Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 824

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Ц.Гансүлд /томилолтоор/,

Шүүгдэгч Ц...., түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам /ҮД:0192/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт ...ын ...-д холбогдох 1808027670967 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

           Монгол улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ...тоотод оршин суух, урьд

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 04 сарын 02-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 8 сарын хорих ялаар,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 703 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 02 сар 20 хоногийн баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, Боржигон овогт ...ын ... /РД:.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

 

Ц.... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны ...тоотод оршин суух Ц.... “дахин нэг шил архи ууна, маргааш ажилтай уухгүй” гэх асуудлаас үүдэн маргалдаж Ц....ын нүүрэн тус газарт заазуураар зүсч эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

 

-  Хохирогч Ц....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ... 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр найз ... бид хоёр 0,75 граммтай хоёр шил архи хувааж уугаад би нилээн согтчихсон. Тэгж байтал гаднаас манай эгч Болороо ... хоёр орж ирснийг санаж байна. Би согтоод тасарчихсан байсан зарим юмыг санахгүй байна. Нэг мэдсэн нүүр зүсэгдчихсэн нил цус болчихсон байсан. Тухайн үед эхнэрээсээ асуусан чинь ... манай гэрт байсан цэцэгтэй заазуураар зүсчихсэн гэж надад хэлсэн. Би яг зүсэж байхыг санахгүй байна. Одоо ...-д ямар нэгэн гомдол санал байхгүй. Эмчилгээний зардал гэж одоо 800,000 төгрөг нэхэмжилж байна. Би ...тай сайн дураараа эвлэрсэн. ...” гэх мэдүүлэг /хх 17 х/,

 

             - Шүүгдэгч Ц....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 06 дугаар сарны 02-ны өдөр СХД-ийн 6-р дугаар хорооны Тоосгоны 246-11а тоотод Ц....ын гэрт эхнэр ... хүүхэд .../ 6 настай / .../1 настай / нарын хамт хүүхдийн баяр гээд очсон. Гэрт Ц.... эхнэр ... охин ... нар байсан. Тэнд би эхнэр ...... нарын хамт 0,75 грамм архи нэг шилийг 0,5 граммтай архи тус бүр нэг шилийг уусан. Бид 4 бага зэрэг согтож эхнэр ... ... хоёр 3 хүүхэд авч дэлгүүр явсан. ... бид хоёр гэрт үлдсэн. Тэгсэн чинь ... дахиад ганц юм авчих гэхээр нь би хэрэггүй маргааш чи ажилтай юм чинь хэтрүүлж уугаад хэрэггүй гэж хэлсэн чинь хоёрын хооронд юманд дээр үхэх гээд байна уу гэж ... бид хоёр маргалдсан. ... гал тогооны шүүгээнээс цэцэгний зурагтай заазуур авахаар би заазуурнаас нь бариад авсан. ... бид хоёр гэрийн хойморт дээр доороо орж ноцолдсон. Би ...ын гараас заазуурыг нь булааж аваад нүүр орчим нь зүссэн. ...ын нүүрнээс цус гарч би заазуураа гэрийн зүүн тал руу шидсэн. Заазуур ширээний хойд талд доогуур орчих шиг болсон. Тэгээд байж байтал гаднаас эхнэр ... ... хоёр ороод ирсэн. Ийм л зүйл болсон. Одоо би гэм буруугаа ухамсралж ойлгож байна. Миний буруу дахин хэрэг хийхгүй. Гэм буруугаа ухамсарлаж байна. ...” гэх мэдүүлэг /хх 51-54 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

            - Гэрч Ц....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 15 цагаас 16 цагийн орчим төрсөн дүү ...ын гэрт очтол гэрт нь ..., эхнэр, хүүхдүүд, найз гэх ... эхнэр хүүхдүүдийн хамт согтуу ...ын нүүрнээс цус гарчихсан байхаар нь юу болсон талаар асуусан чинь найз ... нь би хутгаар зүсчихсэн гэж хэлэхээр нь шууд түргэн цагдаа хоёрыг дуудсан. Би яг хэн зүсэж байхыг нь хараагүй. ... би зүссэн гэж тухайн үед хэлж байсан. Тухайн үед Чулууныбатын эхнэр ..., ...ын эхнэр ... хоёр надад хэлэхдээ бид хоёрыг гэрээс гараад явах хооронд ... ...ын нүүрийг зүсчихсэн байна гэж ярьж байсан. Өөр надад мэдэх юм байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 22, 28 х /

 

            - Гэрч Д....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 15 цагаас 16 цагийн орчим эхнэр ...гийн хамт ...ын гэрт очиход ... согтуу эхнэр, найз гээд ... эхнэр, хүүхдүүдийн хамт байсан. ... газар дээгүүрээ юм нөмөрчихсөн хэвтэж байхаар нь согтуу  хэвтэж байгаа юм байна гэж бодоод байж байтал эхнэр ... цагдаа дуудаад цагдаа ирэхээр гэрт нь ортол ...ын нүүр зүсэгдчихсэн байсан. Өөр надад мэдэх юм байхгүй. Тухайн үед эхнэр ... бид хоёр ...ын хүүхдэд бэлэг өгөх гэж очсон чинь тийм болчихсон байсан. ...ын нүүрийг хэн яагаад зүссэн талаар огт мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг / хх 29 х/,

 

