Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2026/ДШМ/416

 

2026           04             09                                                                        2026/ДШМ/416

 

Д.М-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч Л.Галбадар, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Т.Амарзаяа,

шүүгдэгч Д.М-, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/161 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.М-т холбогдох эрүүгийн 2503011631198 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

О- овгийн Д-гийн М-, 1980 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хүүхдүүдийн хамт ...... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ТД-/;

Шүүгдэгч Д.М- нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппорогийн зүүн хойд туслах замд 2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 13 цагийн орчим “Nissan Vanette” маркийн Д- УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 12. Тээврийн хэрэгслийн хурд 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Б-аг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Д.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Д.М-ийг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Д.М-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дугаар зүйлийн 511.3, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсгийг тус тус баримтлан шүүгдэгчээс нийт 14,512,364 төгрөгийг гаргуулж хохирогч Б Б-агийн эрүүл мэндэд учирсан хохиролд 2,482,364 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 10,296,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын санд 1,734,000 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Б-а нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжпэх эрхтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Д. М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэргийн 69-71 дүгээр талд авагдсан шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн мөн эсэх нь эргэлзээтэй.

Хохирогч Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж, явган хүний гарц, тэмдэглэгээ, гарамгүй газраар гарсан мөн ойртон ирж буй авто машин хараагүй гарсан нь өөрийгөө гэмтээх, ослын хэрэг болох гол үндсэн шалтгаан нөхцөл болсон байхад шинжээч дутуу дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүхэд 60 хоногоор хурлыг хойшлуулж дахин дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй гомдолтой байна.

Хохирогчийн буруутай үйлдэл илтэд байхад хохирогчид төлөх төлбөрийг шүүгдэгчээс 100 хувь гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Миний бие өсвөр насны 2 хүүхэдтэй өрх толгойлсон ганц бие ээж бөгөөд чадлынхаа хирээр хохирогчид төлбөрийг нь төлөөд байхад хохирогч гэх эмэгтэй өдөр бүр дарамтлаж, танай нөхөр үхэх энэ тэр надад хамаагүй, би хуульч гэж үргэлж дарамтлаж байгаад асар их гомдолтой байна.

Иймд 50, 50 хувийн буруутай уг ослын хэргийг дахин шалгуулахаар буцааж өгнө үү эсвэл хохирогчид төлөх төлбөрийг багасгаж, хугацааг 6 сар биш 12 сар /1 жил/ дотор төлөхөөр шийдвэрлэж өгнө үү. Энэхүү нөхцөл байдлаас үүдэж хохирогчийн дарамтнаас болж миний 2 хүүхдийн сэтгэл санаа давхар дарамт болж санхүүгийн болон эрүүл бойжих, сурч боловсроход эрх нь зөрчигдөж эрсдэлтэй байгаа тул харгалзаж үзнэ үү. ...” гэв.

