Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2026/ДШМ/35  

 

 

     

 

 

    2026         03          26                                                   2026/ДШМ/35                                 

 

О.Б, Т.Б, Л.Ц,

Ц.Ч, Б.Т нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч А.Цэрэнханд, ерөнхий шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор Б.Билгүүн,                

Цагаатгагдсан этгээд Б.Т,

Цагаатгагдсан этгээд О.Бын өмгөөлөгч Б.Оюунбилэг, С.Баясгалан,

Цагаатгагдсан этгээд Л.Ц, Ц.Ч нарын өмгөөлөгч А.Золжаргал /цахим/,

            Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2026/ШЦТ/02 дугаар шийтгэх тогтоолыг үл зөвшөөрч прокурор Б.Билгүүний бичсэн  2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаар эсэргүүцлийг үндэслэн О.Б, Т.Б, Л.Ц, Ц.Ч, Б.Т нарт холбогдох эрүүгийн 2201000450309 дугаартай хэргийг 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Биеийн байцаалт

1.1.Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр .......хотод төрсөн, 62 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ........... ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ................ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, О.Б, регистрийн дугаар:

1.2.Монгол Улсын иргэн, .... оны .... дүгээр сарын ...-ны өдөр ......хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ................ ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............ оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Т.Б, регистрийн дугаар: ............

1.3.Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар сарын .....-ний өдөр ..... суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, ..... ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ..... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Л.Ц, регистрийн дугаар: ............

1.4.Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....-ний өдөр ..... хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ....... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ........ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ц.Ч, регистрийн дугаар: .........

1.5.Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ны өдөр ...... суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ...... мэргэжилтэй, ..... эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн ........... оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б.Т, регистрийн дугаар: .......

2.Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

2.1.Цагаатгагдсан этгээд О.Б нь нийтийн албан тушаалтан буюу Чингис Хаан Олон Улсын Нисэх буудал дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах” гэж, 7 дугаар зүйлийн 7.1.6-д “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж, 7 дугаар зүйлийн 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж,

Нийтийн албанд Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Албан тушаалтан албан үүрэгтэй нь шууд ба шууд бусаар холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг бусад этгээдийн өмнө төлөөлөхийг хориглоно” гэж,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.9-д “Албан үүргээ гүйцэтгэж байхдаа хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглахгүй” гэж заасныг, 39 дүгээр зүйлийн 39.1.2-д “Албаны эрх мэдлээ хэтрүүлэх” гэж,

Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/275 дугаартай тушаалаар батлагдсан "Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам"-ын 1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд тавих гаалийн хяналтын бүх шатанд ажиглалт хийнэ” гэж,

Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаартай тушаалаар батлагдсан "Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам"-ын 6 дугаар зүйлийн 6.12 дахь хэсэг “Ногоон гарцаар нэвтрэх зорчигч, тэдгээрийн хувийн хэрэглээний эд зүйлд гаалийн хяналт тавьж гаалийн хилээр нэвтрүүлнэ” гэж,

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 382 дугаартай тогтоолоор батлагдсан "Албан тушаалын тодорхойлолт"-ын 1 дүгээр зорилтын 1 дэх хэсэгт “Гаалийн хяналтын бүс, баталгаат бус, тусгай бүсийн дэглэм, журмыг сахиулах, гаалийн болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллах” гэж заасныг, 3 дахь хэсэгт “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу татвар, хураамжийг ногдуулж, хураах” гэж,

Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.2.2-т “Гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийхдээ төр, байгууллага, хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй, албан тушаалаа урвуулан ашиглахгүй, хэтрүүлэхгүй байх” гэж заасныг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн танил Л.Цийн эхнэр Ц.Чгийн 239,034,513 төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлийг гаальд мэдүүлэлгүй нэвтрүүлж татвар төлүүлэхгүй байх гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор, түүнд дэмжлэг үзүүлж, гаалийн улсын байцаагч Т.Бт хууль бус үүрэг, чиглэл өгч, хийх ёсгүй үйлдлийг хийж, улмаар Т.Б нь 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчин ирсэн Ц.Ч, Б.Т нарыг гаалийн хяналт шалгалтын бүсээр шалгалгүй нэвтрүүлж,  албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж Ц.Чг 37,050,349 төгрөгийн татвар төлөхгүй байх нөхцөл боломжийг бүрдүүлж давуу байдал бий болгосон гэх хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдэж хамжигчаар хамтран оролцсон,

