Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2026/ДШМ/15

 

 

 

 

 

 

 

 

 2026        03        25                                         2026/ДШМ/15

 

 

Г.Х, М.М нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Э.Г,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Уртбаяр, Ч.Батсүх,

Хохирогч: Ө.Г,

Хохирогчийн өмгөөлөгч: Т.Мөнхтуяа

Иргэний хариуцагч: Д.Э,

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч: Б.Манлайбаяр,

Нарийн бичгийн дарга: М.Хулан нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2026/ШЦТ/48 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Батсүх, Д.Уртбаяр, иргэний хариуцагч Д.Э нарын давж заалдах гомдлоор Г.Х, М.М нарт холбогдох 0000 дугаартай эрүүгийн хэргийг шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, Х” овогт Гийн Х, 000 оны 0 дугаар сарын 00-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 3, өвөг эцэг, эмэг эх нарын хамт Хөвсгөл аймгийн Х сумын 00 дугаар багийн 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар 0000/.

2.Монгол Улсын иргэн, Б” овогт Мын М, 00 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Хөвсгөл аймгийн 00 сумын 0 дүгээр баг 000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар 0000/.

Г.Х, М.М нар нь 2024 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн М сумын 6 дугаар багийн нутагЖ гэх газарт байх Ө.Гийн эзэмшлийн 164 м.кв хэмжээтэй дүнзэн байшингийн гадна хэсэгт тамхи татаж байхдаа болгоомжгүйгээр гал гаргасны улмаас байшин шатаж, 162,366,781.01 төгрөгийн хохирол учруулж, “Болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2026/ШЦТ/48 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х овогт Гийн Х, Бөө овогт Мын М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгөнд болгоомжгүйгээр их хэмжээний хохирол учруулан “Болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Гийн Х, Мын М нарыг тус бүр 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х, М.М нарт оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Г.Х, М.М нарт оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Г.Х, М.М нараас тус бүр 56,828,373 (тавин зургаан сая найман зуун хорин найман мянга гурван зуун далан гурав) төгрөгийг, иргэний хариуцагч Д.Эгаас 48,710,034 (дөчин найман сая долоон зуун арван мянга гучин дөрөв) төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Гт олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хохирогч Ө.Г нь сэтгэцэд учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Х, М.М нараас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Батсүх давж заалдах гомдолдоо: “...Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ...”

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгасан эсэх, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан эсэх, тэдгээр нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн эсэхийг дүгнэхээс гадна шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр агуулгын хувьд харилцан зөрүүтэй нотлох баримтуудын алийг хууль ёсны, хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох үүрэгтэй билээ.

Анхан шатны шүүхийн Г.Х, М.М нарыг гэм буруутайд тооцсон нотлох баримт нь цаг хугацаа, орон зай, логикын хувьд зөрүүтэй, нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн мэдүүлэг, нотлох баримтын нотолгооны чадамж, эх сурвалжийн хүрэлцээтэй байдал, нотлох баримтууд нь нэгнийгээ үгүйсгэх, бататгах, субъектуудийн гэмт хэрэг үйлдэх, гэм буруутай байх сэтгэхүйн харьцаа, шалтгаант холбоог тогтоолгүйгээр гэм буруутайд тооцсон байна. Учир нь нотлох баримтаар:

Насанд хүрээгүй гэрч О.Аын “...12 цаг өнгөрч байхад байшингийн зүүн хойд булангаас гал гарч эхэлсэн... би ангийхаа Бын тамхинаас 2 ширхэгийг аваад Х, М нарт өгсөн. Би тэр хоёрт тамхи авч өгчихөөд ангийнхаа Оын хамт байшингийн хойно модны захад байх 00 орох гэж явахад байшингийн хойд хэсэгт буюу гал эхэлж гарсан хэсэгт Х, М хоёр тамхи татчихсан сууж байсан. Тэрийг би харсан. Б бас харсан... байшингийн урд байсан Б амралтын газрын эзэн эмэгтэй харсан...” гэх,

Насанд хүрээгүй гэрч Б.Оын “...14 цаг болох гэж байхад байшингийн зүүн хойд булангаас утаа гараад гал оволзож эхэлсэн... Учир нь манай ангийн Х, М хоёр гал гарахаас 10 орчим минутын өмнө яг байшингийн эхэлж гал гарсан хэсэгт буюу байшингийн зүүн хойд булан байшингийн гадаа тамхи татаж байсан. Би тэр үед ангийнхаа Аын хамт 00 орж явсан. Бид хоёрыг 00 орох гээд явж байхад Х, М хоёр байшингийн гал гарсан хэсэгт тамхи татаж байхыг харсан...”

