Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2018/0373/З |
Дугаар | 221/МА2018/0549 |
Огноо | 2018-10-18 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2018/0549
Д.М-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, Б.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0487 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.М-ын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0487 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1-ийн 2, 16 дугаар зүйлийн 1, 4, 17 дугаар зүйлийн 1-ийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “М” хувьцаат компаниас надад олгож байсан 2000-2003 оны хоорондох хоолны мөнгийг 1998-2003 оны хоорондох таван жилийн /60 сар/ цалингийн нийлбэрт нэмж оруулан тооцож, анхны тогтоосон тэтгэврийг өөрчлөн шинэчлэн тогтоолгох, хоолны мөнгөнөөс нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах, уг хэлтсийн үйл ажиллагааны татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Нийгмийн даатгалын хэлтэс нь 2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тэтгэврийг бага, дутуу тогтоосон тул 1998-2003 оны хоорондох таван жилийн /60 сар/ цалингийн тодорхойлолтоор дундаж цалин 580,130 төгрөг /Засгийн газрын 1999 оны 157 дугаар тогтоолоор индексжүүлсэн/ сарын тэтгэвэр 468,704 төгрөгөөс 541,704 төгрөг болгож тогтоохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэгч Д.М-ын нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.М давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч иргэн Д.М би Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0487 дугаартай шийдвэрийг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гардан хүлээн аваад дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:
1. Миний бие 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн нэхэмжлэлийн 1 дэх шаардлагаас татгалзсан учир хасаж, 2 дахь шаардлага нь Нийгмийн даатгалын хэлтэс нь 2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тэтгэврийг бага, дутуу тогтоосон тул 1998-2003 оны хоорондох таван жилийн (60 сар), сарын дундаж цалингийн тодорхойлолтоор тодорхойлуулан дундаж цалин 580130 төгрөг, (Засгийн газрын 1999 оны 157 дугаар тогтоолоор баталсан цалингийн итгэлцүүр буюу индексжүүлж нэмэгдүүлсэн цалин), сарын тэтгэврийн хэмжээ 514792 төгрөгөөр тогтоолгох, уг хэлтсийн үйл ажиллагааны татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох.
2. Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт хэсгийн 3, 4 дүгээр хуудсанд миний шүүх хуралдааны үеэр тэтгэвэр тогтоолтын талаар тайлбарласан тайлбарын утгыг алдагдуулж буруугаар өөрчилж бичсэн байна.
Маргалдагч талуудын маргааны гол үндэслэл нь нийгмийн даатгалын хэлтэс нь 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тэтгэвэр тогтоохдоо хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, 1998-2003 оны хоорондох 5 жилийн (60 сар) цалингийн тодорхойлолт, улсад шимтгэл төлж ажилласан жил 36 жил 2 сар.
Тэтгэвэр тогтоолтын хуудаснаас үзэхэд сарын дундаж цалин 109547 төгрөг, тэтгэвэр бодох хувь 69%. Тогтоосон тэтгэврийн хэмжээ 75587 төгрөг нь анх тогтоосон хэмжээ юм. Сарын хөдөлмөрийн хөлс (дундаж цалин) 114713 төгрөг, тэтгэврийн хэмжээ 79152 төгрөг.
Мөн 2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тогтоосон тэтгэврийн хэмжээ 93444 төгрөгөөр тус тус тогтоосон байна. Тэтгэврийн хувийн хэргээс үзэхэд тэтгэврийн байцаагч, Нийслэлийн нийгмийн даатгалын газар 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр сард 86925 төгрөгөөр тэтгэврийг өөрчлөн тогтоосон байна.
3. Засгийн газрын 2007 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 241 дүгээр тогтоолоор бүрэн тэтгэврийг 17500 төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.
Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн тэтгэврийг нэмэгдүүлэх тухай 52 дугаартай тогтоолын 1 дэх заалтын “в” хэсэгт нийгмийн даатгалын сангаас олгож байгаа бүрэн тэтгэврийн доод хэмжээг 230000 (хоёр зуун гучин мянган) төгрөгөөр шинэчлэн тогтоох (энэ заалтыг Засгийн газрын 2016 оны 292 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Засгийн газрын тогтоолоор тэтгэврийг нэмэгдүүлсэн 17500 төгрөгийг 230000 төгрөг дээр нэмж тооцон 247500 төгрөг болгосон байна.
“Тэтгэвэр бодох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцоход хэрэглэх илтгэлцүүрийг шинэчлэн тогтоох тухай”, “Засгийн газрын 1999 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 157 дугаар тогтоол”, мөн “Итгэлцүүрийг шинэчлэн тогтоох, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” Засгийн газрын 2005 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар тогтоолоор тус тус миний тогтоолгосон тэтгэврийг шинэчлэн тогтоохдоо 1998-2003 оны хоорондох саруудын цалинг компьютерийн сүлжээний программд оруулж шивэхдээ сарын цалин болон ээлжийн амралтын мөнгийг 120000, 180000, 247500 төгрөгөөр тус тус хязгаарлан шивснээс үүдэн тэтгэвэр бага тогтоогдсон байна.
Мөн 1999 оны 07 дугаар сарын ээлжийн амралтын мөнгө 207498 төгрөгөөр нийгмийн даатгалын дэвтэрт бичигдэж, ажил олгогч тэтгэврийн даатгалын шимтгэлийг 19 хувиар, даатгуулагчаас 10 хувиар тооцон, нийгмийн даатгалын санд тушаасан байна.
Үүнийг тэтгэврийн байцаагч 1999 оны 07 дугаар сарын ээлжийн амралтын мөнгийг 204498 төгрөгөөр тооцон бодож, 3000 төгрөгөөр хасагдаж, бодогдсон байна.
Мөн 1998 оны 09, 10, 11, 12 дугаар саруудын цалинг 1999 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Засгийн газрын 157 дугаар тогтоолоор баталсан цалингийн итгэлцүүр (1,1) буюу индексээр индексжүүлсэн цалинг 2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр анх тогтоосон тэтгэврийн хэмжээнд нэмж, оруулж тооцоогүй, хасаж тооцсон байна.
4. 2004 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Засгийн газрын 3 дугаар тогтоолоор тогтоогдсон анхны тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлсэн байна.
Бодолт: 11338=(75587x15 хувь) төгрөгөөр тэтгэвэр нэмэгдсэн. Тэтгэврийн хэмжээ 86925(75587 + 11338) төгрөг.
5. Засгийн газрын 2005 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар тогтоолоор тэтгэврийг шинэчлэн тогтооход сарын дундаж цалин 112801 төгрөг.
Тэтгэврийн хэмжээ 77833 төгрөг. Шинэ итгэлцүүрийг хэрэглэсэн боловч тэтгэвэр нь одоо авч байгаа тэтгэврээс бага байгаа тул тэтгэврийг 7.5 хувиар нэмэгдүүлэн 2005 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцон олгох заалттай тул 86925x7.5 хувь= 6519 төгрөг нь нэмэгдсэн тэтгэврийн хэмжээ юм.
93444(86925+6519) төгрөг нь тогтоосон жинхэнэ бодит тэтгэврийн хэмжээ юм.
2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тэтгэвэр тогтоолтын хуудсанд 93444 төгрөгөөр тэтгэвэр тогтоогдсон байна.