2.2.Цагаатгагдсан этгээд Т.Б нь нийтийн албан тушаалтан буюу Чингис Хаан Олон Улсын Нисэх буудал дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах” гэж, 7 дугаар зүйлийн 7.1.6-д “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж заасныг, 7 дугаар зүйлийн 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж,

Нийтийн албанд Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг “Албан тушаалтан албан үүрэгтэй нь шууд ба шууд бусаар холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг бусад этгээдийн өмнө төлөөлөхийг хориглоно” гэж,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.9-д “Албан үүргээ гүйцэтгэж байхдаа хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглахгүй” заасныг, 39 дүгээр зүйлийн 39.1.2-д “Албаны эрх мэдлээ хэтрүүлэх” гэж,

Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/275 дугаартай тушаалаар батлагдсан "Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам"-н 1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд тавих гаалийн хяналтын бүх шатанд ажиглалт хийнэ” гэж,

Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаартай тушаалаар батлагдсан "Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам"-ын 6 дугаар зүйлийн 6.12 дахь хэсэг “Ногоон гарцаар нэвтрэх зорчигч, тэдгээрийн хувийн хэрэглээний эд зүйлд гаалийн хяналт тавьж гаалийн хилээр нэвтрүүлнэ” гэж,

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 382 дугаартай тогтоолоор батлагдсан "Албан тушаалын тодорхойлолт"-ын 1 дүгээр зорилтын 1 дэх хэсэгт “Гаалийн хяналтын бүс, баталгаат бүс, тусгай бүсийн дэглэм, журмыг сахиулах, гаалийн болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллах” гэж, 3 дахь хэсэгт “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу татвар, хураамжийг ногдуулж, хураах” гэж,

Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.2.2-т “Гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийхдээ төр, байгууллага, хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй, албан тушаалаа урвуулан ашиглахгүй, хэтрүүлэхгүй байх” гэж заасныг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ц.Чгийн 239,034,513 төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлийг гаальд мэдүүлэлгүй нэвтрүүлж татвар төлүүлэхгүй байх гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор гаалийн улсын ахлах байцаагч О.Боос өгсөн хууль бус үүргийн дагуу хийх ёсгүй үйлдлийг хийж, 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчин ирсэн Ц.Ч, Б.Т нарыг гаалийн хяналт шалгалтын бүсээр шалгалгүй нэвтрүүлж, албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж Ц.Чг 37,050,349 төгрөгийн татвар төлөхгүй байх нөхцөл боломжийг бүрдүүлж давуу байдал бий болгосон гэх хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдэж гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

2.3.Цагаатгагдсан этгээд Ц.Ч нь 239,034,513.12 төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлийг гаальд мэдүүлэлгүй гаалийн хяналт шалгалтын бүсээр хяналт шалгалт хийлгэхгүй нэвтрүүлэх" талаар өөрийн нөхөр Л.Цт хэлсний дагуу Л.Ц нь Нийтийн албан тушаалтан болох Чингис Хаан Олон Улсын Нисэх буудал дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч О.Бтой 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 18 цаг 30 минутад утсаар холбогдож "Маргааш манай нэг найз ирэх юмаа, жоохон бараатай ирэх юм туслаач" гэх зэргээр хандаж, хууль бусаар нөлөөлж,

Гаалийн ахлах байцаагч О.Б нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Л.Цийн эхнэр Ц.Чгийн 239,034,513 төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлийг гаальд мэдүүлэлгүй нэвтрүүлж татвар төлүүлэхгүй байх гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор гаалийн байцаагч Т.Бт хууль бус үүрэг чиглэл өгч хийх ёсгүй үйлдэл хийж,