            Шүүгдэгч Д.М-ийн өмгөөлөгч Ж.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрийн үйлчлүүлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч анхан шатны шүүх хуралдаанд хохирогчид төлөх ёсгүй 500,000 төгрөг болон 800,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл, хүнд хүндэвтэр хохирол учруулсан юм чинь төлөх ёсгүй байсан ч танд төлөөд өгье гэх байдлаар энэрэнгүй хандсан. Мөн анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа өөрийнхөө боломжит хэмжээгээр 5,000,000 төгрөг төлсөн. Гэтэл хохирогч өдөр болгон миний үйлчлүүлэгчийг дарамталж эхэлсэн. Үүнээс үүдэн миний үйлчлүүлэгчийн ар гэрт асуудал үүсээд давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх дээр шинжээчийн дүгнэлт хууль ёсны дагуу гараагүй гэх утгаар явган зорчигчийн буруутай үйлдэл байна гэж үзсэн мөрдөгчийн магадалгаагаар энэ хэргийг шийдсэн. Зорчигч замын хөдөлгөөний заалтыг зөрчин явган хүний гарц гарамгүй газраар гарч замын хөдөлгөөний урсгалд саад учруулсан буюу зорчигчийн буруутай үйл ажиллагаа байсан. Гэтэл бүх хохирлыг миний үйлчлүүлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн байгаа нь хэр шударга ёсонд нийцэх вэ гэх асуудал байсан. Тиймээс үүнтэй холбоотой шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж өгнө үү, шинжээчийн дүгнэлтийг эргэн харах шаардлагатай байна гэх хүсэлтийг манай талаас гаргасан. Гэвч анхан шатны шүүх уг хүсэлтийг хүлээн авахгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байгаа гэж үзээд миний үйлчлүүлэгч давж заалдах гомдол гаргасан. Өмгөөлөгч миний зүгээс өөрийн үйлчлүүлэгчтэй ижил байр суурьтай байна. Хэргийг тал бүрээс нь үнэн бодитой шийдвэрлэхийн тулд анхан шатны шүүх рүү буцааж өгөх, эсхүл хохирогчийн буруутай үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа учраас төлөх төлбөрийг буруулж, төлөх хугацааг нь бууруулж өгнө үү. Миний үйлчлүүлэгч бага насны хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Түүний нөхөр өнгөрөөд удаагүй байгаа. Тэрээр хувиараа айл цэвэрлэж амьдарлаа авч явдаг ба өөрийнхөө чадах хэмжээгээр хохирлоо төлж байгаа. Гэвч хохирогч ойлгохгүй байгаад нь гомдолтой байгаа. Шинжээчийн дүгнэлт буруу гарсан учраас хэргийг зөв шийдвэрлээгүй гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор Т.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Шүүгдэгчийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд гэм буруу дээрээ маргаагүй оролцсон. Хохирол төлбөртэй холбоотой асуудлын тухайд бид бүхэн бүгд байлцсаны үндсэн дээр нэг бүрчлэн тооцож, шууд хамааралгүй зардлыг хассан. Өөрөөр хэлбэл, аль аль тал хүлээн зөвшөөрсөн бодитой хохирлыг тооцож гаргасан. Сэтгэл санааны хохирлын хувьд 3 дугаар зэрэг тогтоогдсон. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-аас 22.99 дахин тооцож тогтоох байсан ба үүний хамгийн доод хэмжээ болох 13 дахин хэмжээгээр тогтоосон. Торгох ялын хувьд мөн тухайн зүйл ангийн хамгийн доод хэмжээгээр тогтоосон. Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 дугаар зүйлд “явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна, хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй бол замын хоёр тийш сайн харж тээврийн хэрэгслийн өнгөрүүлэн эгч хөндлөн гарна” гэж заасан байдаг. Тухайн осол болсон газарт явган хүний гарц, гарам байгаагүй. Энэ нь хэргийн газарт үзлэг хийсэн баримтаар тогтоогдсон. Яригдаж байгаа асуудал нь явган хүн зам гараад дуусаж байсан хэсэг. Шүүгдэгч хохирогчид зам тавьж өгөөд гаргасан. Зогсоод зам тавьж өгч байгаа машинд явган зорчигч зам тавьж өгнө гэх зүйл Замын хөдөлгөөний дүрэмд байхгүй шүү дээ. Шүүгдэгчийн өөрийнх нь “хохирогчийг гарж дуусаад явган хүний зам руу орчихлоо гэж бодоод хөдөлсөн чинь түүнийг хөдөлж амжаагүй байхад нь би хөдөлсөн байна лээ” гэх мэдүүлэг хэрэгт авагдсан. Үүнээс харахад анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Хохирол, хор уршгийн хувьд 6 сарын хугацаагаар тогтоосныг 1 жилийн хугацаа болгох талаар тайлбарлаж байна. Гэвч ял шийтгэлийн хувьд нэг талаас цээрлүүлэх зорилготой. Тиймээс 6 сарын хугацаанд 2,700,000 төгрөгийг төлүүлэх ял шийтгэл тохирсон байна гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Д.М- нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппорогийн зүүн хойд туслах замд 2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 13 цагийн орчим “Nissan Vanette” маркийн Д- УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 12. Тээврийн хэрэгслийн хурд 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Б-аг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас /хх 4/,

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5-11/,

хохирогч Б.Б-агийн “...Тухайн осол болох өдрийн 15-16 цагийн орчимд Сонгинохайрхан дүүрэг 12 дугаар хороо, Б- тоотод байдаг гэрээсээ барилгын материалын зах орох гээд ганцаараа явсан. Явах замдаа миний дэлгүүрийн арын зам буюу өгөөмөр алтай зочид буудлын хажуугаар явган гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байтал гэнэт миний зүүн талаас саарал өнгийн “Toyota Alphard” маркийн автомашин ирээд мөргөсний улмаас миний эгэм, зүүн гар, зүүн хөл хугарсан. Тухайн тээврийн хэрэгслийг ирж байхыг би хараагүй. Осол болох үед ганцаараа явж байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Хохирлын баримтаа хэрэг шийдэх явцад гаргаж өгнө. Миний эмчилгээний зардалд 2,700,000 төгрөг өгсөн. Надад архаг хууч өвчин байхгүй. Өмнө нь зам тээврийн осолд орж байгаагүй. Би сэтгэл санааны хохирол, эмчилгээний зардал, асрагчийн мөнгө зэргийг нэхэмжилж байна. ...” /хх 14/,

иргэний нэхэмжлэгч Д.Г-гийн “...гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-а /РД: ЧГ-/ нь Эрүүл мэндийн байгууллагаас нийт 1,734,000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, уг зардал нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн мэдээллээр тогтоогдож байх тул төрд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь MN090090100900020080 дугаартай дансанд /гүйлгээний утга: хохирогчийн овог, нэр, регистрийн дугаар, хэргийн дугаар/ нөхөн төлүүлж өгнө үү. ...” /хх 27/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №ЕГ0725/11867 дугаар шинжээчийн “...Б.Б-агийн биед зүүн шаант яс, зүүн атгаал ясны зөрүүтэй далд хугарал, зүүн шилбэнд цус хуралт, зүүн ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...”  /хх 37-39/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ЕГ0825/3694 дугаар шинжээчийн “...Б- овогтой Б-агийн сэтгэцэд 2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр үйлдэгдсэн зам тээврийн ослын улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна.- Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. ...”  /хх 44-46/ гэсэн дүгнэлтүүд,

