2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2026/02743

 

 

 

 

 

 

 

 

 

2026 02 24 191/ШШ2026/02743

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б******* овогт Б*******ийн Ч******* /*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э******* Т******* т******* ХК /РД:5435528/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилтны үр дүнгийн урамшуулал 16,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: А.П*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Т,

Хариуцагчийн төлөөлөгч: Х.Э, Ж.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ч******* нь хариуцагч Э******* Т******* т******* ХК-тай 2023.03.06-ны өдөр М/2022/1259 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулж, Э******* нэгдсэн терминал цогцолборын хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байна. Э******* Т******* т******* ХК-ийн 2024.12.20-ны өдрийн ЭТТ-2024/1631 дугаартай Хамтын гэрээний 3.3 дугаар зүйлийн 3.3.1-т заасны дагуу 2025.07.26-ны өдөр ажилтнуудад Үр дүнгийн урамшуулал олгохдоо нэхэмжлэгч Б.Ч*******д олгоогүй байдаг. Учир нь Э******* Т******* т******* ХК-ийн захирлын 2025.04.14-ний өдрийн Б/527 дугаартай тушаалаар Б.Ч*******д сахилгын шийтгэл ногдуулсантай холбоотойгоор сахилгын шийтгэлтэй байгаа ажилтанд үр дүнгийн урамшуулал олгохгүй гэж тайлбарласан. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.1-т заасны дагуу Үр дүнгийн урамшуулал олгох тухай талууд Э******* Т******* т******* ХК-ийн 2024.12.20-ны өдрийн ЭТТ-2024/1631 тоот Хамтын гэрээгээр тохиролцсон байдаг. Тодруулбал хамтын гэрээний 3.3 дугаар зүйлийн 3.3.1-т Үр дүнгийн урамшууллыг компанийн санхүү эдийн засгийн үзүүлэлт, ажилтнуудын тухайн жилийн ажилласан хугацаатай уялдуулан 6 сартай тэнцэх хэмжээгээр тооцож, тухайн оны 7, 12 сард багтааж 2 хувааж тогтооно гэж заасан байдаг. Дээрх хамтын гэрээгээр нэмэгдэл хөлс авах эсэх урьдчилсан нөхцөл нь компанийн санхүү эдийн засгийн үндэслэлд тулгуурлан тухайн жилд ажилласан хугацаатай уялдуулан тооцож олгохоор зохицуулсан. Өөр нэмэлт урьдчилсан нөхцөл заагаагүй байгаа нь ажилтан ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол үр дүнгийн урамшуулал авахаар байна. Нэхэмжлэгчийг сахилгын шийтгэлтэй гэх шалтгаанаар ажил олгогч нь үр дүнгийн урамшуулал олгоогүй нь үндэслэлгүй юм.

Сахилгын шийтгэлтэй байгаа нь Үр дүнгийн урамшуулал авахад нөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй тухайд: Хөдөлмөрийн тухай хуулийн 123.7-д заасны дагуу ажилтан нь Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээ, дотоод журмыг зөрчсөн хэмээн нэгэнт Э******* Т******* т******* ХК-ийн Захирлын 2025.04.14-ний өдрийн Б/527 дугаартай тушаалаар нээлттэй сануулах арга хэмжээ авсан байхад сахилгын шийтгэл оногдуулсантай холбоотойгоор үр дүнгийн урамшуулал олгохгүй гэсэн нь сахилгын шийтгэлийг давхардуулан арга хэмжээ авч хууль зөрчиж байна. МУ-ын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т заасны дагуу хүн тодорхой ажил хөдөлмөр эрхлээд үүнтэй холбоотойгоор цалин хөлсөө авах нь Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрх байхад түүнд ноцтойгоор ажил олгогчийн зүгээс халдаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс Үр дүнгийн урамшууллыг дундаж цалин хөлснөөс тооцож үзэхэд 16,000,000 төгрөг тооцогдож байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасны дагуу дараах урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийсэн байна. Үүнд: Э******* Т******* т******* ХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2025.08.30-ны өдөр гомдол гаргаж, тус хороо 2025.09.05-ны өдөр хуралдаж Т-25/18 дугаартай хурлын тэмдэглэл гарсан байдаг. Тус хорооны хуралдааны нарийн бичгийн дарга Э.Пүрэвдорж нь хурлын тэмдэглэлийг и-мэйлээр 2025.09.16-ны өдөр нэхэмжлэгчид хүргүүлсэн. Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд нэхэмжлэгч нь 2025.09.23-ны өдөр гомдол гаргаж, 2025.10.08-ны өдрөөр гурван талт хороо хуралдаж, 2025.10.15-ны өдрийн 25/87 тоот дугаартай хуралдааныг тэмдэглэл гарч, 2025.10.21-ний өдрөөр хурлын тэмдэглэлийг гардаж авсан. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 2025.11.03-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч 2025.11.10-ны өдрийн 191/ШЗ2025/47902 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан ба итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025.11.13-ны өдөр захирамжийг гардан авснаар ийнхүү захирамжид заасан зөрчлийг арилгаж нэхэмжлэл гаргасан.

Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны хуулийн заалтыг үндэслээд БЭТ томилсон байдаг. БЭТ томилсонтой холбоотой маргаагүй. БЭТ бүрэн эрхийн хүрээндээ нийтлэг хууль тогтоомжийг үндэслэн, өөрийн бүрэн эрхийн хүрээнд үр дүнгийн урамшуулал олгох шийдвэр гаргаагүй, талуудын хооронд байгуулсан хамтын гэрээ болон ажилтанд цалин хөлс тооцож олгох журмаа үндэслэн тушаал гаргаж, үр дүнгийн урамшуулал олгосон. Үр дүнгийн урамшуулал олгох тушаалд сахилгын шийтгэлгүй ажилтнуудад урамшуулал олгоно гэж заасныг хүлээн зөвшөөрөхгүй, үр дүнгийн урамшуулал олгохгүй байгаа нь ялгаварлал үүсгэж, хууль зөрчиж байна. БЭТ-д бүрэн эрх олгосон хуулийн 2 дахь заалтад ялгаварлал үүсгэхийг зөвшөөрөөгүй бөгөөд ажилтныг алагчлахгүй байх ОУ-ын конвенцийн заалттай гэв.

 

2.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гүйцэтгэх захирлын 2022.09.28-ны өдрийн Б/1041 дүгээр тушаалаар анх Б.Ч*******ыг Салбарын Э******* нэгдсэн терминал цогцолборын хүний нөөцийн мэргэжилтнээр томилж, түүнтэй ажлын байрны тодорхойлолт, М/2023/1259 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулан ажилласан. Б.Ч******* нь ажиллаж байх хугацаандаа буюу 2025 онд Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хориглох, шалгах журам-ын 3.2.3-д заасан ...техникийн боломж байгаа тохиолдолд дүрс болон дуу хураагуураар бичлэг хийж болно... гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй зөрчил гаргасан тул түүнд гүйцэтгэх захирлын 2025.04.14-ний өдрийн Б/527 дугаар тушаалаар нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд тэрээр тэрхүү зөрчлөө хүлээн зөвшөөрч хуульд заасан хугацаанд ямар нэгэн гомдол гаргаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д заасан сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй.