           - Гэрч Э....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 06-р сарын 02-ны 09-өөс 20 цагийн хооронд нөхөр ... хүүхдүүдийн хамт нөхрийн найз ...ын гэрт ирсэн. Гэрт нь ..., эхнэр, хүүхдүүдийн хамт байсан. Тэгээд хоол унд идээд архи ууцгаасан. Би ...н хамтаар бие засчихаад ороод ирсэн чинь ...ын гэрт заазуур байсан ...ын нүүрнээс цус гарсан байсан. Тэгэхээр нь би ... үхэж байхаар би өөрөө үхье гээд би өөрийн баруун, зүүн гарын шууны дотор талыг заазуураар зүссэн. Тэр нь цэцэгтэй яагаан өнгийн, цагаан иштэй, цагаан заазуур байсан. Тэгээд байж байтал гаднаас ...ын хүргэн ах, эгч хоёр орж ирээд цагдаа дуудсан. ...” гэх мэдүүлэг /хх 25 х/,

 

          - Шинжээчийн 7093 тоот дүгнэлт

          1.Ц....ын биед нүүрний хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

           2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

           3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэпг хамаарна

          4.Цаашид хөдөлмөрийн     ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 33 х/,

 

  • Ц....ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 55 х/
  • Оршин суугаа газрын тодорхойлолт /хх 57 х/
  • Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх 58 х/
  • Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 77 х/
  • Хохирол төлсөн баримт /хх 104 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцсон.

            Гэм буруугийн талаар:

Ц.... нь 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны ...тоотод оршин суух Ц....ын гэрт архидан согтуурч улмаар Ц.... “дахин нэг шил архи ууна” гэх асуудлаас болж маргалдан Ц....ын нүүрэн тус газарт нэг удаа заазуураар зүсч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

  • Хохирогч Ц....ын “ ... 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр найз ... бид хоёр 0,75 граммтай хоёр шил архи хувааж уугаад би нилээн согтчихсон. ... Нэг мэдсэн нүүр зүсэгдчихсэн нил цус болчихсон байсан. Тухайн үед эхнэрээсээ асуусан чинь ... манай гэрт байсан цэцэгтэй заазуураар зүсчихсэн гэж надад хэлсэн. Би яг зүсэж байхыг санахгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх 17 х/,

 

             - Шүүгдэгч Ц....ын “... ... дахиад ганц юм авчих гэхээр нь би хэрэггүй маргааш чи ажилтай юм чинь хэтрүүлж уугаад хэрэггүй гэж хэлсэн чинь хоёрын хооронд юман дээр үхэх гээд байна уу гэж ... бид хоёр маргалдсан. ... гал тогооны шүүгээнээс цэцэгний зурагтай заазуур авахаар би заазуурнаас нь бариад авсан. ... бид хоёр гэрийн хойморт дээр доороо орж ноцолдсон. Би ...ын гараас заазуурыг нь булааж аваад нүүр орчим нь зүссэн. ...” гэх мэдүүлэг /хх 51-54 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

            - Гэрч Ц....гийн “... 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 15 цагаас 16 цагийн орчим төрсөн дүү ...ын гэрт очтол гэрт нь ..., эхнэр, хүүхдүүд, найз гэх ... эхнэр хүүхдүүдийн хамт согтуу ...ын нүүрнээс цус гарчихсан байхаар нь юу болсон талаар асуусан чинь найз ... нь би хутгаар зүсчихсэн гэж хэлэхээр нь шууд түргэн цагдаа хоёрыг дуудсан. ...” гэх мэдүүлэг /хх 22, 28 х /

 

            - Гэрч Д....гийн “... цагдаа ирэхээр гэрт нь ортол ...ын нүүр зүсэгдчихсэн байсан. ...” гэх мэдүүлэг / хх 29 х/,

 

           - Гэрч Э....ийн “... Би ...н хамтаар бие засчихаад ороод ирсэн чинь ...ын гарт заазуур байсан ...ын нүүрнээс цус гарсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 25 х/,

 

          - Шинжээчийн 7093 тоот дүгнэлт

          1.Ц....ын биед нүүрний хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

           2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

           3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэпг хамаарна

          4.Цаашид хөдөлмөрийн     ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 33 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

            Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн талаарх хууль зүйн дүгнэлт:

Ц.... нь Ц....ын нүүрэн тус газарт заазуураар зүсч хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгахад шүүгдэгчийн хийсэн үйлдэл хохирогчийн эрүүл мэндэд учирсан хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой.

Шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалгуур болговол Ц....ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Ц.... түүний нүүрэн тус газарт заазуураар зүссэн гэх хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 33 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ц....ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

Хохирогч Ц.... эмчилгээ хийлгэсэн баримтууд гаргаж ирүүлээгүй хэдий ч хохиролд 480,000 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний шүүхийн шатанд бичгээр гаргаж өгсөн баримт /хх 104 х/-р тогтоогдсон тул Ц....ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

 Ц....ын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зардлаа өөрийн сайн дураар нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тогтсон орлого байхгүй, урьд шүүхээр 2 удаа ял шийтгүүлж байсан, архидан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэсэн.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг заазуур,  1 ширхэг цамцыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгахаар шийдвэрлэсэн болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Боржигин овогт ...ын ...ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц....ыг 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц....-д мэдэгдсүгэй.

 

           4.Ц....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 480,000 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг заазуур,  1 ширхэг цамцыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

           6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц....-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

    

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