Улмаар Т.Б нь О.Боос өгсөн хууль бус үүргийг татгалзахгүйгээр хэрэгжүүлж, 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчин ирсэн Ц.Ч, Б.Т нарыг гаалийн хяналт шалгалтын бүсээр шалгалгүй нэвтрүүлж, албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж Ц.Чг 37,050,349 төгрөгийн татвар төлөхгүй байх нөхцөл боломжийг бүрдүүлж давуу байдал бий болгоход үйлдлээрээ санаатай нэгдэж хатгагчаар хамтран оролцсон,

 

2.4.Цагаатгагдсан этгээд Л.Ц нь "өөрийн эхнэр Ц.Чгийн 239,034,513.12 төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлийг гаальд мэдүүлэлгүй гаалийн хяналт шалгалтын бүсээр хяналт шалгалт хийлгэхгүй нэвтрүүлэх" ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор,

Нийтийн албан тушаалтан болох Чингис Хаан Олон Улсын Нисэх буудал дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч О.Бтой 2022 оны  7 дугаар сарын 31-ний өдрийн 18 цаг 30 минутад утсаар холбогдож "Маргааш манай нэг найз ирэх юмаа, жоохон бараатай ирэх юм туслаач" гэх зэргээр хандаж, хууль бусаар нөлөөлж,

Гаалийн ахлах байцаагч О.Б нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Л.Цийн эхнэр Ц.Чгийн 239,034,513 төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлийг гаальд мэдүүлэлгүй нэвтрүүлж татвар төлүүлэхгүй байх гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор гаалийн байцаагч Т.Бт хууль бус үүрэг чиглэл өгч хийх ёсгүй үйлдэл хийж,

Улмаар Т.Б нь О.Боос өгсөн хууль бус үүргийг татгалзахгүйгээр хэрэгжүүлж, 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчин ирсэн Ц.Ч, Б.Т нарыг гаалийн хяналт шалгалтын бүсээр шалгалгүй нэвтрүүлж, албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж Ц.Чг 37,050,349 төгрөгийн татвар төлөхгүй байх нөхцөл боломжийг бүрдүүлж давуу байдал бий болгоход үйлдлээрээ санаатай нэгдэж хатгагчаар хамтран оролцсон,

 

2.5.Цагаатгагдсан этгээд Б.Т нь өөрийн танил Ц.Чгийн 239,034,513 төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлийг гаальд мэдүүлэлгүй нэвтрүүлж татвар төлүүлэхгүй байх гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор түүний нөхөр Л.Цоор 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдөр нийтийн албан тушаалтан болох гаалийн улсын ахлах байцаагч О.Бтой холбогдуулан нөлөөлүүлж,

Гаалийн ахлах байцаагч О.Б нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Л.Цийн эхнэр Ц.Чгийн 239,034,513 төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлийг гаальд мэдүүлэлгүй нэвтрүүлж татвар төлүүлэхгүй байх гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор гаалийн байцаагч Т.Бт хууль бус үүрэг чиглэл өгч хийх ёсгүй үйлдэл хийж,

Улмаар Б.Т нь 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчин ирэхдээ Ц.Чгийн үнэт эдлэлийг өөрийн гар тээшинд хийж, гаалийн хяналт шалгалтын хэсэг буюу нийтийн албан тушаалтан болох гаалийн хяналтын улсын байцаагч Т.Бийн албан үүргээ гүйцэтгэж байсан хэсгээр шалгуулахгүй нэвтэрч Ц.Чг улсад 37,050,513.12 төгрөгийн татвар төлөхгүй байх нөхцөл байдлыг бүрдүүлж давуу байдал бий болгоход дэмжлэг үзүүлж уг гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

 

3.Нийслэлийн прокурорын газраас О.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Т.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Л.Цийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Ц.Чг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

4.Анхан шатны шүүх: Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Б,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Б,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Ц,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Ч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Т нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж,

Эрүүгийн 2534000000218 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 239,034,513.12 төгрөгийн үнэ бүхий 16 нэр төрлийн 608 ширхэг үнэт эдлэл нь Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг, шүүгдэгч Ц.Чд 239,034,513.12 төгрөгийн үнэ бүхий 16 нэр төрлийн 608 ширхэг үнэт эдлэлийг буцаан олгохыг,