МУ-ын Засгийн газрын 2025.07.09-ний өдрийн 26 дугаар тогтоолоор Э******* Т******* т******* ХК-д 3 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын шууд хяналтад авсан бөгөөд улс орны эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, гадаад валютын орох урсгал, нөөцийг бүрдүүлэх, Үндэсэний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, компанийн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалтыг шууд хариуцан удирдаж, хяналт, сахилга, хариуцлагыг дээшлүүлж, тулгарч байгаа хүндрэлтэй асуудлыг шуурхай шийдвэрлэхээр Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийг томилон ажиллуулсан. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг нь дээрх хугацаанд нүүрс олборлолт, тээвэрлэлт, борлуулалт, эрхэлсэн ажил, чиг үүргийн хүрээнд дор бүрнээ сахилга хариуцлагыг чангатгах чиглэлээр онцгой анхаарч үр дүнтэй ажилласны үр дүнд 2 улсын хил, гаалийн нэвтрүүлэлтийг эрчимжүүлж, улмаар нүүрсний борлуулалт үнэ нэмэгдэж, Э******* Т*******т******* ХК нь 10.2 сая тонн нүүрс борлуулж, 2,473,9 тэрбум төгрөгийн орлого олж, 1,141.5 төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нөхцөл байдлыг харгалзан Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагчийн 2025.08.20-ны өдрийн А/317 дугаар тушаалаар хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй ажилтнуудын ажилласан хугацааг харгалзан компанийн 2 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр тооцож, үр дүнгийн урамшууллыг олгосон. Өөрөөр хэлбэл Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг нь БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль /1991 оны/-ийн 1 дүгээр зүйл, Засгийн газрын 2025 оны №26 дугаар тогтоолын хүрээнд хөдөлмөрийн сахилгын шийтгэлтэй ажилтнуудад үр дүнгийн урамшууллыг олгохгүй гэж шийдвэрлэсэн. Салбарын Э******* нэгдсэн терминал цогцолборын хүний нөөцийн мэргэжилтэн Б.Ч*******д Гүйцэтгэх захирлын 2025.04.14-ний өдрийн Б/527 дугаартай тушаалаар гаргасан зөрчлийн шинж, үр дагавар зэрэг нөхцөл байдлыг харгалзан нээлттэй сануулах сахилгын шийтгэл хүлээсэн тул Засгийн газрын онцгой бүрэн эрх төлөөлөгчийн багийн ахлагчийн дээрх шийдвэрийн дагуу 2025 оны хагас жилийн үр дүнгийн урамшууллыг олгоогүй болно.

Нэхэмжлэгч нь Хамтын гэрээг үндэслэн 16,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан нь үндэслэлгүй. Учир нь Э******* Т******* т******* ХК болон үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан 2024 оны ЭТТ-2024/1631 тоот Хамтын гэрээнд үр дүнгийн урамшуулал олгох талаар зохицуулсан боловч энэ нь заавал олгоно, нэхэмжлэгч үр дүнг заавал авах ёстой гэсэн үг биш, дээр дурдсанаар МУ-ын Засгийн газраас Э******* Т******* т******* ХК-д онцгой дэглэм тогтоосон. Компанийн үйл ажиллагаа Засгийн газрын шууд хяналтад орсон, хяналт, сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлтэй холбоотойгоор Засгийн газрын онцгой бүрэн эрх төлөөлөгчийн баг /ахлагч/ нь ажилтан хэн байхаас үл хамаарч хөдөлмөрийн сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй ажилтанд олгохгүй гэж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Нөгөөтээгүүр хагас жилийн үр дүнгийн урамшууллыг олгоогүй нь сахилгын шийтгэлийг давхардуулсан гэж маргаж байгаа ч үр дүнгийн урамшуулал олгоогүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан сахилгын шийтгэл гэж үзэх, улмаар үүнийг давхардуулан сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Үр дүнгийн урамшууллыг 1 сарын дундаж 4,190,313 төгрөг байхаар тооцоолж, ажилтны ажилласан хугацаанаас хамаарч, компанийн 2 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр олгох шийдвэр гарсан байхад нэхэмжлэгч нь 16,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн тооцооллын үндэслэл буюу 16,000,000 төгрөгийг хэдэн сараар, хэрхэн тооцсон нь тодорхойгүй байна. Үр дүнгийн урамшуулал олгохдоо цалингийн дундаж хэмжээг гаргаж, чөлөө зөвшөөрлийн хоногийг хасаж тооцон биеэр ажилласан хугацаанд ногдуулж олгосон. БЭТ нь Засгийн газарт үйл ажиллагаагаа шууд тайлагнаж байсан бөгөөд Компанийн тухай хуулиар энэ харилцаа зохицуулагдаагүй. Гол баримталж байгаа хууль нь Засгийн газрын хууль, Засгийн газрын тогтоол байгаа. Алдаа гаргасан, сахилга хариуцлага хүлээсэн хүмүүсийг шагнах нь буруу гэдэг зарчим баримталсан. Хөдөлмөрийн тухай хуульд үр дүнгийн урамшууллыг заавал олгоно гэсэн зохицуулалт байхгүй. Үр дүнгийн урамшуулал олгох эсэхийг Гүйцэтгэх захирлын тушаалаар шийдвэрлэнэ гэж заасан. Нэхэмжлэгч нь үр дүнгийн урамшуулал олгосон БЭТ-ийн тушаалтай маргаагүй хэрнээ, үр дүнгийн урамшуулал авах ёстой гэж байгаа нь үндэслэлгүй. Тушаал хүчингүй болгуулах шаардлага гаргаагүй бөгөөд энэ тохиолдолд үр дүнгийн урамшуулал авах үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн эрхийн 3 талт хороонд 10 сарын 01-нд хандсныг 10 сарын 02-нд бүртгэж авсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154.6-т заасан хугацааг хэтрүүлсэн байна. Шүүхэд хандах хугацааг мөн хэтрүүлсэн гэж үзэж байна. Учир нь 11 сарын 19-нд шүүхэд хандсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн эсэхийг шийдвэрлэхгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна гэв.