Насанд хүрээгүй гэрч А.Бийн “...тэр өглөө манай ангийн М, Х хоёр тамхи татаж байхыг би харсан... М, Х нарыг  тамхи татаж байсан үеэс 10-15 минут орчмын дараа байшингийн яг тэр хэсгээс утаа гарч эхэлсэн...” гэх мэдүүлэг

Гэрч Л.Тгийн “...би тухайн байшинг хаана байдаг байсан байшин, хэзээ гал гарч шатсан талаар надад ямар нэгэн зүйл байхгүй байна. Яагаад намайг харсан гэж мэдүүлэг өгсөн талаар би маш их гайхаж байна. Тухайн мэдүүлэг өгсөн А гэдэг хүүхэд андуурсан байх гэж бодож байна. Би ер нь амралтын газарт байдаггүй ирж очоол байж байдаг юм... ” гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд хохирогч Ө.Г “...00 байшингийн зүүн урагшаа нэлээн зайтай байдаг...” гэж,

Шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд: Иргэний хариуцагч Д.Эгийн “...00 нь байшингийн урд талд бараг чанх урд талд нь байдаг...” гэх мэдүүлэг,

Мөн насанд хүрээгүй гэрч Г.Мын “...Б, А, О нарын хүүхдүүд тамхи татаж харагддаг. Гэхдээ тухайн амарч байх хугацаанд тамхи татсан хүүхэд байхгүй, учир нь тамхигүй ирсэн байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Тгийн “...гадаа ямартай ч мотор асааж байсан. Түрээслэгчийн зүгээс галын аюулгүй байдлын талаар зөвлөгөө өгөөгүй”9 гэх, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл “...байшингийн хойд талд байшингийн суурьнаас 3 метрийн зайд төмөр зуух, яндан байх ба зуух яндангийн дэргэд байх төмөр саванд хоолны үлдэгдэл байв...” гэх тэмдэглэл,

Гэрч Б.Эгийн “...тэгээд өглөө 11 цаг өнгөрч байхад би сэрээд босоод гадаа гарсан чинь манай ангийн хэдэн хүүхэд босцон цай ууж байсан. Тэгээд бид нар гоймон чанаж идээд би буцаж ороод дээд давхарт хэвтэж байсан. Тэгтэл манай ангийн Э гал гараад байна гээд цүнхтэй хувцас болон эд зүйлийг цонхоор шидээд байсан... утаад тамхи татдаг хүүхдүүдийг сайн мэдэхгүй байна. Харин электрон тамхи татдаг хүүхдүүд байгаа...” гэх мэдүүлэг,

Гэрч С.Дын “...Галын аюулүй байдлын үндсэн дүрэмд маш тодорхой заасан байдаг. Айл өрх, аж ахуй нэгж байгууллага нь яндан зуух, цахилгааны аюулгүй байдал, санамсар болгоомжгүй үйлдлээс болж гал түймэр гарах эрсдэл их байдаг. Мөн аж ахуй нэгж, байгууллага, айл, өрх яндангийн залгааг буруу тийш харуулж хийснээс аль эсвэл дээврийн хөндий дээр түлээний үрдэс галд хялбар авалцах асдаг бараа материал, гэмтэлтэй яндан зуух хэрэглэдэг нь галын аюулгүй байдлаа хангах үүргээ биелүүлээгүй гэж үзэж болно ...гал түймэр унтраах анхан шатны багаж, хэрэгслээр хангагдсан байх, барилга байгууламж галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичигт заасан гал түймрээс хамгаалах автомат төхөөрөмж байна...” гэх мэдүүлэг,

Иргэний хариуцагч Д.Эгийн гэрчээр өгсөн “...би Ө.Гт хот явах болгонд нь түүнд галын хор байнга захидаг байсан боловч Ө.Г нь авчирч өгөөгүй. Объектын галын аюулгүй байдлыг хангаагүй, байшин бүрэн гүйцэт ашиглалтанд ороогүй байсан...” гэх мэдүүлэгүүд,

Хөвсгөл аймгийн онцгой байдлын газрын гал түймрийн улсын байцаагчийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай дүгнэлтэнд “...шинжилгээнд ирүүлсэн хөрсний дээжүүдэд шатах тослох материал илрүүлэх шинжилгээг чанарын болон багажит анализын аргаар тодорхойлоход илрээгүй болно... шинжилгээний явцад хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй, хэргийн газрын үзлэг болон гэрч нарын мэдүүлснээр тухайн байшин төвийн цахилгаан шугаманд холбогдоогүй, гал түймэр гарах үед тус байшинд амрагчид байсан байх тул хэн нэгний санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэн гал түймэр гарсан байх магадлалтай...” гэх зэрэг мэдүүлгүүдийг харьцуулан дүгнэхэд: Энэ хэргийн гол гэрч болох насанд хүрээгүй гэрч А, О нар нь хамт явсан гэх бөгөөд 12, 14 цаг болох гэж байсан гэх мэдүүлэг, мөн байшингийн хойно байх 00 орох гэж явахдаа харсан гэх мэдүүлэг нь хохирогч, болон иргэний хариуцагч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгээс зөрүүтэй, мөн А нь Б газрын эмэгтэй харсан гэх мэдүүлэг нь гэрч Л.Тгийн мэдүүлэгээр үгүйсгэгдэнэ. Мөн Х, М нарыг тамхи татсан гэдгийг А харсан байсан гэж ангийнхаа хүүхдээс сонссон юм гэх Төгөлдөрийн мэдүүлэг, гэрч Б.Эгийн мэдүүлэгүүд нь зөрүүтэй байна. Шүүгдэгч Г.Х, М.М нарыг гэм буруутай болохыг шууд заасан нотлох баримт энэ хэрэгт авагдаагүй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар гал гарах шалтгаан нөхцлүүд олон байхад тамхи татсанаас болж гал гарсан гэж шууд шалтгаант холбоог тодорхойлж, болгоомжгүй гэмт хэрэгт хамтран оролцооны байдлыг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй байгаа нь эрүүгийн эрх зүйн зарчим, онолд нийцэхгүй байна.