6. 2003 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 1998-2003 оны хоорондох 5 жил (60 сар)-ийн сарын дундаж цалин 6816300:60=113605 төгрөг, тэтгэврийн хэмжээ 78387 төгрөг, Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагч 113051(6783074:60 сар) төгрөг, 113605-113101=504 төгрөгийн зөрөө, 605+503=1108 төгрөгийн зөрөө, 113605+1108=114713 төгрөг нь сарын дундаж цалин (Тэтгэвэр бодох). Тэтгэврийн хэмжээ нь 79152 төгрөг гарч байна. 109547=(113605-4058) төгрөг нь тэтгэвэр бодох сарын дундаж цалин. Тэтгэврийн хэмжээ нь 75587(109547x69 хувь) төгрөг. Миний 2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тэтгэврийн байцаагчийн тогтоосон тэтгэврийн хэмжээ батлагдав. Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагч нь 3565 төгрөгөөр тэтгэврийг бага тогтоосон байна. 7774=11338-3565 төгрөг нь цалингийн итгэлцүүрээр тооцон бодсон тэтгэврийн зөрөө.
7. Сарын тэтгэврийн зөрөө 18567 төгрөгөөр бага тогтоосон, 15002=18567-3565 төгрөг нь тэтгэврийн зөрөө. 94154=(79152-15002) төгрөг нь Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газар баталгаажуулсан тэтгэврийн хэмжээ юм.
710=94154-93444 төгрөг нь Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагч нь тэтгэвэр тогтоолтын хуудаст 94154 төгрөгөөр баталгаажуулсан байсан бөгөөд шүүхэд нотлох баримтаар цуглуулж өгөөгүй нуун дарагдуулсан.
8. 2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр би 93444 буюу 94154 төгрөгийн тэтгэврийг аваагүй, 75587 төгрөгийн тэтгэвэр авч байв.
9. 217779 дугаартай тэтгэврийн дэвтрийг ямар ч үндэслэлгүйгээр 2007 оны 10 дугаар сард сольж, надад шинэ дэвтэр олгосон. Харин 2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2007 оны 10 дугаар сарын дуустал хугацаанд шинэчлэн тогтоосон 86925 төгрөгийн тэтгэвэр, 93444 төгрөг, 96444 төгрөг, 118686 төгрөгийн тэтгэврийг надад олгоогүй. Тэтгэврийн дэвтэр сольж үрэгдүүлсэн тул би нотолж чадахгүй. Харин 2007 оны 10 дугаар сард надад шинээр тэтгэврийн дэвтэр олгосон байна. Энэ дэвтэрт тэтгэвэр бодох сарын дундаж цалин 221740 төгрөг, тэтгэврийн хэмжээ 160500 төгрөг болсон. Тэтгэвэр 153000 төгрөг (221740x69 хувь), үүн дээр 7500 төгрөгийг (Засгийн газрын тогтоолоор) тэтгэврийн нэмэгдлийг нэмж тооцон 160500 төгрөгөөс тэтгэврийг шинэчлэн тогтоожээ.
Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай 2007 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 241 дугаартай тогтоолоор нэмсэн. 10000 төгрөгийн нэмэгдлийг тооцон нэмээгүй байна. Энэ тогтоолын 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөнө. Тэтгэвэр 170500 төгрөг болно.
10. 2007 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн компьютерт шивсэн Засгийн газрын 2006 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 207 дугаартай тогтоолын заалтаар тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэн 118686 төгрөг, тэтгэвэр бодох сарын дундаж цалин 172009 төгрөг болсон байна. Тэтгэвэр тогтоолтын хуудсыг шалгаж, хянаж үзэхэд 1998, 1999, 2001 онуудын цалинг 180000 төгрөгөөр, 2003, 2002 оны цалинг, ээлжийн амралтын мөнгийг 247500 төгрөгөөр хязгаарлан тооцон бодож, тэтгэврийг багаар тогтоосон байна. Үүнийг шүүгч та хяналтандаа авна уу.
11. Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 153 дугаар тогтоолоор “в” заалтад 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1080000 (нэг сая наян мянган) төгрөгөөр тооцох гэжээ.
