Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/01139

 

 

 

 

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/01139

 

 

 

                                  Д.Нийн нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2022/00652 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Нийн хариуцагч “ЗО” ХХК, “БЗ” ХХК-д холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнээс Д.Нийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ........ дугаарт бүртгэлтэй хөрөнгөд холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах, хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч “ЗО” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбаяр, хариуцагч “ЗО” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямба-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Д.Н нь эрхийн улсын бүртгэлийн ........ дугаартай, ..... үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч юм. Д.Нийн охины найз гэх С.Б алтны компанитай, байрны гэрчилгээг нь хэрэглээд буцаагаад өгнө гэж гуйж 2012 оны 4 сард итгэмжлэл хийлгэж аваад банкинд барьцаанд тавьсан байсан. Итгэмжлэлийн хугацааг сунгаж өгсөн. Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа авахад “ЗО” ХХК болон “БЗ” ХХК-ийн хооронд байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний хавсралт, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу “З” ойл ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байсан. Уг гэрээг байгуулахад нэхэмжлэгч итгэмжлэл хийж өгөөгүй байхад нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй гэрээ байгуулсан байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/2032 дугаар шийтгэх тогтоолоор С.Б нь нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг барьцаалахдаа хуурамч итгэмжлэл хийсэн болохыг тогтоосон. Иймд “БЗ” ХХК болон “ЗО” ХХК-ийн хооронд байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний хавсралт болох 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 108/2019/ББСЗ/01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнээс иргэн Д.Нийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ........ дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний ...... дугаартай, ......38,15 м.кв орон сууцтай холбогдох хэсгийг хүчингүй болгож, барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч “БЗ” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг “ЗО” ХХК-д газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд С.Бгийн зөвшөөрлөөр барьцаалсан. С.Б Д.Нтэй хэрхэн тохиролцсон талаар мэдэхгүй, уг эд хөрөнгийг барьцаанд тавихад асуудалгүй гэсэн. “ЗО” ХХК-тай байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ дуусгавар болоогүй гэжээ.

 

3. Хариуцагч “ЗО ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга: шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д зааснаар “ЗО” ХХК, “БЗ” ХХК-ийн хоорондох 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 108/2019/ББСЗ/01 тоот барьцааны гэрээний 3.1.2-т заасан эрхийн улсын бүртгэлийн ........ дугаарт бүртгэлтэй, Д.Нийн өмчлөлийн ........... 38,15 мкв талбай бүхий хөрөнгийг барьцаалахаар тохиролцсон хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч “ЗО” ХХК, “БЗ” ХХК нарт даалгаж,  нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

 5. Хариуцагч “ЗХО” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

 

5.1. Шүүхийн шийдвэрээр “БСЗ” ХХК нь ямар үүрэг хүлээж байгаа нь тодорхой бус байна. “БСЗ” ХХК маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх эрх бүхий этгээд биш. Харин тус компани “ЗО” ХХК-д төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд тус эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхөд татгалзах зүйлгүй. “ЗО” ХХК нь “БСЗ” ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 108/2019/ББСЗ/01 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулахад иргэн Д.Нээс “БСЗ” ХХК-д 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр олгосон нотариатаар баталгаажсан итгэмжлэлийг хуурамчаар үйлдсэн гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Уг итгэмжлэлийн үнэн зөвийг нотариат баталгаажуулсан байсан. Иймд “ЗО” ХХК шударга эзэмшигч бөгөөд Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.7-т зааснаар бусад гуравдагч этгээдээс давуу эрхтэй, 92 дугаар зүйлийн 92.1, 94 дүгээр зүйлийн 94.6-т заасан эрхийг эдлэх ёстой. “БЗ” ХХК нь “ЗО” ХХК-д төлбөл зохих төлбөрийг төлөгдөх хүртэл маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхөөс татгалзах, төлбөр төлөгдөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй.

 

5.2. Мөн шүүх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгаж шийдвэрлэсэн нь “ЗО” ХХК-ийн шударга эзэмшигчийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна. “ЗО” ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хувьд шударга эзэмшигч болсноор Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.7, 92 дугаар зүйлийн 92.1,94 дүгээр зүйлийн 94.6-т заасан эрхийг тус тус эдлэх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т зааснаар маргаан бүхий эд хөрөнгийг хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд буюу “БЗ” ХХК нь иргэн Д.Нт буцааж өгөх боломжгүй нөхцөл байдал үүсч, улмаар “БЗ” ХХК нь иргэн Д.Нт маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлөх үүрэг үүснэ. Шүүх уг нөхцөл байдлыг харгалзаж үзэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байгаа тул шүүхийн шийдвэрийн “ЗО” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, “БЗ” ХХК-ийг маргаан бүхий эд хөрөнгийн үнийг нэхэмжлэгч Д.Нт төлөхийг даалгах өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

