2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 191/ШШ2026/01960

 

 

 

 

 

 

 

 

 

2026 02 03 191/ШШ2026/01960

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Б******* овогт Г*******ын М******* /*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Б******* овогт Ц*******ийн С******* /*******/-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 18,146,800 төгрөг гаргуулах тухай үндсэн, зээлийн гэрээний үүрэгт 772,368 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Г.М*******,

Хариуцагчийн төлөөлөгч: Б.Б*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие мөнгө зээлдэг гэх Ц.С*******тэй уулзаж, 7,000,000 төгрөг зээлэе гэхэд үл хөдлөх хөрөнгө барьцаанд авч зээлнэ. Худалдах, худалдан авах гэрээ хийж нэр шилжүүлвэл зээлэх боломжтой гэсний дагуу өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол, 46-р байрны зоорийн давхарын 5 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай зогсоол дээр 2023.08.23-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ мөн 7,000,000 төгрөгөнд 1 сарын хугацаатай зээлийн гэрээг бичгээр хийсэн. Зээлийн төлөлтийг сар бүр 303,800 төгрөг байсан ба 5 сар төлж түүнээс хойш хүүг төлж чадаагүй. Тэгээд 2024 оны 3 сараас Ц.С*******тэй утсаар ярьж зээлийн үлдэгдэл төлбөрөө тооцоо нийлж дуусгая гэхэд үндэслэлгүйгээр 16,000,000 төгрөг өгвөл зээлийн гэрээгээ дуусгаж барьцааг чөлөөлж өгнө гэснээс болж бидний дунд маргаан үүссэн юм. Тэгээд миний хувьд 2024.10.07-нд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ц.С*******т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан. 2025.04.16-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 191/ШШ2025/03199 дугаар шийдвэрээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, бусад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Өөрийн автозогсоолоо шүүхээр шилжүүлэн авах боломжгүй болсон тул автозогсоолын зах зээлийн үнэлгээгээр хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Ц.С******* нь хууль бусаар миний автозогсоолыг бусдад зарснаас болж надад хохирол учраад байна. Миний өмчлөлийн автозогсоол Хөрөнгө Эстимэйт үнэлгээ ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлангаар 23,641,400 төгрөгөөр үнэлэгдсэн. Зээлийн гэрээгээр 7,000,000 төгрөгийг зээлж 1,505,400 төгрөгийг би буцаан төлсөн. Хариуцагч нь зээлийн үйл ажиллагаа явуулах эрхгүй этгээд тул хүү болон алдангийг төлөх үндэслэлгүй. Автозогсоолын хохирол 23,641,400 төгрөгөөс зээлийн төлбөр болох 5,494,600 төгрөгөө хасахаар 18,146,800 төгрөгөөр миний хувьд хохироод байна. Иймд хариуцагчаас 18,146,800 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.М*******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Г.М******* нь нэгэнт шүүхээр шийдвэрлэгдсэн асуудлыг дурдаж, өөрийн биш хөрөнгийг дураараа үнэлүүлж тухайн үнэлгээг баримталж, Ц.С*******ээс хууль зүйн үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй байна. Г.М******* нь бусдад төлөх зээлийн төлбөрийг бүрэн барагдуулаагүй байгааг зориуд дурдая. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагч нь хууль ёсны дагуу бусдад автозогсоолыг шилжүүлсэн. Өмнөх шүүхийн шийдвэрт ч улсын бүртгэл үнэн зөв гэж шүүх дүгнэсэн. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байна. Нэхэмжлэгч зээлээ хугацаанд нь төлөөгүй бүтэн жил хүлээж байгаад Б.Мөнхтулга гэж хүнд автозогсоолыг худалдсан. Г.М******* нь Ц.С*******т 1,505,400 төгрөгөөс өөр төлбөр төлөөгүй. Энэ үйл явдлаас хойш бүтэн 1 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг шүүхээс хүчин төгөлдөр бусад тооцсон шийдвэр гарсан. Ц.С*******ийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан. Зээлийн хүүнд 1,505,400 төгрөгийг төлсөн, бусад төлбөрийг төлөөгүй байгаа. Зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК үнэлгээ хийгээд юм шиг боловч Батзаяа гэдэг хүн үнэлгээ хийсэн байна. Батзаяа нь тухайн компанитай ямар хамааралтай вэ? гэдэг нь тодорхойгүй. Тухайн автозогсоолын үнэлгээг хийхдээ Г.М*******ын олох ёстой байсан орлого энэ үнэлгээнд хамаарахгүй, тухайн автозогсоолын үнийг тодорхойлж байгаа болохоос биш ирээдүйд олох ёстой байсан орлогод хамааралгүй гэдгийг тодорхой заасан. Хөрөнгийг 2025 онд үнэлсэн, гэтэл автозогсоолыг 2023 онд худалдсан, ханшийн зөрүү гарч байгаа. 2023 онд үнэлгээ тогтоосон зүйл байдаггүй. Үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн тухайн зогсоол нь Б.Мөнхтулга гэж иргэний өмч байхад Г.М******* нь бусдын өмч хөрөнгийг үнэлүүлсэн, захиалагч биш этгээд энэ үнэлгээг хийлгэсэн байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т зааснаар өгсөн авснаа буцаах ёстой, талуудын хооронд байгуулсан гэрээгээр автозогсоолын үнийн дүн нь 7,000,000 төгрөг байгаа гэв.