12. Шүүхийн шийдвэр (2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0487)-ийн тодорхойлох хэсгийн 4 дүгээр хуудасны дээрээсээ 8 дугаар мөрөнд шүүгч тэтгэвэр бодох аргачлалаар бодоход тэтгэвэр маань 6768087 төгрөг гарч байна. Үүнийг 60-д хуваавал 112801 төгрөг болох ба энэ дүнг 69 хувиар үржүүлбэл 77832 төгрөг болж байгаа гэж буруу алдаатай бичсэн. Би ярихдаа 2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр анхны тэтгэвэр тогтоохдоо Засгийн газрын 1999 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 157 дугаар тогтоолоор тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр баталсан. Энэ итгэлцүүрээр 1998 оны 9, 10, 11, 12 дугаар саруудад авч байсан цалинг итгэлцүүр индекс 1.1-ээр үржүүлж цалинг индексжүүлж нэмээгүй, буюу тооцон бодоогүй гэсэн. 1998-аас 2003 оны хооронд 5 жил (60сар)-ийн цалингийн нийлбэр 6816304 төгрөг, үүнийг 60-д хуваахад 113605 төгрөг сарын дундаж цалингаар бодоход 78387 төгрөгийн тэтгэврийн хэмжээ. Тэтгэврийн зөрөө 2800(78387-75587) төгрөг нь нэг сард гарч байгаа тэтгэврийн алдангийн хэмжээ юм.
13. Маргалдагч талуудын маргааны гол үндэслэл нь миний тэтгэврийг 2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тогтоохдоо 79152, 75587, 93444 төгрөгөөр тэтгэврийг тогтоосон мөртлөө хамгийн бага 75587 төгрөгөөр тэтгэвэр тогтоосон юм. Уг нь би 93444 буюу 94154 төгрөгийн тэтгэвэр авах ёстой.
18567 төгрөг нь тэтгэврийн алданги, 3565 төгрөг нь 1 сарын тэтгэврийн алданги юм.
14. Засгийн газрын 2007 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 109 дугаар тогтоол (цалингийн итгэлцүүрээр цалин болон тэтгэврийг нэмэгдүүлэх тухай)-оор миний тэтгэврийг шинэчлэн, өөрчлөн бодож тооцоогүй орхигдуулсан байна. Шүүгч та хяналтандаа авна уу.
15. Цалингийн итгэлцүүрээр цалин болон тэтгэврийг нэмэгдүүлэх тухай Засгийн газрын 1999 оны 157 дугаар тогтоол, 2005 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар тогтоол, 2006 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 207 дугаар тогтоол, 2007 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 109 дугаар тогтоол, 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 153 дугаар тогтоол, мөн нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай Засгийн газрын тогтоолууд:
Үүнд: 1. 2004 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 3 дугаар тогтоол, 2005 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 247 дугаар тогтоол, 2006 оны 13 дугаар тогтоол, 2007 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 241 дүгээр тогтоол, 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 355 дугаар тогтоол, 2010 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 241 дүгээр тогтоол, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 52 дугаар тогтоол, 2014 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 15 дугаар тогтоолуудын заалтуудаар тэтгэврийг өөрчлөн, шинэчлэн тогтоосон. Шүүгч та хяналтандаа авна уу.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт “...сарын тэтгэвэр 541704 төгрөгөөр тогтоолгохыг Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст даалгах, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Тэтгэврийг Засгийн газрын тогтоолын дагуу итгэлцүүрээр индексжүүлж бодоогүй, миний тооцоолсноор анх 94154 төгрөгөөр тогтоох байсныг 93444 төгрөг гэж бага тогтоосон” гэх агуулгаар маргаж байна.
Шүүхээс нэхэмжлэгч Д.М-ын тэтгэвэр тогтоолтын хуудсанд хавсаргасан цалингийн тодорхойлолтод 1999 оны 07 дугаар сарын цалинг 207498 төгрөг гэж тэмдэглэсэн байх ба 1999 оны 07 дугаар сарын 207498 төгрөгийн цалинг нягтлан бодогч 3000 төгрөгөөр дутуу алдаатай бичсэн гэж маргасан нь үндэслэлгүй байна гэж шүүгч бичсэн байна.