 

3.Нэхэмжлэгч нотлох баримтаар,

Иргэний үнэмлэхний лавлагаа, 2025.09.25-ны өдрийн итгэмжлэл, 2025.09.22-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2025.10.15-ны өдрийн 25/87 дугаартай Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр, 2026.02.23-ны өдрийн 18/122 дугаар Монгол шуудан, Хэрэглэгчийн үйлчилгээний төвийн албан бичиг, албан бичгийн хавсралт гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

4.Хариуцагч нотлох баримтаар,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022.09.28-ны өдрийн Б/1041 дүгээр гүйцэтгэх захирлын тушаал, 2023.03.06-ны өдрийн М/2022/1259 дүгээр хөдөлмөрийн гэрээ, 2024.07.05-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, Ажлын байр/хүний нөөцийн мэргэжилтэн/-ны тодорхойлолт, 2025.04.14-ний өдрийн Б/527 дугаар гүйцэтгэх захирлын тушаал, 2025.07.09-ний өдрийн 26 дугаар МУ-ын Засгийн газрын тогтоол, 2025.08.20-ны өдрийн А/317 дугаар ажилтнуудад хагас жилийн үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаал, 2018.12.19-ний өдрийн А/462 дугаар журам батлах тухай гүйцэтгэх захирлын тушаал, Э******* Т******* т******* ХК-ийн ажилтны ажил дүгнэх, шагнал, урамшуулал олгох журам, Э******* Т******* т******* ХК-ийн ажилтнуудын 2025 оны 6 дугаар сарын үндсэн цалингийн дундаж, 2026.02.10-ны өдрийн 01/345 дугаар Э******* Т******* т******* ХК-ийн лавлагаа баримт хүсэх тухай албан бичиг, 2026.02.16-ны өдрийн 76 дугаар Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хариу хүргүүлэх тухай албан бичиг гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

5.Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд,

Шүүгчийн 2026.02.10-ны өдрийн 191/ШЗ2026/09696 дугаар шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн 2024.12.20-ны өдрийн ЭТТ-2024/1631 дүгээр Э******* Т******* т******* ХК-ийн Хамтын гэрээ, 2022.03.16-ны өдрийн А/124 дүгээр гүйцэтгэх захирлын тушаал, Хөдөлмөрийн дотоод журам, 2025.02.27-ны өдрийн А/64 дүгээр гүйцэтгэх захирлын тушаал, Ажилтанд цалин хөлс тооцож олгох журам, 2022.07.01-ний өдрийн А/394 дүгээр гүйцэтгэх захирлын тушаал, Э******* Т******* т******* ХК-ийн ажилтанд цалин хөлс тооцож олгох журам гэсэн баримтуудыг шүүхийн журмаар нотлох баримтаар бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Ч******* нь хариуцагч Э******* Т******* т******* ХК-д холбогдуулан үр дүнгийн урамшуулал 16,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

 

