Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2019/0541/З |
Дугаар | 303 |
Огноо | 2019-07-22 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 303
“М т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Х.Батсүрэн,
Шүүгчид: Г.Банзрагч,
М.Батсуурь,
Б.Мөнхтуяа,
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг,
Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа.
Нэхэмжлэлийн шаардлага: “...“Ю” ХХК-ийг телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IРТV/ буюу гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоох шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IРТV/ буюу гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуйн нэгжийг хуульд заасан журмын дагуу тогтоохыг хариуцагчид даалгах тухай”,
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2020/0141 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 306 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хишигбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Хоролсүрэн, Б.Наранцэцэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анхбаяр нарыг оролцуулан,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2020/0141 дүгээр шийдвэрээр: Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М т” ХХК-аас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдуулан гаргасан “Ю” ХХК-ийг телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IРТV/ буюу гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоох шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IРТV/ буюу гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуйн нэгжийг хуульд заасан журмын дагуу тогтоохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд 306 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2020/0141 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийцэрэн, өмгөөлөгч Д.Хишигбаяр нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Нэг. “Ю” ХХК нь телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуйн нэгж болохын тухайд: Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлд “...Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгч...” гээд 5.2-т “...Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ...” 5.3-т “...Энэ хуулийн 5.2-т заасан хувьд хүрээгүй ч бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах чадвартай аж ахуй эрхлэгчийг бараа бүтээгдэхүүний хүрээ, зах зээлийн газар зүйн хил хязгаар, зах зээлийн төвлөрөл, зах зээлийн хүч зэргийг үндэслэн давамгай байдалтай гэж үзэж болно...” гэж заасан. Үүнээс үзвэл, телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ нь Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлд 4.1.1-д “бараа бүтээгдэхүүн” гэж зах зээлд худалдах, солилцох, эргэлтийн өөр нэг хэлбэрт оруулах зориулалттай бүх төрлийн эд юмс, төлбөрийн хэрэгсэл, ажил, үйлчилгээ, шилжүүлж болох эрх зэргийг; 4.1.2-т “...“зах зээл” гэж тодорхой бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, борлуулалт явагдаж байгаа нутаг дэвсгэрийг...” хэлнэ гэж заасны дагуу бараа бүтээгдэхүүн мөн.
4. Түүнчлэн телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ нь Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан бараа бүтээгдэхүүнд хамаарагдаж, тухайн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт борлуулалт нь Улаанбаатар хот болон 21 аймагт хүрч үйлчилгээ үзүүлдэг болох нь хэрэгт авагдсан Харилцаа, холбооны зохицуулах хорооноос “Ю” ХХК-д олгосон 670/Б/IРТV 02 дугаар тусгай зөвшөөрөл. Уг тусгай зөвшөөрлөөр “Ю” ХХК-д 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Дорнод, Дорноговь, Өвөрхангай, Увс, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Архангай, Хөвсгөл, Баянхонгор, Ховд, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Говьсүмбэр, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дундговь аймгуудын нутаг дэвсгэрт телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ эрхлэх /IРТV/ эрхийг олгосон гэрчилгээгээр нотлогддог. “Зүй ёсны болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ын 2.2-т Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээл дээр аж ахуй эрхлэгчийн давамгай байдалтайг дараах үе шаттайгаар тогтооно: 2.2.1.Бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох гэж заасан. Бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлохдоо журмын 3.1-т заасан хүчин зүйлийг харгалзан үзнэ гээд 3.1.1-д эдийн засгийн үйл ажиллагааны олон улсын стандарт ангилал, тухайн бараа бүтээгдэхүүний стандарт, код, бусад холбогдох мэдээлэл, 3.1.2-т зах зээлийн судалгаа, 3.1.3-т шаардлагатай бол хэрэглэгчдээс авсан санал асуулга, шинжээчийн дүгнэлт, 3.1.4-т бараа бүтээгдэхүүний харилцан орлох байдлыг тогтоох боломж бүхий бусад хүчин зүйл гэж заасан байдаг. Дээрхээс үзвэл, бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлохдоо журмын 3.1-д заасан хүчин зүйлүүдийг харгалзан үзэж, тодорхойлохоор заасан байтал шүүх магадлалын үндэслэх хэсэгтээ технологийн төрлүүдээр ангилж, зах зээлийн судалгаа хийхээр зохицуулаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
5. Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “...Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа ...үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ...” гэж зааснаар телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ буюу тодорхой бараа бүтээгдэхүүн болохын хувьд борлуулалт, худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ гэж заасны дагуу “Ю” ХХК нь давамгай байдалтай аж ахуйн нэгж болох нөхцөлийг хангасан болох нь хавтаст хэргийн 43-53, 54-63, 182-191 дугаар хуудсанд тус тус авагдсан телевиз радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуйн нэгжүүдийг тогтоох судалгаа, хавтаст хэргийн 192 дугаар хуудсанд авагдсан Улаанбаатар хотод үйлчилгээ эрхлэгчдийн зах зээлийн мэдээлэлд телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ эрхлэгч “Ю” ХХК болон “Скаймедиа” ХХК-уудын зах зээлийн мэдээлэл зэргээс үзвэл “Ю” ХХК нь Монгол Улсын 17 аймагт телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээг дангаараа эрхэлж, 4 аймагт телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээний зах зээлийн хувь хэмжээ 66,6 хувиас дээш, Улаанбаатар хотод тус үйлчилгээний зах зээлийн 75 хувийг эзэлж байгаа болох нь тодорхой харагддаг.
6. Түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /1РТУ/-Г “Ю” ХХК, “Скаймедиа” ХХК-иудад олгож өнөөдрийн байдлаар энэ 2 компанийн өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд худалдан борлуулах үйл ажиллагааг эрхлэн явуулдаг харилцан орлох бараа бүтээгдэхүүний нэг зах бөгөөд “Скаймедиа” ХХК нь Улаанбаатар хот болон 4 аймагт үйлчилгээгээ хүргэдэг, ингэхдээ Улаанбаатар хотын тухайн зах зээлийн 25%, бусад 4 аймагт зах зээлийн 30 хүртэлх хувийг эзэлж байна. Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6 “зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох, үйл ажиллагаанд хяналт тавих” бүрэн эрхийг хуулиараа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт олгосон. Гэтэл уг хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй эс үйлдэхүй гаргаж байгаа нь аж ахуй эрхлэгчийг зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглох хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах Өрсөлдөөний тухай хуулийн зорилтод нийцэхгүй байна.
7. Хоёр. Нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол хөндөгдсөн тухайд: “М т” ХХК нь Монгол Улсын нутаг дэвсгэрт телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрх бүхий аж ахуйн нэгж бөгөөд өөрийн “Монгол HD” сувгийг олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн сүлжээгээр дамжуулан нийт хэрэглэгч, үзэгчдэд хүргэдэг. Мөн “М т” ХХК нь “Ю” ХХК-тай байгуулсан 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн №Соlpin 18/8131 тоот “Хамтран ажиллах гэрээ”, “Байгууллагын гурвалсан үйлчилгээ”-ний нөхцөлийн дагуу телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IРТV/ буюу гурвалсан үйлчилгээний хэрэглэгч болсон. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар “Ю” ХХК-ийг телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээний /IРТV/ зах зээлд давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоохгүй байгаа эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Тодруулбал, Өрсөлдөөний тухай хуулийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасны дагуу “М т” ХХК нь “Ю” ХХК-ийг бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох, бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол үүсгэх, бараа бүтээгдэхүүний борлуулалт зогсох, хязгаарлах нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, зайлсхийх эрхтэй бөгөөд энэхүү эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.
8. Түүнчлэн “М т” ХХК нь Монгол улсын нутаг дэвсгэрт телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрх бүхий аж ахуйн нэгж бөгөөд өөрийн “Монгол HD)” сувгийг “Ю” ХХК-ийн телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээгээр дамжуулан хэрэглэгч, үзэгчдэд хүргэдэг. “Ю” ХХК нь бараа бүтээгдэхүүнийхээ үнийг үндэслэлгүйгээр хэт өндөр бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол үүсгэх, бараа бүтээгдэхүүний орлуулалтаа зогсох, хязгаарлах нөхцөл байдал үүссэн тохиолдолд “Ю” ХХК-ийн үйлчилгээг ашиглан “Монгол HD” сувгийг хүлээн авч байгаа иргэдэд нөлөөлж, улмаар “Монгол HD” сувгийн үзэлтийн тоо буурах, хэрэглэгчдээ алдах зэрэг нөхцөл байдал үүсч болзошгүй. Иймд, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар “Ю” ХХК-ийг телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээний /IРТV/ зах зээлд давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоохгүй байгаа эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
9. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
10. Нэхэмжлэгч “Монгол телезиз” ХХК-иас шүүхэд анх 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр “Ю” ХХК-ийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IPTV/ буюу гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
11. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа “телевиз радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IPTV/ буюу гурвалсан үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуйн нэгж тогтоох судалгаа хийхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, телевиз радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IPTV/ буюу гурвалсан үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуйн нэгж тогтоох судалгаа хийхийг хариуцагчид даалгах” гэж өөрчилсөн, уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 8265 дугаар захирамжийг, давж заалдах шатны шүүх хянаж, хүчингүй болгосны дараагаар 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр, нэхэмжлэлийн шаардлагаа “Ю” ХХК-ийг телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IPTV/ буюу гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ...давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” гэж өөрчилсөн, шүүхүүд уг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэжээ.
12. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “...эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгох”-оор заасан, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, “Өмгөөллийн төв консалтинг” ХХН-өөс 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18-12/178 дугаартай албан бичгээр “...“Ю” ХХК-ийг /IPTV/ буюу гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоолгох тухай” хүсэлт гаргасан, уг албан бичигт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Зах зээл судалгааны газраас 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 6/1680 дугаартай албан бичгээр “...тусгай зөвшөөрөл эзэмшигчид тайлан мэдээгээ жил бүрийн 2 дугаар сарын 20-ны өдрийн дотор Харилцаа, холбооны зохицуулах хороонд ирүүлдэг, ...энэ тайланд үндэслэн судалгаа хийдэг тул дээр дурдсан хугацаанаас хойш судалгааг хийж, шийдвэрийг хүргүүлж ажиллах болно” гэсэн хариу өгсөн, түүнчлэн “Телевиз радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгааны ажлын танилцуулга”-ыг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр өмгөөлөгч н.Билгүүнд танилцуулахдаа, 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1/802 тоот албан бичиг, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 5 дугаар 03-ны өдрийн хуралдааны тогтоолын хуулбарыг хүлээлгэж өгсөн нь тэмдэглэгдсэн, хэрэгт уг 1/802 тоот албан бичиг авагдаагүй, харин 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн “Давамгай байдлаа алдсан, хэвээр байгаа болохыг тогтоох тухай” 01 дүгээр тогтоол нь “Ю” ХХК-д хамааралгүй байна.
13. Эндээс үзвэл, нэхэмжлэгчийн гаргасан “хүсэлт”-ийг захиргааны байгууллага нь шийдвэрлэлгүй орхигдуулсан “эс үйлдэхүй” гаргасан эсэх, эсхүл шийдвэрлэхдээ, нэхэмжлэгчийн хүссэн шийдвэрийг гаргахаас татгалзсаны аль нь болох, шийдвэрлэгдсэн гэж үзвэл тухайн баримтыг шүүх хэрэгт авч, дүгнэлт өгч шийдвэрлэх ба энэ тохиолдолд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д “шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгах”-аар заасан хүрээнд хянана, харин “эс үйлдэхүй”-г хууль бус болохыг тогтоовол, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлэх учиртай.
14. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд холбогдуулан шаардлагатай нотлох баримтыг цуцлуулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
15. Түүнчлэн, “Ю”ХХК нь Улаанбаатар хот болон 21 аймагт “телевиз радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ эрхлэх” 670/Б/IPTV 02 дугаар тусгай зөвшөөрөл эзэмшдэг, телевиз радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан кабель шугамаар дамжуулах үйлчилгээ үзүүлдэг, уг үйл баримттай оролцогчид маргаагүй.
16. Хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл, нэхэмжлэлийн зүйлийн талаар маргаантай, тодруулбал, нэхэмжлэгчийн тодорхойлсноор “...телевиз радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ /IPTV/ буюу гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай”-г гэдэг нь зах зээлд үзүүлж буй 3 төрлийн үйлчилгээнд нь хамаарч, бие даасан зах зээл гэж үзэх нь хэр үндэстэй, нөгөө талаас хариуцагчийн “телевиз радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ буюу гурвалсан үйлчилгээний зах зээл гэж салгаж авч үзэхгүй, технологиос үл хамаарч телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх хүрээнд нь зах зээлийг тодорхойлно” гэх тайлбарт холбогдуулж, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.
17. Дээрх байдлаар, анхан шатны шүүх, шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, уг шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь буруу тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийцэрэн, өмгөөлөгч Д.Хишигбаяр нарын хяналтын журмаар “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангуулах”-аар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.