| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0825/Э |
| Дугаар | 848 |
| Огноо | 2018-10-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 848
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
Улсын яллагч Э.Энхбат,
Шүүгдэгч Х.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бэсүд овогт ...ын ...т холбогдох 1808000001135 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 05 сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бэсүд овогт ...ын ... РД:/.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Х.... нь Сонгинохайрхан дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ачит" нэртэй караоке бааранд 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө 00 цагийн орчим тус караоке баарны бармен ажилтай Э....ийн нүүрэн тус газар гар утсаар шидэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1. Хохирогч Э....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 12-р хороонд үйл ажиллагаа явуулдаг “Ачит” караоке бааранд барменаар ажилладаг. 2018 оны 09-р сарын 24-ний орой ажлаа хийж байгаад 24:00 цаг болж байхад 06 дугаартай өрөөнд үйлчлүүлж байсан 6 эрэгтэй 1 эмэгтэй зэрэг 7 хүнд одоо манайх хаах гэж байна та нар одоо гараарай гэж хэлсэн. Тэр үед тэр өрөөнд байсан эмэгтэй хамт явсан нөхөртэйгөө хэрэлдээд байсан. Тэр эмэгтэй намайг өрөөнд ороход надад агсраад намайг заамдаж аваад цамцнаас зулгаагаад байсан. Хамт явсан эрэгтэйчүүд нь ”боль” гээд салгасан. Би өрөөнөөс гарахад тэр эмэгтэй нөхөртэйгөө цуг араас гарч ирээд шатны хажууд зогсож байхад нь би ойртож очиход над руу гар утсаа шидэхэд миний хамар дээр оносон. Би нүүрээ дараад тонгойход миний хамарнаас шууд цус гарсан. Миний хамар шалбарч хавдсан. ...Надад хэргийн улмаас нэхэмжлэх зүйл байхгүй, Х.... надаас уучлалт гуйгаад бид хоёр эвлэрсэн, эмчилгээний зардалд 250.000 төгрөг төлсөн. ...” гэх мэдүүлэг /хх 12 х/,
2. Шүүгдэгч Я....ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 9-р сарын 24-ний 20 цагийн орчим нөхөр Лхамсүрэн болон тэдний ажлын газрын ..., болон бусад ажилчидтай нь хамт Сонгинохайрхан дүүргийн 1-р хороололд Саппорогийн ард “Ачит” гэдэг караокед орсон юм. Бид нар тэнд суугаад 2 шил 0,75 граммын Хараа архи ууцгаасан. Би архи уугаад нэлээн согтсон байсан. Би тэгээд согтоод нэг сэрэхэд өглөө эрүүлжүүлэхэд байж байсан. Ямар асуудал болсныг огт санахгүй байгаа юм. Маргааш нь манай нөхөр чи тэр баарны бармен эмэгтэй рүү гар утсаа шидээд хамрыг нь гэмтээсэн гэдгийг хэлсэн. Ингээд би буруугаа ойлгоод надад цохиулж хохирсон ...э гэж бүсгүйтэй уулзаж уучлалт гуйж эвлэрсэн. Би тэр эмэгтэйг гэмтээсэндээ их гэмшиж байгаа. ... хохиролд 250,000 төгрөг төлсөн ...” гэх мэдүүлэг /хх 22-24, 35-36 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3. Гэрч Т....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өчигдөр орой 22:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 12-р хороонд үйл ажиллагаа явуулдаг “Ачит” караоке пабад барменаар ажилладаг найз охин Э....ий ажил дээр очсон юм. Би түүний ажлыг нь тарахыг хүлээгээд тус караокений 4 дугаартай өрөөнд сууж байхад манай найз охин 24:00 цаг болж байх үед өрөөнд орж ирээд “нэг эмэгтэй агсан тавиад хоолой ам боогоод байна” гэхээр нь хамт гарсан юм. Тэгтэл нэг эгч коридорт байж байгаад гар утсаа манай найз охин руу шидэхэд утас нь ...ийн нүүрийг оносон. Манай найз охин нүүрээ дараад доошоо суусан. Би яг хажууд нь байсан. ...ийн хамарнаас шууд цус ихээр гарсан. Тэгээд л цагдаа дуудаад цагдаа ирээд тэр эмэгтэйг аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хх 17-19 х/,
4. Шинжээчийн 11642 тоот дүгнэлт
1.Э....э-н биед хамарт шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх 27 х/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгч Х....ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцсон.
Гэм буруугийн талаар:
Х.... нь Сонгинохайрхан дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ачит" нэртэй караоке бааранд 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнийн 00 цагийн орчим тус караоке баарны бармен ажилтай Э....ийн “манайх хаах гэж байна та нар одоо гараарай” гэсэн шаардлагыг эсэргүүцэж гар утсаар нүүрэн тус газар нь шидэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Э....ий “...би ойртож очиход над руу гар утсаа шидэхэд миний хамар дээр оносон. Би нүүрээ дараад тонгойход миний хамарнаас шууд цус гарсан. ...” гэх мэдүүлэг /хх 12 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
- Шүүгдэгч Я....ийн “...Би архи уугаад нэлээн согтсон байсан. ... Маргааш нь манай нөхөр чи тэр баарны бармен эмэгтэй рүү гар утсаа шидээд хамрыг нь гэмтээсэн гэдгийг хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 22-24, 35-36 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
- Гэрч Т.Анхбаясгалангийн “... нэг эгч коридорт байж байгаад гар утсаа манай найз охин руу шидэхэд утас нь ...ийн нүүрийг оносон. ... ...ийн хамарнаас шууд цус ихээр гарсан. ...” гэх мэдүүлэг /хх 17-19 х/,
- Шинжээчийн 11642 тоот дүгнэлт
1.Э....э-н биед хамарт шарх гэмтэл тогтоогдлоо. ... 4.Шүүх
эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /хх 27 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдал, оногдуулах ял шийтгэлийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:
Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хууль бусаар халдаж хөнгөн хохирол учруулснаар төгс үйлдэгдсэнд тооцогдоно. Э....ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Х.... түүний нүүрэн тус газар утсаар шидсэнээс үүдэлтэй болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэг нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг
Шүүгдэгч Х.... бусдын эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Х....ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Хохирогч Э....э эмчилгээний зардалд 250,000 төгрөг авсан болох нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 11-12 х/, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болох нь эвлэрсэн тухай баримт /хх 56 х/-аар тогтоогдсон тул Х....ийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
Х.... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуурсан үедээ үйлдсэн, хувийн байдлын хувьд шүүхээр анх удаа ял шийтгүүлж байгаа хэдий ч архидан согтуурч зөрчил гарган зөрчлийн тухай хуулиар удаа дараа шийтгэл хүлээж байсан зэргийг тал бүрээс нь харгалзан прокурорын санал болгосон 450 нэгжээр торгох ялыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял болгон оногдуулж, уг торгуулийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн.
Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 250,000 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “LG” загварын хар өнгийн дэлгэц нь хагархай гар утсыг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй гэж шүүх үзсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Бэсүд овогт ...ын ...ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Отгоцэцэгийг 600 нэгжтэй тэнцэх 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Х...т үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Х....т мэдэгдсүгэй.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “LG” загварын хар өнгийн дэлгэц нь хагархай гар утас 01 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Х....т буцаан олгосугай.
6.Х....ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 250,000 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