Нөгөө талаар иргэний хариуцагч Д.Э нь бүрэн гүйцэт ашиглалтанд оруулаагүй байшинг буюу галын улсын байцаагчийн “галын аюулгүй байдлыг дүгнэлт” гарсны дараа үйл ажиллагаа явуулах ёстой байсныг мэдсээр байж аялал, амралтын зориулалтаар ашиглуулж байгаа нь учрах эрсдлийг мэдсээр байж бий болгож байгаа хэрэг бөгөөд энэ байшинд амрагчдын болоод гэм буруутайд тооцогдсон этгээдүүдийн гэм буруугийн сэтгэхүйн харьцааг анхаарч үзэх нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл амралтын газарт галын аюулгүй байдлаа хангах, сонор сэрэмжтэй байх, гарах эрсдлийг урьдчилан тооцоолох, хор уршгийг мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байна. Тухайн байшинг аялал жуучлалын зориулалтаар бусдад 450,000 төгрөгөөр хөлсөлж байгаад эрсдэл учирсан тул Иргэний журмаар буюу Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан харилцаа үүссэн байх боломжтой байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Анхан шатны шүүхээс “...шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч М.М, Г.Х нараас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын 70 хувь буюу 113,656,746 төгрөгийг гаргуулж Ө.Гт, ...30 хувь буюу 48,710,034 төгрөгийг иргэний хариуцагч Д.Э...”-гаас гаргуулж шийдвэрлэжээ.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг алдагдуулж шийдвэрлэсэн байна. Учир нь энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь ямар ч зөвшөөрөлгүй, бүрэн гүйцэт ашиглалтанд оруулаагүй байшинг ашиг олох зорилгоор “18 насанд хүрээгүй хүүхдүүдэд” хөлсөлж байшин шатах эрсдэл бий болгосон байгааг харгалзах үзэлгүй хохирлын 30 хувийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Мөн байшингийн үнэ, хэмжээний хувьд зөрүүтэй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тогтоосны үндсэн дээр гэмт хэрэг мөн эсэх, учирсан хохирлыг арилгуулах учиртай гэтэл 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол”14-г, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр “ялах дүгнэлт” үйлдэгдэн шүүхэд шилжүүлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10-т “яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхдээ” яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт “хохирол, хор уршгийн талаархи мэдээлэлийг тусгана.” гэж өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас учирсан хохирол тодорхой болоогүй, хуульд заасан журмын дагуу авагдаагүй байхад хор уршгийг тодорхойлж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэгджээ.

Учир нь 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “шинжээч томилж, шинжилгзэ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоолд 16,5x13,5 метр квадрат хэмжээтэй 2 давхар мансарттай дүнзэн байшин, 2024 оны 6 дугаар сарын зах зээлийн ханшаар үнэлгээг ирүүлэхээр тогтоол үйлдэж, үнэлгээний тайланг ирүүлэхдээ бид ҮОУС-ыг баримтлан, өөрсдийн мэдлэг, туршлага, хийсэн судалгаандаа үндэслэн дүгнэлтээр үнэлэгдэж буй шинжилгээний обьектын үнэ цэнийг 2025 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар барилгын үнэ цэнэ 155,969,781 төгрөг, барилга дотор байсан тавилга эд хогшлын үнэ цэнэ 6,397,000 төгрөг, нийт 162,366,781 төгрөгөөр тодорхойлов.” гэснээс харахад тухайн байшингийн үнэлгээ нь гэмт хэрэг гарсан цаг хугацаанд биш үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт гаргасан цаг хугацаагаар байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн байна.

Мөн “Онцгой үнэлгээ” ХХК нь “бизнесийн зөвлөгөө өгөх үйлчилгээ”, “даатгалын хохирол үнэлэгч” үйл ажиллагааг эрхлэн явуулах эрхтэй хуулийн этгээд байна.

Хохирогч Ө.Гийн байшин нь үл хөдлөх хөрөнгө гэх бөгөөд газраас салгаж үл болох салгавал үнэ цэнээ алдах хөрөнгө юм. Иймд тухайн байшинг үнэлэхэд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийх аргачлал, журам үйлчилнэ. “Сангийн сайд, барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/133, А/126 дугаар тушаал” ын 2-р хавсралтын 2.2-т “нийтийн орон сууц, амины хашаа байшингаас бусад хөрөнгийн үнэлгээг мэргэшсэн, тэргүүлэх зэрэгтэй үнэлгээчин хийнэ.”, “Сангийн сайд, барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/133, А/126 дугаар тушаал"-ын 1-р хавсралтын 2.2-т “Үнэлгээчин нь Сангийн сайд, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан тушаалаар батлагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх аргачлалыг баримтлан үнэлгээ хийнэ.” 2.7-д “Үнэлгээчин нь үнэлгээ хийх бэлтгэл ажлын хүрээнд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний мэдээллийг газар, үл хөдлөх эд хөрөнгийн удирдлагын нэгдсэн системийн мэдээлэлтэй тулган баталгаажуулж үнэлгээнд хэрэглэнэ.” 2.8-д “Үнэлгээчин нь энэ журмын 2.7-д заасан тулган баталгаажуулалтаар эрхийн зөрчилтэй нь илэрсэн, эсхүл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ байхгүй тохиолдолд зөрчлийг арилгасны дараа хөрөнгийн үнэлгээ хийнэ.” гэх заалтуудыг зөрчиж хийсэн байгаа нь захиргааны хэм хэмжээний актад заасан журмын дагуу гэмт хэрэг гарах үеийн зах зээлийн ханшаар бодитой хийгдэх журам зөрчиж үнэлгээ хийгээд шүүхийн шатанд 60 хоногийн хугацаагаар хойшлуулж, шинжээчийн мэдүүлэгээр үнэлгээ нь огнооны хувьд алдаа гаргасан гэж үзэж хохирлыг тооцох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж байна.

