Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2026/ДШМ/385

 

2026         03           31                                                                           2026/ДШМ/385

 

 

Н.У-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Л.Галбадар, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Халиунаа,

шүүгдэгч Н.У-, түүний өмгөөлөгч Н.Чимидрэгзэн, 

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2026/ШЦТ/337 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.У-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2508031151469 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овгийн Н-ийн У-, 1996 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй /хувиараа засал чимэглэл хийдэг гэх/, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ........4 тоотод оршин суух, /РД:ШН-/;

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 362 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 25/645 тогтоолоор дуусгавар болсон.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/1423 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн, 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялаас 1 сар, 26 хоногийг эдэлж, 10 сар, 9 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын үлдэгдэлтэй гэх,

Шүүгдэгч Н.У- нь 2025 оны 06 дугаар 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Н- дугаар хороо, Хөтөлийн Н- тоотод оршин суух иргэн О.Г-ын эзэмшлийн хүн байнга амьдрах орон байрны вакум цонхыг нь хагалан хууль бусаар нэвтэрч самсунг фирмийн 42 инчийн зурагт, 2 ширхэг даавуун өмд, хос гутал 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 930,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Н.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: .Шүүгдэгч Н.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.У-д 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У-д Баянгол Хан-Уул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 1423 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 21 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3/гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч Н.У-ын нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 21 /хорин нэг/ хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У-д оногдуулсан 4/дөрөв/ жил 21/хорин нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.У-ын цагдан хоригдсон 44/дөчин дөрөв/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У-ас 200.000 /хоёр зуун мянга/төгрөг гаргуулж гэмт хэргийн хор уршигт тооцон хохирогч О.Г-од олгож, энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Н.У- нь бусдад төлөх төлбөртэй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.У- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие хохирогчид учруулсан хохирлыг бүрэн барагдуулж, гэм буруугаа ухамсарлаж, гэмшиж байгаа тул хорих ялыг минь хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Чимидрэгзэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана...” гэж заасан байдаг тул дээрх хуулийн зохицуулалтад үндэслэж өмгөөлөгчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна. Манай үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлаж, анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жил 6 сарын хугацааны хорих ялыг багасгаж 1 жил болгож өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

Прокурор Н.Халиунаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх шүүгдэгч Н.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Тэрээр уг гэмт хэргийг үйлдэхээсээ  өмнө урьд мөн энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан. Түүний зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 6 сар, 21 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг энэ гэмт хэрэгт оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч Н.У- нь 2025 оны 06 дугаар 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Н- дугаар хороо, Хөтөлийн Н- тоотод оршин суух иргэн О.Г-ын эзэмшлийн хүн байнга амьдрах орон байрны вакум цонхыг нь хагалан хууль бусаар нэвтэрч самсунг фирмийн 42 инчийн зурагт, 2 ширхэг даавуун өмд, хос гутал 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 930.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-12/,

хохирогч О.Г-ын “Тухайн өдөр гэртээ иртэл манай байшингийн том өрөөний 150x50 см хэмжээтэй вакум цонх хагарсан байсан бөгөөд хаалгаар дотогш орж хартал том өрөөнд байсан Самсунг брэндийн 42 инчийн хар өнгийн зурагт болон хувцасны шүүгээнд байсан даавуун өмд 2 ширхэг, гэрт байсан Турк брэндийн арьсан хар өнгийн хагас түрийтэй гутал зэрэг алга болсон байсан. Би өмнө өгсөн мэдүүлэгт цагны цуглуулга алга болсон гэж мэдүүлэг өгсөн, гэхдээ цагны цуглуулгаа хайрцаг савтай нь үүдний гутлын хайрцаг дотроосоо олсон. Алдагдсан “Самсунг брэндийн” 42 инчийн зурагтаа цагдаагийн алба хаагч нараас хүлээж авсан. Тийм болохоор нэхэмжлэх шаардлагагүй. Том өрөөний 150x50 см рию эгтэй вакум цонхыг хэдэн төгрөгөөр шиллэхийг мэдэхгүй байна. Одоог болтол шиллээгүй байгаа.  Харин 2 ширхэг даавуун өмд болон Турк брэндийн арьсан хар өнгийн хагас түрийтэй гутлыг би 2025 оны 05 дугаар сард Худалдааны төвөөс 2 ширхэг өмдийг 120.000 төгрөгөөр, арьсан гутлыг 350.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би алдагдсан эд зүйлсээ үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэх болно.” /хх 18, 20/,

Тэргүүн үнэлгээ ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “алдагдсан эд зүйлсийг нийт 930.000 төгрөгөөр үнэлэв” гэх  хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 25/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.У-ын нь гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй эрх зүйн дүгнэлт хийсэн байна.

Мөн шүүгдэгч Н.У-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан төрөл хэмжээний дотор хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Шүүгдэгч Н.У- Миний бие хохирогчид учруулсан хохирлыг бүрэн барагдуулж, гэм буруугаа ухамсарлаж, гэмшиж байгаа тул хорих ялыг минь хөнгөрүүлж өгнө үү.” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх, түүнчлэн хуульд зааснаас багасгаж ял оногдуулдаг.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг буруутгах үндэслэлгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж тус тус хуульчилжээ.

Иймд, давж заалдах шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд шүүгдэгч Н.У-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ харамсаж буй түүний хандлага, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн мөн гэмт хэргийн шинж чанар зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгчид анхан шатны шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг 2 жил 6 сарын жилийн хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилж, энэ талаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Харин шийтгэх тогтоолын 3 дахь заалтад өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн  6 сар 21 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэсэн нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЗ/6698 дугаар “түдгэлзүүлж, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах тухай” шүүгчийн захирамжаар хэргийг түдгэлзүүлж /хх 101-103/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2026/ШЗ/531 дүгээр шүүгчийн захирамжаар хэргийг сэргээж, шүүх хуралдааны товыг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тогтоожээ. /хх 107-108/,

Тодруулбал, анхан шатны шүүхээс хэргийг түдгэлзүүлж эрэн сурвалжилж олж илрүүлсэн өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан буюу 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртлэх хугацаанд цагдан хоригдсон 44 хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсон байх тул зорчих эрхийг хязгаарлах ял эдлэж байсанд тооцохгүй бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий  газрын 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02/3404 дугаар албан тоотоор эдлээгүй үлдсэн 6 сар 21 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын үлдэгдэлтэй гэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд /хх 116/ Н.У- нь 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс цагдан хоригдсон байх тул өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялыг 08 сар 02 хоног гэж тооцож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулдсан хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 2 сар 2 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Н.У-ын 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 60 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/1773 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.У-д 2 /жил/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.”,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У-д Баянгол Хан-Уул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 1423 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 08 сар 02 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч Н.У-ын нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 2 /хоёр/ сар 2 /хоёр/  хоногоор тогтоосугай.”,

4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У-д оногдуулсан 3 /гурав/ жил 2 /хоёр/ сар 2 /хоёр/   хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Н.У-ын давж заалдах гомдлыг хүлээн авч, хохирогч О.Г-од хохиролд 200.000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У-ын цагдан хоригдсон 60 /жар/ хоногийг түүний  ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,                                               

ШҮҮГЧ                                           Т.ШИНЭБАЯР

ШҮҮГЧ                                           Л.ГАЛБАДАР

ШҮҮГЧ                                            Ц.МӨНХТУЛГА