 

3.Хариуцагч тал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие хариуцагч Г.М*******ын хүсэлтийг үндэслэн харилцан тохиролцсоноор 2023.08.23-ны өдөр 7,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар 4.2%-ийн хүүтэйгээр зээлдүүлсэн юм. Г.М******* нь увуулж, цувуулан удаа дараа шаардуулсаар зээлээс 2023 оны 9, 10, 12 сар, мөн 2024 оны 1 сард тус тус нийт 1,505,400 төгрөгийг төлсөн байсан. Үндсэн зээл, хүүгийн төлбөрт нийт 12,352,200 төгрөгийг төлөх ёстой байсан тул энэ төлбөрийг Ц.С******* миний бие нь Г.М*******тай байгуулсан гэрээний үндсэн дээр өөрт шилжүүлэн авсан байсан үл хөдлөх эд хөрөнгийг 12 сая төгрөгөөр зарж борлуулан төлүүлж, одоо үлдэгдэл 772,368 төгрөгийг огт төлөхгүй байсаар байгаа юм. Иймд зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөхгүй болох нь нэгэнт тодорхой болсон тул миний бие нь дээрх зээлийн үлдэгдэл мөнгө болох 772,368 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

4.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Иргэн Ц.С******* бид нарын харилцаа зээлийн гэрээний харилцаа байсаар байтал намайг төөрөгдүүлж Ц.С******* нь барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээрээ шилжүүлж авч байж зээлсэн мөнгийг чинь өгнө гэж хэлснээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол, 46-р байрны зоорийн давхрын 5 тоотод байрлах 18 м.кв талбайтай Ү2204080518 дугаартай автозогсоолыг 2023.08.23-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ хийж надад 7,000,000 төгрөг зээлсэн. Үүнээс хойш иргэн Ц.С*******т би нийт 1,505,400 төгрөгийг төлсөн. 2024 оны 3-р сард үлдэгдэл төлбөрөө төлөөд автозогсоолоо авах санал тавихад үндэслэлгүй 16 сая төгрөгийг Ц.С******* нэхсэн учраас бидний хооронд маргаан үүссэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-т зааснаар Ц.С******* бид нарын хооронд 2023.08.23-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг 2025.04.16-ны өдрийн 191/ШШ2025/03199 дүгээр шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон. Миний өмчлөлийн автозогсоолыг Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлангаар 23,641,400 төгрөгийн үнэ бүхий гэж тогтоосон. Иймд 23,641,400 төгрөгийг үнэ бүхий автозогсоолыг Ц.С******* нь үнэгүйдүүлж үндэслэлгүй их хэмжээний мөнгө нэхэж байгаа бөгөөд Ц.С*******ээс миний бие Г.М******* 7,000,000 төгрөг зээлс авсны 1,505,400 төгрөгийг төлсөн. Автозогсоолын хохирол болох 23,641,400 төгрөгөөс зээлийн төлбөр болох 5,494,600 төгрөгөө хасахаар би 18,146,800 төгрөгөөр хохироод байна гэв.

