Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 223

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг

Улсын яллагчаар Х.Оюунцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг

Шүүгдэгч Д.Дэлгэрмандах нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн Ар долоод овогтой Дашцэрэнгийн Дэлгэрмандахад холбогдох эрүүгийн 1834004440229 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, малчин, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамтаар Төв аймгийн Лүн сумын Цагаан-Уул 1 дүгээр баг, хүүхдийн овоо гэх газарт оршин суух хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх, Ар долоод овгийн Дашцэрэнгийн Дэлгэрмандах /РД:Н094012810/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Д.Дэлгэрмандах нь согтуугаар 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын 2 дугаар багийн нутаг “Уран хоолой” гэх газар иргэн Ц.Гүррагчаагийн хамран тус газар нь мөргөж, мөн духруу нь өшиглөж, улмаар эрүүл мэндэд нь “духны гадна ялтас, баруун нүдний ухайрхайн дээд хана, хамар ясны хугарал, баруун зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын үзүүрт зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ:

  1. Шүүгдэгч Д.Дэлгэрмандах шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв. 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаас

  1. Хохирогч       Ц.Гүррагчаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Ганзориг ирж адуугаа аваад Улаанбаатар хот руу явсан. Би Отгонбаярын машинтай Ганзориг, Ариунбаяр, Дэлгэрмандах, нартай хамт гаргаж өгөх гээд явсан ба замдаа 2 шил архи пивотой уусан...Урангийн хоолой тэнд явж байхад Дэлгэрмандах гэнэт хажуунаас миний хамарны гануу руу мөргөсөн, тэгэхээр нь би машины хаалга онгойлгоод хамарынхаа цусыг гоожуулаад байж байхад Дэлгэрмандах машинаас буугаад тойрч ирээд миний дух руу өшиглөчихсөн, дараа нь ална гээд боож унагаагаад байсан...хамарны гануу цааш чихэгдсэн байсан, духны хэсэгт цөмөрсөн...Дэлгэрмандахын ар гэрээс надад 1.500.000 төгрөгийн хохирол төлсөн, надад одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/,
  2. Гэрч    Д.Арвинбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Дэлгэрмандах, Гүррагчаа хоёр муудалцсан байсан ба бид нар тэр хоёрыг салгасан...тэр хоёрын маргалдсан шалтгааныг асуухад Гүррагчаа Дэлгэрмандахын гэрлүү мессэж бичсэн учраас маргалдсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,
  3. Шүүгдэгч Д.Дэлгэрмандахын мөрдөн байцаалтын мэдүүлсэн: “...2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын Урангийн хоолой гэх газар адуу туугаад явж байсан юм...тэр үед Гүррагчаа ах янз бүрийн юм яриад над руу дайраад байхаар нь би толгойгоороо түүний хамар луу мөргөөд зугтаачихсан юм, Гүррагчаа ах шээгээд зогсож байхдаа надад хандан “чи боов сэгсрээд өмдөнд хийгээдэх гэж хэлэхээр нь чадахгүй гэхэд уурлаад согтуу агсраад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  22 тал/
  4. Шүүх   эмнэлгийн үзлэг хийсэн хийсэн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №7033 дугаартай “Ц.Гүррагчаагийн биед духны гадна ялтас, баруун нүдний ухайрхайн дээд хана, хамар ясны хугарал, баруун зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын үзүүрт зулгаралт гэмтэл тогтоогдлоо” гэх дүгнэлт /хх-ийн 14 тал/,
  5. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/
  6. Хохирогч Ц.Гүррагчаагийн мөрдөн байцаалтын шатанд гаргасан шүүгдэгч Д.Дэлгэрмандахаас гомдол саналгүй гэх хүсэлт /хх-31 тал/

 

                Шүүгдэгч Д.Дэлгэрмандахын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

 

                Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийн яллагдагчаар хохирогч гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

                

            Гурав: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Дэлгэрмандах нь согтуугаар 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын 2 дугаар багийн нутаг “Уран хоолой” гэх газар иргэн Ц.Гүррагчаагийн хамран тус газар нь мөргөж, мөн духруу нь өшиглөж, улмаар эрүүл мэндэд нь “духны гадна ялтас, баруун нүдний ухайрхайн дээд хана, хамар ясны хугарал, баруун зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын үзүүрт зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Д.Дэлгэрмандахын мэдүүлсэн “...би толгойгоороо түүний хамар луу мөргөөд зугтаачихсан...хохиролд 1.500.000 төгрөг төлсөн...“ гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Ц.Гүррагчаагийн: “...Дэлгэрмандах гэнэт хажуунаас миний хамарны гануу руу мөргөсөн...ална гээд боож унагаагаад байсан...хамарны гануу цааш чихэгдэж, духны хэсэгт цөмөрсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/, гэрч   Д.Арвинбаярын “...Гүррагчаа Дэлгэрмандахын гэрлүү мессэж бичсэн учраас маргалдсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №7033 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/ зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.Дэлгэрмандахыг Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн тус зүйл, хэсэг тохирсон, гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон байх тул шүүгдэгч Д.Дэлгэрмандахыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.

 

            Шүүгдэгч Д.Дэлгэрмандах нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Гүррагчаад хохирлын 1.500.000 төгрөгийг төлсөн болох нь шүүхийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн шүүгдэгч Д.Дэлгэрмандахын “...хохиролд 1.500.000 төгрөг төлсөн...“ гэх мэдүүлэг, хохирогч Ц.Гүррагчаагийн мөрдөн байцаалтын шатанд бичгээр гаргасан шүүгдэгч Д.Дэлгэрмандахаас гомдол саналгүй гэх хүсэлт /хх-31 тал/, хохирогч Ц.Гүррагчаад шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй байна.

 

Дөрөв: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас Д.Дэлгэрмандахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

-Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэгийн “Улсын яллагчийн санал болгосон ялаас 500.000 буюу торгуулийн хамгийн бага хэмжээгээр оногдуулж өгөөч гэж хүсэж байна. Яагаад гэвэл энэ хүн маань мал аж ахуй эрхэлдэг учраас  торгуулийг төлөх боломжтой“ гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүх шүүгдэгч Д.Дэлгэрмандахыг тохиолдолын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөнийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, шүүгдэгч Д.Дэлгэрмандахад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

           

            Тав: Бусад асуудлаар:

            Эрүүгийн 1834004440229 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Дэлгэрмандах нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                             

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ар долоод овогтой Дашцэрэнгийн Дэлгэрмандахыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Ар долоод овогтой Дашцэрэнгийн Дэлгэрмандахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Дэлгэрмандах нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Дэлгэрмандахад оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Дэлгэрмандах нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг                       дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Д.Дэлгэрмандахад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.