Дээр дурдсан шүүгчийн дүгнэлтийг нэхэмжлэгч би доорх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Үүнд: 1.207498 төгрөг бол миний 1999 оны 07 дугаар сарын ээлжийн амралтын мөнгө бөгөөд цалин биш юм. Миний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн байгаа. Ажил олгогч тэтгэврийн даатгалын шимтгэлийг 19 хувиар, даатгуулагч би 10 хувиар шимтгэлийг 12000 төгрөгөөр хязгаарлаж төлсөн байгаа. Засгийн газрын 2005 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар тогтоолын 2 дугаар заалтад “1998 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 120000 төгрөгөөр тогтоосугай. (Энэ тогтоолыг Засгийн газрын 2006 оны 2007 дугаар хүчингүйд тооцсон) Мөн Үндсэн хуулийн Цэц 2005 оны 01 дүгээр сарын 2 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.
Нябо 1998-аас 2003 оны хоорондох 5 жилийн цалингийн тодорхойлолтод 204498 төгрөг гэж ээлжийн амралтын мөнгийг алдаатай бичсэнийг тэтгэврийн байцаагч зориуд санаатайгаар засвар хийлгүйгээр тэтгэвэр бодох сарын цалингаас 3000 төгрөгийг хасаж тэтгэвэр тогтоосон байгаа.
Би сарын тэтгэврийг 541704 төгрөг болгохыг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжилсэн нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүнээс Засгийн газрын тогтоолоор тэтгэврийг 27000 төгрөг нэмэгдүүлснийг хасаж тооцож 514792 төгрөг болгохоор нийгмийн даатгалын хэлтэст даалгахаар нэхэмжилж байна.
2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тэтгэвэр тогтоолтын хуудсанд 1998 оноос 2003 оны хоорондох 5 жил (60 сар)-ийн дундаж цалингийн тодорхойлолтоор тодорхойлуулан тэтгэврийг 93444 төгрөгөөр тогтоосон байна. Шүүхийн шийдвэрт “93444” төгрөгөөр тогтсон гэж тэмдэглэснийг ташаа ойлгон маргасан гэж үзэх үндэслэлтэй гэж шүүгч шийдвэрийн 10 дугаар хуудсанд бичсэн нь алдаатай байна.
Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагч, хяналтын байцаагч, хэлтсийн байцаагч, хэлтсийн дарга нар, ерөнхий нябо баталсан, тогтоосон тэтгэврийн хэмжээ юм.
Дараа нь Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газрын үнэлгээний хэлтэс нь тэтгэврийг 710 төгрөгөөр бага тогтоосныг 93444 төгрөг дээр нэмж тооцон 94154 төгрөгөөр өөрчлөн шинэчлэн тогтоосныг тамга дарж баталгаажуулсныг Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх тэтгэвэр хариуцсан тасгийн дарга, ахлах тэтгэврийн байцаагч нар тэтгэвэр тогтоолтын хуудсыг нуун дарагдуулж байна. Нэхэмжлэгч Д.М би өөрийн биеэр үзсэн юм. Би шүүхэд уг хуудсыг нотлох баримтаар цуглуулахыг санал хүсэлт тавьсан боловч Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс уг тэтгэвэр тогтоолтын хуудсыг шүүхэд ирүүлээгүй явдалд нэхэмжлэгч би гомдолтой байна.