 

5.Нэхэмжлэгч тал нотлох баримтаар,

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.04.16-ны өдрийн 191/ШШ2025/03199 дүгээр шийдвэр, Хөрөнгө Эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2025.08.21-ний өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлан гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. /ХХ-ийн 3-28 хуу/

 

6.Хариуцагч тал нотлох баримтаар,

2023.08.23-ны өдрийн зээл олгох, зээлийн төлбөр барагдуулах тухай гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2023.08.23-ны өдрийн Барьцааны гэрээний хуулбар, 2023.08.23-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. /ХХ-ийн 88-93 хуу/

 

7.Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд,

Шүүгчийн 2026.01.06-ны өдрийн 191/ШЗ2026/02416 дугаар шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хөрөнгийн үнэлгээчний гэрчилгээ, 2026.01.21-ний өдрийн Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, МУ-ын Сангийн сайдын 2024.06.12-ны өдрийн Тусгай зөвшөөрөл олгох тухай тушаал, Тусгай зөвшөөрлийн тодорхойлолт /ХХ-ийн 126-131 хуу/ гэсэн баримтуудыг шүүхийн журмаар нотлох баримтаар бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Г.М******* нь хариуцагч Ц.С*******т холбогдуулж 18,146,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт 772,368 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, зохигчийн гаргаж өгсөн баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

 

2.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг Тус дүүргийн шүүхийн 2025.04.16-ны өдрийн 191/ШШ2025/03199 дүгээр шийдвэрээр Ц.С*******тэй байгуулсан 2023.08.23-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож шийдвэрлэсэн. Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол, 46-р байрны зоорийн давхарын 5 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай зогсоолыг хариуцагч Ц.С******* нь бусдад худалдаж, гуравдагч этгээдийн нэр дээр гэрчилгээ гарсан тул автозогсоолоо бодитоор буцаан авах боломжгүй болсон. Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн үнэлгээгээр автозогсоолыг 23,641,400 төгрөгөөр үнэлсэн бөгөөд тус дүнгээс зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 5,494,600 төгрөгийг хасаж, үлдэх 18,146,800 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

3.Хариуцагч тал нэхэмжлэлийг эс зөвшөөрч татгалзаж байгаа үндэслэлээ нэхэмжлэгч нь зээлийн хүүд 1,505,400 төгрөг төлсөн. Зээлийг бүрэн төлөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК болон үнэлгээчин Б.Батзаяа нь үнэлгээ хийх эрхтэй эсэх нь тодорхойгүй. Тухайн автозогсоол нь Б.Мөнхтулга гэж иргэний өмч байхад нэхэмжлэгч Г.М******* бусдын өмч хөрөнгийг үнэлүүлсэн буюу захиалагч биш этгээд үнэлгээг хийлгэсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн. Мөн автозогсоолыг 2023 онд бусдад худалдсан, хөрөнгийн үнэлгээг 2025 онд хийсэн тул энэ хооронд ханшийн зөрүү гарч байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т зааснаар өгсөн авснаа буцаах ёстой, талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах тухай гэрээгээр автозогсоолын үнийг 7,000,000 төгрөгөөр тохиролцсон гэж мэтгэлцсэн.