...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарах шийдвэр бүхэн, түүний дотор шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэсэн байх ёстой тул хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг бүгдийг нь шалгасан боловч тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан бол шүүхээс түүнийг шүүгдэгчийн талд ашигтайгаар шийдвэрлэх буюу in dubio pro reo зарчмыг баримтална.

Энэхүү зарчим нь шүүгдэгчийн гэм буруу нь нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдоогүй бол таамаглалд үндэслэж түүнийг гэм буруутай гэж үзэж болохгүй гэх оюун дүгнэлтэд тулгуурладаг ба аливаа дур зорго, хэлмэгдүүлэхээс хүнийг хамгаалах шүүхийн үүргийг тодорхойлдог. Энэхүү зарчмын агуулгын хүрээнд Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгзэр сарын 23-ны өдрийн 2026/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдсон Г.Х, М.М нарын үйлдлийг хянан үзэж, шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уртбаяр давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх шийтгэх тогтоолд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар дүгнэхдээ: “...шүүгдэгч М.М, Г.Х нар нь 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн М сумын 6 дугаар багийн нутаг Ж гэх газарт байх Ө.Гийн эзэмшлийн 164 м.кв хэмжээтэй дүнзэн байшингийн гаднах хэсэгт тамхи татаж байхдаа болгоомжгүйгээр гал гаргасны улмаас байшин шатаж, 162,366,781.01 төгрөгийн хохирол учруулж, “Болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдон тогтоогдож байна...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Хэргийн үйл баримтаас үзэхэд:

Тухайн гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ хаана, яаж үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг буюу нотолбол зохих байдлыг нотлон тогтоолгүй хэргийг шийдвэрлсэн.

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд мөрдөгч хэргийн газрын хөрснөөс дээж аваагүй энэ талаар тэмдэгдлэлд огт дурьдагдаагүй /Хавтаст хэргийн 21-24 дэх тал/ байхад, 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн мөрдөгчийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” /Хавтаст хэргийн 64 дүгээр тал/ тогтоолд хэргийн газраас авсан хөрсний дээж шинжээчид хүргэгдээгүй байхад Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Н.Эийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолоор Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судпалын хүрээлэнгийн Аюулгүй үнэлгээний нэгдсэн төвийн шинжээчийг томилж, хэргийн газрын үзлэгээр хураан авсан хөрсний дээжинд шинжилгээ хийлгэхээр шинжээч томилсон. Шинжээчид хэргийн газраас хураан авсан хөрсний дээж мөрдөгчийн шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн тогоолтой хамт ирүүлээгүй байхад хэргийн газраас авсан хөрсний дээжинд гэж шинжилгээ хийгээд байгаа нь ойлгомжгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9-д заасан “хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэх хуулийн зүйл хэсэгт заалттай огт нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдаагүй нотлох баримтад тулгуурлан гаргаад байгаа шинжээчийн дүгнэлтэд үндэслэж миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцоод байна.

Мөн анхан шатны шүүх тогтоолын үндэслэлүүдээ Онцгой байдпын ерөнхий газрын Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 12/440 дугаартай шинжээчийн дүгнэлт /Хавтаст хэргийн 68-69 дүгээр тал/-ыг үндэслэн гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хайхрамж боломжгүй байдал нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон. Шүүгдэгч Г.Х, М.М нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй, тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Мөн улсын яллагч болон шүүх гэм бурууг шалгаж тогтоохдоо дан ганц насанд хүрээгүй гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэсэн байдаг боловч мэдүүлэг өгөгч мэдүүлгийн эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй бөгөөд шүүх нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл тогтоогдсоор байхад анхан шатны шүүх тухайн нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2026/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч М.М нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэжээ.

Иргэний хариуцагч Д.Э давж заалдах гомдолдоо: “...иргэний хариуцагчаар татагдсан миний хүсэлт, гомдол гаргах эрхийг ноцтой зөрчсөнөөс шалтгаалж, хохиролтой байдал үүсээд байгаагаа учирлан ойлгуулахыг хичээж, энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хүсэл зоригоо илэрхийлэхэд улсын яллагчийн зүгээс намайг “удаа дараа дуудсан боловч ирээгүй" гэж өөрсдийн хууль зөрчсөн үйлдлээ зөвтгөн, иргэн намайг буруутгаж байсан нь бодит байдалтай нийцэхгүй гэж үзэж байна.