Дүгнэлт: Миний 217779 дугаартай тэтгэврийн дэвтрийг 2007 оны 10 дугаар сард ямар ч үндэслэлгүйгээр шинэ дэвтрээр сольж, дээр дурдсан анх тогтоосон тэтгэврийн хэмжээг 2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өдөр хүртэлх хугацаанд Засгийн газрын тогтоолоор тогтоолгосон тэтгэврийг болон цалингийн итгэлцүүрээр шинэчлэн, өөрчлөн нэмэгдүүлсэн тэтгэврийн хэмжээг нуун дарагдуулж, 1999, 2000, 2001, 2002, 2003 онд амарсан ээлжийн амралтын мөнгийг тухайн үеийн амралтын сард хуваарилан бичээгүйгээс үүдэн цалингийн итгэлцүүрээр цалинг индексжүүлэн нэмэгдүүлэхэд тэтгэвэр бодох сарын дундаж хөдөлмөрийн хөлс буюу цалингийн дээд хэмжээгээр хязгаарлалт хийсэн, тэтгэврийг багаар тогтоож, миний хууль ёсны ашиг сонирхол, эрхийг зөрчиж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
Жич: Миний тэтгэврийг 2002 оноос хойш хугацааны тэтгэвэр нэмэгдүүлэх тухай Засгийн газрын бүх тогтоолууд, цалингийн итгэлцүүрийг шинэчлэн, өөрчлөх нэмэгдүүлэх тухай Засгийн газрын тогтоолуудын заалтыг үндэслэн тэтгэврийг нэг удаа өөрчлөн тогтоолгож болно гэсэн хуулийн заалтыг баримтлах ёстой” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-д заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ өөрөө тодорхойлох бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасан ямар шийдвэрийг шүүхээс гаргуулахыг хүсч байгаа талаар буюу тухайлбал, захиргааны байгууллага, албан тушаалтны хэзээ гарсан ямар шийдвэр, үйл ажиллагаа, эс үйлдэхүйг ямар шалтгаан үндэслэлийн улмаас эс зөвшөөрч байгаа талаар тодорхойлсон нэхэмжлэлийг шүүхэд гаргах, шүүх мөн хуулийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн маргасан хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т ”Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана”, 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч захиргааны акт гаргуулахаар хандсан байтал тухайн байгууллага, албан тушаалтан гаргахаас татгалзсан эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус гэж нэхэмжлэгчээс маргасан, эс үйлдэхүй, татгалзлын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдсон бол шүүх шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгасан шийдвэр гаргахаар байна.
Нэхэмжлэгч Д.М нь “М” хувьцаат компаниас надад олгож байсан 2000-2003 оны хоорондох хоолны мөнгийг 1998-2003 оны хоорондох таван жилийн /60 сар/ цалингийн нийлбэрт нэмж оруулан тооцож, анхны тогтоосон тэтгэврийг өөрчлөн шинэчлэн тогтоолгох, хоолны мөнгөнөөс нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах, уг хэлтсийн үйл ажиллагааны татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Нийгмийн даатгалын хэлтэс нь 2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тэтгэврийг бага, дутуу тогтоосон тул 1998-2003 оны хоорондох таван жилийн /60 сар/ цалингийн тодорхойлолтоор дундаж цалин 580,130 төгрөг /Засгийн газрын 1999 оны 157 дугаар тогтоолоор индексжүүлсэн/ сарын тэтгэвэр 468,704 төгрөгөөс 541,704 төгрөг болгож тогтоохыг Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст даалгах” гэх нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс хариуцах учиртай гэж маргасан байх бөгөөд тэрээр шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “...анх 2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс миний тэтгэврийг 75587 төгрөг гэж буруу тогтоосон, ... Нийгмийн даатгалын ерөнхий газрын Үнэлгээний хэлтэс тэтгэврийг 710 төгрөгөөр бага тогтоосныг 93444 төгрөг дээр нэмж тооцон 94154 төгрөгөөр өөрчлөн шинэчлэн тогтоосныг тамга дарж баталгаажуулсан, тэтгэвэр тогтоолтын уг хуудсыг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан боловч хариуцагч шүүхэд нотлох баримтыг ирүүлээгүй, нуун дарагдуулсан” гэх давж заалдах гомдол, тайлбарыг гаргажээ.