 

4.Хариуцагч тал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийнхээ үндэслэлийг 2023.08.23-ны өдөр 7,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 4.2%-ийн хүүтэйгээр Г.М******* нь зээлсэн бөгөөд зээлээс нийт 1,505,400 төгрөгийг төлсөн. Үндсэн зээл, хүүгийн төлбөрт нийт 12,352,200 төгрөгийг нэхэмжлэгчээс авах ёстой байсан тул худалдах, худалдан авах гэрээний дагуу өөрийн нэр дээр шилжүүлж авсан автозогсоолыг Б.Мөнхтулгад 12,000,000 төгрөгөөр худалдсан. Зээлийн гэрээний үлдэгдэл 352,200 төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 352,200 төгрөг, зээлийн хүү 144,068 төгрөг, алданги 176,100 төгрөг, нийт 772,368 төгрөгийг Г.М******* төлөх үүрэгтэй гэж тайлбарлав.

5.Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ, хариуцагч Ц.С******* нь зээл олгох зөвшөөрөлтэй этгээд биш бөгөөд зээлийн хүү нэхэмжлэх эрхгүй. Зээлж авсан 7,000,000 төгрөгөөс 1,505,400 төгрөгийг буцаан төлсөн, үндсэн зээлийн үлдэгдэл 5,494,600 төгрөгийг автозогсоолын үнэлгээ болох 23,641,400 төгрөгөөс хасаж тооцсон тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тодорхойлох хэсэгт дурдсан нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдсон.

 

6.1.Г.М*******, Ц.С******* нар нь 2023.08.23-ны өдөр Зээл олгох, зээлийн төлбөр барагдуулах тухай гэрээ-г байгуулж, тус гэрээгээр Ц.С******* нь 7,000,000 төгрөгийг сарын 4.2%-ийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар Г.М*******т олгосон байх бөгөөд зээлийн гэрээний үүрэгт 1,505,400 төгрөгийг зээлдэгч буцаан төлсөн.

6.2.Г.М*******, Ц.С******* нар нь дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, 2023.08.23-ны өдөр Барьцааны гэрээ-г байгуулж, Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол /13335/, 46-р байр, зоорийн давхарын 5 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай /Ү-2204080518/ автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

Мөн 2023.08.23-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол /13335/, 46-р байр, зоорийн давхарын 5 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай /Ү-2204080518/ автозогсоолыг 7,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, автозогсоолын өмчлөх эрхийг Ц.С*******т шилжүүлсэн байна.

 

6.3.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.04.16-ны өдрийн 191/ШШ2025/03199 дүгээр шийдвэрээр Г.М*******, Ц.С******* нарын хооронд 2023.08.23-ны өдөр байгуулсан Худалдах, худалдан авах тухай гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож шийдвэрлэсэн.

Уг шийдвэрт Хэлцлээр шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол /13335/, 46-р байр, зоорийн давхарын 5 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай автозогсоолыг Ц.С******* нь гуравдагч этгээд Б.Мөнхтулгад 2024.08.02-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 12,000,000 төгрөгөөр худалдсан байх бөгөөд уг гэрээний дагуу Ү-2204080518 дугаартай автозогсоолын өмчлөгчөөр Б.Мөнхтулга бүртгэгдсэн, Б.Мөнхтулгын хувьд бүртгэл үнэн зөв гэж дүгнэжээ.

 

6.4.Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2025 оны 08 сарын 21-ний өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлангаар Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол /13335/, 46-р байрны зоорийн давхарын 5 тоот хаягт байрлах автозогсоолын үнэлгээг 23,641,400 төгрөг гэж тогтоосон байна.

 

7.Дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г.М******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй. Талуудын хооронд байгуулсан 2023.08.23-ны өдрийн Худалдах, худалдан авах тухай гэрээ-г шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч Ц.С******* нь автозогсоолыг бусдад худалдаж, өмчлөх эрх иргэн Б.Мөнхтулгад шилжсэн тул нэхэмжлэгч Г.М******* нь автозогсоолыг бодитоор буцаан авах хууль зүйн боломжгүй болсон байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч Г.М******* нь автозогсоолын үнийг хариуцагч Ц.С*******ээс шаардах эрхтэй.

 

Мөн зохигчийн хооронд 2023.08.23-ны өдөр байгуулсан Зээл олгох, зээлийн төлбөр барагдуулах тухай гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ байх бөгөөд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282.1-т Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж зааснаар хариуцагч Ц.С******* нь зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч Г.М*******аас шаардах эрхтэй байна.