мөн хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, хэрэгт хураагдан ирсэн 4 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалахыг, цагаатгагдсан этгээд О.Б, Т.Б, Л.Ц, Ц.Ч, Б.Т нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол уншин сонсмогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч О.Б, Л.Ц, Ц.Ч, Б.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Т.Бийн хувийн баталгаа гаргах болон албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

5.Прокурор Б.Билгүүн эсэргүүцэл болон тус шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх шүүгдэгч О.Б, Т.Б, Ц.Ч, Л.Ц, Б.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, улмаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн О.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2. 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн Т.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн Л.Ц, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн Ц.Ч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн Б.Т нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан "гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй, гэмт хэргийн шинжгүй" үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.Б, Т.Б, Ц.Ч, Л.Ц, Б.Т нарыг цагаатгаж шийдвэрлэжээ.

Цагаатгах тогтоолыг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч танилцаад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн буюу шүүхийн шийдвэр хуулийн шаардлагад нийцээгүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна" гэж,

Мөн зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэж,

Мөн хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т "шүүхийн шийдвэрийн удирдлага хэсэгт дараах зүйлсийг тусгана" гэж, мөн зүйлийн 1.4-т "хэргийн дугаар" гэж,

Мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт "цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тусгана" гэж тус тус заажээ.

1.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна." гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт "Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана." гэж хуульчилсан.

Анхан шатны шүүхийн тогтоолын тодорхойлох, тогтоох хэсэгт нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн талаар дурдсан атлаа "Шийтгэх тогтоол" үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.

Түүнчлэн прокуророос О.Б нарт холбогдох эрүүгийн 2201000450309 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн атал анхан шатны шүүх "....эрүүгийн 2534000000218 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв" гэж тогтоолд алдаатай тусгасан байна.

1.2 Анхан шатны шүүх нь цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт "О.Б, Т.Б, Л.Ц, Ц.Ч, Б.Т нарт холбогдох эрүүгийн 2534000000218 дугаартай хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нарын буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “гэмт хэргийн шинжгүй" гэж заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй" гэж дүгнэсэн атлаа ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Б, Т.Б, Ц.Ч, Б.Тыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн боловч шүүгдэгч Л.Цийн үйлдлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгаагүй, тогтоох хэсгийн 5 дахь заалтад "Цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй" гэж дурдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцээгүй буюу мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасныг зөрчсөн нь 39.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг өөрчлөх эсхүл хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

1.3 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө" гэж заажээ.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч О.Б нарт холбогдох хэргийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцэж шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн атал цагаатгах тогтоолыг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр прокурорт ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13-т заасныг зөрчсөн байна.

2.Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд:

Шүүхийн шийдвэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д "...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана..." гэж заасны дагуу хэргийн үйл баримтыг үндэслэлтэй үгүйсгэж чадаагүй гэж үзэхээр байна. Тодруулбал:

Анхан шатны шүүх "Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч О.Б, Т.Б, Ц.Ч, Л.Ц, Б.Т нар нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэмт хэргийг үйлдсэн гэх нөхцөл байдал эрүүгийн 2534000000218 дугаартай 10 хавтаст хэрэгт авагдсан ямар нотлох баримтуудаар хэрхэн яаж нотлогдож байгаа талаар эх сурвалжаа зааж нотолж чадаагүй" гэж дүгнэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн эрх, үүргээ хэтрүүлсний улмаас өөртөө болон бусдад давуу байдал бий болгохыг шаарддаг.

Энэ гэмт хэрэг нь хуулиар хамгаалагдсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдаг онцлогтой билээ.