Шүүх хуралдаанд шүүгчийн туслах урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал болж өнгөрсний дараа буюу, яллагдагчийг шүүхэд шилжүүлж шүүх хуралдаан товлосны дараа анх удаа шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэж, миний бие Г.Х нарт холбогдох эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар тус шүүх хуралдаанд оролцох ётсой болсон юм байна гэдгээ мэдсэн.

Хэрэв, анхнаасаа хууль ёсыг чанд сахиж, иргэний хариуцагч надад хэргийн материал танилцуулах үүргээ мөрдөгч биелүүлсэн бол, анхан шатны шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийн товыг Д.Э надад мэдэгдсэн бол өөрийн иргэний хариуцагчаар татсан тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргах, улмаар хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэх, хэргийг прокурорт буцаалгах зэрэг олон боломжууд алдагдахгүй байх, хэргийн оролцогч миний эрх, ашиг ноцтой зөрчигдсөн процессууд явагдахгүй байх зэрэг үр дагаврыг үүсгэх байсанд маш их гомдолтой байна.Дараа нь нэмэлт ажиллага гэж 60 хоног хойшилсон

Өөрөөр хэлбэл, Ө.Г бид хоёрын хөрөнгийн хувь, оролцоог тус байшинд оруулсан хувь хэмжээгээр бодитой тогтоохыг анхан шатны шүүхээс мөрдөгч, прокурорт даалгасан. Гэвч мөрдөгчийн зүгээс прокурорын даалгасны дагуу яллах дүгнэлтээ хамгаалах байдлаар хэт нэг талыг барьсан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, намайг уг хэрэгт хохирогчоор оролцох ёстой гэдгээ батлах хангалттай боломж, цаг хугацааг олгоогүй.

 Би уг хэрэгт хохирогч байх ёстой гэх хатуу байр сууриа одоо ч хүртэл дэмжсээр байгаа. Учир нь миний эзэмшлийн газарт баригдсан, миний оролцоо, хөдөлмөр, зохион байгуулалтаар босгосон байшин шатаж хохирол учирсан. Хэргийн материалтай бүрэн танилцах боломж-сүүлд (19-ний өдөр болох байсан, хойшлогдсон хурлын үед) бүрэн хэмжээгээр нь танилцсан. Ө.Г нь өргөдөл, гомдол, мэдүүлгүүддээ намайг буруутгах зорилготой, нотолгоогүй болон худал мэдүүлгүүд өгч, олон зүйлээр намайг гүтгэсэн байсан. Шүүх хуралдаан дээр ч гэсэн сануулсаар байтал худал ярьж байсан. Мөн миний өмгөөлөгчийн зүгээс Ө.Гөөс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд асуулт асууж тодруулахад “...байшингийн эзэмшил дээр бид хоёрын дунд маргаан үүссэн байсан...” гэж үнэн бодит нөхцлийг тодруулан ярьж, хариулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдан үлдсэн байх учиртай. Ерөөс анхан шатны шүүхийн шийдвэр нь миний өгсөн мэдүүлэг, баримт, нотлох зүйлсийг бодитойгоор үнэлээгүй, нэг талыг барьсан байдлаар шийдвэр гарсан гэж үзэж байна.

Байшингийн үнэлгээ хэт өндөр тогтоогдсон (168,000,000 төгрөг) бөгөөд бодит өртөг, баримтаар нотлогдох зардалтай нийцэхгүй. Миний тооцооллоор уг байшин ойролцоогоор 80,000,000 төгрөгийн зардлаар боссон. Барилгын материал худалдан авсан төлбөрийн баримтууд болон бусад зардлын нотлох баримтуудыг би хэргийн материалд гаргаж өгсөн гэдгээ дээр дурдсан бөгөөд барилгын ажлыг гардан зохион байгуулж, удирдаж, хариуцаж босгосон учир баттай мэдэж байна. Миний гаргасан зардал, хөдөлмөр, цаг хугацааны үнэ цэнэ бүрэн тооцогдоогүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тус хэргийг прокурорт буцаах замаар зайлшгүй нэмэлт ажиллагаануудыг хийж, Д.Э намайг тус хэрэгт иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, улмаар хохирогчоор тогтоон, Шүүх шинжилгээний тухай хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний журам зэргийг ноцтой зөрчсөн шинжээчийн үндэслэлгүй, эргэлзээ бүхий дүгнэлтийг дахин гаргуулах шаардлага үүссэн байгааг онцгой анхаарч өгөхийг хүсье.

Иймд давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Батсүх шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уртбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь  нотлогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Хохирогч Ө.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч нарыг цагаатгах хууль зүйн үндэслэл байхгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Иргэний хариуцагч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би иргэний хариуцагч биш хохирогч тул шүүхээс намайг иргэний хариуцагч учир хохирол төлбөр төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: “...үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийн асуудлыг тогтоогоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь шударга ёсонд нийцэхгүй байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний хариуцагч нарын давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр Г.Х, М.М нарт холбогдох хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