Харин хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийг хариуцагчаар татах ёстой байсан. Манай байгууллага “М” ТӨХК-ийн үйл ажиллагааг шалгах, акт тавих эрх бүхий этгээд биш. Харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс “М” ТӨХК-ийн үйл ажиллагааг шалгаж, зөрчил илэрвэл улсын байцаагч акт үйлдэн, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх ёстой. Нөхөн төлүүлсэн тохиолдолд манайх тэтгэврийг нь өөрчлөн олгох боломжтой” гэж тайлбарлан маргаж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хариуцагчаар татагдсан этгээд нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдвол түүнийг шүүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солино”, 25.2-т “Нэхэмжлэгч хариуцагчийг солихыг зөвшөөрөөгүй бол шүүгч тухайн этгээдийг хамтран хариуцагчаар татан оролцуулна”, 25.3-д “Хариуцагчийг нотлох баримт цуглуулахаас өмнө солих бөгөөд хэрэв цуглуулсны дараа солиход хүрвэл шинээр тогтоогдсон хариуцагч болон хамтран хариуцагч нь нотлох баримтыг шинээр цуглуулж, үнэлүүлэхийг шаардах эрхтэй”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй” гэж тус тус заасан байна.
Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 32, 52 дугаар зүйлийн 52.2.4-д заасан ажиллагааг хийж, нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн үндэслэлийг бүрэн гүйцэд тодруулаагүйгээс гадна хариуцагчаас “М” ТӨХК-ийг оршин буй нутаг дэвсгэрийг хариуцсан Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс энэ талаар шалгаж шийдвэрлэх үүрэгтэй” гэж тайлбарласан байхад нэхэмжлэгчийн маргаж буй асуудалтай холбогдуулан Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс нэхэмжлэгчийн маргаж буй асуудалтай холбогдуулан тайлбар гаргуулж аваагүй, гомдолд дурдагдсан “тэтгэврийг 94154 төгрөгөөр өөрчлөн шинэчлэн тогтоосон тэтгэвэр тогтоолтын хуудас, түүнтэй холбоотой баримт байгаа эсэхийг тодруулах ажиллагааг хийгээгүй”, шаардлагатай бол хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах боломжтой байхад энэ талаар ажиллагаа хийгээгүй нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө”, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж тус тус заажээ.
Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 04 дүгээр сарын 26- ны өдрийн А/99 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан хүлээн авах, хянан, баталгаажуулах журам”-ын 2.1-д “Ажил олгогч нь тайланг хуулиар тогтоосон хугацаанд энэ журмын 2.2-т заасан шаардлагад нийцүүлэн гаргаж, 2.4-т заасан хэлбэрээр харьяалах Нийгмийн даатгалын байгууллагад ирүүлнэ” гэснээс үзвэл ажил олгогчоос Д.М-ын нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлж байсан эсэх, анх тэтгэврийг ямар баримтыг үндэслэн хэрхэн тогтоосон талаар нэхэмжлэгчийн маргаж буй хүрээнд шалгаж тодруулахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл, “М” ТӨХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан хүлээн авах, хянан, баталгаажуулах, нэхэмжлэгчийн маргаж буй асуудлаар шалгалт хийж, зөрчил илэрвэл улсын байцаагч акт үйлдэн, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх эрх нь Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн чиг үүрэгт хамаарах буюу энэ талаар Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хуулиар хүлээсэн чиг үүрэгт хамаарахгүй байхад нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон үйлдлийг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс шаардах нь хуульд нийцэхгүй байтал анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний улмаас нэхэмжлэгчийн тухайн асуудлаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ дахин тодруулж, хариуцагчаа зөв тодорхойлж маргах эрх хязгаарлагдсан байна.
Мөн нэхэмжлэгч “уг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлаар Нийгмийн даатгалын ерөнхий газар хандаж байгаагүй, гомдлын шаардлагын зөвлөлд хортой нөхцөлд ажилласан жилээ нэмүүлэх асуудлаар хандсан” гэж давж заалдах шатны шүүх хуралдаан дээр тайлбарласан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасан урьдчилан шийдвэрлэх журмыг биелүүлсэн эсэхийг тодруулж, дүгнэлт өгөх нь зүйтэй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, давж заалдах шатны шүүх тус алдааг засах боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0487 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