Авлигын эсрэг нэгдсэн үндэстний байгууллагын конвенцын 28 дугаар зүйлд "Энэхүү конвенцын дагуу тогтоосон гэмт хэргийн зайлшгүй бүрэлдэхүүн болох ухамсар, санаа, зорилгыг бодит үйл баримтын нөхцөл байдлаас дүгнэн гаргаж болно" гэж заажээ.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн ярианы холболтын жагсаалтад үзлэг хийсэн тэмдэглэл, Буянт-Ухаа дахь гаалийн газрын даргын 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/13 дугаартай "Хөшгийн хөндий дэх Чингис хаан олон улсын нисэх буудалд нэвтрэх зорчигч, бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийх технологи ажиллагааны заавар" баталсан тушаал, хавсралт, Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/223 дугаартай "Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх" журам, Чингис Олон Улсын Нисэх буудлын хяналтын камерын бичлэг болон хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Ц.Ц, Ч.Э, Ц.О, Б.Чийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг, О.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Ц.Ч нь 239,034,513.12 төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлийг гаальд мэдүүлэлгүй гаалийн хяналт шалгалтын бүсээр хяналт шалгалт хийлгэхгүй нэвтрүүлэх" талаар өөрийн нөхөр Л.Цт хэлсний дагуу Л.Ц нь Нийтийн албан тушаалтан болох Чингис Хаан Олон Улсын Нисэх буудал дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч О.Бтой 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 18 цаг 30 минутад утсаар холбогдож "Маргааш манай нэг найз ирэх юмаа, жоохон бараатай ирэх юм туслаач" гэх зэргээр хандаж, хууль бусаар нөлөөлсөн,

Гаалийн ахлах байцаагч О.Б нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Л.Цийн эхнэр Ц.Чгийн 239,034,513 төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлийг гаальд мэдүүлэлгүй нэвтрүүлж татвар төлүүлэхгүй байх гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор гаалийн байцаагч Т.Бт хууль бус үүрэг чиглэл өгч улмаар Т.Б нь О.Боос өгсөн хууль бус үүргийг татгалзахгүйгээр хэрэгжүүлж, 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчин ирсэн Ц.Ч, Б.Т нарыг гаалийн хяналт шалгалтын бүсээр зохих журмын дагуу шалгалгүй нэвтрүүлж, Ц.Чг 37,050,349 төгрөгийн татвар төлөхгүй байх нөхцөл боломжийг бүрдүүлсэн нөхцөл байдал тогтоогдож прокуророос яллах дүгнэлтдээ тодорхой тусгасан байтал анхан шатны шүүхээс "...ямар нотлох баримтуудаар хэрхэн яаж нотлогдож байгаа талаар эх сурвалжаа зааж нотолж чадаагүй..." гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлд хамаарч байна.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд улсын яллагчаас шүүгдэгчийн гэмт хэргийг нотолж байгаа гэж үзэн шүүх хуралдаанд шинжлэн судалсан яллах талын нотлох баримтуудыг хэрхэн няцаан үгүйсгэсэн талаараа цагаатгах тогтоолд бичээгүй буюу энэ талаар дүгнээгүй нь цагаатгах тогтоол хуулийн шаардлагыг хангаагүйн зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүх хэргийн бодит байдлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг бусад нотлох баримтуудтай харьцуулан нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаагүй, шүүхийн шийдвэрийн үйл баримтын үндэслэл тодорхойгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.7 болон 36.9 дүгээр зүйлүүдэд заасан шүүхийн шийдвэр тодорхой, эргэлзээгүй, үндэслэл бүхий байх хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна. Иймд Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2026/ШЦТ/02 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