1. Хөвсгөл аймгийн прокурорын газраас “Г.Х, М.М нар нь 2024 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн М сумын 6 дугаар багийн нутагЖ гэх газарт байх Ө.Гийн эзэмшлийн 164 м.кв хэмжээтэй дүнзэн байшингийн гадна хэсэгт тамхи татаж байхдаа болгоомжгүйгээр гал гаргасны улмаас байшин шатаж, 162,366,781.01 төгрөгийн хохирол учруулж, “Болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах” гэмт хэрэг үйлдсэн” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцээд “...хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад шүүгдэгч Г.Х, М.М нар нь 2024 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн М сумын 6 дугаар багийн нутаг Ж гэх газарт байх Ө.Гийн эд хөрөнгө болох 164 м.кв хэмжээтэй дүнзэн байшингийн гадна хэсэгт тамхи татаж байхдаа болгоомжгүйгээр гал гаргасан үйлдлийн улмаас байшин шатаж, 162,366,781.01 төгрөгийн хохирол учруулж, “Болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах,” гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн болох нь нотлогдож байна.” гэж гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Мөн шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугийн хэр хэмжээ, учруулсан хохирлын шинж чанар, хор уршгийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг тус бүр 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч нараас тус бүр 56,828,373 (тавин зургаан сая найман зуун хорин найман мянга гурван зуун далан гурав) төгрөгийг, иргэний хариуцагч Д.Эгаас 48,710,034 (дөчин найман сая долоон зуун арван мянга гучин дөрөв) төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Гт олгохоор шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

3. Болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх, үрэгдүүлэх гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдаж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй ба эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй, өөрөөр хэлбэл сэргээн засварлагдахааргүй болгосныг эд хөрөнгө устгасан гэж ойлгоно.

Түүнчлэн хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эдийн засгийн ач холбогдол бүхий эд хөрөнгийн эрхэд хохирол учирсан, эсхүл тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учирсан тохиолдолд дээрх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчилнэ.

4. Шүүгдэгч Г.Х, М.М нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ө.Гийн өгсөн: “...Тухайн байшин 2019 оноос Ж гэх газарт баригдаж эхэлсэн. Одоогийн зах зээлийн үнэлгээгээр бүх зүйлийг оруулж тооцож үзэхээр 380,000,000 гаруй сая төгрөгийн үндсэн зардал гарсан байгаа...” гэх мэдүүлэг,

Хохирогч Э.Гийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн: “....6x9 хэмжээтэй 240 м.кв хоёр давхар амины орон сууц байсан, 100 хувь өөрийн хөрөнгөөр барилгын бригад авчирч хамт барьсан. 2018 онд Хөвсгөл аймгийн Хатгал суманд очоод Д.Э гэдэг хүнтэй танилцаад Д.Э нь тухайн байшин барьсан газрыг миний газар гэж хэлээд байшинг барьж байх хугацаанд би Д.Эгаас тухайн газрын гэрчилгээ асуухад одоохон хөөцөлдөж байгаа гэрчилгээ гараад ирнэ гэж хэлдэг байсан. Тэгээд газрын гэрчилгээ байхгүй болохоор үл хөдлөх гэрчилгээ гарахгүй байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34-р тал/,

Иргэний хариуцагч Д.Эгийн 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “...Тухайн өдөр 2024 оны 6 дугаар сарын 16-ны өдөр байсан байх. О гэдэг манай нутгийн дүү манай ангийхан энэ жил 12 дугаар ангийг төгсөж байгаа юм гээд манай завьчин Мөнхбаатараар дамжуулан надтай холбогдож “хойд Ө.Гийн эзэмшлийн байшинд ганц хонож болох уу” гэж дамжуулж холбогдохоор нь “тухайн байшин тог, цахилгаан байхгүй, жорлон байхгүй” гэж Мөнхбаатарт дамжуулж хэлсэн чинь манай завьчин ганц өдөр гайгүй байх аа хоноод маргааш нь явчих юм аа гээд байхаар нь Мөнхбаатарт би зөвшөөрсөн юм. ...Ер нь байшингийн доод талын хөндийд барилгын үлдэгдэл, шилэн хөвөн, кардон цаас, хавар салхиар дамжаад хатсан шилмүүс гээд ер нь ил задгай гал гарах магадлалтай байсан юм...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 54-55-р тал/,

Иргэний хариуцагч Д.Эгийн гэрчээр 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: “...Маргааш өглөө нь би 9 цагт босоод байшин дээр очиж харахад хүүхдүүд байшингийн хойно нэлээд зайтай модны доор байх зууханд гал түлчихсэн цай чанаж байхаар нь би харчихаад юу ч хэлэлгүй яваад өгсөн. Тэрнээс хойш 2 цаг орчмын дараа 11 цаг өнгөрч байх үед над руу Мөнхбаатар залгаад "байшингаас утаа гараад байна” гэж утсаар хэлэхэд би яваад очтол байшингийн баруун хойд хэсгээс гал гарчихсан хүүхдүүд гадаа нь уйлалдчихсан байж байхаар нь би дотор хүн байгаа юу, хүүхдүүдээ бүрэн тоолсон уу гэхэд хүүхдүүд бүгд бүрэн байсан болохоор байшин дотор хүүхэд үлдээгүй юм байна гэж бодоод тэнд байсан хүмүүстэй галыг унтраах оролдлого хийсэн. Тэнд байсан хуүхдүүдийн багш нь гал команд дуудсан байсан. Гал команд 30 минутын дараа ирэхэд байшин шатаад дууссан. ...Хүүхдүүд өглөө цай чанахдаа байшингаас нэлээд зайтай гадаа зууханд гал түлж цай чанасан байсан, гадна зуухнаас гал алдах боломжгүй хол зайд байсан... ’’ гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-38-р тал/,