“Авто тээврийн үндэсний төв”-ийн ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн дүгнэлт /хх 54-59/,

2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 0001436 дугаар мөрдөгийн магадлагаа /хх 62/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.М-ийг “...авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн. ...” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хохирогч Б.Б-агийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шүүгдэгч Д.М-ийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.3-д заасныг зөрчиж явган зорчигчийг мөргөсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгч Д.М-ийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Д.М-ийн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Д.М-ээс “...50, 50 хувийн буруутай уг ослын хэргийг дахин шалгуулахаар буцааж өгнө үү эсвэл хохирогчид төлөх төлбөрийг багасгаж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдож тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүйгээс гадна анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Тодруулбал, анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл заалтад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял ононгдуулж, оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутгах дүгнэх үндэслэл тогтоохгүй байна.

Харин тогтоогдсон хэргийн үйл баримтад хийсэн шүүхийн зарим эрх зүйн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй, осолд холбогдсон жолоочийн үйлдэл, эс үйлдэхүйд объектив дүгнэлт хийсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн субъект нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрмээр биелүүлэхээр хүлээсэн үүрэгтээ хайнга хандсан нь бий болсон үр дагаврын үндэс болсон байх учиртай. Өөрөөр хэлбэл, зам тээврийн ослын шалтгаан нөхцөл, үйл явдлын өрнөл, дараалал, осолд холбогдсон жолооч нарын Замын хөдөлгөөний дүрэм дэх хэм хэмжээг зөрчсөн эрэмбэ, хэр хэмжээ зэрэгт цогц байдлаар үнэлэн дүгнэлт өгөх ба осолд холбогдсон үндэслэлээр жолоочийг буруутгаж болохгүй юм.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн “...Явган зорчигч Б.Б-а нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Nissan Vanette маркийн Д- УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.; мөн дүрмийн Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.; гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна. ...” гэх /хх 62/ магадалгаа гарсан нь түүнийг тус гэмт хэрэгт буруутгах үндэслэл болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болгосон бусад нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийхэд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5-11/-ээр уг зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч Б.Б-агийн илтэд буруутай үйлдэл буюу явган зорчигч явахыг хориглосон гарц, гарам байхгүй замаар зам хөндлөн гарсан нь зам тээврийн осол гарах болсон гол шалтгаан нөхцөлийг бүрдүүлжээ.

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлд “Хохирогчийн гэм буруу, гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан үзэх”, 514 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, явган зорчигч Б.Б-а нь Замын хөдөлгөөний дүрэм мөрдөөгүй, илтэд явган хүн явахыг зөвшөөрөөгүй буюу гарц гарамгүй замын зорчих хэсгээр явган явж зам хөндлөн гарч буй хариуцлагагүй үйлдэл нь осол гарах болсон үндсэн шалтгаан нөхцөл болсон талаар осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5-11/-ээр нотлох баримтаар тогтоогдсон гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн болно. Иймд шүүгдэгч Д.М-ээс анхан шатны шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн хохирогч Б.Б-ад нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын дагуу тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792.000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлж буюу 10.296.000 төгрөгөөр тогтоож, хохирогчийн сэтгэцэд учирсан учирсан хор уршгийн нөхөн төлбөрт тооцож гаргуулахаар шийдвэрлэснийг хоёр дахин бууруулж буюу 5.148.000 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд Иргэний хуулийн 511 дугаар зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.М-ээс сэтгэцэд учирсан хор уршиг болох 10,239,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан сэтгэцэд учирсан хор уршигийн хэмжээг 5.148.000 төгрөг болгон бууруулж шийдвэрлэлээ.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.М-ийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/161 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 7 дахь заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дугаар зүйлийн 511.3, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсгийг тус тус баримтлан шүүгдэгчээс нийт 14,512,364 төгрөгийг гаргуулж хохирогч Б Б-агийн эрүүл мэндэд учирсан хохиролд 2,482,364 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 10,296,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын санд 1,734,000 төгрөгийг тус тус олгосугай. ...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дугаар зүйлийн 511.3, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсгийг тус тус баримтлан шүүгдэгчээс нийт 9,364,364 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-агийн эрүүл мэндэд учирсан хохиролд 2,482,364 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 5,148,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын санд 1,734,000 төгрөгийг тус тус олгосугай. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.М-ийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                        ДАРГАЛАГЧ,

                                                 ШҮҮГЧ                                        Г.МӨНХТУЛГА

 

                 ШҮҮГЧ                                            Л.ГАЛБАДАР

 

                 ШҮҮГЧ                                           Т.ШИНЭБАЯР