6.Цагаатгагдсан этгээд О.Бын өмгөөлөгч Б.Оюунбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон саналдаа: “...Анхан шатны шүүх хуралдааны үед шүүгч тогтоолыг цагаатгах тогтоол гэж уншиж сонсгосон болно. Тогтоолын тодорхойлох хэсэгт хэргийн талаар дүгнэлт хийж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хангалттай нотлох баримт бүрдээгүй, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр цагаатгах шаардлагатайг дурьдсан. Гэвч уг тогтоолыг шийтгэх тогтоолын бланк дээр үйлдсэн нь техникийн шинжтэй алдаа гэж үзэж байна. Учир нь тогтоолын агуулга бүхэлдээ цагаатгах шийдвэрийн шинжийг агуулж байгаа бөгөөд зөвхөн тогтоох хэсэгт Л.Цийн нэрийг орхигдуулсан байна. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох бүрэн эрхтэй. Иймд уг хэргийг анхан шатны шүүхэд буцаалгүйгээр, тогтоолд зохих өөрчлөлт оруулан техникийн алдааг засах боломжтой гэж үзэж байна. Тогтоох хэсэгт Л.Цийн нэрийг орхигдуулсан боловч тодорхойлох хэсэгт таван шүүгдэгчид холбогдох хэрэг нотлогдоогүй гэсэн үндэслэлээр цагаатгаж буйг тодорхой тусгасан тул уг зөрчлийг залруулах боломжтой. Мөн хэргийн дугаарыг адил журмаар засварлах боломжтой. Яллах дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэгт буруутгах хангалттай нотлох баримт хэрэгт цуглараагүй байна. Тухайлбал, утсаар холбогдсон гэх 7 секундийн ярианы агуулга тодорхой бус, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй болно. Мөн О.Б нь Ц.Ч, Б.Т гэх хүмүүсийг танихгүй бөгөөд тэднийг шалгахгүй өнгөрөөх талаар хэнд ч үүрэг, чиглэл өгөөгүй. Анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судалсан камерын бичлэгт Ц.Ч, Б.Т нар нь зохих журмын дагуу ачаа тээшээ шалгуулан гарч буй нь тогтоогдсон. Урьдчилан үгсэн тохиролцсон гэх нөхцөл байдал нотлогдоогүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд дээр дурдсан техникийн шинжтэй алдааг залруулж, тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

7.Цагаатгагдсан этгээд О.Бын өмгөөлөгч С.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон саналдаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн үйлдэл холбогдолд гэмт хэргийн бүрэлдэхүүн тогтоогдоогүй гэсэн дүгнэлт хийсэн нь зөв. Шийтгэх тогтоол гэсэн бичвэр байгаа нь илэрхий техникийн шинжтэй алдаа. Анхан шатны шүүх хуралдаанд шүүхээс цагаатгах тогтоол гарч агуулгыг уншиж сонсгосон. Прокурорын дурдаж буй тодорхой бус дотоод зөрчилтэй гэсэн асуудлыг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж залруулах боломжтой. Техникийн шинжтэй алдаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

8.Цагаатгагдсан этгээд Л.Цийн өмгөөлөгч А.Золжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон саналдаа: “...Цагаатгах тогтоолыг шийтгэх тогтоолын бланк дээр гаргасан нь техникийн шинжтэй алдаа юм. Харин миний үйлчлүүлэгч Л.Цийн нэрийг тогтоох хэсэгт бичилгүй орхигдуулсан тул өмгөөлөгч П.Баасанжав бид хоёр залруулга хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шийдвэрлээгүй. Иймд давж заалдах шатны шүүхээс тогтоолд өөрчлөлт оруулах замаар зөвтгөх боломжтой гэж үзэж байна. Мөн прокурорын эсэргүүцэл нь үндэслэлгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эсхүл давж заалдах шатны шүүх хэргийг буцаан шийдвэрлэх боломжгүй тул хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой...” гэв.

9.Цагаатгагдсан этгээд Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэлтэй холбоотой хэлэх тайлбар байхгүй...өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх цагаатгагдсан этгээд О.Б, Т.Б, Л.Ц, Ц.Ч, Б.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ прокурор Б.Билгүүний  бичсэн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаар эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлалгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар мөрдөн шалгах болон прокурорын бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад  шийтгэх тогтоолын бланк дээр гарсан цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

         1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны эрх ашгийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах нь хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийн баталгаа болдог. Иймд анхан шатны шүүхээс гаргах шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн зөрчилгүй байх ёстой.

2.Анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас О.Бод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт,

Т.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2. 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт,

Л.Цт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт,

Ц.Чд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт,

Б.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...10 хавтаст хэрэг авагдсан ямар нотлох баримтуудаар хэрхэн яаж нотлогдож байгаа талаар эх сурвалжаа зааж нотолж чадаагүй...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ гэмт хэргийн шинжгүй...” гэх өөр хоорондоо зөрөөтэй ойлгомжгүй дүгнэлт хийснийг хэргийн бодит байдалд нийцсэн, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүхээс цагаатгах тогтоол гаргаж байгаа тохиолдолд шийдвэрийн тодорхойлох хэсэгт шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга, шүүгдэгч нарыг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийн талаар дүгнэлт хийхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан заасан байхад энэ талаар дүгнэлт огт хийгээгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэж, эсхүл энэ хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “гэмт хэргийн шинжгүй” гэж заасан аль үндэслэлээр шүүгдэгч О.Б, Т.Б, Л.Ц, Ц.Ч, Б.Т нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байгаа тул шүүхээс гаргасан шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэхгүй.