Насанд хүрээгүй гэрч О.Аын өгсөн: “...Тэгээд байж байтал манай ангийн Х, М хоёр надаас тамхитай хүүхдээс тамхи аваад өг гэхээр нь би ангийнхаа Бын тамхинаас 2 ширхгийг аваад Х, М хоёрт өгсөн. Би тэр хоёрт тамхи авч өгчихөөд ангийнхаа Оын хамт байшингийн хойно модны захад байх 00 орох гэж явахад байшингийн хойд хэсэг буюу гал эхэлж гарсан хэсэгт Х, М хоёр тамхи татчихсан сууж байсан. Тэрийг би харсан...’’ гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-41-р тал/,

Насанд хүрээгүй гэрч А.Бийн өгсөн: “...Тэр өглөө манай ангийн М, Х хоёр тамхи татаж байхыг би харсан. Өөр А харсан гэж байсан. Байшингийн зүүн хойд булан, байшинд эхэлж гал гарсан хэсэгт тамхи татаж байсан. М, Х нарыг тамхи татаж байсан үеэс 10-15 минут орчмын дараа байшингийн яг тэр хэсгээс утаа гарч эхэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-44-р тал/,   

Насанд хүрээгүй гэрч Б.Оын өгсөн: “...манай ангийн Х, М хоёр гал гарахаас 10 орчим минутын өмнө яг байшингийн эхэлж гал гарсан хэсэгт буюу байшингийн зүүн хойд булан байшингийн гадаа тамхи татаж байсан. Би тэр үед ангийнхаа Аын хамт 00 орж явсан. Бид хоёрыг 00 орох гээд явж байхад Х, М хоёр яг байшингийн гал гарсан хэсэгт тамхи татаж байхыг харсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-47-р тал/,

Гэрч Х.Эын өгсөн: “...манай ангийн А, Б, Дүүрэнбаяр, Төгөлдөр, Шагай, Пүрэвболд, Тэмүүжин, М, Х бид нар тамхи татсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-р тал, 2-р хх-ийн 59-р тал/,

Гэрч С.Бын өгсөн: “...Тухайн гал гарах үед манай ангийнхан их сандарсан байдалтай байсан. Харин Э, Х, М нар уйлаад өрөнд орчихлоо гээд байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 166-168-р тал/,

Гэрч Б.Чийн өгсөн: “...Би эцэг эхчүүдтэй нь хүүхдүүдээ 14 цаг гэхэд ирж аваарай гэж хэлээд байж байтал шалны завсраар утаа гараад байсан. Тэгэхээр нь би гараад харсан чинь байшингийн хөндий дороос гал гарч байсан. Би сандраад намайг авах гэж ирсэн хүний утсаар Онцгой байдалд дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 183-184-р тал/,

Гэрч П.Пийн өгсөн: “...Х, Мөнхзул 2 тамхи татсаныг бол хараагүй, гэхдээ бид нар бөөндөө 2 давхарт байхад тэр хоёр байшинд байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 205-206-р тал/,

Гэрч С.Мн өгсөн: “...байшингийн хоёр давхрын тагтан дээр ангийн зарим хүүхдүүд тамхи татаад байж байсан чинь байшингийн зүүн хойд булангаас утаа шиг юм гараад байхаар нь би яваад очоод харсан чинь байшин шатаж эхэлж байсан. ...Бид нар бол байшин дотор гал түлээгүй. ...Тухайн байшин дотор ямар нэгэн цахилгааны эх үүсвэр байгаагүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 68-р тал/,

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын байцаагчийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай: “...ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн 2024 оны 07 дугаар сарын 08- ны өдрийн 12/140 дугаартай дүгнэлтийн 1 дүгээр асуултын хариултаар Шинжилгээнд ирүүлсэн хөрсний дээжүүдэд шатах тослох материал илрүүлэх шинжилгээг чанарын болон багажит анализын аргаар тодорхойлоход илрээгүй болно. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй, хэргийн газрын үзлэг болон гэрч нарын мэдүүлсэнээр тухайн байшин төвийн цахилгаан шугам сүлжээнд холбогдоогүй, гал түймэр гарах үед тус байшинд амрагчид байсан байх тул хэн нэгний санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэн гал түймэр гарсан байх магадлалтай...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 67-88-р тал/,

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 12/140 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн хөрсний дээжүүдэд шатах тослох материал илрүүлэх шинжилгээг чанарын болон багажит анализын аргаар тодорхойлоход илрээгүй болно. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй..” гэх дүгнэлт /1-р хх-ийн 69-70-р тал/,

“Онцгой үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ТХҮ/25/02/125 дугаартай: “...Хөвсгөл аймгийн М сумын 6 дугаар баг Ж гэх нэртэй газарт байршилтай дүнзэн байшингийн зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 6 дугаар сарын байдлаар нийт 162,366,781 төгрөгөөр үнэлэв” гэх дүгнэлт, хавсралтууд /2-р хх-ийн 13-46, 243-250, 3-р хх-ийн 1-27-р тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 21-26-р тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 7-р тал/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. 