8.Нэхэмжлэгч Г.М******* нь 2023 оны 08 сарын 23-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй. Зээлийн хүүд 1,505,400 төгрөгийг төлсөн болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6, зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.9-т зааснаар хариуцагч Ц.С******* нь алданги шаардах эрхтэй.

 

Гэрээний тус заалтын дагуу алдангийг тооцож үзвэл /7,000,000 төгрөг * 0.5% алданги = 35,000 төгрөг/ хоногт 35,000 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй. 2023.09.23-ний өдрөөс 2026.02.03-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээл 7,000,000 төгрөгийг төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн байх бөгөөд Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.2-т зааснаар алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтрэхгүй буюу 3,500,000 төгрөг байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г.М******* нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,000,000 төгрөг, алданги 3,500,000 төгрөг, нийт 10,500,000 төгрөгийг хариуцагч Ц.С*******т төлөх үүрэгтэй байна.

 

Талууд зээлийн гэрээний хугацааг сунгаж, нэмэлт өөрчлөлт оруулаагүй, зээлийн гэрээний хугацаа 2023.09.23-ны өдөр дууссан. Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойших хугацааны хүүг нэхэмжлэх эрхгүй байх тул хариуцагч Ц.С*******ийн зээлийн гэрээний үүрэг, хугацаа хэтрүүлсэний алдангид 772,368 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

 

9.Нэхэмжлэгч Г.М******* нь зээлийн гэрээгээр 7,000,000 төгрөгийг зээлж 1,505,400 төгрөгийг төлсөн тул автозогсоолын үнэлгээ 23,641,400 төгрөгөөс зээлийн үлдэгдэл болох 5,494,600 төгрөгийг хасаж, зөрүү 18,146,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжилсэн.

Шүүхээс Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2025 оны 08 сарын 21-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон автозогсоолын үнэлгээ болох 23,641,400 төгрөгөөс нэхэмжлэгчийн зээлийн гэрээний дагуу хариуцагчид төлөх төлбөр болох 10,500,000 төгрөгийг хасаж тооцон үлдэгдэл 13,141,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

10.Хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн тодорхойлолт, Хөрөнгийн үнэлгээчний гэрчилгээ зэрэг баримтаар Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК болон үнэлгээчин Б.Батзаяа нь хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй болох нь нотлогдож байх бөгөөд үнэлгээ хийх эрхгүй этгээд үнэлгээ хийсэн гэх хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй.

Мөн хариуцагч нь Хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй, үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчиж гаргасан гэх боловч энэ талаар эрх бүхий этгээдэд гомдлоо гаргаж шийдвэрлүүлсэн баримтгүй, автозогсоолын зах зээлийн үнэлгээг дахин тогтоолгох, шинжээч томилуулах хүсэлт шүүхэд гаргаагүй буюу өөрийн тайлбар татгалзалаа баримтаар нотлоогүй болно.

 

11.Иймд нэхэмжлэгч Г.М*******ын нэхэмжлэлийн шаардлага болох 18,146,800 төгрөгөөс 13,141,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 4,855,400 төгрөгийн шаардлагыг, хариуцагч Ц.С*******ийн зээлийн гэрээний үүрэг болон хугацаа хэтрүүлсэний алдангид 772,368 төгрөг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12.Хавтаст хэргийн 29-31-р хуудас, 65-79-р хуудас, 139-143-р хуудсанд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх тус баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

13.Нэхэмжлэгч Г.М*******ын 2025.08.29-ний өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 248,648 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.С*******ээс 224,407 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.М*******т олгох, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т зааснаар хариуцагч Ц.С*******ээс 13,291,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.М*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,855,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар хариуцагч Ц.С*******ийн зээлийн гэрээний үүрэгт болон хугацаа хэтрүүлсний алдангид 772,368 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.М*******ын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,648 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.С*******ээс улсын тэмдэгтийн хураамж 224,407 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.М*******т олгож, сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.АМАРБАЯСГАЛАН