 

3.Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана” гэж заасан ба уг тогтоол нь мөн хуулийн 36.2 дугаар зүйлд заасан хэлбэр, бүтэцтэй, 36.6-36.9 дүгээр зүйлүүдэд заасан шаардлагыг хангасан байх учиртай.

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дугаартай тогтоолоор “Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлал”-ыг баталсан байх ба тогтоолын удиртгал хэсэгт шүүхийн шийдвэрийг хэзээ, хаана, ямар шүүх гаргаж байгаа, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны оролцогчийн нэрийг нэрлэн заана гэж тусгасан.

Оролцогчдын овог, нэрийг заах нь тэдгээрийг ижил нэртэй хүнээс ялгахад ач холбогдолтойн гадна шүүх бүрэлдэхүүн хууль ёсны эсэх, шүүх хуралдаанд тухайн улсын яллагч, нарийн бичгийн дарга оролцож буй нь хууль зөрчсөн эсэх, хуульд заасан татгалзан гаргах үндэслэл байгаа эсэх, аль нэг оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй нөхцөл байдал үүссэн  эсэхийг шалган тогтооход ач холбогдолтой юм.

Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгч Т.Б, О.Б нарын өмгөөлөгчийн нэрийг сольж бичсэн зөрчил гаргасан байхаас гадна прокуророос ирүүлсэн хэргийн дугаарыг буруу бичсэн байна.  

4.Үүнээс гадна шүүгдэгч О.Б, Т.Б, Л.Ц, Ц.Ч, Б.Т нарыг цагаатгаж шийдвэрлэсэн боловч хэргийн оролцогчдод “Шийтгэх тогтоол” гэсэн эрх зүйн актын маягт дээр үйлдсэн цагаатгах тогтоолын хувийг гардуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заасан 1.6-т “...шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй...” гэж заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарч байна.

5.Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэхэд уг тогтоолын хэрэгт үдсэн хувь болон хэргийн оролцогчдод гардуулсан хувийн тогтоох нь хэсгийн 1 дэх заалт хоорондоо зөрүүтэй байгаа нь давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд тогтоогдсон болно.

Энэхүү зөрүү нь шүүхийн шийдвэрийн бодит агуулгыг тодорхойлох боломжгүй болгосон бөгөөд аль хувийг нь хүчинтэйд тооцох нь ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэж байгаа ба шүүхийн шийдвэрийн хууль ёсны байдалд эргэлзээ үүсгэж байна.

6.Иймд дээрх зөрчлүүд нь техникийн шинжтэй алдаа бус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2-т “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 1.3-т “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж тус тус заасан үндэслэлүүдэд хамаарч байгаа тул анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2026/ШЦТ/02 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, прокурор Б.Билгүүний бичсэн “Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2026/ШЦТ/02 дугаар цагаатгах тогтоол нь шүүхийн шийдвэр тодорхой, эргэлзээгүй, үндэслэл бүхий байх хуулийн зохицуулалтыг зөрчсөн байх тул хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий эсэргүүцлийг хангаж, О.Б, Л.Ц, Ц.Ч, Б.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээ, Т.Бийн хувийн баталгаа гаргах болон албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2026/ШЦТ/02 дугаар шийтгэх тогтоолын бланк дээр гаргасан цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, прокурор Б.Билгүүний бичсэн эсэргүүцлийг хангасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч О.Б, Л.Ц, Ц.Ч, Б.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээ, Т.Бт хувийн баталгаа гаргах болон албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                           

                                      ШҮҮГЧИД                                     А.ЦЭРЭНХАНД

 

                                                                                        З.ТҮВШИНТӨГС