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Батсүхийн гаргасан “...Анхан шатны шүүхийн Г.Х, М.М нарыг гэм буруутайд тооцсон нотлох баримт нь цаг хугацаа, орон зай, логикын хувьд зөрүүтэй, нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн мэдүүлэг, нотлох баримтын нотолгооны чадамж, эх сурвалжийн хүрэлцээтэй байдал, нотлох баримтууд нь нэгнийгээ үгүйсгэх, бататгах, субъектуудийн гэмт хэрэг үйлдэх, гэм буруутай байх сэтгэхүйн харьцаа, шалтгаант холбоог тогтоолгүйгээр гэм буруутайд тооцсон байна. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг алдагдуулж шийдвэрлэсэн...” гэх агуулга бүхий гомдлын тухайд

Шүүх хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч, иргэний хариуцагчийн мэдүүлэг зэргийг үнэлэхдээ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлсэн байх ба эдгээр баримтууд нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэдийгээр насанд хүрээгүй гэрчүүд болох О.А, Б.О, гэрч Б.Ч нар гал гарсан гэх цаг хугацааг өөрөөр мэдүүлсэн байх боловч хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, гэрчүүдээс мэдүүлэг авахдаа  холбогдох хуулийг тайлбарлаж, хууль сануулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалтай шалгаж тодруулсан байх ба хэрэгт авагдсан нотлох барммтуудыг харьцуулан үзэхэд шүүх дээр дурдсан баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, хэргийн үйл баримтыг бодитой тогтоож шийдвэрлэсэн байна гэж үзэв.

“Онцгой үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ТХҮ/25/02/125 дугаартай дүгнэлтээс үзэхэд шинжилгээний объектийн үнэ цэнийг тодорхойлохдоо үнэлгээний олон улсын стандарт 2025, Монгол Улсын Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн холбогдох заалтыг баримтлахын зэрэгцээ захиалагч, үйлчлүүлэгч, гуравдагч этгээдийн өгсөн мэдээлэл, салбарын судалгаа, цахим мэдээллийн эх үүсвэр болон хөрөнгийн байдалтай газар дээр нь танилцаж хийсэн үзлэгийн мэдээллийг ашиглаж гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг 162,366,781 төгрөгөөр тооцсоныг буруутган дүгнэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

6.Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг “Болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчим, мөн тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нийцсэн байна гэж дүгнэв.

7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уртбаярын гаргасан “...Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд мөрдөгч хэргийн газрын хөрснөөс дээж аваагүй энэ талаар тэмдэгдлэлд огт дурьдагдаагүй, шинжээчид хэргийн газраас хураан авсан хөрсний дээж мөрдөгчийн шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн тогтоолтой хамт ирүүлээгүй байхад хэргийн газраас авсан хөрсний дээжинд гэж шинжилгээ хийгээд байгаа нь ойлгомжгүй байна. ...Өөрөөр хэлбэл хэрэгт авагдаагүй нотлох баримтад тулгуурлан гаргаад байгаа шинжээчийн дүгнэлтэд үндэслэж миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцоод байна...” гэх агуулга бүхий гомдлын тухайд:

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолоор  “...уг гал түймэр нь ямар учир шалтгааны улмаас гарсан байх магадлалтай вэ? Энэ нь ямар шинж тэмдгээр нотлогдож байна вэ? шинжилгээний явцад хэрэгт ач холбогдолтой зүйл илэрвэл дүгнэлтэд тусгах” зэрэг асуултыг шинжээчид тавьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарласан байна /1-р хх-н 64-р тал/,

Мөрдөгчийн дээрх тогтоолыг үндэслэн Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын байцаагчийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай дүгнэлтээр хөрсний дээжүүдэд шинжилгээ хийж, шатах тослох материал илрүүлэх шинжилгээ хийсэн байх ба уг дүгнэлт нь Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Н.Эийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 12/140 дугаартай дүгнэлтийг үндэслэл болгосон байх тул шүүх уг баримтыг ач холбогдолтой талаас үнэлсэн нь үндэслэлтэй, дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан байна. /1 дүгээр хх-ийн 64-70 дугаар тал/,

8.Иргэний хариуцагч Д.Эгийн гаргасан “...Д.Э намайг тус хэрэгт иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, улмаар хохирогчоор тогтоон, Шүүх шинжилгээний тухай хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний журам зэргийг ноцтой зөрчсөн шинжээчийн үндэслэлгүй, эргэлзээ бүхий дүгнэлтийг дахин гаргуулах шаардлага үүссэн...” гэх гомдлын тухайд:

Иргэний хариуцагч Д.Э нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч болох нь холбогдох баримтаар тогтоогдоогүй тул түүнийг энэ хэрэгт хохирогчоор тогтоох үндэслэлгүй.

Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулах хуулийн зохицуулалттай.

 Д.Э нь бусдын эд хөрөнгийг бусдад ашиглуулах явцад гэм хор учирсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд тогтоогдсон тул түүнийг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлтэй байна.

Бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд Иргэний хуулийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хүлээх үүрэгтэй тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч, иргэний хариуцагч нарт хариуцуулан төлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

9. Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч, иргэний хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний хариуцагч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2026/ШЦТ/48 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,       2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг  дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.СОСОРБАРАМ

                                             ШҮҮГЧИД                            Н.БАЯРХҮҮ

                                                                                       Л.ЭРДЭНЭБАТ