2.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг Хамтын гэрээний 3.3 дугаар зүйлийн 3.3.1-т зааснаар үр дүнгийн урамшуулал авах эсэх урьдчилсан нөхцөл нь компанийн санхүү, эдийн засгийн үндэслэлд тулгуурлан тухайн жилд ажилласан хугацаатай уялдуулан тооцож олгохоор заасан байх бөгөөд өөр нэмэлт нөхцөл заагаагүй. Гүйцэтгэх захирлын тушаалаар нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан хэрнээ сахилгын шийтгэлтэй холбоотойгоор үр дүнгийн урамшуулал олгохгүй гэсэн нь сахилгын шийтгэлийг давхардуулан авч хууль зөрчсөн. Үр дүнгийн урамшуулал олгохгүй байгаа нь ялгаварлал үүсгэж байх бөгөөд БЭТ-д бүрэн эрх олгосон БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль-ийн 2 дахь заалт, ажилтныг алагчлахгүй байх олон улсын конвенцийг зөрчсөн. Хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж тайлбарлав.

 

3.Хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа БЭТ-ийн багийн ахлагчийн 2025.08.20-ны өдрийн А/317 дугаар тушаалаар сахилгын шийтгэл хүлээж байгаагүй ажилтнуудын ажилласан хугацааг харгалзан компанийн 2 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр тооцож, үр дүнгийн урамшууллыг олгосон. Б.Ч******* нь гүйцэтгэх захирлын тушаалаар нээлттэй сануулах сахилгын шийтгэл хүлээсэн тул БЭТ-ийн багийн ахлагчийн дээрх шийдвэрийн дагуу үр дүнгийн урамшууллыг олгоогүй. Хамтын гэрээнд үр дүнгийн урамшуулал олгох талаар зохицуулсан боловч энэ нь заавал олгоно гэсэн үг биш бөгөөд үр дүнгийн урамшуулал олгоогүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан сахилгын шийтгэл гэж үзэх, улмаар үүнийг давхардуулан сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол тодорхой биш байх бөгөөд БЭТ-ийн тушаалтай маргаагүй хэрнээ үр дүнгийн урамшуулал авах ёстой гэж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна гэж мэтгэлцсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тодорхойлох хэсэгт дурдсан нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдсон.

 

4.1.Э******* Т******* т******* ХК-ийн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагчийн 2025.08.20-ны өдрийн А/317 дугаар Ажилтнуудад хагас жилийн үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаалаар 2025 оны хагас жилийн ажлын үр дүнгийн урамшууллыг тус хугацаанд хөдөлмөрийн сахилгын шийтгэлгүй, 2025.08.20-ны өдрийн байдлаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж буй ажилтнуудад эхний хагас жилд ажилласан хугацааг харгалзан компанийн 2 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр тооцож, үр дүнгийн урамшуулал олгосон.

 

4.2.Э******* Т******* т******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2025.04.14-ний өдрийн Б/527 дугаар Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал-р Б.Ч*******ыг Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хориглох, шалгах журмын 3.2.3-д заасан ...техникийн боломж байгаа тохиолдолд дүрс болон дуу хураагуураар бичлэг хийж болно... гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй зөрчил гаргасан гэж үзэн түүнд нээлттэй сануулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулжээ.

 

5.Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т Хамтын гэрээгээр зохицуулах харилцааг талууд харилцан тохиролцох бөгөөд ажилтны хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхолтой холбоотой дараах асуудлыг хамтын гэрээнд тусгаж болно, 37.1.1-т үндсэн цалингийн сүлжээ, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, олговор, нөхөн төлбөрийн хэмжээ гэж заасан.

 

Э******* Т******* т******* ХК-ийн 2024.12.20-ны өдрийн ЭТТ-2024/1631 дүгээр Хамтын гэрээний 3 дугаар бүлгийн 3.3-т Шагнал урамшуулал нь ажилтны шагнал, гүйцэтгэлийн урамшуулал, гавьяа байгуулж онцгой ажил гүйцэтгэсний төлөө олгосон нэг удаагийн мөнгөн урамшуулал байна, 3.3.1-т Үр дүнгийн урамшууллыг компанийн санхүү, эдийн засгийн үзүүлэлт, ажилтнуудын тухайн жилийн ажилласан хугацаатай уялдуулан 6 сартай тэнцэх хэмжээгээр тооцож, тухайн оны 7, 12 сард багтааж 2 хувааж олгоно гэж,