           

            6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: ... Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Хариуцагч гомдолдоо Иргэний хуулийн 90, 154 дүгээр зүйлийг дурдсан байдаг ба уг зохицуулалт нь эзэмшигчийн талаарх ойлголт. Нэхэмжлэлд өмчлөгчийн эрх, захиран зарцуулах эрхийг зөрчсөн талаар маргадаг. Эрүүгийн хэргийн шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл болохыг тогтоосон. Итгэмжлэлийн талаар шүүхийн шийдвэрт тодорхой дурдсан бөгөөд үйл баримт, нотлох баримт хангалттай бүрдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Д.Н хариуцагч “ЗО” ХХК, “БЗ” ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнээс Д.Нийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ........ дугаарт бүртгэлтэй хөрөнгийг барьцаалсан хэсгийг хүчингүйд тооцуулж, барьцаанаас чөлөөлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар дараахь үйл баримт тогтоогджээ.

 

4.а. 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч “БЗ” ХХК нь “ЗО” ХХК-тай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах тухай 108/2019/БСЗ/01 дугаар гэрээг байгуулсан, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан  4 ширхэг үл хөдлөх хөрөнгийн нэг нь нэхэмжлэгч Д.Нийн өмчлөлийн ...... 38,15 м.кв 1 өрөө орон сууц байна. Нэхэмжлэгч Д.Н нь 2014 онд С.Бд өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалан зээл авах тухай итгэмжлэлийг 1 жилийн хугацаатай олгож, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр итгэмжлэлийн хугацааг 3 жилээр сунгасан. /хх8-14/

 

4.б. С.Б нь 2019 онд нэхэмжлэгч Д.Нийн цахим үнэмлэхийг авч түүний өмнөөс итгэмжлэлд гарын үсгийг нь дуурайлган зурж, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “БЗ” ХХК, “ЗО” ХХК-ийн хооронд байгуулагдсан газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээний үүргийн гүйцэтгэлд орон сууцыг нь барьцаалжээ. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2019/ШЦТ/2032 дугаар шийтгэх тогтоолоор С.Бг Д.Нийн өмчлөлийн орон сууцыг барьцаалахад олгосон итгэмжлэлийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байх ба уг шийтгэх тогтоолд Д.Нийг өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн барьцаанд тавьсан хэлцлийг хүчингүй болгуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх талаар дурьджээ. /хх4-7/

 

4.в. Нэхэмжлэгч Д.Н нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 108/2019/БСЗ/01 дугаар газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалах итгэмжлэлийг “БЗ” ХХК-д олгоогүй, С.Б нь Д.Нийн өмнөөс итгэмжлэлийг хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй тул 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 108/2019/ББСЗ/01 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний нэхэмжлэгч Д.Нийн өмчлөлийн Улсын бүртгэлийн ........ дугаарт бүртгэлтэй ...... 38,15 м.кв 1 өрөө орон сууцыг барьцаалсан хэсэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна. 

 

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг барьцаанаас чөлөөлж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

5. Хариуцагч “ЗО” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

 

5.а. Хариуцагч “БЗ” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатарсүрэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “... Б-тэб 2019 онд танилцаж байсан, тухайн үед  Б “надад нэг хүн өрнийхөө оронд байраа түр хугацаагаар шилжүүлсэн, танд хэрэг болвол ашиглаж байхгүй юу” гэж хэлсэн. Ингээд “ЗХО” ХХК-аас түлш шатахуун авахад Б-ийн хэлж байснаар уг байрыг барьцаанд тавьсан .., Б байрны гэрчилгээ, өмнөх итгэмжлэл, Н гэх хүний иргэний цахим үнэмлэхийг авчирсан. Настай хүн өөрөө ирж чадахгүй байна гээд нотариатчийг гуйгаад хийлгүүлсэн, Нийн гарын үсгийг Б утсаар яриад өөрөө зурсан .., тухайн үед би Нийг ирсэн гэж бодсон .., ” гэж мэдүүлсэн байна. /хх62-63/ Үүнээс үзэхэд хариуцагч “БСЗ” ХХК өөрийн эзэмшлийг хууль бус гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж үзэхээргүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй тул хариуцагч “ЗО” ХХК нь буруутай этгээдээс учирсан хохирлоо шаардана. 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний талууд нь хариуцагч “ЗО” ХХК, “БЗ” ХХК байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээдийг зөв тодорхойлсон байна.

 

Иймд хариуцагчийн “хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн “БСЗ” ХХК нь Д.Нт маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлөх үүрэг үүснэ” гэх, мөн маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “ЗО” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2022/00652 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “ЗО” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

 2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

 3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ЦОГТСАЙХАН

              ШҮҮГЧИД                                     Г.ДАВААДОРЖ

                                                               А.МӨНХЗУЛ