Б.Цын буруутай үйл ажиллагаа байна гэсэн агуулгатай. Шинжээчийн 2, 3 дахь дүгнэлт зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөл нь Б.Цын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл, мөн Ж.Мын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буюу эсрэг урсгалыг тусгаарласан үргэлжилсэн цагаан шугам давж эргэсэн үйлдэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн. Анхан шатны шүүхээс хохирогч О.Гд учирсан 3,040,448 төгрөгийн хохирол, мөн эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 2,949,610 төгрөгийг хуваан гаргуулахаар шийдвэрлэсэн. Түүнчлэн зам тээврийн осол гарахад өөрсдөө буруутай байгаа тул иргэний хариуцагчийн тээврийн хэрэгсэлд учирсан 4,950,000 төгрөг, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэлд учирсан 695,000 төгрөгийн хохирлоо өөрсдөө хариуцах нь зүйтэй. Иймд  анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх дүгнэлт гаргаж байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх иргэний хариуцагч Ж.Мын өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах, прокурор болон шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

1.Шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх, шүүгч нь хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоох ба шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн тохиолдолд хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шударга ёсны зарчимд нийцсэн буюу шүүхээс гарч буй шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзнэ.

2.Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны шатанд хэргийн оролцогчийн шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан үзвэл, шүүгдэгч Б.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа 2023 оны 8 дугаар сарын 19-ний шөнө 22 цагийн үед Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 02 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Урьхан 2 зоогийн газрын урд талын асфальтан зам дээр Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2.в, 13.4.а-д заасан урд яваа тээврийн хэрэгсэл зүүн гар тийш дохио өгч байгаа үед мөн уулзвар болон гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно гэснийг тус тус зөрчиж жолооч Ж.Мын жолоодож явсан Тоёота приус 41 маркийн ....УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн,

Мөн иргэний хариуцагч Ж.Мын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4-т заасан “1.1 тэмдэглэлийг буюу үргэлжилсэн тэмдэглэлийг давсан” гэсэн заалтыг зөрчиж эсрэг урсгалыг тусгаарласан үргэлжилсэн цагаан шугам давж эргэсэн үйлдэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлсний улмаас Даюун маркийн мотоциклийн зорчигч О.Ггийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудад тусгагдсан байдаг.

 

3.Прокуророос Ж.Мын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тогтоогдсон ч хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаар тогтоолд хэргийн оролцогч гомдол гаргаагүй тул 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 01 дугаар тогтоолоор Ж.Мыг иргэний хариуцагчаар татаж,

шүүгдэгч Б.Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ замын хөдөлгөөнд оролцож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

4.Анхан шатны шүүх прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмын дагуу үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч Б.Цод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан заалтыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Цод тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

 

5.2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулж, 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.2-т “Тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж гэмт хэрэгт оногдуулах тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хэмжээг нэмэгдүүлж эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн.

Энэхүү хуульд орсон нэмэлт өөрчлөлтийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон байна.

 

6.Шүүх шүүгдэгч Б.Цод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг гарсан цаг хугацаанд үйлчилж байсан Эрүүгийн хуулийг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс буцаан хэрэглэх талаар дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан ялын төрөл хэмжээний дотор шийтгэл оногдуулж байгаа атлаа шүүгдэгч Б.Цын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, хуульд байхгүй ял оногдуулсныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх хууль зүйн боломжгүй гэж дүгнэв.

7.Иймд давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Цод холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэж, иргэний хариуцагч Ж.Мын өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.

8.Мөн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд хэргийн оролцогчдод нөлөөллийн мэдүүлэг танилцуулаагүй байгааг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/40 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Цод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.ЦЭРЭНХАНД

                                                           

                                      ШҮҮГЧИД                                     Д.МӨНХБҮРЭН

 

                                                                                        З.ТҮВШИНТӨГС