Ажилтанд цалин хөлс тооцож олгох ЭТТ-Ж32-ХНС-Ж01-Х03 журам-ын 4 дүгээр зүйлийн 4.1-т Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, Хөдөлмөрийн дотоод журам болон Хамтын гэрээг үндэслэн ажилтанд үндсэн цалин дээр нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллыг Гүйцэтгэх захирлын тушаалаар олгоно, 4.10-т Дараах тохиолдолд төлөвлөгөөний биелэлтээс олгох бүтээлийн урамшууллыг олгохгүй, 4.10.3-т үр дүнгийн урамшууллыг компанийн санхүү, эдийн засгийн үзүүлэлт, ажилтнуудын тухайн жилд биеэр ажил үүрэг гүйцэтгэсэн хугацаатай уялдуулан компанийн дундаж цалингаар тооцож 6 сарын цалинтай тэнцэх хэмжээгээр тухайн оны 7, 12 дугаар сард багтааж хоёр хувааж олгоно гэж тус тус заажээ.

 

Дээр дурдсан Хамтын гэрээ, Ажилтанд цалин хөлс тооцож олгох журам-ын зохицуулалтаас үзвэл үр дүнгийн урамшууллыг компанийн санхүү, эдийн засгийн үзүүлэлт, ажилтнуудын тухайн жилийн ажилласан хугацаатай уялдуулан 2 хувааж олгох, олгохдоо Гүйцэтгэх захирлын тушаалаар олгоно гэж заасан байх боловч үр дүнгийн урамшуулал олгохдоо өөр бусад нэмэлт шалгуур заах, заахгүй байх талаар нарийвчилсан зохицуулалтгүй байна.

 

6.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5, 12 дугаар зүйлийн 12.3, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх заалт, Ажилтанд цалин хөлс тооцож олгох журам-ын 4.10.3 дахь заалт, Хамтын гэрээний 3.3.1 дэх заалт зэрэг нь хэм хэмжээ тогтоосон актууд зөрчилдсөн, хэм хэмжээ тогтоосон актын зохицуулалт ажилтны эрхийг хуульд зааснаас дордуулсан тохиолдолд хэрхэн хэрэглэх тухай зохицуулалтууд бөгөөд зохигч Хамтын гэрээ болон Ажилтанд цалин хөлс тооцож олгох журам-ын зохицуулалт хуульд нийцсэн эсэх талаар маргаагүй болно.

 

Ажил олгогчийн 2025.08.20-ны өдрийн А/317 дугаар Ажилтнуудад хагас жилийн үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаалаар ажилтнуудад 2025 оны хагас жилийн ажлын үр дүнгийн урамшууллыг олгохдоо тус хугацаанд хөдөлмөрийн сахилгын шийтгэлгүй ажилласан ажилтанд ажилласан хугацаатай нь уялдуудан олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хууль болон хариуцагч байгууллагын Хамтын гэрээ, Ажилтанд цалин хөлс тооцож олгох журам-ыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүйн дээр уг тушаал хүчингүй болсон, өөрчлөгдсөн, гомдол гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд дээрх А/317 дугаар Ажилтнуудад хагас жилийн үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаалд хөдөлмөрийн сахилгын шийтгэлгүй гэж заасан, түүнчлэн энэ үндэслэлээр нэхэмжлэгчид 2025 оны хагас жилийн ажлын үр дүнгийн урамшууллыг олгоогүй нь нэхэмжлэгчид сахилгын шийтгэл давхардуулан ногдуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1.-д зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ.

Урамшуулал нь ажилтан албан хаагчийн ажлын үр дүн эсхүл тухайн байгууллагын ажлын эцсийн үр дүнд оруулсан хувь нэмэр, хүчин чармайлтыг үнэлэн, цалингийн болон ашгийн сан, бусад эх үүсвэрээс ажилтанд олгож байгаа мөнгөн, биет бус хэлбэртэй олговор бөгөөд үүнийг ажилтанд тодорхой нөхцөл, болзлыг хангасан үед олгодог байна.

Өөрөөр хэлбэл, ажилтанд урамшууллыг тооцож олгох эсэх нь ажил олгогчийн өөрийн бүрэн эрхэд хамаарах бөгөөд нэхэмжлэгчид урамшуулал олгох болзол нөхцөл бүрдсэн талаарх ажил олгогчийн шийдвэр гараагүй байх тул уг урамшууллын хэмжээг шүүхээс тогтоох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т заасан зохицуулалттай нийцэхгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь үр дүнгийн урамшуулал олгох тухай уг тушаалын хууль зүйн үндэслэл, хүчин төгөлдөр байдлын талаар болон сахилгын шийтгэл ногдуулсан үйл баримтын талаар маргаагүйг дурдав.

 

8. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,000,000 төгрөгийг авах ёстой байсан урамшуулал гэж тодорхойлсон боловч, ямар үндэслэлээр, хэрхэн яаж тооцсон нь тодорхойгүй байгаагийн дээр шүүх хуралдааны явцад үр дүнгийн урамшуулалд 8,380,626 төгрөгийг гаргуулна гэж шаардлагаа тодруулсан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын тооцооллыг эс зөвшөөрч маргасан бөгөөд хариу тайлбарын үндэслэлээ компанийн ажилтнуудын дундаж цалинг 4,190,313 төгрөгөөр тогтоож, ажилласан хугацаанаас хамааруулан харилцан адилгүй хэмжээгээр урамшуулал олгосон. Энэ нь Э******* Т******* т******* ХК-ийн ажилтнуудын 2025 оны 06 дугаар сарын үндсэн цалингийн дундаж тогтоосон баримтаар нотлогдоно гэж тайлбарласан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, ...түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь энэ үүргээ хэрэгжүүлээгүй буюу дээрх хэмжээний урамшуулал тооцогдох байсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Тодруулбал, ажилтнуудад олгосон үр дүнгийн урамшуулал тухайн хугацаанд ажилласан хоногоос хамаарч харилцан адилгүй хэмжээгээр олгогдсон талаар хариуцагч тайлбарлаж байх бөгөөд нэхэмжлэгч тухайн хагас жилийн хугацаанд хэд хоног ажилласан болон ажилласан хугацаанд ногдох үр дүнгийн урамшуулал хэдэн төгрөг тооцогдсон талаарх үйл баримт тодорхойгүй байна.

 

9.Нэхэмжлэгч гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн эсэх тухайд:

Үр дүнгийн урамшуулал олгох тушаал 2025.08.20-ны өдөр гарсан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар 90 хоногийн дотор Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандах зохицуулалттай.

Нэхэмжлэгч 2025.09.29-ний өдөр Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн маргаан таслах гурван талт хороонд гомдол гаргасныг 2025.10.02-ны өдөр бүртгэн авч, 2025.10.15-ны өдөр шийдвэрлэсэн. Тухайн шийдвэрийг 2025.10.21-ний өдөр гардаж авсан болох нь хэрэгт авагдсан Монгол шуудан Хэрэглэгчийн үйлчилгээний төвийн 2026.02.23-ны өдрийн 18/122 дугаар албан бичиг, хавсралт, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2026.02.16-ны өдрийн 76 тоот албан бичиг зэрэг баримтаар тогтоогдсон.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-т зааснаар шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд хандах эрхтэй бөгөөд гомдол гаргах сүүлийн өдөр буюу 2025.11.03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, гомдол гаргах хугацаагүй хэтрүүлээгүй байх тул хариуцагчийн энэ талаарх тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.

 

10.Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Э******* Т******* т******* ХК-иас үр дүнгийн урамшуулал 16,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Ч*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

11.Хавтаст хэргийн 12-14-р хуудас, 19-25-р хуудас, 120-126-р хуудсанд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх тус баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

 

12.Нэхэмжлэгч Б.Ч******* нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т зааснаар хариуцагч Э******* Т******* т******* ХК-иас ажилтны үр дүнгийн урамшуулал 16,000,000 төгрөг гаргуулах тухай Б.Ч*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ч******* нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.АМАРБАЯСГАЛАН